Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 00526

 

         Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

         Нэхэмжлэгч: Увс аймгийн Өмнөговь сумын Улиастай багт оршин суух, 1990 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЙ90072417, Шангас овогтой Сэргэлэнгийн Ганбаатарын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Увс аймаг, Цагаанхайрхан сумын 1 дүгээр багт оршин суух, 1989 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОС89111808, Бууч овогтой Пүрэвжавын Бямбагэрэлд холбогдох,

          Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд:  Нэхэмжлэгч С.Ганбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч С.Ганбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие П.Бямбагэрэлтэй 2012 оны 6 дугаар сарын 03-ны өдөр гэр бүл болсон ба энэ хугацаанд дагавар хүү Дариймааг өөрийнхөө нэр дээр 2012 оны 3 дугаар сарын 06-ны өдөр бүртгүүлсэн. Бид хоёр жил гаруйн хугацаанд хамт амьдарсан бөгөөд таарамжгүй харьцааны улмаас 2014 оны 2 дугаар сарын 16-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл тус тусдаа амьдарч байна. Миний бие эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч бид эвлэрэх боломжгүй байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Бид хоёрт дундын эд хөрөнгийн маргаан байхгүй болно” гэжээ.   

           Хариуцагч П.Бямбагэрэл шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “С.Ганбаатарын нэхэмжлэлтэй танилцлаа. Гэрлэлтээ цулуулах шаардлагыг нь хүлээн зөвшөөрч байна. Дагавар хүүхэддээ ямар нэгэн тэтгэлэг гаргуулж авахгүй. 2014 оны 2 дугаар сарын 16-ны өдрөөс одоо хүртэл тусдаа амьдарсан учраас дахин нийлэх боломжгүй. Эд хөрөнгийн маргаан байхгүй. Хэргийг хурдан шийдвэрлэж өгнө үү. Удаан хугацаанд тусдаа амьдраад одоо нэгэнт тохирохгүй болсон учир” гэжээ.

             Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

       Нэхэмжлэгч С.Ганбаатар нь хариуцагч П.Бямбагэрэлд холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.   

           Гэрлэгчид 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Увс аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч уг ажиллагаа амжилтгүй болж, нэхэмжлэгч нь шүүхэд ханджээ. Өөрөөр хэлбэл, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэглэсэн байх тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хуульд заасан журмын дагуу хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

          Нэхэмжлэгч, хариуцагч нар 2014 оны 2 дугаар сараас хойш одоо тус тусдаа амьдарч байгаа бөгөөд хэн аль нь гэрлэлтийг цуцлахыг хүлээн зөвшөөрсөн байх тул шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар гэрлэлтийг цуцалж шийдвэрлэлээ.

           Зохигчидын хооронд эд хөрөнгийн, хүүхдийн болон бусад ямар нэгэн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй.   

           Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч С.Ганбаатарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Бямбагэрэлээс 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Ганбаатарт олгох нь зүйтэй байна.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Шангас овогтой Сэргэлэнгийн Ганбаатар, Бууч овогтой Пүрэвжавын Бямбагэрэл нарын гэрлэлтийг цуцалсугай.

            2. Зохигчдод эд хөрөнгийн болон бусад маргаангүй гэснийг дурдсугай.

         3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газрын Иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Сарантуяад даалгасугай.  

        4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч С.Ганбаатарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Бямбагэрэлээс 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Ганбаатарт олгосугай.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Н.ГЭРЭЛТУЯА