Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
Хэргийн индекс | 102/2016/07792/И |
Дугаар | 001/ХТ2017/01238 |
Огноо | 2017-10-20 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2017 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 001/ХТ2017/01238
“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2017/00769 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 1298 дугаар магадлалтай,
“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Д-д холбогдох
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 10.774.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагч Д, түүний өмгөөлөгч А.Зоригтбаатар, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Диваачамбын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Д нь 2007 оноос хойш манай байгууллагатай хамтран ажилласан бөгөөд бид удаан хамтран ажилласан харилцагчиддаа итгэж зээлээр бараа бүтээгдэхүүн нийлүүлж ирсэн. Улмаар 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Д нь манай компанийн “Нарантуул” зах хариуцсан борлуулалт, маркетингийн төлөөлөгч Ө.Сүхбаатараас 5000 ширхэг, нэг бүр нь 2580 төгрөгийн, нийт 12.900.000 төгрөгийн үнэ бүхий “Kent HD 2.5” тамхийг зээлээр авсан болно. Дээрх бүтээгдэхүүний үнийг 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр төлөхөөр “Тооцооны үлдэгдлийн баталгаа”-г хийж өгсөн байдаг. Гэвч өнөөдрийг хүртэл төлбөрийг төлөлгүй манай компанийн эрх ашгийг хохироосоор байгаа тул Дгаас 12.900.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэл гаргахаас 1 сарын өмнө буюу 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хариуцагч Д нь 2.126.000 төгрөгийг төлсөн тул үүнийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч, нийт 10.774.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Одбаяраас шүүхэд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Д нь “Нарантуул” зах худалдааны төвийн өргөтгөлд К64 тоот лангууг түрээслэн тамхи, хүнсний бүтээгдэхүүний бөөний худалдаа эрхэлдэг ба тус компанийг байгуулагдсан үеэс эхлэн хамтран ажилласаар ирсэн. Тэрээр худалдан борлуулсан тамхиныхаа мөнгийг “С” ХХК-д шилжүүлж, үлдэгдэл тамхийг буцаан өгдөг. Тус компанийн менежер н.Батзоригт 10.000.000 төгрөгийн үнэ бүхий тамхи өгсөн, өөрөөр хэлбэл тус компаниас 10.000.000 төгрөгийн авлагатай болсон тул 500 блок “Kent” тамхийг авлагадаа тооцон авч, үлдэгдэл 2.900.000 төгрөгийг төлж барагдуулсан болно. Тухайн үед тамхи хүлээлгэн өгсөн баримт, өглөг, авлагын тооцоо гэдэг зүйл гаргаагүй байж сүүлд нөхөж Дгаар гарын үсэг зуруулсан байдаг. Ингэхдээ “санхүүгийн шалгалт ороход ийм баримт хэрэгтэй байна, та 12.900.000 төгрөгийн бараа авсан гэдэг утгаар гарын үсэг зураад өг” гэж хэлээд гарын үсгийг нь баримт дээрээ зуруулсан. Урьдын авлагадаа тооцож 12.900.000 төгрөгийн тамхи хүлээн авсан нь үнэн учраас шаардлагатай байгаа баримт дээр нь гарын үсэг зураад өгөхөд буруу зүйл байхгүй гэж бодсоны үндсэн дээр нэхэмжлэлийн үндэслэл болсон “Тооцооны үлдэгдлийн баталгаа” гэх баримтыг үйлджээ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2017/00769 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Д-гаас 10.774.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “С” ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 221.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 187.334 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 1298 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2017/00769 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Одбаярын хяналтын журмаар гаргасан гомдолд: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул дараах үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна.
1. Д нь “С” ХХК, түүний төлөөлөгчдөөс тамхи худалдан авч, худалдан авсан бүтээгдэхүүнийг худалдан борлуулсны дараа үнийг төлөх зэргээр 2000 оноос эхлэн хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ талаар ч шүүхийн магадлалд “Худалдагч “С” ХХК нь худалдан авагч Д-д бараа нийлүүлж, худалдан авагч нь борлуулсан барааны үнийг дараа төлөх зэргээр ажил төрлийн байнгын холбоо бүхий харилцаатай байсан болох нь зохигчдын хэн алины тайлбараар тогтоогдож байгаа” хэмээн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл, “С” ХХК-ийн Нарантуул зах хариуцсан төлөөлөгч Ө.Сүхбаатар нь Б.Батзоригтой хамт Нарантуул захыг хариуцсан төлөөлөгчөөр тамхи борлуулдаг байсан ба өнөөдрийг хүртэл хугацаанд Ө.Сүхбаатар болон Б.Батзориг нараас тамхи авч тооцоог нь хийдэг байсан. Б.Батзориг нь “С” ХХК-д ажилладаг байсан бөгөөд тухайн үед 10.000.000 төгрөгийн үнэ бүхий тамхийг Дгаас хүлээн авсан бөгөөд Д нь “С” ХХК-иас 10.000.000 төгрөгийн авлагатай болсон юм. Тодруулбал, Б.Батзориг нь өөрийгөө “С” ХХК-ийг төлөөлөх эрхтэй, Б.Батзориг нь тухайн хуулийн этгээдийг төлөөлөх эрхтэй хэмээн ойлголтыг удаан хугацааны хамтын ажиллагааны явцад бий болгосон тул Д нь 10.000.000 төгрөгийн үнэ бүхий тамхийг “С” ХХК-д өгсөн гэж өнөөдрийг хүртэл хугацаанд итгэж байгаа. Энэ талаар ч тухайн үед “С” ХХК-ийн эрх бүхий этгээдүүд мэдэж байсан ба 500 блок тамхины төлбөрийг огт нэхэж байгаагүй. Гэтэл Б.Батзориг нь “С” ХХК-ийн бараа бүтээгдэхүүнийг завшиж байгууллагад хохирол учруулсан тул Дгаас авсан 10.000.000 төгрөгийн үнэ бүхий тамхийг Б.Батзоригийн хохиролд суутган тооцсон талаар Б.Батзориг нь Д надад мэдүүлж байсан. Тийм ч учраас Б.Батзоригийг гэрчээр асуулгах хүсэлтийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан боловч анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж, Б.Батзоригийг гэрчээр асуулгүйгээр маргааныг шийдвэрлэсэн. “С” ХХК-д ажиллаж байсан Б.Батзориг нь Дгаас 10.000.000 төгрөгийн үнэ бүхий тамхийг хүлээн авсан бөгөөд ийнхүү хүлээн авсан тамхийг “С” ХХК-д хүлээлгэн өгсөн эсэхийг тодруулах нь уг маргааныг үнэн зөв шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой баримт юм. Гэвч шүүх хариуцагчийн Б.Батзоригийг гэрчээр асуулгах хүсэлтийг хангасан боловч гэрчээр асуулгүйгээр маргааныг шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй.
2. Хэргийн материалд авагдсан 10.001.540 төгрөгийн тамхийг тооцоондоо авсан, ... 10.001.540 төгрөгийн өртэй гэх баримтуудад Б.Батзориг нь хариуцагч Д-гийн дэргэд өөрөө гарын үсэг зурж өгсөн тул дээрх баримтуудыг үнэлэх бүрэн боломжтой юм. Харин хариуцагч миний бие нэхэмжлэгч “С” ХХК-иас шүүхэд ирүүлсэн хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, ажлын байрны тодорхойлолтод зурагдсан гэх гарын үсэг нь Б.Батзоригийн гарын үсэг мөн гэж үзэх боломжгүй байхад анхан болон давж заалдах шатны шүүх дээрх зөрүүтэй нөхцөл байдлыг тодруулах талаар ажиллагаа хийлгүйгээр хариуцагчаас гаргасан баримтыг үнэлэх үндэслэлгүй хэмээн намайг буруутган надад хохиролтойгоор шийдвэрлэж буй нь шүүх хэт нэг талыг барьж маргааныг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Учир нь дээрх баримтуудад зурагдсан гарын үсэг нь Б.Батзоригийн гарын үсэг мөн эсэх талаар шинжээчийн дүгнэлт гаргуулах бүрэн боломжтой ба нөгөөтэйгүүр Б.Батзоригийг гэрчээр асуусан тохиолдолд зохигчдын алинаас нь гаргасан нотлох баримт нь хуурамч болохыг тогтоох бүрэн боломжтой.
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд: Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн болохыг тогтоосон атлаа ИХШХШТХ-ийн 167.1.5-д заасны дагуу 2017 оны 1298 дугаар магадпалыг гаргаагүй. Учир нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу Б.Батзоригийг гэрчээр асуулгах тухай хүсэлтийг хангаж, шүүгч захирамж гаргасан атлаа ИХШХШТХ-ийн 124.1-д заасны дагуу өөрчлөлт оруулаагүй. Өөрөөр хэлбэл, ИХШХШТХ-ийн 124.1-д заасан “илт үндэслэл муутай” гэх үндэслэл тогтоогдоогүй. /анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг сунжирсан гэж дүгнэсэн/ 102/Ш32017/01353 дугаар захирамжид хууль зүйн үндэслэлгүйгээр өөрчлөлт оруулсан нь “шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчмыг шүүгч өөрөө ноцтой зөрчсөн” гэж үзнэ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Батзоригийг гэрчээр асууж, гэрчийн мэдүүлгийг хэргийн материалд хавсаргах нь энэхүү маргааныг бүрэн дүүрэн, үндэслэл бүхий шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой баримт ба энэхүү чухал баримтыг бүрдүүлэлгүйгээр маргааныг шийдвэрлэх боломжгүй бөгөөд давж заалдах шатны шүүх ИХШХШТХ-ийн 168.1.7-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн бүрэн үндэслэл байсан юм. Анхан болон давж заалдах шатны шүүх ИХШХШТХ-ийн 38.6-д заасны дагуу нотлох баримтыг бүрэн бүрдүүлээгүй ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн бөгөөд маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Нэхэмжлэгч “С” ХХК нь хариуцагч Д-д холбогдуулж Кент тамхины үнийн үлдэгдэл 10.774.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, 500 блок Кент тамхийг өмнөх авлагад тооцож авсан гэж маргажээ.
Хариуцагч Д нь нэхэмжлэгч компанийн менежер Б.Батзоригт 10.000.000 төгрөгийн үнэ бүхий тамхи өгснөөр 10.000.000 төгрөгийн авлагатай болсон тул 500 блок Keнт тамхийг авлагадаа тооцон авч, үлдэгдэл 2.900.000 төгрөгийг төлж барагдуулсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаар худалдагч талд мэдэгдсэн баримтгүй, Б.Батзориг нь худалдагч байгууллагыг төлөөлж хариуцагч Д-тай тооцоо хийх ажилтан биш болох нь хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, гэрч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдсон байх тул хариуцагчийг “С” ХХК-иас авлагатай гэж үзэхгүй, түүний татгалзал үндэслэлгүй байна.
“С” ХХК нь Д-д бараа нийлүүлж, Д нь борлуулсан барааны үнийг дараа төлөх зэргээр ажил төрлийн байнгын харилцаатай байсан, 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр “С” ХХК нь Дд 12.900.000 төгрөгийн үнэ бүхий 500 блок Кент тамхийг нийлүүлснээс хойш хариуцагч нь 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 2.126.000 төгрөгийг шилжүүлсэн тухай тооцооны үлдэгдлийн баталгаа болон зарлагын баримт, ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга гэсэн баримтуудаар Д нь үлдэгдэл 10.774.000 төгрөгийг төлж барагдуулаагүй гэж үзэх үндэслэлтэй тухай анхан шатны шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.
Талууд тооцоо нийлсэн баримтаар төлбөр төлөх хугацааг тохиролцсон бөгөөд харин хүү төлөх талаар тухайлан тохиролцоогүй тул зээлээр худалдах, худалдан авах гэрээ биш, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний дагуу төлөгдөөгүй үлдэгдэл төлбөр төлөхийг хариуцагчаас шаардах эрхтэй буюу Д-д тамхины үнийн үлдэгдэл 10.774.000 төгрөг төлөх үүрэг үүссэн гэж үзсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Хариуцагч Д нь 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 2.954.500 төгрөг төлсний дараа 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 500 блок Keнт тамхийг авсан болох нь тогтоогдсон тул ...нийт 5.080.500 төгрөг төлсөн баримтад шүүх дүгнэлт хийгээгүй... гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй, хэрэгт авагдсан баримтаар үгүйсгэгдэж байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй гэж үзнэ.
Шүүх гэрчээр Б.Батзоригийг асуулгах хүсэлтийг хангаж, гэрчийг шүүхэд дуудан ирүүлэх талаар хийвэл зохих ажиллагаа хийсэн боловч гэрчийн мэдүүлэг авалгүй хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Шүүгч 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн шүүгчийн 102/ШЗ2017/05428 дугаар захирамжаар гэрчээр Б.Батзоригийг асуулгах хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШЗ2017/01353 дугаар шүүгчийн захирамжийн 2 дах заалтад өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсгийн зохицуулалтын агуулгад нийцээгүй боловч энэ нь шүүхийн шийдвэрийн үндэслэлд нөлөөлөхгүй, шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй талаар давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2017/00769 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 1298 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Одбаярын хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр төлсөн 187.350 /нэг зуун наян долоон мянга, гурван зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Д.ЦОЛМОН