Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2019/0569

 

“Бц” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Т, Л.Н, хариуцагч М.Г, К.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Ц, Р.Б нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2019/0560 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагч, гуравдагч этгээд нарын гаргасан давж заалдах гомдлоор, “Бц” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Эрчим хүчний яамны Эрчим хүчний хяналтын улсын байцаагч, Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн, Эрчим хүчний хөгжлийн төвийн ахлах инженер нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2019/0560 дугаар шийдвэрээр: “Барилгын тухай /2008 оны/ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12, 15 дугаар зүйлийн 15.1.2, Эрчим хүчний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.1.1, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Бүрэнцутгамал” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2015 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 2015/01/59-07-002 дугаар албан шаардлага, 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 01/2016 дугаар улсын байцаагчийн дүгнэлтийг тус тус илт хууль бус болохыг тогтоож” шийдвэрлэжээ.

Хариуцагч нар давж заалдах гомдолдоо: “...Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2018/2480 дугаар шийдвэрийг гаргахдаа тус иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас эрх ашиг нь хөндөгдөж байгаа П.Д, Х.Б, Г.М бид нарыг оролцуулалгүйгээр улсын байцаагчийн эрхийг олгосон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2012 оны 196 дугаар тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Ийнхүү шийдвэрлэхдээ бидэнд эрх олгосон хуулийн үндэслэлийг нарийвчлан нягтлалгүйгээр шийдвэрлэжээ. Тухайлбал Хөдөлмөрийн Хяналтын улсын байцаагчийн эрхийг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасныг үндэслэн олгосон байтал Эрчим хүчний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т зааснаар олгосон нь хууль бус байна гэж үзсэн байна. Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 196 дугаар тушаалаар биднээс гадна өөр олон эрх бүхий албан тушаалтанд улсын байцаагчийн эрхийг олгосон байдаг ба тус тушаалаас ч өмнө бид улсын байцаагчийн эрхтэйгээр эрчим хүчний хууль тогтоомжид заасан норм стандартыг мөрдүүлж ирсэн. ...Бид Эрчим хүчний тухай хуулийн 34.1 дэх хэсэгт заасан хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих үндсэн чиг үүргийн хүрээнд, ажил албан тушаалын тодорхойлолт, Эрчим хүчний төрийн нарийн бичгийн даргын удирдамжийн дагуу иргэн аж ахуйн нэгүүдээс илүүлсэн санал хүсэлт, гомдлын мөрөөр эрчим хүчний стандартыг мөрдүүлэх, хяналт шалгалт хийх ажлыг гүйцэтгэх үүрэгтэй байсан тул Сант сургуулийн хүсэлтийн дагуу сургуулийн өргөтгөлийн барилгын цахилгааны монтаж, хуваарилах самбарын угсралтын ажил дээр дүгнэлт гаргаж ажилласан бөгөөд албан шаардлага, дүгнэлтэд заасан үндэслэл, зөрчил дутагдлыг мэргэжлийн үүднээс үнэн зөв бодитойгоор илрүүлж, зөрчил дутагдлыг арилгах албан шаардлагыг тавьж ажилласан. ...Бидний улсын байцаагчийн эрхийг Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргаас олгосон ба хожим Зөрчлийн тухай хуультай холбогдуулж 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр цуцалж, хүчингүй болгосон. Эрх хүчинтэй байх хугацаандаа гаргасан дүгнэлт, албан шаардлага, эрх үүргээ хэрэгжүүлснийхээ төлөө авсан цалин хөлс, бидний оролцоотой хүлээн авсан эрчим хүчний барилга байгууламж, энэ бүгдийг гагцхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж явагдсан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2018/02480 дугаар шийдвэрээр үгүйсгэх нь үндэслэлгүй юм. Захиргааны ерөнхий хуулийн 46.2-т “Захиргааны актыг цуцлах, хүчингүй болгох, эрх бүхий байгууллагын шийдвэр гарах, эсхүл захиргааны актад заасан хугацаа дуусгавар болох, түүнчлэн бусад байдлаар биелэгдэх хүртэл тухайн захиргааны акт хүчин төгөлдөр байна” гэж заасан байдаг тул улсын байцаагч нарын эрхийг цуцлах, хүчингүй болгох хүртэл бидний хуулийн хүрээнд гүйцэтгэсэн ажил үүрэг, шаардлага, дүгнэлтүүд хүчин төгөлдөр байх ёстой. Мөн шүүхээс тухайн шаардлага дүгнэлт нь бодит байдалд биелэх боломжгүй гэж дүгнэсэн нь хууль бус байна. Учир нь 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 2015/0159-07-002 дугаартай Улсын байцаагчийн албан шаардлага, 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 01/2016 дугаартай Улсын байцаагчийн дүгнэлтээр Сант сургуулийн өргөтгөлийн барилгын дотор цахилгааны монтажийн угсралтын ажлыг батлагдсан зургийн дагуу хийгээгүй олон зөрчил байгааг тогтоосон бөгөөд тухайн ажлыг батлагдсан зургийн дагуу хийх бүрэн боломжтойгоос гадна зайлшгүй хийгдэх хуулийн шаардлага болно. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2019/0560 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, өмгөөлөгч Г.Ц нар давж заалдах гомдолдоо: “...анхан шатны шүүх “...гэрээгээр “Бц” ХХК нь гүйцэтгэгчээр ажилласан, уг гэрээний зүйл болох сургуулийн өргөтгөл, спорт заалны барилгын дотор ажилласан, ерөнхий оруулгын цахилгааны ажил батлагдсан зургийн дагуу хийгдсэн эсэхэд улсын байцаагч нар хяналт шалгалт хийж, зөрчлийг тогтоосон улсын байцаагчийн албан шаардлага, дүгнэлт гаргасан нь дээрх ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэгч компани болох “Бц” ХХК-ийн субьектив эрхийг зөрчсөн ...” гэж дүгнэж, гуравдагч этгээдийн “эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөөгүй, хөндөгдөөгүй этгээд буюу нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан, нийтийн эрх зүйн субьектив эрхийн зөрчил байхгүй” гэсэн тайлбарыг хүлээж авахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь: 1. Улсын байцаагчийн хяналт шалгалт хийх үед “Бц” ХХК нь гүйцэтгэгч биш болсон байсан. Талуудын хооронд “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ” 2013 оны 06 дугаар сарын 21-нд “Бц” ХХК нь гэрээ цуцлах тухай мэдэгдэл өгснөөр уг гэрээ цуцлагдсан. Түүнээс 2-3 жилийн дараа, тодруулбал, 2015 оны 03 дугаар сард хяналт шалгалт хийж албан шаардлага, 2016 оны 2 дугаар сард хяналт шалгалт хийж дүгнэлт гаргасан. Гэтэл шүүхээс “Бц” ХХК-тай байгуулсан гэрээний явцад хяналт шалгалт хийгдсэн мэтээр дүгнэсэн нь буруу.

...Албан шаардлага, дүгнэлтээр зөвхөн цахилгааны угсралт зураг төслийн дагуу хийгдсэн эсэх, тоног төхөөрөмж холбогдох норм, дүрэмд заасан шаардлагад нийцэж байгаа эсэхийг тодорхойлсон болохоос тухайн зөрчлийг хэн гаргасан болохыг тогтоогоогүй. Албан шаардлага, дүгнэлтээр “Бц” ХХК-д ямар нэгэн үүрэг гүйцэтгэхийг даалгаагүй. ...Албан шаардлага, дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоосноор нэхэмжлэгчийн “Бц” ХХК-ийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хамгаалагдаж, сэргээгдэх вэ, гэдэг шүүгчийн болон гуравдагч этгээдийн асуултад “албан шаардлага, дүгнэлтийг эрүүгийн хэрэгт нотлох баримтаар ашиглаж, намайг эрүүгийн хэрэгт гүтгэсэн, ялласан” гэдэг тайлбарыг нэхэмжлэгч өгсөөр ирсэн. Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 232 дугаар тогтоолоор “Хоёр аж ахуйн нэгжийн хооронд байгуулсан гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой маргаан байна. Иймд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй” гэж эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан нь нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдсөн байдлаа эрүүгийн хэрэгтэй холбон тайлбарлаж байгааг үндэслэлгүй болохыг нотолж байна. Иймд маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй буюу нийтийн эрх зүйн субьектив эрхийн зөрчил байхгүй учир ЗХШХШТХуулийн 54.1.5, 109.2-т заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

...Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хэзээнээс үйлчилж, эрх зүйн үр дагавар үүсгэх талаар тодорхой дүгнэлт хийлгүйгээр улсын байцаагч нарыг шууд “хяналт тавих эрхгүй” этгээд гэж үзсэн. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс МХЕГ-ын даргын 2012.06.15-ны өдрийн 196 дугаар тушаалыг илт хууль бус /захиргааны эрх зүйд/ эвэл хүчин төгөлдөр бус /иргэний эрх зүйд/ гэж тогтоож шийдвэрлээгүй, харин уг тушаалыг “хүчингүй” болгож шийдвэрлэсэн. ... иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон цагаасаа буюу 2018.12.14-ний өдрөөс хойш эрх зүйн үр дагавар үүсгэж, уг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт дурдсанаар “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 196 дугаар тушаалын Г.М, П.Д, Х.Б нарт холбогдох хэсгийг хүчингүй болгосон” тодруулбал нэр дурдсан этгээдэд олгосон улсын байцаагчийн эрх хүчингүй болсон эрх зүйн үр дагавар үүсгэнэ. Үүнээс өмнө буюу хяналт шалгалт хийж, албан шаардлага, дүгнэлтийг гаргах үедээ /2015 оны 3-р сар, 2016 оны 2-р сар/ улсын байцаагчийн эрх, үүрэгтэй байсан ба энэ эрх болон хууль журмаар олгосон чиг үүргийн хүрээнд төрийн хяналт шалгалт хийх, албан шаардлага, дүгнэлт гаргасан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Эрчим хүчний тухай хуулийн 34.1-д”… эрх бүхий албан тушаалтан, улсын байцаагч нар хяналт шалгалт хийхээр зохицуулсан байна. П.Д, Г.М, Х.Б нарын хувьд “улсын байцаагчийн эрх”-тэй байхаас гадна ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн хүрээнд эрчим хүчний тоног төхөөрөмжийн угсралт, аюулгүй ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй этгээд болно.

анхан шатны шүүх “ЗЕХ 47.1.3-т зааснаар илт хууль бус болох нь тогтоогдсон учир албан шаардлага, дүгнэлтийг гарсан цаг хугацаанаас нь эхлэн аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтан биелүүлэх үүрэггүй учраас түүнийг бодит байдалд биелүүлэх боломжгүй үзнэ” гэж “захиргааны актыг илт хууль бусад тооцох үндэслэл” болон “захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоосноос үүсэх үр дагавар” гэсэн хоёр ойлголтыг ялгаж зааглахгүй, хольж хутган тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Улсын байцаагчийн албан шаардлагаар барилгын дотор цахилгаан монтаж угсралтын ажлыг зургийн дагуу хийх шаардлагыг Сант сургуульд тавьсан бөгөөд энэ албан шаардлагад дурдсан зөрчлийг арилгуулахаар Сант сургууль нь “Монхорус электрик” ХХК-тай гэрээ байгуулсан, түүний дараа барилгыг байнгын ашиглалтад хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогддог. Ийнхүү бодит байдалд нэгэнт биелэгдсэн албан шаардлага, дүгнэлтийг ЗЕХ 47.1.7-д зааснаар “бодит байдалд биелүүлэх боломжгүй” гэж үзэх хууль зүйн хувьд болоод энгийн логик утгаар дүгнэх боломжгүй. Иймд дээр дурдсаны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй тул хуульд заасны дагуу Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2019/0560 дугаар шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байх тул дараах үндэслэлээр хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2018/02480 дугаар шийдвэрээр “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн ажилтан Г.М-д эрчим хүчний хяналтын улсын байцаагч, Эрчим хүчний газрын ажилтан П.Д-д эрчим хүчний хяналтын улсын байцаагч, тус газрын ажилтан Х.Б-д хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын улсын байцаагчийн эрх олгосон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 196 дугаар тушаалын холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 22 дугаар тогтоолоор дээрх иргэний хэргийн шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянах үндэслэлд хамаарна гэж үзээд ““Бц” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Эрчим хүчний яамны Эрчим хүчний хяналтын улсын байцаагч, Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн, Эрчим хүчний хөгжлийн төвийн ахлах инженер нарт холбогдох Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 0340 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2017/0417 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 310 дугаар тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж” шийдвэрлэсэн байна.

Ийнхүү нэхэмжлэгч “Бц” ХХК нь “...маргаж буй албан шаардлага, дүгнэлтийг гаргасан хариуцагч нарт улсын байцаагчийн эрх олгосон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 196 дугаар тушаалын тэдгээрт холбогдох хэсгийг иргэний хэргийн шүүхээс хүчингүй болгосон, улсын байцаагчийн эрхгүй байж албан шаардлага, дүгнэлт гаргасан нь илт хууль бус төдийгүй тухайн актыг бодит байдалд биелүүлэх боломжгүй, гүйцэтгэх этгээд тодорхой бус” гэх үндэслэлээр Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 2015/01/59-07-002 дугаар албан шаардлага, 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 01/2016 дугаар дүгнэлтийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгохоор маргажээ.

Анхан шатны шүүхээс Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2018/02480 дугаар шийдвэрийн үр дагаврыг буруу тайлбарлаж, хариуцагч нарт улсын байцаагчийн эрх олгосон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 196 дугаар тушаалын холбогдох хэсэг хүчингүй болсон учраас хариуцагч нар нь Эрчим хүчний тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-д заасан эрчим хүчний тухай хууль тогтоомжийн биелэлтэд эрчим хүчний барилга байгууламж, тоног төхөөрөмжийн угсралт, аюулгүй ажиллагааны шаардлагыг хэрэгжүүлэхэд хяналт тавих эрхгүй байсан гэж дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн хэргийн оролцогчид шийдвэрийг биелүүлэх үүрэг үүсэх тул Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 196 дугаар тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгосон иргэний хэргийн шүүхийн дээрх шийдвэр хүчин төгөлдөр болсноор хариуцагч нарыг улсын байцаагчаар ажиллах эрхгүй болсон гэж үзнэ. Гэтэл анхан шатны шүүхээс шүүхийн шийдвэрийн эрх зүйн үр дагаврыг үүнээс өмнөх цаг хугацаанд хамааруулж, улсын байцаагчаар ажиллаж байхдаа гаргасан шийдвэрүүдийг нь илт хууль бусд тооцсон нь үндэслэлгүй, ийм үр дагавар агуулсан шийдвэрийг иргэний хэргийн шүүх гаргаагүй байна.

Өөрөөр хэлбэл, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2018/02480 дугаар шийдвэрээр хариуцагч нарт улсын байцаагчийн эрх олгосон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 196 дугаар тушаалын холбогдох хэсгийг Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д заасны дагуу хүчингүй болгож шийдвэрлэснээс өөрөөр ямар нэг эрх зүйн үр дагавар үүсгээгүй, уг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн хариуцагч нар улсын байцаагчийн эрхгүй болох үр дагаврыг үүсгэхээс биш “захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байх” үр дагавар бүхий шийдвэрийг иргэний хэргийн шүүх гаргаагүй. Ийнхүү иргэний хэргийн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор хариуцагч нарын улсын байцаагчийн эрхтэй байсан бүхий л цаг хугацаанд дангаар болон бусадтай хамтран гаргасан акт, албан шаардлага, дүгнэлт, шийдвэрүүдийг “илт хууль бус” гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй төдийгүй үүнийг зөвхөн “Бц” ХХК-ийн эрх, ашиг сонирхолтой холбон, дангаар нь салган ойлгож, тайлбарлах боломжгүй.

Иймд Эрчим хүчний тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Эрчим хүчний тухай хууль тогтоомжийн биелэлтэд эрх бүхий албан тушаалтан, улсын байцаагч дараах чиглэлээр мэргэжлийн хяналт тавина”, 34.1.1-д “эрчим хүчний барилга байгууламж, тоног төхөөрөмжийн угсралт, засвар, ашиглалт, аюулгүй ажиллагааны шаардлагыг хэрэгжүүлэхэд тусгай зөвшөөрөл эзэмшигч болон хэрэглэгчид хяналт тавих” гэж заасны дагуу 2015, 2016 онуудад хариуцагч нар нь Сант сургуулийн өргөтгөлийн барилгын дотор цахилгааны ажлын гүйцэтгэлд хяналт шалгалт хийх бүрэн эрхтэй байсан, энэ эрхийнхээ хүрээнд 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 2015/01/59-07-002 дугаар албан шаардлага, 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 01/2016 дугаар дүгнэлтийг үйлдсэн, тухайн шийдвэрүүдийг гаргах үед тэдгээрийг улсын байцаагчийн эрхгүй гэж тогтоосон ямар нэг шийдвэр байгаагүй тул улсын байцаагчийн эрхтэй байхдаа гаргасан шийдвэрт дээрх иргэний хэргийн шүүхийн шийдвэр хамааралгүй юм.

Тиймээс нэхэмжлэгчийн маргаж буй дээрх албан шаардлага, дүгнэлт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэж заасан шинжийг агуулаагүй байх тул илт хууль бусд тооцох боломжгүй.

Түүнчлэн анхан шатны шүүхээс  “...эрчим хүчний барилга, байгууламж, тоног төхөөрөмжид хяналт шалгалт явуулах эрхгүй буюу хуульд заасны дагуу эрх олгогдоогүй албан тушаалтнууд Ерөнхий боловсролын “С” сургуулийн өргөтгөлийн барилга угсралтын ажлын нэг хэсэг болох цахилгаан хангамжийн ажлын гүйцэтгэлд хяналт шалгалт явуулж, илэрсэн зөрчилд улсын байцаагчийн шаардлага, дүгнэлт бичсэн, энэхүү захиргааны актууд нь илт хууль бус болох нь нэгэнт тогтоогдсон тул дээрх захиргааны актыг бодит байдалд биелүүлэх боломжгүйд тооцно” хэмээн ойлгомжгүй дүгнэлт хийж, улсын байцаагчийн албан шаардлага, дүгнэлтийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д заасан бодит байдалд биелүүлэх боломжгүй илт хууль бус акт болохыг тогтоосон нь буруу болжээ.

Учир нь Барилгын тухай хуулийн /2008 он/ 9 дүгээр зүйлийн 9.1.2-д зааснаар барилга байгууламж нь батлагдсан зураг төслийн дагуу баригдах ёстой тул энэ шаардлагыг хангуулахаар дүгнэлт гаргаж, албан шаардлага тавьсан актыг “бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй төдийгүй батлагдсан зураг төслийн дагуу барилга байгууламжийг барих үүрэгтэй юм.

Түүнчлэн гуравдагч этгээд нь цахилгаан угсралтын ажлын гүйцэтгэлд хяналт шалгалт хийлгүүлэхээр Барилгын тухай хуулийн /2008 он/ 15 дугаар зүйлийн 15.1.6-д заасан эрх, үүргийн хүрээнд холбогдох байгууллага албан тушаалтанд хүсэлт гаргасан, улсын байцаагч нар нь мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.10-д заасны дагуу албан шаардлага, дүгнэлтээ захиалагчид хандан гаргасан, дээрх дүгнэлт, албан шаардлагаар илэрсэн зөрчлийг захиалагч нь хариуцан арилгах үүрэг хүлээсэн байх тул захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус гэж үзэх үндэслэлгүй.

Дээрх үндэслэлээр Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 2015/01/59-07-002 дугаар албан шаардлага, 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 01/2016 дугаар дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоох үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Харин гуравдагч этгээдийн “нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөөгүй тул түүний гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах байсан” гэх гомдлын тухайд,

Хэдийгээр нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын хооронд байгуулсан Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороонд орших “С” сургуулийн өргөтөл, спорт заалны барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээг 2013 онд цуцалсан гэх боловч нэхэмжлэгч “Бц” ХХК-ийн гүйцэтгэсэн ажилд хариуцагч нараас шалгалт хийж, холбогдох шийдвэрийг гаргасан байх тул уг шалгалтын үр дүнд гарсан актыг нэхэмжлэгчид шууд хамааралгүй гэж үзэх боломжгүй тул энэ талаар гаргасан гуравдагч этгээдийн гомдлыг хүлээн авах боломжгүй.

Иймд хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2019/0560 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Барилгын тухай хуулийн /2008 он/ 15 дугаар зүйлийн 15.1.6, 25 дугаар зүйлийн 25.2.10, Эрчим хүчний тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-д заасныг баримтлан “Бц” ХХК-ийн “Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 2015/01/59-07-002 дугаар албан шаардлага, 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 01/2016 дугаар дүгнэлтийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                          Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                         Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                        Г.БИЛГҮҮН