Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2017/01177

 

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

         Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар       

            Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2017/01007 дугаар шүүгчийн захирамж,

   Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 1311 дүгээр магадлалтай,

            “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

            С-т холбогдох

           Түрээсийн төлбөр 1.765.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

            хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн,      хариуцагчийн өмгөөлөгч Д.Намсрайжав, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр нар оролцов.

          Нэхэмжлэгч “С” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Иргэн С болон “С” ХХК нь 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Скайтел үйлчилгээний төвийн 2 давхарт байрлах 16-6 тоот лангууг түрээслэхээр харилцан тохиролцож, 63 тоот гар утасны худалдаа эрхлэх лангуу ашиглах түрээсийн гэрээг байгуулсан. Тус гэрээг байгуулахдаа 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн 2015 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл буюу нэг жилийн хугацаатай, нэг сарын түрээсийн төлбөрийг 410.000 төгрөг байхаар тохиролцсон. “С” ХХК нь түрээслэгч нартаа эдийн засгийн хүнд хэцүү үед түрээсийн төлбөртөө хөнгөлөлт үзүүлж, 2015 оны 1-3, 5-8 саруудын түрээсийн төлбөрийг 205.000 төгрөг болгосон бөгөөд 2016 оноос эхлэн түрээсийн төлбөрийг нэг сарын 260.000 төгрөг болгон бууруулсан. Гэтэл түрээслэгч С нь 2015 оны 11, 12 сарууд болон 2016 оны 1-6 саруудын түрээсийн төлбөр болох нийт 2.380.000 төгрөгийг төлөөгүйгээс ”С” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А99 тоот тушаалаар нийт 615.000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн. Үүний дагуу 1.765.000 төгрөгийг төлөөгүй байгаа юм. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 10.3-т “Түрээслэгч ямар нэгэн шалтгаан заахгүйгээр гэрээг дангаар цуцлах эрхтэй ба гэхдээ цуцлах тухай саналаа нэг сарын өмнө түрээслүүлэгч талд бичгээр мэдэгдэх үүрэг хүлээнэ” гэж заасан байтал түрээслэгч С-аас нэг ч удаа гэрээ цуцлах агуулга бүхий мэдэгдлийг бичгээр ирүүлж байгаагүй. Өдийг хүртэл хугацаанд С гэрээгээ цуцлах тухай саналаа бичгээр мэдэгдээгүй, мөн өөрийн буруугаас түрээсийн талбайгаа ашиглаж чадаагүй нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5 дах зүйлийг үндэслэн 292 дугаар зүйлийн 292.4-т заасны дагуу хөлс төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм. Бидний зүгээс “үйл ажиллагаагаа явуулж, түрээсийн төлбөрөө төлнө үү” гэсэн агуулга бүхий мэдэгдлүүдийг оршин суугаа хаягаар нь удаа дараа явуулж байсан боловч хариу өгөөгүй. Мөн манай байгууллагын зүгээс түрээсийн төлбөрт олон удаа хөнгөлөлт үзүүлж, түрээсийн талбайд үйлчлүүлэгч татах зорилгоор өөрсдийн зүгээс идэвхжүүлэлтийн ажиллагааг явуулж байсан боловч түрээсийн төлбөрийг төлөх талаар ямар нэгэн идэвх санаачилга гаргаагүй болно. Цаашид манай байгууллага түрээсийн талбайгаа хариуцагчаас өөр этгээдэд түрээслүүлж түрээсийн төлбөрөө шаардах нь зүйн хэрэг учир ийнхүү талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6.1-д “Түрээслэгч талаас энэхүү гэрээг чанд биелүүлэхийг шаардах эрхтэй бөгөөд биелүүлээгүй тохиолдолд гэрээнд заагдсаны дагуу хариуцлага тооцох, гэрээг цуцлах, үүссэн хохирлыг арилгуулах”, мөн Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т заасны дагуу хариуцагч С-аас түрээсийн төлбөр 1.765.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

           Хариуцагч С, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Намсрайжав нарын шүүхэд гаргасан тайлбарт: Талууд 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Скайтел үйлчилгээний төвийн 2 давхарт байрлах 16-6 тоот лангууг түрээслэхээр 63 тоот Гар утасны худалдаа эрхлэх лангуу ашиглах түрээсийн гэрээг байгуулсан. Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан түрээсийн гэрээ байгуулагдсан. Өөрөөр хэлбэл, түрээсийн гэрээ байгуулсан гэдэг нь “С” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаар нотлогдож байна. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ” гэж заасан. Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т “Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна” гэж заасан бөгөөд гар утасны худалдаа эрхлэх лангуу болон тухайн лангуу байрлаж байгаа газрыг үл хөдлөх хөрөнгө гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй юм. Гэтэл уг гэрээний талууд Иргэний хуулийн 318.3, 318.4-т заасан үл хөдлөх хөрөнгийн газар бүртгүүлэх хуулийн шаардлагыг биелүүлээгүй. Талууд дээрх хуулийн шаардлагыг нэгэнт биелүүлээгүй гэрээ байгуулсантай холбогдуулан Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн хүрээнд уг түрээсийн гэрээ хүчин төгөлдөр гэрээ мөн эсэхийг авч үзэх шаардлага гарч байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.8-д "хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн" хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар заасан. Дээрх хуультай холбогдуулан Дээд шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолын  5.5-д  Мөн зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн гэдэг нь хуулийн 42 дугаар зүйлийн 42.10-т заасан шаардлагад хамааралтай ба энэхүү хэлбэрийн шаардлагад энгийн бичгийн хэлбэрээс гадна нотариатаар болон эрх бүхий этгээдээр гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх хэлбэрийг мөн хамааруулан үзнэ гэж заасан. Иймд уг гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр бус гэрээ байсан гэдэг нь нотлогдож баина. Талууд 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр байгуулагдсан бөгөөд талуудын хооронд байгуулсан 63 тоот гэрээний 3.2-т заасны дагуу гэрээний зөрчилгүй гэж үзэж дахин 1 жилээр автоматаар сунгагдсан байна. Гэтэл гэрээ сунгагдсанаас хойш түрээслэгч гэрээний 4.3 дахь заалт зөрчигдөж түрээсийн төлбөр төлөгдөөгүй нэлээд хугацаа өнгөрсөн байна. Гэтэл түрээслүүлэгч түрээсийн төлбөрөө нэхэлгүй гэрээний 4.5 дахь заалтыг хэрэгжүүлэхгүй гэрээг цуцлаагүй мөн гэрээний 2.5, 6.1, 6.4, 9.1, 9.2, 10.2, 10.3 дахь заалтын хүрээнд түрээсийн байрыг хүлээн аваагүй, төлбөрөө шаардаагүй, түрээсийн төлбөр төлөх гэрээгээр тохирсон хугацаа өнгөрсөн атал түрээсийн төлбөрөө нэхэмжлээгүй байна. Түрээслэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж түрээсийн төлбөрөө хугацаанд нь төлөхгүй байгааг мэдсээр байж гэрээг цуцлаагүй удааж түрээсийн төлбөрийг олон сараар нэмэгдүүлэн гаргасан. Талуудын хооронд байгуулсан гэрээнд орсон нэмэлт өөрчлөлтийг уг гэрээний 11.3-т заасны дагуу бичгээр хийгдэж гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр байхаар заасан боловч гэрээг албан ёсоор баталгаажуулж нэмэлт, өөрчлөлт оруулаагүй тул хүчин төгөлдөр бус байна. Иймд дээрх үндэслэлийг харгалзан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

         Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2017/01007 дугаар шүүгчийн захирамжаар: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С-аас 1.765.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ”С” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43.190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 1311 дүгээр магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2017/01007 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Саас 1.765.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ”С” ХХК-д олгосугай” гэж  өөрчлөн найруулж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43.190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэснийг “...43.190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 43.190 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

           Хариуцагчийн өмгөөлөгч Д.Намсрайжавын хяналтын журмаар гаргасан гомдолд: Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 1311 тоот магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийг үндэслэн дараах гомдлыг гаргаж байна. Хуулийг буруу хэрэглэсэн талаар. Талууд түрээсийн гэрээг 2015 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг дуустал байгуулж гэрээний 3.2 дахь хэсэгт "Хэрэв талуудын аль нэг нь энэ гэрээний үйлчлэх хугацаа дуусахаас өмнө уг гэрээг цуцлах санал гаргаагүй, түрээслэгч гэрээний 10.1-т заасан дутагдал, доголдол, зөрчил гаргаагүй тохиолдолд 12 сараар сунгасанд тооцно” гэж заасан. Анхан шатны шүүх нэхэмжлэлд хавсаргасан авлагын дэлгэрэнгүй гүйлгээ бусад нотлох баримтыг судалж үзээд 2015 оны 8, 9 дүгээр сарын түрээсийн төлбөрийг гэрээний 4.3, 4.5-д заасан хугацаанд хийгээгүй зөрчил гаргасан нь “С" ХХК-ийн 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 4/3702 тоот албан бичгээр нотлогдож байх тул түрээсийн гэрээний 3.2-т зааснаар гэрээг үргэлжүүлэн сунгасан гэж үзэх боломжгүй тул С-аас 1.765.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Гэтэл Давж заалдах шатны шүүхээс уг асуудлыг буруу ойлгож, 2015 оны 8, 9 дүгээр сарын төлбөрөө хийж гэрээний ямар ч зөрчилгүй байсан мэтээр ойлгож хууль, гэрээний нөхцлийг буруу тайлбарлан шийдсэн. Өөрөөр хэлбэл, гэрээний зөрчилгүй тохиолдолд автоматаар сунгах, зөрчилтэй тохиолдолд гэрээг сунгахгүй байх зарчмыг буруу тайлбарлаж байна. Түүнчлэн түрээсийн гэрээний 3.2-т түрээсийн гэрээний 10.1 дэх хэсэгт “түрээслэгч дутагдал, доголдол, зөрчил гаргаагүй тохиолдолд 12 сараар сунгасанд тооцно” гэж дурьдсан. Гэтэл түрээслэгч 10.1.5-д энэхүү гэрээ ба хуульд заасан бусад үндэслэлийг  удаа дараа зөрчсөн. Өөрөөр хэлбэл, түрээслэгч гэрээний 9.2-ын 1, 2, 3, 5, 6, 7, 5.1, 5.2, 5.5, 5.6, §5.8, 6.1, 6.1.4, 6.4.4 заалтуудыг зөрчсөн, мөн Иргэний хуулийн 318 дугаар зүйл, 206, 208, 208.3, 318.1, 287, 289.1.2, 292.2, 296, 294.1.1 холбогдох заалтыг зөрчсөн атал Давж заалдах шатны шүүхээс уг асуудлыг судалж үзэхгүй түрээслэгч байхгүй, ямар ч ашиггүй хэн ч түрээслэхгүй байсан лангуугаа хуучин түрээслэгчээр төлүүлэх гэсэн башир аргыг дэмжиж шийдсэн нь хуулийг илт буруу тайлбарласан гэж үзэж байна.

           Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан талаар. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг бичиг баримт үйлдэж гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болохоор заасан. Мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т бичгээр байгуулахаар заасан. Дээрх хуультай холбогдуулан талуудын хооронд байгуулсан гэрээний 11.3-т “Гэрээнд оруулсан аливаа нэмэлт, өөрчлөлт нь зөвхөн бичгээр хийгдэж гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болохоор заасан. Гэрээний хугацааг сунгахдаа ямар нэгэн дутагдал, доголдол, зөрчилгүй тохиолдолд гэрээний 3.2-т зааснаар сунгах, зөрчилтэй тохиолдолд гэрээний зөрчлийг арилгасан тохиолдолд сунгах асуудлыг шийдвэрлэх хууль эрх зүйн үндэслэлтэй. Иймд уг маргааныг зөв нотолж шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

           Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчсөн байхад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй гэж үзлээ.

        Нэхэмжлэгч “С” ХХК нь хариуцагч С-т холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 1.765.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус, гэрээ сунгагдаагүй, зохих төлбөрийг бүрэн төлсөн гэж маргажээ.

        Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ “Шүүгчийн Захирамж” гаргасан байхад давж заалдах шатны шүүх уг зөрчлийг “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлд заасан шийдвэрийн агуулгад нийцүүлэн гаргасан ба энэ алдааг шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох ноцтой гэж тооцсонгүй...” гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлд нийцсэн гэж үзэхгүй.

       Түүнчлэн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 14 цаг 30 минутад хийхээр товлосон ч хуралдааныг 2017 оны 03 сарын 22-ны өдөр хийж, хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-д заасан шүүх хуралдааны бэлтгэл хангах ажиллагааг хуулийн дагуу хийгээгүй байна.

         Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

           1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2017/01007 дугаар шүүгчийн захирамж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 1311 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр төлсөн 43.500 /дөчин гурван мянга таван зуун/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                     Х.СОНИНБАЯР

                         ШҮҮГЧ                                               Д.ЦОЛМОН