Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 321

 

 

В.Жд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр даргалж, Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэл, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Завхан аймгийн Ардын шүүн таслах газрын 1939 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн таслан шийтгэсэн 104 дүгээр тогтоолтой В.Жд холбогдох 7082 дугаартай хэргийг прокурорын бичсэн дүгнэлтийг үндэслэн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Завхан аймгийн Тэлмэн сумын 2 дугаар баг, ам бүл 5, эхнэр Хүрлээ, хүүхэд Цэрэнлхам, Цэрэнбямба, Лувсанцэрэн, хөрөнгө тэмээ 1, адуу 10, үхэр 1, хонь 10, гэр 1, 1932 оны бослогод жанжин Таравын цэрэгт 1 сар явсан ба нэг удаа байлдаанд оролцож морь барих, ар талын хөсөг хамгаалах ангид явж байсан гэх В.Ж

 

В.Ж нь хувьсгалын эсэргүү бүлгэмд 1937 онд элсэж, эсэргүү Насанбаттай эсэргүү ажлын талаар ярилцаж, бүлгэмд хань нөхөд элсүүлэх, эд бэлтгэх ба элдэв цуурхлуудыг тарааж ард олныг нам засгаас холдуулах зорилготой ажиллаж байсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Завхан аймгийн Ардын шүүн таслах 1939 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 104 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор В.Жд Шүүх цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлд зааснаар 8 жил хорих ял шийтгэсэн” байна.

 

Хяналтын шатны шүүхэд Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэл бичсэн дүгнэлт болон шүүх хуралдаанд гаргасан саналдаа “...  В.Жамбыг эсэргүү байгууллагад элсүүлсэн гэх Завхан аймгийн Тэлмэн сумын 3 дугаар багийн Гаваагийн Насанбат эсэргүү хэрэгт баригдаж Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн хурлаар П.Гэндэн, Г.Дэмид нарын хувьсгалын эсэргүү байгууллагад элссэн гэдэг үндэслэлээр Шүүх цаазын бичгийн 43, 44, 45 дугаар зүйлээр буудан алах ял шийтгэснийг БНМАУ-ын Дээд шүүхийн цэргийн коллегийн 1992 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 70 дугаар магадлалаар хэргийг нь хэрэгсэхгүй болгож цагаатгасан. Мөн В.Жамбын мэдүүлэгт “... Гэндэн, Банзрагч, Бат, Ванчин гэсэн хүмүүс эсэргүү бүлгэмийн гишүүн байсан гэж сонсож байсан, Г.Насанбат хэлж байсан” гэдэг. Энэ үндэслэлээр шалгаж үзэхэд Сүрэнгийн Гэндэнсүрэн, Очирын Банзрагч нарын 9 хүнийг улс төрийн хэрэг холбогдуулж 1938 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 35 дугаар хурлаар Лувсанхаймчиг нарын хувьсгалын эсэргүү бүлгийн гишүүн гэж үзэж Шүүх цаазын бичгийн 43, 44, 47 дугаар зүйлээр буудан алах ял шийтгэсэн. Үүнийг БНМАУ-ын Дээд шүүхийн цэргийн коллегийн 1991 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 34 дүгээр магадлалаар цагаатгасан. Лувсанхаймчиг нарын хувьсгалын эсэргүү байгаагүй гэдгийг Улсын дээд шүүхээс тогтоосон. В.Жамбыг улс төрийн хилс хэрэгт холбогдуулж ял шийтгэсэн тул Завхан аймгийн Ардын шүүх таслах газрын 1939 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 104 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, В.Жамбыг цагаатгуулах тухай дүгнэлтээ дэмжиж байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Хуулийг илт буруу хэрэглэж гэм буруугүй хүнд хорих ял оногдуулсан нөхцөл байдал шинээр илэрсэн талаарх прокурорын дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

В.Ж 1937 онд хувьсгалын эсэргүү бүлгэмд элсэж, улмаар уг бүлгэмдээ хань нөхөд элсүүлэх, эд бэлтгэх, ардын засгийн эсрэг элдэв цуурхал тарааж ард олныг нам засгаас холдуулах зорилготой ажиллаж байсан гэх гэмт хэргийг үйлдсэн хэмээн тухайн үед мөрдөгдөж байсан Шүүх цаазын бичиг /1934 он/-ийн 43, 47 дугаар зүйлүүдэд зааснаар 8 жил хорих ял шийтгэсэн талаар мөрдөн байцаалтын 7082 дугаартай хэрэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэлд тусгажээ. 

 

Гэвч энэхүү Шүүх цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлийг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2-т зааснаар “улс төрийн хилс хэрэг”хамааруулсны зэрэгцээ уг зүйлээр ял шийтгүүлсэн хүнийг “улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч”-д тооцохоор заасан тул В.Жг цагаатгуулахаар бичсэн прокурорын дүгнэлтийг хангах нь зүйтэй гэж үзлээ.  

 

             В.Ж-г эсэргүү байгууллагад элсүүлсэн, хамсан ардын засгийн эсрэг үйл ажиллагаа явуулсан гэх Г.Насанбат нарын 30 хүнийг Онцгой бүрэн эрхт комиссийн 1938 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор  Шүүх цаазын бичгийн 43, 44, 45 дугаар зүйлүүдэд зааснаар буудан алах ял шийтгэснийг БНМАУ-ын Дээд шүүхийн Цэргийн коллегийн 1992 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 70 дугаар магадлалаар цагаатгаж шийдвэрлэснийг дурдвал зохино. 

 

Энэхүү шинээр илэрсэн нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3-т заасан “... гэм буруугүй хүнд ял оногдуулахад хүргэсэн” үндэслэл мөн болно.

 

Иймд В.Жд 8 жил хорих ял оногдуулсан Завхан аймгийн Ардын шүүн таслах газрын 1939 оны 07 дугаар сарын 26-ны өдөр таслан шийтгэсэн 104 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, В.Жд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгахаар шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

Завхан аймгийн Ардын шүүн таслах газрын 1937 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 104 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3-д заасан “... гэм буруугүй хүнд ял оногдуулахад хүргэсэнгэсэн үндэслэлээр В.Жд холбогдох 7082 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, В.Ж-г цагаатгасугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                       Ч.ХОСБАЯР

 

ШҮҮГЧ                                                Б.АМАРБАЯСГАЛАН

 

                                                               С.БАТДЭЛГЭР

 

                                                          Б.ЦОГТ

 

                                                                                                  Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН