Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 208/МА2024/00042

 

Ц.Бат-Эрдэнийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, шүүгч Р.Үүрийнтуяа, ерөнхий шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 148/ШШ2024/00238 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Ц.Бат-Эрдэнэ,

Хариуцагч Т.Саранхүүд холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 37.500.000 төгрөг гаргуулах тухай

Хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунсүрэн, хариуцагч Т.Саранхүү, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхтуяа /цахим/ нарыг оролцуулан, тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал хөтлөв.

 ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлдээ:

1. Би Сена сена гэх фейсбүүк хаягтай хүнд Бүгд Найрамдах Солонгос улсаас Iphone 14 гар утас захиалж, худалдаж авахаар 37.500.000 төлөхөөр тохиролцсон. Уг мөнгийг хэрхэн шилжүүлэх талаар фейсбүүк хэрэглэгчээс асуухад, хариуцагч буюу Т.Саранхүүгийн дансны дугаарыг өгсөн. Т.Саранхүүгийн Хас банкны 5000934897 тоот дансанд 37.500.000 төгрөгийг 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Ц.Бат-Эрдэнийн Хас банкны 5005345454 тоот данснаас нэг удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн.

Мөнгийг шилжүүлэн авснаас 1 жилийн хугацаанд захиалсан утас ирээгүй. Захиалсан бараа ирээгүй тул мөнгөө буцаан авах хүсэлт тавьсан ч одоо болтол мөнгөө өгөхгүй намайг чирэгдүүлж байна. Иймд Т.Саранхүүгээс 37.500.000 /Гучин долоон сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч хариу тайлбартаа:

1.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь анх захиалгаа Сэлэнгэмөрөнд Сена Сена гэсэн хаягаар өгсөн. Хоорондоо тохиролцож тэндээс дансны дугаар авсан гэсэн мөртлөө одоо эргэж орж ирэхдээ зөвхөн фейсбүүкийн зараас харж байгаад ерөөсөө хоорондоо холбогдоогүй байж байгаад захиалга өгсөн мэтээр ярьж байгаа. Анхны гаргасан нэхэмжлэлийнх нь шаардлагыг дахин харвал тодорхой байгаа. Ц.Бат-Эрдэнэ надтай нэг ч удаа холбоо барьж байгаагүй. Би зөвхөн надтай холбогдсон Сэлэнгэмөрөн гэдэг хүн надад данс руу чинь тэдэн төгрөг орно, буцаагаад миний Хаан банк руу шилжүүлээд өгөөч гэсэн. Нөгөө захиалга өгч байгаа хүн нь Хас банкны данс асуусан юм шиг байгаа юм. Тэгээд Хас банкны данс руу л явуулах боломж байна. Дахиад хоорондоо тухайн тэр цаг үед зөвхөн 37.500.000 төгрөг яригдсан уу, үгүй юу? бусад төлбөр нь өөрийнх нь данс руу ороод энэ 37.500.000 төгрөг л зөвхөн Хас банкны данс хэрэг болоод байна гэж надад Сэлэнгэмөрөн хэлсэн. Ингээд мөнгө дамжуулаад авчихъя аа, Хас банкнаас гэхээр нь би дансаа өгөөд орж ирэнгүүт нь буцаагаад тухайн хүний Хаан банкны данс руу шилжүүлсэн. Ц.Бат-Эрдэнэ Хас банкныхаа данснаас шилжүүлсэн. Энэ яриа хэлцэл нь Т.Саранхүүтэй холбогдсон баримт нотолгоо байхгүй, надтай Ц.Бат-Эрдэнэ холбогдож байгаагүй. Тийм учраас би энэ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 148/ШШ2024/00238 дугаартай шийдвэрээр:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Бүрэн овогт Түмэнгийн Саранхүү /РД:**********/-гээс 37.500.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Сартуул овогт Цогийн Бат-Эрдэнэ /РД:***********/-нд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 345.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 345.450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 1622 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагчийн дансны гүйлгээг битүүмжилсэн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр үргэлжлэхийг дурдан шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сэлэнгэ аймаг дах сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 25-ны өдрийн иргэний шүүх хурлаар Ц.Бат-Эрдэнийн нэхэмжлэлтэй Т.Саранхүүгээс 37.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг хянан хэлэлцээд иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтыг баримтлан Т.Саранхүүгээс 37.500.000 төгрөг гаргуулж Ц.Бат-Эрдэнэд олгуулахаар шийдвэрлэсэн 00238 дугаартай шийдвэрт дараахи үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх Ц.Бат-Эрдэнийн нэхэмжлэлтэй гэж шүүхээс тодорхойлсон хэргийг хэлэлцэхдээ Монгол Улсын шүүхийн тухай хууль, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэд хэдэн заалтыг ноцтойгоор зөрчиж, Иргэний хуулийн 492, 494 дүгээр зүйлүүдийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан үндэслэл журмын дагуу үнэлж чадаагүй гэж үзэж байна.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын хооронд үүссэн иргэний эрх зүйн маргааныг шүүх иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна. гэж хуульчилсан байдаг. Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй гэж хуульчилсан байна.

Ц.Бат-Эрдэнэ 2023 оны 07 сарын 04-ны өдөр Р.Одгэрэлд өөрийгөө төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах, бүх шатны шүүхэд төлөөлөн оролцох Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 -д заасан эрхийг эдлэх итгэмжлэл олгосон баримт байгаа боловч Р.Одгэрэл нь 2023 оны 07 сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймаг дах сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өөрийн нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргасан байдаг юм. Шүүх нэхэмжлэлийг хүлээн аваад мөн өдрөө шүүгчийн 1605 дугаар захирамжаар Р.Одгэрэлийн нэхэмжлэлтэй хэрэгт иргэний хэрэг үүсгэж, нэхэмжлэгчийг Р.Одгэрэл гэж тодорхойлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2023 оны 10 сарын 25-ны өдөр шүүх хурлаар хэлэлцээд Р.Одгэрэл, Т.Сэлэнгэмөрөн нарын хооронд худалдах худалдан авах хэлцэл хийгдсэн байна гэж дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. 00619 дугаартай шийдвэр гаргаж байсан. Нэхэмжлэгч Р.Одгэрэлийн өмгөөлөгч Б.Оюунсүрэнгийн гаргасан гомдлыг Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний шүүх хуралдаанаар хэлэлцээд 00057 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж байсан ба магадлалд Ц.Бат-Эрдэнэ Р.Одгэрэлд өгсөн итгэмжлэлээсээ татгалзаж өөрийн нэрээр хяналтын журмаар гомдол гаргасныг 2024 оны 02 сарын 27-ны өдөр хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцээд 00038 тогтоол гарч анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан.

Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 00038 тогтоолын хянавал хэсгийн 10.2-д Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1-д шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах үндэслэлээр нэхэмжлэгчийн гомдлыг хангана гэж дүгнээд мөн зүйлийн 2 дахь хэсэгт нэхэмжлэгч нь хэн болох нь тодорхойгүй, буюу Р.Одгэрэл нь ихэнх тохиолдолд үйл баримтын талаарх тайлбарыг өөрийн нэрээр гаргасан... талуудын хооронд үүссэн маргааны баримт бүрэн тогтоогдоогүй... гэж дүгнэсэн байдаг.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д Шүүх дараахь үндэслэлээр иргэний хэрэг үүсгэж болно: 12.1.1.эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх нь зөрчигдсөн тухай эрх зүйн харилцаанд оролцогч этгээдээс гаргасан нэхэмжлэл; гэж заасан байхад Р.Одгэрэлийг нэхэмжлэл гаргасан гэж Иргэний хэрэг үүсгэсэн шүүгчийн захирамжийн алдааг залруулахгүйгээр Ц.Бат-Эрдэнийг нэхэмжлэл гаргасан гэж үзсэн нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна. Ц.Бат-Эрдэнийн гаргасан гэх нэхэмжлэлтэй иргэний хэрэг үүсгэсэн баримт хэрэгт байхгүй болно.

 Бид 2024 оны 04 сарын 25-ны өдрийн 09 цагаас 09.50 минутын хугацаанд /шүүх хурал эхлэхээс өмнө/ хавтаст хэргийн материалтай танилцахад Ц.Бат-Эрдэнээс ямар нэг хүсэлт ирсэн баримт хэрэгт байхгүй байсан. Гэтэл шүүх хурал эхлэхэд Ц.Бат-Эрдэнээс хүсэлт ирүүлсэн тухай шүүгч хэлсэн боловч энэ хүсэлтийг бид нарт танилцуулаагүй, шүүхийн шийдвэр танилцуулсны дараа бид гайхаад хэргийн материалыг дахин үзэхэд Ц.Бат-Эрдэнийн хүсэлт гэх зүйл хэрэгт авагдсан, шүүхэд гаргасан хүсэлт нь огноогүй, хэзээ хэдийд шүүх хүлээж авсан тухай тэмдэглэгээ хийгдээгүй хүсэлт хэргийн материалд орсон байгаа нь Ц.Бат-Эрдэнэ шүүхэд хүсэлт гаргасан эсэх нь эргэлзээтэй байна.

Анхан шатны шүүх хэргийг дахин хэлэлцэхдээ Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг үүсгэсэн шүүгч дараахь ажиллагааг явуулна: мөн зүйлийн 67.1.1 зохигч, гуравдагч этгээд. Тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид шаардлага ба татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрхийг нь тайлбарлан өгөх гэснийг ноцтойгоор зөрчиж Ц.Бат-Эрдэнэд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрх үүргийг тайлбарлаж өгөөгүй, хавтаст хэргийн баримтуудтай танилцуулалгүй шүүх хурлыг хийсэн. Энэ талаар өмгөөлөгч Ж.Энхтуяа хэлсэн боловч 000238 дугаар шийдвэрийн үндэслэх хэсгийн 5 дах заалтын хоёр дах хэсэгт нэхэмжлэгч ..Бат-Эрдэнэ, түүний өмгөөлөгч нараас нэхэмжлэгчид Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрх үүргийг танилцуулаагүй талаар гомдол гаргаагүй гэжээ. Зохигчдод эрх үүргийг тайлбарлаж өгөх үүрэг шүүхэд байхад энэ үүргээ биелүүлээгүй байж гомдол гаргаагүй гэж үзсэн нь хуульд нийцэхгүй болно.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл 6.3-д Зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ., мөн зүйлийн 6.4-д Зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно. гэж мэтгэлцэх зарчмыг тодорхойлсон байхад шүүхэд зохигчид дээр дурьдсан үндэслэлээр мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх боломжийг хязгаарласан гэж үзэж байна.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-д ... нэхэмжлэгч. хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, ... болон бусад оролцогчийг шүүх хуралдаанд мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжоор тэгш хангана. гэсэн байхад хариуцагч Т.Саранхүү, түүний өмгөөлөгч нарыг эрхээ хэрэгжүүлэх боломжийг хааж, Ц.Бат-Эрдэнийг хуралд оролцуулах хүсэлтийг шүүх хүлээн авахаас татгалзсан. Ц.Бат-Эрдэнэ нь өөрийн итгэмжлэл олгосон Р.Одгэрэлийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулан нэхэмжлэлд дурьдсан үйл баримтын талаар тайлбар өгөхөөс зориуд зайлсхийсэн үйлдэл гаргаж байна гэж хариуцагчийн өмгөөлөгчийн хувьд үзэж байгаа ба шүүх хууль зөрчсөн ажиллагаа явуулж Ц.Бат-Эрдэнийн талд зүйлчилж, шийдвэр гаргасан.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-д Нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь иргэний хэргийн бие даасан оролцогч бус зөвхөн төлөөлүүлж буюу өмгөөлүүлж байгаа этгээдийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илэрхийлэн хамгаалж байгаа этгээд мөн. гэж хуульчилсан байхад өмгөөлөгч Б.Оюунсүрэн нь Ц.Бат-Эрдэнийн зүгээс ямар нэг шүүхэд гаргасан тайлбар байхгүй байхад бичгийн тайлбар гаргаж өгсөн мэтээр хэрэгт байхгүй зүйлийг ярьж шүүхэд нөлөөлсөн гэж үзэж байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.3-д Шүүгч нөлөөллийн мэдүүлгийн зорилго, хууль зөрчсөнөөс үүсэх үр дагаврын талаар хэрэг үүсгэсэн даруйд тухайн хэргийн оролцогчид тайлбарлан, энэ тухай баримтжуулна мөн зүйлийн 45.4-д Нөлөөллийн мэдүүлэг хөтөлсөн шүүгч нөлөөллийн мэдүүлгийг хэрэгт хавсаргаж гэснийг зөрчиж Ц.Бат-Эрдэнэд шүүхэд нөлөөлөхгүй байх талаар тайлбарлаж баримтжуулан нөлөөллийн мэдүүлгийг хэрэгт хавсаргаагүй байдаг. Зохигчдын заримд нь нөлөөллийн мэдүүлэг гэгчийг танилцуулж, гарын үсэг зуруулж авсан атлаа Ц.Бат-Эрдэнэд шүүх онцгой эрх олгож, нөлөөллийн мэдүүлэг танилцуулахгүй байгаа нь Ц.Бат-Эрдэнийг шүүхэд ямар нэг байдлаар нөлөөлсөн гэж үзэх үндэслэл болж байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтад өөрчлөлт ороогүй, Ц.Бат-Эрдэнэ үйл баримтын талаар ямар нэг тайлбар өгөөгүй байхад нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлж шийдвэр гаргаж чадаагүй гэж үзэж байна.

Иймд Сэлэнгэ аймаг дах Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 25-ны өдрийн 00238 дугаар шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр хэргийг буцааж өгнө үү гэв.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Давж заалдах шатны гомдол дээр тодорхой байгаа. ...Над руу манай эгч залгаад данс асуугаад хүн мөнгө хийхээр нь эгч рүүгээ хийгээд өгөөрэй гэдэг. Би орж ирсэн мөнгийг нь хуваагаад эгч рүүгээ шилжүүлсэн. Би өөрийнхөө хийх ёстой зүйлийг биелүүлчихсэн гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Мөнгөө өгөөд хохироод яваад байгаа хүн нь Ц.Бат-Эрдэнэ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хариуцагчийг нэхэмжлэгч өөрөө тодорхойлно. Т.Саранхүү мөнгө авсан боловч эгч рүүгээ шилжүүлчихсэн гэдэг. ...Иргэний хуулийн зөрчигдсөн эрхийг сэргээх зарчмыг баримтлахгүй байна гэж харж байна. ...Иргэний хуулийн 8.1, 492.1-д буцаан шилжүүлэх, шаардах эрх нь бидэнд байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд хэргийн оролцогчийн хуульд заасан эрх зөрчигдсөн гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

2.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгч Р.Одгэрэл нь хариуцагч Т.Саранхүүд холбогдуулан 37,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 07 сарын 07-ны өдөр гаргасан байх ба нэхэмжлэлд Ц.Бат-Эрдэнээс Т.Саранхүүд холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхийг Р.Одгэрэлд олгосон тухай 2023 оны 07 сарын 04-ний өдрийн бүртгэлийн 0408 дугаартай итгэмжлэлийг олгосон баримтыг хавсарган ирүүлсэн байна.

Шүүх Р.Одгэрэлийн Т.Саранхүүд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч, улмаар түүний нэхэмжлэлд 2023 оны 07 сарын 07-ны өдрийн 1605 дугаартай захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн байна. Ийнхүү шүүх иргэний хэрэг үүсгэснээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, хариуцагч Т.Саранхүү нь нэхэмжлэгч Р.Одгэрэлтэй ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсээгүй, Р.Одгэрэлээс мөнгө шилжүүлсэн гэж байгааг үндэслэлгүй гэж маргасан байна. Анхан шатны шүүхээс 2023 оны 10 сарын 25-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлж 619 дугаартай шийдвэрээр Р.Одгэрэлийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргасан байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдэж шийдвэрлэсэн байх ба нэхэмжлэгчээс магадлалыг эс зөвшөөрч хяналтын шатны шүүхэд гомдол гаргаснаар хэргийг хуралдаанаар хэлэлцээд хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэлийг хэн гаргасан нь тодорхой биш байна... Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хэн болохыг шүүх тодруулахгүйгээс шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэрийг дахин хэлцүүлэхээр буцааж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх дахин хэлэлцүүлэхээр буцаан хүргүүлсэн хэргийг хүлээн авсан атлаа хяналтын шатны шүүхийн тогтоолд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг арилгахгүйгээр тухайн хэргийн нэхэмжлэгч нь хэн болох талаар тодруулаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны явцад Ц.Бат-Эрдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Одгэрэлээс татгалзсан тухай шүүхэд бичгээр гаргасан баримтыг үндэслэн хэргийн нэхэмжлэгчийг Ц.Бат-Эрдэнэ гэж нэрлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан байна.

Хяналтын шатны шүүхээс тухайн хэргийн нэхэмжлэгч хэн болох талаар тодруулах ажиллагаа хийгээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зөрчсөн гэж дүгнэсээр байхад энэхүү алдаагаа анхан шатны шүүх засаагүй байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил арилаагүй гэж үзнэ.

3.Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Р.Одгэрэл нь өөрийгөө нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэдгээ ойлгохгүйгээр нэхэмжлэгч гэж тодорхойлж улмаар төлөөлүүлэгчийнхээ өмнөөс бус өөрийн нэрээр нэхэмжлэл, тайлбар гаргаж явсан байх ба шүүх Р.Одгэрэлээс нэхэмжлэгч Ц.Бат-Эрдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, эсхүл хамтран нэхэмжлэгч аль нь болох талаар тодруулж, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан нэхэмжлэгч солих ажиллагаа хийх түүний хүсэлт зөвшөөрлөөр хийх, Р.Одгэрэл нь өөрийгөө жинхэнэ нэхэмжлэгч болох Ц.Бат-Эрдэнээр солих хүсэлт гаргаагүй тохиолдолд Ц.Бат-Эрдэнэ нь бие даасан шаардлага гаргасан этгээд болох эсэх талаар тодорхой ажиллагаа явуулсны эцэст хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд хариуцагч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авч хангах үндэслэлтэй гэж үзлээ.

4.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж байгаа тул хэргийн шийдвэрлэлт болон хариуцагчийн давж заалдах гомдолд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийгээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 148/ШШ2024/00238 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 345,450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ

ШҮҮГЧИД Р.ҮҮРИЙНТУЯА

Г.ДАВААРЕНЧИН