Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 225/МА2019/00019

 

 

 

 

 

2019 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 225/МА2019/00019

 

 

 

Д.Бтын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, шүүгч Т.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэтуяа, хариуцагчийн өмгөөлөгч Б.С нарыг оролцуулан хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 554 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Д.Бтын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: З.Ат холбогдох 28,000,000 / хорин найман сая/ төгрөг гаргуулах тухай маргаантай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 9 дүгээр сард З.А нь Япон улсад үйлдвэрлэсэн моторт завийг 28,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үед З.А, эхнэр Эрдэнэтуяа нар нь 2018 оны хавар 28,000,000 төгрөгөө өгнө гэж тохиролцсон. Гэтэл 2018 оны хавар моторт завины мөнгөө авах гэтэл бид хоёр Жанхайд газар эзэмшдэг юм, түүнийгээ шилжүүлье гээд алга болсон.

З.А нь Д.Бтод газраа шилжүүлж өгөөгүйн улмаас одоог хүртэл хохирсон байна. Хариуцагч З.А нь завь худалдаж авснаа хүлээн зөвшөөрдөг. Хэсэг хугацааны дараа З.А нь Д.Бтод худалдаж авсан завийг эвдэрсэн гэж хэлдэг.

Иймд З.Ааас 28,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч З.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: З.А миний бие Д.Бтийн Завины үнэ 28,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн аваад дараах тайлбарыг гаргаж байна. Д.Бт анх надад завь зарахдаа Япон улсаас оруулж ирсэн, ямар ч асуудалгүй гэж хэлсэн боловч завь хүлээн авч, далайд гаргаж шалгаж үзэх үед эвдрээд явахгүй болсон. Тэгээд би ийм завь авахгүй гээд бичиг баримтыг нь шилжүүлж аваагүй. Харин завийг нь буцааж авах хүртэл түр ахынхаа хашаанд тавиулсан ч одоог хүртэл аваагүй. Иймээс би Д.Бтод 28,000,000 төгрөг төлөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баталгааны бичгийн хувьд хэзээ үйлдсэн нь тодорхойгүй байна. Иргэд хооронд худалдах худалдан авах гэрээ хийгдэж байсан. Холбогдох эд хөрөнгө нь ямар нэгэн доголдолгүй байх ёстой юм. З.А болон Д.Бт нар нь хамтдаа эвдэрсэн завиа 5 хоног засах гээд хүчрээгүй юм. Монгол улсад завийг бүртгэдэг байгууллага байгаа юм. Завины техникийн үзлэг нь 2019 оны 6 дугаар сарын 20-нд хийгдсэн. Тухайн завийг техникийн үзлэгт орсон эсэхийг лавлахад эзэмшигч нь бүртгэлгүй бол техникийн үзлэг хийх боломжгүй гэсэн хариу өгсөн. Тиймээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 554 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 243.дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Зоригтбаатарын Ааас худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 28,000,000 /хорин найман сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Доржсүрэнгийн Бтод олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 297,950 /хоёр зуун ерэн долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Ааас 297,950 /хоёр зуун ерэн долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Бтод олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагч З.А давж заалдах гомдолдоо: З.А миний бие Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 554 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүхээс намайг Д.Бттой завины наймаа хийсэн гээд 28,000,000 төгрөгийг төлөх ёстой гэсэн шийдвэр гарсан байна. Би энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь шүүхээс БАТАЛГАА гэж бичиж өгсөн бичгийг үндэслэн шийдвэр гаргасан ч энэ бичигт би л зөвхөн гарын үсэг зурсан, манай эхнэр Бттой уулзаж ч байгаагүй, наймаа хийх үед ч байгаагүй, энэ бичигт манай эхнэр гарын үсэг зураагүй бөгөөд энэ бичгийг зөвхөн би л наймаа хийж байх үедээ л газраа үнэнд нь оролцуулж өгөхөөр ярьж тохиролцсон болохоос биш наймаа буцсаны дараагаар хэн хэн нь өгч авахаа больсон юм. Гэтэл энэ бичиг Бтод хадгалагдаж байсныг би мэдээгүй. Тэгээд завь эвдэрсэн тэр даруй нь манай эхнэр эвдэрхий завь авч яах гэсэн юм гээд Авахаа болихоор болоод та энэ завиа ав гэж утасдсан чинь ах нь 1000 км-ийн цаанаас яаж очих вэ? Дараа жил очоод засаад өгье, хэрэв засагдахгүй бол наймаагаа буцна, засагдвал бичиг баримтаа шилжүүлж өгнө, та нар наанаа аргалаад нэг газар байлгаж бай гэж хэлээд ирж завиа аваагүй. Тэгэхээр нь бид нар арга буюу завийг нь манай ах Нямдалайгийн хашаанд тавиад үлдээсэн. Гэтэл өнгөрсөн жил буюу 2018 оны зун 6 дугаар сарын сүүлээр Д.Бт өөрөө Хатгалд ирээд нилээд удаад явахдаа завиа засаж байна гээд байсан. Тэгэхээр нь за яахав засчихвал авчихна гэж бодсон. Тэгсэн чинь завьнийхаа урд үзүүрийнхээ дээд тагийг тайраад авсан, эд ангийг нь ухаж төнхөөд бүүр ажиллахааргүй болгоод явахдаа ч бидэнд хэлэлгүйгээр, уулзалгүйгээр яваад өгсөн. Тиймээс бид бүүр наймаа буцсан гэж ойлгосон.

Хэргийн бодит байдал гэвэл би Д.Бт гээд хотын хүнтэй 28,000,000 төгрөгийн үнэтэй завь худалдан авахаар тохиролцоод өлтгөнд нь өөрийнхөө хуучин ОХУ-д үйлдвэрлэгдсэн Прогресс маркийн завиа 10,000,000 төгрөгт өгөөд, үлдэгдэлд нь газар өгөхөөр тохиролцоод БАТАЛГАА-ны бичиг үйлдсэн юм. Тэгээд Д.Бт манай завийг тэр өдрөө ачаад Сэлэнгэд аваачиж тавина гээд аваад явсан. Энэ завийг 10,000,000 төгрөгөөр тооцож өгч байсан бөгөөд одоог хүртэл миний нэр дээрээс нэрээ шилжүүлээгүй байгаа. Мөн үлдэгдэлд нь Жанхайн хойт талд байрлах газраа өгнө гэж тухайн үедээ хэлэлцэж байсан. Тэгээд Д.Бт завийг маань аваад явсны дараа нөгөө надад өгсөн Япон улсаас оруулж ирсэн хуучин завь нь асахгүй байсан учир наймаагаа буцахаар болж завиа ав гэтэл засаад өгнө, бага зэрэг юмандаа л байгаа гэсэн. Тэгэхээр нь бид нар ч тохиролцсон газраа өгнө гэдгээрээ тэр газарт 3 ширхэг шовгорын торх бэлтгэж өгөхөөр болоод нэгийг нь 700,000 төгрөгөөр тооцож, модоо бэлдээд, барьж өгөөд 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 750,000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 100,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 500,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 400,000 төгрөг нийтдээ 1,750,000 төгрөгийг авсан. Тэгээд наймаа буцсан учир манайх энэ торхоо ч газраа ч өгөхөө болиод газраа 2018 оны 8 дугаар сард хүнд зарсан.

Би одоо өөрийнхөө завины үнэ 10,000,000 төгрөгөөс торх барьж өгнө гэж авсан 1,750,000 төгрөгөө хасаад одоо манайх Бтоос 8,250,000 төгрөг авах авцаатай байгаа. Өнгөрсөн жил ирээд явахдаа завиа засаж чадаагүй учир наймаа буцсан. Учир нь өөрөө завиа засаж чадахгүй бол наймаа буцна гэсэн бөгөөд завиа ч засаагүй, эд ангийг нь өөрөө аваад, тайраад ухаж төнхөөд орхисон, явахдаа уулзаагүй яваад өгсөн учраас наймаагаа буцжээ гэж ойлгоод манайх 8 дугаар сард газраа зарсан.

Мөн энэ завь одоог хүртэл Монгол Улсын Далайн захиргаанд бүртгэгдээгүй, Гаалийн бичигтэй завь гэсэн боловч тэр бичиг баримтаа ч надад шилжүүлж өгөөгүй, хаана байдгийг нь ч мэдэхгүй учир жил бүрийн 6 дугаар сард болдог завины техникийн үзлэгээр үзлэгт ч оруулах боломжгүй юм. Хэрвээ үнэхээр миний нэр дээр шилжээд ирсэн байсан бол би тэр завийг яаж ийж засаж, янзлаад техникийн үзлэгт оруулж, далайд гаргах байсан. Завийг далайд гаргасан нөхцөлд нэгд зундаа 28,000,000 төгрөгийг олох боломжтой байдаг.

Миний хувьд шүүх хуралд өөрийн биеэр оролцож чадаагүй, 2 дугаар анги хүртлээ сургуульд суусан боловч монгол бичиг үзэж байсан учир бичиг үсэг сайн мэдэхгүй, анх шүүхэд ирэхдээ шүүгчийн туслах намайг гарын үсэг зур гэхээр нь гарын үсэг зурсан, холбогдох эрх үүрэгтэйгээ сайн танилцаагүй болно. Мөн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр шүүх хурал болсон гэдгийг огт мэдээгүй, дараа нь 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр шүүх хурал болно гэсэн боловч тухайн үед би гол усанд боогдоод хуралдаа амжиж ирж чадаагүй. Манай гэр Хатгал тосгоны Жанхай баг, Жанхайн даваанаас цааш Ардаг гэх газар нутагладаг бөгөөд манайхаас Хатгал явах замд Үрэн сайр, Өрхөтийн амны сайр, Улаан модны сайр гэх газрууд байдаг бөгөөд энэ зуны их борооны улмаас үерлэж нилээдгүй хугацаанд нутгийн иргэд Хатгал руу орж ирэх боломж олдоогүй юм.

Гэтэл шүүх хурал болж бодит байдлын талаар юу ч яригдаагүй шүүхийн шийдвэр гарсанд гомдолтой байна.

Би өмгөөлөгч авсан хэдий боловч энэ бүх хэргийн байдлаа шүүх хурал дээрээ хэлдэг юм байх гэж бодоод өмгөөлөгчдөө энэ болсон явдлын талаар хэлээгүй, зөвхөн наймаа хийх гэсэн боловч завь нь эвдэрхий байсан учир наймаа хийхээ больсон гэдгээ л хэлсэн байсан юм. Мөн нөгөө талаас Бт өөрөө шүүх хурал дээр ороогүй учир итгэмжлэгдсэн төлөөлөгч нь энэ хэргийн бодит байдлыг огт мэдэхгүй учраас шүүх хурал дээр болсон явдлын талаар бодит зүйл тусгагдаагүй байна. Иймээс л шүүхийн шийдвэр буруу гарсан байна.

Би хэрвээ шүүх хуралдаа орсон бол энэ бүх бодит байдлыг ярьж тайлбарлах байсан боловч шүүх хуралд гол, үер усанд боогдсоны улмаас ирж оролцож чадахгүй хүндэтгэх нөхцөл байдал бий болсон. Иймд хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С нь хариуцагч З.Ат холбогдуулан завины үнэ 28,000,000 /хорин найман сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч З.А нь уг завийг хүлээн авч далайд гаргаж шалгаж үзэх үед эврээд явахгүй болсон тул бичиг баримтыг нь шилжүүлж аваагүй. Иймээс 28,000,000 төгрөг төлөхгүй гэж маргажээ.

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

Нэхэмжлэгч Бт нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор Хөвсгөл аймгийн Хатгал сумын иргэн Зоригтбаатарын А би Улаанбаатар хотын иргэн Д.Бт-д өөрийн эзэмшиж байгаа Жанхай хойд тал байрлах хаваржаа зуслангийн газрыг усан онгоцоор сольсон үнэн болно. Асуудал гомдол байхгүй гэсэн бичвэр бүхий Баталгаа гэх гарчигтай бичмэл баримтыг нотлох баримтаар ирүүлсэн хэдий ч уг баримтад усан онгоц болон газрын үнийг тодорхой заагаагүй, талууд хоорондоо биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө шилжүүлсэн эсэх нь тогтоогдоогүй байхад уг баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа 28,000,000 төгрөгийн үнэтэй завь худалдан авахаар тохиролцоод өлтгөнд нь өөрийнхөө хуучин ОХУ-д үйлдвэрлэгдсэн Прогресс маркийн завиа 10,000,000 төгрөгт өгөөд, үлдэгдэлд нь газар өгөхөөр тохиролцсон. Тэр газарт 3 ширхэг шовгорын торх бэлтгэж өгөхөөр болоод нэгийг нь 700,000 төгрөгөөр тооцож, модоо бэлдээд нийтдээ 1,750,000 төгрөгийг нэхэмжлэгч авсан гэж тайлбарлаж байх боловч үүнийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ хийгдсэн байна гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Иймд давж заалдах шатны шүүхээс дээр дурдсан үндэслэлээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.3 -д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 554 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 297,950 /хоёр зуун ерэн долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.БАЯРХҮҮ

ШҮҮГЧИД                              Ё.БЯМБАЦЭРЭН

Т.ГАНБАТ