Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2017/01288

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2017/00505 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 1276 дугаар магадлалтай,

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Б.О, М.М  нарт холбогдох,

Зээлийн гэрээг цуцалж, 273.587.220 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн,

гэрээний 1.9, 4.2 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч нарын өмгөөлөгч Т.Сайнбаярын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бархас, Х.Батдэлгэр, нарийн бичгийн дарга С.Баяртуяа нар оролцов.

Нэхэмжлэгч “Х” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.О нь 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Хтай 5000855561 дугаартай зээлийн шугамын гэрээ байгуулж 107.400 ам.долларын зээлийг банкны жилийн суурь хүү дээр 4.6 хувийг нэмсэнтэй тэнцүү буюу жилийн 15.6 хувийн хувьсах хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч нь зээлийн барьцаанд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Эрхүүгийн 39-3 тоот 36,4 мкв 1 өрөө орон сууц, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион Оргил, Зайсан гудамж 52 дугаар байр, 3 тоот 108,45 мкв 3 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлдэгч 500858861 дугаар барьцаат зээлийн гэрээний гол нөхцөл болох 1 дүгээр хавсралтад заасан хуваарийн дагуу сар бүр зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх гэрээний үүргийг нийт 71 хоног хугацаа хэтрүүлж гэрээний үүргээ зөрчсөн. Иймд 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөр гэрээгээ нэг талын санаачилгаар цуцалж, үндсэн зээл 107.400 ам доллар буюу 260.775.792 төгрөг, үндсэн хүүнд 5.269 ам доллар буюу 12.794.927 төгрөг, нийт 112.669 ам.доллар, 36 цент буюу 273.570.220 төгрөг, нотариатын зардал 17.000 төгрөг нийт 273.587.220 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээний дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.О, М.М  нар шүүхэд гаргасан тайлбартаа: Гэрээг цуцлахыг, мөн үндсэн зээл 107.400 ам.доллар төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Зээлийн хүү 5.269 ам.долларын бодолт эргэлзээтэй гэхдээ маргахгүй. Харин ам долларыг үүрэг үүсэх үеийн ханшаар тооцогдох ёстой гэж үзэж байна. Түүнчлэн зээлийн хүүгээ төлж байхад дахиад үүрэг үүсгэсний шимтгэл гэж авсныг хүлээн зөвшөөрөхгүй. Валютын ханшны зөрүүнээс их хохирч байгаа тул үүрэг үүсэх үеийн буюу 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ханшаар 1 ам.долларыг нь 1.396 төгрөгөөр тооцож өгнө үү гэжээ. 

Хариуцагч Б.О, М.М  нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Хасбанк”-тай байгуулсан 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн дугаар 5000858861 тоот зээлийн шугамын гэрээний 1.9-т бэлэн мөнгө байлгасны төлбөр болох үүрэг хүлээсний шимтгэлийг зээлдэгчээр төлүүлэх, 4.2-т зээлдэгч зээлийн төлбөрийг үүрэг хүлээсний шимтгэл гэсэн дарааллаар барагдуулна гэсэн заалтуудыг тусгасан. Х шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа дансны хуулгаа аваад үзтэл үүрэг хүлээсний шимтгэл гээд нэлээд их хэмжээний мөнгийг суутган авсан байна. Зээлийн шугамын гэрээ гэдгийг авсан мөнгөндөө тохируулж хүү төлнө л гэсэн ойлголтыг бидэнд өгсөн. Иймд биднийг хуурч мэхэлж, өгөөгүй мөнгөнийхөө төлөө үүрэг хүлээсэн мэтээр шимтгэл авахаар хийсэн дээрх гэрээний 1.9, 4.2 дах хэсгийг тус тус хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд бичгээр тайлбар гаргаагүй.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2017/00505 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1-д заасныг баримтлан зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Б.О, М.М  нараас 112.669,36 ам.доллар буюу 273.570.220 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 17.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Б.О, М.М  нарын гэрээний 1.9, 4.2-т заасныг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч Б.О, М.М  нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2203018882 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Эрхүүгийн 39-3 тоот 36.4 м.кв талбайтай, 1 өрөө орон сууц, мөн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2206023038 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил, Зайсан гудамж, 52 дугаар байр, 3 тоот 108.45 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдсанаас олсон орлогоос үүрэг гүйцэтгэгчийн үүргийн гүйцэтгэлийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Хасбанк ХХК-иас 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төлсөн 1.525.801 төгрөг болон хариуцагч Б.Оаас 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.О, М.М  нараас улсын тэмдэгтийн хураамжид 1 525 801 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 1276 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2017/00505 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.О-ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.525.801 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын өмгөөлөгч Т.Сайнбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 сарын 07-ны өдрийн Дугаар 183/ШШ2017/00505 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 сарын 31-ний өдрийн Дугаар 1276 тоот магадлалыг тус тус эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Хариуцагч нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлд заасны дагуу сөрөг нэхэмжлэл гаргасан боловч шүүх сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэгч “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид гардуулж, хариу тайлбар авалгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хийсэн. Хариуцагч нар зээлээ эргэн төлөөгүй тохиолдолд хуульд зааснаар нэмэгдүүлсэн хуү, зээлийн хүү, үндсэн зээл гэсэн гурван дарааллаар төлөх үүрэгтэй. Үүрэг хүлээсний шимтгэл гэж нэг ч үг байхгүй. Шүүх хариуцагч нараас үүрэг хүлээсний шимтгэлийг нотол гэхээсээ илүү нэхэмжлэгч талаас ямар үндэслэлээр үүрэг хүлээсний шимтгэл аваад байгааг нотлуулах ёстой байсан. Иймд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 сарын 07-ны өдрийн Дугаар 183/ШШ2017/00505 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 сарын 31-ний өдрийн Дугаар 1276 тоот магадлалыг тус тус хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ

Хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг  хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч “Хас” банк нь хариуцагч Б.О, М.М  нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл 107.400 ам.доллар, хүү 5.269 ам.доллар нийт 112.669 ам.доллар буюу 273.570.220 төгрөг, нотариатын зардал 17.000 төгрөг нийт 273.587.220 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагын үндэслэлд зээлийн шугамын гэрээг дурджээ. Хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа “...ам долларыг үүрэг үүсэх үеийн ханшаар тооцно” гэсэн агуулгатай тайлбар гаргаж, улмаар зээлийн гэрээний 1.9, 4.2 дах заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Зохигчдын хооронд 2013 оны 01  дүгээр сарын 16-ны өдөр байгуулагдсан зээлийн шугамын гэрээгээр хариуцагч нь 107.400 ам.долларыг 24 сарын хугацаагаар, 360 хоногт банкны 11 хувийн жилийн суурь хүү дээр 4.6 хувийг нэмсэнтэй тэнцүү 15.6 хувийн хүүтэй, ашиглаагүй зээлийн үлдэгдэлд 0.1 хувийн үүрэг хүлээсний шимтгэл тооцохоор тохиролцож зээлсэн ба талууд зээлийн гэрээнд 2014 оны 5 дугаар сарын 08, 2015 оны 10 дугаар сарын 30-ний өдөр тус тус нэмэлт өөрчлөлт оруулж, гэрээний хугацааг 2017 оны 10 дугаар сарын 16-ний өдөр хүртэл сунгажээ /хэргийн 4-23 дугаар тал/.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т зааснаар банкнаас зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг. Нэхэмжлэгч гэрээний зүйл болох ам.долларыг зээлдэгчид шилжүүлсэн ба зээлийг гэрээнд заасан хугацаанд буцаан төлөөгүй болохоо хариуцагч  үгүйсгээгүй байна.

Түүнчлэн талууд ам.доллар зээлдүүлэх, зээлэх талаар тохирч гэрээ байгуулсан, зээлийн гэрээнд заасан үүргээ хариуцагч хугацаандаа биелүүлэх боломжгүй нөхцөл байдал буюу гэрээ цуцлах үндэслэл бий болсон нь байх тул энэхүү үйл баримтыг тогтоогдсон гэж үзнэ.

Нэхэмжлэгч зээлийг ам.доллараар тооцон нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх заалтыг зөрчөөгүй байна.

Зээлийн гэрээгээр зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгө буюу мөнгөтэй ижил төрөл, тоо, хэмжээний мөнгийг буцаан өгөх үүрэгтэй, шүүх хэрэгт авагдсан баримтад тулгуурлан нэхэмжлэлээс 273.570.220 төгрөгийн шаардлагыг хангаж, хариуцагч нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, олсон орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн  218.1, 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.  

Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хийсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна. 

Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2017/00505 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 1276 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч нарын өмгөөлөгч Т.Сайнбаярын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 6 дугаар 19-ний өдөр төлсөн 1.525.801 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.АМАРСАЙХАН

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ