Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 125

 

“С” ХК--ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хэргийн индекс: 135/2015/01325/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхжаргал даргалж, шүүгч Л.Амарсанаа, шүүгч С.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 667 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “С” ХК--ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Х У Ц К” ХХК-нд холбогдох

“Хөнгөн бетон блокны үнэ 81.378.263 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг

Хариуцагчийн давж заалдсан гомдлыг үндэслэн 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч шүүгч С.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа, Д.Уранчимэг, В.Мөнхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантулга, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч “С” ХК- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Х У Ц К” ХХК нь “С” ХК--тай 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 1 метр.куб хөнгөн бетон блокыг 120.000 төгрөгөөр тооцож, нийт 90.000.000 төгрөгөөр 750 м.куб хөнгөн бетон блок худалдан авахаар тохиролцож худалдах, худалдан авах 02 тоот гэрээг байгуулсан. “С” ХК- 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 841,6 м3 буюу 100.998.600 төгрөгийн үнэ бүхий хөнгөн бетон  блокыг  “Х У Ц К” ХХК-д нийлүүлж гэрээний үүргээ биелүүлсэн. Гэтэл худалдан авагч тал болох “Х У Ц К” ХХК нь гэрээнд заасан хугацаандаа төлбөрөө төлөхгүй удаж байж 36.500.000 төгрөгийг төлж үлдэгдэл төлбөр болох 64.498.600 төгрөгийг тус компаний захирал Ц.Батжаргал танай мөнгийг төлж чадахгүй, шүүхээр яваад ав гэж өнөөдрийг хүртэл хэл амаар доромжилж “С” ХК--ийг хохироож байна. 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах 02 тоот гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтад 750 м3 блокны 50 хувь болох 375 м3 хөнгөн бетоны төлбөрт 37,9 м2  талбай бүхий 2 өрөө орон сууцаар бартер хийх гэсэн заалтыг бэлэн мөнгөөр төлөхөөр харилцан   тохиролцож    өөрчлөлт оруулсны  зэрэгцээ худалдан авагч нь гэрээнд заасан үлдэгдэл 80.000.000 төгрөгийг 2015 оны 07 дугаар сарын 15-ны дотор төлж барагдуулна. Заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гэрээний үнийн дүнгийн 0,2 хувьтай тэнцэх  хэмжээний  алдангийг худалдагчид төлөхөөр тус тус өөрчилсөн болно. Алдангийг 02 тоот гэрээнд оруулсан өөрчлөлтийн 3 дахь заалтаар тооцон нэхэмжилж байна. Гэрээний дагуу манай компани 2015 оны 03 дугаар сарын 31-нээс 2015 оны 04 дүгээр сарын 12-ны хооронд өөрийн тээврээр хөнгөн бетоныг нийлүүлж байсан. “Хос Уран цамхаг конктракшн” ХХК нь 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 6.000.000 төгрөг урьдчилгаа болгон өгч хөнгөн бетон авч эхэлсэн. Гэвч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй 2015 оны 04 сарын 05-ны өдөр төлөх ёстой 20.000.000 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр төлөх ёстой байсан 26.415.000 төгрөгийг төлөөгүй ба гэрээний биелэлт хангагдаагүй учраас гэрээний үүргийг хангуулах шаардлага тавьж 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл манай компани ажлаа түр зогсоосон. Энэ хугацаанд захирал Ц.Батжаргал бид банкнаас зээл авах гэж байгаа бидэнд үргэлжлүүлээд зээлээр өгөөч бид өөрсдөө тээврээ хариуцаад хөнгөн бетоноо авъя гэсэн хүсэлт удаа дараа гаргасан. Манай компани адилхан бизнесийн байгууллага гэдэг үүднээс үргэлжлүүлэн хөнгөн бетон нийлүүлж эхэлсэн. Үүнээс хойш “Х У Ц К” ХХК өөрсдөө тээврээ хариуцан хөнгөн бетон авсан. “Х У Ц К” ХХК-иас хөнгөн бетоны төлбөр хийгдээгүй гэрээний биелэлт дахин хангагдахгүй байсан учраас 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хөнгөн бетоны ачилтыг түр зогсоосон. Харин “Х У Ц К” ХХК-ийн захирал Ц.Батжаргал бид наадмаас өмнө зээлээ авах болсон зээлээ аваад танайд орон сууцаар биш бэлэн мөнгөөр 2015 оны 07 дугаар сарын 15-ны дотор төлье гэж гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Үүнээс хойш манай “С” ХК- 2015 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 30 м3, 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 31,25 м3, 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 31,25 м3 нийт 92,5 м3 хөнгөн бетон блок нэмж нийлүүлсэн. Ингээд манай компани нийт 841,6 м3 хөнгөн бетоныг “Х У Ц К” ХХК-д нийлүүлсэн. Ц.Батжаргал манай “С” ХК--иас хөнгөн бетон аваад тооцоо нийлснийхээ дараа Ж.Мягмардоржийг дагуулж ирээд би танай хөнгөн бетоныг энэ Ж.Мягмардоржид өгсөн энэ хүнээс ав гэж хэлсэн. Бид хариуд нь манай “С” ХК- нь дээрээ төлөөлөн удирдах зөвлөлтэй, хувьцаа эзэмшигчтэй, бүх зүйл гэрээний дагуу явагддаг компани. Та өөрөө хүнд дур мэдэн өгсөн учраас энэ таны асуудал гээд явуулсан. Ер нь хариуцагч тал нь эрх зүйн чадамжтай хуулийн этгээд бөгөөд үүний үндсэн дээр хоёр компаний хооронд гэрээ хийгдэж тооцоо нийлсэн болно. Иймд “Х У Ц К” ХХК нь энэ үүргээ биелүүлэх ёстой гэж үзэж байна. Хариуцагч нь гэрээний дагуу төлбөрөө төлөөгүйгээс шалтгаалан манай компани маш их хохирч байна.

“Х У Ц К” ХХК нь манайд нийт 100.998.600 төгрөг төлөх ёстойгоос 36.500.000 төгрөгийг удаа дараа нэхэл дагал болон байж төлсөн. Иймд хариуцагч “Х У Ц К” ХХК-иас худалдан авсан хөнгөн бетон блокны үнийн дүнгийн үлдэгдэл төлбөр болох 64.498.600 төгрөг, гэрээний 4.5 дахь заалт гэрээнд өөрчлөлт оруулсан хавсралтын 3-т заасны дагуу алдангийг 2015 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0,2 хувиар тооцож 16.879.663 төгрөг, нийт 81.378.263 төгрөгийг гаргуулж өгнө үү.  Сүүлд аман хэлэлцээрийн дагуу нийлүүлсэн 92.5 м3 хөнгөн бетоны блокны үнээс алданги тооцсныг нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцоход татгалзах зүйлгүй гэжээ.

 Хариуцагч ”Х У Ц К” ХХК түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Манай компани нь 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 02 тоот гэрээний дагуу 486,305 м3 хөнгөн блокыг 58.356.595 төгрөгөөр авч тооцоо хийсэн. Нэхэмжлэлд дурдсан шиг 841 м3 хөнгөн блок аваагүй 486,305 м3 хөнгөн блок авсан. Ж.Мягмардорж нь “С” ХК--ийн захирал Ц.Содбилэг, В.Мөнхтуяа, Д.Уранчимэг нартай уулзаж 354,695 м3 хөнгөн блокыг өөрийнхөө барилгад авсан. Үүнийг Ж.Мягмардорж авсан гэдгээ хүлээн зөвшөөрч 42.563.400 төгрөгийн тооцоог “С” ХК--тай хийнэ гэдэг. Иймд 354,695 м3 хөнгөн блок нь манай компанид хамаагүй болно. Манай компани нь авсан хөнгөн блокны үнийн үлдэгдэл 21.856.595 төгрөгийг төлөх нь үнэн. Үүнээс гэрээний дагуу хөнгөн блокны тээврийн зардал болох 25 рейс*35000=875,000 төгрөгийг “С” ХК- төлөөгүй бөгөөд 875.000 төгрөгийг манай компани төлсөн. Иймд тээврийн зардал 875.000 төгрөг, хөнгөн блокны НӨАТ болох 5.835.659 төгрөгийг үлдэгдлээс хасаж 15.146.036 төгрөгийг орж ирэх санхүүжилтээс төлнө. Түүнээс манай компани нь төлбөр төлөхгүй шүүхэд ханд гэж хэлж байсан удаа байхгүй. “С” ХК- нь тайлбартаа гэрээний дагуу нийлүүлэх 750 м.куб буюу 90.000.000 төгрөгийн хөнгөн бетоноо нийлүүлээд “Х У Ц К” ХХК-ийн захирал Ц.Батжаргалтай 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдөр тооцоо нийлсэн гэжээ. Манай компани 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдөр тооцоо нийлсэн зүйл байхгүй. 9 дүгээр сард “С” ХК--аас нягтлан Д.Уранчимэг, В.Мөнхтуяа ирээд тооцоо нийлье гээд хүснэгтэлсэн тооцоо авч ирснийг манай нярав Сүнжидмаа өөрийн компанийн авсныг өнгөөр ялгаж будаад үлдэгдлийг манайх аваагүй гэснээр асуудал эхэлсэн. Ж.Мягмардорж нь манай компанийн нэрийг барьж блок авч байсан байна. Ц.Батжаргал миний бие Ж.Мягмардоржийг дагуулаад “С” ХК--ийн байрны 2 давхарт нягтлан Д.Уранчимэгийн өрөөнд тооцоо нийлэх гэж очоод манай компанийн хувьд 21.948.593 төгрөгийн төлбөр, Ж.Мягмардорж нь 42.550.317 төгрөгийн төлбөр төлөх тооцоо гарсан. Гэтэл В.Мөнхтуяа нь энэ мөнгийг Ж.Мягмардоржоос авахгүй чамаас авна гэж дайраад байхаар нь Д.Уранчимэг, В.Мөнхтуяа, Ж.Мягмардорж бид 4 Ц.Содбилэг захирлын өрөөнд орж учир байдлаа хэлсэн гэжээ.

Хариуцагч ”Х У Ц К” ХХК нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

 “С” ХК- нь манай компанитай 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 02 тоот бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээгээр 90.000.000 төгрөгийн үнэ бүхий 750 м3 хөнгөн блокыг 2015 оны 3 дугаар сарын 30-наас мөн оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд манай компанид нийлүүлэхээр тохиролцсон. Уг гэрээний 3 дугаар зүйлийн 3.4-т зааснаар худалдагч тал худалдан авагчид бүтээгдэхүүн /хөнгөн бетон/-ийг НӨАТ-тай үнээр зарахаар тохиролцсон. “С” ХК--иас “Х У Ц К” ХХК-д 486,305 м3 хөнгөн бетон нийлүүлсэн ба нийлүүлсэн бүтээгдэхүүний үнэ нийт 58.356.595 төгрөг болж байна. Үүнээс манай компани 36.500.000 төгрөгийг төлсөн байх ба ногдох НӨАТ-ын падааныг “С” ХК--иас удаа дараа шаардсан боловч одоог хүртэл авч чадаагүй байна. “С” ХК--ийн энэхүү үйлдэл нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-т “Албан татвар суутган төлөгч төлбөрийн баримт олгохоос татгалзах, хуурамч буюу хийгдсэн төлбөр тооцооноос өөр дүнтэй төлбөрийн баримт олгохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж байна. Хэрэв “С” ХК- нь НӨАТ төлөгч биш бол манай компанид НӨАТ-гүй үнээр бараа бүтээгдэхүүнийг худалдах хуулийн зохицуулалттай. Иймд “С” ХК--аас 36.500.000 төгрөгийн төлбөрт ногдох НӨАТ-ын падааныг гаргуулж өгнө үү. Хэрэв дээрх төлбөрийн НӨАТ-ын падааныг “С” ХК- нь манай компанид өгөх боломжгүй, НӨАТ төлөгч биш бол НӨАТ-тай тооцож төлсөн 36.500.000 төгрөгийн төлбөрт ногдох НӨАТ, манай компаниас “С” ХК--нд өгөх үлдэгдэл төлбөр болох 21.856.595 төгрөгийн НӨАТ болох нийт 5.835.659 төгрөгийг нийт төлбөрөөс хасуулж тооцуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “С” ХК- сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулж гаргасан тайлбартаа:

“Х У Ц К” ХХК-ийн гаргасан 36.500.000 төгрөгийн төлбөрт ногдох нэмэгдсэн өртгийн албан татварын падаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар маргах зүйлгүй, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Гуравдагч этгээд Ж.Мягмардорж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ж.Мягмардорж миний бие “С” ХК--тай хөнгөн блок авах өгөх талаар ямар нэгэн гэрээ хэлцэл амаар болон бичгээр байгуулаагүй. “Х У Ц К” ХХК-ийн захирал Ц.Батжаргал тус шүүхэд худал тайлбар бичсэн байна. Миний бие нь “Силикат” компанийн захирал Ц.Содбилэг, нягтлан Д.Уранчимэг, В.Мөнхтуяа нартай хөнгөн блок авах талаар огт тохиролцоо хийгээгүй бөгөөд захирал Ц.Содбилэг, Ж.Мягмардорж төлбөрийн чадваргүй учраас блок өгч болохгүй гэсэн даалгаврыг доод ажилтнууддаа өгсөн байсан. Миний бие иймээс “С” ХК--ийн өмнө ямар нэгэн өр төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй болно. Надад та “С” ХК- руу очоод хэрэггүй гэж хүртэл хэлж байсан. Захирал Батжаргал банкны зээл гарахаар миний мөнгийг өгнө гэж байсан өгөөгүй. Ж.Мягмардорж миний бие “С” ХК--д нэг ч төгрөгийн өр авлага байхгүй, би хөнгөн бетон блок авахаар “С” ХК--тай тохирсон зүйл ч байхгүй. Энэ бүх асуудлыг “Х У Ц К” ХХК -ийн захирал Ц.Батжаргал хариуцах ёстой гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 667 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Х У Ц К” ХХК-иас 76.993.849 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “С” ХК--нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4.384.414 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар “Х У Ц К” ХХК-ийн гаргасан 36.500.000 төгрөгийн төлбөрт ногдох нэмэгдсэн өртгийн албан татварын падаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “С” ХК- хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 565.400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Х У Ц К” ХХК-иас тэмдэгтийн хураамж 542.920 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар “Х У Ц К” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлдээ төлсөн 108.321 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “С” ХК--иас 108.321 төгрөгийг гаргуулж, хариуцагч “Х У Ц К” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч “Х У Ц К” ХХК-ийн захирал Ц.Батжаргал давж заалдсан гомдолдоо:

Хариуцагч талаас анхан шатны шүүхийн 667 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтанд үндэслэлгүй дүгнэлт өгсөн, шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гаргасан шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн заалттай нийцэхгүй байна. Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлээгүй. Иймд 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 667 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө гэжээ.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч “С” ХК- нь хариуцагч “Х У Ц К” ХХК-нд холбогдуулан хөнгөн бетон блокны үнэ 81.378.263 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасны зарим хэсгийг хариуцагч тал хүлээн зөвшөөрсөн байна.

            “Х У Ц К” ХХК нь “С” ХК--тай 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 1 метр.куб хөнгөн бетон блокыг 120.000 төгрөгөөр тооцож, нийт 90.000.000 төгрөгөөр 750 м.куб хөнгөн бетон блок худалдан авахаар тохиролцож худалдах, худалдан авах 02 тоот гэрээг байгуулж, зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж үзнэ.

         “С” ХК- 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд гэрээний үүрэг болох  841,6 м3 буюу 100.998.600 төгрөгийн үнэ бүхий хөнгөн бетон блокыг “Х У Ц К” ХХК-д нийлүүлж гэрээний үүргээ биелүүлсэн ба харин худалдан авагч хариуцагч тал болох “Х У Ц К” ХХК нь 36.500.000 төгрөгийг төлж үлдэгдэл төлбөр болох 64.498.600 төгрөгийг гэрээнд заасан хугацаандаа бүрэн төлөөгүй тул нэхэмжлэгчид шаардах эрх үүссэн болно.

            Хариуцагч нь ...2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 02 тоот гэрээний дагуу 486,305 м3 хөнгөн блокыг 58.356.595 төгрөгөөр авч тооцоо хийсэн. Нэхэмжлэлд дурдсан шиг 841 м3 хөнгөн блок аваагүй 486,305 м3 хөнгөн блок авсан. Ж.Мягмардорж нь “С” ХК--ийн захирал Ц.Содбилэг, В.Мөнхтуяа, Д.Уранчимэг нартай уулзаж 354,695 м3 хөнгөн блокыг өөрийнхөө барилгад авсан. Үүнийг Ж.Мягмардорж авсан гэдгээ хүлээн зөвшөөрч 42.563.400 төгрөгийн тооцоог “С” ХК--тай хийнэ гэдэг. Иймд 354,695 м3 хөнгөн блок нь манай компанид хамаагүй болно. Манай компани нь авсан хөнгөн блокны үнийн үлдэгдэл 21.856.595 төгрөгийг төлөх нь үнэн... гэж тайлбарлаж давж заалдах гомдол гаргасан боловч нэхэмжлэгч нь Ж.Мягмардоржид холбогдуулан ямар нэгэн шаардлага гаргаагүй, эдгээрийн хооронд үүрэг үүсч Ж.Мягмардорж 42.563.400 төгрөгийн тооцоог шилжүүлэн аваагүй болох нь тогтоогдсон тул хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

          Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 667 дугаар шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангасан, хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 542.920 төгрөгийг Төрийн сангийн орлого болгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 667 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 542.920 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.      

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 С.ЭНХЖАРГАЛ

                                            ШҮҮГЧИД                                                  Л.АМАРСАНАА

                                                                                                               С.ОЮУНЦЭЦЭГ