Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2016/01085

 

“Силикат” ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 667 дугаар шийдвэр,        

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 125 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч “Силикат” ХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Хос уран цамхаг констракшн” ХХК-д холбогдох,

Хөнгөн бетон блокны үнэ 81 378 263 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагчийн 36 500 000 төгрөгийн төлбөрт ногдох нэмэгдсэн өртгийн албан татварын падаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Цэрэндэжидийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Мөнхтуяа, З.Энхтуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баасандорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Цэрэндэжид, хариуцагчийн өмгөөлөгч Г.Оюунцэцэг, нарийн бичгийн даргаар И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хос уран цамхаг констракшн” ХХК нь “Силикат” ХК-тай 2015.03.30-ны өдөр 1 метр.куб хөнгөн бетон блокыг 120 000 төгрөгөөр тооцож, нийт 90 000 000 төгрөгөөр 750 м.куб хөнгөн бетон блок худалдан авахаар тохиролцож худалдах-худалдан авах 02 тоот гэрээг байгуулсан.“Силикат” ХК 2015.03.31-ний өдрөөс 2015.07.29-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 841,6 м.куб буюу 100 998 600 төгрөгийн үнэ бүхий хөнгөн бетон блокыг “Хос уран цамхаг констракшн” ХХК-д нийлүүлж гэрээний үүргээ биелүүлсэн. Гэтэл худалдан авагч тал болох “Хос уран цамхаг констракшн” ХХК нь гэрээнд заасан хугацаандаа төлбөрөө төлөхгүй удаж байж 36 500 000 төгрөгийг төлж үлдэгдэл төлбөр болох 64 498 600 төгрөгийг тус компанийн захирал Ц.Батжаргал танай мөнгийг төлж чадахгүй, шүүхээр яваад ав гэж өнөөдрийг хүртэл хэл амаар доромжилж, “Силикат” ХК-ийг хохироож байна.2015.03.30-ны өдөр байгуулсан худалдах-худалдан авах 02 тоот гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтад 750 м.куб блокны 50 хувь болох 375 м.куб хөнгөн бетоны төлбөрт 37,9 м.кв  талбай бүхий 2 өрөө орон сууцаар бартер хийх гэсэн заалтыг бэлэн мөнгөөр төлөхөөр харилцан тохиролцож өөрчлөлт оруулсны зэрэгцээ худалдан авагч нь гэрээнд заасан үлдэгдэл 80 000 000 төгрөгийг 2015.7.15-ны дотор төлж барагдуулна.Заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гэрээний үнийн дүнгийн 0,2 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг худалдагчид төлөхөөр тус тус өөрчилсөн болно. Алдангийг 02 тоот гэрээнд оруулсан өөрчлөлтийн 3 дахь заалтаар тооцон нэхэмжилж байна. Гэрээний дагуу манай компани 2015.03.31-нээс 2015.04.12-ны хооронд өөрийн тээврээр хөнгөн бетоныг нийлүүлж байсан. “Хос Уран цамхаг конктракшн” ХХК нь 2015.03.31-ний өдөр 6 000 000 төгрөг урьдчилгаа болгон өгч хөнгөн бетон авч эхэлсэн.Гэвч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй 2015.04.05-ны өдөр төлөх ёстой 20 000 000 төгрөг, 2015.04.15-ны өдөр төлөх ёстой байсан 26 415 000 төгрөгийг төлөөгүй ба гэрээний биелэлт хангагдаагүй учраас гэрээний үүргийг хангуулах шаардлага тавьж 2015.05.21-ний өдрийг хүртэл манай компани ажлаа түр зогсоосон. Энэ хугацаанд захирал Ц.Батжаргал бид банкнаас зээл авах гэж байгаа бидэнд үргэлжлүүлээд зээлээр өгөөч бид өөрсдөө тээврээ хариуцаад хөнгөн бетоноо авъя гэсэн хүсэлт удаа дараа гаргасан. Манай компани адилхан бизнесийн байгууллага гэдэг үүднээс үргэлжлүүлэн хөнгөн бетон нийлүүлж эхэлсэн.Үүнээс хойш “Хос Уран цамхаг констракшн” ХХК өөрсдөө тээврээ хариуцан хөнгөн бетон авсан. “Хос Уран цамхаг констракшн” ХХК-иас хөнгөн бетоны төлбөр хийгдээгүй гэрээний биелэлт дахин хангагдахгүй байсан учраас 2015.06.16-ны өдөр хөнгөн бетоны ачилтыг түр зогсоосон. Харин “Хос Уран цамхаг констракшн” ХХК-ийн захирал Ц.Батжаргал бид наадмаас өмнө зээлээ авах болсон зээлээ аваад танайд орон сууцаар биш бэлэн мөнгөөр 2015.07.15-ны дотор төлье гэж гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Үүнээс хойш манай “Силикат” ХК 2015.07.25-ны өдөр 30 м.куб, 2015.07.28-ны өдөр 31,25 м.куб, 2015.07.29-ний өдөр 31,25 м.куб, нийт 92,5 м.куб хөнгөн бетон блок нэмж нийлүүлсэн.Ингээд манай компани нийт 841,6 м.куб хөнгөн бетоныг “Хос Уран цамхаг констракшн” ХХК-д нийлүүлсэн. Ц.Батжаргал манай “Силикат” ХК-иас хөнгөн бетон аваад тооцоо нийлснийхээ дараа Ж.Мягмардоржийг дагуулж ирээд би танай хөнгөн бетоныг энэ Ж.Мягмардоржид өгсөн энэ хүнээс ав гэж хэлсэн. Бид хариуд нь манай “Силикат” ХК нь дээрээ төлөөлөн удирдах зөвлөлтэй, хувьцаа эзэмшигчтэй, бүх зүйл гэрээний дагуу явагддаг компани. Та өөрөө хүнд дур мэдэн өгсөн учраас энэ таны асуудал гээд явуулсан. Ер нь хариуцагч тал нь эрх зүйн чадамжтай хуулийн этгээд бөгөөд үүний үндсэн дээр хоёр компанийн хооронд гэрээ хийгдэж тооцоо нийлсэн болно.Иймд “Хос Уран цамхаг констракшн” ХХК нь энэ үүргээ биелүүлэх ёстой гэж үзэж байна. Хариуцагч нь гэрээний дагуу төлбөрөө төлөөгүйгээс шалтгаалан манай компани маш их хохирч байна.“Хос уран цамхаг констракшн” ХХК нь манайд нийт 100 998 600 төгрөг төлөх ёстойгоос 36 500 000 төгрөгийг төлсөн. Иймд хариуцагч “Хос уран цамхаг констракшн” ХХК-иас худалдан авсан хөнгөн бетон блокны үнийн дүнгийн үлдэгдэл төлбөр болох 64 498 600 төгрөг, гэрээний 4.5 дахь заалт гэрээнд өөрчлөлт оруулсан хавсралтын 3-т заасны дагуу алдангийг 2015 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0,2 хувиар тооцож, 16 879 663 төгрөг, нийт 81 378 263 төгрөгийг гаргуулж өгнө үү.  Сүүлд аман хэлэлцээрийн дагуу нийлүүлсэн 92.5 м.куб хөнгөн бетоны блокны үнээс алданги тооцсоныг нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцоход татгалзах зүйлгүй гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани нь 2015.03.30-ны өдрийн 02 тоот гэрээний дагуу 486,305 м.куб хөнгөн блокыг 58 356 595 төгрөгөөр авч тооцоо хийсэн.Нэхэмжлэлд дурдсан шиг 841 м.куб хөнгөн блок аваагүй 486,305 м.куб хөнгөн блок авсан. Ж.Мягмардорж нь “Силикат” ХК-ийн захирал Ц.Содбилэг, В.Мөнхтуяа, Д.Уранчимэг нартай уулзаж 354,695 м.куб хөнгөн блокыг өөрийнхөө барилгад авсан.Үүнийг Ж.Мягмардорж авсан гэдгээ хүлээн зөвшөөрч 42 563 400 төгрөгийн тооцоог “Силикат” ХК-тай хийнэ гэдэг.Иймд 354,695 м.куб хөнгөн блок нь манай компанид хамаагүй болно. Манай компани нь авсан хөнгөн блокны үнийн үлдэгдэл 21 856 595 төгрөгийг төлөх нь үнэн. Үүнээс гэрээний дагуу хөнгөн блокны тээврийн зардал болох 25 рейс*35000=875 000 төгрөгийг “Силикат” ХК төлөөгүй бөгөөд 875 000 төгрөгийг манай компани төлсөн.Иймд тээврийн зардал 875 000 төгрөг, хөнгөн блокны НӨАТ болох 5 835 659 төгрөгийг үлдэгдлээс хасаж 15 146 036 төгрөгийг орж ирэх санхүүжилтээс төлнө. Түүнээс манай компани нь төлбөр төлөхгүй шүүхэд ханд гэж хэлж байсан удаа байхгүй.“Силикат” ХК нь тайлбартаа гэрээний дагуу нийлүүлэх 750 м.куб буюу 90 000 000 төгрөгийн хөнгөн бетоноо нийлүүлээд “Хос уран цамхаг констракшн” ХХК-ийн захирал Ц.Батжаргалтай 2015.07.24-ний өдөр тооцоо нийлсэн гэжээ.Манай компани 2015.07.24-ний өдөр тооцоо нийлсэн зүйл байхгүй. 9 дүгээр сард “Силикат” ХК-иас нягтлан Д.Уранчимэг, В.Мөнхтуяа ирээд тооцоо нийлье гээд хүснэгтэлсэн тооцоо авч ирснийг манай нярав Сүнжидмаа өөрийн компанийн авсныг өнгөөр ялгаж будаад үлдэгдлийг манайх аваагүй гэснээр асуудал эхэлсэн. Ж.Мягмардорж нь манай компанийн нэрийг барьж блок авч байсан байна. Ц.Батжаргал миний бие Ж.Мягмардоржийг дагуулаад “Силикат” ХК-ийн байрны 2 давхарт нягтлан Д.Уранчимэгийн өрөөнд тооцоо нийлэх гэж очоод манай компанийн хувьд 21 948 593 төгрөгийн төлбөр, Ж.Мягмардорж нь 42 550 317 төгрөгийн төлбөр төлөх тооцоо гарсан.Гэтэл В.Мөнхтуяа нь энэ мөнгийг Ж.Мягмардоржоос авахгүй чамаас авна гэж дайраад байхаар нь Д.Уранчимэг, В.Мөнхтуяа, Ж.Мягмардорж бид 4 Ц.Содбилэг захирлын өрөөнд орж учир байдлаа хэлсэн гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:“Силикат” ХК нь манай компанитай 2015.03.30-ны өдрийн 02 тоот бараа бүтээгдэхүүн худалдах-худалдан авах гэрээгээр 90 000 000 төгрөгийн үнэ бүхий 750 м.куб хөнгөн блокыг 2015.03.30-наас мөн оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд манай компанид нийлүүлэхээр тохиролцсон. Уг гэрээний 3 дугаар зүйлийн 3.4-т зааснаар худалдагч тал худалдан авагчид бүтээгдэхүүнийг НӨАТ-тай үнээр зарахаар тохиролцсон. “Силикат” ХК-иас “Хос Уран цамхаг констракшн” ХХК-д 486,305 м.куб хөнгөн бетон нийлүүлсэн ба нийлүүлсэн бүтээгдэхүүний үнэ нийт 58 356 595 төгрөг болж байна. Үүнээс манай компани 36 500 000 төгрөгийг төлсөн байх ба ногдох НӨАТ-ын падааныг “Силикат” ХК-иас удаа дараа шаардсан боловч одоог хүртэл авч чадаагүй байна. “Силикат” ХК-ийн энэхүү үйлдэл нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д Албан татвар суутган төлөгч төлбөрийн баримт олгохоос татгалзах, хуурамч буюу хийгдсэн төлбөр тооцооноос өөр дүнтэй төлбөрийн баримт олгохыг хориглоно гэсэн заалтыг зөрчиж байна.Хэрэв “Силикат” ХК нь НӨАТ төлөгч биш бол манай компанид НӨАТ-гүй үнээр бараа бүтээгдэхүүнийг худалдах хуулийн зохицуулалттай.Иймд “Силикат” ХК-аас 36 500 000 төгрөгийн төлбөрт ногдох НӨАТ-ын падааныг гаргуулж өгнө үү. Хэрэв дээрх төлбөрийн НӨАТ-ын падааныг “Силикат” ХК нь манай компанид өгөх боломжгүй, НӨАТ төлөгч биш бол НӨАТ-тай тооцож төлсөн 36 500 000 төгрөгийн төлбөрт ногдох НӨАТ, манай компаниас “Силикат” ХК-д өгөх үлдэгдэл төлбөр болох 21 856 595 төгрөгийн НӨАТ болох нийт 5 835 659 төгрөгийг нийт төлбөрөөс хасуулж тооцуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: “Хос уран цамхаг констракшн” ХХК-ийн гаргасан 36 500 000 төгрөгийн төлбөрт ногдох нэмэгдсэн өртгийн албан татварын падаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар маргах зүйлгүй, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа:Ж.Мягмардорж миний бие “Силикат” ХК-тай хөнгөн блок авах өгөх талаар ямар нэгэн гэрээ хэлцэл амаар болон бичгээр байгуулаагүй.“Хос уран цамхаг констракшн” ХХК-ийн захирал Ц.Батжаргал тус шүүхэд худал тайлбар бичсэн байна. Миний бие нь “Силикат” ХХК-ийн захирал Ц.Содбилэг, нягтлан Д.Уранчимэг, В.Мөнхтуяа нартай хөнгөн блок авах талаар огт тохиролцоо хийгээгүй бөгөөд захирал Ц.Содбилэг, Ж.Мягмардорж төлбөрийн чадваргүй учраас блок өгч болохгүй гэсэн даалгаврыг доод ажилтнууддаа өгсөн байсан.Миний бие иймээс “Силикат” ХК-ийн өмнө ямар нэгэн өр төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй болно. Надад та “Силикат” ХК руу очоод хэрэггүй гэж хүртэл хэлж байсан. Захирал Батжаргал банкны зээл гарахаар миний мөнгийг өгнө гэж байсан өгөөгүй. Ж.Мягмардорж миний бие “Силикат” ХК-д нэг ч төгрөгийн өр авлага байхгүй, би хөнгөн бетон блок авахаар “Силикат” ХК-тай тохирсон зүйл ч байхгүй. Энэ бүх асуудлыг “Хос уран цамхаг констракшн” ХХК-ийн захирал Ц.Батжаргал хариуцах ёстой гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 667 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Хос уран цамхаг констракшн” ХХК-иас 76 993 849 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Силикат” ХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 384 414 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар “Хос уран цамхаг констракшн” ХХК-ийн гаргасан 36 500 000 төгрөгийн төлбөрт ногдох нэмэгдсэн өртгийн албан татварын падаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “Силикат” ХК хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 565 400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Хос уран цамхаг констракшн” ХХК-иас тэмдэгтийн хураамж 542 920 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар “Хос уран цамхаг констракшн” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлдээ төлсөн 108 321 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Силикат” ХК-иас 108 321 төгрөгийг гаргуулж, хариуцагч “Хос уран цамхаг констракшн” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 125 дугаар магадлалаар Хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 667 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 542 920 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:...Анхан болон давж заалдах шатны шүүх “Силикат” ХК-ийг “Хос Уран цамхаг констракшн” ХХК-д 841.6 м.куб хөнгөн бетоныг нийлүүлсэн гэх үйл баримтыг хэргийн аль оролцогчийн ямар тайлбарт үндэслэсэн, хавтаст хэргийн хэд дэх талын хэн гэдэг гэрчийн ямар мэдүүлгээр, нэхэмжлэгч болон хариуцагчийн төлөөлөгч нарын тооцоо нийлсэн баримтууд гэж чухам аль баримтыг хэлж буй хэрхэн үнэлсэн талаараа тодорхой заагаагүй, хэрэгт авагдсан баримтуудын талаар үндэслэлгүй, хэт нэг талыг барьсан нь шүүхийн шийдвэр ойлгомжгүй, эргэлзээ бүхий болсон. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг тус тус зөрчсөн үндэслэлгүй шийдвэр болсон.Нэхэмжлэгч “Силикат” ХК нь хариуцагч “Хос Уран цамхаг констракшн” ХХК-д 2015.03.30-ны өдрийн 2 тоот Бараа бүтээгдэхүүн худалдах-худалдан авах гэрээний 1.1-д заасны дагуу “Силикат” ХК нь “Хос Уран цамхаг констракшн” ХХК-д 750 м.куб блок нийлүүлэх байсан ч 487,069 м.куб блок нийлүүлсэн, үлдэгдэл 262.931 м.куб хөнгөн бетоныг нийлүүлээгүй. Хариуцагчийн зүгээс өөрийн энэхүү татгалзлаа нотлох үүднээс нэхэмжлэгчээс гаргаж өгсөн зарлагын падаан бүхий бүтээгдэхүүнийг тээвэрлэсэн жолооч болох Э.Мөнх-Оргил, М.Дарханбаатар, З.Ононг, “Силикат” ХК-ийн ирүүлсэн хөнгөн блокийг хүлээж авах ажлыг хариуцсан нярав ажилтай О.Сүнжидмаа, инженерээр ажиллаж байсан Д.Цэрэндүг нарыг гэрчээр асуулгах хүсэлт тавьж, тус тус гэрчийн мэдүүлэг авахуулсан.Мөн хүлээн авсан зарлагын падаанууд, тайлбарыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх эдгээр баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэж чадаагүй бөгөөд хариуцагч талын гаргасан тайлбар, үндэслэл, дээрх нотлох баримтын талаар Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэг, 167 дугаар зүйлийн 167.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлэлт дүгнэлт өгөөгүй.Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Хариуцагчийн зүгээс анхан шатны Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлээгүй болон хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн хэмээн Давж заалдах журмаар гомдол гаргасан.Гэтэл Давж заалдах шатны шүүх дээрх үндэслэлийн талаар дүгнэлт өгөөгүй. Анхан шатны шүүх шийдвэрийн “ҮНДЭСЛЭХ” хэсэгтээ “Нөгөө талаар Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-т “Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ.”, 254 дүгээр зүйлийн 254.1-д “Худалдан авагч нъ эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй” гэж зааснаар хариуцагч нь хэрэв худалдагч гэрээгээр тохирсон тоо хэмжээнээс дутуу хэмжээний эд хөрөнгө шилжүүлсэн гэж үзвэл доголдлыг арилгуулахаар шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан” гэжээ. Энэхүү үндэслэх хэсгийн тайлбараар шүүх нэхэмжлэгч “Силикат” ХК-ийг биет байдлын доголдолгүй эд хөрөнгө шилжүүлсэн гэж дүгнээд байгаа эсхүл доголдолтой ч хариуцагч талыг доголдлыг арилгуулах шаардах эрхээ хэрэгжүүлээгүй гэж дүгнээд байгаагийн аль болох нь ойлгомжгүй зөрүүтэй байна....Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдагчийн үндсэн үүрэг нь худалдаж буй бүтээгдэхүүний эзэмшил, улмаар өмчлөх эрхийг худалдан авагчид шилжүүлэх явдал байдаг. Өөрөөр хэлбэл тухайн эд хөрөнгийг эсрэг талын бодит нөлөөллийн хүрээнд өгч, худалдан авагчийг тухайн хөрөнгийн эзэн, өмчлөгч болгох ёстой.Шүүх “...Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдан авсан хөрөнгөө хүлээн авах нь хариуцагчийн үүрэг хэмээн...” хариуцагчийг гэрээний зүйлийг хүлээж аваагүйд буруутгаж энэ үндэслэлээр нэхэмжлэгч “Силикат” ХК нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснээрээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдан авагчийн эд хөрөнгөө хүлээн авах үүрэг нь худалдагч бүтээгдэхүүний эзэмшлийг шилжүүлж, хүлээлгэн өгөх үед худалдан авагч бэлэн байж, түүнийг шилжүүлэн авах ёстойг илтгэдэг. Мөн Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар “Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ ...нд заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгөх ёстой. Өөрөөр хэлбэл худалдагч “Силикат” ХК болон “Хос Уран цамхаг констракшн” ХХК нарын хооронд байгуулсан “Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ”-гээр нийлүүлэгч тал “Силикат” ХК нь захиалагч тал болох “Хос Уран цамхаг констракшн” ХХК-д гэрээний зүйл болох хөнгөн блокийг хүлээлгэж өгөх ёстой болохоос биш “Хос уран цамхаг констракшн” ХХК-ийн нэрийг барьсан хүн болгонд бүтээгдэхүүнийг нийлүүлэх үүрэггүй.Хариуцагч “Хос Уран цамхаг констракшн” ХХК нь Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо, 2-р хороолол, Энхтайвны өргөн чөлөө, 62-51 тоотод албан ёсны хаягтай бөгөөд хуулийн этгээдийн байнга ажил хэргээ явуулдаг удирдлага байдаг газар нь юм.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргах бөгөөд нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргахаар заасан. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс уг хэргийг шийдвэрлэхдээ хэргийн харъяаллыг зөрчиж шийдвэрлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн.Иймд дээр дурдсан үндэслэлүүдийг хянан үзэж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 178 дугаар зүйлийн 178.1.5 дахь хэсэгт зааснаар хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                                                        ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангаж чадаагүй байна. Шүүх хэрэг авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйгээр шүүхийн шийдвэр, магадлал үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч “Силикат” ХК нь хариуцагч “Хос Уран цамхаг констракшн” ХХК-иас худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгэлд 64 498 600 төгрөг, гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүйн төлөө алдангид 16 879 663 төгрөг, нийт 81 378 263 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ \хх-ийн 1-2 дугаар тал\. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг буюу худалдан-худалдан авах гэрээний дагуу хүлээж авсан бүтээгдэхүүний үнийг л төлөхийг хүлээн зөвшөөрчээ.

Зохигчдын хооронд 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр бараа бүтээгдэхүүн худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан ба уг гэрээгээр нэхэмжлэгч “Силикат” ХК нь 750 кубм бетоныг 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн 2015 оны 07 дугаар сарын 01-ний хугацаанд нийлүүлэх, хариуцагч нийлүүлсэн бетоны үнэ 90 000 000 төгрөгийг бартераар болон бэлнээр төлөх үүргийг тус тус хүлээжээ \хх-ийн 6-7 дугаар тал\.

Талуудын дээрх гэрээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан худалдах-худалдан авах гэрээний шинжтэй байна.

Гэрээний 3.2., 3.4.-т нийлүүлэгч буюу нэхэмжлэгч “Силикат” ХК нь өөрийн тээврийн хэрэгслээр бүтээгдэхүүнийг тээвэрлэх үед гарах зардлыг хариуцах, тээврийн хэрэгслийн зардал, төлбөр нь бүтээгдэхүүний үнийн дүнд хамаарахгүй байхаар  заасан байна. Иргэний хуулийн 245 дугаар зүйлийн 245.1.-д зааснаар      барааг худалдагчийн байгаа газраас өөр газар хүргэх, зөөх, тээвэрлэх, хүлээн авахтай холбогдсон зардлыг худалдан авагч хариуцна гэж заасанд зохигчдын гэрээний тохиролцоо нийцсэн гэж үзэхээр боловч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөөгүй хариуцагч “Хос уран цамхаг констракшн” ХХК-ийн тээврийн зардал хасч тооцох тухай тайлбарын талаар хоёр шатны шүүх ямар нэг дүгнэлт хийгээгүй байна.

Нөгөө талаар, худалдах-худалдан авах гэрээний зүйлийг худалдагчаас худалдан авагчид нийлүүлсэн үйл баримтыг нотлох “Силикат” ХК-ийн зарлагын падаанд “энэ падааныг 2 хувь бичих бөгөөд өнгөн хувь худалдан авагчид нөгөө хувь нь татвар төлөгчид үлдэнэ” гэж заасан боловч шүүхэд нотлох баримтаар нэхэмжлэгчээс ирүүлсэн 38 ш зарлагын падаан \хх-ийн 10-28 дугаар тал\, хариуцагчаас ирүүлсэн 27 ш зарлагын падаан \хх-ийн 42-55 дугаар тал\ хоорондоо тохирохгүй байна. Эдгээр зарлагын падааны зөрүү ямар шалтгаантай болох, худалдагч тал 11 ш падааныг хэнд өгсөн болох нь тодорхой бус байна. Хэргийн оролцогчдын хүсэлтээр шүүхэд гэрчээр асуугдсан Э.Мөнх-Оргил, М.Дарханбаатар нар “Силикат” ХХК-иас блок авч, зарлагын падаан дээр гарын үсэг зурж, “Хос уран цамхаг констракшн” ХХК-ийн бус харин гуравдагч этгээд Ж.Мягмардоржийн барилга дээр буулгаж байсан талаар мэдүүлжээ \хх-ийн 111-112, 114-115 дугаар тал\.

Иргэний хуулийн  243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар худалдах-худалдан авах гэрээний худалдагч нь эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, харин худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх, худалдан авсан эд хөрөнгийг хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг байна. Худалдан авагч нь гэрээний зүйлийг хүлээн авсан тохиолдолд төлбөрийг төлөх учиртай байна.

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1., 211.2.-т зааснаар үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүхийн шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгөх бөгөөд үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцдог байна.

Хариуцагч “Хос уран цамхаг констракшн” ХХК нэхэмжлэгч “Силикат” ХК-иас хүлээн авсан бүтээгдэхүүний үнийг л төлнө гэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг татгалзаж байгаа тохиолдолд маргааны дээрх үйл баримт нотлох баримтаар хангалттай бүрэн тогтоогдсон байх учиртай.

Нэхэмжлэгч “Силикат” ХК нь нэхэмжлэлийн шаардлагаа нотолж, 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн №2 тоот гэрээний нэмэлт хавсралтыг шүүхэд гаргаж, нэхэмжлэлдээ дурджээ. Энэхүү “гэрээний нэмэлт хавсралт” гэх гэрээг зохигчид хэзээ байгуулсан болох нь уг баримтад тусгагдаагүй боловч нэхэмжлэгчийн төлөөлөгч хяналтын шатны шүүх хуралдаанд 2015 оны 07 дугаар сарын 1-нд байгуулсан гэж тайлбарласан болно. Гэрээнд зааснаар “захиалагч гэрээнд заасан 90 000 000 төгрөгнөөс 10 000 000 төгрөгийг нийлүүлэгчид төлсөн бөгөөд үлдэгдэл 80 000 000 төгрөгийг 2015 оны 07 дугаар сарын 15-ны дотор төлж барагдуулна” гэж зааснаас үзвэл 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гэхэд нэхэмжлэгч тал нийлүүлбэл зохих бүтээгдэхүүнийг нийлүүлсэн байсан гэж ойлгогдож байгаагаас гадна 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн гэрээнд ч худалдагч тал бүтээгдэхүүнээ 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 07 дугаар сарын 01-ний хугацаанд нийлүүлэх үүрэг хүлээсэн байна.

Гэтэл нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй нотлох баримтад 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 07 дугаар сарын 29-ний хооронд хөнгөн бетон блок нийлүүлсэн 17 ш зарлагын падаан \хх-ийн 20-28 дугаар тал\ байхад шүүх эдгээр падаанаар нийлүүлсэн гэх бүтээгдэхүүн зохигчдын гэрээний зүйл мөн эсэх талаар дүгнэлт хийгээгүй нь учир дутагдалтай болжээ.

Нөгөө талаар нэхэмжлэгч “Силикат” ХК нь хариуцагч “Хос уран цамхаг констракшн” ХХК-ийг төлбөр төлөх үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй гэж үзэж, алданги тооцож, нэхэмжлэлийн шаардлага тодорхойлсон нөхцөлд шүүх худалдах-худалдан авах гэрээний талуудын хэн нь ямар үүргээ хэдий хугацаагаар хожимдуулсан болохыг нарийвчлан тогтоох байжээ.

Маргааны үйл баримтын талаар дүгнэлт хийхдээ шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан журмыг зөрчсөн гэж үзэхээр байх ба хэргийн нөхцөл байдал хангалттай бүрэн тогтоогдоогүй тохиолдолд хяналтын шатны шүүх анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний асуудлыг эцэслэн дүгнэх боломжгүй байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 667 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 125 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 565 400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Х.ЭРДЭНЭСУВД

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН