Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 589

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2015/01325/и

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг би даргалж, шүүгч Д.Оюундарь, М.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сум 15 дугаар баг Үйлдвэрийн дүүрэг Силикат ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг нутаг дэвсгэрт цагдаагийн ажилчдын орон сууц Хос уран цамхаг констракшн ХХК-д холбогдох

 

Гэрээний үүрэг 96.747.900 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага, 36.500.000 төгрөгийн төлбөрт ногдох нэмэгдсэн өртгийн албан татварын падаан болон тээврийн зардал 875.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа, В.Мөнхтуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баасандорж, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баясгалан, гуравдагч этгээд Ж.Мягмардорж, иргэдийн төлөөлөгч Б.Саранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Силикат ХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хос уран цамхаг констракшн ХХК нь Силикат ХК-тай 2015.03.30-ны өдөр 1 м3 хөнгөн бетон блокыг 120.000 төгрөгөөр тооцож, нийт 90.000.000 төгрөгөөр 750 м3 хөнгөн бетон блок худалдан авахаар тохиролцон худалдах худалдан авах 02 тоот гэрээг байгуулсан. Силикат ХК 2015 оны 03 сарын 31-ний өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 841.3 м3 хөнгөн бетон блокыг Хос уран цамхаг констракшн ХХК-д нийлүүлж гэрээний үүргээ биелүүлсэн. Гэтэл худалдан авагч тал болох Хос уран цамхаг констракшн ХХК нь гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөхгүй гэрээний үүргээ зөрчиж 36.500.000 төгрөгийг

FILENAME \p \* MERGEFORMAT I:\Batchimeg\Шийдвэр\Төгрөг гаргуулах тухай\силикат, хос уран цамхаг.doc

төлж үлдэгдэл төлбөр болох 64.498.600 төгрөгийг өгөхгүй хохироож байна. Иймд хариуцагч Хос уран цамхаг ХХК-иас худалдан авсан хөнгөн бетон блокны үнийн үлдэгдэл төлбөр болох 64.498.600 төгрөг, гэрээний 4.5 дахь заалт гэрээнд өөрчлөлт оруулсан хавсралтын 3-т заасны дагуу алдангийг 2015 оны 07 сарын 15-ны өдрөөс эхлэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0.2 хувиар тооцож 16.879.663 төгрөг, нийт 81.378.263 төгрөгийг гаргуулж өгнө үү. 2015 оны 03 сарын 30-ны өдөр байгуулсан худалдах худалдан авах 02 тоот гэрээний 3.1-т 750 м3 блокны 50 хувь болох 375 м3 хөнгөн бетоны төлбөрт 37.9 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцаар бартер хийх гэсэн заалтыг бэлэн мөнгөөр төлөхөөр харилцан тохиролцож өөрчлөлт оруулсаны зэрэгцээ худалдан авагч нь гэрээнд заасан үлдэгдэл 80.000.000 төгрөгийг 2015 оны 07 сарын 15-ны дотор төлж барагдуулна, заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гэрээний үнийн дүнгийн 0.2 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг худалдагчид төлөхөөр тус тус өөрчилсөн болно.

Манай Силикат ХК нь алдангийн хэмжээг анх шүүхэд нэхэмжлэл гаргасан 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл тооцож, 16 879 663 төгрөг нэхэмжилсэн. Үүнээс хойш 1 жил 4 сар өнгөрсөн боловч хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй Силикат ХК хохирсоор байгаа тул алдангийн хэмжээг нэмэгдүүлэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож нийт 15 369 637 төгрөг нэмж нэхэмжилж байна. Алдангийг гэрээний үүрэг зөрчигдсөнөөс хойш үзвэл бараа бүтээгдэхүүн худалдах худалдан авах гэрээний нэмэлт хавсралтын 3-т заасны дагуу алдангийг 2015 оны 07 сарын 15-ны өдрөөс эхлэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0.2 хувиар тооцон нэхэмжилж байна. Силикат ХК нь Хос уран цамхаг констаркшн ХХК-д 2015 оны 07 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 68 706 600 төгрөгийн хөнгөн бетон нийлүүлсэн гэжээ.

 

Хариуцагч Хос уран цамхаг констракшн ХХК-ийн захирал Ц.Батжаргал шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Манай компани нь 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 02 тоот гэрээний дагуу 486.305 м3 хөнгөн блокыг 58.356.595 төгрөгөөр авч тооцоо хийсэн болно. Манай компани нь нэхэмжлэлд дурдсан 841 м3 хөнгөн блок аваагүй 486.305 м3 хөнгөн блок авсан болно. Ж.Мягмардорж нь Силикат ХК-ийн захирал Содбилэг, Мөнхтуяа, Уранчимэг нартай уулзаж 354.695 м3 хөнгөн блокыг өөрийнхөө барилгад авсан. Үүнийг Мягмардорж авсан гэдгээ хүлээн зөвшөөрч 42.563.400 төгрөгийн тооцоог Силикат ХК-тай хийнэ гэдэг юм. Иймд 354.695 м3хөнгөн блок нь манай компанид хамаагүй болно. Манай компани нь авсан хөнгөн блокны үнийн үлдэгдэл 21.856.595 төгрөгийг төлөх нь үнэн болно. Үүнээс гэрээний дагуу хөнгөн блокны тээврийн зардал болох 25 рейс 875.000 төгрөгийг Силикат ХК төлөөгүй бөгөөд 875.000 төгрөгийг манай компани төлсөн болно. Иймд тээврийн зардал 875.000 төгрөг, мөн хөнгөн блокны НӨАТ болох 5835659 төгрөгийг үлдэгдэлээс хасаж 15.146.036 төгрөгийг орж ирэх санхүүжилтээс төлнө гэжээ.

Хариуцагч Хос уран цамхаг констракшн ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Силикат ХК нь манай компанитай 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр өдрийн 02 тоот бараа бүтээгдэхүүн худалдах худалдан авах гэрээгээр 90.000.000 төгрөгийн үнэ бүхий 750 м3 хөнгөн блокыг 2015 оны 03 дугаар сарын 30-наас мөн оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд манай компанид нийлүүлэхээр тохиролцсон. Уг гэрээний 3 дугаар зүйлийн 3.4-т зааснаар худалдагч тал худалдан авагчид бүтээгдэхүүний НӨАТ-тай үнээр зарахаар тохиролцсон. Силикат ХК-иас Хос уран цамхаг констракшн ХХК-д 486.305 м3 хөнгөн бетон нийлүүлсэн ба нийлүүлсэн бүтээгдэхүүний үнэ нийт 58 356 595 төгрөг болж байна. Үүнээс манай компани 36 500 000 төгрөгийг төлсөн ба ногдох НӨАТ-ын падааныг Силикат ХК-иас удаа дараа шаардсан боловч одоог хүртэл авч чадаагүй байна. Силикат ХК-ийн энэхүү үйлдэл нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-т албан татвар суутган төлөгч төлбөрийн баримт олгохоос татгалзах, хуурамч буюу хийгдсэн төлбөр тооцооноос өөр дүнтэй төлбөрийн баримт олгохыг хориглоно гэж заасныг зөрчиж байна. Хэрэв Силикат ХК нь НӨАТ төлөгч биш бол манай компанид НӨАТ-гүй үнээр бараа бүтээгдэхүүнийг худалдах хуулийн зохицуулалттай. Иймд Силикат ХК-иас 36 500 000 төгрөгийн төлбөрт ногдох НӨАТ-ын падааныг гаргуулж өгнө үү.

Манай компани нь Силикат ХК-тай 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр бараа бүтээгдэхүүн худалдах худалдан авах гэрээ байгуулсан ба уг гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т зааснаар Силикат ХК нь өөрийн тээврийн хэрэгслээр бүтээгдэхүүүнийг тээвэрлэх үед гарах зардлыг хариуцах, мөн зүйлийн 3.3-д зааснаар тээврийн хэрэгслийн зардал, төлбөр нь бүтээгдэхүүний үнэд хамаарахгүй байхаар харилцан тохиролцсон. Гэтэл Силикат ХК нь машин байхгүй, бензин байхгүй хэмээн бүтээгдэхүүнийг хугацаандаа нийлүүлэхгүй байсан тул манай компани ажлаа явуулахын тулд тээвэрлэлтээ хариуцаж, гарсан тээврийн зардлыг бүтээгдэхүүний үнийг төлөхдөө хасаж тооцохоор Силикат ХК-тай тохиролцсон. Силикат ХК нь гэрээний хугацаанд буюу 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 01-ний хооронд нийт 750 м3 хөнгөн бетон нийлүүлэх үүрэгтэй боловч 325.055 м3 бүтээгдэхүүнийг нийт 21 удаагийн тээвэрлэлтээр, нийт 487.069 м3 хөнгөн блокыг манай компанид нийлүүлсэн байх ба нийт 27 удаагийн тээвэрлэлтээс Силикат ХК нь 2 удаагийн тээвэрлэлт хийсэн. Харин манай Хос уран цамхаг констракшн ХХК 25 рейс 875 000 төгрөг зарцуулан бүтээгдэхүүнээ авсан. Иймд бараа бүтээгдэхүүн худалдах худалдан авах гэрээний 3 дугаар зүйлийн 3.2, 3.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн бүтээгдэхүүнийг нийлүүлэх үед манай Хос уран цамхаг констракшн ХХК гарсан тээвэрлэлтийн зардал 875 000 төгрөгийг нийлүүлэгч тал болох Силикат ХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Ж.Мягмардорж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Батжаргалд 117,800,000 бараа материал нийлүүлсэн байдаг. Би 2015 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 50 айлын орон сууцны барилга худалдаж авсан. Тэгээд Батжаргалаас мөнгөө авья, би өөрөө эргэлдэх мөнгөгүй болчихлоо гэхэд би танд хэрэгтэй юмыг чинь хангаад өгье гэсэн. Тэгээд би Силикат ХК дээр очоод би барилга худалдаад авчихлаа надад блок өгөөч ээ гэж гуйсан гэтэл захирал нь би чамайг мэдэх учраас өгөхгүй ээ, чи өөр газраас блокоо авахгүй юу даа гэсэн. Тэгээд би Улаанбаатар хотоос эхний рейс 2,800,000 төгрөгийн үнэлгээтэй блок 3 удаа буулгаж авсан. Тэгтэл Батжаргал над руу залгаад Мягаа ахаа, танд блок хэрэгтэй юу, би танд Силикат ХК-иас авч өгье. Харин тээврийн зардлаа өөрөө даагаараа гэж хэлээд явуулсан. Тэгтэл эхний блоктой машин орж ирээд байж байтал Силикат ХК-ийн нягтлан нь ирээд яагаад манай гэрээ хийсэн бус танай хашаанд буусан юм бэ? танайх манайхтай гэрээгүй, бас манай захирал танайд нийлүүлэхгүй гэж хэлсэн. Яагаад Хос уран цамхаг констракшин ХХК-тай гэрээний дагуу ачсан падаантай машин танай байгууллагын хашаанд оруулж буулгаж байгаа юм бэ? гэсэн. Эхний блокыг буулгаж байхад нягтлан нь зогсоочихсон. Тэгээд би Батжаргал руу утсаар яриад юу болоод байгаа юм бэ? нөгөө блокыг чинь буулгах гэж байсан чинь Силикат ХК-ийн нягтлан араас нь орж ирээд танайх манайхтай гэрээгүй гэж хэлээд буулгахгүй байна гэж хэлсэн. Тэгтэл нягтлан захирлуугаа ярьсан чинь захирал нь Батжаргалтай ярь гэж хэлсэн байдаг. Тэгээд Батжаргалруу нь залгахад нь Мягмаа ахын хашаанд буулгачих, би тооцоог нь хийнэ, бид хоёр хоорондоо тооцоотой юм гэж хэлээд буулгуулсан байдаг. Би Батжаргалын нийлүүлсэн блок буюу 15 машин блокыг авсан. Тэр блокноос Улаанбаатар хотын Иново ХХК-аас хэдэн машин, Силикат ХК-иас хэдэн машин блок гэдгийг Батжаргал надад ялгаж өгөөгүй. Хэд нь Инова ХХК, хэдэн нь Силикат ХК-иас авсан нь тодорхойгүй. Ямар ч байсан эхний машин буухад Силикат ХК-ийн нягтлан нь хүрч ирээд өгөхгүй гэдэг зүйлийг ярьж байсан. Силикат ХК болон Хос уран цамхаг констракшин ХХК-ийн хооронд хийгдсэн гэрээний тооцоо нийлсэн баримтыг мэдэхгүй. Би Силикат ХК-иас аас нэг ч удаа гэрээ хийж блок аваагүй. Батжаргал надад өрөө л барагдуулсан. Тухайн үед Батжаргал Мягаа ах бид хоёрын миний бас нэг барилга байгаа юм гэж хэлээд блок буулгуулсан байдаг. Би Батжаргалаас 117,800,000 төгрөгийн авлагатай, харин Батжаргал надад арматур, 15 машин блок нийлүүлсэн гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Силикат ХК нь хариуцагч Хос уран цамхаг констракшн ХХК-д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний төлбөр 64.498.600 төгрөг, хугацаандаа үүргээ биелүүлээгүйн алданги 16.879.663 төгрөг, нийт 81.378.263 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг анх шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа алданги 15.369.637 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 96.747.900 гаргуулах тухай шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Хос уран цамхаг констракшн ХХК нь ... Манай компани нь нэхэмжлэлд дурдсан 841 м3 хөнгөн блок аваагүй, 486.305 м3 хөнгөн блок авсан тул худалдах худалдан авах гэрээний дагуу хүлээж авсан бүтээгдэхүүний үнийг л төлнө. Харин 354.695 м3 хөнгөн бетоныг Ж.Мягмардорж авсан. .. гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч Силикат ХК-иас 36 500 000 төгрөгийн төлбөрт ногдох НӨАТ-ын падаан болон тээвэрлэлтийн зардал 875.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан болно.

 

Шүүх хуралдаандаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсэг болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Силикат ХК нь 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хариуцагч Хос уран цамхаг констракшн ХХК-тай бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулжээ. /хх 6-7/ Уг гэрээнд зааснаар нэхэмжлэгч Силикат ХК нь хариуцагч Хос уран цамхаг констракшн ХХК-д өөрийн болон итгэмжлэгдсэн лаборатороор чанарыг нь баталгаажуулсан 750 м3 хөнгөн бетоныг 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн 2015 оны 07 дугаар сарын 01-ний хугацаанд нийлүүлэх, 1 м3 хөнгөн бетоны үнийг 120.000 төгрөгөөр тооцож, нийт 90.000.000 төгрөгөөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан хавсралтаар Хос уран цамхаг констракшн ХХК нь бараа бүтээгдэхүүний үнэ 10.000.000 төгрөгийг төлсөн болохыг дурьдаж, үлдэгдэл 80.000.000 төгрөгийг 2015 оны 07 дугаар сарын 15-ны дотор төлж барагдуулах, төлбөрийг хугацаандаа төлж барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.2 хувийн алдангийг төлөхөөр харилцан тохиролцож, гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулжээ.

 

Зохигчдын байгуулсан гэрээний агуулга, зорилго, талуудын хүлээх эрх, үүргээс тус тус дүгнэвэл тэдгээрийн хооронд Худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

Талуудын хооронд худалдах худалдан авах гэрээг бичгээр байгуулагдсан болон бараа өгөх, авах талаар харилцан тохиролцоо байсан хэдий ч тохиролцсон бараа бүтээгдэхүүнийг бодитоор шилжүүлээгүй тохиолдолд гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй юм.

 

Учир нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-т хөдлөх эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно, мөн хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2.1-т эд хөрөнгийг өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд шилжүүлснээр эд хөрөнгийн өмчлөх эрх үүснэ гэж заасан.

 

Зохигчид худалдах худалдан авах гэрээний зүйлийг худалдагчаас худалдан авагчид шилжүүлсэн эсэх үйл баримтын талаар тайлбарлахдаа нэхэмжлэгчээс Хос уран цамхаг констракшн ХХК-д 841.3 м3 хөнгөн бетон блок нийлүүлэхдээ 38 ширхэг зарлагын падааныг өгсөн юм. Гэрээнд заасны дагуу 750 м3 буюу 90 сая төгрөгийн хөнгөн бетон блок нийлүүлсэний дараа Хос уран цамхан констракшн ХХК-ийн захирал Ц.Батжаргал манайд манайд 3 машин блок хэрэгтэй байна гэж хүсэлт гаргасны дагуу 2015 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 30 м3, 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 31.25 м3, 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 31.25 м3, нийт 92.5 м3 хөнгөн бетон блок авсан гэж, хариуцагчаас ... Силикат ХК нь гэрээний дагуу 750 м3 хөнгөн бетон блок нийлүүлэх үүрэгтэй боловч 354.695 м3 хөнгөн бетон блок нийлүүлсэн, үлдэгдэл 486.305 м3 хөнгөн бетон блокыг нийлүүлээгүй тул энэхүү 11 ширхэг зарлагын падаан манай компанид байхгүй, хүлээн авсан бараа бүтээгдэхүүний 27 ширхэг зарлагын падааныг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн... гэж харилцан адилгүй тайлбар гаргаж маргаж байна.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд худалдах худалдан авах гэрээний зүйлийг худалдагчаас худалдан авагчид нийлүүлсэн үйл баримтыг нотлох Силикат ХК-ийн зарлагын падаанд энэ падааныг 2 хувь бичих бөгөөд өнгөн хувь худалдан авагчид нөгөө хувь нь татвар төлөгчид үлдэнэ гэж заасан байх боловч шүүхэд нотлох баримтаар нэхэмжлэгчээс ирүүлсэн 38 ширхэг зарлагын падаан /хх-ийн 10-28 дугаар тал/, хариуцагчаас ирүүлсэн 27 ширхэг зарлагын падаан /хх-ийн 42-55 дугаар тал/ хоорондоо тохирохгүй байна.

 

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1, 211.2-т зааснаар үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүхийн шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгөх бөгөөд үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уг үүргийг гүйцэтгэсэнд тооцно гэж заасан.

 

Энэ нь худалдагч Силикат ХК нь гэрээнд заасан бараа бүтээгдэхүүнийг худалдан авагч Хос уран цамхаг констракшн ХХК-д хүлээлгэн өгсөн эсхүл түүний зөвшөөрсөн эрх бүхий бусад этгээдэд хүлээлгэн өгсөн тохиолдолд бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх үүргээ биелүүлсэнд тооцох юм.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгч Силикат ХК-иас хариуцагч Хос уран цамхаг констракшн ХХК-д өгсөн гэх 11 ширхэг зарлагын падаанд ... худалдан авагчийн нэр Хос уран цамхаг констракшн ХХК, бүртгэлийн дугаар 37-91 ДАА, 27-15 ДАА, 60-86 ДАР ... гэж тус тус бичигдсэн /хх-ийн 21-28 тал/ байх бөгөөд гэрч Э.Мөнх-Оргил /6086 ДАР тээврийн хэрэгслийн жолооч/, гэрч М.Дарханбаатар /3791 ДАА тээврийн хэрэгслийн жолооч/, гэрч З.Онон /2715 ДАА тээврийн хэрэгслийн жолооч/ нар нь Силикат ХК-иас блок хүлээн авч тээвэрлэхдээ Хос уран цамхаг констракшн ХХК-ийн нэр дээр нэвтрэх эрхээр авсан блокыг Ж.Мягмардоржийн Дархан-Уул аймгийн Дархан сум 11 дүгээр баг, Их сургуулийн хажууд байрлах 50 айлын орон сууцанд буулгаж байсан талаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 111-112, 114-115, 202 тал/, гуравдагч этгээд Ж.Мягмардоржийн шүүх хуралдаанд өгсөн Би Батжаргалаас 117,800,000 төгрөгийн авлагатай юм. Батжаргал надад өрөндөө арматур, 15 машин блок нийлүүлсэн. Тэрээр Силикат ХК-ийн нягтланд Мягмардоржийн хашаанд блок буулгачих, би тооцоог нь хийнэ, бид хоёр хоорондоо тооцоотой юм гэж хэлээд блокыг буулгуулсан. Би Силикат ХК-иас аас нэг ч удаа гэрээ хийж блок аваагүй гэх тайлбар зэргээс тус тус дүгнэхэд хариуцагч Хос уран цамхаг констракшн ХХК нь нэхэмжлэгч Силикат ХК-тай байгуулсан худалдах худалдан авах гэрээний зүйл болох хөнгөн бетон блокыг өрөндөө тооцож авахыг гуравдагч этгээд Ж.Мягмардоржид зөвшөөрсөн үйл баримт тогтоогдож байна. Энэхүү үйл баримтыг хариуцагч 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т тус тус зааснаар үгүйсгэж байгаа үндэслэлээ баримтаар нотлоогүй болно.

 

Иймд хэргийн оролцогчдын тайлбар, мэдүүлэг, хэрэгт нотлох баримтаар авагдсан зарлагын баримт, Силикат ХХК-ийн борлуулалтын мэдээ, нэхэмжлэгч болон хариуцагчийн төлөөлөгч нарын тооцоо нийлсэн баримтуудаар нэхэмжлэгч нь 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд зохигчдын бичгээр байгуулсан гэрээнд заасны дагуу нийт 750 м3 хөнгөн бетон блокыг нийлүүлсэн нь, мөн зохигчдын амаар хийсэн хэлцлийн дагуу 2015 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 30 м3, 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 31.25 м3, 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 31.25 м3, нийт 92.5 м3 хөнгөн бетон блокыг тус тус нийлүүлсэн болох нь тогтоогдож байна.

 

Зохигчдын 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ-ний 1.1-т зааснаар нийлүүлэгч нь 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хугацаанд хөнгөн бетон блок нийлүүлэх үүрэг хүлээсэн ба гэрээний 4.4-т зааснаар заагдсан хугацаанд нийлүүлэгч тал бүтээгдэхүүнээ худалдан авагчид нийлүүлээгүй тохиолдолд үнийн дүнгийн 0.2 хувиар алданги тооцох-оор тохиролцсон байна.

Хэрэгт авагдсан зарлагын падаанаас үзэхэд нэхэмжлэгч Силикат ХК нь 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүртэл буюу гэрээнд заасан хугацаанд 39.007.200 төгрөгийн үнэ бүхий нийт 325.06 м3 хөнгөн бетон блок, 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 24-ний хүртэл хугацаанд буюу гэрээнд заасан хугацааг хэтрүүлж 50.892.000 төгрөгийн үнэ бүхий 424.1 м3 хөнгөн бетон блок, 2015 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүртэл 92.5 м3 хөнгөн бетон блок тус тус нийлүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

 

Мөн гэрээний 3.1-т заасан төлбөр төлөх хуваариар худалдан авагч төлбөрийн 50 хувийг Хос уран цамхаг констракшн ХХК-ийн 2015 оны 08 дугаар сард ашиглалтад орох 37.9 м2 6 давхрын 2 өрөө 43.585.000 төгрөгийн үнэ бүхий орон сууцаар хийх, 20.000.000 төгрөгийг 2015 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр, 26.415.000 төгрөгийг 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр тус тус төлж барагдуулах үүрэгтэй байсан байна.

Талуудын 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэх гэрээний хавсралтын 2-т зааснаар худалдан авагч бараа бүтээгдэхүүний үнэ 10.000.000 төгрөгийг төлсөн болохыг дурьдаж, үлдэгдэл 80.000.000 төгрөгийг 2015 оны 07 дугаар сарын 15-ны дотор төлөх үүрэгтэй ба гэрээний хавсралтын 3-т зааснаар төлбөрөө хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтэрүүлсэн хоног тутамд гэрээний үнийн дүнгийн 0.2 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг нийлүүлэгчид төлөх үүрэг хүлээжээ.

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч Хос уран цамхаг констракшн ХХК нь гэрээнд заасан хугацааг хэтрүүлж, 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 10.000.000 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 10.000.000 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 10.000.000 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 5.000.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 1.500.000 төгрөг, нийт 36.500.000 төгрөг төлсөн байх бөгөөд үлдэгдэл төлбөрийг төлөөгүй болох нь тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-т Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заасан.

 

Гэвч талууд ийнхүү гэрээнд заасан үүргээ үл биелүүлж, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-т үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ гэж зааснаар үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн байна гэж үзэхээр байгаа хэдий ч нэхэмжлэгч 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүртэл буюу гэрээнд заасан хугацаанд 39.007.200 төгрөгийн үнэ бүхий нийт 325.06 м3 хөнгөн бетон блок нийлүүлсэн байхад энэ хугацаанд хариуцагч огт төлбөр төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн үйл баримт тогтоогдож байна.

 

Хэдийгээр гэрээнд зааснаар худалдагчийн эд хөрөнгө худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг болон худалдан авагчийн төлбөр төлөх үүрэг, төлбөр төлөх хугацаа нь бие биенээсээ харилцан хамааралгүй байх боловч нэхэмжлэгч эд хөрөнгийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ хугацаа хэтрүүлж гүйцэтгэсэн нь хариуцагчийн төлбөр төлөх үүргийн зөрчлөөс шалтгаалсан байна гэж үзэхээр байна.

 

Учир нь Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1-т хоёр талын гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нэг тал нөгөө талынхаа өмнө үүргээ эхлэн гүйцэтгэхээс бусад тохиолдолд нөгөө тал хариу үүрэг гүйцэтгэхээс өмнө үүргээ гүйцэтгэхээс татгалзаж болно гэж заасны дагуу худалдагч өөрөө эхлээд эд зүйлийг нийлүүлнэ гэж амласнаас бусад тохиолдолд тэрээр худалдан авагч үнийг төлөх хүртэл эд хөрөнгө шилжүүлэх үүргээс татгалзах эрхтэй юм.

 

Иймээс худалдагч буюу нэхэмжлэгч Силикат ХК-ийг үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Харин худалдан авагч буюу хариуцагч Хос уран цамхаг констракшн ХХК нь үнийг хугацаанд нь төлөөгүй хугацаа хэтрүүлсэн байна гэж үзлээ.

 

Зохигчдын байгуулсан гэрээнд өөрчлөлт оруулсан хавсралтын 3-т Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.1-т заасан үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох анзыг хэрэглэхээр тохирчээ.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-т Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ. 232.6-т Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ, 232.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж тус тус заажээ.

 

Гэрээний алдангийн талаарх тохиролцоо нь хуульд заасан шаардлагыг хангаж байх ба хариуцагч төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн учраас тэрээр гэрээний дагуу нэхэмжлэгч талд алданги төлөх үүрэг хүлээх юм

 

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэсэн зохицуулалттай ч хариуцагч талаас үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй шалтгаан болон үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлэхэд хүргэх болсон хүндэтгэн үзэх бусад нөхцөл байдал байсан талаар тогтоогдохгүй байна.

 

Зохигчдын байгуулсан бичгийн гэрээнд зөвхөн 750 м3 хөнгөн бетон блок худалдах худалдан авах харилцааг зохицуулсан бөгөөд 2015 оны 07 дугаар сарын 25-наас 2015 оны 07 дугаар сарын 29-ний хооронд нэмэлтээр нийлүүлсэн 92.5 м3 хөнгөн бетон блок нийлүүлэх хэлцэлтэй холбоотой бичгийн гэрээ байхгүй байна.

 

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т зааснаар хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ гэж заасан бөгөөд худалдах худалдан авах гэрээг бичгээр хийх талаар хуульд тусгайлан заагаагүй тул амаар тохирч хийсэн хэлцлийн дагуу хариуцагчид 92.5 м3 хөнгөн бетон блокны үнийг төлөх үүрэг үүсэх боловч нэхэмжлэгч алданги шаардах эрхгүй юм.

 

Түүнчлэн нэхэмжлэгч алдангийн хэмжээг анх шүүхэд нэхэмжлэл гаргасан 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл тооцож 16.879.663 төгрөг нэхэмжилсэн боловч хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа алданги 15.369.637 төгрөгөөр нэмэгдүүлсэн байна. Хариуцагч үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн боловч шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаанд алданги тооцох үндэслэлгүй юм.

 

Дээр дурдсанаар хариуцагч Хос уран цамхаг констракшн ХХК нь гэрээгээр хүлээсэн үүрэг болох худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлөх үүргээ зөрчсөн байх тул нэхэмжлэгч Силикат ХК нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Бараа бүтээгдэхүүн худалдах худалдан авах гэрээ-ний дагуу худалдсан бүтээгдэхүүний үнийг алдангийн хамт шаардах эрхтэй байна.

 

Иймд хариуцагч Хос уран цамхаг констракшн ХХК-иас 750 м3 хөнгөн бетон блокны үнэ 90.000.000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 36.500.000 төгрөгийг хасаж, үлдэх 53.500.000 төгрөг, түүнд ногдох алданги 14.406.000 төгрөг, нэмэлтээр нийлүүлсэн 92.5 м3хөнгөн бетон блокны үнэ 11.100.000 төгрөг, нийт 79.006.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Силикат ХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 17.741.900 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Сөрөг нэхэмжлэлийн талаар.

Хариуцагч Хос уран цамхаг констракшн ХХК нь 36.500.000 төгрөгийн төлбөрт ногдох нэмэгдсэн өртгийн албан татварын падаан болон тээвэрлэлтийн зардал 875.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан болно.

 

Хариуцагч Хос уран цамхаг констракшн ХХК нь 36.500.000 төгрөгийн төлбөрт ногдох нэмэгдсэн өртгийн албан татварын падаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч Силикат ХК нь биелүүлсэн байна. /хх-ийн 1 дүгээр хавтас 223 тал/

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч 36.500.000 төгрөгийн төлбөрт ногдох нэмэгдсэн өртгийн алба татварын падаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэнийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Мөн хариуцагч худалдан авсан бараа бүтээгдэхүүний тээврийн зардал 875.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Силикат ХК нь машин байхгүй, бензин байхгүй хэмээн бүтээгдэхүүнийг хугацаандаа нийлүүлээгүй тул манай компани ажлаа явуулахын тулд тээвэрлэлтээ хариуцаж, гарсан тээврийн зардлыг бүтээгдэхүүний үнийг төлөхдөө хасч тооцохоор тохиролцсон гэж тайлбарлаж байна.

 

Гэрээний 3.2, 3.4-т нийлүүлэгч буюу нэхэмжлэгч Силикат ХК нь өөрийн тээврийн хэрэгслээр бүтээгдэхүүнийг тээвэрлэх үед гарах зардлыг хариуцах, тээврийн хэрэгслийн зардал, төлбөр нь бүтээгдэхүүний үнийн дүнд хамаарахгүй байхаар заасан байна. Иргэний хуулийн 245 дугаар зүйлийн 245.1-д зааснаар барааг худалдагчийн байгаа газраас өөр газар хүргэх, зөөх, тээвэрлэх, хүлээн авахтай холбогдсон зардлыг худалдан авагч хариуцна гэж заасантай зохигчдын гэрээний тохиролцоо нийцсэн байх бөгөөд хариуцагчийн гаргасан ... тээврийн зардлыг бүтээгдэхүүний үнийг төлөхдөө хасч тооцохоор тохиролцсон... гэх тайлбар баримтаар нотлогдохгүй байна.

 

Иймд худалдан авагч буюу хариуцагч Хос уран цамхаг констракшн ХХК нь худалдан авсан бүтээгдэхүүнийг худалдагчийн байгаа газраас өөр газар тээвэрлэхтэй холбоотой зардал шаардах эрхгүй байх тул тээврийн зардал 875.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 119, 120 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Хос уран цамхаг констракшн ХХК-иас 79.006.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Силикат ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 17.741.900 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, тээврийн зардал 875.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Силикат ХК 36.500.000 төгрөгийн төлбөрт ногдох нэмэгдсэн өртгийн алба татварын падаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийндугаарт 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 800.050 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133.871 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хос уран цамхаг констракшн ХХК-иас 552.980 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Силикат ХК-нд, нэхэмжлэгч Силикат ХК-иас 108.321 төгрөг гаргуулж, хариуцагч Хос уран цамхаг констракшн ХХК-нд тус тус олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Д.ОЮУНДАРЬ

 

М.ОЮУНЦЭЦЭГ