Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 225/МА2018/00018

 

 

 

 

 

2018 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 225/МА2018/00018

 

 

 

Г.Гын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Н.Баярхүү, шүүгч Т.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Х.Золжаргал, нэхэмжлэгч Г.Гыг хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 1049 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Г.Гын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Тны Хөвсгөл салбарт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай маргаантай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Ганбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Г.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Г.Г нь Тны Хөвсгөл аймгийн Тсуман дахь тооцооны төвд теллерээр 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилласан юм. Би теллерээр ажиллах 4 жилийн хугацаанд ямар ч зөрчил дутагдал гаргаж байгаагүй бөгөөд ажилдаа идэвхи санаачлагатай ажиллаж ирсэн. Гэтэл Хөвсгөл салбараас Тсумын тооцооны төвд 2018 оны 03 сарын 21-22-ны өдрүүдэд шалгалтаар ирж ажилласан Ш.Х, Г.Л нар өөрийн нөхрийн дансанд хий орлогын гүйлгээ хийж кассыг зөрүүтэй байлгасан гэх худал дүгнэлт гарган салбарын захирлын 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 089 тоот тушаалаар ажлаас буруу халсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Г.Г намайг Тны Хөвсгөл салбарын Тсум дахь Тооцооны төвийн теллерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл хугацаагаар тооцон ажил олгогчоос гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Тны Хөвсгөл салбарын захирал С.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Ш.Х, Г.Л нар нь 2018 оны 03 сарын 21-ний өдөр Ттооцооны төвд шалгалт хийж тооцооны төвийн касс үнэ бүхий зүйлсийг тоолж шалгахад 504.100 төгрөг теллер Г.Гын кассаас дутсан. Шалтгааныг тодруулахад теллер Г.Г нь нөхөр Б.Энэбишээс шилжих 500.000 төгрөгийг иргэн Т.Пын 000 тоот дансанд хий орлогын гүйлгээ хийсэн байсныг тогтоож тайлбарыг бичгээр авсан. Г.Гаар 500.000 төгрөгийг кассд тушаалгаж зөрүү 4100 төгрөгийг журмын дагуу дутагдалд бүртгүүлсэн. Тухайн өдөр гүйлгээ багатай нийт 16 гүйлгээ хийсэн байсан. Ачаалал багатай байхад мөнгө дутах шалтгаан байхгүй ба касс дахь мөнгөнөөс хувьдаа авч ашигласан байсан. Ажлын хариуцлага алдаж ажилтны ёс зүйн алдаа гарган ашиглангийн шинжтэй үйлдэл хийж банкны заавар журмын заалтуудыг зөрчсөн тул газар дээр нь акт үйлдэн шалгалтын тайланг салбарын захирлын зөвлөлд танилцуулан ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлсөн болно гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 22-ны өдрүүдэд харилцааны менежер Л бид хоёр Алаг Эрдэнэ тооцооны төвд 12 цагийн үед очиж кассын үнэ бүхий зүйл, хадгаламжийн зээлүүдийг тулгах ажлаар очсон. Харилцааны менежер Л теллер Г.Гын кассыг тоолоход 504.100 төгрөг дутаж байсан. Тухайн өдөр теллерийн гүйлгээг шалгахад 10 гаруй л гүйлгээ байсан бөгөөд бүх гүйлгээ таарч байсан. Мөнгө дутах боломжгүй байсан. Л бид хоёрыг касс тоолохоор тооцооны төвд ороход ахлах теллер байхгүй, харин Г.Г бид хоёртой зөрөөд гарч яваад 5 минут орчим болоод орж ирээд кассаа тоолуулсан бөгөөд кассаас 504.100 төгрөгийн хий орлогын гүйлгээ хийсэн байсан. Үүнийг тодруулахад нөхөр Энэбишийн нэрээр өөр хүний данс руу мөнгө шилжүүлсэн гэсэн ба энэ талаар Г.Г өөрөө бичгээр тайлбараа өгсөн. Г.Г нь 2013 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд 10 гаруй гүйлгээний дотор мөнгө дутаах, хий гүйлгээ хийх ёсгүй юм. Г.Г нь Хөдөлмөрийн дотоод журам, теллерийн журам, ажилтны ёс зүйн журмуудыг зөрчсөн. ... Г.Г 500.000 төгрөгийг гаднаас өөрөө барьж орж ирсэн. Харилцагчийн гар дээрээс бэлэн мөнгө аваад, харилцагчийнхаа хажууд тоолж шалгаад, дэвсгэртийг хөтлөөд, гарын үсэг зуруулаад, гүйлгээ хийдэг байтал 5 минутын дараа мөнгийг нь авчирч өгсөн гэж тайлбарлаад байгаа нь өөрөө утгагүй юм. Бид нарыг касс тоолсны дараа Г.Г өөрөө гарын үсгээ зурж, тайлбар өгсөн юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 6 д сарын 08-ны өдрийн 1049 дүгээр шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Гыг Тны Хөвсгөл салбарын харьяа Ттооцооны төвийн теллерийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Тны Хөвсгөл салбараас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 827.529 /найман зуун хорин долоон мянга таван зуун хорин ес/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Гд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Гд олгосон ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор 827.529 /найман зуун хорин долоон мянга таван зуун хорин ес/ төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган авч, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Тны Хөвсгөл салбарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар хариуцагч Тны Хөвсгөл салбараас улсын тэмдэгтийн хураамж 94.611 /ерэн дөрвөн мянга зургаан зуун арван нэг/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Х давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: ...зохигчдын хооронд 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 7 дахь хэсгийн аль зөрчлийг нэхэмжлэгч Г.Г гаргасан талаар дурдаагүй байх ба Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажилтан Хөдөлмөрийн дотоод журам-д бус, харин Хөдөлмөрийн гэрээ-нд заасан ноцтой зөрчлийг гаргасан тохиолдолд ажил олгогч өөрийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй юм. Өөрөөр хэлбэл Тны Хөвсгөл салбарын захирал 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 089 дүгээр тушаал гаргахдаа Г.Г нь хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ямар зөрчил гаргасан тухай дурдаагүй тул ажил олгогчийн тушаал Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй гэж үзнэ. гэжээ.

Монгол Улсын дээд шүүхээс 33 дугаар тогтоол гарган Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарласан байдаг. Уг тогтоолын 15 дугаар зүйлийн 15.4.2-т Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасан ноцтой зөрчил гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлговол зохино. Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байна. гэсэн заалтыг анхааралтайгаар уншиж ойлговол хөдөлмөрийн харилцаанд оролцогч талууд нь ноцтой зөрчил-ийг хөдөлмөрийн гэрээгээр харилцан тохиролцсон байх талаарх ойлголтуудыг заасан байна.

Гэтэл Тны Хөдөлмөрийн дотоод журам-ын 5 дугаар зүйлийн 5.28.12, 5.28.14 дэх заалтад заасан үндэслэлийг нэхэмжлэгч Г.Г болон ажил олгогч Т ХХК-ийн хооронд 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4.13 болон 7.4.15 дахь заалтаар Ноцтой зөрчил-д хамааруулан ойлгоно гэж харилцан тохиролцсон байдаг.

Хавтаст хэрэгт Тны Хөдөлмөрийн дотоод журам болон нэхэмжлэгч Г.Гтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр авагдсан байдаг боловч шүүх бүрэлдэхүүн уг нотлох баримтыг анхаарч үзэлгүй зөвхөн Хөвсгөл салбарын захирал 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 089 дүгээр тушаал гаргахдаа Г.Г нь хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ямар зөрчил гаргасан тухай дурдаагүй тул ажил олгогчийн тушаал Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй байна гэж хуульд байхгүй үндэслэлээр шийдвэр гаргасан байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасантай нийцээгүй байна.

Түүнчлэн ажлаас чөлөөлөх тушаалын үндэслэх хэсэгт хөдөлмөрийн гэрээний заалтыг тухайлан дурдаагүй боловч тушаалын бичвэрийн хэсэгт Хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалтыг тодорхой заасан. Тны хувьд Хөдөлмөрийн дотоод журам болон Хөдөлмөрийн гэрээний загварыг гүйцэтгэх захирлын тушаалаар баталж, ажилтан бүртэй нэг загварын хөдөлмөрийн гэрээг байгуулдаг. Тны Хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчлийн заалт нь Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчилтэй яг тохирдог. Иймд тушаалын төсөлд Хөдөлмөрийн дотоод журмын ноцтой зөрчлийн заалтын 5.28-ыг тодорхой бичсэн байгааг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийн заалтыг нэрлэн заан бичсэн гэж үзэж болохоор байна.

Дээрх бүхий л нөхцөл байдлуудаас дүгнэхэд анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл, заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэлийг бүрэн дүүрэн үнэлж, хэрэг маргааныг хянан шийдвэрлээгүй гэж хариуцагчийн зүгээс үзэж байна.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 1049 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн харилцааны маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэсэн байх ба шүүхийн шийдвэр нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Г.Г нь Тны Хөвсгөл аймгийн Тсуман дахь тооцооны төвд теллерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч Тны Хөвсгөл салбар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хариуцагч Тны Хөвсгөл салбарын захирлын 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 089 дугаар тушаалаар Г.Гыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалт, Тны Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.16.3 дахь заалт, 13 дугаар зүйлийн 13.5.3 дахь заалт, Салбарын захирлын зөвлөлийн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 21 тоот хурлын шийдвэрийг тус тус үндэслэн ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай тушаалдаа ажилтны гаргасан зөрчлийг дурдсан байх боловч эдгээр нь хөдөлмөрийн гэрээний аль заалтыг зөрчсөн болох, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлийн аль нь болох нь тодорхойгүй байх тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь өөрийн дотоод итгэлээр үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэглэвэл зохих хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 1049 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,611 /ерэн дөрвөн мянга зургаан зуун арван нэг/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Б.СОСОРБАРАМ

ШҮҮГЧИД                                 Н.БАЯРХҮҮ

Т.ГАНБАТ