Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2019/0521

 

2019 оны 10 сарын 03                       Дугаар 221/МА2019/0521                       Улаанбаатар хот

С.Г-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзгий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/ШШ2019/0490 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу С.Г-ын нэхэмжлэлтэй, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн 128/ШШ2019/0490 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.7, 27 дугаар зүйлийн 27.2, 27.2.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч С.Г-ын “Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Шилжүүлэн ажиллуулах тухай” Б/143 дугаар тушаалын 1 дэх заалтын “… С-ын Г- ...”-т холбогдох хэсгийг, мөн өдрийн Төрийн нарийн бичгийн даргын Б/144 дүгээр тушаалын хавсралтын 50-д заасан С.Г-т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгох, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд мэргэжлийн дагуу ажил, албан тушаалд томилох, уг албан тушаалд томилогдох хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/28 дугаар тушаалаар тус яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт нэхэмжлэгчийн ахлах мэргэжилтнээр томилсон тушаалд заасан ТЗ-8 зэрэглэлийн 5 дугаар шатлалаар үндсэн цалин 795,935 төгрөг, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэх 10 хувь, зэрэг дэвийн нэмэгдэл 20 хувь, хоол унааны зардлыг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2019/0490 дугаар шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, маргааны үйл баримт буюу хариуцагчийн хариу тайлбартай холбоотой асуудлын талаар холбогдох дуу бичлэг, төрийн албаны мэргэшлийн шалгалт өгч тэнцсэн тухай баримт сэлтийг гаргаж, үгүйсгэх байдлаар мэтгэлцсэн боловч шүүх хэт нэг талыг барьж, зөвхөн хариуцагч талын хариу тайлбар, тэдний гаргаж өгсөн баримт болох \хуудас-53\ Төрийн албаны зөвлөлийн “Хариу хүргүүлэх тухай” 2018 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн 1342 дугаар албан бичгийн “... Төрийн албаны тухай хуулийн 24.1.3-т ... өөрийн хүсэлтээр төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан бол төрийн албанаас чөлөөлнө, мөн дугаар зүйлийн 17.1-д, энэ хуулийн 24.1.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөх хүмүүс төрийн албанд эргэж ороход энэ зүйлд заасан журмын дагуу мэргэшлийн шалгалт өгнө гэж заасан ...” гэсэн зөвлөмжийг шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдаж, хариуцагч захиргааны байгууллага хуулийн шаардлага, шалгуурыг хангаагүй хүнийг төрийн жинхэнэ албан хаагчаар томилсон алдааг нь шүүх дэнсэлж үзэлгүй, хариуцагчийн өөр байгууллагад С.Гыг шилжүүлэн ажиллуулах захиргааны акт гаргасан нөхцөл байдлыг зөвтгөж дүгнэсэн нотлох баримтыг үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасан “… Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн ... дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэснийг шүүх зөрчсөн.

Шүүх мөн энэхүү нэхэмжлэл, захиргааны хэргийг хэлэлцэхдээ мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.7 дахь хэсгийн “… захиргааны байгууллага ... өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, ... хууль зөрчсөн эсэхийг шалгана” гэсэн хууль зүйн зохицуулалтыг тал бүрээс нь авч үзэлгүй шийдвэрлэсэн.

Угтаа бол нэхэмжлэгч анхан шатны шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/143 дугаар тушаалын 1 дэх заалтын “…С-ын Г-...”-т холбогдох, мөн өдрийн А/144 дүгээр тушаалын хавсралтын 50-д заасан “… С.Г-...”-т холбогдох хэсгүүд нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн, зөрчигдсөн гэж үзэж энэхүү хоёр захиргааны актын хэсгүүдийг хүчингүй болгуулахаар маргаан үүсгэсэн.

Энэхүү маргаан бүхий захиргааны актууд нь нэхэмжлэгч С.Г-ыг зөвшөөрөөгүй байхад нь тушаал гаргасан, чөлөөлөөгүй байсан үе, цаг хугацааны тушаалын хавсралтад чөлөөлсөн мэтээр түүнд мэдэгдэж, сонсох ажиллагаа явуулалгүй гаргасан захиргааны актын хавсралт хэсэгтэй холбоотой асуудал нь хуульд нийцээгүй, хууль бус үйлдэл юм.

Эдгээр захиргааны актууд нь иргэний үндсэн хөдөлмөрлөх эрх, эрх чөлөөг баталгаатай эдлүүлэхтэй холбоотой, хүний эрх зүйн статус буюу Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “… ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах …” гэсэн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж, зөрчигдсөн гэж үзэж дээрх нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Мөн нэхэмжлэгч С.Г-г өөр байгууллагад шилжүүлж ажиллуулахаар шийдвэрлэсэн нь түүний ажил, албан тушаал буурах, дордуулсан, хуулиар зохицуулсан харилцаанд нийцээгүй байхаас гадна тухайн үеийн нөхцөл байдал болох яамны бүтцэд өөрчлөлт орсон, төрийн албаны шалгалт өгөөгүй гэх зорилго, шалтгаанууд нь энэхүү шилжүүлэн ажиллуулах захиргааны акттай нийцэхгүй юм.

Мөн Засгийн газрын шийдвэрээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд бүтцийн өөрчлөлт хийж, түүний дагуу ажил олгогч болох тус яамны Төрийн нарийн бичгийн дарга 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Б/144 тушаал гаргаж, энэхүү шийдвэрийг 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр нийт ажилтнуудын хурлаар танилцуулахад нэхэмжлэгч С.Г-ыг чөлөөлөөгүй байсан.

Тухайн үед буюу 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хурлын үеэр тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Н-аас дээрх Б/144 дүгээр тушаалтай холбоотойгоор тайлбар, тодруулга авахад С.Г-ыг одоогийн үүрэгт ажлаа үргэлжлүүлж хийх талаар тэрээр хэлж байсан.

Гэтэл шүүхэд нэхэмжлэл гаргасан хойно буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талын шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт болох тус яамны Төрийн нарийн бичгийн дарга нь 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Б/144 тушаалын хавсралтын 50-т нэхэмжлэгч С.Г-ыг чөлөөлсөн байдлаар, түүнд мэдэгдэлгүй үүрэгт ажлаас нь чөлөөлж байгаа үйлдэл хууль бус, хуульд заасан буюу Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 дахь заалтад заасан “… захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэсэн мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт заасан “… Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна” гэсэн хуулиар олгогдсон эрх, үүргийг хэрэгжүүлээгүй, энэхүү тушаалын хавсралтаар чөлөөлсөн үйлдэл нь илт хууль бус учраас энэхүү үр дагавар бүхий байдлыг тогтоолгохоор уг тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Энэхүү нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор шүүх хариуцагч тал буюу захиргааны акт гаргасан эрх бүхий албан тушаалтан Г.Н-аас тайлбар, тодруулга авахаар мэдэгдсэн, албадан ирүүлэх шүүгчийн захирамж гаргасан боловч тэрээр шүүх болон хуулийг үл хүндэтгэн хүрэлцэн ирээгүй, тайлбар өгөөгүй үйлдэл, эс үйлдэхүй нь хууль бус захиргааны акт гаргаснаа хүлээн зөвшөөрч байна гэж үзэхээр байхад шүүх хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт болох дуу бичлэгийг бүрэн хянаж, дүгнэлт хийлгүй үндэслэл хэсэгтээ өнгөц байдлаар, дээрх 2 захиргааны актууд нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна гэж “… Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх захиргааны тусгай зарчимд нийцсэн ...” гэж дүгнэж шийдвэрлэсэн нь хууль зүйн болоод бодит байдалтай нийцэхгүй шүүхийн шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Энэ нь шүүх аливаа хэрэг, маргааныг шийдвэрлэхдээ “… хуульд заасны дагуу эрх тэгш, шударга байх ...” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч нартай холбоотой өөрт олгогдсон зөвшөөрөгдсөн эрх зэрэг нь зөрчигдөөд байхад зөрчөөгүй, хариуцагч буюу захиргааны байгууллага нь нэхэмжлэгч С.Г-ыг тухайн үед шууд ажлаас нь халалгүйгээр боломжит байдал, замаар шийдвэрлэснийг буруутгах боломжгүй гэж дүгнэж, шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, хууль зүйн үндэслэлгүй юм.

Угтаа бол шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасан “… хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэсэн хууль зүйн зохицуулалтыг авч үзэлгүй, зөвхөн нэхэмжлэгчийг буруутай мэтээр түүнийг төрийн албанд эргэж орохдоо төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөөгүй, шаардлага хангаагүй гэж буруутгах буюу түүний эрх зүйн байдлыг дордуулсан хууль зүйн зохицуулалтыг хэрэглэж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Хууль зөрчиж томилсон юм бол томилсон эрх бүхий этгээд хариуцлага хүлээх ёстой баймаар. Эрх тэгш байх зарчим хаана байна вэ?

Харин ч нэхэмжлэгч С.Г өөрийн санаачилгаар хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн “Хүсэлт хүргэх тухай” 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 03/12 дугаартай Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн албан бичигт дурдсан “… төрийн албаны хүний нөөцөд бүртгэлтэй байснаар тооцож өгнө үү ...” гэсэн хүсэлтийн дагуу 2018 оны 12 дугаар сарын 12-20-ны өдрүүдэд зохион байгуулсан төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтад тэнцэж, төрийн албаны хүний нөөцөд 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 190 дугаар тогтоолоор Төрийн албаны зөвлөл бүртгэсэн.

Ингэж төрийн албаны мэргэшлийн шалгалт өгч тэнцсэн нь энэхүү Төрийн албаны зөвлөлийн “Хариу хүргүүлэх тухай” 2018 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн 1342 дугаар албан бичигт дурдсан зөвлөмж биелэгдэж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 03/12 дугаартай Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн хүсэлт хангагдаж, “… төрийн албаны шалгалт өгөөгүй ...” гэх зөрчил арилсан байсан.

Түүнээс гадна нэхэмжлэгч С.Г-ын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан ажлын байрны тодорхойлолтын 1.2-т заасан тусгай шаардлага “… төрийн албаны шалгалт өгч тэнцсэн байх ...” гэсэн шаардлагыг хангасан.

Ийнхүү шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу маргаан бүхий захиргааны актуудын хүрээнд шийдвэрлэлгүй, нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан “… төрийн жинхэнэ албан хаагч биш байна...” гэсэн хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж шийдвэрлэсэн тул дээрх үндэслэлүүдээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2019/0490 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгч С.Г-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор нэхэмжлэгчийг шууд ажлаас нь халалгүйгээр боломжит байдлаар Ашигт малтмал, газрын тосны газарт шилжүүлэх замаар шийдвэрлэснийг буруутгах боломжгүй, нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхээргүй байна гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

1. Нэхэмжлэгч С.Г нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/28 дугаар тушаалаар тус яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын уул уурхайн салбарын бодлогын хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтнээр томилогдон ажиллаж байжээ.

Нэхэмжлэгч тус албан тушаалд “Салбарын эдийн засаг, хөрөнгө оруулалтын үр ашиг, дотоод, гадаадын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, дэмжлэг үзүүлэх, хэрэгжилтийг хангуулах, салбарын үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавих шаардлагатай асуудлуудыг шийдвэрлэх, хоорондын уялдааг зохицуулах, ашигт малтмалын олборлолт, экспортын хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр удирдлагыг санал, зөвлөгөөнөөр хангах, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулах чиглэлээр хөрөнгө оруулалтын үр ашиг, тооцоо судалгааг гаргах, удирдлагыг мэдээллээр хангах, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тохирох, зохистой ашиглалтын татвар судалж, санал боловсруулах” зэрэг чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг байжээ

2. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 370 тогтоолоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд бүтцийн өөрчлөлт хийгдсэн ба тус яамны Төрийн нарийн бичгийн даргаас уг тогтоолыг үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/143 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг Ашигт малтмал, газрын тосны газарт шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэж, улмаар мөн өдрийн Б/144 дүгээр тушаалаар тус яамны бүх албан хаагчдыг ажил албан тушаалаас нь чөлөөлсний дотор нэхэмжлэгч багтжээ.

Нэхэмжлэгч С.Г нь орон тоо болон бүтцийн өөрчлөлтийг үндэслэн гаргасан “Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Шилжүүлэн ажиллуулах тухай” Б/143 дугаар тушаалын 1 дэх заалтын “… С-ын Г-...”-т холбогдох хэсгийг, мөн өдрийн Төрийн нарийн бичгийн даргын Б/144 дүгээр тушаалын С.Г-т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад анхан шатны шүүх тус маргаан бүхий актын үндэслэл болсон орон тоо болон бүтцийн өөрчлөлтийн улмаас нэхэмжлэгчийн эрхэлж байсан ажлын байрны чиг үүрэг байхгүй болсон гэх үндэслэлийг нотлох эсхүл няцаах баримтыг цуглуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.

3. Анхан шатны шүүх хариуцагчийн хариу тайлбарт авагдсан нэхэмжлэгч төрийн албаны шалгалт өгөөгүй байсан гэх үйл баримттай холбогдуулан нотлох баримт цуглуулсан, түүнд үнэлэлт дүгнэлт өгч, хэргийг шийдвэрлэсэн нь өрөөсгөл болжээ.

Дээр дурдсанчлан, хариуцагч нь нэхэмжлэгчийг тус яамны бүтцийн өөрчлөлтийг үндэслэн шилжүүлэн ажиллуулах, ажлаас чөлөөлөх тушаалуудыг тус тус гаргасан ба захиргааны актын үндэслэл нь маргааны үйл баримттай нийцсэн байх шаардлагатай байдаг. Хэрэв хариуцагч нь нэхэмжлэгчийг төрийн албаны шалгалт өгөөгүй байсан гэх зөрчлийн дагуу ажлаас нь чөлөөлж, шилжүүлэн ажиллуулах шийдвэрийг гаргасан бол уг шалтгааны дагуу хуулийн үндэслэлийг зааж тушаал гаргаж чөлөөлөх ёстой байсан.

Гэтэл 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нь Төрийн албаны зөвлөлд нэхэмжлэгч С.Г-ыг төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд байгаад тооцуулах хүсэлтийг 03/12 тоот албан бичгээр явуулсан бөгөөд Төрийн албаны зөвлөл 2018 оны 12 дугаар сарын 11-ны өдөр нэхэмжлэгчийг төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөх нь зүйтэйг зөвлөсөн 1342 тоот албан бичгийг явуулсан байна. Үүний дараа нэхэмжлэгч нь 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 20-ны өдрүүдэд зохион байгуулагдсан төрийн албаны мэргэшлийн шалгалтад тэнцэж Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 190 дүгээр тогтоолоор төрийн албаны нөөцөд бүртгэгдсэн байна.

 Нэхэмжлэгч өмнө нь тус яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Уул уурхайн салбарын “бодлогын хэрэгжилтийг” зохицуулах асуудал хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан ба бүтцийн өөрчлөлтөөр тус Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар нь Уул уурхайн бодлогын газар, Геологийн бодлогын газартай нэгдэж “Геологи, уул уурхайн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газар” болж өөрчлөгдсөн байна. Геологи, уул уурхайн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын одоогоор томилогдон ажиллаж буй бүх албан хаагчид нь хуучин бүтцийн Уул уурхайн бодлогын газар, Геологийн бодлогын газар, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт ажиллаж байсан хүмүүс байна. Мөн тус газруудад ажиллаж байсан зарим хүмүүс шинэ бүтцийн Стратеги бодлого, төлөвлөлтийн газар томилогдон ажиллаж байгаа.

Тус яамны өмнөх бүтцийн дагуу Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар нь 7 албан хаагчтай, Уул уурхайн бодлогын газар нь 7 албан хаагчтай, Геологийн бодлогын газар нь 8 албан хаагчтай буюу нийт 22 албан хаагчтай, тус яам нийт 75 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй байжээ. Харин шинэ бүтцийн дагуу тус яам нийт 78 албан хаагчийн орон тоотойгоор батлагдаж 67 албан хаагч томилогдсон ба Геологи, уул уурхайн бодлого, хэрэгжилт зохицуулах газар нь 15 хүний орон тоотой бүтэц батлагдаж 13 албан хаагч, Стратеги бодлого, төлөвлөлтийн газар 10 хүний орон тоотой байхаар батлагдаж 8 албан хаагч тус тус томилогдсон байна.

Харин нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаалын чиг үүрэг шинэчлэгдсэн бүтцээр хэрхсэн нь тодорхойгүй, тухайн ажлын байрны чиг үүрэг бусад албан хаагчдын ажлын байрны чиг үүрэгт нэмэгдсэн эсэх, эсхүл бүтцийн өөрчлөлтөөр бүрмөсөн хасагдсан эсэх талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Анхан шатны шүүх нь тухайн яамны бүтцийн өөрчлөлтөөр нэхэмжлэгчийн хэрэгжүүлэн ажилладаг байсан чиг үүрэг байхгүй болсон, аль эсвэл тухайн чиг үүргийг хэрэгжүүлж буй ажлын байр цөөрсөн эсэхийг тогтоосны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий захиргааны актуудын үндэслэл, маргааны үйл баримттай нийцэж байгаа эсэхийг тодруулах нь зүйтэй байна. Хэрэг хянан шийдвэрлэх явцад авагдсан тус яамны бүтцийн өөрчлөлтийн дагуу албан тушаалтнуудын хэрэгжүүлэх чиг үүргийн тухай баримт нь албан ёсоор батлагдаагүй хувилбар байх ба нотлох баримтын шаардлага хангахгүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.

Хэрэгт авагдсан материалуудын хүрээнд нэхэмжлэгчийн хэрэгжүүлэн ажилладаг байсан чиг үүрэг байхгүй болсон буюу хариуцагчийн гаргасан тушаалууд нь хуульд нийцсэн эсэх талаар бүрэн үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй байна.

Тиймээс анхан шатны шүүх нотлох баримт цуглуулах үүргээ бүрэн гүйцэтгэлгүйгээр хэргийг шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр үндэслэлтэй, хууль ёсны болж чадаагүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нотлох баримт цуглуулах, үнэлэх үүргээ бүрэн гүйцэд биелүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т зааснаар хянаж, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д нийцээгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг тус тус баримтлан

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2019/0490 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                     Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                                     Ц.ЦОГТ