Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
Хэргийн индекс | 183/2017/00431/И |
Дугаар | 210/МА2024/01446 |
Огноо | 2024-07-19 |
Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 210/МА2024/01446
2024 оны 07 сарын 19 өдөр | Дугаар 210/МА2024/01446 |
Н.,,,,,,,,,,,ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Золзаяа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2024/01816 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Н.,,,,,,,,,,,ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ,,,,,,,,,,,,,, ХХК-д холбогдох,
2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины амны 1 га газрыг чөлөөлөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.,,,,,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ,,,,,,,,,,,,,, ХХК-тай хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах тухай гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины аманд тус компанийн аялал жуулчлалын зориулалтаар ашиглаж байгаа газарт өөрийн 100 хувийн хөрөнгөөр орон сууцны хотхон барьж, барилга баригдсаны дараа гэрээний дагуу талууд хувааж авах гэрээг байгуулсан.
Гурван жилийн хугацаанд барилгыг барьж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулж зээл авах гэсэн боловч ,,,,,,,,,,,,,, ХХК-ийн зүгээс гэрээгээ зөрчиж зөвшөөрөөгүйн улмаас өөрийн барьсан барилгын газрын ашиглалтын гэрчилгээг нэр дээрээ шилжүүлэн авах шаардлага гаргасан юм.
Энэ талаар БОАЖЯ-нд хүсэлт гаргасан боловч тус яамнаас ,,,,,,,,,,,,,, ХХК-тай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж газрыг худалдан авсан, дамжуулан ашиглах хориотой, мөн газрыг зориулалтын бусаар ашиглаж байгаа учир хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн.
Гэрээ байгуулах үед ,,,,,,,,,,,,,, ХХК-ийн ашиглаж байгаа газар нь эрхийн зөрчилгүй байсан учир газрыг эзэмшигч гэж ойлгож гэрээ байгуулсан. Гэтэл гэрээ нь хуулийн олон заалт, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын тушаалыг зөрчсөн байна.
Мөн гэрээнд ашиглахаар заасан эскиз зураг нь хуурамч болох нь баримтаар тогтоогдсон.
Иймд дээрх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү.
1.2. газрын гэрчилгээ 2018 онд цуцлагдаж, үүнтэй холбоотой 3 шатны шүүхийн шийдвэр гарсан, тухайн барилга барьсан газар хариуцагчийн газар биш учраас газар чөлөөлөх сөрөг нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзал, сөрөг нэхэмжлэлийн агуулга:
2.1. 2013 онд гэрээ байгуулахад газар ашиглах эрх нь хүчин төгөлдөр байсан. Эзэмших эрх бүхий газар дээрээ Н.,,,,,,,,,,,тай гэрээ хийсэн тул 2013 оны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах хууль зүйн үндэслэл байхгүй. Иймд үндсэн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.
2.2. 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн гэрээгээр Н.,,,,,,,,,,, нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богинын аманд байрлах 30 га газрын 1 га газарт амрагчдын 20 орон сууц бүхий хотхоныг өөрийн зардлаар барих, манай компани 3 орон сууцыг захиран зарцуулах, нэг орон сууцыг худалдан борлуулсан төлбөрийг тэнцүү хувааж авахаар тохиролцсон.
Гэтэл Н.,,,,,,,,,,, нь гэрээгээр харилцан тохиролцсон үүргээ зөрчиж, 2011 онд ерөнхий төлөвлөгөөгөөр батлагдсан зураг төслийг зөвшөөрөлгүйгээр дур мэдэн өөрчилж, барилга нэмж барьж байгалийн үерийн жалга, шуудуйг өөрчилж, жалгыг барилгын шороогоор дүүргэх хэлбэрээр 9,000 м.кв газарт зөвшөөрөл авалгүйгээр нэмж 10 гаруй барилга барихаар зарим барилгын суурийн ажлыг хийж гүйцэтгэсэн.
Энэ талаар удаа дараа шаардлага тавьж байсан боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан учраас 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр гэрээнээс татгалзах тухай мэдэгдэл хүргүүлсэн.
Иймд гэрээнээс татгалзсан тул Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богинын амны 1 га газрыг чөлөөлөхийг даалгаж өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх заасныг баримтлан 2013 оны 12 сарын 20-ны өдрийн 2 дугаар ,,,,,,,,,,,,,, ХХК, иргэн Н.,,,,,,,,,,, нарын хооронд байгуулагдсан хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах гэрээг хууран мэхэлж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хариуцагч ,,,,,,,,,,,,,, ХХК-ийн гэрээнээс татгалзаж, газар чөлөөлөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ,,,,,,,,,,,,,, ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.,,,,,,,,,,,ад олгож шийдвэрлэсэн.
4. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
"Ерөнхий төлөвлөлт, эскиз"-ийг хуурамчаар үйлдсэн гэж эцэслэн тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэр байхгүй. Түүнийг баталсан болон гүйцэтгэсэн эрх бүхий албан тушаалтнуудын хэн нь гэм буруутай болохыг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэр мөн байхгүй.
",,,,,,,,,,,,,," ХХК-ийн захирал ,,,,,,,,,,,,, тус баримтыг хуурамчаар үйлдэж эсхүл, хуурамч гэдгийг мэдсэн атлаа Н.,,,,,,,,,,,тай гэрээ байгуулахын тулд түүнийгээ нуун дарагдуулж "хууран мэхэлсэн" гэдгийг тогтоосон баримт байхгүй. Ийнхүү нотлох баримтын жинхэнэ агуулгаар дүгнэлт өгөхгүй, түүний хамааралтай байдал, мөн нотлогдоогүй үйл баримтын талаар нотлогдсон, тогтоогдсон мэтээр дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэрийг үндэслэл бүхий байх зарчмыг хангаагүй.
Иймд үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:
Хууль зөрчиж гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Барилгын ерөнхий төлөвлөгөө, эскиз, ажлын зураг нь хуурамч болохыг эрүүгийн журмаар шалгаж тогтоосон. Анхан шатны шүүх үндэслэлтэй шийдвэр гаргасан тул гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.
2. Нэхэмжлэгч Н.,,,,,,,,,,, хариуцагч ,,,,,,,,,,,,,, ХХК-д холбогдуулан 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч ,,,,,,,,,,,,,, ХХК эс зөвшөөрч, Хан-Уул дүүргийн 11-р хороо, Богины амны 1 га газрыг чөлөөлүүлэхээр сөрөг нэхэмжлэл гаргасан.
2.1. Нэхэмжлэгч нь гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэл гаргахдаа хэлцлийн үр дагаврыг шаардаагүй тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт өгснийг буруутгахгүй.
Харин уг маргааныг шийдвэрлэхдээ анхан шатны шүүх үйл баримтыг буруу тогтоож, алдаатай эрх зүйн дүгнэлт өгсний улмаас шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
3. Хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.4 дэх хэсэгт зааснаар үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1. 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан гэрээгээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины аманд байрлалтай 30 га газрын ашиглагч ,,,,,,,,,,,,,, ХХК-ийн 1 га газарт амрагчийн 20 ширхэг сууц бүхий хотхоныг Н.,,,,,,,,,,, нь өөрийн хөрөнгөөр барьж ашиглалт оруулах, хотхоны сууцнаас ,,,,,,,,,,,,,, ХХК 3 сууц, мөн 1 сууцны үнийн тал хувийг авахаар харилцан тохиролцсон /1хх 3-6/.
3.2. Гэрээний дагуу ,,,,,,,,,,,,,, ХХК-ийн ашиглалтын зөвшөөрөлтэй 1 га газарт 2014 оноос 2016 оны 8 сарын хүртэлх хугацаанд нэхэмжлэгч Н.,,,,,,,,,,, нь өөрийн хөрөнгөөр тус бүр нь 3 давхар 24 ширхэг орон сууцыг барьж цутгалтын ажлыг хийж гүйцэтгэсэн болох нь зохигчийн тайлбар, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр тогтоогдсон /1хх 90-104/.
3.3. ,,,,,,,,,,,,,, ХХК нь Байгаль орчны сайдын 2008 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 283 дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан уулын дархан цаазат газрын Богины аманд аялал жуулчлалын зориулалтаар 30 га газар ашиглах эрхийг авсан.
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/220 дугаар тушаалаар дээрх газраас 20.7 га газрын эрхийг ,,,,,,,,,,,,,, ХХК-ийн хамаарал бүхий компаниудад шилжүүлж, 9.3 га газар ашиглах эрх тус компанид үлдсэн.
Мөн Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/40 дугаар тушаалаар ,,,,,,,,,,,,,, ХХК-ийн 9.3 га газрын эрхийг төлбөр төлөөгүй, улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй гэсэн үндэслэлээр дуусгавар болгосон, энэ газарт 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн гэрээнд заасан 1 га газар багтсан болно /1хх 46-48, 82-85, 165/.
3.4. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2018/0456 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2018/0552 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 0499 дугаар тогтоолоор Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/40 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар гаргасан ,,,,,,,,,,,,,, ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн /1хх 183-193, 205-207/.
3.5. 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн гэрээнд заасан 1 га газрыг ашиглах эрх одоо Н.,,,,,,,,,,,ад шилжсэн.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2018/0531 дүгээр захирамжаар энэ талаарх Н.,,,,,,,,,,, болон Байгаль орчин аялал жуулчлалын сайд нарын эвлэрлийг баталсан /1хх 117/.
3.6. ,,,,,,,,,,,,,, ХХК-иас Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга буюу Улаанбаатар хотын Ерөнхий архитектор ,,,,,,,,,,,,,,аар 2011 оны аялал жуулчлалын Дүнжингарав цогцолборын 1-р хэсэг Б амрагчдын сууц төслийн эскиз зургийг батлуулсан нь хуурамч талаар Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 03/4388 тоот албан бичиг, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 02/1532 тоот албан бичигт дурдсан /1хх 127, 130/.
Энэ талаар гаргасан Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын гомдлыг шалгаад Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2013 оны 07 сарын 10-ны өдрийн 734 дугаар тогтоолоор хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сар өнгөрсөн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн /1хх 145-146/.
Мөн дээрх асуудлаар гаргасан Н.,,,,,,,,,,,ын гомдлыг шалгаад Нийслэлийн Прокурорын газрын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 163 дугаар тогтоолоор ,,,,,,,,,,,,,, нь эскиз зургийг урьдчилсан байдлаар танилцаад гарын үсгийн дардас дарж буцаасан, харин гарын зураагүй, ,,,,,,,,,,,,,,ыг албан тушаалын байдлаа урвуулан хуурамч баримт бичиг үйлдсэн гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй тул эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан /1хх 156-159/.
3.7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга буюу Улаанбаатар хотын Ерөнхий архитектор ,,,,,,,,,,,,,,ын 2011 онд баталсан аялал жуулчлалын Дүнжингарав цогцолборын 1-р хэсэг Б амрагчдын сууц төслийн эскиз зурагт зурагдсан гарын үсэг ,,,,,,,,,,,,,,ын гарын үсэг мөн эсэхэд шинжээч томилоход Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 1485 дугаар дүгнэлтээр гарын үсэг мэт зүйлийг ердийн өнгөт хэвлэх төхөөрөмж ашиглан, ердийн хэрэглээний цаасан дээр хэвлэсэн, 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 2223 дугаар дүгнэлтээр гарын үсэг гэх зүйл нь бичих хэрэгслээр зурагдаагүй, өнгөт хэвлэх төхөөрөмж ашиглан хэвлэсэн гэж дүгнэлт гаргасан /2хх 150-153, 168-174/.
3.8. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга буюу Улаанбаатар хотын Ерөнхий архитектороор ажиллаж байсан Э.Хүрэлбаатар нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө 2011 онд баталсан аялал жуулчлалын Дүнжингарав цогцолборын 1-р хэсэг Б амрагчдын сууц төслийн эскиз зургийг өөрөө биечлэн баталсан хүчинтэй зураг, зөвшөөрөлгүй компани зураг төсөл хийхгүй, тухайн баримт дээрх гарын үсэг минийх мөн, гэхдээ зураг батлахад хэрэглэдэг гарын үсгийн дардсаа дарсан, тамга нь манай байгууллагын тамга мөн гэж мэдүүлжээ /2хх 141-142/
3.9. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 02-01/872 тоот албан бичгээр 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн гэрээгээр 20 ширхэг орон сууц барих, хөрөнгө оруулалт хийх гэрээ байгуулсан нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.1.2-т заасныг зөрчсөн талаар дурдсан /1хх 131-133/.
4. Зохигч нь хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхээр харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний харилцаанд хамаарч байна.
4.1. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл, тайлбарт дурдсан үндэслэлээр 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцэл гэж дүгнэх үндэслэлгүй.
4.2. ,,,,,,,,,,,,,, ХХК нь Байгаль орчны сайдын 2008 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 283 дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан уулын дархан цаазат газрын Богины аманд аялал жуулчлалын зориулалтаар 30 га газар ашиглах эрх олж авсан.
Уг ашиглах эрх олгосон тушаал, гэрчилгээнд заасан аялал жуулчлалын зориулалтаар амрагчийн сууц барих ажилд Н.,,,,,,,,,,,тай хамтран ажиллахаар гэрээ байгуулсан нь анх газар ашиглах эрх олгосон зориулалтад нийцсэн.
Мөн ийнхүү гэрээ байгуулсан нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын дэглэм, горимоор хориглосон, гэрээнд зааснаас өөр буюу байгаль орчинд сөрөг нөлөөлөх үйл ажиллагаа явуулахыг хориглоно, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-т заасан гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах зэрэг зохицуулалтыг зөрчөөгүй.
Түүнчлэн гэрээ байгуулах үед ,,,,,,,,,,,,,, ХХК-ийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан уулын дархан цаазат газрын Богины аманд аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр цуцлагдаагүй байсан учир гэрээ байгуулахад эрхийн зөрчил байгаагүй.
4.3. Гэрээний 1.2, 2.1, 3.1-д зааснаар ,,,,,,,,,,,,,, ХХК нь Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга буюу Улаанбаатар хотын Ерөнхий архитектор ,,,,,,,,,,,,,,ын 2011 онд баталсан аялал жуулчлалын Дүнжингарав цогцолборын 1-р хэсэг Б амрагчдын сууц төслийн эскиз зураг, ерөнхий төлөвлөгөөг Н.,,,,,,,,,,,ад хүлээлгэн өгч, үүний дагуу Н.,,,,,,,,,,, нь амрагчийн сууцыг барихаар тохиролцсон.
4.4. Хэрэгт авагдсан баримтаар 2011 онд батлагдсан аялал жуулчлалын Дүнжингарав цогцолборын 1-р хэсэг Б амрагчдын сууц төслийн эскиз зураг, ерөнхий төлөвлөгөө нь хуурамч болох нь тогтоогдоогүй.
Энэ талаарх Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 03/4388 тоот албан бичиг, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 02/1532 тоот албан бичиг хэрэгт авагдсан ч эдгээр байгууллага нь баримт бичгийн хуурамч эсэхийг шалгаан тогтоох эрх бүхий байгууллага биш.
Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын гомдлыг шалгаад Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 734 дугаар тогтоол гаргаж хэргийг хэрэгсэхгүй болгохдоо зөвхөн хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэлт өгсөн бөгөөд эскиз зураг, ерөнхий төлөвлөгөө хуурамч эсэх, үүнд хэн буруутай эсэх талаар дүгнэлт өгөөгүй.
Мөн дээрх асуудлаар гаргасан Н.,,,,,,,,,,,ын гомдлыг шалгаад Нийслэлийн Прокурорын газрын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 163 дугаар тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзахдаа ,,,,,,,,,,,,,, нь эскиз зургийг урьдчилсан байдлаар танилцаад гарын үсгийн дардсаа дарсан, харин гарын үсэг зураагүй, мөн ийнхүү эскиз, ажлын төлөвлөгөөг батлахдаа ,,,,,,,,,,,,,, нь албан тушаалын байдлаа урвуулан хуурамч баримт бичиг үйлдээгүй гэж дүгнэсэн.
4.5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргааны зүйл болж буй эскиз зураг, ерөнхий төлөвлөгөөг баталсан ,,,,,,,,,,,,,, мэдүүлэг өгөхдөө хянаж батлахдаа гарын үсэг зураагүй, харин гарын үсгийн дардсаа ашигласан гэдгээ өөрөө мэдүүлсэн.
Энэ талаар гарсан шинжээчийн дүгнэлтүүдэд ,,,,,,,,,,,,,,ын гарын үсэг эскиз зураг, ерөнхий төлөвлөгөөнд зурагдаагүй, харин тоног төхөөрөмж ашиглан хэвлэсэн гэж дүгнэсэн.
Өөрөөр хэлбэл, эскиз зураг, ерөнхий төлөвлөгөөг тухайн үед Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга буюу Улаанбаатар хотын Ерөнхий архитектороор ажиллаж байсан ,,,,,,,,,,,,,, өөрөө биечлэн хянаж баталсан байх бөгөөд ингэхдээ гарын үсгээ анхнаасаа зураагүй, гарын үсгийн дардсаа ашиглаж өөрөө дарсан байгаа учир уг эскиз зураг, ерөнхий төлөвлөгөөг хуурамч гэж дүгнэхгүй.
4.6. Иймд ,,,,,,,,,,,,,, ХХК нь тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын дэглэм, горим зөрчиж, хуурамч эскиз зураг, ерөнхий төлөвлөгөө ашиглаж, газар ашиглах эрхгүй атлаа Н.,,,,,,,,,,,тай 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан гэж дүгнэх үндэслэлгүй тул энэ гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцэлд тус тус тооцохгүй.
Энэ талаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно.
5. Гэрээний 5.1-д хотхоны барилгын ажил бүрэн баригдаж, газар ашиглагчид ногдох хүлээн авах хүртэлх хугацаагаар гэрээний хугацааг заасан. Энэ тохиролцооны агуулгаар талууд нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсэгт заасан урт хугацаатай гэрээг байгуулсан байна.
Гэрээний хэрэгжилтийн явцад буюу Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/40 дугаар тушаалаар ,,,,,,,,,,,,,, ХХК-ийн Богдхан уулын дархан цаазат газрын Богины аманд аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрхийг дуусгавар болгосон. Уг тушаалыг хүчингүй болгуулахаар гаргасан ,,,,,,,,,,,,,, ХХК-ийн нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон, шийдвэр хүчин төгөлдөр болжээ.
5.1. Ийнхүү гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулагдсаны дараа илтэд өөрчлөгдөж, ,,,,,,,,,,,,,, ХХК нь хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон тул Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь ,,,,,,,,,,,,,, ХХК-ийн Богдхан уулын дархан цаазат газрын Богины аманд аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх дуусгавар болсон өдрөөс эхлэн хамтран ажиллах гэрээнээс татгалзсан байна.
5.2. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.
Гэхдээ ,,,,,,,,,,,,,, ХХК-ийн Богдхан уулын дархан цаазат газрын Богины аманд аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх дуусгавар болсон тул нэхэмжлэгчээс гэрээнд заасан газрыг чөлөөлүүлэхээр шаардах эрх байхгүй.
Энэ дүгнэлтийн хүрээнд хариуцагчийн гаргасан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины амны 1 га газрыг чөлөөлөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно.
6. Дээр дурдсан дүгнэлтийн дагуу хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2024/01816 дугаар шийдвэрийг хүчингүй болгож,
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч ,,,,,,,,,,,,,, ХХК-нд холбогдох 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэгч Н.,,,,,,,,,,,ын гаргасан үндсэн нэхэмжлэлийг,
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч Н.,,,,,,,,,,,ад холбогдох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины амны 1 га газрыг чөлөөлөхийг даалгах тухай хариуцагч ,,,,,,,,,,,,,, ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
Т.БАДРАХ