Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 228

 

 

 

 

 

 

 

 

 

 

С.Уртнасанд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

           Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Зориг, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                       

          Прокурор Г.Эрдэмбаатар,

          Ялтан С.Уртнасан, түүний өмгөөлөгч М.Машбат,

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Уянга,

          Нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

         

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж, шүүгч Ч.Отгонбаяр, А.Алтанхуяг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 52 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан С.Уртнасан, түүний өмгөөлөгч М.Машбат нарын гаргасан давж заалдах гомдлуудаар С.Уртнасанд холбогдох 2016 2602 1303 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Мятав овгийн Сэлээдийн Уртнасан, 1979 оны 5 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, англи, орос хэлний багш мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эцэг, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, “Богд-Ар” хорооллын 9А байрны 193 тоотод оршин суух,

 

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2002 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 419 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 80.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн, /РД:ИЭ79053021/,

 

С.Уртнасан нь 2016 оны 4 дүгээр сарын 16-ны шөнийн 22 цагийн үед Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, “Богд-Ар” хорооллын 9а байрны 193 тоот, иргэн С.Уртнасангийн орон сууцны гал тогооны өрөөнд согтуурсан үедээ утсаар ярьсан эмэгтэйтэй нь хардаж, “балиар новш минь гэрээс зайл” хэмээн хамтран амьдрагч А.Ганболдын хэвлийн тус газарт 1 удаа хутгалан, хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн Прокурорын газраас: С.Уртнасангийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: С.Уртнасанг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар С.Уртнасанг 5 жил 1 сарын хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар С.Уртнасанд оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, С.Уртнасангийн цагдан хоригдсон 8 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн 12 см иштэй, 14 см ажлын хэсэгтэй, нийт 26 см урттай хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, 1 ширхэг СD бичлэгийг хэрэгт хавсаргаж, хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар С.Уртнасангаас 50.000.000 төгрөгийг гаргуулахыг хүссэн Б.Уянгын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 188 дугаар зүйлийн 188.1, Гэр бүлийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1 дэх хэсэгт зааснаар 2006 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн Уртнасангийн Төмөрсүхэд асран хамгаалалт тогтоохыг Баянгол дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.

 

Ялтан С.Уртнасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Энэ хэргийг би өөрийн санамсар болгоомжгүй байдлаас болж үйлдсэндээ маш их гэмшиж байна. Хохирогч А.Ганболд бид хоёр энгийн сайн харилцаатай, хоорондоо хэрэлдэж маргалдаж байсан удаагүй. Хэрэг гарсан өдөр ч маргалдах зүйл гараагүй. Би шүүхээс тогтоосон 5 жил 1 сар хорих ялыг доорх байдлыг үндэслэн хөнгөрүүлж өгнө үү гэж хүсэж байна.

Миний бие өрх толгойлсон эмэгтэй бөгөөд 80 настай эцэг, 10 настай хүүгээ асран хамгаалдаг. Би 2012 оноос хойш Хавдар судлалын Үндэсний төвд хорт хавдрын хяналтад байдаг. Хохирогч А.Ганболдын мөрдөн байцаалтад өгсөн “би санал гомдол байхгүй” гэх мэдүүлэг зэргийг харгалзан үзэж хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү ...” гэв.

 

Ялтан С.Уртнасангийн өмгөөлөгч М.Машбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх дүгнэлт гаргахдаа хэрэгт ач холбогдол бүхий байдлуудад дүгнэлт хийхгүйгээр түүнийг шууд санаатайгаар бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан хэмээн эрүүгийн хариуцлага оногдууллаа.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, тухайлбал хохирогч А.Ганболдын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүдэд “... тэгээд сууж байтал Ууганаа гэдэг таньдаг хүүхэн миний гар утас руу залгаад, бид гар утсаар ярьж дуусаад сууж байтал Уртаа “юун хүүхэн, яадаг хүүхэн юм” гэхээр нь би тоглоод “өөр найз хүүхэнтэй болсон, чамаас одоо салж байгаа” гэсэн. Тэгтэл Уртаа “хоёр балиар новш минь зайл” гэхээр нь би инээд алдаад зогсож байтал мах идэж байсан шар өнгийн иштэй хутгыг баруун гартаа бариад “одоо зайл, зайлахгүй бол муу банзал юмнуудыг хатгачихна шүү” гэж хэлсэн бөгөөд хоёр удаа өөдөөс чичиж айлгасан. Тэгэхээр нь би арай хатгачихгүй байх гээд инээд алдаад “хутга сунадаг юм шүү муу хүүр минь” гээд зогсож байтал дахиад нэг чичсэн чинь аймхай хэсгийн доод руу хутга нь яваад орчихсон. ... С.Уртнасан бид хоёр хамтран амьдраад таван жил болж байгаа. Бид хоёрын хооронд маргалдах асуудал байдаггүй, хүнтэй хардаж байсан удаа байхгүй. Тэр өдөр л гэнэт таньдаг хүн яриад, би тоглосон чинь уурласан. Би С.Уртнасантай хамтран амьдардаг, надад гомдол санал байхгүй ...” гэжээ.

Энэ мэдүүлэг нь гэрч Энхбаяр, яллагдагч С.Уртнасан нарын мэдүүлгээр давхар нотлогддог. Эдгээр оролцогчдын мэдүүлэг нь уг хэргийг шийдвэрлэхэд үндэслэл болсон голлох нотлох баримт юм.

Энэ баримтуудаас харахад С.Уртнасан хохирогч А.Ганболд нарын хооронд ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй, харин тоглоом шоглоомын хооронд санамсаргүй гэмтэл учруулсан байх боломжтой. Гэм буруугийн сэдэлт, зорилгын хувьд шууд санаатайгаар гэмтэл учруулахаар довтлоогүй, санамсаргүй байдлаар гэмтэл учруулсан байх боломжтой байдал ч харагдаж байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн болон бусад байдлыг зайлшгүй нотолно гэж заажээ. Гэм буруугийн дээрх байдлаас гадна анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, бусдад учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн болон хувийн байдлын хувьд бага насны хүүхэд, өндөр настай эцгийн хамт амьдардаг зэрэг байдлуудыг нь анхан шатны шүүх ял оногдуулахдаа харгалзаж үзээгүй байх тул эдгээр байдлуудыг харгалзан түүнд оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 55 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлж өгнө үү ...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Уянга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... А.Ганболдын эхнэр нь байна. Өмгөөлөгч 5 жил тэднийг хамт амьдарсан гэж худлаа яриад байна. Энэ С.Уртнасан миний нөхрийг уруу татаж, архи ууж явсаар байгаад миний 4 хүүхэд хохироод үлдэж байна. Үхсэн хүн үг хэлэх биш гээд худлаа ярьж байгаад гайхаж байна. Талийгаач нөхөр хохиролтой, гомдолтой гэхэд 1 сарын турш дуудан, архи уулгаж, гомдлоо буцаагаад авчих, байцаагчид чинь 5.000.000 төгрөг өгъе, чамд 1.500.000 төгрөг өгөөд хохиролгүй болгоё. Тэгээд Цагдаагийн байгууллагаас салж ажил хийе гэсэн байдаг. Миний нөхөр бас үр хүүхдүүдээ тэжээхийн тулд гомдолгүй гэж хэлээд салъя гэж бодсон байх. Хохиролд 800.000 төгрөг төлсөн гэж яриад байна. Талийгаачид мөнгө өгсөн үгүйг мэдэхгүй байна. Надад 200.000 гаруй төгрөг өгсөн. Тэр мөнгөөр өмгөөлөгч авсан. Хүн алж 4 хүүхдийн минь ирээдүйг баллачихаад ял хөнгөрүүлж өгнө үү гээд байгааг ойлгохгүй байна ...” гэв.

 

Прокурор Г.Эрдэмбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... С.Уртнасан нь хохирогчид учрах гэмтлийг мэдэж байсан атлаа үйлдсэн учраас түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй зөв гарсан, хэвээр үлдээж өгнө үү ...” гэв.

ХЯНАВАЛ:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж хэргийг бүхэлд нь хянав.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангажээ.

 

С.Уртнасан нь 2016 оны 4 дүгээр сарын 16-ны шөнийн 22 цагийн үед Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, “Богд-Ар” хорооллын, 9а байрны 193 тоот орон сууцны гал тогооны өрөөнд согтуурсан үедээ, А.Ганболдыг утсаар ярьсан эмэгтэйтэй нь хардаж, “балиар новш минь гэрээс зайл” хэмээн хамтран амьдрагч А.Ганболдын хэвлийн тус газарт 1 удаа хутгалж түүний биед хэвлийн хөндий рүү нэвтэрч элэгний 3 дугаар сегмент, ходоодны өмнөд ханыг гэмтээсэн шарх, хэвлийн дотуур цус алдалт бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

                       

            Мөрдөн байцаалтын шатанд хохирогч А.Ганболдын мэдүүлсэн “... С.Уртнасан бид хоёр хамтран амьдраад 5 жил гаруй болж байна. С.Уртнасан над руу залгаад “хүрээд ир, ганц юм ууя” гэж дуудсан. Баяраа бид хоёр С.Уртнасангийн гэр болох Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, “Богд-Ар” хорооллын 9а байр, 193 тоотод 19 цагийн үед ирэхэд тэр халамцуу сууж байсан. Хүү Төмөрөө нь хамт байсан. С.Уртнасан өвчүү чаначихсан байхаар нь Баяраа бид хоёр нэг шил 0.75 литрийн “Хараа” архи авч, бид гурав гал тогооны өрөөнд архи хувааж уугаад, мах идсэн. Тэгээд сууж байтал Ууганаа гэдэг таньдаг хүүхэн миний гар утас руу залгаад, би гар утсаар ярьж дуусаад сууж байтал С.Уртнасан “юун хүүхэн юм, яадаг хүүхэн юм” гэхээр нь би тоглоод “өөр найз хүүхэнтэй болсон, чамаас одоо салж байгаа” гэж хэлсэн. Тэгтэл С.Уртнасан “хоёр балиар банзал новш минь зайл” гэхээр нь би инээд алдаад зогсож байтал С.Уртнасан мах идэж байсан шар өнгийн иштэй хутгыг баруун гартаа бариад “одоо зайл, зайлахгүй бол муу банзал юмнуудыг хатгачихна шүү” гэж хэлсэн бөгөөд хоёр удаа өөдөөс чичиж айлгасан. Тэгэхээр нь би арай хатгачихгүй байх гээд инээд алдаад “хутга сунадаг юм шүү муу хүүр минь” гээд зогсож байтал дахиад нэг чичсэн чинь миний аймхай хэсгийн доод руу хутга нь яваад орчихсон. Тэгэхээр нь би “наад хутга чинь орчихлоо шүү дээ” гээд орилсон чинь С.Уртнасан хутгаа сугалаад авсан. Би “Баяраа хоёулаа хурдан Гэмтлийн эмнэлэг явъя, хутга орчихлоо” гэж хэлээд шууд хаалгыг нь онгойлгоод гарч явсан. Тэгтэл Баяраа үлдчихээд хэрүүл хийгээд зогсоод байсан. Би буцаж ороод “Баяраа хоёулаа хурдан явъя, нээрээ орчихлоо” гэж хэлчихээд С.Уртнасанг “чи муу намайг хутгалчихлаа” гээд хоёр алгадсан. ... Би 5 хоног юм идээгүй, эмнэлэгт хэвтэж, гуурсаа авахуулаад 6 дахь хоногоосоо юм идэж эхэлсэн. Эмнэлэгт нийт 10 хоног хэвтэж эмчлүүлээд гарсан. Одоо миний биеийн байдал сайн байгаа ...” /1-р хх 14-16/,

 

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Энхбаярын мэдүүлсэн “... С.Уртнасан 19 цагийн үед залгаад “бид хоёрыг гэртээ хүрээд ир” гэж хэлсэн. Тэгээд бид С.Уртнасангийн гэрт буюу Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, “Богд-Ар” хорооллын 9а байрны 193 тоотод орсон. Ортол С.Уртнасан нилээн согтсон байдалтай байсан бөгөөд хүүхэд нь гээд нэг банди том өрөөндөө зурагт үзээд байж байсан. Тэгээд бид хоёр С.Уртнасантай нийлээд гал тогооны өрөөнд 1 шил архи задлаад, хувааж уусан. Чанасан махнаас гурвуулаа идээд байж байтал А.Ганболдын гар утас нь дуугараад, нэг эмэгтэй хүн ярьж “А.Ганболд бид хоёрыг хүрээд ир” гэж байсан. Тэр үед С.Уртнасан ширээн дээр мах идэж байсан шар өнгийн иштэй никель хутгыг атгаж аваад, тоглоод байгаа нь мэдэгдэхгүй А.Ганболд руу чичээд, тэгж байгаад дахиж нэг чичихэд А.Ганболд босоод ирсэн. Тэр үед С.Уртнасан дахиж чичихэд хутга  гэдэс рүү нь яваад орчихсон. С.Уртнасан сандраад хутгыг сугалаад авсан. Тэр үед А.Ганболдын гэдэснээс цус нэвтрээд гараад ирэхээр нь би түүнийг авч гараад Гэмтлийн эмнэлэг рүү очоод үзүүлсэн чинь оёдол тавьж өгөөд, Цэргийн госпитал руу яв гэж хэлсэн. ... Маргааш нь С.Уртнасангийн гэрт очиж “чи өчигдөр А.Ганболдыг хутгалчихсан” гэж хэлсэн чинь итгэж өгөхгүй байсан бөгөөд С.Уртнасан болсон зүйлийг санахгүй, их согтсон байсан ...” /1-р хх 17-18, 179-181/,

 

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Золзаяагийн мэдүүлсэн “...  С.Уртнасан над руу залгаад “А.Ганболдыг намайг хутгалчихсан гээд байна” гэсэн юм яриад уйлаад байсан. Тэгээд шөнө нь очоогүй бөгөөд маргааш нь буюу 2016 оны 4 дүгээр сарын 17-ны өглөө  эрт С.Уртнасангийн гэрт ороход С.Уртнасан хүүтэйгээ хоёулаа байсан. Юу болсон талаар асуухад “А.Ганболдыг Цэргийн госпитал руу аваад явсан, намайг хутгалсан гэж яриад байна. Тэр орой А.Ганболд руу нэг хүүхэн яриад, бид хоёр маргалдаад, А.Ганболд миний толгой руу хэд цохисон. Тэгээд би юу болсныг санахгүй байна” гэж ярьсан. Тэгээд С.Уртнасан бид 2 том өрөөнд нь ороод тал шил архи хувааж уугаад, би унтсан. Орой нь сэрсэн чинь А.Ганболдын дүү ирж уулзсан. ... Энэ асуудал болсны дараа би А.Ганболдтой тулж уулзаад “чи найздаа яг үнэнийг хэлээд өг, Ц.Энхбаяр та 2 гарч явчихаад цустай орж ирсэн гэх зүйл С.Уртнасан яриад байсан” гэж асуухад А.Ганболд “С.Уртнасан намайг яалт ч үгүй хутгалсан, би өөрөө мэдэж байна. С.Уртнасан болон Ц.Энхбаяр нартай хамт гал тогооны өрөөнд сууж байхад нэг хүүхэн над руу ярьж таараад тэрнээс болж С.Уртнасантай маргалдаад, тэр мах мөлжиж байсан хутга бариад сууж байгаад тоглоод хутгаар чичсэн. Тэгэхээр нь “хутга сунадаг шүү” гэсэн чинь дахиж чичиж байгаад хатгачихсан. Ц.Энхбаяр намайг хутгалаагүй, би мэдэж байна” гэсэн. Дараа нь би С.Уртнасантай уулзаад болсон зүйлийн талаар асуухад “би Ц.Ганболдтой маргалдаад сууж байснаа санаж байгаа юм, тэрнээс хойш болсон зүйлийг сайн санахгүй байна” гэж хэлсэн ...” /1-р хх 19, 176-178/,

 

            Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Уянгын мэдүүлсэн “... Хүүгээ дагуулаад А.Ганболдын хэвтэж байгаа тасагт нь очиж уулзахад А.Ганболдын уруул нь хатчихсан, царай нь цайсан байдалтай, хамар болон амаар нь гуурс орчихсон, шархаа надад харуулахад цээжин тус газар 20 см орчим урттай шарх байсан. Тэгээд юу болсон талаар асуухад “бид хоёр Энхбаярын гэрт байж байтал С.Уртнасан дуудаад, С.Уртнасангийн гэрт нь очоод хамт байж байхад нь С.Уртнасан нь А.Ганболдод хандаж “чи миний ээжийг нас барахад яагаад ирээгүй юм” гэхэд А.Ганболд “би юу гэж мөнгө төгрөггүй байж очихов дээ” гэсэн. Тэгэхэд С.Уртнасан согтуу байсан бөгөөд мах идэж байсан хутгаараа “чи яагаад ирээгүй юм, алчих уу” гээд урдаас чичээд цээжин тус газар нь хоёр гурван удаа айлгаад дүрээд байсан” гэсэн. Тэр үед манай нөхөр “наадах чинь тоглоом биш шүү, хутга сунадаг юм шүү” гэхэд “дүрчих үү, дүрчих үү” гээд байсан гэсэн. Тэгж байгаад дүрсэн” гэж надад хэлсэн ...” /1-р хх 123-128/,

 

            Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Гансүхийн мэдүүлсэн “... Би талийгаач А.Ганболдын төрсөн дүү нь юм. 2016 оны 4 дүгээр сарын 16-ны шөнө А.Ганболд миний гар утас руу залгаад “ах нь хүнд хутгалуулчихлаа, би ярьж чадахгүй байна, чи Баяраатай ярь” гэж хэлээд Баяраатай ярьтал “Уртнасан гэртээ гал тогоонд байж байхдаа хутгалчихлаа” гэсэн ...” /1-р хх 129-131, 175/,

 

            Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй гэрч У.Төмөрсүхийн мэдүүлсэн “... орой Буржак ах /А.Ганболд/, Баяраа ах хоёр гаднаас орж ирсэн. Тэр хоёр эрүүл байх шиг байсан. Тэр хоёр гэрт орж ирээд ээжтэй хамт гал тогооны өрөөнд юм яриад суугаад байсан ...” /1-р хх 134-135/,

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Сүхбаатарын мэдүүлсэн “...Төмөр зам дахь цагдаагийн хэсэг дээр ахлах ахлагч И.Ганхуягийн хамт жижүүрийн үүрэг гүйцэтгэж байхад Тайшир 10-аас 23 цаг 30 минутын үед “9а байрны 193 тоот айлын хаалгыг согтуу хүн балбаад байна” гэсэн дуудлага мэдээллийг очиж шалгахад, 40 орчим настай эмэгтэй, архи үнэртүүлсэн байдалтай байсан. Тэгээд юу болсон талаар асуухад “согтуу хүн хаалга балбаад байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь “та өөрөө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн юм уу, таны таньдаг хүн юм уу, тэр хүмүүстэйгээ хамт архи уусан юм уу” гэж асуухад “манай хамтран амьдрагч сая хаалга балбаж байгаад явчихлаа” гэж хэлсэн. Би гомдол, санал байгаа эсэхийг асуухад ямар нэгэн гомдол, санал байхгүй гэж хэлсэн. 23 цаг 10 минутын үед дуудлага ирсэн бөгөөд 10 орчим минутын дараа очсон, орц гэрэлгүй, эргэн тойронд үзэгдэх орчин хязгаарлагдсан байсан. Тэр эмэгтэйн амнаас архи үнэртсэн, их зандрангуй ярьж байсан бөгөөд гэр лүүгээ оруулахгүй, цаана нь хүүхэд дуугарч байсан ...” /1-р хх 182/ гэх мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “… А.Ганболдын биед хэвлийн хөндий рүү нэвтэрч элэгний 3 дугаар сегмент, ходоодны өмнөд ханыг гэмтээсэн хутгалагдсан шарх, хэвлийн дотуур цус алдалт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь ир, үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй …” гэсэн 6842 тоот шинжээчийн дүгнэлт /1-р хх 20-21/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “… А.Ганболдын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх гэмтэл тогтоогдоогүй болно, зүрхний булчингийн эмгэгшил, А.Ганболд нь өөхлөлт өвчтэй байсан байх ба эдгээр нь нас барахад шууд нөлөөлсөн болно, талийгаач нь этилийн спиртийн хордлогын улмаас олон эрхтний дутагдалд орж нас баржээ, А.Ганболдын цусанд этилийн спирт илрээгүй болно, А.Ганболд нь АВО системээр (l) бүлгийн цустай байжээ …” гэсэн 997 тоот шинжээчийн дүгнэлт /1-р хх 45-47/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “… ШШҮХ-н ШЭШХ-ийн шинжээч эмч М.Энхбаярын 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр гаргасан 997 тоот шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. Талийгаач нь этилийн спиртийн цочмог хордлогын улмаас олон эрхтний дутагдалд орж нас баржээ. Талийгаач нь бусдад хэвлий тус газраа хутгалуулсаны улмаас хүнд зэргийн гэмтэл авч хэвтэн эмчлэгдсэн ба уг гэмтлийг авснаас хойш нэг сарын дараа нас барсантай учирсан гэмтэл нь шалтгаант холбоогүй байна. Талийгаач нь архины архаг хордлого буюу зүрхний булчингийн эмгэгшил, өөхлөлт, элэг, нойр булчирхайн архаг үрэвсэл зэрэг суурь өвчтэй байсан нь нас барахад нөлөөлсөн болно. Талийгаач нь зүрхний булчингийн эмгэгшил, өөхлөлт, элэг, нойр булчирхайн архаг үрэвсэл зэрэг суурь өвчтэй байсан нь нас барахад нөлөөлсөн ба нас барсан шалтгаан нь этилийн спиртийн цочмог хордлогын улмаас олон эрхтний дутагдалд орж нас барсан болно. Талийгаачийн биед учирсан тэр гэмтэл нь эдгэрсэн байна. Талийгаачийн биед урьд учирсан хэвлийн хөндий нэвтэрч элэг гэдэсний хана гэмтээсэн шарх нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаачийн биед урьд учирсан гэмтэл нь өөрийнх нь тайлбарласан байдлаар үүсгэгдэх боломжтой. Талийгаачийн биед хэвлийн хөндий нэвтэрч, элэг гэдэсний хана гэмтээсэн шарх нь учрах үедээ амь насанд аюултай шалгуур шинжээрээ хүнд зэргийн гэмтэлд хамаарах бөгөөд уг гэмтэл нь эмчлэгдэж эдгэрсэн байна …” гэсэн 976 тоот бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /1-р хх 136-138/,

 

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 10-12, 13/, эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /1-р хх 22/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 26-28, 40-41/, цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 29, 42-44/, хохирогч А.Ганболдын Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн талаарх өвчний түүх /1-р хх 87-98/, эд зүйл таньж олуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 163-164, 165-166, 167-168, 169-170/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 171-172/, эд мөрийн баримт /1-р хх 173-174/, хохирлын баримтууд /2-р хх 9-14/, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай баримт /2-р хх 15/, ялтан С.Уртнасангийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

 

Анхан шатны шүүхээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай тодруулсан бөгөөд “гэмт хэрэг гарсан байдал, түүнийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр, учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ”-г хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэн хэргийн үйл баримтыг зөв тогтоосон байна.

 

Ялтан С.Уртнасан нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт “... Надад А.Ганболдыг хутгалах санаа байгаагүй, бид хоёрын дунд маргаан болоогүй, би энэ үйлдлийг санамсар болгоомжгүй хийсэн ...” гэж гэм буруугийн талаар маргасан байх боловч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 6842 тоот дүгнэлт, гэрч нарын мэдүүлэг зэргээр хохирогч А.Ганболдын бие махбодид үүссэн хүнд зэргийн гэмтэл нь ялтан С.Уртнасангийн хохирогчийг “гар утсаар ярьсан хүнтэй нь хардаж, балиар новш минь гэрээс зайл, зайлахгүй бол хатгачихна шүү” гэж хэлээд хутгалсан нь түүний гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлтэйн гадна, өөр бусдаар хохирогч А.Ганболдыг зодсон, цохисон хүч хэрэглэсэн байдал, өөр хүчин зүйлийн нөлөөллөөр биед нь гэмтэл учирсан нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн ялтан С.Уртнасанг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, мөрдөн байцаалт, шүүхийн шатанд Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

 

Анхан шатны шүүх ялтан С.Уртнасанд ял шийтгэл оногдуулахдаа түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал болон үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, бага насны буюу 10 настай хүүхэдтэй зэрэг байдлыг харгалзан тухайн хуульд заасан ялын доод хэмжээнд хорих ял оногдуулан, эдлэх дэглэмийг хөнгөрүүлж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан, тухайн зүйлд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах боломжгүй гэж үзлээ.

 

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж,  “... ял шийтгэлийг хөнгөрүүлэх ...” тухай гаргасан ялтан С.Уртнасан, түүний өмгөөлөгч М.Машбат нарын давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 52 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан С.Уртнасан, түүний өмгөөлөгч М.Машбат нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

            2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                                 ШҮҮГЧИД                                              Б.ЗОРИГ

 

                                                                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ