Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2024/00786

 

Х.Э*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Э.Энэбиш, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 182/ШШ2024/00556 дугаартай шийдвэртэй,

Х.Э*******ын нэхэмжлэлтэй, 

Н*******т холбогдох

Анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэл, тайлбарын агуулга: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2020/00466 дугаар захирамжаар Х.Э******* надаас 190,000,000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна.

Энэхүү шийдвэрт заасан барьцаа хөрөнгө нь Чингэлтэй дүүргийн ******* хороо, ******* гудамж, ******* байр зоорийн давхарт байрлах, улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Ч.Цэцэгээгийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө юм.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь төлбөр төлөгч миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг үл хайхран, хууль зөрчиж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байна.  2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 4/37 дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол гаргаж, анхны албадан дуудлага худалдааг 2023 оны 0******* сарын 14-ний өдөр зохион байгуулсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 1******* зүйлд заасны дагуу шийдвэр гүйцэтгэгч нь гаргасан шийдвэрээ надад заавал мэдэгдэх үүрэгтэй боловч надад   мэдэгдээгүй дуудлага худалдааг явуулсан.

Энэхүү хууль бус ажиллагааг хүчингүй болгуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын удирдлага болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шат дарааллан гомдол гаргасан боловч гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн. Ийнхүү шийдвэрлэхдээ дуудлага худалдаа болохыг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 4-126/6059 тоот албан бичгээр мэдэгдсэн гэж ор үндэслэлгүй зүйл бичсэн байдаг. Миний бие энэхүү албан бичгийг хүлээж аваагүй, дуудлага худалдаа болохыг мэдээгүй гэдгээ тодорхой бичиж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль журмын дагуу явагдсан эсэхийг шалгуулахаар дээрх байгууллагад хандсан боловч хяналт шалгалтын ажиллагаа огт явуулахгүйгээр ийнхүү хууль бус ажиллагааг хаацайлан өмөөрч шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.3 дахь хэсэгт зааснаар албадан дуудлага худалдаанд талууд оролцох эрхтэй.  Өөрөөр хэлбэл, төлбөр төлөгч би дуудлага худалдаанд оролцох эрхтэй, энэхүү эрхээ эдлэх боломжийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хангах үүрэгтэй атал эсрэгээрээ албадан дуудлага худалдаа явуулах талаар мэдэгдээгүй.

Х.Э*******, Ч.Цэцэгээ нар нь гэр бүлийн гишүүд бөгөөд уг мэдэгдэх хуудсыг Ч.Цэцэгээ хүлээн авсан. Харин эхнэр Ч.Цэцэгээ нь мэдэгдэх хуудсыг “Э*******” ХХК-ийн байранд үлдээж, уг бичгээ олохгүй байгаа гэж хэлдэг. Төлбөр төлөгчид мэдэгдээгүй.   Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 4/37 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолын дагуу 2023 оны 0******* сарын 14-ний өдөр явагдсан анхны албадан дуудлага худалдааг худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагч талын хариу тайлбарын агуулга: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн шийдвэрээр Х.Э*******аас 190,000,000 төгрөг гаргуулж “Ханбогд капитал” ББСБ-д олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэр гарч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгийг битүүмжилж хурааж, 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хөндлөнгийн шинжээч томилж, 184,804,762 төгрөгөөр үнэлгээ тогтоолгосон. Үнэлгээ тогтооход хариуцагч тал шинжээчийн гаргасан үнэлгээ зах зээлийн үнэлгээ биш гээд үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдол гаргаж, 3 шатны шүүхээр хариуцагчийн талд шийдвэрлэж, 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Улсын дээд шүүхийн тогтоол гарч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үргэлжпүүлэн явагдсан.

2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр анхны дуудлага худалдаанд 70 хувь оруулах мэдэгдэл гарч, тухайн өдөр баталгаат шуудангаар төлбөр төлөгч Х.Э******* болон хөрөнгийн өмчлөгч Ч.Цэцэгээ нарт мэдэгдэл хүргүүлсэн. Гэтэл Х.Э******* нь мэдэгдэл аваагүй гэх тайлбар гаргадаг. Төлбөр төлөгч Х.Э*******, Ч.Цэцэгээ нар Чингэлтэй дүүрэг, ******* хороо, ******* гудамж, ******* байр, 10 тоот хаягт оршин суудаг гэр бүлийн гишүүд бөгөөд уг мэдэгдэх хуудсыг Ч.Цэцэгээ хүлээн авсан байдаг. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчөөгүй. Манай зүгээс мэдэгдэл хүргүүлсэн “Монгол шуудан” ХК-ийн албан бичгийг хэрэгт өгсөн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, нэхэмжпэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Н*******т холбогдох 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 4/37 дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоолын дагуу 2023 оны 0******* сарын 14-ний өдөр явагдсан Чингэлтэй дүүргийн ******* хороо, ******* гудамж, ******* байр зоорийн давхарт байрлах, улсын бүртгэлийн Ү-******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Х.Э*******ын нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Нэхэмжлэгч Х.Э******* нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 4/37 дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2023 оны 0******* сарын 14-ний өдөр явагдсан анхны албадан дуудлага худалдааг явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Ч.Цэцэгээгийн өмчлөлийн, Чингэлтэй дүүргийн ******* хороо, ******* гудамж, ******* байр зоорийн давхарт байрлах, улсын бүртгэлийн Ү-******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулахаар анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа дуудлага худалдаа явуулах тухай мэдэгдээгүй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан байдаг.

Хавтаст хэргийн 37-38 дахь талд авагдсан “Монгол шуудан” ХК-ийн баримт нотлох баримтын шаардлага хангаагүй буюу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын “хуулбар үнэн” дарагдсан баримт болно. Өөрөөр хэлбэл “Монгол шуудан” ХК-ийн огноо нь тодорхой харагддаггүй. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие тус баримтын гардуулсан огноог шинжлэн судлуулсан бөгөөд гардуулсан огноог 05 дугаар сарын 03-ны өдөр эсхүл 0******* сарын 03-ны өдрийн аль нь болохыг тогтоож чадаагүй. Хавтаст хэрэгт авагдсан баримтад тодорхой харагддаггүй.

Гэтэл анхан шатны шүүх нь нэхэмжлэгчид албадан дуудлага худалдааны мэдэгдлийг хэзээ хүргүүлсэн, гардуулсан нь тодорхойгүй баримтыг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд хариуцагч тал хариу тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Х.Э******* нь хариуцагч Н*******т холбогдуулан 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 4/37 тоот албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолын дагуу явагдсан анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх дараахь үйл баримтуудыг зөв тогтоожээ. Үүнд:

3.1.  Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2020/00466 дугаартай “Зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж, 2021 оны 0******* сарын 14-ний өдрийн 182/ГХ2021/00234 дугаартай гүйцэтгэх баримт бичиг зэргийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа.

3.2. Барьцааны зүйл болох Ч.Цэцэгээгийн өмчлөлийн,  улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн, Чингэлтэй дүүргийн ******* хороо, ******* гудамж, ******* дугаар байранд байрлах, 299,9 м.кв талбай бүхий гараашийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн, хураасан. 

3.3. Хариуцагч байгууллагын 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн   албадан дуудлага худалдаа зохион байгуулах  тухай 4/37 тоот тогтоолын дагуу дээрх үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон үнэлгээ болох 184,804,760 төгрөгийн 70 хувь болох 129,363,333 төгрөгөөр дуудлага худалдааны дуудах үнийг тогтоож, 2023 оны 0******* сарын 14-ний өдрийн 10 цаг 00 минутад анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэжээ. /хх-106/

4. Хариуцагч байгууллага нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон, үнэлгээтэй холбоотой гомдлыг 3 шатны шүүхээр шийдвэрлэсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй.

4.1. Иймд энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон байдал эргэлзээтэй байх боловч нэхэмжлэгч энэ талаар гомдол гаргаагүй, нотлох баримт бүрдүүлэхтэй холбоотойгоор хэргийг дахин шийдвэрлүүлэхээр давж заалдах шатны шүүхээс буцаасан боловч гомдлоор авч хэлэлцэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хариуцагч талын төлөөлөгч хуульд заасан үүргийг хангалттай биелүүлээгүй байгааг дурдах нь зүйтэй.

5. Төлбөр төлөгч Х.Э******* нь дээрх албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолыг эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотойгоор зохих албан тушаалтанд гомдлоо гаргасан байх ба гомдлыг шийдвэрлэх боломжгүй талаарх хариуг 2023 оны 0******* сарын 25-ны өдрийн 03/1123 тоот албан бичгээр авч, 2023 оны 0******* сарын 26-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4******* зүйлийн 44.4 дэх хэсэгт заасантай нийцсэн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв./хх 14-15/

6. Нэхэмжлэгч Х.Э******* нь үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдлийг хүлээж аваагүй, дуудлага худалдаанд оролцох эрхийг хязгаарласан гэж тайлбарлаж байгаа боловч хэргийн 123-12******* талд авагдсан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 4-126/6059 тоот албан мэдэгдлийг “Х.Э*******, Ч.Цэцэгээ нарт” хаяглан хүргүүлсэн болох нь “Монгол шуудан” ХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 18/241 тоот албан бичиг, хүргэлтийн дэвтрийн хуулбарын хамт хэрэгт авагдсан /хх 60-61/ баримтаар тогтоогджээ. “Монгол шуудан” ХК-ийн Хэрэглэгчийн үйлчилгээний төвийн дарга Г.Бадамцэцэгийн гарын үсэг зурж, тамга дарагдсан албан бичигт “...2023 оны 0******* сарын 03-ны өдрийн 16:21 цагт гардуулсан байна” гэж тэмдэглэсэн байх ба тус компанийн хүргэлтийн дэвтэрийн хуулбарт Ч.Цэцэгээ гарын үсэг зуржээ.

Иймд хариуцагч байгууллага нь 126/6059 тоот мэдэгдлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 1******* зүйлийн 14.6 дахь хэсэгт “Мэдэгдэх хуудсыг гардуулан өгвөл зохих хүн оршин суугаа газар, эсхүл ажлын байрандаа байхгүй бол мэдэгдэх хуудсыг түүний хамт амьдардаг арван найман насанд хүрсэн хүн, эсхүл сум, баг, хорооны Засаг дарга, түүний ажлын албанд, эсхүл ажлын газрын захиргаанд хүлээлгэн өгч, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулна” гэсний дагуу төлбөр төлөгч Х.Э*******т хүргүүлсэн байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...анхан шатны шүүх албадан дуудлага худалдааны мэдэгдлийг хэзээ хүргүүлсэн, гардуулсан болох нь тодорхойгүй баримтыг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ.

7. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсгийг баримталсан нь хууль хэрэглээний хувьд алдаатай болсныг залруулах боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.  

 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 64.5-д зааснаас бусад хөрөнгийг түүний үнэлгээг тогтоосноос хойш 2 сарын дотор, төлбөр төлөгчийн өөрийн хөрөнгийг бие даан худалдан борлуулах тухай саналыг хүлээн авсан тохиолдолд 3 сарын дотор албадан худалдан борлуулах ажиллагааг явуулна.” гэж заасан үндэслэлд хамааруулж нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг гаргаагүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг төлбөр төлөгчид анхны албадан дуудлага худалдааны талаар мэдэгдээгүй гэж тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4******* зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагад урьдчилан шийдвэрлүүлэх журмаар гомдол гаргаж, шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоход мөн хуулийн 4******* зүйлийн 44.4 дэх хэсгийг баримтлах учиртай. 

8. Дээр дурдсан үндэслэлээр  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 182/ШШ2024/00556 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “ 63 дугаар зүйлийн 63.1” гэснийг “4******* зүйлийн 44.4” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ЦОГТСАЙХАН

         ШҮҮГЧИД                                   Э.ЭНЭБИШ

                             Э.ЗОЛЗАЯА