Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 708

 

 

 

 

 

 

        2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 151/ШШ2016/00708

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн  хуралдаанаар

Нэхэмжлэгч: Төв аймгийн Заамар сумын 1 дүгээр баг оршин суух,  /НН65102779/, Түнжин овгийн Сандагсүрэнгийн Эрдэнэцогт,

Хариуцагч: Төв аймгийн Заамар сумын 4 дүгээр багт оршин суух,  /НН63081560/, Боржигон овгийн Агваан-Ишийн Алимаад  холбогдох

Хамтын амьдралтай байсныг тогтоолгож, дундын эд хөрөнгөөс 13 300 000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэл,

Дундын эд хөрөнгөөс 18185900 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг  хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Эрдэнэцогт, өмгөөлөгч М.Цэндсүрэн, хариуцагч А.Алимаа, өмгөөлөгч Ж.Энх-Амгалан, гэрч Э.Отгонжаргал, Н.Батдэлгэр, Н.Солонготуяа, Н.Саруултуяа, нарийн бичгийн дарга Г.Сугармаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Эрдэнэцогт шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ...Миний бие нь  2011 оны 12 сараас эхэлж А.Алимаатай хамтын амьдрал зохиож гэр бүл болсон. Хамтын амьдрал эхлэхдээ 2 талаас зээл хөөцөлдөж би малчны зээлээр 5 сая төгрөг, А.Алимаа нь цалингийн зээл 4.5 сая төгрөг авч сумын төвийн Баруун дэнж гэх газарт иргэн Цэгмидээс 9.5 төгрөгөөр хашаа байшин худалдаж авсан.

Өөрийн 5 сая төгрөгийн зээлээ өөрийн данстай малаа идэшний цагаар худалдаж, 3 сарын дараа зээлээ төлж дуусган улмаар 2012 оны 05 дугаар сард өөрийн хөрөнгөөр буюу 280-аад ямаагаа самнан ноолуураа худалдсан мөнгөөрөө А.Алимаагийн зээлийн үлдэгдэл 3500 000 төгрөгийн зээлийн эргэн төлж барагдуулсан.

Миний бие нь А.Алимаад итгэн  айлын даатай айл болж, бусдын адилаар амьдрал ахуйгаа дээшлүүлэхээр шийдэж, 2012 оны 05 сард уг хашаа байшингаа 12 сая төгрөгөөр н.Баасанд худалдсан. Энэ 12 сая төгрөгийг Баасангийн хүү Амгаланбаяар нь 10 000 000 төгрөг, 2000 000 төгрөгөөр тус тус тасалж,  А.Алимаагийн Хаан банкны данс руу шилжүүлсэн.

Ингээд 2011 онд Хөвсгөл аймгийн иргэн Ж.Даваанямд банз захиалж 2000 000 төгрөг шилжүүлж, сүүлд нь 2012 онд Ж.Даваанямтай байшингийн торх худалдан авахаар ярилцаж, 7500 000 төгрөгийн үнэтэй 2 давхар, 6х7 хэмжээтэй мансардтай торхыг 6800 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Мансардны шалны цэвэр 5-ын банзны үнэд 1600 000 төгрөг,

А нурууны дээвэр, шалны 3 см зузаантай 5 м3 банзны үнэд 1400 000 төгрөг, хашааны шон 34 ширхэгийг 119 000 төгрөг, хашааны дай мод 60 ширхэгийг 180 000 төгрөгөөр, нийт 10 099 000 төгрөгийг А.Алимаагийн данснаас Ж.Даваанямын дансанд шилжүүлсэн юм.

 Ингэж би амьдралаа босгож, амьдрах гэсэн минь талаар болж А.Алимаа архи дарс ууж, хэрүүл маргаан хийх нь олширч сална гэсэн. Салж явахдаа дундын хөрөнгө болох байшингаа бүгдийг нь охин Н.Саруултуяа, ах дүүтэй нийлж, 5 машинтай дотор талын засал, дээд доод доторлогоог 2 өдөр буулгаж, нэг өдөр торхыг буулгаад 2015 оны 07 сарын 17-нд аваад явсан.

 С.Эрдэнэцогт миний биеийг А.Алимаатай 2011 оны 12 сарын 01-ний өдрөөс 2015 оны 07 сарын 17-ны өдөр хүртэл 3 жил 8 сарын хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү.

Хамтын амьдралын хугацаанд бий болсон дундын эд хөрөнгө болох 6800 000 төгрөгийн үнэ бүхий 2 давхар 6х7 хэмжээтэй мансардтай торхыг,

А.Алимаагийн Хаан банкны цалингийн зээл хаасан 3500 000 төгрөг, мөн Хөвсгөл аймаг руу Ж.Даваанямаас авсан модны үнэнд мансардны шалны цэвэр 5-ын банзны үнэнд 1600 000 төгрөг,

А нурууны дээвэр, шалны 3 см-ын банз 5м3 банзны үнэнд 1400 000 төгрөг, нийт 6500 000 төгрөг хариуцагч А.Алимаагаас гаргуулж өгнө үү гэжээ. /хх1-2/

 

Нэхэмжлэгч С.Эрдэнэцогт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа...А.Алимаатай 2011 оны 2015 оны 07 сарын 17 хүртэл Төв аймгийн Заамар суманд хамтран амьдарсан.

Энэ хугацаанд би банкнаас малчны зээл 5000 000 төгрөг, А.Алимаа цалингийн зээл 4500 000 төгрөг авч, нийт 9500 000 төгрөгөөр иргэн Цэгмидээс хашаа байшин худалдаж авсан.

Би малчны зээлээ өөрийн нэр дээр бүртгэлтэй байсан малаа зарж 3 сарын дараа төлж дуусгаад, 2012 оны 05 сард ямаагаа самнаж, ноолуураа худалдаж  А.Алимаагийн цалингийн зээлийн үлдэгдэл 3500 000 төгрөгийг төлсөн.

Ингээд 9500 000 төгрөгөөр худалдан авсан хашаа байшингаа 2012 оны 05 сард 12 000 000 төгрөгөөр иргэн Баасанд худалдсан бөгөөд хүү Б.Амгаланбаяр нь 10 000 000 төгрөг, 2000 000 төгрөгөөр 2 тасалж, А.Алимаагийн Хаан банкны дансанд хийсэн юм.

Энэ 12000 000 төгрөгөөр Хөвсгөл аймгийн иргэн Ж.Даваанямаас 6х7 хэмжээтэй мансардтай торх худалдан авахаар тохиролцож, торхны үнэд 6800 000 төгрөг, мансардны шалны 5-ын банзны үнэд 1600 000 төгрөг,

А нурууны дээвэр шалны банзны үнэд 1400 000 төгрөгийг А.Алимаагийн дансаар Ж.Давааням руу шилжүүлсэн.

 Бид таарч тохирохгүй хэрүүл маргаантай байсан тул хамт амьдрахаа больсон бөгөөд А.Алимаа нь 2015 оны 07 сарын 17-ны өдөр байшингаа буулгаад аваад явсан.

 

Иймд А.Алимаатай хамтын амьдралтай байсан байдлыг тогтоож, 6х7 хэмжээтэй марсардтай торхны үнэ 6800 000 төгрөг, мансардны шалны банзны үнэ 1600 000 төгрөг,   А нурууны дээвэр шалны банзны үнэ 1400 000 төгрөг, цалингийн зээл хаасан 3500 000 төгрөг, нийт 13 300 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч А.Алимаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа...Миний  бие нь 2011 оноос С.Эрдэнэцогттой хамтран амьдарч 2015 оны 05 сарын 18-наас салж, тусдаа амьдрах болсон. Энэ хугацаанд бид 2 өөрийн ажил бизнесийн орлогоос болон миний үр хүүхдүүдийн тусласан мөнгөөр шинээр хашаа байшин барьж, мөн цахилгааны эх үүсвэрийг өөрийн гэртээ тавиулсан болно.

Гэтэл С.Эрдэнэцогт нь үл ялихгүй зүйлээс шалтгаалан миний биед гар хүрч зодож гэмтэл учруулан /одоо миний зүүн талын 9, 10 дугаар хавирга хугарсан байгаа/ хэл амаар доромжлох, эд зүйлийг устгах гэмтээх зэрэг ёс бус үйлдэл удаа дараа гаргах болсон тул тус тусдаа амьдрахаар харилцан тохирч, мөн өөрсдийн амьдарсан хугацаанд бий болгосон үл хөдлөх хөрөнгөө хөрөнгө оруулсан хэмжээгээр хувааж авахаар амаар тохиролцсон билээ.

Тэгээд би өөрийн оруулсан хэмжээндээ байшингийн торхыг авсан нь үнэн болно. С.Эрдэнэцогтын нэхэмжилсэн 13300 000 төгрөгийг зөвшөөрөхгүй байгаагаа уламжилж байна. Зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ өөрийн биеэр болон бичмэл баримтаар гаргаж өгөх болно гэжээ. /хх26/

 

Хариуцагч А.Алимаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа... С.Эрдэнэцогттой 2011 оноос хамтын амьдралтай байснаа хүлээн зөвшөөрч байна. Энэ хугацаанд С.Эрдэнэцогт малчны зээл 5000 000 төгрөг, би 4500 000 төгрөгийн цалингийн зээл авч 9500 000 төгрөгөөр хашаа байшин худалдан авч Заамар сумандаа амьдарсан. Бид хоёр хэн хэнийхээ гэрт орж амьдраагүй. Энэ байшингаа 12 сая төгрөгөөр Б.Амгаланбаярт зарсан.

Байшин зарсан мөнгө орж ирээгүй байх үед Ж.Даваанямаас торх худалдан авахаар тохиролцсон байсан тул охин Н.Солонготуяагаас урьдчилгаа 1000 000 төгрөгийг, мөн банзны үнэ 1400 000 төгрөгийг шилжүүлсэн. Дансаар харагдана.

Ингээд байшин зарсан 12000 000 төгрөг орж ирсэн бөгөөд торхоо авсан. Торх нь гадна доторлогоо байхгүй цавчсан мод л ирсэн.

Би насны эцэст сайхан амьдаръя гэж итгэж, С.Эрдэнэцогтын байхад нь өөрийн охин Н.Солонготуяагаас 12000 000 төгрөг зээлж байшингаа босгосон.  2013 оны 08 сард би тэтгэвэртээ гарч 36 сарын тэтгэмжээ буухад охиноос зээлсэн 12000 000 төгрөгөө буцаан төлсөн. Энэ 12000 000 төгрөг торхны үнэнд хамааралгүй юм.

 

2012 оны 06 сард н.Бямбаа гэдэг хүнд 200 тооны хургатай хонь нийлүүлэхээр мөнгийг нь бэлнээр аваад бага үнээр хонио нийлүүлж, илүү гарсан мөнгөөр миний цалингийн зээлийг хаасан болохоор энэ 3500 000 төгрөгийг С.Эрдэнэцогт надаас нэхэмжлэх эрхгүй, бидний хамтын хүч хөдөлмөрөөр бий болсон гэж үзэж байна.

 

С.Эрдэнэцогт нь архи согтууруулах зүйл хэрэглэж, эрүүл мэндэд халдсан тул цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Ингээд би өөрийн хөрөнгөөр босгосон байшингаа буулгаад өөр газар барьсан юм гэв.

 

Хариуцагч А.Алимаа шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... С.Эрдэнэцогт бид хоёр 2011 оны 01 сараас хамтран амьдарч байгаад 2015 оны 05 сарын 19-ний өдрөөс тусдаа амьдрах болсон.

Бид таарч тохирохоо болиод тусдаа амьдрах үедээ би энэ сайхан босгосон байшингаа нураагаад яах вэ, зараад хуваагаад авъяа гэхэд үгүй ээ буулгаад аваад яв гэхээр нь би буулгаад өөр газар барьсан.Байшин байсан газрыг бидний хэн нь ч эзэмшиж аваагүй газар байсан.

Тэр газар дээр банзан хашаа, гүйдэг хаалга, гүйдэг хаалга, тамбар, шон мод, блок цахилгааны шугам, граж, жорлон зэрэг эд зүйлийг бий болгож босгосон бөгөөд одоо С.Эрдэнэцогтын эзэмшилд байгаа. Эдгээр зүйлийг Хан үнэлэмж ХХК-иар үнэлүүлэхэд 9 385 900 төгрөг болсон.

Анх торхоор байшин барихад бариулсан барилгачдын ажлын хөлсөнд 4500 000 төгрөгийг, байшинд тавиулсан халаалтын системийн суурилуулалтын ажлын хөлс 800 000 төгрөг төлсөн.

С.Эрдэнэцогтын өөрийнх нь зөвшөөрснөөр торхыг буулгаж өөр газар барихад зарцуулсан барилгачдын ажлын хөлс 3500 000 төгрөг, нийт 18185900 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч С.Эрдэнэцогт сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа...Надад үлдсэн эд зүйлүүдийг дахин ашиглагдах боломжгүй зүйлүүд байгаа. Байшин барихад ажилчдад 4500 000 төгрөгийн хөлс төлснийг хүлээн зөвшөөрч байна. Байшинд тавиулсан халаалтын хөлс 800 000 төгрөг нь бариулахад төлсөн ажлын хөлс 4500 000 төгрөгт багтсан. Одоо энэ байшин, халаалт нь А.Алимаад байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй. Торхыг А.Алимаа өөр газар зөөж бариулсан зардал надад огт хамаарахгүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй.

Харин надад торхоо өгөөд өөрөө эдгээр зүйлсээ авч болно гэдгийг хэлмээр байна гэжээ.

 

Шүүх хуралдаан дээр зохигчдын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд, СД бичлэгийг зохигч талуудын өмгөөлөгч нарын хүсэлтээр нэг бүрчлэн судлаад

   ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Эрдэнэцогт хариуцагч А.Алимаад холбогдуулан “ 2011 оны 12 сарын 01-ний өдрөөс 2015 оны 07 сарын 17-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоолгож, хамтын амьдралын хугацаанд бий болсон дундын эд хөрөнгө болох 6х7 хэмжээтэй мансардтай торхны үнэ 6800 000 төгрөг, мансардны шалны  банзны үнэ 1600 000 төгрөг, А нурууны дээвэр, шалны банзны үнэ 1400 000 төгрөг, цалингийн зээл хаасан 3500 000 төгрөг, нийт 13300 000 төгрөг гаргуулах” тухай,

  А.Алимаа нэхэмжлэгч С.Эрдэнэцогтод холбогдуулан “Хамтын амьдралын хугацаанд бий болсон дундын эд хөрөнгөөс С.Эрдэнэцогтын эзэмшилд үлдсэн эд хөрөнгийн үнэ 9 385 900 төгрөг, анх торхоор байшин барихад бариулсан барилгачдын ажлын хөлс 4500000 төгрөг, байшинд тавиулсан халаалтын системийн суурилуулалтын ажлын хөлс 800 000 төгрөг, С.Эрдэнэцогтын зөшөөрснөөр торхыг буулгаж өөр газар барихад зарцуулсан барилгачдын ажлын хөлс 3500 000 төгрөг, нийт 18185900 төгрөг гаргуулах тухай”  сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

 

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч С.Эрдэнэцогт нь хамтын амьдралтай байсан байдлыг тогтоолгож, нийт 13300 000 төгрөг гаргуулах, хариуцагч А.Алимаа нь 18185900 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тус тус дэмжсэн болно.

 

Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Үүнд:

 

- С.Эрдэнэцогт, А.Алимаа нар нь 2011 оны 12 сарын 01-ний өдрөөс 2015 оны 07 сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд гэрлэлтээ бүртгүүлэхгүйгээр Төв аймгийн Заамар сумын нутагт хамтран амьдарч байсан болох нь зохигчдын тайлбар, гэрч Э.Отгонжаргал, Н.Батдэлгэр, Н.Солонготуяа, Н.Саруултуяа нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлд заасан “Онцгой ажиллагааны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал”-ыг тогтоох ажиллагаа хамаарах бөгөөд нэхэмжлэгч С.Эрдэнэцогтын “Хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай” хүсэлт нь мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасан “тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдал”-д хамаарах байна.

Мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д “ Иргэн хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ” гэжээ.

 

Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагаа нь эрх зүйн ямар нэгэн маргааныг шийдвэрлэх болон хэн нэгний зөрчигдсөн эрхийг сэргээхийг шаардахгүй болно.

 

Нөгөө талаар зохигч талууд нь дээрх хугацаанд хамтын амьдралтай байсан байдлын талаараа маргахгүй байхаас гадна нэхэмжлэгч С.Эрдэнэцогтын хамтын амьдралтай байсан байдлыг тогтоолгох хүсэлт нь эд хөрөнгийн маргаантай асуудлыг  шийдвэрлүүлэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл гэж үзэхээр байх тул зохигчийн хамтын амьдралын байсан байдлыг сэргээн тогтоох шаардлагагүй гэж шүүх үзэв.

 

-С.Эрдэнэцогт, А.Алимаа нар нь 2011 оны 12 сараас гэрлэлтээ бүртгүүлэхгүйгээр хамтран амьдарч байх хугацаанд С.Эрдэнэцогт 5000 000 төгрөгийн малчны зээл, А.Алимаа 4500 000 төгрөгийн цалингийн зээл авч тус тус нийлүүлэн Төв аймгийн Заамар суманд 9500 000 төгрөгийн үнэ бүхий хашаа байшин худалдан авч хамт амьдарч байгаад, улмаар тухайн хашаа байшингаа 12 000 000 төгрөгөөр бусдад худалдсан болох нь Хаан банкны А.Алимаагийн 5739002876 тоот дансанд Б.Амгаланбаяраас хашааны төлбөрт 2013 оны 04 сарын 15-нд 10 000 000 төгрөг, 2013 оны 06 сарын 05-нд 1000 000 төгрөг, 2013 оны 07 сарын 05-нд 1000000 төгрөгийн орлого орсноор тогтоогдож байгаа ба энэ талаар зохигч талууд маргаагүй болно.

 

Зохигч талуудын тус тусын өмчлөлийн зүйл нь нийлж, холилдсоны үр дүнд бий болсон дээрх 12000 000 төгрөгөөр Ж.Даваанямаас 6х7 хэмжээтэй дүнзэн торхыг 6800 000 төгрөгөөр, мөн банз худалдан авсан болох нь гэрч Ж.Даваанямын мэдүүлэг, Хаан банкны Ж.Даваанямын 5890295048 тоот дансанд А.Алимаагийн 5739002876 тоот данснаас 2012 оны 11 сарын 30-ны өдрөөс 2013 оны 05 сарын 27-ны өдөр хүртэл хугацаанд 11500 000 төгрөг шилжүүлсэн баримтуудаар тус тус  тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д :”Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно” ,

мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.8-д :” Дундаа хэсгээр өмчлөгч  дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгээ салгаж авах, ийнхүү салгахад уг өмчлөлийн зүйлийн зориулалт, иж бүрдэл, бусад чанар алдагдахаар бол ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй” гэж тус тус заажээ.

Зохигчийн хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2015 оны 11 сарын 03-ны өдрийн 1683 тоот захирамжаар маргааны зүйл болох 6х7 хэмжээтэй мансардтай байшингийн 6 метрийн хэмжээтэй 31 ширхэг, 7 метрийн хэмжээтэй 32 ширхэг, нийт 63 ширхэг дүнз, мансардын шалны 5 см-ийн 94 ширхэг банз, байшингийн А нурууны дээврийн банз, доод шалны 3 см-н банз 5 м3  -ны үнэлгээг  тогтоолгохоор “Хан үнэлэмж” ХХК-ийг шинжээчээр томилжээ.

 

“Хан үнэлэмж “ ХХК нь торхыг 6800 000 төгрөг, 5 см банзыг 960000 төгрөг, 3 см банзыг 1215000 төгрөг, нийт 8975 000 төгрөг гэж тодорхойлсон. Уг эд зүйлийн үнэлгээний талаар талууд маргаагүй болно. 

 

Хариуцагч А.Алимаа нь дээрх торх, банзыг ашиглан дахин байшин барьсан байх бөгөөд С.Эрдэнэцогт нь өөрт ногдох хэсгээ салгаж авахад уг эд зүйлийн зориулалт, иж бүрдэл, чанар алдагдахаар байх тул торх, банзыг А.Алимаагийн эзэмшилд үлдээж,  ногдох хэсэг болох 4487500 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 8812500 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

-Хариуцагч А.Алимаа үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хамтын амьдралын хугацаанд бий болсон эд хөрөнгөөс С.Эрдэнэцогтын эзэмшилд үлдсэн нийт 30 нэр төрлийн эд зүйлийг Хан үнэлэмж ХХК-иар үнэлүүлэн, 9385900 төгрөгийн Үнэлгээний тайланг нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн байна.  

 

Хан үнэлэмж ХХК-ийн үнэлгээний тайлан үндэслэлтэй эсэх талаар нэхэмжлэгчийн хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2016 оны 03 сарын 15-ны өдрийн 700 тоот захирамжаар Лэндс ХХК-ийг шинжээчээр томилжээ.

 

 Лэндс ХХК нь захирамжид дурдсан эд зүйлийг 7636635 төгрөг гэж тодорхойлсон. Уг эд зүйлийн үнэлгээний талаар талууд маргаагүй болно. 

 

Нэхэмжлэгч С.Эрдэнэцогтын эзэмшилд дээрх эд зүйл байх бөгөөд А.Алимаа өөрт ногдох хэсгээ салгаж авахад  уг эд зүйлийн зориулалт, иж бүрдэл, чанар алдагдахаар байх тул С.Эрдэнэцогтын эзэмшилд үлдээж, 7636635 төгрөгийн ногдох хэсэг болох 3 818 317 төгрөг гаргуулж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 14367582 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Зохигч талуудаас гаргасан Н.Батдэлгэрийн тодорхойлолт, гэрч Н.Солонготуяа, Н.Саруултуяа нарын хүсэлт, түүнтэй холбоотой тайлбар, нотлох баримт, Б.Нарантуяа, А.Төмөрпүрэв нарын тодорхойлолт, З.Бат-эрдэнийн тайлбар нотлох баримт, Д.Сувдаагийн мөнгө шилжүүлсэн баримт, У.Батгэрэл, Т.Энхтайван, У.Цэдэндамба, Д.Ганболд, Т.Хишигдэмбэрэл нарын тодорхойлолт, Н.Төмөр-Очир, С.Маналжав, Э.Өлзийсайхан нарын тайлбар, Х.Нарантуяа, М.Алтангэрэл, С.Лхам, Б.Бямбаагийн тодорхойлолтууд болон нэхэмжлэгчээс гаргасан СД бичлэгийг шүүх хуралдааны явцад шинжлэн судалсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлд зааснаар зохигч талууд тайлбар гаргах эрхтэй мөн тэдгээрээс гаргасан тодорхойлолт, Сд бичлэг нь мөн хуулийн 37 дугаар зүйлд заасан нотолгооны хэрэгслээр нотлогдоогүй, бэхжүүлээгүй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болохыг дурьдах зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т : ”Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж заажээ.  

Хариуцагч 6х7 хэмжээтэй торхоор байшин барихад бариулсан барилгачдын ажлын хөлс 4500 000 төгрөг, байшинд тавиулсан халаалтын системийн суурилуулалтын ажлын хөлс 800 000 төгрөг, С.Эрдэнэцогтын зөшөөрснөөр торхыг буулгаж өөр газар барихад зарцуулсан барилгачдын ажлын хөлс 3500 000 төгрөг тус тус нэхэмжилсэн боловч  энэ шаардлагаа нотлоогүй, үүнтэй холбоотой нотлох баримтаа гаргаж өгөөгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

 

Тус шүүхийн шүүгчийн 2015 оны 09 сарын 01-ний өдрийн 1049 тоот захирамжаар нэхэмжлэгч С.Эрдэнэцогтын тэмдэгтийн хураамж хэсэгчилэн төлөх хүсэлтийг хангасан байх тул хамтын амьдралтай байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад төлөх 70200 төгрөгийг нөхөн төлүүлж төрийн сангийн орлогод, нэхэмжлэгчээс төлсөн 224450 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 248900 төгрөгийг төрийн сангийн орлогод тус тус үлдээж, А.Алимаагаас 86750 төгрөг гаргуулж С.Эрдэнэцогтод, С.Эрдэнэцогтоос 76043 төгрөг гаргуулж А.Алимаад олгож шийдвэрлэлээ.

 

 Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.8-д зааснаар хариуцагч А.Алимаагаас 4487500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Эрдэнэцогтод олгож,  нэхэмжлэлийн шаардлагаас 8812500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.8-д зааснаар нэхэмжлэгч С.Эрдэнэцогтоос 3818317 төгрөг гаргуулан хариуцагч А.Алимаад олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 14367582 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

           

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.Эрдэнэцогтоос тэмдэгтийн хураамж 70200 төгрөг нөхөн төлүүлж төрийн сангийн орлогод,

нэхэмжлэгч С.Эрдэнэцогтоос төлсөн 224450 төгрөгийг, хариуцагч А.Алимаагаас төлсөн 248900 төгрөгийг төрийн сангийн орлогод тус тус үлдээж, А.Алимаагаас 86750 төгрөг гаргуулж С.Эрдэнэцогтод, С.Эрдэнэцогтоос 76043 төгрөг гаргуулж А.Алимаад олгосугай.

           

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-т зааснаар зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Б.ЦОЛМОН