Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 223/МА2017/00018

 

 С.Эрдэнэцогтын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Ш.Төмөрбаатар, шүүгч Ц.Өрнөндэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн  шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 сарын 07-ны өдрийн 151/ШШ2017/00392 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: С.Эрдэнэцогтын нэхэмжлэлтэй,

Хариуцагч А.Алимаад холбогдох

“6*7 хэмжээтэй мансардтай торх, 5-ын банз, 3-ын банз гаргуулах, цалингийн зээл хаасан 3 500 000 төгрөг, 5739002876 тоот дансанд оруулсан 38 880 300 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 18 185 900 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай” иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Өрнөндэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Эрдэнэцогт, түүний өмгөөлөгч М.Цэндсүрэн, Хариуцагч А.Алимаа, түүний өмгөөлөгч Ж.Энх-Амгалан, нарийн бичгийн дарга А.Доржпүрэв нар оролцов.

Нэхэмжлэгч С.Эрдэнэцогт шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ...Миний бие нь 2011 оны 12 сараас эхэлж А.Алимаатай хамтын амьдрал зохиож гэр бүл болсон. Хамтын амьдрал эхлэхдээ 2 талаас зээл хөөцөлдөж би малчны зээл 5 сая төгрөг, А.Алимаа цалингийн зээл 4.5 сая төгрөг тус тус авч сумын төвийн Баруун дэнжид иргэн Цэгмидээс 9.5 сая төгрөгөөр хашаа байшин худалдан авч амьдарсан. Ингээд би малчны 5 сая төгрөгийн зээлээ өөрийнхөө малыг идэшний цагаар худалдаж зээлээ төлж дуусгасан. Улмаар 2012 оны 05 дугаар сард мөн өөрийн хөрөнгө болох 280-аад ямаагаа самнан ноолуураа худалдаж, А.Алимаагийн цалингийн зээлийн үлдэгдэл 3 500 000 төгрөгийн зээлийг төлж барагдуулсан юм.

Миний бие нь А.Алимаад итгэн айлын даатай айл болж, бусдын адилаар амьдрал ахуйгаа дээшлүүлэхээр шийдэж, 2012 оны 05 сард уг хашаа байшингаа 12 сая төгрөгөөр н.Баасанд худалдсан. Энэ 12 сая төгрөгийг н.Баасангийн хүү Б.Амгаланбаяр нь 10000 000 төгрөг, 2000 000 төгрөгөөр тус тус тасалж, А.Алимаагийн Хаан банкны данс руу шилжүүлсэн.

Ингээд 2012 онд Ж.Даваанямтай байшингийн торх худалдан авахаар ярилцаж, 2 давхар 6х7 хэмжээтэй мансардтай торхыг 6800 000 төгрөгөөр, мансардны шалны цэвэр 5-ын банзыг 1600 000 төгрөгөөр, А нурууны дээвэр, шалны 3 см зузаантай 5 м3 банзыг 1400 000 төгрөгөөр худалдан авч, Төв аймгийн Заамар сумын 4 дүгээр багт байшингаа барьсан.

Ингэж би амьдралаа босгож, амьдрах гэсэн минь талаар болж А.Алимаа хэрүүл маргаан хийж, салахаар болсон. Салж явахдаа дундын хөрөнгө болох байшингаа бүгдийг нь буулгаад 2015 оны 07 сарын 17-нд аваад явсан юм.

Иймд С.Эрдэнэцогт миний биеийг А.Алимаатай 2011 оны 12 сарын 01-ний өдрөөс 2015 оны 07 сарын 17-ны өдөр хүртэл 3 жил 8 сарын хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү. Хамтын амьдралын хугацаанд бий болсон дундын эд хөрөнгө болох 6800 000 төгрөгийн үнэ бүхий 2 давхар 6х7 хэмжээтэй мансардтай торхыг, А.Алимаагийн Хаан банкны цалингийн зээл хаасан 3500 000 төгрөг, мөн Хөвсгөл аймаг руу Ж.Даваанямаас авсан модны үнэнд мансардны шалны цэвэр 5-ын банзны үнэд төлсөн 1600 000 төгрөг, А нурууны дээвэр, шалны 3 см-ын банз 5м3 банзны үнэд төлсөн 1400 000 төгрөг, нийт 6500 000 төгрөг хариуцагч А.Алимаагаас гаргуулна гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2017 оны 01 сарын 19-ний өдөр нэхэмжлэгч С.Эрдэнэцогт нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж мөн нэмэгдүүлсэн бөгөөд шүүх хуралдаан дээр дэмжиж тайлбарлахдаа 2015 оны 8 сарын 18-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулж байна. Үүнд: А.Алимаагийн буулгаж авч явсан 2 давхар 6х7 хэмжээтэй мансардтай байшингийн торхыг торхоор нь, А.Алимаагийн цалингийн зээлийг хаасан 3500 000 төгрөгийг, Ж.Даваанямаас худалдан авсан 5-ын банз 3.2 м3, дээврийн 3-ын банз 4.5м3 банзаар нь тус тус гаргуулж өгнө үү. Бид хамтын амьдралаа эхлэхдээ би малчны зээл 5 сая төгрөг, А.Алимаа цалингийн зээл 4.5 сая төгрөг авч сумын төвд 9.5 сая төгрөгөөр хашаа байшин худалдаж аваад улмаар 2012 оны 05 сард уг хашаа байшингаа 12 сая төгрөгөөр иргэн н.Баасанд худалдсан. Хашаа байшин худалдсан 12 сая төгрөгийг н.Баасангийн хүү н.Амгаланбаяр нь А.Алимаагийн Хаан банкны данс руу шилжүүлсэн. Энэхүү 12 000 000 төгрөгөөр 2012 онд Хөвсгөл аймгийн иргэн Ж.Даваанямаас 2 давхар байшингийн 6х7 хэмжээтэй мансардтай торхыг 6800 000 төгрөгөөр, мансардны шалны 5-ын банзыг 1600 000 төгрөгөөр, А нурууны дээврийн 3 см зузаантай банзыг 1400 000 төгрөгөөр худалдан авч, Төв аймгийн Заамар сумын 3 дугаар багт байшингаа барьсан. Би малчны зээлээр авсан 5 сая төгрөгийн зээлийг өөрийн данстай малаа идэшний цагаар худалдаж 3 сарын дараа зээлээ төлж дуусгасан. Мөн 2012 оны 05 дугаар сард өөрийн хөрөнгө болох 280-аад ямаагаа самнан ноолуураа худалдсан мөнгөөрөө А.Алимаагийн цалингийн зээлийн үлдэгдэл 3500 000 төгрөгийн зээлийн эргэн төлж барагдуулсан. Энэ 6х7 мансардтай байшингийн торх, банзуудыг би өөрийн хөрөнгөөр бий болгосон тул бүхэлд нь эзэмших эрхтэй гэж үзэж байна.

Иймд А.Алимаагийн эзэмшилд байгаа 2 давхар байшингийн 6х7 хэмжээтэй мансардтай 6800 000 төгрөгийн үнэ бүхий торхыг торхоор, мансардны шалны 1600 000 төгрөгийн үнэ бүхий 5-ын банз 3.2 м3, дээврийн 1400 000 төгрөгийн үнэ бүхий 3-ын банз 4.5м3 банзаар, цалингийн зээлийг хаасан 3500 000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү. Хариуцагч А.Алимаатай хамт амьдрах хугацаандаа түүний ХААН банкны 5739002876 тоот дансанд өөрт орох ёстой 38 880 300 төгрөгийг оруулсан. Энэ мөнгийг А.Алимаа өөртөө зарцуулсан мөн хамт амьдарч байсан байшиндаа шаардлагатай тавилга, эд зүйлүүдийг худалдан авсан боловч бүгдийг өөрөө аваад явсан. Шүүхэд 38 880 300 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдаан дээр дансны хуулгыг тулгаж үзэхэд 29 211 780 төгрөг болж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа 9 668 520 төгрөгөөр багасгаж, 2011 оноос 2014 оны 06 сарын 19 хүртэл хугацаанд А.Алимаагийн 5739002876 тоот дансанд хийсэн 29 211 780 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.Алимаа үндсэн нэхэмжлэл, нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: “С.Эрдэнэцогт нь 2011 оны 01 сараас эхлэн надтай хамтран амьдарч 2015 оны 05 сарын 17-нд салсан. Энэ хугацаанд С.Эрдэнэцогт нь ХААН банкны эзэмшлийн данстай байсан ч ашиглаж чадахгүй гэдэг шалтгаанаар миний эзэмшлийн 5739002876 тоот дансаар гүйлгээ хийлгэж, өөртөө авч зарцуулдаг байсан, би өөртөө авч зарцуулсан зүйл огт байхгүй. Би өөрийн гэсэн орлогтой харин ч би өөрийн орлогоороо амьдралын хэрэгцээний бүхэл зүйлийг зарцуулдаг байсан. Тиймд С.Эрдэнэцогтын нэхэмжлэл үндэслэлгүй юм.

С.Эрдэнэцогтын миний дансаар оруулсан орлого болон зарлага, миний данснаас данс руу шилжүүлсэн мөнгөн дүнгүүд:

1. Оруулсан орлого нийт 36 742 000 төгрөг. Надтай хамтран амьдарч байх хугацаанд миний эзэмшлийн дансанд дээрх мөнгө орсон боловч С.Эрдэнэцогт орсон орлогоо дор бүр нь өөртөө зарцуулж байсан.

2.Данснаас данс руу шилжүүлсэн мөнгөн 9 750 000 төгрөг. Охин Отгонжаргалдаа 5021301167 тоот дансаар нийт 2750 000 төгрөг, Ч.Уранчимэгт 5752086168 тоот дансаар 500 000 төгрөг, О.Мөнхтогоод 5114018221 тоот дансаар 300 000 төгрөг, Б.Самбууд 5739003799 тоот дансаар 300 000 төгрөг, Ц.Жаргалсайханд 5019429681 тоот дансаар 500 000 төгрөг, Д.Батсайханд 5098032806 тоот дансаар 1000 000 төгрөг, Э.Нямлхагвад 5007407150 тоот дансаар 1200 000 төгрөг, А.Бямбадолгорт 5072076934 тоот дансаар 100 000 төгрөг, Ц.Балгансүрэнд 5113010506 тоот дансаар 3100 000 төгрөг шилжүүлсэн.

3. Миний эзэмшлийн 5739002876 тоот данснаас С.Эрдэнэцогт гарган авч өөртөө зарцуулсан нийт зарлага 48 730 000 төгрөг. С.Эрдэнэцогтын өөртөө авч байсан зүйлс эдгээр зүйлс нь бүгд өөрт нь үлдсэн болно. Нийт 44 050 000 төгрөгийн эд зүйлсийг өөртөө авч зарцуулсан.

Мөн хамтран амьдарч байх хугацаанд авсан тавилгыг намайг авч явсан гэдэг нь огт үндэслэлгүй. Миний бие С.Эрдэнэцогтоор ямар ч тавилга, эд хогшил аваагүй, хамт амьдарч байсан хугацаанд дундаасаа мөнгө гаргаж 2012 онд шар эрээн дрожийг 250 000 төгрөгөөр, 2013 онд хүрэн жижиг модон ширээ 150 000 төгрөгөөр авч байсан. Эдгээр зүйлс С.Эрдэнэцогтод үлдсэн. 2015 оны 08 сарын 15-наас хойш ямар ч үндэслэлгүй зүйл нэхэмжилж байгаад харамсаж байна гэжээ. 

Өөрийн дансны 280 ямаагаа самнаж миний цалингийн зээл 3500 000 төгрөгийг хаасан гэдэг үндэслэлгүй. Миний охин Н.Солонготуяа 2013 оны 05 сарын 20-нд миний нэрээр Ж.Даваанямын 5890295048 тоот данс руу банзны мөнгө гэж 1400 000 төгрөг шилжүүлсэн. Энэ банзны мөнгөнд С.Эрдэнэцогт бид хоёрын дундаас бийй болгосон 12 000 000 төгрөгөөс огт ороогүй, мөн 6х7 харьцаатай торхны 6 800 000 төгрөгийн урьдчилгаа болгож охин Н.Солонготуяа 2013 оны 04 сарын 19-нд миний нэрээр Ж.Даваанямын 5890295048 тоот данс руу 1000 000 төгрөг шилжүүлсэн. Иймд торхны 6800 000 төгрөгөөс 1000 000 төгрөгийг хасах зөв. С.Эрдэнэцогтод үлдсэн эд материалын үнэлгээний дүнг Хан үнэлэмж ХХК-ийн гаргасан 9 385 900 төгрөгөөр тооцож өгнө үү” гэжээ.  

Хариуцагч А.Алимаа шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие нь С.Эрдэнэцогттой 2011 оноос 2015 оны 05 сар хүртэл хамтын амьдралтай байсан. 2011 онд С.Эрдэнэцогт малчны зээл 5000 000 төгрөг, би 4500 000 төгрөгийн цалингийн зээл авч 9500 000 төгрөгөөр хашаа байшин худалдан авч Заамар сумын төвд амьдарсан. Бид хоёр хэн хэнийхээ гэрт орж амьдраагүй. Энэ байшингаа 12 сая төгрөгөөр Б.Амгаланбаярт зарсан. Байшин зарсан мөнгө орж ирээгүй байх үед Ж.Даваанямаас торх худалдан авахаар тохиролцсон байсан тул охин Н.Солонготуяагаас урьдчилгаа 1000 000 төгрөгийг, мөн банзны үнэ 1400 000 төгрөг авч шилжүүлсэн. Энэ нь дансаар харагдана.

Ингээд байшин зарсан 12000 000 төгрөг орж ирэхээр торхоо авсан. Торх нь гадна доторлогоо байхгүй цавчсан мод л ирсэн. Би насны эцэст сайхан амьдаръя гэж итгэж, С.Эрдэнэцогтыг байхад нь өөрийн охин Н.Солонготуяагаас 12000 000 төгрөг зээлж байшингаа босгосон. 2013 оны 08 сард би тэтгэвэртээ гарч 36 сарын тэтгэмжээ аваад охиноос зээлсэн 12000 000 төгрөгөө буцаан төлсөн. Энэ 12000 000 төгрөг торхны үнэнд хамааралгүй юм.

2012 оны 06 сард Н.Бямбаа гэдэг хүнд 200 тооны хургатай хонь нийлүүлэхээр мөнгийг нь бэлнээр аваад бага үнээр хонио нийлүүлж, илүү гарсан мөнгөөр миний цалингийн зээлийг хаасан болохоор энэ 3500 000 төгрөгийг С.Эрдэнэцогт надаас нэхэмжлэх эрхгүй, бидний хамтын хүч хөдөлмөрөөр бий болсон гэж үзэж байна.

С.Эрдэнэцогт нь архи согтууруулах зүйл хэрэглэж, эрүүл мэндэд халдсан тул цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Ингээд би өөрийн хөрөнгөөр босгосон байшингаа буулгаад өөр газар барьсан байгаа.

С.Эрдэнэцогт дансаар гүйлгээ хийж чадахгүй гээд миний цалингийн дансанд өөрийн олсон орлогоо оруулж байсан. Энэ 38 880 300 төгрөгөөс С.Эрдэнэцогт нэг ч төгрөг аваагүй гэж худлаа ярьж байна. Орсон орлого болгоныг тухайн бүрт нь би өөрөө бэлнээр авч өөрт нь гаргаж өгдөг, энэ мөнгөө өөртөө зарцуулдаг байсан. Миний данс руу орсон мөнгө болгоныг намайг авсан гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Анхан шатны шүүх: - Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.8, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч А.Алимаагаас 2 давхар байшингийн 6х7 хэмжээтэй мансардтай 6800 000 төгрөгийн үнэ бүхий торхыг торхоор, мансардны шалны 1600 000 төгрөгийн үнэ бүхий 5-ын банз 3.2 м3, дээврийн 1400 000 төгрөгийн үнэ бүхий 3-ын банз 4.5м3 банзаар, цалингийн зээлийг нь хаасан 3500 000 төгрөг, дансанд орсон 29 211 780 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С.Эрдэнэцогтын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.8-д зааснаар нэхэмжлэгч С.Эрдэнэцогтоос 3 818 317 төгрөг гаргуулан хариуцагч А.Алимаад олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 14367582 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.Эрдэнэцогтын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 314450 төгрөгийг, хариуцагч А.Алимаагийн тэмдэгтийн хураамжид төлсөн 248900 төгрөгийг төрийн сангийн орлогод тус тус үлдээж, нэхэмжлэгч С.Эрдэнэцогтоос 332552 төгрөгийг нөхөн төлүүлж төрийн сангийн орлогод, 76043 төгрөг гаргуулж хариуцагч А.Алимаад тус тус олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгч С.Эрдэнэцогтоос 55500 төгрөг, хариуцагч А.Алимаагаас 55500төгрөг тус тус гаргуулан Төв аймгийн Шүүхийн Тамгын газарт олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-д зааснаар тус шүүхийн шүүгчийн 2015 оны 11 сарын 03-ны өдрийн 151/ШЗ2015/01683 тоот захирамжаар 6х7 хэмжээтэй мансардтай байшингийн нийт 6 метрийн хэмжээтэй 31 ширхэг, 7 метрийн хэмжээтэй 32 ширхэг, нийт 63 ширхэг дүнз, мансардын шалны 5 см-ийн 94 ширхэг банз, байшингийн А нурууны дээврийн банз, доод шалны 3 см-н банз 5 м3 -ыг тус тус битүүмжилж, эд хөрөнгийг бусдад худалдах, бэлэглэх, барьцаалахгүй байхыг хариуцагч А.Алимаад даалгасан шийдвэрийг баталгаажуулах тухай арга хэмжээ нь энэ хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Цэндсүрэн давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүх маргааны үйл баримтыгзөв тогтоож, нотлох баримтуудыг үнэлж дүгнээгүйгээс анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй. 1. Нэхэмжлэгч С.Эрдэнэцогт 2015 оны 08 сарын 18-ны өдөр шүүхэд:

Нэг. Түнжин овогт Сандагсүрэнгийн Эрдэнэцогт намайг Боржигон овогт Авгаан-Ишийн Алимаатай 2011 оны 12 сарын 01-ний өдрөөс 2015 оны 7 сарын 17 хүртэл 3 жил 8 сарын хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү.

Хоёр: Хамтын амьдралын хугацаанд бий болсон дундын эд хөрөнгө болох 6,800,000 төгрөгийн үнэ бүхий 2 давхар, 6*7 хэмжээтэй мансарттай торхыг хариуцагч А.Алимаагаас гаргуулж өгнө үү.

Гурав. Алимаагийн Хаан банкны цалингийн зээл хаасан 3,500,000 төгрөг, мөн Хөвсгөл аймаг руу Даваанямаас авсан моднуудын үнэнд мансартны шалны цэвэр 5-ын банзны үнэнд 1,600,000 төгрөг, А нурууны дээвэр, шалны 3 см-н банз 5м3 банзны үнэнд 1,400,000 төгрөг, нийт 6,500,000 төгрөгийг хариуцагч А.Алимаагаас гаргуулж өгнө үү гэсэн 3 шаардлага гаргасан. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэгдүгээр шаардлагыг шийдвэрлээгүй орхигдуулсан.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруул гэсний дагуу нэхэмжлэгч С.Эрдэнэцогт нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан ба анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдөөгүй байхад өөрчлөгдсөн мэтээр дүгнэж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болохоос багасгаагүй байдаг юм.

3. Хариуцагч А.Алимаа нь цалингийн зээл хаасан гэх 3,500,000 төгрөг дээр маргаагүй байхад хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой бйана.

4. Хамтын амьдралын хугацаанд С.Эрдэнэцогт нь өөрт орох ёстой байсан бэлэн мөнгөний гүйлгээнүүдийг А.Алимаагийн дансанд оруулдаг байсан, үнийн дүнгээр 29.211.780 төгрөг нэхэмжилсэн боловч хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Учир нь А.Алимаа нь өөрийн дансанд төвлөрүүлсэн мөнгийг эргүүлэн С.Эрдэнэцогт зарлага хийж авдаг гэж тайлбарлаж байсан боловч энэ нотлогдоогүй байхад хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

5. Сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьсан, хэргийн газар үзлэг хийсэн ба үзлэгээр илэрсэн, тогтоогдсон зүйлүүдийг сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ орхигдуулсан.

6. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдоос гаргасан хүсэлтийг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй, гомдол гаргах эрхтэй захирамжийг танилцуулдаггүй, шүүх хуралдааны тэмдэглэл дутуу, шүүхээс гарсан захирамжуудыг нөхөж гаргадаг, захирамаа засварладаг, нэмж ирсэн нотлох баримтуудыг талуудад танилцуулаагүй зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчин зохигчдын эдлэх эрхийг хязгаарласан нь хэргийн материалаас харагдана.

Иймд Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 сарын 7-ны өдрийн 151/ШШ2017/00392 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулахгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжих зарчмыг зарим талаар зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаарх гомдлын агуулгаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах хуулийн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч С.Эрдэнэцогтын, хариуцагч А.Алимаад холбогдох хамтын амьдралын хугацаанд бий болсон дундын хөрөнгийн маргаантай хэргийг шүүх хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Цэндсүрэнд 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс хойш хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүхийн ажиллагааны баримтуудтай танилцуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.2-т заасан мэтгэлцэх эрхийг хязгаарласан байна. Хавтаст хэргийн 129 дугаар хуудаснаас хойшхи цугларсан баримтууд болон шүүхээс явуулсан ажиллагааны баримтуудтай нэхэмжлэгчийн өмгөөлөгч танилцаагүй байх ба хэргийн материал таницуулаагүй гэх байдал түүний давж заалдах гомдлын нэг үндэслэл болсныг давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн хүлээн авах нь зүйтэй байна.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт Нотлох баримт гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэсэн заалтыг зөрчжээ. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүхээс нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг явуулж, хариуцагч А.Алимаагийн ХААН банкны дансны хуулга 15 хуудас баримтыг гаргуулсан байна /хх-ийн 56-70-р тал/. Тэдгээр баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан бичмэл нотлох баримтад хуулиар тавигдах хэлбэрийн шаардлагыг хангаагүй байхад шийдвэрийн үндэслэл болгосон нь буруу байна.

Анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллаагааны журам зөрчсөн, шийдвэр хүчингүй болгох эрх зүйн үр дагавар бүхий алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй юм.

Анхан шатны шүүхэд өмнө нь давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцээд дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаасны дараа буюу 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн шүүгчдийн зөвлөгөөнөөр хэргийн хугацааг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 30 хоногийн хугацаагаар сунгасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх хугацаа 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр дууссан байна. Шүүх 100 хоногоор хэрэг хянан шийдвэрлэх хугацааг хэтрүүлж, шүүх хуралдааныг нотлох баримт гаргуулах хүсэлттэй холбоотойгоор болон өмгөөлөгч нар шүүх хуралдаан давхацсан үндэслэлээр олон удаа хойшлуулж хууль зөрчжээ.

Дээрх ажиллагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7, 38.9, 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэгт заасныг зөрчсөнөөс гадна шүүх хуралдааныг хойшлуулах ажиллагаа нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 71.1, 71.2-т заасан хуулийн хугацааны дотор явагдах бөгөөд шүүх хуралдааныг хойшлуулах ажиллагаагаар хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан хугацаа сунгагдахгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.    Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 151/ШШ2017/00392 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2.    Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 408.595 төгрөгийг шүүгчийн захирамжаар орон нутгийн төсвөөс буцаан олгохыг дурдсугай.

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Г.БОЛОРМАА

                                           ШҮҮГЧИД                                              Ш.ТӨМӨРБААТАР

                                                                                             Ц.ӨРНӨНДЭЛГЭР