Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 223/МА2016/00010

 

Ц.Болдбаатарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Төмөрбаатар даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Ц.Өрнөндэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийншүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 151/ШШ2016/00626 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ц.Болдбаатарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Зэвсэгт хүчний 016 дугаар ангид холбогдох

Улсад хүний бага эмч, их эмчээр 26 жил 1 сар 9 өдөр ажилласны 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж 11.461.570 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, хэргийг 2016 оны 07 дугаар сарын 29-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Өрнөндэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.Сувдаа,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: А.Мөнхтулга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Даваахүү,

нарийн бичгийн дарга А.Доржпүрэв нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Сувдаа шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Болдбаатар нь улсад хүний бага эмч, их эмчээр 26 жил 1 сар 9 хоног ажилласан. 2013 оны 3 дугаар сарын 18-ны өдөр өндөр насны тэтгэвэрт гарсан.

Эрүүл мэндийн тухай хуулийн 29 зүйлийн 29.2-т зааснаар ... Төрийн өмчийн эрүүл мэндийн болон боловсролын байгууллагад 25 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэн тэтгэвэрт гарахад 24 сарын, эрүүл мэндийн бусад ажилтан тэтгэвэрт гарахад 12 сарын, өрхийн эрүүл мэндийн төв, сум тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэгт 10 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэн тэтгэвэрт гарахдаа 36 сарын, эрүүл мэндийн бусад ажилтан тэтгэвэрт гарахад 18 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг тэтгэвэрт гарах үед авч байсан үндсэн цалингаас нь тооцон ажиллаж байгаа байгууллагаасаа авах эрхтэй гэж заасны дагуу ажиллаж байгаа байгууллагаасаа гэдгийг тодруулмаар байна.

Ц.Болдбаатар нь сум тосгоны эрүүл мэндийн төвд 1974 оноос хойш 1984 он хүртэл 10 жил ажилласан тул тэтгэвэрт гарахад 36 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний 1 удаагийн мөнгөн тэтгэмж болох 11.461.570 төгрөгийг ажиллаж байсан байгууллагаасаа авах эрхтэй гэсний дагуу тэтгэмж авахаар хөөцөлдөөд 2 жил гаруй болж байна. Зэвсэгт хүчний 016-р ангийн захирагчийн 2008 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 28 тоот тушаалаар шүдний эмчээр ажилласан. Зэвсэгт хүчний 016-р ангийн захирагчийн 2012 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 178 тоот тушаалаар бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөд орж ажлаас халагдсан юм. Тэтгэмж аавах талаар удаа дараа өргөдөл өгч байсан. Хариу өгөхгүй байсаар байгаад өдийг хүргэсэн. 2013 оны 10 дугаар сарын 16-нд Зэвсэгт хүчний 016-р ангийн захирагч бригадын генерал Онцгойбаярт өргөдөл гаргасан, 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Зэвсэгт хүчний жанжин штабын хүний нөөцийн хэлтэст өргөдөл гаргасан. 2015 оны 12 сарын 31-ний өдөр Зэвсэгт хүчний жанжин штабын 12/4346 тоот хариуг авч нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна.

Иймд Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т зааснаар Ц.Болдбаатар нь сум тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэгт 10 жил ажилласан тул 1 удаагийн тэтгэмж болох 11.461.570 төгрөгийг хариуцагч Зэвсэгт хүчний 016-р бригадаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Зэвсэгт хүчний 016 дугаар бригад, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Даваахүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан байгаа хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн. Мөн Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т зааснаар Төрийн өмчийн эрүүл мэндийн болон боловсролын байгууллагад 25 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэн тэтгэвэрт гарахад 24 сарын, эрүүл мэндийн бусад ажилтан тэтгэвэрт гарахад 12 сарын, өрхийн эрүүл мэндийн төв, сум тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэгт 10 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэн тэтгэвэрт гарахдаа 36 сарын, эрүүл мэндийн бусад ажилтан тэтгэвэрт гарахад 18 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг тэтгэвэрт гарах үед авч байсан үндсэн цалингаас нь тооцон ажиллаж байгаа байгаа байгууллагаасаа авах эрхтэй гэж заасны дагуу ажиллаж байгаа байгууллагаасаа гэдгийг тодруулмаар байна. Одоо бол манай байгууллагад Ц.Болдбаатар гуай ажлаагүй байгаа. Төрийн албаны тухай 30 дугаар зүйлийн 30.2-т зааснаар тэтгэвэрт гарах шалгуур нөхцөл, насыг заасан хуулийн заалт байгаа. Ц.Болдбаатар гуай орон тоо, бүтцийн өөрчлөлтөөр 2012 оны 6 дугаар сарын 20-ны өдөр чөлөөлөгдөөд 9 сар болсон байдаг. Манай байгууллагаас тэтгэвэрт гараагүй. 2013 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 60 нас хүрээд тэтгэвэртээ гарсан байдаг. Тэтгэвэртээ гарснаас хойш 9 сарын дараа гомдол гаргасан байсан. Тухайн үед ажлаас халагдах Ц.Болдбаатар гуайд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар 1 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг олгосон байдаг. Ингээд ажлаасаа чөлөөлөгдсөн, тэтгэмжээ аваад гомдолгүй гэж гарсан байгаа юм. Үнэхээр гомдолтой байсан бол тухайн үед гомдол гаргах эрхтэй байсан гэжээ.

 

Анхан шатны шүүх: -Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-д зааснаар хариуцагч Зэвсэгт хүчний 016-р бригадаас 11.461.570 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Болдбаатарт олгож,

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Ц.Болдбаатарын 2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот дансанд төлсөн 128.135 төгрөгийг буцаан олгож, хариуцагч Зэвсэгт хүчний 016-р бригадаас улсын тэмдэгтийн хураамжид 128.135 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж,

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэррлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Даваахүү давж заалдах гомдолдоо: ... Монгол улсын иргэн Сартуул овогтой Цэрэндоржийн Болдбаатар нь Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн захирагчийн 2008 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 28 дугаар тушаалаар тус ангид шүдний эмчээр томилогдон ажиллаж, 2012 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 178 дугаар тушаалаар бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр ажлаас халагдсан байдаг. Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт Төрийн өмчийн эрүүл мэндийн болон боловсролын байгууллагад 25 ба түүнээс дээш жил, өрхийн эрүүл мэндийн төв, сум, тосгоны эрүү мэндийн төв, сум дундын эмнэлэгт 10 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн бусад ажилтан тэтгэвэрт гарахад нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг үндсэн цалингийн дунджаас тооцуулан ажиллаж байгаа байгууллагаасаа авах эрхтэй гэж заасан байна. Ц.Болдбаатар нь ажлаас халагдсанаас хойш 9 сарын дараа буюу 2013 оны 03 дугаар сарын 17-ны өдөр өндөр насны тэтгэвэрт гарсан нь эрхзүйн гипотез хангахдахгүй байна. Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт нэг удаагийн тэтгэмж тооцох цалингийн дундаж хэмжээ, тэтгэмж олгох шалгуур нөхцлийг төрийн албаны тухай хуулийн 30.2-т заасан журмыг баримтлан тогтооно гэж заасан байна. Ц.Болдбаатар нь 2008 оны 1 дүгээр сарын 28-ны өдрөөс 2012 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Зэвсэгт хүчний 016 дугаар ангид төрийн жинхэнэ албан тушаалтнаар ажиллагаагүй болно. Иймд Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 151/ШШ2016/00626 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгуулах хүсэлтэй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааны төрлийг зөв тодорхойлж, тухайн маргаантай харилцааг зохицуулсан Эрүүл мэндийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулсан байна.

Нэхэмжлэгч Ц.Болдбаатар нь 1974 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1984 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд Төв аймгийн Мөнгөнморьт сумын их эмчийн салбарт бага эмч, 1984 оны 09 сарын 16-ны өдрөөс Аймгийн нэгдсэн эмнэлэгт бага эмч, 1992 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс Багануурын нэгдсэн эмнэлгийн шүдний эмч, 2002 оны 11 дүгээр сарын 01-ны өдрөөс Багануур дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд их эмч, 2008 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2012 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Зэвсэгт хүчний 016 дугаар ангид шүдний их эмчээр тус тус ажиллаж, улсад нийтдээ 26 жил, 1 сар 9 хоног ажилласан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогджээ. Хэрэгт ач холбогдол бүхий дээрх үйл баримтын талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т зааснаар төрийн өмчийн эрүүл мэндийн болон боловсролын байгууллагад 25 ба түүнээс дээш жил, өрхийн эрүүл мэндийн төв, сум, тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэгт 10 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн бусад ажилтан тэтгэвэрт гарахад нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг үндсэн цалингийн дунджаас тооцуулан ажиллаж байгаа байгууллагаасаа авах эрхтэй бөгөөд нэг удаагийн тэтгэмж тооцох цалингийн дундаж хэмжээ, тэтгэмж олгох шалгуур нөхцлийг Төрийн албаны тухай хуулийн 30.2-т заасан журмыг баримтлан тогтоодог байна.

Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон шалгуур нөхцлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батлахаар заажээ.

 

Нэхэмжлэгч Ц.Болдбаатар нь 2013 оны 3 дугаар сард өндөр насны тэтгэвэрт гарах үед Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг нь төрийн өмчийн эрүүл мэндийн болон боловсролын байгууллагад 25 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэн тэтгэвэрт гарахад 24 сарын, эрүүл мэндийн бусад ажилтан тэтгэвэрт гарахад 12 сарын, өрхийн эрүүл мэндийн төв, сум, тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэгт 10 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэн тэтгэвэрт гарахад 36 сарын, эрүүл мэндийн бусад ажилтан тэтгэвэрт гарахад 18 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг тэтгэвэрт гарах үед авч байсан үндсэн цалингаас нь тооцон ажиллаж байгаа байгууллагаас авах эрхтэй гэх агуулгатай байсан ба хуулийн уг зүйл, хэсгийг өөрчлөн найруулсан Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр батлагдсан байна. Уг хуулийг батлагдсан өдрөөс буюу 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрөөс даган мөрдөхөөр хуулийн 2 дугаар зүйлд заасан байх тул Ц.Болдбаатарын нэхэмжлэлийн шаардлагын эрх зүйн үндэслэлийг шүүх Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийн өөрчлөн найруулагдаагүй буюу 2013 оны 3 дугаар сард хүчин төгөлдөр үйлчилж байсан агуулгад хамааруулсан нь Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй гэх зарчимд нийцжээ.

Хуулийн өөрчлөлтийн болон хууль хэрэглээний дээрх байдлын талаар анхан шатны шүүх шийдвэртээ дүгнээгүй нь учир дутагдалтай болсныг тэмдэглэх нь зүйтэй.

Хариуцагч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ нэхэмжлэгчийг тухайн байгуулагад эмчээр 2008 оны 1 дүгээр сараас ажиллаж байгаад 2012 оны 6 дугаар сард орон тоо, бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлөгдсөн. Манай байгууллагаас тэтгэвэрт гараагүй, 2013 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 60 нас хүрээд тэтгэвэрт гарсан байдаг гэж тайлбарлажээ.

Тэтгэмж олгох үндэслэл нь эмнэлгийн мэргэжилтэн тэтгэвэрт гарах тохиолдол болохыг хуульд дээрх байдлаар зааснаар нэхэмжлэгч нь тэтгэмж авах эрх үүссэн байна. Түүнчлэн нэхэмжлэгч Төв аймгийн Мөнгөнморьт сумын эмнэлэгт 1974 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1984 оны 9 дүгээр сарын 16-ныг хүртэлх 10 жил 2 сар 13 хоног эмчээр ажилласан болохыг нийгмийн даатгалын байгууллага нь тэтгэвэр тогтоох үед баталгаажуулсан байх тул энэ нөхцлөөрөө Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т хамаарч байна.

Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийн шинэ болон хуучин зохицуулалтад эрүүл мэндийн мэргэжилтэн нь нэг удаагийн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаасаа авах эрхтэйгээр тусгагдсан заалтад нийцүүлэн нэхэмжлэгч тэтгэвэр тогтоогдохын өмнө, хамгийн сүүлд ажиллаж байсан байгууллага болох Зэвсэгт хүчний 016 дугаар бригадад холбогдуулан шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулгаар өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 151/ШШ2016/00626 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
  2. Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ТӨМӨРБААТАР

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Ц.ӨРНӨНДЭЛГЭР