Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 128/2022/0667/З |
Дугаар | 001/ХТ2023/0038 |
Огноо | 2023-05-22 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2023 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 001/ХТ2023/0038
“Ү ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа
Шүүгчид: Х.Батсүрэн
П.Соёл-Эрдэнэ
Ц.Цогт
Илтгэгч шүүгч: Г.Банзрагч
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2023/0935 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2023/0120 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э нарыг оролцуулж,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 169 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн эсэх үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага:
Нэхэмжлэгч “Ү ж” ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/219 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Хэргийн нөхцөл байдал:
2.1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/22 дугаар тушаалаар Улаанбаатар хот, Н дүүргийн нутагт орших Г-Т-ийн байгалийн цогцолборт газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Д-ны арын хязгаарлалтын бүсэд 3,0 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаагаар ашиглах эрхийг “Ү ж” ХХК-д олгосон байна. Үүнийг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр газар ашиглах 01713... дугаар гэрчилгээг олгож, 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 2020/25 дугаар “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах тухай” гурван талт гэрээ байгуулагдсан. Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/219 дүгээр тушаалаар “Ү ж” ХХК-д олгосон дээрх 3,0 га газрын ашиглах эрхийг “талбайн хэмжээ хэтрүүлэн газар ашигласан” үндэслэлээр дуусгавар болгож шийдвэрлэсэн байна.
3. Нэхэмжлэгч “Ү ж” ХХК нь дараах үндэслэлээр маргаан бүхий тушаалыг хүчингүй болгуулахаар шаардсан. Үүнд:
3.1. “... 2020/25 дугаар “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах тухай” гурвалсан гэрээг байгуулж, хуульд заасан нөхцөл, журмын дагуу газрын төлбөрийг жил бүр бүрэн төлж, зориулалтын дагуу ямар нэгэн зөрчил гаргалгүйгээр газраа ашиглаж байсан. Газар ашиглах тухай гурвалсан гэрээг байгуулснаас хойш төрийн байгууллагуудаас холбогдох зөвшөөрлүүдийг авч, аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах бэлтгэл үе шатны ажлуудыг гүйцэтгэж ирсэн. Хамгаалалтын захиргаатай өөрийн төсөл хэрэгжүүлэх газрын ойролцоох талбайн ойг нөхөн сэргээх, ойжуулах, мод тарих, үржүүлэх үйл ажиллагааг явуулах зорилгоор 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн С-21/04 дүгээр “Г-Т-ийн байгалийн цогцолборт газарт ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт хийх ажлын гэрээ”-г байгуулсан. Тус гэрээний хүрээнд 1000 ширхэг шинэ модыг ойжуулах талбайд тарьж, ойг нөхөн сэргээхээр мод нийлүүлэх компанитай гэрээ байгуулан төлбөр тооцоог бүрэн төлсөн. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас манай компанид газар ашиглах эрх олгосон тушаалыг хүчингүй болгох гэж буй талаар огт мэдэгдээгүй, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасны дагуу сонсох ажиллагааг явуулаагүй, тайлбар, санал гаргах боломж олголгүйгээр шийдвэр гаргасан.
3.2. Маргаан бүхий 2022 оны А/219 дүгээр тушаалд үндэслэл болгосон хуулийн зохицуулалтаас үзэхэд, манай компани хуульд заасан ямар нөхцөл журмыг зөрчсөн талаарх хуулийн зохицуулалт нь тодорхой бус, тушаалд дурдсан зөрчлийг гаргасан гэх нотлох баримтгүй байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6, 24 дүгээр зүйлийн 24.1-д заасныг тус тус зөрчсөн. Бид тарьсан модоо хамгаалах, тухайн газар нутгийн өнгө үзэмж, улмаар газрын хөрс, байгаль экологид сөрөг нөлөө үзүүлэхгүй байлгахыг зорьж ижил чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа ойролцоох аж ахуйн нэгжтэй хамтран ижил загвар, өнгөтэй газрын хөрсөнд ямар ч сөрөг нөлөөгүй эвхэж хураах зориулалттай хамгаалалтын түр хашааг байрлуулсан (газрын хөрсөнд бетон цутгаж суурилуулаагүй). Энэ нь зөвшөөрөлгүйгээр илүү талбайг ашигласан үйлдэл огт биш бөгөөд зөвхөн ойжуулалт, барилгажилтын ажил дуусах хүртэлх хугацаанд түр хамгаалалтын арга хэмжээг авсан болно. Гэтэл хариуцагч нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргаж манай компанийн газар ашиглах эрхийг ноцтой зөрчсөн. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны А/219 дүгээр тушаалыг хүчингүй болгож өгнө үү ...” гэжээ.
4. Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд:
4.1. “... Хариуцагчийн зүгээс байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ болон эскиз зургийг батлуул гэсэн шинжээчийн дүгнэлт гараад 90 хоног өнгөрсөн байхад байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ болон эскиз зургаа батлуулаагүй нь Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасныг зөрчсөн гэж үзэж байна. Мөн ашиглах талбайг хэтрүүлэн ашигласан гэсэн нь нотлох баримтаар тогтоогдсон. Г-Т-ийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаатай байгуулсан ойжуулах гэрээ нь эрх зүйн үндэслэлгүй буюу төрийн захиргааны төв байгууллагын эрх хэмжээний хүрээнд гарсан асуудлаар гэрээ байгуулсан тул гэрээг хүчингүй болгож шийдвэрлэсэн шийдвэр үндэслэлтэй.
4.2. Сонсох ажиллагаа явагдаагүй боловч манай зүгээс сонсох ажиллагаа хийх боломжоор хангаж, Тусгай хамгаалалттай бүс нутгийн газрын дарга болон бусад мэргэжилтнүүд нэхэмжлэгчтэй холбогдсон талаарх баримт хэрэгт авагдсан, тухайн акт эрх зүйн үндэслэлтэй байна. Газар ашиглах гурван талт гэрээнд заасан мод тарих гэсэн зохицуулалтыг үндэслэн өөрийн ашиглах газраас илүү том газарт мод тарина гэж ойлгож байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.4-т заасныг болон газар ашиглах гэрээний 6.2-т заасныг ноцтой зөрчсөн. Иймд маргаан бүхий захиргааны акт нь эрх зүйн үндэслэлтэй байх бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсгийг хангаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
5. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2023/0935 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ү ж” ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/219 дүгээр тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийсэн байна. Үүнд:
5.1. Нэхэмжлэгч “Ү ж” ХХК нь Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл нотлох баримтуудаар тогтоогдоогүй, заасан зөрчил нь газрын эрхийг хүчингүй болгох зохицуулалтад хамаарахгүй байхад уг заалтыг баримтлан нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгох хууль зүйн боломжгүй.
5.2. Нэхэмжлэгч нь өөрийн ашиглах эрх бүхий 3,0 га талбайн зэргэлдээ орших 4,9 га газрыг хашаалж мод тарихдаа хамгаалалтын захиргааны даргаар батлуулсан гэрээний дагуу хийсэн, нэхэмжлэгчийн тарьсан мод, түүний ургасан байдал, эдгээрийг тойруулж хашаа татсан зэрэг нь шүүхээс хийсэн үзлэгийн явцад нотлогдсон.
5.3. Хариуцагч захиргааны байгууллага нэхэмжлэгчийн ашиглах эрх бүхий 3,0 га газрыг илүү ашигласан гэх үндэслэлээр хүчингүй болгосон атлаа үлдэх 4,9 га газрын ашиглах эрхийг хэрхэх талаар заагаагүй үлдээсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан тусгай зарчимд нийцэхгүй.
5.4. Маргаан бүхий захиргааны актад гэрээний талаар дурдаагүй, уг гэрээнд дүгнэлт өгөөгүй, тухайн гэрээ нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа, хэргийн оролцогчид тухайлан нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргаагүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар шүүх дүгнэлт өгөхгүй.
5.5. Нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.4-т заасан байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, дээрх зөрчлийг гаргасан гэж үзэх үндэслэлгүй байх тул 2022 оны А/219 дүгээр тушаалыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй.
5.6. Хариуцагч нь маргаан бүхий захиргааны актыг батлан гаргахын өмнө нэхэмжлэгчийг шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулж тайлбар, саналыг сонсох үүрэгтэй атал энэ үүргээ биелүүлээгүй, Захиргааны ерөнхий хуулийн 26 болон 27 дугаар зүйлд заасныг зөрчсөн ...” гэх зэргээр дүгнэжээ.
6. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хэргийг хянан хэлэлцээд 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2023/0120 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1, 37 дугаар зүйлийн 1, 2, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.4, 40.1.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Ү ж” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо дараах дүгнэлтийг өгсөн байна. Үүнд:
6.1. “Нэхэмжлэгч нь өөрийн 3,0 га газрын ашиглах талбайн хэмжээ (тойруулан томсгож)-г хэтрүүлэн эрх бүхий байгууллагын зохих зөвшөөрөл, шийдвэргүйгээр хамгаалалтын захиргаатай байгуулсан ойжуулалт хийх гэрээгээр ашиглуулсан гэх 4,9 га, нийт 7,9 га газрыг нийлүүлж хашаалсан, байгаль орчны нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээг хийлгээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 3,0 га газраа 2 жил дараалан ашиглаагүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон.
6.2. Хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нэхэмжлэгч нь байгаль хамгаалах, ойжуулах, ойн нөхөн сэргээлт хийх, мод тарих, үржүүлэх зэрэг үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй, төслөө өргөтгөх, шинэчлэх талаар эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл аваагүй, судалгаа, шинжилгээ хийх зөвшөөрөлгүй, гэрээг Байгаль орчны сайд батлаагүй зэрэг нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 2, Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар батлагдсан “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам”-ын 3.5, 4.1, төрийн захиргааны төв байгууллагын ойн талаар хэрэгжүүлэх бүрэн эрхийг хамгаалалтын захиргаа эдэлж, хуульд нийцээгүй гэрээ, хэлцэл байгуулсан нь Ойн тухай хуулийн 13 дугаар зүйлд (энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулахаас өмнөх зохицуулалтаар) заасантай тус тус нийцээгүй.
6.3. Нэхэмжлэгчийг зохих зөвшөөрлийн дагуу тусгай хамгаалалттай газар ашигласан гэж үзэхгүйн дээр газар ашиглах эрх бүхий газраа тойруулан нийт 7,9 га газрыг хашаалж, хуулиар эрх олгогдоогүй 4,9 га газарт 500 ширхэг нарс мод тарьж, ойжуулалт хийснийг Ойн тухай хуулийн 22 дугаар зүйл, 30 дугаар зүйлд заасны дагуу хууль ёсны үйл ажиллагаа явуулсан гэж үзэх үндэслэлгүй.
6.4. Тусгай хамгаалалттай газарт “аялал жуулчлалын зориулалт”-аар олгосон зохих шийдвэр гарсны дараагаар байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгээгүй, “Аялал жуулчлалын бааз байгуулах төсөл”-өө, “Гэр бүлийн амралтын газрын төсөл” гэж өөрчилсөн байх бөгөөд уг төсөлд байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээг хийлгэж, нарийвчилсан үнэлгээний тайланг мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж батлуулаагүй нь Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1, 7.1.2-т заасныг, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг тус тус зөрчсөн. Иймд маргаан бүхий тушаал хууль зүйн үндэслэлтэй.
6.5. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 107 дугаар зүйлийн 107.4-т заасантай нийцээгүй, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлсэн.” гэж үзжээ.
7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б-гаас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-123.2.3-т заасан гурван үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргасан боловч Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 169 дүгээр тогтоолоор уг хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасан “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн болно.
8. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн тухай:
8.1. Давж заалдах шатны шүүх маргаан бүхий захиргааны актын үндэслэл болсон Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байхад үйл баримтыг гуйвуулан тайлбарлаж, нэхэмжлэгчийг буруутгасан. Нэхэмжлэгч нь ашиглах эрх олгогдсон 3,0 га газрыг бодит байдал дээр илүү ашигласан зүйл байхгүй буюу Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан зөрчил гаргаагүй бөгөөд уг заалт нь зөвхөн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2020/25 дугаар гурван талт “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах тухай гэрээ”-нд хамааралтай юм. Нэхэмжлэгч нь хууль болон гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөгүй. Г-Т-ийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаатай гэрээ байгуулан, гэрээний дагуу мод тарьж байгаль орчинд ээлтэй ажил гүйцэтгэснийг хууль тогтоомжийг удаа дараа, ноцтой зөрчсөн гэж үзсэн хариуцагчийн шийдвэрийг зөвтгөсөн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна.
8.2. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “газар ашиглах” гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг” гэж тодорхой заасан. Нэхэмжлэгч нь 2020 оны А/22 дугаар тушаалаар олгосон 3,0 га газарт аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулж газрын ашигт чанарыг гаргаж хэрэглээгүй, газрын хөрсийг ч хөндөөгүй байхад 4,9 га газрыг ашигласан гэж үзэж давж заалдах шатны шүүх хэт явцууруулж дүгнэлт хийсэн. Г-Т-ийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаатай байгуулсан 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн С-21/04 дүгээр “Г-Т-ийн байгалийн цогцолборт газарт ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт хийх ажлын гэрээ”-ээр нэхэмжлэгч нь 4,9 га газарт мод тарих үүргийг хүлээж, улсын төсвөөс ямар нэг санхүүжилт авахгүйгээр, мэргэжлийн байгууллагад төлбөр төлж зөвлөх үйлчилгээг авч 100 хувь өөрийн зардлаар 500 ширхэг шинэс модыг тарьж, тарьсан модоо арчилж, хамгаалж цаашид ч жил бүр хавар, намрын суулгацаар модоо тарихаар бэлтгэл ажлыг ханган гэрээний үүргээ биелүүлж байсан.
8.3. С-21/04 дүгээр гэрээний зохицуулалтаас үзвэл нэхэмжлэгчийн ашигласан гэх 4,9 га талбайд мод тарьж ойжуулсан газар нь төрийн өмч бөгөөд хамгаалалтын захиргааны хамгаалалтад байна. Нэхэмжлэгч нь 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр буюу гэрээний хүчинтэй хугацаанд модыг тарьж, суулгацын амьдрах чадвар 60 хувьд хүрмэгц хамгаалалтын захиргаанд хүлээлгэн өгөхөөр гэрээнд тодорхой заасан. Гэтэл нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлж нийгмийн хариуцлагын хүрээнд байгаль орчинд эерэг нөлөөлөл бүхий мод тарьсан үр дагаврыг давж заалдах шатны шүүхээс 4,9 га газрыг Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т зааснаар ашигласан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болно. Нэхэмжлэгч мод тарьсан нь газрыг ашиглаж байгаа үйлдэл биш. Иймд, давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийг өөрийн төслөө өргөтгөсөн, шинэчилсэн, ашиглах эрхийн талбайг хэтрүүлэн илүү талбайг ашигласан буюу Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан зөрчил гаргасан гэж буруутгасан нь хууль зүйн үндэслэлгүй. Мөн давж заалдах шатны шүүхээс Г-Т-ийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргыг нэхэмжлэгчтэй ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн ажлыг хийх гэрээ байгуулах эрхгүй гэж үзэж, нэхэмжлэгчийг эрхгүй этгээдтэй байгуулсан гэрээг үндэслэн өөрийн талбайгаас илүү ашигласан гэх дүгнэлт нь дараах үндэслэлүүдээр няцаагдаж байна ...
8.4. ... Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 2-т “... тухайн газар нутгийн хамгаалалтын горимын хүрээнд явуулж болох үйл ажиллагаанд зөвшөөрөл олгох, хяналт тавих” гэж, Засгийн газрын 1995 оны 169 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын нийтлэг горим”-ын 17-д “Цогцолборт газрын хамгаалалтын захиргаа энэхүү горимыг хэрэгжүүлэхтэй холбогдсон дор дурдсан үйл ажиллагааг зохицуулна: а/Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу ... ой арчлах, хөрс, ургамлыг нөхөн сэргээх, хортон шавьж, мэрэгчид, түймрээс сэргийлэх, тэдгээртэй тэмцэх, ... аялал жуулчлалыг зохион байгуулах зэрэг үйл ажиллагаа эрхлэхээр байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авсан эсвэл уг үйл ажиллагааг эрхлэх үүрэг бүхий аж ахуйн нэгж, байгууллага, иргэнтэй үйл ажиллагааных нь хүрээ, хамрах нутаг дэвсгэр, ашиглах технологи, арга хэлбэр, техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг тохиролцож гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтийн явцад хяналт тавьж биелэлтийг нь тогтоосон хугацаанд дүгнэж байх” гэж зааснаар хамгаалалтын захиргаанд ойжуулалтын талаар гэрээ байгуулах эрх хууль тогтоомжоор олгогдсон. Гэтэл давж заалдах шатны шүүх дээрх хэм хэмжээний актын заалтыг хэрэглэхгүйгээр нэхэмжлэгчийг шууд буруутгасан нь үндэслэлгүй юм.
8.5. Нөгөөтээгүүр хариуцагч нь хамгаалалтын захиргааг гэрээ байгуулах эрхгүй этгээд гэж үзэж байгаа бол аж ахуйн нэгжид их хэмжээний зардал гаргаж мод тарих үүрэг хүлээлгэсэн нь хамгаалалтын захиргааны буруутай үйл ажиллагаа болно. Гэтэл өнөөдрийг хүртэл хамгаалалтын захиргааны албан тушаалтанд нэхэмжлэгч компанитай С-21/04 дүгээр гэрээ байгуулсан нь хууль тогтоомж зөрчсөн гэж ямар нэгэн хариуцлага тооцож, гэрээг цуцалсан үйлдэл байхгүй ...
8.6. ... Нэхэмжлэгчийн үйл ажиллагаа нь гэрээний эрх, үүрэг, мөн Ойн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1, 22.1.2, 22.1.10-т заасан эрх, үүргийнхээ хүрээнд явуулж буй эерэг нөлөөлөл бүхий үйлдэл юм. Харин Ойн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4 дэх хэсэгт зааснаар аж ахуйн нэгж, байгууллагын өөрийн хөрөнгөөр бойжуулсан чанартай тарьц, суулгац, тарьсан мод, бут, сөөг, таримал ойг зохих журмын дагуу төрөөс худалдан авах буюу бусад хэлбэрээр урамшуулах зохицуулалттай байхад байгаль хамгаалах чиг үүрэг бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь үүний эсрэг үйлдэл гаргаж буй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зарчимтай нийцэхгүй байтал давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг үгүйсгэж, нэхэмжлэгчийг шууд буруутгаж хэт нэг талыг баримталсан шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр хуульд үндэслэх зарчимд нийцээгүй.
8.7. ... Иймээс нэхэмжлэгч нь хууль тогтоомж болон газар ашиглах гурван талт гэрээний үүргээ зөрчөөгүй, хууль тогтоомжийн хүрээнд хамгаалалтын захиргаа нь ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт хийх ажлын гэрээ байгуулах эрхтэй байна. Нэхэмжлэгч нь захиргааны байгууллагын шаардлагын дагуу эрх бүхий этгээдтэй гэрээ байгуулан мод тарьсан үйлдэл нь нэхэмжлэгчийг өөрийн аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхтэй газраа хэтрүүлэн ашигласан гэж үзэхгүй бөгөөд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан зөрчил гаргасан гэх үйл баримт тогтоогдоогүй. Иймд магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй тул хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээж өгнө үү ...” гэжээ.
9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “нэхэмжлэгч талын гаргасан гомдол үндэслэлгүй, давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны тул хэвээр үлдээж өгнө үү” гэсэн тайлбар өгөв.
10. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй.
11. Давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг буруу дүгнэж, холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
12. Хэргийн үйл баримтаас үзвэл, нэхэмжлэгч “Ү ж” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/22 дугаар тушаалаар Улаанбаатар хот, Н дүүргийн нутагт орших Г-Т-ийн байгалийн цогцолборт газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Д-ны арын хязгаарлалтын бүсэд 3,0 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаагаар ашиглах эрх авсан. Уг тушаалыг үндэслэн хуульд заасан этгээдүүд 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 2020/25 дугаар “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах тухай” гурван талт гэрээ байгуулсан байна. Нэхэмжлэгч гэрээний дагуу газрын төлбөрийг жил бүр төлж байсан, тухайн газрыг “зориулалтын бус”-аар ашигласан гэх үйл баримт тогтоогдоогүй.
13. Харин нэхэмжлэгч нь 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Г-Т-ийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаатай “Г-Т-ийн байгалийн цогцолборт газарт ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт хийх ажлын гэрээ” байгуулан “Т-ийн Д-ны ар гэх газарт нийт 4,9 га газрыг хариуцан байгаль хамгаалах, ойжуулах, нөхөн сэргээх зорилгоор ... гэрээнд заагдсан цэгүүдэд тусгагдсан байршилд ойжуулалт хийх, уг мод тарьсан талбай нь төрийн өмч бөгөөд хамгаалалтын захиргааны хамгаалалтад байхаар, ажлыг 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэх, зөрчилтэй гэж үзвэл зогсоох, гэрээг хүчингүй болгох”-оор харилцан тохиролцож, гэрээний дагуу нэхэмжлэгч нь өөрийн ашиглах эрх бүхий 3,0 га газраас илүү (гэрээнд заасан) 4,9 га газрыг хашаалж, мод тарьсан байна.
14. Нэхэмжлэгчийн энэхүү үйлдлийг хариуцагчаас “ашиглах эрхийн талбайн хэмжээ хэтрүүлэн ашигласан” гэж буруутган Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.“Үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах зориулалтаар газар эзэмших эрх авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь 90 хоногт багтаан байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэсний дараа тэдгээртэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ”, 35 дугаар зүйлийн 35.3.5.“бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх”; 40 дүгээр зүйлийн 40.1.1.“эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн; 40.1.4.“байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй, энэ хуулийн 31.4-т заасны дагуу палеонтологи, археологи, угсаатны урьдчилсан хайгуул, судалгаа хийлгээгүй, зөвшөөрөл аваагүй нь тогтоогдсон” гэсэн хуулийн зүйл, заалтыг үндэслэн маргаан бүхий акт болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/219 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгожээ.
15. Анхан шатны шүүхийн дүгнэсэнчлэн, нэхэмжлэгч компани нь байгаль орчны ерөнхий үнэлгээг хийлгэсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-ыг зөрчсөн гэх үндэслэл байхгүй. Түүнчлэн, “Ш з” ХХК-аас 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 585/2021 дүгээр албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хандан “Ү ж” ХХК-ийн ... байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тайланг холбогдох хууль, журам, аргачлалын дагуу боловсрууллаа... хянан баталгаажуулж өгнө үү...” гэсэн хүсэлтийг явуулсан (1 дэх хавтаст хэргийн 78 дахь талд), үүнийг хариуцагч үгүйсгээгүй тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-ийг зөрчсөн гэх үндэслэлгүй, тайланг мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, батлаагүй нь нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл болохгүй юм.
16. Мөн Г-Т-ийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаатай байгуулсан гэрээний дагуу тухайн гэрээнд заасан газарт мод тарьсан нэхэмжлэгчийн үйлдлийг “өөрийн ашиглалтын газрын хэмжээг хэтрүүлэн ашигласан хууль бус үйлдэл буюу зөрчил” гэж шууд үзэхгүй. Учир нь нэхэмжлэгч нь өөрийн дураар бусдын газарт мод тариагүй, харин төрийн захиргааны байгууллагын санаачилгаар байгуулсан “захиргааны гэрээ”-ний дагуу үүргээ хэрэгжүүлсэн байна. Хэрэв хариуцагч өөрийн доод шатны байгууллагын байгуулсан гэрээг хууль бус гэж үзэж байгаа бол хүчингүй болгох, улмаар холбогдох этгээдэд газар чөлөөлөхийг үүрэг болгох бүрэн боломжтой. Гэтэл зөвхөн нэхэмжлэгчийг “зөрчил гаргасан” гэж буруутган “мод тариагүй” өөрийнх нь 3,0 га газрын ашиглах эрхийг дуусгавар болгож байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан захиргааны үйл ажиллагаа “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмыг зөрчсөн гэж үзнэ, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
17. Иймд нэхэмжлэгчийг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5-д зааснаар “бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй” байх үүргээ биелүүлээгүй, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар “газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэж үзэхгүй, эдгээр хуулийн урьдчилсан нөхцөл бодит байдалд бий болоогүй байхад нэхэмжлэгчийг буруутган газар ашиглах эрхийг нь дуусгавар болгосон маргаан бүхий акт хууль бус байна.
18. Гэтэл давж заалдах шатны шүүх “... Нэхэмжлэгч нь өөрийн 3,0 га газрын ашиглах талбайн хэмжээ (тойруулан томсгож)-г хэтрүүлэн эрх бүхий байгууллагын зохих зөвшөөрөл, шийдвэргүйгээр хамгаалалтын захиргаатай байгуулсан ойжуулалт хийх гэрээгээр нийт 7,9 га газрыг нийлүүлж хашаалсан, байгаль орчны нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээг хийлгээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 3,0 га газраа 2 жил дараалан ашиглаагүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, ... нэхэмжлэгч хуулиар эрх олгогдоогүй 4,9 га газарт 500 ширхэг нарс мод тарьж, ойжуулалт хийснийг Ойн тухай хуулийн дагуу хууль ёсны үйл ажиллагаа явуулсан гэж үзэх үндэслэлгүй, ... “Аялал жуулчлалын бааз байгуулах төсөл”-өө, “Гэр бүлийн амралтын газрын төсөл” гэж өөрчилж уг төсөлд байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээг хийлгэж, нарийвчилсан үнэлгээний тайланг мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж батлуулаагүй нь Газрын тухай хуулийг зөрчсөн...” гэх зэргээр хэргийн үйл баримтыг буруу дүгнэн, талуудын мэтгэлцээгүй, маргаан бүхий актад байхгүй үндэслэлийг заан нэхэмжлэгчийг буруутгаж, маргаан бүхий актыг зөвтгөн дүгнэсэн нь буруу байна.
19. Иймд “... давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийг өөрийн төслөө өргөтгөсөн, шинэчилсэн, ашиглах эрхийн талбайг хэтрүүлэн илүү талбайг ашигласан, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан зөрчил гаргасан гэж буруутгасан нь хууль зүйн үндэслэлгүй ...” гэсэн агуулгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 8-д заасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй.
20. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд “Хамгаалалтын захиргаатай байгуулсан гэрээний хугацаа дуусахад тарьсан модыг хүлээлгэн өгч, хамгаалалтын хашаагаа буулгана” гэсэн тайлбар өгснийг дурдах нь зүйтэй.
21. Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр тогтов.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2023/0120 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2023/0935 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Х.БАТСҮРЭН
П.СОЁЛ-ЭРДЭНЭ
Ц.ЦОГТ
Г.БАНЗРАГЧ