Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 128/2018/0407/З |
Дугаар | 221/МА2019/0685 |
Огноо | 2019-12-19 |
Маргааны төрөл | Татвар, Ашигт малтмал, Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 221/МА2019/0685
“Аб” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагч Ж.Э нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2019/0712 дугаар шийдвэртэй, “Аб” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ж.Э, Э.Эн нарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э-ын давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2019/0712 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3, 18.1.13, 29 дүгээр зүйлийн 29.1.1, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.10-т тус тус заасныг үндэслэн нэхмжлэгч “Аб” ХХК-ийн “ ... Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ж.Э, Э.Э нарын 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр тогтоосон 250022758 тоот актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э давж заалдах гомдолдоо: “… Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.Э, Э.Э нар “Аб” ХХК-д 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 250022757 тоот актаар 61.221.280 төгрөгийн төлбөр тавьсан. Энэ актыг үндэслэлгүй гэж үзэж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийг үндэслэн акт тавьсан байдаг. Гэвч гянтболдын орд байхгүй тийм ашиглалтын лиценз ашигладаггүй. Иймд маргаан бүхий актыг хүчингүй болгож өгнө үү.
Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх заалтыг Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 04 дугаартай тогтоолоор хүчингүй болгосон байна” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу нэхэмжлэгч “Аб” ХХК-ийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байх тул хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхилоо.
Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагч нар 2016 оны 25160400315 дугаар томилолтын дагуу “Аб” ХХК-ийн компанийн 2011-2015 онуудын албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, 2014 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 124.30 тонн хайлуур жоншны хүдэр, мөн сарын 26-ны өдөр 21.00 тонн, 2014 оны 10 сарын 15-ны өдөр 2.22 тонн, нийт 23.22 тонн гянтболдын хүдэр баяжмалыг экспортолсон атлаа Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төсөвт төлөөгүй, Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д заасан үүргээ зөрчин татвараа үнэн зөв, тодорхойлж тайлагнаагүй гэж үзэн нөхөн татвар, хүү, торгууль, алданги төлүүлэхээр 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 250022758 дугаар байцаагчийн акт гаргажээ.
Нэхэмжлэгч компаниас дээрх актыг эс зөвшөөрч шүүхэд хүчингүй болгуулах шаардлага гаргаж, үндэслэлээ ... гянтболдыг олборлоогүй, бусдаас худалдан ачуулж, экспортод гаргасан, тусгай зөвшөөрөлгүй лиценз ашигласан төлбөрийг төлөх үндэслэлгүй, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж маргасныг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
Нэхэмжлэгч нь гянтболдыг олборлон борлуулаагүй, бусдаас худалдан авсан гэж маргах боловч хэнээс хэзээ худалдан авсан талаарх санхүүгийн анхан шатны баримтууд, гэрээ хэлцэл байхгүй, нягтлан бодох бүртгэлдээ тусгаагүй, энэ үндэслэлээ нотлох баримтын эх сурвалжаа заагаагүй байх тул анхан шатны шүүхийг нотлох баримт цуглуулах үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй байна.
Татварын улсын байцаагч нь тус компанийг өөрийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй уурхайн эдэлбэрээс олборлосон гянтболдыг экспортолсон гэж үзээгүй, гагцхүү Монгол Улсын нутаг дэвсгэрээс олборлогдож экспортлогдож байгаа ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгдөх ёстой бөгөөд уг ашигт малтмалыг хаанаас олж авч экспортолсноо нотлоогүй тул эцсийн экспортолсон нэхэмжлэгч компанийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөх үүрэгтэй гэж үзсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс орборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласаны төлбөрийг улсын болон орон нутгийн төсөвт төлнө” гэснийг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн “... манайх гянт болд олборлох тусгай зөвшөөрөл байхгүй ...” гэх гомдол үндэслэлгүй.
Хариуцагч нь тус компанийг 2014 онд ашигт малтмалыг экспортлохдоо ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөөгүй гэж үзсэн бөгөөд тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан дээрх Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх заалтыг баримталсан байна.
Иймд Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 10 сарын 30-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх заалтад өөрчлөлт оруулсан 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн хуулийг хэрэглээгүй тул энэ талаарх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.