Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2023/0032

 

“Ч ...” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Дорноговь аймгийн Хатанбулаг сумын

Засаг даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч   Г.Банзрагч

Танхимын тэргүүн  Д.Мөнхтуяа

Шүүгчид:                    Х.Батсүрэн

                                     М.Батсуурь    

Илтгэгч шүүгч:         Ц.Цогт

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 115/ШШ2023/0002 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2023/0147 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Б, хариуцагч С.Э, хариуцагчийн өмгөөлөгч Б.М, Б.Х нарыг оролцуулж,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 170 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг хариуцагчийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэлийн шаардлага:

1. Нэхэмжлэгч “Ч ...” ХХК-аас Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Засаг даргад холбогдуулан “Хатанбулаг сумын Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн “Газар эзэмших эрх хүчингүй болгох тухай” А/82 дугаар захирамжийн “Ч ...” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

            Хэргийн нөхцөл байдал:

2. Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн */** дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 61.1 дэх заалтыг үндэслэн тус сумын ... дугаар багийн нутаг дэвсгэр .... ойролцоо ачиж, буулгах талбайн зориулалтаар газар эзэмшигчдийн эрхийг хүчингүй болгосны дотор 20 га газар эзэмшигч /*******/ регистрийн дугаартай “Ч ...” ХХК багтжээ.

            Анхан шатны шүүхийн шийдвэр:

3. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 115/ШШ2023/0002 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг, 35 дугаар зүйлийн 35.3.3 дахь заалт (эдгээр хэсэг, заалтад 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулахаас өмнө), 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, 40.1.5 дахь заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 3, 4 дүгээр зүйл (2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулахаас өмнөх)-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ч ...” ХХК-ийн гаргасан “Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн */** дугаар захирамжийн “Ч ...” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

            Давж заалдах шатны шүүхийн магадлал:

4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2023/0147 дугаар магадлалаар: Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 115/ШШ2023/0002 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаажээ.

            Хяналтын журмаар гаргасан гомдол:

5. Хариуцагчийн өмгөөлөгч нараас магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргажээ.

5.1. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 115/ШШ2023/0002 дугаар шийдвэр бичгээр үйлдэгдэж, хэргийн оролцогчид бүрэн эхээр нь хүлээн авсан. Гэтэл хэрэгт хавсаргасан шүүхийн шийдвэрийн 12-14 дүгээр хуудсууд орхигдсон байсан. Анхан шатны шүүхээс энэ алдаагаа залруулж шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үйлдэж шүүх хуралдаан болохоос өмнө давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн байдаг.

5.2. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил бус шүүгчийн туслахын ажлын алдаа бөгөөд шүүхийн ажлын дотоод зохион байгуулалтын хүрээнд “засагдах боломжтой” алдаа байсан. Шүүгчийн туслах нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3.1 дэх хэсэгт зааснаар “шүүхэд ирүүлсэн тодорхой хэрэг, маргааны талаарх баримт бичгийн бүрдлийг судалж, шүүгчид танилцуулах”, 89.3.3 дахь хэсэгт зааснаар “шүүгчийн үйл ажиллагаанд техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх”, 89.3.5 дахь хэсэгт зааснаар “хэргийг товьёглон хөтлөх” зэрэг чиг үүргийг хэрэгжүүлдэг.

5.3. Гэтэл Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах нь тус шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 115/ШШ2023/0002 дугаартай шүүхийн шийдвэрийн хэрэгт хавсаргасан хувийг 1 хуудас /2 нүүр/ дутуу хэвлэсэн, буруу товъёоглосон адаа гаргасан бол давж заалдах шатны шүүхийн захиргааны ажилтан нь хэргийг хүлээн авахдаа бүрдэл дутуу хэрэг хүлээн авсан зэрэг алдаа гаргасан. Шүүхийн захиргааны ажилтнуудын гаргасан эдгээр алдааг шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэх байдлаар биш давж заалдах шатны шүүх анх хэрэг хүлээн авахдаа алдааг засуулах эсхүл анхан шатны шүүхээс сүүлд бүрэн эхээр нь ирүүлсэн шийдвэрийг хэрэгт хавсаргах зэргээр шийдвэрлэх бүрэн боломжтой.

5.4. Давж заалдах шатны шүүх шүүгчийн туслахын гаргасан дээрх алдааг шүүх шийдвэр гаргахдаа гаргасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил мэтээр дүгнэж, улмаар энэ нь шүүхийн шийдэлд нөлөөлсөн мэтээр үзэж, энэ тохиолдолд огт хамаарахгүй Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3 дахь заалтыг хэрэглэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох замаар шүүгчийн туслахын алдааг засуулахаар шийдсэн нь үндэслэлгүй байна.

5.5. Шүүхийн шийдвэрийн 1 хуудсыг дутуу хэвлэж, хэрэгт хавсаргасан, хэргийг буруу товъёоглосон асуудал нь давж заалдах шатны шүүхийн хэрэглэсэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.1, 107.4, 108 дугаар зүйлийн 108.3-т заасан зохицуулалттай ямар ч хамааралгүй. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх бүрдэл дутуу шийдвэр гаргасан, шийдвэртээ үндэслэх хэсгээ тусгаагүй, шийдвэрээ бүрэн эхээр нь үйлдээгүй асуудал огт биш юм.

5.6. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсэгт шүүх нь “шударга шүүхээр шүүлгэх иргэний эрхийг хангах” эрхэм зорилготой байна гэж заасан. Гэтэл давж заалдах шатны шүүх “... захиргааны хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг хэрхэн үнэлж, дүгнэсэн, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгсөн тайлбар, шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн болох нь тодорхойгүй, давж заалдах шатны шүүх дүгнэлт өгч шийдвэрлэх боломжгүй байна” хэмээн үүссэн асуудлаас өөр дүгнэлт хийсэн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5.1-д заасан хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэх бүрэн эрхээсээ үндэслэлгүйгээр эс үйлдэхүй болно.

5.7. Давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчдыг ийнхүү үндэслэлгүйгээр чирэгдүүлж буйн зэрэгцээ үйл баримтаас зөрүүтэй дүгнэлт хийж, хамааралгүй хуулийн заалт хэрэглэсэн нь буруу шийдвэр гаргахад хүргэсэн гэж үзэж байна.

5.8. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 0147 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

6. Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 170 дугаар тогтоолоор хариуцагчийн өмгөөлөгч нарын Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.2-т заасан “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” гэх үндэслэлээр гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн тул энэ хүрээнд хэргийг хянаж, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

7. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 115/ШШ2023/0002 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч “Ч ...” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн; Энэхүү шийдвэрээ бүрэн эхээр нь бичгээр үйлдэж хэргийн оролцогчдод хуульд заасан журмын дагуу гардуулсан; Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлын дагуу хэргийг давж заалдах шатны шүүхэд хүргүүлэхдээ 12-14 дүгээр хуудас нь дутуу шүүхийн шийдвэрийг хавсаргаж ирүүлжээ.

8. Давж заалдах шатны шүүх “... хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг хэрхэн үнэлж, дүгнэсэн, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгсөн тайлбар, шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн болох нь тодорхойгүй, давж заалдах шатны шүүх дүгнэлт өгч шийдвэрлэх боломжгүй” гэж шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан нь үндэслэлгүй болжээ.

9. Учир нь анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т “Шүүхийн шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 107 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна” гэж заасны дагуу шийдвэрээ бүрэн эхээр нь бичгээр үйлдсэнийг нэхэмжлэгч, хариуцагч нар хүлээн авсан, шийдвэр бүрэн эхээрээ бичгээр үйлдэгдээгүй гэсэн үндэслэлээр маргаагүй байна.

10. Үүнээс үзвэл, анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүхийн шийдвэрийг бичгээр үйлдэх журмыг зөрчсөн, энэ нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзэх үндэслэл бүрдээгүй байхад давж заалдах шатны шүүх уг үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь буруу байна.

11. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.1-д давж заалдах шатны шүүх хэргийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлэхээр заасан бөгөөд энэ хугацаанд шийдвэр бүрэн эхээрээ үйлдэгдсэн эсэхийг шалгах боломжтой байжээ.

12. Мөн давж заалдах шатны шүүх “... шүүх хуралдаан болсон өдөр шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн хэдий ч энэ нь анхан шатны шүүхийн гаргасан журмын зөрчлийг зөвтгөх үндэслэл болохгүйгээс гадна хэргийн дугаарлагдсан баримтад шийдвэрийн дутуу хуудсыг нөхөн хийж хянах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болно” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 31 дүгээр албан бичгээр шийдвэрийн дутуу хуудсыг нөхөн хүргүүлээгүй, харин шийдвэрийг бүрэн эхээр нь хэрэгт хавсаргахаар хүргүүлсэн байна.

13. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргаагүй байхад хэрэгт хавсаргасан шүүхийн шийдвэрийн хуудас дутуу байсан нь шүүх шийдвэрээ гаргахад нөлөөлсөн гэх байдлаар дүгнэж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3-т заасантай нийцээгүй. Шүүхийн зохион байгуулалттай холбоотой зөрчил буюу хэрэгт шийдвэр дутуу авагдсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарахгүй.

14. Иймд давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасан журмын дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаж, шийдвэрийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгч шийдвэрлэх нь зүйтэй байх тул магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2023/0147 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн өмгөөлөгч нар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.БАНЗРАГЧ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Д.МӨНХТУЯА

ШҮҮГЧИД                                                     М.БАТСУУРЬ

                                                                         Х.БАТСҮРЭН

   Ц.ЦОГТ