Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2023/00646

 

 

 

 

 

 

 

 

2023 03 27 210/МА2023/00646

 

 

 

М ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 10-ны өдрийн 183/ШШ2023/00101 дугаар шийдвэртэй

М ХХК-ийн нэхэмжлэлтэй, НШШГГазарт холбогдох

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Э, өмгөөлөгч Д.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, гуравдагч этгээл Ж.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. "М ХХК нь Х ХХК-тай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан СХД 00 хороо, Драгон төвийн ард байрлах нэгж талбарын 0000 тоот дугаартай, 000000 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, 1566 м.кв талбай бүхий газарт 2013-2016 онуудын хооронд эхний ээлжийн 16 давхар барилгыг 100 хувь өөрийн хөрөнгө оруулалтаар барьж, ашиглалтад оруулсан бөгөөд Х ХХК-тай нь уг барилгад хөрөнгө оруулсан нийт үнийн дүндээ 13 ширхэг орон сууцыг өөрийн мэдэлд авч худалдан борлуулах эрхтэй, үлдэх хэсэг буюу 7815,36 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр М ХХК бүртгүүлж, хууль ёсны өмчлөгч болсон.

Гэтэл Х ХХК-тай-ийн захирал Ц.Э нь Ж.Чтой шүүхэд маргаантай байсан, уг маргаан нь шүүхийн журмаар эвлэрэн хэлэлцэж дуусгавар болж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 сарын 14-ний өдрийн 0000000000 дугаар захирамжаар хариуцагч Ц.Э нь 000000000000000000 66,21 м.кв талбайтай 3 өрөө орон сууц 1 ширхэг, 10 дугаар давхрын 66,21 м.кв талбайтай 3 өрөө орон сууц 1 ширхэг, 6 дугаар давхрын 63.73 м.кв талбайтай 3 өрөө орон сууц 1 ширхэгийг улсын комиссоор оруулан хүлээлгэн өгөхөөр тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь дээрх шүүгчийн захирамжийг биелүүлэхээр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа Ц.Э-ийн өмчлөлийн бус, талбайн хэмжээ илт зөрүүтэй 60,55 м.кв бүхий 37 тоот, 65,11 м.кв бүхий 38 тоот, 65,84 м.кв бүхий 74 тоот орон сууцнуудыг дур мэдэн битүүмжилж, Ж.Ч-ийн нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарган шилжүүлсэн нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус явагдаж, М ХХК-ийн өмчлөх эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон.

М ХХК нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль бус явагдсан талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт удаа дараа гомдол гаргаж байсан боловч гомдлыг хүлээж аваагүй. М ХХК нь Ж.Ч, Ц.Э нарын хоорондын төлбөр тооцооны асуудалд ямар ч хамааралгүй атлаа эд хөрөнгөөрөө хохирч байна. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 сарын 14-ний өдрийн 000000000000000 дугаар захирамжаар Ц.Э нь Сонгинохайрхан дүүргийн 00000000000 байрны 6-н давхрын 66.21 м.кв талбайтай гурван өрөө орон сууц 1 ширхэг, 10 дугаар давхрын 66.21 м.кв талбайтай гурван өрөө орон сууц 1 ширхэг, 6 дугаар давхрын 63.73 м.кв талбайтай гурван өрөө орон сууц 1 ширхэгийг улсын комиссоор оруулан хүлээлгэн өгч, Ц.Э-эс 516,228 төгрөгийг гаргуулж Ж.Ч-т олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч Ц.Эд төлбөр төлөхийг мэдэгдэж, шүүгчийн захирамжид дурдсан орон сууцыг 2016 оны 10 сарын 11-ний өдрийн 190/07 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилж, 2016 оны 12 сарын 23-ны өдрийн 190/08 тоот эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хурааж, 2017 оны 01 сарын 07-ны өдрийн 190/17-01 тоот төлбөр төлөгчөөс хураан авсан эд хөрөнгийг төлбөр авагчид болон төлөгчид шилжүүлсэн тухай тогтоолоор төлбөр авагчид шилжүүлэн өгсөн.

Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт Сонгинохайрхан дүүргийн 00000000000 байрны 3 ширхэг орон сууцны өрөөний тоо, м.кв, давхрыг тодорхой заасан. 3 орон сууцны талбайн хэмжээ Ж.Чт өмчлүүлсэн эрхийн улсын бүртгэлийн 0000000 00000000 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээнд заасан хэмжээтэй зөрүүгүй байна.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Гуравдагч этгээд Ж.Ч-ийн тайлбарын агуулга:

3.1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 сарын 14-ний өдрийн 0000000000 дугаар захирамж хүчин төгөлдөр байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5-д зааснаар шийдвэрт заасан тодорхой эд хөрөнгийг төлбөр төлөгчөөс гаргуулж, төлбөр авагчид шилжүүлэх ажиллагааг зохих журмын дагуу явуулж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2017 оны 01 сарын 07-ны өдөр дуусгавар болж энэ үеэс эхлэн эдгээр 3 орон сууцыг эзэмшиж эхэлсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

4. Гуравдагч этгээд Ц.Э тайлбар гаргаагүй болно.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 34 дүгээр зүйлийн 34.1.5-д зааснаар нэхэмжлэгч М ХХК-ийн НШШГГазарт холбогдуулан гаргасан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

6.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь төлбөр төлөгч, төлбөр авагч нарын хооронд үүссэн төлбөрийг шүүхийн шийдвэрт зааснаар гүйцэтгэх ёстой. Уг шийдвэрийн гүйцэтгэлийн ажиллагаа явагдах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2002 оны 01 сарын 10-ны өдөр батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1- дэх хэсэгт Төлбөр төлөгч, төлбөр авагчийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд гэнэ гэж, 21.3 дахь хэсэгт Төлбөр төлөгч гэж төлбөр авагчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн буюу үүргээ биелүүлээгүй гэж гүйцэтгэх баримт бичигт заасан иргэн, хуулийн этгээдийг хэлнэ гэж тус тус зааснаар төлбөр төлөгч нь М ХХК биш Ц.Э болно.

Хариуцагч нь хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд төлбөр төлөгчийн эд хөрөнгө түүний эрхийн бүртгэлийн талаар улсын бүртгэлийн байгууллагад хандах, лавлагаа, тодорхойлолт гаргуулах бүрэн эрхтэй бөгөөд төлбөр төлөгч Ц.Э-ийн эд хөрөнгийн талаар тодруулах ажиллагаа хийлгүй маргаан бүхий 3 орон сууцыг Ж.Ч-т шилжүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 он/ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2. 36.1.3-д төлбөр төлөгчийн өөрт нь байгаа болон түүний өмчлөлийн бусдад байгаа эд хөрөнгийг битүүмжлэх, хураах гэсэн заалтыг зөрчиж М ХХК-ийн өмчлөлийн 3 орон сууцанд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан.

М ХХК шийдвэр гүйцэтгэх ажиллагааг компанийн эрх ашгийг хөндөж байгаа талаар хариуцагчид удаа дараа мэдэгдэл, гомдол гаргаж байсан ба тус маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө "Монхауз" ХХК-ийн өмчлөл болох талаар баримт гаргаж өгч байсныг шүүх анхаараагүй.

6.2. М ХХК, ХХХК-ийн хооронд байгуулсан 2015 оны 08 сарын 31- ний өдрийн гэрээгээр уг 21 дүгээр байрны 13 ширхэг орон сууцыг ХХХК өмчлөхөөр талууд тохиролцсон байх бөгөөд уг 13 ширхэг орон сууцанд шийдвэр гүйцэтгэгчийн хураасан 10 давхрын 66.21 м.кв, 6 давхарын 66.21 м.кв, 66.73 м.кв талбай бүхий тус бүр 3 өрөө орон сууцууд Х ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцоогүй.

Маргаан бүхий орон сууцны талбайг хэмжсэн ЭХХК-ийн дүгнэлтээр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 21 дүгээр байрны 37 тоот орон сууцны нийт талбай 60.55 м.кв, 38 тоот орон сууцны талбай 65.11 м.кв, 74 тоот орон сууцны нийт талбай 65.84 м.кв гэж тогтоосон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч уг дүгнэлтийг няцаагаагүй.

6.3. Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2019 оны 11 сарын 20-ны өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааны явцад тухайн байрны м.кв хэмжсэн баримтгүй талаар тайлбарладаг.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 сарын 14-ний өдрийн 0000000000 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Эрхэс хотхон, 21 дүгээр байрны 6 давхарын 63.73 м.кв, 66.21 м.кв талбайтай 3 өрөө орон сууц 2 ширхэг, 10 дугаар давхарын 66.21 м.кв талбайтай 3 өрөө орон сууц 1 ширхэгийг тус тус улсын комиссоор оруулан хүлээлгэж өгөхөөр шийдвэрлэсэн, шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шүүхийн шийдвэрт заагдсан хөрөнгөд ажиллагаа хийгээгүй.

Шийдвэр гүйцэтгэгч нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт заагдсан хөрөнгөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах үүрэгтэй. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль, Улсын бүртгэлийн тухай хуульд зааснаар эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгоход үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бүртгүүлэх тухай мэдүүлэгт хавсаргасан нотлох баримтыг үндэслэдэг.

Гэтэл шүүх зөвхөн улсын бүртгэлийн гэрчилгээг үндэслэж байгаа нь нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулж үзэж бүрэн бодитойгоор дүгнэлт өгөөгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд тайлбар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

7.1. Шүүгчийн захирамжид заасан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул давж заалдах гомдол болон нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

8. Давж заалдах гомдолд гаргасан гуравдагч этгээд Ж.Ч-ийн тайлбарын агуулга:

8.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болсон тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч НШШГГазарт холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 0000000000 66,21 м.кв талбайтай, 10 давхрын 66,21 м.кв талбайтай, 6 давхрын 63,73 м.кв талбайтай тус бүр 3 өрөө орон сууцанд явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

3.1. М ХХК-ийн захирал Н.Э, ХХХК-ийн захирал Ц.Э нар 2013 оны 04 сарын 15-ны өдөр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, уг гэрээгээр Сонгинохайрхан дүүргийн 000000000000, нэгж талбарын 0000 дугаартай, эзэмших эрхийн гэрчилгээтэй газарт ХХХК-ийн үйлчилгээтэй, 378 айлын 3 блок, 15 давхар орон сууцны Эрхэс хотхоны барилгын ажилд хөрөнгө оруулалт хийхээр талууд харилцан тохиролцсон байна. /1хх94-97/

 

Талууд уг гэрээнд 2014 оны 04 сарын 23, 2015 оны 08 сарын 31, мөн оны 12 сарын 22-ны өдрүүдэд нэмэлт гэрээ болон хэлцлээр өөрчлөлт оруулж, 762,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтын 1 м.кв-ийг 1,050,000 төгрөгөөр тооцон нийт 725 м.кв талбай буюу 13 ширхэг орон сууцыг ХХХК захиран зарцуулах эрхтэй байхаар тохиролцжээ.

 

4. Ж.Ч нь ХХХК-тай 2008 оны 07 сарын 30-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулж, 100,000,000 төгрөгийн хөрөнгө оруулж, барилга ашиглалтад ороход м.кв-ийг 400,000 төгрөгөөр тооцон оруулсан хөрөнгөө биет байдлаар буцаан авахаар тохиролцсон талаар тус гэрээний талууд болох Ж.Ч болон ХХХК-ийн захирал Ц.Э нар маргахгүй байна.

 

4.1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 сарын 14-ний өдрийн 0000000000 дугаар захирамжаар Ц.Э нь 000000000000000000 66,21 м.кв талбайтай 3 өрөө орон сууц 1 ширхэг, 10 дугаар давхрын 66,21 м.кв талбайтай 3 өрөө орон сууц 1 ширхэг, 6 дугаар давхрын 63,73 м.кв талбайтай 3 өрөө орон сууц 1 ширхэгийг улсын комиссоор оруулан Ж.Ч-т өгөхөөр тохиролцож эвлэрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /1хх 51-53/

 

4.2. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь дээрх шүүхийн шийдвэр, 2016 оны 09 сарын 14-ний өдрийн гүйцэтгэх хуудас зэрэг баримт бичгийг үндэслэн 2016 оны 09 сарын 20-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, төлбөр төлөгч Ц.Эд шүүхийн шийдвэр биелүүлэх талаар мэдэгджээ. /хх54, 56/

 

Улмаар, шүүхийн шийдвэрт дурдагдсан хөрөнгүүдийг 2016 оны 10 сарын 11-ний өдрийн тогтоолоор битүүмжлэх ажиллагаа явуулахад М ХХК-ийн ажилтан Э.Баяржаргал оролцсон байна.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Ц.Эд шүүхийн шийдвэр биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн байх ба 2016 оны 10 сарын 02-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд ... улсын комиссын акт гараагүй байгаа бөгөөд 2016 оны 11 сарын 04-ний өдөр гарна, тус өдрийн 14 цагт 3 ширхэг орон сууцыг Ж.Чт хүлээлгэн өгч шүүхийн шийдвэрийг биелүүлнэ гэжээ.

 

4.3. Мөн хариуцагч байгууллагын 2016 оны 12 сарын 23-ны өдөр тогтоолоор эд хөрөнгийг хураан авсан байна. /хх61, 75/

 

 

4.4. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2017 оны 01 сарын 07-ны өдрийн тогтоолоор төлбөр төлөгч Ц.Э-ээс хураан авсан хөрөнгүүдийг төлбөр авагч Ж.Чт шилжүүлэн өгснөөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болжээ. /хх86/

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын уг ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5-д заасанд нийцсэн, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

 

5. Энэ ажиллагаанд нэхэмжлэгч М ХХК-ийн эрх ашиг хөндөгдсөн өмчлөх эрх зөрчигдсөн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

 

5.1. Учир нь М ХХК, ХХХК-ийн хооронд 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан бөгөөд талууд гэрээг дүгнэж, 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн хэлцлээр М ХХК нь ХХХК-ийн хөрөнгө оруулсан 762,000,000 төгрөгт тооцож 13 ширхэг орон сууц болон 1 давхарын үйлчилгээний талбайг өгөхөөр тохиролцсон. Энэ 13 ширхэг орон сууцнаас 3 ширхэг орон сууцыг ХХХК-ийн захирал Ц.Э нь Ж.Ч-т өгөхөөр тохиролцож шүүхийн шийдвэр гарсан ба уг шийдвэрт шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага ажиллагаа явуулж биелүүлсэнийг төлбөр төлөгч биш этгээдийн хөрөнгөнд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан гэж үзэхгүй.

 

ХХХК нь 2 хувьцаа эзэмшигчтэй тус компанийн хувьцааны 60 хувийг Ц.Э, 40 хувийг М ХХК-ийн захирал Н.Э нар тус тус эзэмшдэг байх ба 13 ширхэг орон сууцнаас 3 ширхэг орон сууцыг Ц.Э өр төлбөртөө тооцож Ж.Чт шилжүүлэн өгөхөөр тохиролцсоныг хувьцаа эзэмшигч Н.Э мэдээгүй гэх байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Түүнчлэн М ХХК нь Баянгол Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн эвлэрэл баталсан 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 0000000000 дугаар шүүгчийн захирамжид эрх ашиг нь хөндөгдсөн гэж гомдол гаргаагүй.

 

Мөн Ц.Э-ийн Ж.Ч-ийн төлбөрт өгсөн маргаан бүхий 3 ширхэг орон сууц нь М ХХК-аас гэрээний үүрэгт хүлээн авсан 13 ширхэг орон сууцанд багтаагүй гэх нэхэмжлэгчийн тайлбар баримтаар тогтоогдоогүйгээс гадна шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу явагдсан дээрх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны орон сууцуудын м.кв болон өмчлөгчтэй холбоотойгоор маргаж байгаа нь үндэслэлгүй, нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 10-ны өдрийн 183/ШШ2023/00101 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ