Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2023/00667

 

 

 

 

 

 

2023 03 29 210/МА2023/00667

 

 

 

Б.А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 18-ны өдрийн 181/ШШ2023/00252 дугаар шийдвэртэй

Б.А-ын нэхэмжлэлтэй, Н.Э-т холбогдох

51,910,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагч Н.Э, хариуцагчийн өмгөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Миний бие Н.Э-тэй худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдсан 000000000000 61,1 м.кв талбайтай орон сууцыг нийт 116,090,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон.

Н.Э нь гэрээ байгуулснаас хойш орон сууцыг надад шилжүүлээгүй тул миний бие цагдаагийн байгууллагад гомдол гаргасан бөгөөд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2022 оны 02 сарын 10-ны өдрийн 000000 тоот шийтгэх тогтоолоор Н.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, торгох ял шийтгэл оногдуулсан. Уг шийтгэх тогтоолд хохирогчид учирсан бусад хохирлыг иргэний шүүхээр шийдвэрлүүлэхээр заасан нь хүчин төгөлдөр болсон.

1.2. Н.Э нь дээрх эрүүгийн хэрэгт Б.А-аас авсан хохирлыг бүрэн барагдуулсан. Б.А нь 2022 оны 04 сарын 27-ны өдөр Ц.Э-ээс улсын бүртгэлийн 0000000 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 0000000000 тоотод байрлах 63,7 m.кв талбайтай орон сууцыг 168,000,000 төгрөгөөр худалдан авахдаа 140,000,000 төгрөгийг бэлэн төлөлт хийж үлдэх 28,000,000 төгрөгийг Т ХХК-ийн зээлээр төлсөн. Б.А нь Төрийн банк ХХК-д зээлийн төлбөрийг тогтмол төлж байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг хуурч мэхлэн, хуурамч гэрээ үйлдэх замаар мөнгийг шилжүүлэн аваагүй тохиолдолд 2020 оны 07 сард тухайн зах зээлийн ханшаар орон сууц худалдан авах боломжтой байсан бөгөөд хариуцагчийн гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотойгоор 2022 оны 04 сард 51,910,000 төгрөг илүү төлж орон сууц худалдан авч, хохирсон. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө гэж заасны дагуу хариуцагч Н.Эээс 51,910,000 төгрөгийг гаргуулна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т хууль зөрчсөн хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар хуульчилсан тул нэхэмжлэгч нь гэрээний үүргээс үүдэлтэй шаардах эрх хэрэгжүүлэх боломжгүй тул мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэм хороос үүдэлтэй учирсан хохирлыг гаргуулахаар нэхэмжлэлийн үндэслэлийг тодорхойлж байна гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Миний бие Б.Ааас 2020 оны 07 дугаар сард 116,090,000 төгрөг авсан боловч 2022 оны 02 cap хүртэлх хугацаанд 2 хувааж буцаан төлсөн бөгөөд энэ хугацаанд өөрийн гэр болох Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, Их тойруу гудамж, 00000 тоот хаягт байх орон сууцандаа Б.Аыг гэр бүлийн хамт амьдруулж, орон сууцны төлбөрийг төлж байсан.

Тэрээр надаас авсан мөнгөөрөө урьдчилгаа хийж орон сууц худалдан авах боломжтой байсан. Бидний хооронд гэрээ хэлцэл хийгдээгүй ба орон сууцны үнэ нэмэгдсэн гэдэг нь нэхэмжлэлийн шаардлагад нийцэхгүй байна. Иймд нэхэмжлэгч Б.А-ын 51,910,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Э-ээс нийт 51,910,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.А-т олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.А-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 537,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Э-ээс улсын тэмдэгтийн хураамжид 417,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.А-т олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч талын давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны буюу үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн үйл баримттай нийцээгүй. Эрүүгийн журмаар гэмт хэргийн хохирлыг хэлэлцээд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг иргэний журмаар дахин нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүйгээс гадна хохирлын асуудлыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 сарын 10-ны өдрийн 000000 дугаар шийтгэх тогтоол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д хамаарна.

4.2. Мөн нэхэмжлэгч Б.А нь Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлийг барьж, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг нэхэмжилсэн байхад шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйл буюу хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцох зүйл заалтыг хэрэглэсэн нь хууль буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Б.А-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

5.1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Н.Э-ээс Б.А-ын нэхэмжилсэн хохирлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн учраас хариуцагч Н.Э-ээс 51,910,000 төгрөгийг нэхэмжилсэн.

Тухайн үед орон сууцыг худалдаж аваагүй, анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш буюу 2022 оны 04 сарын 27-ны өдөр 51,910,000 төгрөгийг илүү төлж орон сууц авсан. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан тул хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгов.

 

2. Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Н.Э-т холбогдуулан гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 51,910,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

3. Н.Э нь 2020 оны 07 сарын 01-ний өдөр Н ХХК-ийн захирал О.М гэх хүний нэрээр Б.Атай худалдах-худалдан авах гэрээ байгуулж, тус гэрээгээр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдах Глобал 80 орон сууцны 7 давхрын 32 тоотод байрлах 61,1 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 116,090,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, тус компанийн тамгыг дарж баталгаажуулан өөрийн өмчлөлд бүрэн шилжээгүй орон сууцыг худалдах боломжтой мэтээр итгүүлэн хуурч, баримт бичиг ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Б.Ааас 2020 оны 07 сарын 02-ны өдөр 80,000,000 төгрөг, мөн оны 08 сарын 03-ны өдөр 36,090,000 төгрөг нийт 116,090,000 төгрөг шилжүүлэн авсан байна.

 

Дээрх үйлдлийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 сарын 10-ны өдрийн 000000 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 12,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэжээ.

/хх4-8/

 

3.1. Хариуцагч Н.Э эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Ат хохирол болох 116,090, 000 төгрөгийг төлж барагдуулсанаас үзвэл Н.Э-ийг Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан бодит хохирлыг төлж барагдуулсан гэж үзэх үндэслэлтэй.

 

Харин Б.А нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэмт хэргийн улмаас учирсан хохиролд орон сууцны зах зээлийн үнийн зөрүү 79,430,000 төгрөг, түрээсийн төлбөр 4,500,000 төгрөг, банкны хадгаламжийн хүү 23,179,000 төгрөг нийт 117,825,179 төгрөгийг Н.Эээс гаргуулахаар нэхэмжилсэн байна.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 сарын 10-ны өдрийн 000000 дугаар шийтгэх тогтоолоор Б.А-т гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар ...шүүгдэгч нь хохирогчийн үл хөдлөх хөрөнгийг залилаагүй, харин үл хөдлөх хөрөнгө авах хүсэл зоригийг нь далимдуулан итгэл төрүүлэн баримт бичиг хуурамчаар бүрдүүлэн мөнгийг залилан авсан тул байрны үнийн зөрүүг нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж дүгнэж хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болжээ.

 

3.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа бол нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзахаар зохицуулсан.

 

3.3. Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Н.Э-ийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохиролд орон сууцны зах зээлийн ханшийн зөрүү 51,910,000 төгрөг нэхэмжилсэн нь дээрх үндэслэлд хамаарна.

 

Гэтэл анхан шатны шүүх хуульд заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай дээрх хуулийн зохицуулалтыг зөрчиж нэхэмжлэлийг хүлээн авч хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

3.4. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасанд нийцнэ.

 

4. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 18-ны өдрийн 181/ШШ2023/00252 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.А-ын хариуцагч Н.Эд холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 51,910,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н.Э-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 417,500 төгрөгийг буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ