Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
Хэргийн индекс | 184/2020/03721/И |
Дугаар | 210/МА2023/01839 |
Огноо | 2023-10-06 |
Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 210/МА2023/01839
2023 10 06 210/МА2023/01839
Г.Б-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2023/02548 дугаар шийдвэртэй
Г.Б-ийн нэхэмжлэлтэй, Д.З, Х.Г нарт холбогдох,
Өөрийн эзэмшил газар, хувийн сууцанд харилцаа хамааралгүй иргэд оршн сууж байгааг албадан нүүлгүүлэх тухай үндсэн,
Р.М, Г.Б нарын хооронд 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан газар болон хувийн сууц худалдах, худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлтэй,
Р.М, Г.Б нарын хооронд 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан газар болон хувийн сууц худалдах, худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчиийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Э, түүний өмгөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Г.Б нь Р.М-аас 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр худалдах, худалдан авах гэрээний дагуу Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, 0000000000 талбатай, хувийн орон сууц болон мөн хаягт байрлах 467 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг худалдан авсан. Гэтэл Х.Г, Д.Знар тухайн хувийн сууцанд зөвшөөрөлгүй нэвтэртч хууль бусаар эзэмшиж, ашиглаж байна.
1.2. Хариуцагч нар тухайн үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулах хүсэл зориг байгаагүй гэж тайлбарладаг боловч Р.М-аас Ё.С олгосон итгэмжлэл хүчин төгөлдөр болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон. Г.Бнь тухайн газар, хувийн сууцыг худалдан авах сонирхолтой байсан тул өөрийн хадгаламжаас зээлсэн мөнгөөр худалдан авч эргэлтэд оруулах хүсэлтэй байсан. Иймд хариуцагч нарын хууль бус эзэмшлээс газар болон хувийн сууцыг албадан гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч нарын татгалзал, сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:
Маргаан бүхий газар, хувийн сууцыг 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр М.О-аас худалдан авч, амьдарч байна. М.О-тай хамт нотариат орж бэлэглэлийн гэрээ байгуулж болно гэсний дагуу газар, хувийн сууц шилжүүлж авахдаа бэлэглэлийн гэрээ байгуулсан. Улмаар газар, хувийн сууцаа барьцаалж банк бус санхүүгийн байгууллагаас зээл авах гэхэд бэлэглэлийн гэрээгээр авсан учир барьцаанд авахгүй гэсэн тул нөхөр Х.Г-ийн бэр эгч Р.Мтай ярьж, түүнд худалдсан мэтээр 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр газар, хувийн сууц худалдах, худалдан авах гэрээг тус тус байгуулж, Р.М руу шилжүүлсэн. Г.Б, Р.М нарын байгуулсан газар, хувийн сууц худалдах, худалван авах гэрээ дүр үзүүлэн хийсэн хэлцэл юм.
Учир нь Р.М бичиг, үсэггүй буюу уншиж чадахгүй байтал Ё.С гэрээнд гарын үсэг зуруулснаас гадна Г.Бнь Д.З, Х.Г нар болон Р.Мд газар, хувийн сууц худалдан авсан гэж мөнгө өгөөгүй. Ё.С, Б.Э нар Бидний нөхөд хоршооны гишүүд бөгөөд Р.Мыг тухайн хоршооноос мөнгө зээлсэн хэлцлийг халхавчлах зорилгоор Г.Бн нэр, бичиг баримтыг ашиглаж Д.З, Х.Г нарын газар, хувийн сууцыг шилжүүлэн авсан. Итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх Ё.С нь Р.Мыг уншиж чаддаггүйг далимдуулан үл хөдлөх хөрөнгө худалдах итгэмжлэлд гарын үсэг зуруулж, Г.Бтэй худалдах-худалдан авах гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Р.М нь Бидний нөхөд ХЗХ-оос 5,000,000 төгрөгийн зээл авч, үүргийн гүйцэтгэлд газар, хувийн сууцны гэрчилгээг хоршооны захирал Б.Эад барьцаалуулсан бөгөөд зээлээ төлөөгүй. Гэтэл Бидний нөхөд ХЗХоршооны гишүүн Б.Э, Ё.С, Г.Бнар Р.М-ыг зээлээ төлөхгүй болохоор Ё.С нь Р.М-ыг бичиг, үсэггүйгээр нь далимдуулж итгэмжлэл аваад хувийн харилцаатай, ашиг сонирхол нэгтэй Г.Брүү худалдах-худалдан авах гэрээгээр шилжүүлсэн. Иймд зээлийн гэрээг халхавчлах зорилгоор, хууль зөрчиж газар, хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан тул гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.
3. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Р.М-ын шаардлага тайлбарын агуулга:
Р.Мын олгосон итгэмжлэлийн дагуу Ё.С нь Г.Б-тэй худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэвч газар, хувийн сууц худалдах эрхийг Р.М нь Ё.С олгоогүй бөгөөд энэ талаар гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, хэргийн материалтай танилцсанаар мэдсэн. Р.М нь Г.Бтэй газар, хувийн сууц худалдах хүсэл зоригоо илэрхийлж уулзаж байгаагүй, Г.Бч тухайн асуудлаар Р.М-д санал тавьж байгаагүй. Г.Бнь Р.М-д төлбөр төлөөгүй. Г.Бнь Б.Э-ын хүү бөгөөд Ё.С нь Б.Э-тай хувийн харилцаатай. Р.Мын хувьд Б.Э гэх хувь хүнээс 5,000,000 төгрөг зээлж авсан. Б.Э нь Р.М-тай Бидний нөхөд ХЗХоршоогоор дамжуулан 8,000,000 төгрөг зээлүүлсэн мэтээр гэрээ байгуулсан асуудал байдаг. Р.М-аас Ё.С олгосон итгэмжлэл хүчин төгөлдөр байж болно. Гэхдээ итгэмжлэлээр хийсэн хэлцэл хууль зөрчсөн. Өөрөөр хэлбэл, Ё.С нь төлөөлөх эрхээ төлөөлүүлэгчийн эсрэг ашигласан нь Иргэний хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт заасан нөхцөл бүрдсэн байна. Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.3 дахь хэсэгт төлөөлөгч нь бүрэн эрхээ шударгаар, төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй. Гэтэл Ё.С нь Р.М-аас олгосон итгэмжлэлийг хэрэгжүүлэхдээ хууль бусаар хэрэгжүүлсэн. Иймд 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.
4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:
Б.Э нь Р.М-тай 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 5,000,000 төгрөгийн зээл олгосон. Р.М нь зээлээ төлөхгүй байсан тул ажил дээрээ дуудан уулзахад өрөө би төлж дийлэхгүйнээ намайг шүүхэд битгий өгөөч, би барьцааны бичиг баримтыг шилжүүлээд өгчихье, та зараад өрийг минь дараад өгөөч гэсэн. Тэгээд миний бие Ё.С-г дуудан Р.М, Ё.С нарыг уулзуулж асуудлыг шийдэж, гэрээ байгуулах талаар хэлсэн. Би Р.Мд зээл олгосон мөнгөний 3,000,000 төгрөгийг Ё.С-гээс зээлж авсан, надаас мөнгөө нэхэж байсанг Р.М ч мэднэ. Би машингүй хол газар очиж үзүүлж, зарж чадахгүй тул Ё.С-г зараад өөрийн хохирлоо барагдуул, бас миний мөнгийг гаргаж өгөөрэй гэсэн. Ё.С хувиараа зар тавьж бас үл хөдлөх хөрөнгө зуучлалын газраар заруулахаар болсон ч хүн очиж үзэхэд хүмүүс ороод суучихсан манайх зарах хашаа биш гээд хөөгөөд байсан. Ингээд Ё.С чи өөрөө үүнийхээ учрын ол мөнгөө авъя гэсэн тул аргагүй эрхэнд Г.Бд санал болгож хадгаламжийн мөнгийг нь хаан банкнаас гаргуулж Ё.С 6,000,000 төгрөг төлж, Г.Бхууль ёсоор худалдаж авсан. Сөрөг нэхэмжлэлд бичснээр бол Р.М, Д.З, Х.Г нар хамтран зохион байгуулалтайгаар залилан хууль бус аргаар үл хөдлөх хөрөнгийг бүрдүүлэн зээл аваад одоо мөнгө төлөхгүйгээр хашаа байшингаа буцаан авахыг оролдож хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Мөн хариу тайлбар гаргах нь биднийг залилан мэхэлж хашаагаа хүлээн ав 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөөр дуудаж Д.Золзаяа биднийг залилан санаатайгаар байшин хашаагаа цэвэрлүүлээд засвар үйлчилгээ цоожоо солилуулаад нэмж зардал чирэгдэл гаргуулаад хэлж ярилгүй цоожоо эвдэж орсон нь бас хууль бус үйлдэл юм. Р.М-ыг бичиж уншиж чадахгүй хүнээр гарын үсэг зуруулсан ажилладаг газраас нь авч явсан гэж бичсэн нь биднийг гүтгэсэн хууль бус үйлдэл байна. Нотариатч нь Р.М-аас итгэмжлэлийн агуулга үр дагаврыг ойлгосон уу, таны хүсэл нийцсэн үү гэж тайлбарлан өгч гарын үсгийн зуруулсан. Р.М нь эрх зүйн чадамжгүй хүн биш алдаатай бичдэг гэж ярьж байсан гэжээ.
5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Э болон Бидний нөхөд ХЗХоршоо шүүхэд гаргасан тайлбартаа:
Г.Бнь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмч болсон болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай нотлогдож байгаа тул хариуцагч нараас гаргасан тайлбар үндэслэлгүй. Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах гэж байгаа үндэслэл нь итгэмжлэлийг бичиг үсэг мэдэхгүй, хүнээр гарын үсэг зуруулсан гэх мэт зүйлсийг ярьдаг. Гэтэл итгэмжлэл хүчин төгөлдөр болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон. Харин Р.М нь бичиг үсэг мэддэг болох нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдсон. Учир нь Р.М нь хадгаламж зээлийн хоршоонд элсэх тухай хүсэлтээ гараар бичсэн, зээлийн гэрээ хүртэл байгуулсан. Шүүхийн маргааныг үгүйсгэхийн тулд өөрийгөө бичиг үсэг мэддэггүй гэх тайлбарыг өгсөн. Итгэмжлэл нь хүчин төгөлдөр учраас худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан. Бидний нөхөд ХЗХ-оос Р.М руу 3,000,000 төгрөг шилжүүлсэн. Мөн н.О нь мөнгө шилжүүлэхдээ зээлийн утгыг Мөнхзулаас хаав гэсэн утгатай байдаг. Хуульд зааснаар хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд бие даасан шаардлага болон хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, хилчин 73 дугаар гудамж, 13а тоот байрлах улсын бүртгэлийн 00000000, нэгж талбарын 000000000000000 дугаартай, 467 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байрлах улсын бүртгэлийн 000000000 дугаартай, 40 болон 30 талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Д.З, Х.Г нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, хариуцагч Д.З, Х.Г болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Р.М нарын 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнг /газар, хувийн сууц/ худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах бие даасан шаардлага, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар уйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэл Г.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагч Д.З, Х.Г нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Р.Мын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг тус тус улсын тесвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.З, Х.Г нараас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Б-д олгож шийдвэрлэжээ.
7. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
7.1. Шүүх хэргийн бодит байдлыг бодитоор дүгнээгүй, нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу хэрэглэсэн. Гуравдагч этгээд Р.Мыг Ё.С төлөөлөн Г.Бтэй маргаан бүхий газрыг 2,500,000 төгрөгөөр, байшинг 2,500,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Анхан шатны шүүх дээрх гэрээг худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулсан, хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн боловч энэхүү гэрээнүүд дүр үзүүлэн хийсэн хэлцэл юм. 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Р.М нь шуурхай зээл гэсэн зарын дагуу Б.Этай уулзаж, 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлөхөөр 5,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, зээлийн болон барьцааны гэрээг байгуулж, барьцаалагчаар Б.Э бүртгэгдсэн. Энэ мөнгөнөөс 1,000,000 төгрөгийг хариуцагч нар авч, 4,000,000 төгрөгийг гуравдагч этгээд авч зээлээ хувь тэнцүүлэн төлөхөөр тохиролцсон. Улмаар 1,000,000 төгрөгийг зээлдүүлэгч Б.Эад төлж, үлдэх мөнгийг төлөөгүй. Ийнхүү газар, байшинг хүүгийнхээ нэр дээр шилжүүлэн авсан зээлдүүлэгч Б.Э төлөгдөөгүй үлдсэн мөнгөө Р.М-аас шаардахаа больсон. Дүр үзүүлээгүй байсан бол зээлдүүлсэн мөнгөний үлдэгдлээ хүүгийн хамт шаардах байсан. Р.М өрөө төлөөгүй байхад Б.Э барьцаанаас өр төлөгдсөн хэмээн бичиг хийж барьцааны бүртгэлээс хасуулж байгаад өөрийн хүү Г.Б-ийн нэр дээр шилжүүлсэн. Энэ бол зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахын тулд дүр үзүүлэн хэлцэл хийснийг тодорхой харуулж байна.
Гэрч Ё.С, гуравдагч этгээд Б.Э нарын мэдүүлэг, сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбараас үзэхэд Ё.С нь 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 3,000,000 төгрөгийг Б.Э-аад зээлүүлсэн бөгөөд зээлийн хүүтэйгээ 2020 оны байдлаар 6,000,000 төгрөг болсон. Ё.С нь Г.Б-ийн эх болох өөрийн хувийн харилцаатай Б.Эаас авах авлагадаа 6,000,000 төгрөгийг тооцож авах зорилготой байсан. Харин нэхэмжлэгч өөрийн ээжийн өрийг төлөх агуулгаар 5,000,000 төгрөг шилжүүлж, 1,000,000 төгрөг бэлнээр Ё.С өгсөн. Ингэхдээ дээрх гэрээг дүр үзүүлэн ээжийнхээ өрийг дарах зорилгоор байгуулсан. Мөн 2017 оны ханшаар газар, байшин нь 13,100,000 төгрөг байсан атал 2020 онд үл хөдлөх хөрөнгийн үнэ өсчихөөд байхад 6,000,000 төгрөгөөр үнэлж байгаа нь мөн л дүр үзүүлсэн болохыг нотолж байна. Р.М, Ё.Сг танихгүй хувийн харилцаагүй байж яагаад итгэмжлэл олгосон эсэх, бодит байдал дээр зээлдүүлэгч Б.Этай Ё.С хамтдаа ирж Р.М-тай уулздаг байсан бөгөөд өмнө 3 удаа гэрээнд гарын үсэг зурахад хамт байсан ба нэг удаа өр нэхэж ирж байсан. 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр нотариат ороод хэдэн гарын үсэг зураад асуудалгүй болно хэмээн Р.Мөнзулын ажиллуулдаг ТҮЦ-ээс нь авч яваад итгэмжлэл авсан. Эндээс маргаан бүхий хэлцлүүд нь дүр үзүүлсэн болохыг дүгнэж болохоор байна.
7.2. Шинээр ирсэн баримтыг танилцуулаагүй, мэтгэлцэх тэгш боломжоор хангаагүй. 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс хойш шинээр ирсэн баримтуудыг хариуцагч нарын төлөөлөгч надад танилцуулалгүй хурлыг хийсэн. Мөн шүүх хуралд Э.О-ийг гэрчээр асуусан нь мөн л шинээр ирсэн нотлох баримттай гэрч танилцах зохигчийн эрхийг зөрчиж, мэтгэлцэх тэгш боломжоор хангаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэж байна. Шинэ ирсэн баримтыг танилцуулж, гэрч оролцох талаар мэдэгдсэн бол хариуцагчийн зүгээс тайлбар гаргах, гэрчээс асуулт асуух зэргээр ижил тэгш мэтгэлцэх байсан.
7.3. 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр гуравдагч этгээд Р.М-д, Б ХЗХтүүнийг төлөөлж захирал Б.Э нар зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Энэ гэрээнд 8,000,000 төгрөгийг 10 сарын хугацаанд сар тутам 4 хувийн хүү төлөхөөр байгуулсан ч хавсралтад зээлийн хэмжээ 5,000,000 төгрөг, зээл олгосон 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гэжээ. Энэ 8,000,000 төгрөг бодитоор олгогдоогүй бөгөөд Б.Э Р.М нарын 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээний үлдэгдэл, хүүгийн хамт ийм дүнтэй болсон учир энэ гэрээг байгуулсан. Мөн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр гуравдагч этгээд Р.М-д, хариуцагч Х.Г, Д.Знар Б ХЗХтүүнийг төлөөлж захирал Б.Э нар зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Энэ гэрээнд 12,500,000 төгрөгийг 10 сарын хугацаанд сар тутам 4 хувийн хүү төлөх нөхцөл заажээ. Гэвч мөн л 12,500,000 төгрөг бодитоор олгогдоогүй бөгөөд 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээний адилаар Б.Э Р.М нарын 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээний үлдэгдэл, хүүгийн хамт ийм дүнтэй болсон учир энэ гэрээг байгуулах болжээ. Хариуцагч нар ногдох 1,000,000 төгрөгийг төлөөгүй учраас Б.Э-ын шаардлагаар энэ гэрээнд гарын үсэг зуржээ. Учир нь 13,100,000 төгрөгөөр авсан газар, байшингаа алдахгүйн тулд зур гэсэн болгон дээр нь зурж ирсэн байна. Энэ талаар шүүхээс ямар ч дүгнэлт хийгээгүй. Р.М-ын болон Б.Э-ын гэрчийн мэдүүлэг, хариуцагч нарын бичгээр гаргасан тайлбар гэсэн нотлох баримтаар Б.Этай байгуулсан 5,000,000 төгрөгийн зээлтэй холбоотойгоор байгуулагдсан хоёр зээлийн гэрээ бодитоор хэрэгжээгүй тул эрх зүйн үр дагавар үүсээгүй талаар дүгнэлт хийгээгүй. Энэ талаар шүүхийн шийдвэрт хоршооноос шилжсэн 3,000,000 төгрөгийг 3 хоногийн дараа Э.Оээс 3,010,500 төгрөг болгон Р.М-ын өмнөөс төлж, зээлийн харилцаа дуусгавар болсон гэж дүгнэсэн нь буруу. Учир нь Р.М, Б.Э-тай зээлийн гэрээ байгуулж, 5,000,000 төгрөгийг зээлсэн бөгөөд 1 жилийн хугацаатай байсан байтал яагаад зээл авмагцаа 3 хоногийн дараа танихгүй Э.О гэх хүний данснаас буцаан төлнө гэж бодит байдал дээр ийм асуудал болоогүй. Зээлдүүлэгч Б.Э үүргээ гүйцэтгэхдээ 5,000,000 төгрөгөө хэний данснаас шилжүүлсэн байх нь зээлдэгчийн хувьд ач холбогдолт ой биш. Б ХЗХболон Р.М хоёрын хооронд ямар ч эрх зүйн харилцаа үүсээгүй. Мөн Э.О ямар учраас танихгүй Р.Мын өрийг төлнө гэж, эдгээр байдлыг бүрэн бодитой ойлгож, тогтоож чадаагүй. Иймд хариуцагч, гуравдагч этгээдүүдийн сөрөг нэхэмжлэл болон бие даасан шаардлагыг хангаж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
8. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Р.М нь 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Б.Этай уулзаж, түүнээс 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлөхөөр 5,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, зээлийн гэрээ болон барьцааны гэрээг байгуулж, маргаан бүхий газар байшинг барьцаалсан боловч Б.Э-аас уг мөнгийг бодитоор олгоогүй. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэг зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх... гэж заасан бөгөөд зээлийн гэрээг бичгээр байгуулсан боловч бодит нөхцөл байдалд зээлийн төлбөрийг зээлдэгчид шилжүүлээгүй. Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Р.М нь Б.Э-тай 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 5,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, 5 хувийн хүүтэй зээл авсан, дээрх газар, хувийн сууцыг барьцаалсан. Р Мөнхзул, Б. Эрдэнэсувд нарын хооронд Иргэний хуулийн 281, 156, 175 дугаар зүйлүүдэд зааснаар зээлийн болон барьцааны гэрээний харилцаа үүссэн, зээлдүүлэгч үүргээ биелүүлсэн гэж дүгнэсэн боловч энэхүү 5,000,000 төгрөгийн зээлийг бодитоор зээлдэгч Р.Мын дансанд хэзээ шилжүүлсэн буюу зээлдүүлэгч үүргээ хэрхэн биелүүлсэн эсэхэд дүгнэлт хийгээгүй.
Гуравдагч этгээд Р.М, Б ХЗХ нар 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Энэ гэрээнд 8,000,000 төгрөгийг 10 сарын хугацаанд сар тутам 4 хувийн хүү төлөхөөр байгуулсан ч хавсралтад зээлийн хэмжээ 5,000,000 төгрөг, зээл олгосон 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гэжээ. Энэ 8,000,000 төгрөг бодитоор олгогдоогүй бөгөөд Б.Э Р.М нарын 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний үлдэгдэл, хүүгийн хамт ийм дүнтэй болсон учир энэ гэрээг байгуулсан. Энэ талаарх Р.М, Б.Э нарын гэрчийн мэдүүлэг, хариуцагч нарын бичгээр гаргасан тайлбар, нотлох баримтыг үнэлж, дүгнээгүй. Мөн Р.М, Х.Г, Д.З нар Бидний нөхөд ХЗХ-тэй 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Энэ гэрээнд 12,500,000 төгрөгийг 10 сарын хугацаанд сар тутам 4 хувийн хүү төлөхөөр нөхцөл заасан. Гэвч мөн л 12,500,000 төгрөг бодитоор олгогдоогүй бөгөөд яг дээрх гэрээний адилаар Б.Э Р.М нарын 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний үлдэгдэл, хүүгийн хамт ийм дүнтэй болсон учир энэ гэрээг байгуулах болжээ. Хариуцагч нар ногдох 1,000,000 төгрөгөө төлөөгүй учраас Б.Эын шаардлагаар гэрээнд гарын үсэг зуржээ. Учир нь 13,100,000 төгрөгөөр авсан газар, байшингаа алдахгүйн тулд зур гэсэн болгон дээр нь зурж ирсэн байна. Энэ талаарх Р.М болон Б.Эын гэрчийн мэдүүлэг, хариуцагч нарын бичгээр гаргасан тайлбар, нотлох баримтыг үнэлж, дугнээгүй. Иймд гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
9. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
Гуравдагч этгээдийн зүгээс мөн адил зээлийн харилцаа үүссэн байсан учраас худалдах хүсэл сонирхол байгаагүй гэх агуулгаар гомдол гаргасан. Уг хэрэг маргааныг өмнө нь анхан болон давж заалдах шатны шүүхээр хянан шийдвэрлэгдэж байсан. Гэтэл анх гуравдагч этгээд нь би бичиг үсэг мэддэггүй учраас итгэмжлэлийн үр дагаврыг ойлгоогүй гэж тайлбарладаг. Анхан шатны шүүхээс хянан шийдвэрлэж байх явцад надад худалдах хүсэл сонирхол байсан гэх тайлбар нь хэрэгт авагдсан. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрөөс нь эсрэг үйл ажиллагаа явуулсан гэж маргасан. Харин давж заалдах шатны шүүхээс гэрч н.Сг дахин асууж, Г.Б, н.С нарын хоорондын ямар харилцаатай болохыг тодруулахыг даалгасан. Мөн гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг хангаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа болсон байна гэж үзсэн. Анхан шатны шүүхэд хэргийг буцаасны дараа гуравдагч этгээдээр Б.Э-ыг оролцуулж, н.С-г гэрчээр асуусан. Гэтэл Г.Б, н.С нарын хооронд ах, дүү, хамаатан садангийн харилцаа байхгүй гэдгийг тайлбарласан. Хариуцагч болон гуравдагч этгээд нарын зүгээс н.С-г Г.Б-ийн эцэг гэж тайлбарласан байна. н.С, Г.Б нарын хооронд эцэг эхийн харилцаа хамаарал байхгүй гэж мэдүүлсэн. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын хооронд ямар нэгэн зээлийн харилцаа үүсээгүй. Уг газар, байшинг худалдаж авах сонирхол яагаад бий болсон бэ гэхээр Б.Э-ын хүүхэд мөн байдаг. Мөн хариуцагч болон гуравдагч этгээд нар тухайн үл хөдлөх эд хөрөнгө болох газраа худалдах хүсэл сонирхолтой байсан нь 1 дүгээр хавтаст хэргийн 123 дахь талд авагдсан Осмо гэх үл хөдлөх эд хөрөнгийн газарт хандсан бичиг байна.
Тухайн үл хөдлөх эд хөрөнгө болох байшинд хүн амьдардаггүй байсан гэх гэрч нарын мэдүүлэг байдаг. Мөн тухайн байшин, газрыг хүн хөлсөлж цэвэрлүүлсний дараа зар тавьж зарагдахгүй байсан учраас Г.Б-д санал болгосон. Уг нөхцөл байдалд үндэслэн Г.Б-д тухайн байшин, газрыг худалдан авах хүсэл сонирхолтой болсон. Тухайн байшин, газрыг худалдаж авахдаа өөрийн хадгаламжид байсан мөнгөөр тухайн төлбөрийг төлсөн байдаг. Уг төлбөрийг төлсөн баримт нь 1 дүгээр хавтаст хэргийн 120, 142 дахь талд авагдсан н.С, Г.Бнарын дансны хуулга авагдсан. Худалдах, худалдан авах гэрээний гол шинжүүд хангагдаж, төлбөрийг төлсөн нөхцөл байдлууд байдаг. Мөн хариуцагч талын зүгээс өнөөдрийн шүүх хуралдаанд худалдах, худалдан авах хүсэл сонирхол байгаагүй гэж тайлбарласан. Гэтэл өмнөх шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн зүгээс уг тайлбарыг үгүйсгэж байсан Түүнчлэн 13,100,000 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд ямар нэгэн байдлаар 5,000,000 төгрөгөөр худалдаж авах боломжгүй гэж тайлбарласан. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нар н.Мөнхзулд 5,000,000 төгрөгөөр газрыг худалдсан. Тухайн газар, байшинг худалдаж авснаас хойш байнгын амьдарч байгаа гэх боловч цэвэрлэгээ хийсэн хүний мэдүүлгээр хүн амьдарч байгаагүй болох нь нотлогддог. Харин тухайн байшин, газарт хүн амьдарч байсан тохиолдолд арай өөр байх байсан гэж үзэж байна. Анхан шатны шүүх нь талуудын хооронд үүссэн зээлийн харилцаа хамаарлыг ойлгоогүй гэж тайлбарлаж байна. Хариуцагч болон гуравдагч этгээд нар бодит нөхцөл байдлыг өөр өөрөөр тайлбарладаг. Д.З, Х.Г нарт түлхүүрийг хүлээлгэн өгөөгүй бөгөөд ямар аргаар байшинд орсныг мэдэхгүй байна. Тухайн байшингийн хойд талын айлд нь түлхүүрийг үлдээсэн байдаг. Мөн хариуцагч болон гуравдагч этгээд нарын шүүхэд гаргасан тайлбар, татгалзал нь зөрүүтэй байгааг харгалзан үзэхийг хүсэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2.Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч Д.З, Х.Г нарын хууль бус эзэмшлээс газар болон хувийн сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, Р.М, Г.Б нарын хооронд байгуулсан 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө /газар, хувийн орон сууц/ худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ. Мөн гуравдагч этгээд Р.М-аас 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Р.М, Г.Б нарын хооронд байгуулсан үл хөдлөх хөрөнгө /газар, хувийн орон сууц/ худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай бие даасан шаардлага гаргасан байна. /1-р хх-ийн 44-45, 144-146/
3. 00000000 болон Х.Г, Д.Знар нь 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр бэлэглэлийн гэрээ нэртэй гэрээ байгуулсан бөгөөд 00000000 өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн 000000000 дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын 000000000000 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин гудамжны 13 тоот хаяг байрлалтай, 467 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар болон мөн хаягт байрлалтай, 40 м.кв, 30 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг Х.Г, Д.Знарт бэлэглэхээр тохиролцжээ.
Дээрх гэрээний дагуу Х.Г, Д.Знар нь 00000000-т газар болон хувийн сууцны үнэд 13,100,000 төгрөг төлсөн болох нь зохигчдын тайлбар болон хэргийн 53 дугаар тал дахь батламж гэх бичгийн баримтаар тогтоогдож байна. Иймд гэрээний агуулга мөн газар болон хувийн сууцны үнэд 13,100,000 төгрөг төлөгдснөөр өмчлөх эрх шилжсэн зэрэг нөхцөл байдлыг харьцуулан дүгнэвэл талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.
3.а. Үүний дараа хариуцагч Х.Г, Д.Знар Р.М-тай 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч нар эрхийн улсын бүртгэлийн 000000000 дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын 000000000000 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 00000000000000 тоот хаягт байрлалтай 467 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар болон эрхийн улсын бүртгэлийн 000000000 дугаартай, мөн хаягт байрлалтай, 40 м.кв, 30 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлж, худалдан авагч газар, хувийн сууцны үнэд тус бүр 2,500,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож, тухайн үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Р.М 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр бүртгэгдэж, өмчлөх эрхийн гэрчилгээ авсан үйл баримт хэргийн баримтаар нотлогджээ. /1-р хх-ийн 55-59, 64, 75/
Дээрх гэрээг Х.Г, Д.З нар маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг бэлэглэлийн гэрээгээр нэр шилжүүлэн авсан учир зээлийн барьцаанд тавьж болохгүй байсан тул зээл авах зорилгоор Р.М-тай худалдах, худалдан авах гэрээг дүр үзүүлж хийсэн гэж тайлбарласныг Р.М үгүйсгээгүй байна.
3.б. Газар болон хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг өмчлөлдөө шилжүүлэн авсны дараа Р.М нь Б.Э-тай 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч нь 5,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, 5 хувийн хүүтэй зээлэх, зээлдэгч нь тогтоосон хугацаанд зээлээ эргүүлэн төлөхөөр харилцан тохиролцсон. /3-р хх-ийн 9/
3.в. Энэ зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тус өдөр барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр Р.Мын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн 000000000 дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын 000000000000 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 00000000000000 тоот хаягт байрлалтай 467 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар болон эрхийн улсын бүртгэлийн 000000000 дугаартай, мөн хаягт байрлалтай, 40 м.кв, 30 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн үйл баримтууд хэргийн баримтаар тогтоогджээ.
Талуудын хооронд хүчин төгөлдөр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулагдсан байна. /3-р хх-ийн 10/
3.г. Үүнээс хойш Бидний нөхөд ХЗХоршоо болон Р.М нарын хооронд 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч нь 8,000,000 төгрөгийг 10 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэй зээлэх, зээлдэгч нь төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиодолд хуваарьт хугацаа дууссан өдрөөс эхлэн зээлийн төлбөрийг бүрэн барагдуулж дуустал төлөгдөөгүй зээлд ногдох үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцсон байна. Мөн гэрээний 1-д 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн барьцааны гэрээнд заасан эд хөрөнгийг барьцаалж болно гэжээ. /3-р хх-ийн 11/
3.д. Мөн Бидний нөхөд ХЗХоршоо болон Р.М нарын хооронд 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч нь 12,500,000 төгрөгийг 10 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэй зээлэх, зээлдэгч нь төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиодолд хуваарьт хугацаа дууссан өдрөөс эхлэн зээлийн төлбөрийг бүрэн барагдуулж дуустал төлөгдөөгүй зээлд ногдох үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцсон байна. Тус гэрээний 1.7-д Б.Эад барьцаалсан 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн барьцааны гэрээнд заасан эд хөрөнгийг дахин барьцаалж болно гэжээ.
Дээрх 2 гэрээний дагуу Б ХЗХ-оос зээлийн мөнгөн хөрөнгийг Р.Мд шилжүүлсэн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. /3-р хх-ийн 13-16/
3.е. Р.М-аас Ё.С 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн 000000000 дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын 000000000000 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 00000000000000 тоот хаягт байрлалтай 467 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар болон эрхийн улсын бүртгэлийн 000000000 дугаартай, мөн хаягт байрлалтай, 40 м.кв, 30 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн кадастрын зураг гаргуулахад материал бүрдүүлж өгөх, хүлээж авах, барьцаанаас чөлөөлөх, холбогдох бичиг баримтад гарын үсэг зурах, бусдад худалдах, түрээслүүлэх, хөлслүүлэх, гэрээ байгуулах, гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах, холбогдох бичиг баримт хүлээн авах, төлбөр тооцоо хүлээн авах, улсын бүртгэлд бүртгүүлэх, холбогдох бичиг баримтад гарын үсэг зурах үйлдэл хийх бүрэн эрх олгосон итгэмжлэлийг 3 жилийн хугацаатай олгожээ. /1-р хх-ийн 74, 3-р хх-ийн 150/
3.ё. Уг итгэмжлэлийг үндэслэн, 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Р.М, Г.Б нар Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээнүүдээр худалдагч нь эрхийн улсын бүртгэлийн 000000000 дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын 000000000000 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 00000000000000 тоот хаягт байрлалтай 467 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн өдөр эрхийн улсын бүртгэлийн 000000000 дугаартай, мөн хаягт байрлалтай, 40 м.кв, 30 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус худалдан авагчийн өмчлөлд шилжүүлж, худалдан авагч газар, хувийн сууцны үнэд тус бүр 2,500,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон бөгөөд эдгээр үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Г.Б2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр бүртгэгдэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон үйл баримт худалдах, худалдах авах гэрээ, улсын бүртгэлийн гэрчилгээ болон зохигчдын тайлбар зэрэг баримтаар тус тус нотлогдсон байна. /3-р хх-ийн 88, 93,148/
Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан талаар шүүх зөв дүгнэжээ.
3.ж. Нэхэмжлэгч Г.Б нь гуравдагч этгээд Б.Э-ын хүү болох нь гэрч Ё.С-гийн мэдүүлэг болон талуудын тайлбараар тогтоогдож байхаас гадна Р.М, Г.Б, Ё.С нар Бидний нөхөд ХЗХоршооны гишүүн болох нь гишүүний анкет, тэдгээрийн хүсэлтээр тус тус тогтоогдож байна. Дээрх үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон. /2-р хх-ийн 132-133, 3-р хх-ийн 29/
4. Гуравдагч этгээд Р.М-аас 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Р.М, Г.Б нарын хооронд байгуулсан үл хөдлөх хөрөнгө /газар, хувийн орон сууц/ худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай бие даасан шаардлага гаргасан.
4.а. Анхан шатны шүүх ...маргаан бүхий газар, үл хөдлөх эд хөрөнгийг худалдах хүсэл зориг Р.Мд байгаагүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэн, сөрөг нэхэмжлэл болон бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь алдаатай болжээ.
4.б. Нэхэмжлэгч Г.Б нь ...Р.М-ыг ажил дээр дуудан уулзахад тэрээр би төлж дийлэхгүйнээ намайг шүүхэд битгий өгөөч, би барьцааны бичиг баримтыг шилжүүлээд өгчихье, та зараад өрийг минь дараад өгөөч... гэх агуулгатай тайлбар гаргасан боловч энэ талаар худалдах, худалдан авах гэрээнд тусгаагүй байна. Нөгөөтэйгүүр Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3 дахь хэсэгт зааснаар Зээлийн гэрээ-ний үүргийг Худалдах, худалдан авах гэрээ-ний үүргээр сольж дуусгавар болгосон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд Р.М, Г.Б нарын хооронд 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан үл хөдлөх хөрөнгө /газар, хувийн орон сууц/ худалдах, худалдан авах гэрээг талуудын хүсэл зоригийн үндсэн дээр хийгдсэн хэлцэл гэж үзэхгүй, харин Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлж хийсэн хүчин төгөлдөр байх хэлцэл гэж үзнэ.
4.в. Түүнчлэн, 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Р.М, Г.Б нарын хооронд байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ талуудын хүсэл зоригийн үндсэн дээр хийгдсэн гэж үзэх үндэслэлгүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарч байна. Иймд анхан шатны шүүх Р.М, Г.Б нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь буруу байгааг залруулна.
4.г. Мөн Р.М, Б.Э нар 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр газар болон хувийн орон сууцны барьцааны гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр байх бөгөөд барьцааны зүйл болох газар эзэмших эрхийг Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, хувийн зориулалттай сууцыг мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт тус тус зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй боловч энэ журмыг хэрэглэхгүйгээр өмчлөх эрхийг Б.Эын хамаарал бүхий этгээд болох Г.Б-ийн өмчлөлд шилжүүлсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэлд хамаарч байна.
4.д. Талуудын хооронд хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоосон нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг шүүх шийдвэрлэх учиртай. Иймд эрхийн улсын бүртгэлийн 000000000 дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын 000000000000 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 00000000000000 тоот хаягт байрлалтай 467 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, эрхийн улсын бүртгэлийн 000000000 дугаартай, мөн хаягт байрлалтай, 40 м.кв, 30 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Р.Мын нэр дээр шилжүүлэн бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгасан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулна. Энэ талаар гаргасан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангав.
5. Хариуцагч Д.З, Х.Г нараас нэхэмжлэгч Г.Б-д холбогдуулан Р.М, Г.Б нарын хооронд байгуулсан 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө болох газар болон хувийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.
5.а. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Д.З, Х.Г нар Р.М-тай 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Газар, хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч нар Сонгинохайрхан дүүргийн 00000000000000 тоот хаягт байрлалтай 467 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар мөн хаягт байрлалтай, 40 м.кв, 30 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Р.Мын өмчлөлд шилжүүлсэн, Р.М нь гэрээний үнэд нийт 5,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон зэргээс дүгнэхэд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, хүчин төгөлдөр гэрээ бөгөөд энэ талаар зохигчид маргахгүй байна.
5.б. Түүнчлэн, Р.М нь Б.Э-тай 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулах үед маргаан бүхий газар, хувийн сууцны өмчлөх эрх Р.М-д шилжсэн байсан тул хариуцагч нар хэлцлийн хүчин төгөлдөр бус байдлын талаар нэхэмжлэгчтэй маргах боломжгүй. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдохоор байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэхээр зохицуулсан хэдий ч хариуцагч нарын гаргасан сөрөг нэхэмжлэл үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдохгүй байна.
Иймд хариуцагч Д.З, Х.Г нарын нэхэмжлэгч Г.Б-д холбогдуулан гаргасан Р.М, Г.Б нарын хооронд байгуулсан 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө /газар, хувийн орон сууц/ худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ. Энэ талаар гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.
6. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Г.Бнь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өөрийн өмчлөлийн орон сууцыг чөлөөлж, нийлгэн гаргахыг шаардах эрхтэй гэж дүгнэн, Сонгинохайрхан дүүргийн 00000000000000 тоот хаягт байрлалтай 467 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байрлалтай, 40 м.кв, 30 м.кв талбайтай, хувийн сууцыг хариуцагч Д.З, Х.Г нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж үндсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь буруу байна.
6.а. Давж заалдах шатны шүүхээс Р.М, Г.Б нарын хооронд 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж нэхэмжлэгч Г.Б-ийн хариуцагч Д.З, Х.Г-т нарын хууль бус эзэмшлээс Сонгинохайрхан дүүргийн 00000000000000 тоот хаягт байрлалтай 467 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байрлалтай, 40 м.кв, 30 м.кв талбайтай, хувийн сууц чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Р.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2023/02548 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан эрхийн улсын бүртгэлийн 000000000 дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын 000000000000 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 00000000000000 тоот хаягт байрлалтай 467 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, эрхийн улсын бүртгэлийн 000000000 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 00000000000000 а тоот хаягт байрлалтай, 40 м.кв, 30 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Р.Мын нэр дээр шилжүүлэн бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгаж, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч Г.Б-ийн гаргасан өөрийн эзэмшил газар, хувийн сууцанд харилцаа хамааралгүй иргэд оршин сууж байгааг албадан нүүлгүүлэх тухай үндсэн, хариуцагч Д.З, Х.Г нарын гаргасан Р.М, Г.Б нарын хооронд байгуулсан 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө /газар, хувийн орон сууц/ худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэж,
2 дахь заалтын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагч Д.З, Х.Г нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Р.М-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.Бгээс 140,400 төгрөгийг гаргуулж бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Р.Мд олгосугай гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч нарын төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Р.М-ын төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ