| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 105/2017/0009/Э |
| Дугаар | 187 |
| Огноо | 2017-03-16 |
| Зүйл хэсэг | 147.2., |
| Улсын яллагч | М.Эрдэнэзаяа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 187
О.Батболд, Б.Билгүүн, Т.Мөнх-Эрдэнэ,
Б.Алтансүх нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Оюунчулуун даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор М.Эрдэнэзаяа,
хохирогч Э.Тэмүүжин,
ялтан О.Батболд, Т.Мөнх-Эрдэнэ нарын өмгөөлөгч Ж.Яринпил,
ялтан Б.Билгүүний өмгөөлөгч Б.Гэршихбөртэ,
ялтан Б.Алтансүх, түүний өмгөөлөгч Д.Батбаяр,
нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг, даргалж, шүүгч С.Өсөхбаяр, С.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 25 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Алтансүх, түүний өмгөөлөгч Д.Батбаяр, ялтан О.Батболд, Т.Мөнх-Эрдэнэ нарын өмгөөлөгч Ж.Яринпил, ялтан Б.Билгүүний өмгөөлөгч Б.Гэршихбөртэ нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн О.Батболд, Б.Билгүүн, Т.Мөнх-Эрдэнэ, Б.Алтансүх нарт холбогдох 201625013353 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Боржигон овгийн Одхүүгийн Батболд, 1995 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гал сөнөөгч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 1 дүгээр хэсэг, 10 дугаар гудамжны 339 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ОЮ95040713/;
2. Боржигон овгийн Батсүхийн Билгүүн, 1995 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Хэнтий аймгийн Гурванбаян суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 5 дугаар хэсэг гудамжны 77-2155 тоотод оршин суух,
2010 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 473 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,
2012 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 71 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, /РД: СЗ95051715/;
3. Бэсүүд овгийн Түвшинбаярын Мөнх-Эрдэнэ, 1994 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Пинк тоувэр” ХХК-д пасадны засварчин ажилтай байсан, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 31 дүгээр гудамж, 626А тоотод оршин суух, ял шийтгэлгүй /РД: НБ94031414/;
4. Боржигон овгийн Батболдын Алтансүх, 1996 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Пинк тоувэр” ХХК-д пасадны завсарчин ажилтай байсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, 2 дугаар хэсэг, 12 дугаар гудамжны 607 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ДА96060513/;
О.Батболд, Б.Билгүүн, Т.Мөнх-Эрдэнэ, Б.Алтансүх нар нь бүлэглэн 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр Хужирбулангийн орчим хохирогч Э.Тэмүүжингийн эд хөрөнгийг авах зорилгоор амь биед аюултайгаар хүч хэрэглэн довтолж, гар, хөлийг нь уяагаар хүлж үлдээн, “LG” загварын гар утас, Худалдаа хөгжлийн банкны карт зэрэг эд хөрөнгийг дээрэмдэж, 40.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: О.Батболд, Б.Билгүүн, Т.Мөнх-Эрдэнэ, Б.Алтансүх нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: О.Батболд, Б.Билгүүн, Т.Мөнх-Эрдэнэ, Б.Алтансүх нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг авах зорилгоор, амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, бусдын эд зүйлийг дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар О.Батболдыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 5 жил 6 сар хорих ял, Б.Билгүүнийг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 5 жил 1 сар хорих ял, Т.Мөнх-Эрдэнийг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 5 жил 1 сар, Б.Алтансүхийг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан 52.5 дахь хэсэгт зааснаар О.Батболд, Б.Билгүүн, Т.Мөнх-Эрдэнэ, Б.Алтансүх нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлж, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар О.Батболд, Б.Билгүүн, Т.Мөнх-Эрдэнэ, Б.Алтансүх нарын тус бүр урьдчилан цагдан хоригдсон 3 хоногийг тус тусын ял эдлэх хугацаанд оруулан тооцохоор шийдвэрлэжээ.
Ялтан Б.Алтансүх давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолыг зөвшөөрөхгүй учир дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Намайг унтах гэж байхад Батболд намайг Билгүүнээр дуудуулсан. Зорилго нь миний гар утсаар Тэмүүжинг яриулах байсан. Би Тэмүүжинд автобусны мөнгө олж өгөх гэж байхад Тэмүүжин Батболдын унадаг дугуйг авч зугтаасан. Араас нь намайг яваад очиход Батболд зодоод байж байсан. Тэгээд нэг гар утас газар унасан байсныг авсан. Хэний утас гэдгийг мэдээгүй. Сүүлд хохирогчийнх гэдгийг мэдээд өөрт нь хэлсэн. Миний хувьд хохирогчийг зодсон, дээрэмдсэн зүйл байхгүй. Хохирогч өөрийг нь бага ч гэсэн хамгаалж байсныг хэлэхгүй байгаад гомдолтой байна. Би хийсэн хэрэгтээ болон хохирогчийг хамгаалж, болиулж чадаагүйдээ маш их гэмшиж байна. Би тухайн үед Батболдыг зүс танина, харин Мөнх-Эрдэнэ, Билгүүн нарыг сайн таньдаггүй байсан. Мөнх-Эрдэнэ намайг “чи хэн юм” гэж уурлаж байснаа хохирогч Тэмүүжинг зодсон. Би хохирогчид “би чамайг явуулчих уу” гэхэд “наад хоёр чинь чамайг зодох байх хэрэггүй” гэж хэлсэн. Би хохирогчийг даарч байгаа байх, бас энэ хоёрт зодуулаад өвдөж магадгүй гээд цамцаа тайлж өгсөн. Батболд намайг хохирогчид цамцаа тайлж өгснийг мэдээд их уурласан. Би тэр үед айсан байсан. Билгүүн хохирогчид ганц удаа ч гар хүрээгүй, дээрэмдээгүй, харин дугуй унаад явж байсан. Шүүх хуралд орохдоо Батболд надад “чи хохирогчийг хүлсэн гэж хэл” гэж дарамталсан. Би хохирогчийг хүлээгүй, Батболд хүлсэн байсныг би сүүлд нь тайлсан. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү...” гэв.
Ялтан Б.Алтансүхийн өмгөөлөгч Д.Батбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлд заасан гэм буруугүйд тооцох зарчмыг баримтлалгүй Б.Алтансүхийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргасан гэж үзэж байна. Хохирогч Э.Тэмүүжин “...миний халаас түрийвч ухаж, картны дугаар асууж, гар утас авсан байсан. Хэн авсныг мэдээгүй...” гэж мэдүүлсэн. Гэтэл шүүхийн хэлэлцүүлэгт “...Утас халаас ухаж аваагүй, Утас газар унасныг хэн авсныг мэдээгүй, утас газар унасан” гэх зэргээр зөрүүтэй мэдүүлсэн. Мөн тэрээр хэтэвчийг халааснаас ухаж авсан гэж мэдүүлдэг боловч түүний мэдүүлэг нь өөр бусад нотлох баримтуудаар батлагдаагүй, эсрэгээрээ зарим шүүгдэгч нарын "...газраар тарсан байсан бичиг баримтыг нь Т.Мөнх-Эрдэнэ цуглуулаад хэтэвчинд нь буцаан хийж өгсөн..." гэх мэдүүлгээр үгүйсгэгдэж байсан. Анхан шатны шүүх хохирогчийн мэдүүлгийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар үнэлээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлийн 95.2, 95.3 дахь хэсэгт нийцээгүй дүгнэлт хийсэн. Хохирогч, шүүгдэгч нарын дээрх мэдүүлгийг тухайн үед болсон бодит нөхцөл байдалтай харьцуулан үзвэл энэ хэргийг шийдвэрлэхэд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасан зарчимд нийцүүлэн Б.Алтансүхэд холбогдох хэргийг цагаатган шийдвэрлэх боломжтой байсан.
Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийг тухайн үед болсон үйл явдал болон хэрэгт цугларсан нотлох баримтуудад нийцүүлэн хэрэглэж чадаагүй. Хэрэгт авагдсан гэрч Х.Тулгын мэдүүлэг, хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн бүх мэдүүлгүүдээр О.Батболд нь хохирогчийн "амь биед нь хүч хэрэглэж, зодсон гэх" үйл баримт тогтоогдож байгаа боловч энэ нь "хохирогчийн эд хөрөнгийг авах зорилготой" байгаагүй, харин О.Батболдын дугуйг авч зугтсан хохирогчийн буруутай үйл ажиллагаанд дургүйцсэн үйлдэл болсон нь хангалттай нотлогдож байгаа.
Хохирогч Тэмүүжин нь О.Батболдын дугуйг авч зугтсанаа "...миний гар утсыг дахин авах гэж байна гэж бодоод айсандаа дугуйг нь унаад унасан чигээрээ ... зугтаасан...”, "...Батболд намайг зандрангуй дуудахаар нь би айсандаа дугуйг нь аваад зугтаасан...” гэх зэргээр тайлбарлаж байгаа боловч энэ нь бусдын эд хөрөнгийг авч зугтсан түүний буруутай үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй юм. Анхан шатны шүүх ийнхүү О.Батболд хохирогчийн "амь биед нь хүч хэрэглэж, зодсон" үйлдлийн буруу тодорхойлсон нь хэрэгт цугларсан нотлох баримтуудад нийцээгүй дүгнэлт хийж, улмаар Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн.
Хохирогчийн гар утсыг Б.Алтансүх авснаа хүлээн зөвшөөрсөн боловч тэрээр гар утсыг нь авахдаа "амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж эсхүл хэрэглэхээр заналхийлж довтолсон" үйлдэл хийгээгүй болох нь хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, О.Батболд, Б.Алтансүх нарын мэдүүлгээр батлагдаж байгаа.
Харин Б.Алтансүх "хохирогчид огт гар хүрээгүй", "өмсөж явсан хүрмээ тайлан өгч түүнд өмсүүлсэн", "гудмаар явах үедээ хүрмээ өмсүүлээд, би чамайг явуулахыг бодъё гэж хэлсэн" зэрэг нь тэрээр хохирогчийн гар утсыг дээрэмдэх санаа зорилго байгаагүй болохыг баталж байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Алтансүхэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү...” гэв.
Ялтан О.Батболд, Т.Мөнх-Эрдэнэ нарын өмгөөлөгч Ж.Яринпил давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.
1. Хохирогч Э.Тэмүүжингийн мэдүүлэг, үйлдсэн гэмт хэргийн бодит байдалтай нийцээгүй байхад нотлох баримт хангалттай эсэхийг бүхэлд нь зөв үнэлж чадаагүйгээр хууль хэрэглэсэн Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна гэсэн шаардлагыг хангаагүй байна. Тухайлбал Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 290 дүгээр зүйлийн 290.4 дэх хэсэгт “...шүүгдэгчийн холбогдсон үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхэд оролцсон нь нотлогдоогүй бол шүүх цагаатгах тогтоол гаргана" гэснийг зөрчсөн.
2. Шүүгдэгч нар бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг огт үйлдээгүй болох нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон. Хохирогч Э.Тэмүүжинг зодож, түүнд хөнгөн гэмтэл учруулсан нь үнэн. Бусдын эд хөрөнгийг авах зорилгоор зодоогүй, харин Батболдын эзэмшлийн унадаг дугуйг авч зугтлаа гэсэн үндэслэлээр өөрөөр хэлбэл энэ унадаг дугуйг илээр хулгай хийж зугтлаа гэж дургүйцэж зодсон болох нь тогтоогдсон юм. Энэ үйлдэлд дээрэмдэх гэмт хэргийн гэмт хэргийн үндсэн шинж болох бусдын эд зүйлс өмч хөрөнгийг өөрийн мэдэлд авах зорилгоор хохирогчийн амь нас, эрүүл мэндэд аюултай хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэх үйлдлээр довтолгоон хийгээгүй нь тогтоогдсон. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж хууль хэрэглэсэн нь үндэслэл муутай байна.
3. Хохирогч Э.Тэмүүжингийн мэдүүлэг болон Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст гаргасан гомдол бүгд үндэслэл муутай байдаг. Үүнд:
- Э.Тэмүүжин нь гар утсаа зодуулах үедээ газар унагасан, 1200 төгрөг нь хэтэвчинд байсан нь тогтоогдсон.
- Хохирогч Э.Тэмүүжин “... Миний гар утсыг дахин авах гэж байна гэж бодоод, айсандаа дугуйг нь унасан чигээрээ баруун тийш зугтаасан, ... Миний халаас ухаж гар утас авсан байсан..." гэх мэтээр худал мэдүүлсэн нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э.Тэмүүжингийн мэдүүлгийн эх сурвалжийг магадлах аргаар мэдүүлсэн нотлох баримтыг шалгаагүйгээс болж худал мэдүүлгийг нотлох баримтын түвшинд үнэлж, хууль хэрэглэсэн нь шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй болж чадаагүй.
- Хохирогч гэх Э.Тэмүүжин нь иргэн О.Батболдын эзэмшлийн унадаг дугуйг зөвшөөрөлгүй унаж хулгай хийсэн гэмт хэрэг үйлдсэнийг мөрдөн байцаалтын шатанд шалгаагүй орхигдуулсан. Үүнийг шалгаж тогтоох шаардлагатай. Хохирогч гэх Э.Тэмүүжингийн үйлдэлд хулгайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байдаг. Иймд анхан шатны шүүхийн 25 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, уг эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү...” гэв.
Ялтан Б.Билгүүний өмгөөлөгч Б.Гэршихбөртэ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Б.Билгүүнийг гэм буруугүйг нотлох талаар:
1. Хохирогч Э.Тэмүүжиний "айсандаа дугуйг нь унасан чигээрээ баруун тийш зугтаасан" гэх мэдүүлэг,
2. Хохирогч Э.Тэмүүжингийн шүүх хуралдаанд "Билгүүн тухайн үед араас ирээд миний авч зугтаасан дугуйг унан тэднийг дагаад явсан бөгөөд дугуйнаас огт буугаагүй, намайг ямар нэгэн байдлаар цохиж зодоогүй" гэх мэдүүлэг,
3. Т.Мөнх-Эрдэнийн яллагдагчаар “...Билгүүн хойшоо дугуй унаад хойшоо талбай дээр хүлээж байя гээд явсан. Бид гурав нөгөө залууг замын урд талд гаргаад Батболд хүлчих гэхэд Алтансүх хаанаас мэдээгүй уяа гаргаж ирээд гарыг нь хөлтэй нь холбож уясан” гэх мэдүүлэг,
4. Б.Алтансүхийн яллагдагчаар 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн мэдүүлэг,
5. О.Батболдын яллагдагчаар 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн мэдүүлэг, шүүгдэгч нарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар миний үйлчлүүлэгч Б.Билгүүн нь хохирогч Тэмүүжинг ямар нэгэн байдлаар цохиж зодон бие махбодид нь гэмтэл учруулаагүй бөгөөд зөвхөн Батболдын дугуйг аваад зугтахад нь араас нь гүйж очин түүний дугуйг авч явсан. Мөн Батболдыг уг залууг зод гэхэд үгүй хэмээн гэмт хэрэг үйлдэхээс сайн дураараа татгалзсан болох нь харагдаж байна.
Хохирогч Тэмүүжин нь Батболдын дугуйг аван зугтаасан нь Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг булаах гэмт хэрэг үйлдэхээр завдсан болох нь хэрэгт авагдсан хохирогч, яллагдагч, гэрч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. Гэтэл улсын яллагч болон анхан шатны шүүх энэ талаар буюу гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийн талаар тогтоогоогүй хэмээн үзэж байна. Харин Батболд нь түүний араас очин “дугуй авч зугтаалаа” хэмээн уурсаж, түүнийг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь хувийн сэдэлттэйгээр буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж харагдаж байхад анхан шатны шүүх үүнийг харгалзалгүйгээр нийтэд нь Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж үзсэн нь учир дутагдалтай байна. Б.Билгүүний хувьд хохирогчийг ямар нэгэн байдлаар зодоогүй, довтлоогүй, түүнд заналхийлээгүй, түүний эд хөрөнгийг аваагүй, авсан болохыг мэдээгүй, гагцхүү хохирогчийн булаагаад зугтсан Батболдын эд хөрөнгө болох дугуйг Тэмүүжингээс буцаан авч унаад явж байснаараа гэм буруутайд тооцогдон анхан шатны шүүхээс хорих ялаар шийтгүүлсэнд гомдолтой байна. Б.Билгүүн нь бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийн объектив тал, субъектив талын бүрэлдэхүүний шинжийг агуулсан ямар нэг үйлдэл хийгээгүй гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байгаа нь цугларсан нотлох баримтууд буюу гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр нотлогдож байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу Б.Билгүүнд холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү...” гэв.
Хохирогч Э.Тэмүүжин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдлуудтай танилцаж үзэхэд энэ хэрэг үйлдэгдээгүй мэт бичсэн байна. Миний халааснаас түрийвч, карт зэргийг авсан нь үнэн. Миний толгойг фудболкоор битүү ороож байгаад намайг зодсон. Хэн нь цохиж байгааг мэдээгүй. О.Батболд миний халаасныг нэгжсэн. Б.Алтансүх надад гайгүй хандаж байсан нь үнэн. Би О.Батболдыг миний утсыг авчихаж магадгүй гэж бодоод айгаад түүний дугуйг унаад явсан...” гэв.
Прокурор М.Эрдэнэзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. О.Батболд, Б.Билгүүн, Т.Мөнх-Эрдэнэ, Б.Алтансүх нар нь бүлэглэн хохирогч Э.Тэмүүжингийн эд зүйлийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж, гар хөлийг нь уяагаар хүлж үлдээн, гар утас, банкны карт зэргийг дээрэмдэж, 40.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Э.Тэмүүжингийн мэдүүлэг, гэрт Х.Тулгын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдсон. О.Батболд нь хохирогчийн гар утсыг сонирхоод байгаа нь эхлээд харагдсан. Мөн хохирогчийг явуулахгүй, гар утасны кодыг нь гаргуулж үзсэн. Үүгээр дээрмийн гэмт хэрэг эхэлсэн гэж үзэж байна. Иймд давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.
О.Батболд, Б.Билгүүн, Т.Мөнх-Эрдэнэ, Б.Алтансүх нарт холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих ажиллагаануудыг бүрэн гүйцэд хийгээгүйгээс шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой зарим нөхцөл байдал тодорхой бус байна.
Хэрэгт авагдсан гэрч, яллагдагч, хохирогч нарын мэдүүлгүүдээс О.Батболд, Б.Билгүүн, Т.Мөнх-Эрдэнэ, Б.Алтансүх нарын тухайн гэмт хэрэгт оролцсон оролцоо тус бүрийг нэг бүрчлэн шалгаагүй, хохирогч болон шүүгдэгч нарын үйлдлийн ялгаа заагийг үндэслэлтэй гаргаж чадаагүй, хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэрийг зөв тогтоогоогүй байж дээрмийн гэмт хэрэг үйлдсэн гэж хавтгайруулан дүгнэсэн нь ойлгомжгүй болжээ.
Иймд гэмт хэргийн сэдэлтийг зөв тогтоосны эцэст хэргийг зүйлчилж, гэм буруугийн талаар дүгнэлт хийх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Өөрөөр хэлбэл, О.Батболд, Б.Билгүүн, Т.Мөнх-Эрдэнэ, Б.Алтансүх нар нь тухайн цаг хугацаанд нийлмэл гэмт хэрэг үлдсэн эсэх, хэрэв дээрмийн гэмт хэрэг үйлдсэн гэж байгаа бол эд хөрөнгийг авах санаа зорилго чухам аль цаг хугацаанаас эхэлж довтолгоон эхэлсэн зэрэгт зайлшгүй дүгнэлт өгөх шаардлагатай байна.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, О.Батболд, Б.Билгүүн, Т.Мөнх-Эрдэнэ, Б.Алтансүх нарт холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаахаар шийдвэрлэв.