Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 226

 

   Уткин Дмитрий Николаевичид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мөнхтуул, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

            прокурор Ц.Алдархишиг,

            ялтан Уткин Дмитрий Николаевичийн өмгөөлөгч С.Тунбаяр,

            нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Дайрийжав, Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 29 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Уткин Дмитрий Николаевичийн өмгөөлөгч С.Тунбаярын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 201501000047 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 3 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Уткин Дмитрий Николаевич, 1972 оны 6 дугаар сарын 20-ны өдөр ОХУ-ын Амурский тойрог, Н-Увал тосгонд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10Б байрны 36 тоотод түр оршин сууж байсан, ял шийтгэлгүй, /ОХУ-ын 1003 737918 дугаартай үндэсний паспорттой/,

ОХУ-ын иргэн Уткин Дмитрий Николаевич нь 2015 оны 1 дүгээр сараас 5 дугаар сарын хооронд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт удаа дараагийн давтан үйлдлээр  НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодис”-ын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад  багтсан сэтгэцэд  нөлөөт каннабис /дельта тетрагидроканнабинол/ гэх нэршилтэй, нийт 18.7 грамм бодис борлуулсан,

2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10Б байрны 36 тоотод байх гэртээ НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодис”-ын  тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт каннабис гэх нэршилтэй /дельта тетрагидроканнабинол/ гэх нэршилтэй, савлагааны хамт 6499 грамм мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэгт,

Мөн Уткин Дмитрий Николаевич нь 2010 оноос хойш Монгол Улсад байх эрхийн баримт бичиггүй оршин суусан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн Прокурорын газраас: Уткин Дмитрий Николаевичид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4, 240 дүгээр зүйлийн 240.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Уткин Дмитрий Николаевчийг НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодис”-ын  тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт каннабис /дельта тетрагидроканнабинол/ гэх нэршилтэй, 6499 грамм мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, удаа дараагийн давтан үйлдлээр борлуулсан гэмт хэргийг, мөн Монгол Улсад байх эрхийн баримт бичиггүй оршин суусан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 6 сарын хорих ялаар, 240 дүгээр зүйлийн 240.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Уткин Дмитрий Николаевичийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 240 дүгээр зүйлийн 240.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Уткин Дмитрий Николаевичид оногдуулсан 10 жил 6 сарын хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар Уткин Дмитрий Николаевичийн цагдан хоригдсон 352 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Уткин Дмитрий Николаевич бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж,  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний Ерөнхий газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн А/235 дугаар “Оросын Холбооны Улсын иргэн Уткин Дмитрий Николаевичийн Монгол Улсаас гарахыг түр түдгэлзүүлсэн” тушаалыг хүчингүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 1003737918 дугаартай ОХУ-ын иргэний үнэмлэх, 51№4268156 дугаартай гадаад паспорт, 62№4025759 гэсэн дугаар бүхий гадаад паспорт зэргийг Уткин Дмитрий Николаевичид буцаан олгож, АК9679070, АJ7090295 серийн дугаартай 50 төгрөгийн 2 ширхэг мөнгөн дэвсгэртийг улсын орлогод оруулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, паалантай сав, нимгэн даавуу, “Galanz” гэсэн бичиглэл бүхий цагаан өнгийн будаа агшаагч, залгуурын хамт, “Urbanic” гэсэн бичиглэл бүхий олон тооны цоолсон тагаар бөглөсөн 2 талдаа бариултай цагаан өнгийн металл сав, асаагуур, ягаан өнгийн олон тооны цэцгэн зураглалтай нимгэн даавуу, Новокайн 0.25 хувь-2 мл, 261002, 2013.11-2016.11 гэсэн бичиглэл бүхий тарианы ус, Medical Gauze Bandage гэсэн бичиглэл бүхий бинт, тарианы усны хагархай шил, улбар шаргал өнгийн лого бүхий цагаан өнгийн гялгар торонд савласан каннабис нь шинжээчийн 5187 дугаартай дүгнэлтээр савлагааны хамт 1932 грамм байх ба уг каннабисаас 1 гэж дугаарлан дээжлэн авсан 30 граммыг буцаан нийлүүлэхэд нийт 1962 грамм, “Номин” гэсэн хөх өнгийн бичиглэл бүхий цагаан өнгийн гялгар торонд савласан каннабис нь шинжээчийн 5187 дугаартай дүгнэлтээр савлагааны хамт 1588 грамм байх ба уг каннабисаас 2 гэж дугаарлан дээжлэн авсан 30.9 граммыг буцаан нийлүүлэхэд нийт 1618.9 грамм, “Номин” гэсэн хөх өнгийн бичиглэл бүхий цагаан өнгийн гялгар торонд савласан каннабис нь шинжээчийн 5187 дугаартай дүгнэлтээр савлагааны хамт 1279 грамм байх ба каннабисаас 3 гэж дугаарлан дээжлэн авсан 39.6 граммыг буцаан нийлүүлэхэд 1318.6 грамм, хөх өнгийн гялгар торонд савласан каннабис нь шинжээчийн 5187 дугаартай дүгнэлтээр савлагааны хамт 140 грамм байх ба каннабисаас 4 гэж дугаарлан дээжлэн авсан 23.5 граммыг буцаан нийлүүлэхэд 163.5 грамм, цаасан хайрцагны ёроол хэсэгт задгай байх каннабис нь шинжээчийн 5187 дугаартай дүгнэлтээр савлагааны хамт 1264 грамм байх ба уг каннабисаас 5 гэж дугаарлан дээжлэн авсан 29 граммыг буцаан нийлүүлэхэд 1293 грамм, “Номин” гэх хөх өнгийн бичиглэл бүхий цагаан өнгийн гялгар торонд савласан каннабис нь шинжээчийн 5187 дугаартай дүгнэлтээр савлагааны хамт 120 грамм, шар өнгийн дэвсгэр дээр “Номин” гэсэн хөх өнгийн бичиглэл бүхий цагаан өнгийн гялгар торонд савласан каннабис нь шинжээчийн 5187 дугаартай дүгнэлтээр савлагааны хамт 23 грамм,  каннабисын нийт жин нь савлагааны 6499 грамм,  Уткин Дмитрий Николаевичийн шээсэнд мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан “Multi Drug test Cup-н дүн, савны хамт, 9.8 грамм бор шаргал өнгийн бодис, ууталж савласан 7.7 грамм бор шаргал өнгийн бодис /нийт жин нь уутны хамт 18.7 грамм/ зэргийг устгахаар шийдвэрлэжээ. 

Ялтан Уткин Дмитрий Николаевичийн өмгөөлөгч С.Тунбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Уткин Дмитрий Николаевич нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдээгүй гэдгээ шүүх хурал дээр болон мөрдөн байцаалтын шатанд удаа дараа мэдэгдсэн. Гүйцэтгэх ажлын шугамаар хураагдсан гэх мансууруулах бодис нь түүний гэрээс хураагдсан олсны төрлийн ургамалтай ижил биш бөгөөд боловсруулалт хийгдсэн зүйл байсан нь шинжээчийн дүгнэлтээр батлагдсанаас үзвэл гүйцэтгэх ажлын шугамаар хураагдсан 2 жижиг гялгар ууттай бодис нь түүнийх гэхэд эргэлзээтэй байна.

Мөн Уткин Дмитрий Николаевичийн зарж байх үеийг бичсэн видео бичлэгт хийсэн шинжээчийн дүгнэлтэд заагдсан тамхины хайрцаг ямар учраас шүүх хурлын нотлох баримтад байхгүй байгааг цагдаагийн байгууллагаар тогтоолгох хэрэгтэй байна. Энэ тамхины хайрцгийг мансууруулах бодисгүйгээр тухайн хүнд өгсөн гэдгээ миний үйлчлүүлэгч мэдүүлж байгаа. Гэтэл мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны шатанд энэ талаар Уткин Дмитрий Николаевичаас нэг ч удаа мэдүүлэг аваагүй. Мөн Уткин Дмитрий Николаевичийн хувийн байдлыг тогтоолгохоор ОХУ-руу явуулсан мөрдөн байцаагчийн даалгаврын хариу одоог хүртэл ирээгүй байна. Иймд Уткин Дмитрий Николаевичид холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, шалгавал зохих ажлыг шалгуулж өгнө үү...” гэв.

Прокурор Ц.Алдархишиг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Хэргийг шийдвэрлэхэд тамхины хайрцаг ач холбогдолгүй. Харин тамхины хайрцаг дотор байсан мансууруулах бодис нь ач холбогдолтой гэж үзэж байна. Тамхины хайрцагт байсан зүйл мансууруулах бодис байсан ба Уткин Дмитрий Николаевичийн гэрээс хурааж авсан 6499 грамм ургамал нь тамхины хайрцгаас олдсон бодистой адил болохыг шинжээч тогтоосон. Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн хувийн байдлыг боломжтой хэмжээнд тогтоосон гэж үзэж байна. Түүний төрсөн эх, ОХУ-д хамт ажиллаж байсан найз, бусад гэрч нараас хувийн байдлыг тогтоосон. Иймд хэргийг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

                                                       ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

ОХУ-ын иргэн Уткин Дмитрий Николаевич нь 2015 оны 1 дүгээр сараас 5 дугаар сарын хооронд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт удаа дараагийн давтан үйлдлээр  НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодис”-ын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад  багтсан сэтгэцэд  нөлөөт каннабис /дельта тетрагидроканнабинол/ гэх нэршилтэй, нийт 18.7 грамм бодисыг борлуулсан,

2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10Б байрны 36 тоотод байх гэртээ НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодис”-ын  тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт каннабис гэх нэршилтэй /дельта тетрагидроканнабинол/ гэх нэршилтэй, савлагааны хамт 6499 грамм мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг,

Мөн 2010 оноос хойш Монгол Улсад байх эрхийн баримт бичиггүй оршин суусан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

Гэрч Б.Алтанзулын “... Би Уткин Дмитрий Николаевичтай 2013 оны өвөл танилцаж байсан. Надтай амьдарч байх хугацаандаа ОХУ руу явж байгаагүй. Мөн надтай танилцахаас өмнө “Өргөө” кинотеатрын ойролцоо байх байранд Баходур гэх танил найзындаа амьдардаг байсан гэсэн. Утсыг нь сайн мэдэхгүй байна. ...ажлынхаа шугамаар бараа түгээх гэж Дархан руу ганц хоёр удаа явж байсан...” /хх 1-н 62, 65/,

Гэрч Уткина Тамара Михайловногийн: “...Миний хүү Уткин Дмитрий Николаевич нь 1972 онд төрсөн... Анх 2004 онд “Алтан дорнод Монгол” ХХК-д ажиллахаар яваад түүнээс хойш Монгол Улсад ажиллаж амьдарч байгаа. 2009 оны 2 дугаар сард 1 удаа гэртээ ирсэн... Түүнээс хойш дахиж ирээгүй...” /хх 1-н 66/,

Гэрч Овчинников Владимир Юрийвичийн: “...Би Уткин Дмитрий Николаевичтай  2013 оны 8 дугаар сараас эхлэн хамт ажиллаж байна. Уткин Дмитрий Николаевич нь “Портер” загварын автомашинаар гоо сайхны бараа борлуулдаг байсан. Гэхдээ зөвхөн Улаанбаатар хотын бүх захуудаар түгээлт хийдэг байсан ба хөдөө орон нутагт борлуулалтад явдаггүй...” /хх 1-н 71-72/,

Шинжээч Б.Ламчингийн: “...дээрх метамфетамин болон каннабис нь өөр бодисууд бөгөөд хоёулаа 1971 оны НҮБ-ын сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг...” /хх 1-н 92/,

Шинжээч Д.Золзаяагийн: “...Олсны ургамлаас нэлээд хэдэн изомеруд гаргаж авдаг. Тэдгээрээс сэтгэцэд нөлөөт чадвар хамгийн өндөртэй нь дельта 9 тетрогидроканнабинол юм...” /хх 2-н 148/ гэх мэдүүлгүүд,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд /хх 1-н 2-13/,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Уткин Дмитрий Николаевичид мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис, эм бэлдмэл хэрэглэсэн эсэхийг тогтоох зорилгоор шээсэнд 5 төрлийн мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис /CHER, MET, COC, AMP, THC/ илрүүлдэг, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн “Drugs of abuse test” нэртэй тестийг ашиглах талаар санал болгоход татгалзах зүйлгүй гэсэн тул иргэн Уткин Дмитрий Николаевичийг МБГ-ын 00-н өрөөнд оруулан тестний битүүмжлэлийг сэжигтэн болон хөндлөнгийн гэрч нарт харуулан задалж, сэжигтэн Уткин Дмитрий Николаевичийг тестний саванд зааврын дагуу шээлгэж үр дүнг хүлээв. 1 минутын дараа тестний зүүн талаасаа 2 дахь багана буюу MET /метамфетамин/ гэсэн хэсгийн С хэсэгт 1 улаан зураас тодорч positive буюу эерэг гэж заасан нь тухайн шээсэнд метамфетамин гидрохлоридын төрлийн сэтгэцэд  нөлөөт бодис илэрч байна гэсэн утгыг илэрхийлж байгаа болохыг тэмдэглэлд тусгав. ...” /хх 1-н 15, 18/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл “...хатаасан ургамал мэт зүйлийн нийт жин нь савлагааны хамт 6499 грамм байна...” /хх 1-н 36-37/,

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх 1-н 58-60, 2-н 105/,  

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Шинжилгээнд ирүүлсэн Уткин Дмитрий Николаевичийн гэх шээсэнд метамфетамин /MAMP/ илрэв. Метамфетамин /MAMP/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодис”-ын тухай конвенцийн жагсаалтад багтдаг болно” гэсэн 2015 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн шинжээчийн 5093 дугаар дүгнэлт /хх 1-н 85/,

Мөн хүрээлэнгийн “... Шинжилгээнд ирүүлсэн 1, 2, 3, 4, 5, 8, 9 дугаарласан гялгар ууттай бор шаргал өнгийн ургамал мэт зүйлүүдэд каннабис илэрч байна. /дельта 9 тетранидроканнабинол/. Каннабис /дельта 9 тетранидроканнабинол/ нь 1971 оны НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодис”-ын жагсаалтад багтдаг болно...” гэсэн шинжээчийн 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 5187 дугаар дүгнэлт /хх 1-н 81/, 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Шинжилгээнд ирүүлсэн “А” болон “Б” гэсэн хаягтай дээжүүдийн найрлагад каннабинол, тетрагидроканнабивариний агуулга тус тус илэрч байна...” гэсэн шинжээчийн 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 4912 дугаар дүгнэлт /хх 2-н 133/, 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 4131 тоот дүрс бичлэгийг харьцуулсан шинжээчийн дүгнэлт /хх 2-н 143-143/,

Гаалийн Ерөнхий газрын төв лабораторийн “...Шинжилгээний дүнгээс үзэхэд №1-3 дээжүүдэд метамфетамин илэрлээ. Метамфетамин нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодис”-ын тухай конвенцийн ll жагсаалтад хамаарагдсан болно” /хх 1-н 76/ гэсэн 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 07/468 дугаар албан бичиг,

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын “ОХУ-ын иргэн Уткин Дмитрий Николаевич /1972.06.20-ны өдөр төрсөн, эрэгтэй, паспортын дугаар 514268156/ нь Монгол Улсад оршин суух зөвшөөрөлгүй байна” гэсэн 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 04/3959 дугаар албан бичиг /хх 1-н 140/,

1971 оны НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодис”-ын тухай конвенцийн жагсаалтад орсон каннабисын олон улс дахь зах зээлийн үнийн судалгаа /хх 2-н 70-72/ зэрэг болон хуульд заасан үндэслэл, журмын дагуу прокурорын зөвшөөрлөөр явуулсан гүйцэтгэх ажлын арга хэрэгсэл ашиглаж авсан баримт, сэлт, эд мөрийн баримт /хх 16-18, 23-33/ болон бусад нотлох баримтуудаар тогтоогджээ.

Уткин Дмитрий Николаевичид холбогдох хэрэг нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт, гүйцэтгэх ажлын арга хэрэгсэл ашиглаж авсан баримт сэлт, эд мөрийн баримт зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон, хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүхээс Уткин Дмитрий Николаевичийг НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодис”-ын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт каннабис /дельта тетрагидроканнабинол/ гэх нэршилтэй бодисыг удаа дараагийн давтан үйлдлээр борлуулсан, 6499 грамм мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэргийг, мөн Монгол Улсад байх эрхийн баримт бичиггүй оршин суусан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,  тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулж шийдвэрлэсэн нь түүний хувийн байдал, гэм буруу, үйлдсэн гэмт хэргийн шинж чанарт тохирчээ.

Ялтны өмгөөлөгч С.Тунбаяр “...шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан тамхины хайрцгийг нотлох баримтаар хэрэгт хавсаргаагүй, мөн Уткин Дмитрий Николаевичийн хувийн байдлыг тогтоох зорилгоор ОХУ руу явуулсан мөрдөн байцаагчийн даалгавар биелээгүй тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Уткин Дмитрий Николаевичийн эх Уткина Тамара Михайловно, гэрч Каюмов Баходур Муродович, Г.Хишигжаргал нарын мэдүүлгүүдээр Уткин Дмитрий Николаевичийн хувийн байдлын талаар хангалттай тогтоосон байх тул мөрдөн байцаагчийн даалгаварт бичигдсэн Уткин Дмитрий Николаевичийн хүү Уткин Владимир Дмитриевичээс мэдүүлэг авах болон Интерполын Үндэсний төв товчооноос баримт ирүүлэх замаар түүний хувийн байдлыг тогтоох шаардлагагүй байна.

   Иймд ялтны өмгөөлөгч С.Тунбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин анхан шатны шүүх Уткин Дмитрий Николаевичийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 240 дугаар зүйлийн 240.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг  “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлсэн нь үндэслэлгүй бөгөөд мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамруулах үндэслэл нь 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол... зэргээр тогтоогдсон байна.” гэж заасан байхад Өршөөл үзүүлэх хуулийг  буруу тайлбарлан хэрэглэсэн тул шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж зөвтгөв.