Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Золзаяа |
Хэргийн индекс | 183/2016/00937/и |
Дугаар | 001/ХТ2017/01170 |
Огноо | 2017-10-13 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2017 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 001/ХТ2017/01170
“Т Б” ХХК-ний нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 03 дугаар сарын 27-ний өдрийн 183/ШШ2017/00683 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1269 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч “Т Б” ХХК-ний нэхэмжлэлтэй,
Хариуцагч ““Х М”” ХХК-д холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 409 295 305 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Хариуцагчийн төлөөлөгч Т.Болор-Эрдэний гаргасан гомдлоор
Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч Н.Нарантуяа, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр нар оролцов.
Нэхэмжлэгч “Т Б” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х М”” ХХК-ийн ерөнхий захирал Ташуурт овгийн Тэрбишийн Болор-Эрдэнэ нь 2013 оны 05-р сарын 21-ний өдөр “Т Б”тай 20 тоот зээлийн болон барьцааны гэрээ, батлан даалтын гэрээ байгуулж 300.000 ам.долларыг сарын 1,20 хувь жилийн 14,40 хувь ,зээлийн хугацаа 36 сараар хөрөнгө оруулалтын зээлийг моторт тээврийн хэрэгслийн сэлбэг эд ангийн худалдан авах зориулалтаар зээлэн авсан. Зээлийн барьцаанд Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 4-р хороо, Нүхтийн зам 27/4-2 тоот 260 метр квадрат Ү-2206023883 бүртгэлийн дугаартай 7 өрөө хувийн сууц, Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 4-р хороо, Нүхтийн зам 27/4-2 тоот 607 нэгж талбарын дугаартай 630 метр квадрат талбайтай хувийн сууц барихыг зөвшөөрсөн газар зэргийг тус тус барьцаалсан. Дээрх барьцаат зээлийн гэрээнүүдийг талууд харилцан тохиролцож байгуулсан бөгөөд хариуцагч ““Х М”” ХХК-ийн захирал Т.Болор-Эрдэнэ нь гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж нотариатаар баталгаажуулж, харьяа дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар бүртгүүлсэн хүчин төгөлдөр гэрээ юм. Зээлдэгч ““Х М”” ХХК, ерөнхий захирал Тэрбишийн Болор-Эрдэнэ нь 2015 оны 03-р сараас эхлэн 2016 оны 06 хүртэл нийт 290 хоног хугацаа хэтэрч, тус банкнаас авсан зээл, зээлийн хүүгийн төлбөрийг “Зээл буцаан төлөх хуваарь”-ийн дагуу эргүүлэн төлөлгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй зээлийн гэрээний 1.3.10 , 1.3.11, 1.3.12, 3.2.4, 3.2.5-р зүйлийг зөрчиж байна. ”“Х М””ХХК, ерөнхий Захирал Тэрбишийн Болор-Эрдэнээс зээлийн гэрээнд заасны дагуу үндсэн зээл болох 163,157,88 ам доллар, зээлийн хүү болох 60,789,85 ам доллар, нэмэгдүүлсэн хүү болох 3,147,45 ам доллар, нийт 227.095.18 ам.доллар буюу Монгол банкны тухайн өдрийн ханшаар хөрвүүлэн тооцож 484.123.776 /дөрвөн зуун наян дөрвөн сая нэг зуун хорин гурван мянга долоон зуун далан зургаан/ төгрөгийг гаргуулах, нотариатын зардал 40.000 төгрөг , улсын тэмдэгтийн хураамж 2,578,568.33 төгрөгийг тус тус гаргуулах; Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 4-р хороо, Нүхтийн зам 27/4-2 тоот 260 метр квадрат Ү- 2206023883 бүртгэлийн дугаартай 7 өрөө хувийн сууц , Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 4 дүгээр хороо, Нүхтийн зам 27/4-2 тоот 607 нэгж талбарын дугаартай 630 метр квадрат талбайтай хувийн сууц барихыг зөвшөөрсөн газар зэргээр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг 2016 оны 08 дугаар сарын 30-нд шүүхэд гаргажээ. Мөн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ нягтлан бодох бүртгэлийн алдаатай тооцооллын үүднээс хүү дээр алдаатай бодолт хийгдсэний улмаас нэхэмжлэлийн шаардлагаа 409 295 305.06 төгрөгөөр багасгаж байна гэжээ. 2013 оны 5 дугаар сарын 21-ны өдөр байгуулсан дугаар 20 зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулж ““Х М”” ХХК нь 300,000 ам долларыг жилийн 14,40% ийн хүүтэй зээлсэн. 2015 оны 3 дугаар сараас эхлэн зээлийн гэрээгээ зөрчиж эхэлсэн үүний дагуу дараагийн арга хэмжээ авах мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн. 2016 оны 2 дугаар сард нэхэмжлэл гаргахад хаягтаа байхгүй гэж нэхэмжлэл буцсан. Үүний дараа дахин нэхэмжлэл гаргаж одоог болтол явж байна. 2016 оны 11 дүгээр сарын 08 өдөр нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж 409,295,305,06 төгрөг нэхэмжилж байна. Үндсэн зээл 136,157,88 цент, үндсэн хүү нь 38,698 доллар болж байгаа. Хариуцагч тал зээлийн зарцуулалтыг зориулалтын бусаар ашиглаж байсан. Хувиарын дагуу төлж байгаагүй. Эргэн төлөх хувиарт өөрчлөлт оруулахад ямар нэг эргэн төлөлтгүй байх ёстой. Хариуцагч тал нь харин дандаа зээлийн үлдэгдэлтэй байсан. Одоо нэхэмжилж байгаа үнийн дүн нийт 409,000,295 төгрөг. Ханшийн зөрүүг өнөөдрийн ханшаар бол нэхээгүй манайх өнгөрсөн оны 2016 оны 6 дугаар сарын 09-ны өдрийн ханшаар нэхэмжилж байгаа учраас үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож хариуцагчаас гаргуулж нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагч “Хаймер монголиа” ХХК-ийн өмгөөлөгч Н.Нарантуяа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тооцоолол дээр алдаа гарсан учраас маргаад байсан юм. Долларын зөрүү, хүүгийн тал дээр маргаан гарсан учраас 30 000 доллар алдаатай байсан учраас шинжээч томилсон. Үндсэн зээлийг хүлээн зөвшөөрч байна. Зээлийн хүүгийн бодолт, валютын ханшийг зөвшөөрөхгүй байна. 300 000 доллар зээлээд, 136,842,000 ам долларыг хувиарын дагуу төлж байсан. Тэгээд нийтдээ 196,765,077 ам долларыг төлсөн. Үндсэн зээл 163.157.188 цент үлдсэн нь үнэн, зээлийн хүү 13 920 доллар үлдсэн нь үнэн. 2013 онд доллар 1,431 төгрөг байсан үүнээс хойш долларын ханш өссөн тэгээд хугацаа өгч боломж олгооч гэж удаа дараа хандаж байсан. Гэрээний 2.4-т 300,000 ам долларыг өөрчилж болно гэж талууд харилцан хүлээн зөвшөөрч байсан. Гэвч нэхэмжлэгч тал зээлийн гэрээг хугацааг сунгах, боломж олгох талаар ямарч хариу өгөөгүй.Бид амаар, бичгээр, и мэйлээр хүсэлт тавьж байсан. Хэт өөрийн болзлыг тулгасан гэрээ хийж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Нэхэмжлэгч тал ханшийн 130,000,000 төгрөгийн зөрүүг буулгах бүрэн боломжтой. Тиймээс банк энэхүү хөрөнгийг харж үзэж төлүүлэхэд их хохирол гарахгүй. Төлбөр гүйцэтгэх хугацааг 2014 оны долларын ханш болох 1431 төгрөгөөр гаргуулж нийт 295 808 878 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Энэ 2017 ондоо багтаагаад зээлийг төлнө. Хэдий банк байлаа гээд бизнес эрхлэгчийг ингэж хохироож болохгүй. Банк хэтэрхий өөрийн ашиг сонирхлоо түрүүнд тавьж байна гэжээ.
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 27-ний өдрийн 183/ШШ2017/00683 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан ““Х М”” ХХК-аас 206.714.800 ам доллар буюу 409 295 305 /дөрвөн зуун есөн сая хоёр зуун ерэн тав гурван зуун тав/ төгрөгийг гаргуулж, “Т Б”анд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2 578 568.33 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 338 141.33 төгрөгийг улсын орлогоос, 2 240 427 төгрөгийг хариуцагч ““Х М”” ХХК-аас тус тус гаргуулж нэхэмжлэгч “Т Б”анд олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч ““Х М”” ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл зээлийн барьцааны хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, 17090, Нүхтийн Зам 27/4-2 тоот, 260 мкв талбайтай, 7 өрөө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206023883 дугаар бүхий хувийн сууц, Хан-Уул дүүрэг, 4 хороо, 17090, Нүхтийн Зам 27/4-2 тоот 630мкв, 607 дугаар гэрчилгээтэй газрыг хуульд зааснаар дуудлага худалдаанд оруулж зээлийн гэрээний үүргийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэжээ.
Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1269 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2017/00683 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дах заалтыг хүчингүй болгож, 4 дэх заалтыг 3 гэж өөрчилж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 200 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Хариуцагчийн төлөөлөгч Т.Болор-Эрдэнэ хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэг. Анхан шатны шүүхийн шийдвэр нь “Т Б”ны валютын ханшийн өөрчлөлтийг хариуцагч тал хүлээн зөвшөөрөх боломжгүй, гэрээ байгуулах үеийн долларын ханшаар нэг ам долларыг 1431 төгрөгөөр тооцож нийт 295,808,878 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байхад шүүх 2016.11.08 ны өдрийн шүүхэд нэмэгдүүлсэн шаардлага гаргасан үеийн долларын ханш буюу 1980.048 төгрөгөөр тооцож нийт 409,295,305 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Энэ нь банк давуу байдлаа ашиглан валютын ханшийн зөрүүнээс их хэмжээний мөнгийг бизнес эрхлэгчдийг алдагдалд оруулж авах нэг арга хэлбэр мэтээр хууль зүйн буруу үр дагавар жишиг тогтоон өөгшүүлж байна. Мөн анхан шатны шүүх Үүрэг үүсэх үе гэдэг талуудын 2013 онд анх зээлийн гэрээ байгуулсан үеийг ойлгох хууль зүйн бүрэн үндэслэлтэй байхад шүүх нэхэмжлэл гаргах үе буюу нэхэмжлэгч нь анх 2016.06 сард нэхэмжлэлээ гаргасанаар үүссэн хэмээн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 т заасныг буруу тайлбарласан. Тухайн зээл авах үед буюу 2013 онд Монгол улсад нэг ам долларын ханш 1431 төгрөг байсан бөгөөд түүнээс хойш ам долларын ханш тогтмол хурдацтай өссөөр 2015 оны 3 дугаар сар гэхэд 1984.44 төгрөг болж 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр нэг ам доллар 2131.81 төгрөг болсон байна. Хариуцагч нь үүргийг гүйцэтгэхэд үүссэн хүндрэлийг хамтран шийдвэрлэх талаар хүсэлт гарган удаа дараа албан бичиг болон амаар зээлийн гэрээг тодорхой хугацаагаар сунгах, зээлийн хүүг тодорхой хэмжээгээр багасгах, зээлийн гэрээний хугацааг сунгуулах болон валютын ханшийг тогтвортой барих, долларийг зээл олгосон үеийн 1 ам долларыг 1431 төгрөгөөр тооцох эдийн засгийн нөхцлийг харгалзан шийдвэрлэх болон өөр эд хөрөнгөөр зээлийг төлөх хэлбэрээр хамтран ажиллахыг хүссэн хүсэлтээ илэрхийлсээр байхад “Т Б” нь ямар нэгэн албан ёсны хариу өгөөгүй байсаар өдий хүрч асуудлыг хүндрүүлсэн байдаг. Шүүх нь талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хэт өндөр хүүг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт заасны дагуу шүүх хүүгийн хэмжээг багасгаагүйд гомдолтой байна. Харин Нийслэлийн давж заалдах шатны шүүх нь өөрийн бүрэн эрхийн хэмжээнд ИХШХШТХ-ийн 166 дугаар зүйл, 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгч шүүхэд мөнгөн хөрөнгө гаргуулах, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэсэн 2 шаардлага гаргасан боловч шүүх иргэний хэрэг үүсгэсэн захирамж хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж, бусад бүх эрхийн актуудад барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн талаар дурдаагүй хэрэг үүсгээгүй энэ талаар хариуцагч тайлбар гаргаагүй байхад иргэний хэрэг үүсгээгүй талууд мэтгэлцээгүй асуудлаар шийдвэр гаргасан нь ИХШХШТХ-ийн 116 дугаар зүйл, 116.3, 118 зүйлд нийцээгүй хэмээн үзэж шийдвэрлэсэн нь зөв болсон. Үүнийг хариуцагчийн зүгээс зөвшөөрдөг. Иймд анхан шатны шүүх, нийслэлийн давж заалдах шатны магадлалд Иргэний хуулийн 218 дугаар зүйл, 218.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан шийдвэрлэсэн байх тул шийдвэр, магадлалд валютын ханшийг хариуцагчийн анх зээлийн гэрээ байгуулан үүрэг үүсэх үеийн валютын ханшаар тооцуулахаар шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч “Т Б” ХХК нь хариуцагч "“Х М”" ХХКомпаниас 409 295 305 төгрөг гаргуулах, үүргийг барьцааны зүйлээс хангуулах шаардлага гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй байна.
"“Х М”" ХХК нь 2013 оны 05 дугаар сарын 21-ний өдөр “Т Б”тай зээлийн гэрээ байгуулж, 300 000 ам долларыг, сарын 1.20 хувийн хүүтэй, 36 сарын хугацаагаар зээлж авсан, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар иргэн Т.Болор-Эрдэнэ болон “Т Б”ны хооронд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, 17090, Нүхтийн Зам 27/4-2 тоот, 260 м.кв талбайтай, 7 өрөө, эрхийн улсын бүртгэлийн Y-2206023883 дугаартай хувийн сууц, Хан-Уул дүүрэг, 4 хороо, 17090, Нүхтийн Зам 27/4-2 тоот, 607 дугаар гэрчилгээтэй эзэмших эрх бүхий газрыг барьцаалж, барьцааны гэрээг тус тус байгуулжээ.
Шүүх эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, зээл болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр болохыг
дүгнэсэн нь Иргэний хуулийн 451,456, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т нийцсэн байна.
Хариуцагч үүргээ зөрчсөн нь нэхэмжлэгч гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, зээлийн төлбөрийг зээлдэгчээс шаардах үндэслэл болжээ.
Шүүх "“Х М”" ХХК-иас үндсэн зээл 163.157.188 ам доллар, зээлийн хүү 38.698 ам доллар, нэмэгдүүлсэн хүү 3.147.45 ам доллар, нийт 206.714.800 ам.доллар буюу 409 295 305 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна.
Талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох тул “...зээлийн хүүгийн хэмжээг хэт өндөр, ам.долларын ханшийг зээл авсан үеийн байдлаар тодорхойлно...” гэх хариуцагчийн гомдлоор шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах үндэслэлгүй гэж үзэв. Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасан “... төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө” гэсэн зохицуулалт нь гадаад валют, үндэсний мөнгөн тэмдэгтийн харьцах ханшид хамаарахгүй юм.
Давж заалдах шатны шүүх “...иргэний хэрэг үүсгэх захирамж болон бусад эрхийн актуудад барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг орхигдуулсан, зохигчид мэтгэлцээгүй асуудлаар шүүх шийдвэр гаргасан, барьцааны гэрээний нэг тал нь хариуцагч биш иргэн Т.Болор-эрдэнэ байна..гэсэн үндэслэлээр шийдвэрийн 3 дах заалтыг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3, 118 дугаар зүйлд нийцээгүй байна.
Анхан шатны шүүх иргэний хэрэг үүсгэх захирамжийг зохих журмын дагуу гаргаагүй зөрчил гаргасан боловч нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ зээлийн үүргийг хангуулах, үүргийг барьцааны зүйлээс хангуулах хоёр шаардлагыг тусгасан ба хариуцагч уг нэхэмжлэлийг гардаж авсан, нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн 2 дах шаардлагад холбогдуулан барьцааны гэрээ, барьцааны зүйлээс үүргийг хангуулах тухай мэдэгдэл /хх-12, 13, 102/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн, хариуцагч уг баримтуудтай танилцсан, анхан шатны шүүх хуралдаан дээр даргалагчаас нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад нэхэмжлэгч 2 шаардлагаа дэмжсэн, хариуцагч тайлбар гаргасан /хх-127, 128/ байхад зохигчид мэтгэлцээгүй гэж үзэх үндэслэлгүй байна.
Т.Болор-Эрдэнэ нь "“Х М”" ХХК-ийн үүсгэн байгуулагч, уг компанийг төлөөлөх эрх бүхий этгээд болох нь тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмээр /хх-26-29/ тогтоогдсон, "“Х М”" ХХК-ийг шүүхэд төлөөлөх этгээдийг томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсноос үзэхэд барьцааны гэрээний нэг талын хувьд маргааны талаар мэдсэн, шүүхээс түүний эрх ашгийг хязгаарласан гэж үзэх үндэслэл байхгүй байна. Иймд магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт байгаа нотлох баримтыг дүгнэж, хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 31-ны өдрийн 1269 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2017/00683 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 637 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА