Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2019/0577

 

“У ц т с” ТӨХК-ийн Сүхбаатар хэрэглэгчдэд үйлчлэх

төвийн гомдолтой захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2019/0690 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргагчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “У ц т с” ТӨХК-ийн Сүхбаатар хэрэглэгчдэд үйлчлэх төвийн гомдолтой, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагч Б.Н-д холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцээд  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2019/0690 дүгээр шийдвэрээр:

Эрчим хүчний тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5, Зөрчлийн тухай хуулийн 12.8 дугаар зүйлийн 3-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “У ц т с” ТӨХК-ийн Сүхбаатар хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хяналтын улсын байцаагч Б.Н-д холбогдуулан гаргасан “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 0065781 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М давж заалдах гомдолдоо: “… Эрчим хүчний тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т “Эрчим хүчээр хангагчийн эрх бүхий ажилтан дараах тохиолдолд хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээг түдгэлзүүлнэ”, 32.2.1-д “Эрчим хүч хэрэглэсний төлбөрөө хугацаанд нь төлөөгүй бол хэрэглээг түдгэлзүүлнэ” гэж заажээ.

          Үүний дагуу “У ц т с” ТӨХК-ийн Сүхбаатар хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс нь” И Б А” ХХК-ийн хэрэглээг түдгэлзүүлсэн атал Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагч Б.Найрамдал нь зөвхөн 48 цагаас доошгүй цагийн өмнө мэдэгдэнэ гэсэн хуулийн заалтыг барьж зөрчлийн акт тавьсан нь хуулийг буруу тайлбарласан, тийм учраас Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин гомдлыг минь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу “У ц т с” ТӨХК-ийн Сүхбаатар хэрэглэгчдэд үйлчлэх төвийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхилоо.

“У ц т с” ТӨХК-ийн Сүхбаатар хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс Эрчим хүчний тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.1, Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний 3.2.6, 6.2-т заасан үндэслэлээр “И Б А” ХХК-ийн цахилгаан эрчим хүчийг нь 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 14 цагт түдгэлзүүлжээ.

          Уг цахилгаан түдгэлзүүлсэн үйлдэлд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нь “И Б А” ХХК-ийн гаргасан урьдчилан мэдэгдэлгүйгээр цахилгаан эрчим хүч хязгаарласан гэх гомдлын дагуу хяналт шалгалт хийж, 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 0065781 дүгээр шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 12.8 дугаар зүйлийн 3-д заасныг үндэслэн “У ц т с” ТӨХК-ийн Сүхбаатар хэрэглэгчдэд үйлчлэх төвд 3000 нэгжтэй тэнцэх буюу 3,000,000 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

          Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд “ ... Эрчим хүчний тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан ... 48 цагаас доошгүй цагийн өмнө мэдэгдэнэ гэсэн хуулийн заалтыг барьж зөрчлийн акт тавьсан нь хуулийг буруу тайлбарласан” гэжээ.

          Эрчим хүчний тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.1-д зааснаар эрчим хүчээр хангагчийн эрх бүхий ажилтан “эрчим хүч хэрэглэсний төлбөрөө хугацаанд нь төлөөгүй” бол эрчим хүчний хэрэглээг зөрчлийг арилгах хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх эрхтэй боловч 32.5-д “эрх бүхий ажилтан нь ... хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээг түдгэлзүүлэх болсон талаар тэдэнд 48-аас доошгүй цагийн өмнө мэдэгдэж, шийдвэртээ түдгэлзүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж, тоног төхөөрөмж, тоолуур, хэмжүүр болон шаардлагатай бусад хэрэгслийг битүүмжилнэ. ... ноцтой хохирол учирч болохуйц байдал бий болсон тохиолдолд ... урьдчилан мэдэгдэхгүйгээр түдгэлзүүлж болно” гэж зааснаар эрчим хүчийг түдгэлзүүлэх эрхийг хэрэгжүүлэхээс өмнө бусдад ноцтой хохирол учрахаас бусад тохиолдолд заавал мэдэгдэх үүрэгтэй байна.

          Учир нь эрчим хүч бол хэрэглэгчийн бүхий л үйл ажиллагаанд тасралтгүй хэрэглэгддэг, нэн тэргүүний хэрэгцээ байдагтай холбоотой хэрэглээг нь хуульд зааснаар түдгэлзүүлэхдээ урьдчилж мэдэгдэх нөхцөлийг зохицуулсан байх бөгөөд хэрэв мэдэгдсэн бол хэрэглэгч нь өөрийн үйл ажиллагааг зохицуулах, түдгэлзүүлэхэд хүргэсэн шалтгааныг арилгах зэрэг боломжтой байна. Үүнээс үзвэл энэхүү хуульд заасан урьдчилсан нөхцөл нь хуулийн 32.2-т заасан эрчим хүчний хэрэглээг түдгэлзүүлэхтэй салшгүй холбоотойгоор хэрэгжихээр байна.

          Гэтэл энэ боломжийг олголгүй “У ц т с” ТӨХК-ийн Сүхбаатар хэрэглэгчдэд үйлчлэх төв нь “И Б А” ХХК-ийн цахилгаан эрчим хүчийг “төлбөрөө төлөөгүй” гэх үндэслэлээр түдгэлзүүлж дээрх хуулийг зөрчжээ.

          Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “энэ хуулийн зорилго нь хууль, ... зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино” гэж, 12.8 дугаар зүйлийн 3-д “... хуульд зааснаас бусад үндэслэлээр эрчим хүчний хангамж, хэрэглээг түдгэлзүүлсэн бол ... торгоно” гэж заасан.

         Эрчим хүчээр хангагчийн Эрчим хүчний тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д заасныг зөрчиж, урьдчилан мэдэгдэлгүйгээр түдгэлзүүлсэн үйлдлийг дээрх 12.8-р зүйлийн 3-д заасан  “хуульд зааснаас бусад үндэслэлээр” түдгэлзүүлэх зөрчил гэж үзэж, хариуцлага хүлээлгэсэн улсын байцаагчийн шийдвэр үндэслэлтэй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

    Иймд анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглээгүй байх тул “У ц т с” ТӨХК-ийн Сүхбаатар хэрэглэгчдэд үйлчлэх төвийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээлээ.