| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2019/0077/Э |
| Дугаар | 71 |
| Огноо | 2019-04-02 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Ц.Сувдаа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 71
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Энхзул,
Улсын яллагч Ц.Сувдаа,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Э.Алтан-Уяа,
Шүүгдэгч Д.Д , Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Ц.Сувдаагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Д , Х.Б нарт холбогдох 163/2019/0077/Э индекстэй, 1815004060032 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1968 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Булган аймгийн Могод суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт Булган аймгийн ... газарт оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Ч овогт Д.Д.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1998 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, ээж, дүүгийн хамт Булган аймгийн ... оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Х овогт Х.Б .
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Д , Х.Б нар нь /яллах дүгнэлтээр/ бүлэглэж, 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр сумын нутгаас Ц.Б ы 1 тооны адууг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Д өгсөн мэдүүлэгтээ: Миний хань 2 удаа харавсан, эмчилгээнд нь Б нэг адуу аваарай гээд авгай хүүхдэд битгий хэлээрэй гэж байсан. Б бол манай авгайн төрсөн дүү юм. 2018 оны 07 дугаар 02-ны өдөр Б ыг хот явна гэхээр нь Б ы адуунаас 2 адуу барьж байгаад аль томыг сонгож хотруу өгч явуулаад, жижиг адууг нь адууны араас нь тавьсан. Би тухайн үед “Б нэг адуу аваарай” гэсэн, энэ адуугаа өгч явуулж байгаа талаар Б д хэлсэн юм, залуу хүнийг хэрэгт оруулчихлаа. Түүндээ гэмшиж байна гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Б өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хот явах ажилтай байсан. Тэгээд өвөлжөөн дээрээс угаах хувцсаа авч байхад Д.Д ах ирээд “ахад нь мөнгө төгрөгний хэрэг байна 1 адуу зараад өг, малын бичиг нь бэлэн байгаа” гэсэн. Тухайн үед би хүнд тус болж байна гэж бодож байсан болохоос ийм хэрэгт холбогдоно гэж бодоогүй. Б гэдэг хүний адууг айлын өвөлжөөнд хашиж байгаад 2 тооны адуу барьж аваад 1 адууг нь өгч явуулах гэсэн юм аль нь дээр байна гэхэд томыг нь зааж өгсөн. Улаанбаатар орох замдаа Эмээлтэд нөгөө адуугаа нядлуулж зараад Улаанбаатар хотод 2 хоночихоод ирээд мөнгийг нь өгсөн гэх мэдүүлэг,
1815004060032 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
Хохирогч Ц.Б ы өгсөн: “...Би анх 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Хишиг-өндөр сумын 1-р багийн нутаг 'Беөрийн шанд" гэх нэртэй газраас 2 тооны адуу алдаад дараа нь хайж байгаад нэгийг нь олсон. Анх алдсан 2 тооны адуу маань ухаа гүү соёолон настай, саран дэвсгэртэй зөв хойд гуяндаа хас тамгатай, хул гүү хязаалан настай, саран дэвсгэртэй мөн зөв хойд гуяндаа хас тамгатай байсан. Тэгээд дээрхи 2 тооны адуугаа хайж байгаа “хул гүү”-г нь "Шар чулуут" гэх газраас олсон. Ухаа гүүг нь олоогүй. Би алдсан гүүгээ "Мандал, Банзар, Бөөрийн шанд, Хүрээн гол" гэх газруудаар хайсан. Тэр үед нэгийг нь л олсон. Миний алдаад олоогүй нөгөө нэг гүүг Б , Д нар авсаныг нь мэдсэн. Тэр үед Б нь ээжтэйгээ Улаанбаатар хот явахдаа ачсан юм байна лээ. Харин Д нь хот явалгүй үлдсэн гэсэн. Би 2017 оны 12-р сарын үед манай төрсөн эгч Б нь бие муу харавсан байх үед нь манайхан мөнгө төгрөг цуглуулахад би тухайн үед Д ыг адуу таргалах үед нэг адуу аваарай гэж хэлсэн. Би Д ад адууны зүс заагаагүй харин “тарга тэвээрэгтэй болохоор нь аваарай” гэж хэлсэн. Тэгсэн Д нь Б тай нийлээд миний 2 тооны адууг айлын эзэнгүй өвөлжөөнд хашиж байгаад нэгийг нь бариад нөгөөг нь алдсан юм шиг байгаа юм, тэр нь адуундаа ирсэн байсан. Тэр хоёр миний адууг хулгайлсан байсан. Ер нь хүний юмыг эзэнд нь хэлэлгүй авах юм бол хулгай болдог биз дээ. Надад хэлээд авсан бол би юу гэж ингэж явах вэ. ...Одоо гомдол санал байхгүй. Би хохирлоо авсан. Б надад хээр зүсмийн соёолон насны нэг гүү өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх 7 тал/,
Гэрч Б.Б гийн өгсөн: “...Б ы 2 тооны адууг "Хүрээн гол" гэх газраас хөөж айлын өвөлжөөний хашаанд хашиж байгаад ачиж явсан талаар надад мэдэх зүйл алга. Хүү бид хоёр 2018 оны 07-р сарын 02-ны орой Улаанбаатар хот явах ажилтай байсан. Тэгээд явах гэсэн чинь манай хүү Д тай нэг шүдлэн болов уу гэж харсан бараан зүсмийн адуу машин дээрээ ачаад ирсэн. Би тухайн үед “энэ ямар учиртай юм бэ” гэж асуусан чинь манай хүү надад “Д ах Улаанбаатар хот ороод зараадах” гэж хэлээд өгч явуулж байгаа юм гэсэн. Тэгэхээр нь тийм л юм байх гэж бодоод өнгөрсөн. Тэгээд хүү бид хоёр хот орох замдаа нэг бойны газар ачиж явсан адуугаа өгсөн. Тэгтэл нэг их удалгүй адууг нь нядлаад махыг нь тэргэн дээр түрээд аваад ирсэн. Тэгээд мал гаргасан зардал 25.000 мянган төгрөг гэж хэлээд авсан. Нөгөө адууны махыг нь тэр газраас нэг ченж гэсэн залуу гарч ирээд худалдаж авсан. Махны үнэ гэж 650.000 мянган төгрөг болсон. Тэндээсээ хүү бид хоёр шууд Улаанбаатар хотын төвөөс Яармаг орсон. Тэнд манай аав, ээж хоёрынх маань байдаг. Тэндээ нэг хоноод маргааш орой нь гэрлүүгээ буцаад явсан. Манай хүү адуу зарсан мөнгөө бэлнээр 650.000 мянган төгрөг авсан. Тэр мөнгөөрөө манай хүү түлш хийсэн мөн машины торгуулийн мөнгийг төлсөн. Нийт таван удаагийн торгууль гарч ирсэн учир төлсөн. Мөн машины гэрчилгээ сольход мөнгө зарсан. Яагаад гэхээр уг машин нь манай аавын нэр дээр байсан тэгээд хамтран эзэмшигчээр манай хүү болсон юм. Тэгээд бүртгүүлэх гэсэн чинь торгууль энэ тэр гээд мөнгө гараад байсан учир нөгөө 650.000 мянган төгрөгөөс нь төлөөд байсан. ...гэх мэдүүлэг /хх 13 тал/,
Алдагдсан малд зах зээлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн: “Ухаа гүү 5 настай, тарган 500000 төгрөг” гэх дүгнэлт /хх 16 тал/,
Шүүгдэгч Д.Д яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Манай эхнэрийн дүү Б гэх залуу 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр манайд ирсэн. Тэгээд тэр үед Б надад хэлэхдээ “эгчийнхээ эмчилгээнд нэг адуу өгчихлөө, та тэгж байгаад нэг адууг аваарай” гэж хэлсэн. Тэгээд би 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Хишиг-Өндөр сумын төв орох гэж байтал манай саахалт айлын залуу болох Б ирээд “би Улаанбаатар хот явахаар боллоо. Та сумын төвөөс ирэхдээ малын гарал үүслийн гэрчилгээ аваад ирээрэй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би сумын төв орж өөрийн эхнэрийн эм тариаг нь авчихаад малын гарал үүслийн гэрчилгээ авчирч ирээд гэртээ байж байтал Б гэх залуу хүрээд ирсэн. Тэгээд Б хэлэхдээ “би өөрийн малыг хайгаад олохгүй байна. Тиймээс та наад малын гарал үүслийн гэрчилгээг ав надад хэрэггүй” гэж хэлэхээр нь би “чи яаж хоосон Улаанбаатар хот явах вэ, Б ы адуунаас нэг адуу аваад яв надад адуу өгөх ёстой юм байгаан” гэж хэлсэн. Тэгтэл Б “авч болох юм уу” гэж хэлсэн. Тэгэхээр нь “зүгээр зүгээр ах дүүс хүмүүс байна. Би дараа нь Б д хэлчихье надад угаасаа нэг адуу өгөх ёстой байсан юм” гэж байсан. Тэгээд би Б ыг дагуулаад Б ын өвөлжөөний наахан талаас Б ы адууг тууж байгаад Б ын өвөлжөөнд хашсан. Тэгээд би бугуйлаар хул байдас, ухаа байдас хоёрыг бариад харж байгаад тарган нь ухаа байдас байсан болохоор хул байдсыг тавьж явуулаад ухаа байдсыг ачсан. Тэгээд тэр ухаа байдсыг Б Улаанбаатар хот орж зарахаар аваад явсан. Тэгээд маргааш өдөр нь Б манайд ирээд 1 тооны ухаа байдас алдсан талаар хэлсэн. Тэгэхээр нь би “тэр байдсыг би авсан” гэж хэлтэл Б “өө та авчихсан юм бол та хэлэхгүй би цагдаад мэдэгдчихсэн ш дээ” гэж байсан. Тэгээд би Б тай утсаар ярьтал адуугаа зарчихсан 625.000 төгрөг болсон гэж| надад хэлсэн. Хэд хоногийн дараа Б ыг Б дагуулсаар манайд ирсэн. Тэгээд Б хэлэхдээ “энэ хүн чинь надаас адуугаа нэхээд байна ш дээ” гэхээр нь би Б д хандан “чи юу яриад байгаа юм надаас адуу аваарай гэж хэлчихээд” гэж хэлтэл Б хэлэхдээ “би таныг адуу ав гэж хэлсэн гэхдээ та хэлж байгаад авахгүй яасан юм” гэж байсан. Тэгээд Б , Б бид 3 тухайн үед хэрүүл хийгээд салцгаасан. Тэгээд хэдэн хоногийн дараа би өөрийн адуунаас охин шүдлэн насны адууг Б д өгөөд Б өөрийнхөө адуунаас нас бие гүйцсэн гүүг Б д өгсөн. ...Б ыг энэ хэрэгт хамт буруутгаж байгаад гомдолтой байна. Б хулгайн адуу гэж бодоогүй, би үнэн учраа хэлээд гуйж байгаад тэр адууг ачиж явуулсан. ...” гэх мэдүүлэг /хх 33-34 тал/,
Шүүгдэгч Х.Б яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би өөрийн өвөөгөөс 2017 оны намар **-** УНӨ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг худалдаж авсан. Тэгээд би 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр сумын төвд байрлах гэртээ байж байгаад уг тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлж авъя гэж бодоод Улаанбаатар хот явахаар болсон. Тэгээд Улаанбаатар хот явах юм чинь мөнгө төгрөг хэрэгтэй болно гэж бодоод өөрийн адуунаас 2 тооны адууг зарахаар болсон. Тэгээд малын гарал үүслийн бичгийг саахалт айлын Д гэх ахад захиад би өөрөө өөрийнхөө адууг хайхаар “Шар чулуут”, “Голио”, “Хүрээн гол” гэх газруудаар хайж яваад олоогүй 16 цагийн орчимд гэртээ ирсэн. Тэгээд гэртээ ирэхэд Д ах гэртээ ирчихсэн байсан. Тэгэхээр нь би “адуугаа олсонгүй, мөн одоо адуу туранхай байгаа зараад үнд хүрэхгүй байх гэж бодож байна” гэж Д ахад хэлээд гарал үүслийн бичгийг үлдээсэн. Тэгээд би өвөлжөө рүү яваад угаах хувцасаа авах гээд байж байтал ардаас Д ах ирсэн. Тэгээд Д ах хэлэхдээ “ахад нь мөнгөний хэрэг гарчихсан байна. Надад Б ах чинь нэг адуу өгсөн юм. Тэр адууг эхнэрийн маань эмчилгээнд өгсөн байгаа юм, чи авч яваад зараад мөнгийг нь аваад ир” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “болох юмуудаа” гэж хэлтэл Д ах хэлэхдээ “Б тай ах дүүс хүмүүс байна, ах нь сүүлд нь учрыг нь ойлгуулаад хэлчихье бодвол эхнэрээсээ нууж өгөө байлгүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “за, за та мэдэж байгаа юм бол одоо яахав дээ, сүүлд нь асуудал болохгүй бол” гэж хэлэхэд Д ах “тэрэнд санаа зоволтгүй” гэж хэлээд манай өвөлжөөний сүүдэрт хорьчихсон байсан Б ы адуунаас 2 тооны ухаа байдас, хул байдас бариад “энэ хоёрын аль гайгүйг нь л явуулъя гэж бодож байна чи нэг үзээдэхдээ” гэж Д ахыг хэлэхээр нь би “ухаа байдас нь илүү тарган юм байна” гэж хэлээд хул байдсыг адууных нь араас тавьсан. Тэгээд нөгөө ухаа байдсыг машиндаа ачсан. Тэгээд би гэрээрээ орчихоод гэрээс ээжийгээ аваад 19 цагийн орчимд Улаанбаатар хотруу гарсан. Тэгээд эмээлт захруу ороод 25.000 төгрөгөөр нөгөө ухаа гүүгээ янзлуулаад махыг нь ойролцоох нэг махны ченжид 650.000 төгрөгөөр зарсан. Тэгээд Улаанбаатар хот орж тээврийн хэрэгслийн баримт бичгийг өөрийн нэр дээр шилжүүлж авчихаад 1 билүү 2 хоночихоод буцаад хөдөө байрлах гэртээ ирсэн. Тэгээд намайг хотод байх хугацаанд Д ах надтай утсаар яриад “нөгөө Б чинь энүүгээр нэг хэрүүл маргаан болчихлоо чамайг ирэхлээр хоёулаа уулзъя” гэж байсан. Тэгэхээр нь би Д ахад хандан “би энэ адууны махны мөнгөнөөс зарцуулчих уу?, надад мөнгөний хэрэг болоод байна” гэж хэлтэл “за тэг тэг, хоёулаа дараа учираа олъё” гэж байсан. Тэгээд би хөдөө гэртээ ирээд Б гэх хүнтэй уулзахад “Д та хоёр яаж ийж байгаад миний адууны орыг өгчих тэгвэл ах нь гомдолгүй” гэж байсан. Тэгэхээр нь “би ямар ч хамаагүй, та Д ахтай учираа ол” гэж хэлээд тэр хүнтэй маргалдаад гарсан. Тэгж хэлчихээд гэртээ ирээд байж байтал Д ах манайд ирээд “хоёулаа нэг мал өгөөд салъя хэл амтай хэцүү юм” гэж хэлсэн. Тэгээд Д ах өөрийн адуунаас нэг байдас өгөх гээд Б д үзүүлтэл “наадах чинь арай туранхай байна, хүний адууг дураараа авчихаад ариачдээ” гэж хэлээд авахгүй байхаар нь би өөрийнхөө адуунаас нас бие гүйцсэн бүдүүрсэн гүүг Б д өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх 31-32 тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 4/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх 17-19, 72-74/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, танилцуулсан тэмдэглэл /хх 25-30/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 39, 42/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 45-46/, хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх 57-59/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл /хх 63-65/ зэрэг талуудын хүсэлтээр яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Д , Х.Б нар нь 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр сумын иргэн Ц.Б ы бэлчээрт байсан адууг хашиж 2 тооны ухаа болон хул байдас барьсанаас “ухаа байдас нь илүү тарган” гэж сонгон авч үйлдсэн хул байдсыг адууны араас хөөж, ухаа байдсыг Улаанбаатар хот руу ачиж “Эмээлт” захын ченжэд 65000 төгрөгөөр зарж борлуулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.
Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээчид хууль сануулж гаргуулсан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, зах зээлийн үнэ ханш нь үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгч Д.Д , Х.Б нарыг бүлэглэн бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, тэдний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй гэж хэргийн онолоо дэвшүүлж, шүүгдэгч нарын өмгөөлөгч Х.Б ын гэм буруугийн талаар маргаж, түүний гэмт хэрэгт санаатай нэгдсэн гэм буруутай үйлдэл нотлогдоогүй гэж үзэж цагаатгах, шүүгдэгч Д.Д ыг хөнгөрүүлэх талаас хэргийн онолоо дэвшүүлж мэтгэлцсэн болно.
“Хулгайлах” гэмт хэрэгт бусдын хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц, далд аргаар, хууль бусаар олж авсан үйлдлийг ойлгох бөгөөд мал хулгайлах гэмт хэргийн халдлагын зүйл нь таван хошуу мал байдаг онцлогтой юм.
Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийж үзэхэд хохирогч Ц.Б нь “эгчийнхээ эмчилгээнд адуу аваарай” гэсэн хэдий ч уг адууг зааж, зүслэж өгөөгүй байхад түүнд мэдэгдэлгүйгээр нэг тооны адууг нь авч захиран зарцуулсан шүүгдэгч Д.Д ын үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай, Эрүүгийн хуульд заасан өмчлөх эрхийн эсрэг бусдын малыг хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Харин шүүгдэгч Х.Б ын тухайн адуу /байдас/-г хашиж барилцан улмаар тээвэрлэж түүхий эдийн “Эмээлт” зах дээр зарж борлуулсан үйлдэл, оролцоо байгаа нь нотлогдож байгаа боловч шүүгдэгч Д ыг гэмт хэрэг үйлдэж байгааг мэдэж санаатай нэгдэж бүлэглэн гүйцэтгэсэн гэм буруутай нь нотлогдохгүй байна.
Шүүгдэгч Х.Б ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт “би Ц.Б ыг Д.Д ын авгайнх нь төрсөн дүү гэдгийг мэднэ, мөн тухайн адууг Ц.Б ы адуу гэдгийг таньж байсан, Д.Д ыг эгчийн эмчилгээнд адуу өгсөн, түүнийг авч яваад борлуулчихаад ир гэхээр нь авч явсан гэх агуулга бүхий “...Тэгээд Д ах хэлэхдээ “ахад нь мөнгөний хэрэг гарчихсан байна. Надад Б ах чинь нэг адуу өгсөн юм. Тэр адууг эхнэрийн маань эмчилгээнд өгсөн юм, чи авч яваад зараад мөнгийг нь аваад ир” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “болох юмуудаа” гэж хэлтэл Д ах хэлэхдээ “Б тай ах дүүс хүмүүс байна, ах нь сүүлд нь учрыг нь ойлгуулаад хэлчихье бодвол эхнэрээсээ нууж өгөө байлгүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “за, за та мэдэж байгаа юм бол одоо яахав дээ, сүүлд нь асуудал болохгүй бол” гэж хэлэхэд Д ах “тэрэнд санаа зоволтгүй” гэж хэлээд манай өвөлжөөний сүүдэрт хорьчихсон байсан Б ы адуунаас 2 тооны ухаа байдас, хул байдас бариад “энэ хоёрын аль гайгүйг нь л явуулъя гэж бодож байна чи нэг үзээдэхдээ” гэж Д ахыг хэлэхээр нь би “ухаа байдас нь илүү тарган юм байна” гэж хэлсэн ... намайг хотод байх хугацаанд Д ах надтай утсаар яриад “нөгөө Б чинь энүүгээр нэг хэрүүл маргаан болчихлоо, чамайг ирэхлээр хоёулаа уулзъя” гэж байсан. Тэгэхээр нь би Д ахад хандан “би энэ адууны махны мөнгөнөөс зарцуулчих уу?, надад мөнгөний хэрэг болоод байна” гэж хэлтэл “за тэг тэг, хоёулаа дараа нь учираа олъё” гэж байсан. ...Тэгээд би хөдөө гэртээ ирээд Б гэх хүнтэй уулзахад “Д та хоёр яаж ийж байгаад миний адууны орыг өгчих тэгвэл ах нь гомдолгүй” гэхээр нь “би ямар ч хамаагүй ээ, та Д ахтай учираа ол” гэж хэлээд тэр хүнтэй маргалдаад гарсан. ...Д охин шүдлэн насны адууг өгсөн голоод авахгүй байна гээд манайхаас нас бие гүйцсэн гүүг Б д өгөөд тэр охин шүдлэн адуугаа надад өгсөн” гэх мэдүүлгийн эх сурвалж хохирогч Ц.Б ы хохирогч болон гэрчээр “...2017 оны 12-р сарын үед манай төрсөн эгч Б ийн бие муу, харавсан байх үед нь манайхан мөнгө төгрөг цуглуулахад би тухайн үед Д ыг адуу таргалах үед нэг адуу аваарай гэж хэлсэн. Д ад адууны зүс заагаагүй харин тарга тэвээрэгтэй болохоор нь аваарай гэж хэлсэн. ...Д.Д , Х.Б нар нь надад хээр зүсмийн соёолон насны нэг гүү өгсөн, санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх, гэрч Б.Б гийн өгсөн “хүү бид хоёр 2018 оны 07-р сарын 02-ны орой Улаанбаатар хот явах ажилтай байсан. Тэгээд явах гэсэн чинь манай хүү Д тай нэг шүдлэн болов уу гэж харсан бараан зүсмийн адуу машин дээрээ ачаад ирсэн. Би тухайн үед “энэ ямар учиртай юм бэ” гэж асуусан чинь манай хүү надад “Д ах Улаанбаатар хот ороод зараадах” гэж хэлээд өгч явуулж байгаа юм гэсэн...” гэх мэдүүлгүүд болон шүүгдэгч Д.Д ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр нотлогдож байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Х.Б нь хохирогчоос лавлаж асуух, эсхүл шүүгдэгч Д.Д ыг хохирогчид мэдэгдэхийг шаардах зэргээр хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдэж, өөрийн үйлдэлдээ болгоомжгүй хандсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”, мөн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэртэй байна” гэж тус тус заасан.
Хулгайлах гэмт хэрэг нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг тул шүүгдэгч Х.Б ыг дээрх хохирол, хор уршгийг гэм буруугүйгээр учруулсан байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Х.Б д холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгаж, шүүгдэгч Д.Д ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Д нь гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд нас бие гүйцсэн гүүг өгч, хохирогч Ц.Б нь уг гүүг хүлээн авч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байна.
Шүүгдэгч Д.Д ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн ...” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж гэм хорыг арилгасан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг баримтлан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзэв.
Тус хэргийг үйлдэхдээ ашигласан гэх хэрэгт битүүмжлэгдсэн **-** УНӨ улсын дугаартай Porter маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч иргэний нэхэмжлэгч А.Б д буцаан олгох нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болно.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан шүүгдэгч Х овогт Х.Б д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, шүүгдэгч Ч овогт Д.Д ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Д.Д ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Д.Д ад сануулсугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн **-** УНӨ улсын дугаартай Porter маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч Улаанбаатар хотын ... оршин суух А.Б -д буцаан олгосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Б ын таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Д ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд цагаатгагдсан этгээд, шүүгдэгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Д ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД