Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2023/0052

 

“И ...” ХХК-ийн гомдолтой,

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын

улсын байцаагчид холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч   Г.Банзрагч

Шүүгчид:                 Д.Батбаатар

                                   М.Батсуурь

                                   П.Соёл-Эрдэнэ        

Илтгэгч шүүгч:        Ц.Цогт

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2022/0977 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2023/0082 дугаар магадлалтай,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 125 дугаар тогтоолтой захиргааны хэргийг гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, С.М, гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч С.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х нарыг оролцуулж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэлийн шаардлага:

1. Гомдол гаргагч “И ...” ХХК-аас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт холбогдуулан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 0002282 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

            Хэргийн нөхцөл байдал:

2. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 0002282 дугаартай шийтгэлийн хуудсаар “И ...” ХХК нь цемент худалдан борлуулахдаа “цементийн нийлүүлэлт багассан хугацаанд буюу 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд цементийн үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлж хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн нь нотлогдсон” гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт зааснаар 20,000,000 (хорин сая) төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

            Анхан шатны шүүхийн шийдвэр:

3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2022/0977 дугаар шийдвэрээр: Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “И ...” ХХК-иас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч С.Г-т холбогдуулан гаргасан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч С.Г-н 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 0002282 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахыг хүссэн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

            Давж заалдах шатны шүүхийн магадлал:

4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2023/0082 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 977 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.10, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэг, 4.1 дүгээр зүйлийн 1, 4.15 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1, мөн зүйлийн 1.1-т заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “И ...” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч С.Г-н 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 0002282 дугаартай шийтгэлийг хуудсыг хүчингүй болгож, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэжээ.

            Хяналтын журмаар гаргасан гомдол:

5. Хариуцагчаас магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргажээ.

5.1. Давж заалдах шатны шүүхээс “... хариуцагчийн гаргасан 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 0002282 дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулахдаа гомдол гаргагч “И ...” ХХК нь хэрэглэгчийн эрхийг ямар аргаар хохироосон, хууль бусаар ямар хэмжээний ашиг орлого олсон, нийт учруулсан хохирол төлбөр, хуулийн этгээд, иргэний аль нь тухайн зөрчлийг гаргасан эсэхийг тогтоолгүйгээр ... үзлэг хийсэн тэмдэглэлээр зөрчил үйлдсэн гэдэг нь тогтоогдсон гэж үзэж байгаа нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-т “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ” гэж, мөн зүйлийн 2-т “Эрх бүхий албан тушаалтан, прокурор нь хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас нотлох баримтыг гаргуулан авч болно”, 4.15 дугаар зүйлийн 1-т “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ” гэж, 7.1 дүгээр зүйлийн 1-т “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараахь нөхцөл байдлыг тогтоосон байна”, 7.1 дүгээр зүйлийн 1.1-т “тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх” гэж заасныг тус тус зөрчсөн байна гэж дүгнэжээ.

5.2. Хяналт шалгалт болон зөрчил шалгах ажиллагаагаар хариуцагчийн зүгээс шаардлагатай, боломжит бүхий л нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлсэн бөгөөд давж заалдах шатны шүүхээс уг зөрчлийг дан ганц үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоосон мэтээр дүгнэж, хэрэгт авагдсан зэх зээлийн нөхцөл байдлыг тодорхойлохуйц бусад ач холбогдол бүхий нотлох баримтуудыг үнэлэлгүйгээр ийнхүү дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

5.3. Хяналт шалгалт хийх хугацаанд Монгол Улсын хэмжээнд “М б м” ХХК, “М ц” ХХК нь цементийн үйлдвэрлэл явуулж байсан ба 2022 оны 06 дугаар сарын байдлаар нийт үйлдвэрлэсэн цементийн 20 гаруй хувийг жижиглэн худалдааны зах зээлд буюу УБТЗ ХНН-ийн АБТЭМА-44-т үйл ажиллагаа явуулдаг гэрээт аж ахуй эрхлэгчдэд нийлүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн цаг хугацаанд хэрэглэгч зөвхөн дээрх хоёр аж ахуй эрхлэгчийн үйлдвэрлэсэн цементийг гэрээт аж ахуй эрхлэгчдээр дамжуулан худалдан авахаас бусдаар цемент худалдан авах боломжгүй нөхцөл байдалтай байсан болох нь зөрчлийн хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог.

5.4. Цементийг зах зээлд худалдан борлуулагдаж буй бусад бараа бүтээгдэхүүнтэй харьцуулахад өөр төрлийн бараа бүтээгдэхүүнээр харилцан орлуулах боломжгүй онцлог шинжтэй бөгөөд энэ төрлийн бараа бүтээгдэхүүний хувьд үнэ огцом нэмэгдэх нөхцөлд зах зээл, хэрэглэгчдэд үзүүлэх нөлөө өндөр байдаг. Уг онцлог бөгөөд хязгаарлагдмал нөхцөл байдал бүхий цементийн жижиглэн худалдааны зах зээлд 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс цементийн үнэ огцом нэмэгдсэнээс шалтгаалан хэрэглэгчийн хувьд сонголт хийх боломж улам хумигдаж, өмнө нь зах зээл хэвийн байх үед ойролцоогоор 1 тн тутамд 330,000 төгрөгөөр худалдан авч байсан цементийг эрэлт, нийлүүлэлтийн хүчин зүйлээр тодорхойлогдох үнээс дээгүүр тогтоосон үнээр буюу 400,000-480,000 төгрөгөөр худалдан авахаас өөр аргагүйд хүрсэн байдаг.

5.5. Зөрчлийн хэрэгт авагдсан тус компанийн Хаан банкны ********** дугаартай депозит данс, “И ...” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч С овогтой М-н Хаан банкны ********** дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн тэмдэглэлээр “И ...” ХХК нь дотоодын цемент үйлдвэрлэгч аж ахуй эрхлэгчдээс цементийн үнэд өөрчлөлт оруулаагүй, тээврийн зардал /вагон/ болон бусад зардал өсөөгүй байхад Сонгинохайрхан дүүрэгт байрлан барилгын материалын “44” захад цементийн нийлүүлэлт эрс багассан, хомсдол үүссэн нөхцөл байдлыг ашиглан 2022 оны 06 дугаар сарын 14-нөөс 16-ны өдрүүдэд 1 тн тутамд 340,000 төгрөгөөр худалдан борлуулж байсан цементийг 06 дугаар сарын 20-ны өдрөөс 430,000 төгрөг болгон цементийн үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлэх замаар өөрийн цементийн нөөцтэй байгаа давуу байдлаа ашиглан жижиглэнгийн зах зээлд үндэслэлгүйгээр өндөр үнэ тогтоож, гэрээт бус бусад аж ахуй эрхлэгчдийн өрсөлдөөнийг хязгаарлаж, бодит зардал өсөөгүй, үнэ нэмэгдүүлэх шалтгаан нөхцөл тогтоогдоогүй байхад хэрэглэгчийн сонголт хийх боломжгүй нөхцөл байдлыг ашиглан, хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн болох нь нотлогдон тогтоогдсон.

5.6. Давж заалдах шатны шүүхээс тус компанийн цементийн үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлж худалдан борлуулсан зөрчлийг шууд үгүйсгэсэн нь шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, Өрсөлдөөний тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, цементийн зах зээлийн нөхцөл байдал, хэрэглэгчийн эрх ашиг хөндөгдөж байгаа болон гэрээт бус бусад цемент худалдан борлуулагч аж ахуйн эрхлэгчдийн өрсөлдөөн хязгаарлагдаж байгаа үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтуудад үнэлэлт, дүгнэлт өгөөгүй, хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоогоогүй гэж үзэхээр байна.

5.7. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 977 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2023/0082 дугаартай магадлалыг хүчингүй болгож, гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

6. Гомдол гаргагчийн зүгээс хариуцагчийн гомдлыг үгүйсгэж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

7. Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул хүчингүй болгож, дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангаж шийдвэрлэв.

            Тогтоогдсон үйл баримтын тухайд:

8. Гомдол гаргагч “И ...” ХХК нь цементийг шууд хэрэглэгчид жижиглэн худалдаалдаггүй, гэрээт борлуулагч нараар дамжуулан худалдаалдаг дотоодын цемент үйлдвэрлэгч “М ц” ХХК-аас (үйлдвэрийн нөхцөлөөр) задгай цементийг 1 тн-ийг 243,500, савласан 1 тн-ийг 260,600 төгрөгөөр, “М б м” ХХК-аас (бөөнөөр) 1 тн-ийг 275,500 төгрөгөөр худалдан авч, хэрэглэгчид (жижиглэн) 1 тн-ийг нь 320,000-340,000 төгрөгөөр худалдаж байсан байна.

9. 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн хооронд үйлдвэрлэгчээс цементийн үнийг нэмээгүй, ачаа тээврийн болон бусад зардал өсөөгүй үйл баримт тогтоогджээ.

10. Ковид-19 цар тахлын улмаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хил хаагдсан үед тус улсаас импортолдог цементийн уут, шуудай тасалдсан, төмөр замын вагон тээврийн хангамж муудсан зэргээс 2022 оны хавар Улаанбаатар хотод үйлдвэрлэгчээс нийлүүлэх цементийн нийлүүлэлт багассан, энэ үеэс цементийн хомсдол бий болсон нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад цугласан баримтаар тогтоогдсон байна.

11. “И ...” ХХК нь үйлдвэрлэгчээс үнэ нэмэгдээгүй, бусад зардал өсөөгүй байхад цементийг жижиглэнгийн зах зээлд хэрэглэгчид худалдан борлуулахдаа 1 тн нь 320,000-340,000 төгрөг байсан үнийг хомсдол үүссэн үед 400,000-430,000 төгрөг болгон нэмэгдүүлсэн, уг үйлдлийг хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас явуулсан хяналт шалгалтын явцад тогтоож, маргаан бүхий актаар “хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн” гэж үзэж, шийтгэл оногдуулжээ.

Энэхүү хэргийн хувьд хяналтын шатны шүүхээс шийдвэрлэж, хариу өгөх шаардлагатай хууль зүйн асуудал нь:

-Гомдол гаргагч цементийг жижиглэнгийн зах зээлд худалдан борлуулахдаа үнэ нэмж борлуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д заасан хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан гэх ойлголтод хамаарах эсэх,

-Гомдол гаргагч хуулийн этгээдийг Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т заасан “хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн” гэж үзэх эсэх.

12. Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх” үйл ажиллагаа явуулахыг хориглож, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д “хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн зохицуулалттай байна.

13. Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10 дахь заалт болон Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д заасан “... хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх” үйл ажиллагаа явуулахыг хориглосон зохицуулалтын талаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2023 оны 17, 19, 29 дүгээр тогтоолуудаар дараах агуулгаар тайлбарлаж байжээ.

13.1. Зах зээл дээр чөлөөтэй арилжаалагдаж буй бараа бүтээгдэхүүн нь, ердийн тохиолдолд харилцан орлох шинж чанартай буюу хэрэглэгч хаанаас ч очоод авах боломжтой бол чөлөөт зах зээл дээрх эрэлт, нийлүүлэлтийн зарчмаар уг бараа бүтээгдэхүүний үнэ тогтоно, ийнхүү тогтсон зах зээлийн үнийг төрөөс хянахгүй буюу шударга өрсөлдөөнийг хамгаалах агуулгад хамааруулж үзнэ.

13.2. Харин зах зээл дээр чөлөөтэй нийлүүлэгдэж, арилжаалагддаггүй буюу  харилцан орлох бүтээгдэхүүн байхгүйн улмаас уг бүтээгдэхүүнийг худалдан авах шаардлагатай байгаа хэрэглэгч түүнийг борлуулж буй тухайн этгээдээс худалдан авахаас өөр сонголтгүй байх нөхцөлд (тухайлбал, түлш шатахуун) тухайн бараа бүтээгдэхүүний үнийг төрөөс хянах нь Өрсөлдөөний тухай хуулийн зорилго хэрэглэгчийн эрхийг хамгаалах агуулгад нийцнэ.

13.3. Энэ тохиолдолд “цемент” нь өөр бүтээгдэхүүнээр орлуулж үл болох шинжтэй бүтээгдэхүүн бөгөөд тухайн цаг хугацаанд цар тахлын нөхцөл байдлын улмаас улсын хил хаагдсан онцгой нөхцөлд хомсдол үүсч, зах зээл дээр чөлөөтэй нийлүүлэгдэж, арилжаалагдах боломжгүй болсон үед, үйлдвэрлэгчээс гэрээний дагуу нийлүүлсэн цементийг жижиглэнгийн зах зээлд худалдан борлуулах давуу байдлаа ашиглан, бараа бүтээгдэхүүн /цемент/-ий үнийг үндэслэлгүй нэмэгдүүлсэн нь хэрэглэгчийг хохироох худалдааны арга хэрэглэсэнд тооцогдоно, аж ахуй эрхлэгч дээрх байдлаар өөрөө үнэ тогтоосныг “чөлөөт зах зээл”-ийн зарчмаар үнэ  тогтоогдсон гэж үзэхгүй.

14. Өөрөөр хэлбэл, аль нэг үе шатанд үйлдвэрлэгчийн үнэ, эсхүл зардал өссөнөөс шалтгаалан үнээ нэмсэн тохиолдолд цаашид тухайн бүтээгдэхүүнтэй холбоотой нэмэгдэж буй зардлыг нөхөх зорилгоор зах зээлийн үнэ тогтох боломжтой байна. Гэтэл энэ тохиолдолд уг үндэслэл үүсээгүй үед үнэ нэмсэн нь Өрсөлдөөний тухай хуульд заасан хэрэглэгчийг хохироох худалдааны арга хэрэглэсэн гэж үзэхээр байна.

15. Иймд “цементийн үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлж, хэрэглэгчийн эрхийг хохироох худалдааны арга хэрэглэсэн” гэх үндэслэлээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын улсын ахлах байцаагч С.Г-н 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 0002282 дугаар шийтгэлийн хуудсаар “И ...” ХХК-д шийтгэл оногдуулсан нь бодит байдалд тохирсон, гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

16. Давж заалдах шатны шүүхээс “ ... хэрэглэгчийн эрхийг ямар аргаар хохироосон, хууль бусаар ямар хэмжээний ашиг, орлого олсон, нийт учруулсан хохирол төлбөр, хуулийн этгээд, иргэний аль нь тухайн зөрчлийг гаргасан эсэхийг тогтоолгүйгээр, .... үзлэг хийсэн тэмдэглэлээр зөрчил үйлдсэн гэдэг нь тогтоогдсон гэж үзэж байгаа ...” нь хуульд нийцээгүй гэж үндэслэлгүй дүгнэлт хийж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугласан нотлох баримтыг гүйцэт үнэлж, дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

17. Дээрх үндэслэлээр хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгож, гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2023/0082 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2022/0977 дугаар шийдвэр хэвээр үлдээсүгэй.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.БАНЗРАГЧ

ШҮҮГЧИД                                                      Д.БАТБААТАР

                                                                          М.БАТСУУРЬ

                                                                          П.СОЁЛ-ЭРДЭНЭ

    Ц.ЦОГТ