Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 579

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Б, улсын яллагч Б.Хурц, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Т, түүний өмгөөлөгч З.Б, шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Ш.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн прокурорын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1 дүгээр хэлтсийн хяналтын прокурор Б.Хурцаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт С.Б холбогдох эрүүгийн 2017  дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/

            Яллагдагч С.Б нь "Бч" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн хооронд ажиллах хугацаандаа хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2012 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 06 дугаартай тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж “М” ХХК-иас авах ёстой авлага 284.791.475 төгрөгт “Б” ХХК-д ашиглагддаггүй 55 ширхэг втулкийг 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр,

“Эрэл” ХХК-иас авах ёстой авлага 42.000.000 төгрөгт 8 ширхэг втулкийг 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр,

“Онь тэнгэрийн бичиг” ХХК-иас 26.042.000 төгрөгт 5 ширхэг втулкийг 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр тус тус тооцон авсан,

Түүнчлэн “Б” ХХК-д 2016 онд 16.000.000 төгрөгөөр автомашин худалдан авахаар төсөвлөгдсөн байсныг өөрийн "Мон Энерго Строй" компанийн 38-60 УНЯ улсын дугаартай зах зээлийн үнэлгээгээр 12.000.000 төгрөгийн үнэ бүхий “Хьюндэй Старекс” автомашиныг 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр “Багануур Илч" ХХК-д 16.000.000 төгрөгөөр борлуулан “Багануур Илч” ХХК-д нийт 356.833.475 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б мэдүүлэхдээ: “...Би эхлээд “” ХХК болон “Б” ХХК-ийн тухай танилцуулъя гэж бодож байна. “Багануур” ХХК бол 75 хувь нь төрийн эзэмшлийн,  25 хувь нь бирж дээр байж байдаг. Энэ 25%-ын 21.6 % нь Худалдаа хөгжлийн нэг компани дээр төвлөрсөн байдаг. Энэ компани бол “Багануур” ХХК-д маш их эрх мэдэлтэй гэсэн үг. “Багануур Элч” ХХК бол 100 хувийн хөрөнгө оруулалттай 2000 онд байгуулагдсан. “Багануур Элч” ХХК-ийн үйл ажиллагаа нь толгой компаниа дэмжиж ажиллах үүрэгтэй. Тодруулж хэлбэл Багануурын уурхайгаас станцууд дээр бууж байгаа нүүрсний чанарыг хариуцдаг. Бууж байгаа вагон болгоноос дээж авч станцууд дээр байгаа лабораторт шинжилгээ хийгээд хоорондоо дүнгээ тохиролцоод хэрвээ шаардлага хангаж байвал буулгадаг. Сая улсын яллагчийн яллах дүгнэлтэнд авагдсан нотлох баримтад Батболд захирал бол өр авлага үүсгэснээс өр авлага байхгүй гэж ярилаа. Би 2015 оны 05 сард ажил авсан. Тэгэхэд манай компанийн өр 317.8 сая төгрөг байсан. 2018 оны жилийн эцсийн тайлангаар зөрүү нь 801 сая төгрөг болсон. Энэ хэмжээгээр миний өр нэмэгдсэн. Яагаад миний өр нэмэгдсэн бэ гэхээр станцуудаас гологдсон 182 вагоныг манайд буулгасанаас болж 182 вагоны мөнгө бол 606 сая төгрөг нэмэгдсэн юм. Үүссэн 800 сая төгрөгийн өр авлагыг би яаж барагдуулж байсан бэ гэхээр 357 сая төгрөгт би сэлбэг авсан, 474 сая төгрөгөнд Сэлэнгийн дулааны цахилгаан станцад нүүрсээ зарсан. Харин 800 сая төгрөг бол ор үндэсгүй алга болсон зүйл биш. Миний эсрэг мэдүүлэг өгсөн манай компанийн 4 хүн байгаа. Энэ хүмүүс бол надтай хамт оффист ажилладаг байсан нягтлан Төмөрбаатар, нарийн бичиг Шинэцэцэг, инженер Энхбаяр, ерөнхий нягтлан Амарзаяа нар юм. Энэ 4 хүн бол ямар учиртай хүмүүс вэ гэхээр Төмөрбаатар бол манай Отгонбаяр захирал ажилд оруулсан. Шинэцэцэг бол Отгонбаяр захирлын хувийн компанид ажиллаж байгаад авгай нь хардаад энэ компанид орсон хүн. Инженер Энхбаяр бол Отгонбаяр захирлын ангийнх нь хүүхэд. Ерөнхий нягтлан Амарзаяа бас Отгонбаяр захирлын хүмүүс. Отгонбаяр захирал бол Багануур дээр ТУЗ-ын дарга байсан. Эд нар бол нэг бүлэглэлийн хүмүүс. “Багануур” ХХК-ийн 22% нь нэг компанид төвлөрсөн байдаг. Тэгээд одоо бүгд над руу дайрч байгаа юм гэдгийг хэлэх гээд байгаа юм. Надад үүрэг даалгавар өгсөн. Миний үед 5-н удаа ТУЗ хуралдсан байдаг. Үүнээс өр авлага 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн “Багануур Элч” ХХК-ийн ТУЗ-ын хурал байгаа юм. Энэ хуралд өр авлага барагдуулах талаар ажил зохион байгуулах үүрэг даалгавар өгсөн. Үүний дагуу би ажилласан. Ажиллахдаа би өр авлагатай байгаа газруудаа ангилаад цагдаад өгөхийг нь өгөөд, хаягийг нь тодорхойгүй байгаа газруудын хаягийг тогтоолгохоор боломжтой гэх газруудыг шүүхэд өгсөн. Шүүхийн хянан шийдвэрлэх хугацаанд энэ компаниудтай тохиролцож сэлбэг авсан. Сэлбэгийг би авахдаа ТУЗ-ын дарга Отгонбаярт удаа дараа хэлж зөвшөөрөл авсан. Би Отгонбаярын үгнээс зөрөх эрхгүй хүн. Би эд нараас айж байсан. Одоо бол би айхгүй байна. Отгонбаярт би ТУЗ-ын хурал дээр ч танилцуулж байсан. Отгонбаяр гэх захирал надад чи наад өр барагдуулахдаа ханын материал шиг болгочихов гээд надад хэлж байсан. Чи компанид хэрэггүй юм авчихав, эвдэрхий машин аваад тавьчихав гэж анхааруулж байсан. Үйлдэл хийхдээ зөв хийгээрэй гэсэн саналыг тавьсан. Хавтаст хэргийн 131 дүгээр талд Отгонбаяраас ТУЗ-ын хурал дээр С.Б нь сэлбэг хэрэгслийг авахаар танилцуулсан уу? гэхэд Батболд нь танилцуулж байсан гэж байна. Би бол энэ даргын үгнээс гарах ёсгүй. Би алхам бүрээ танилцуулж байсан. ТУЗ-ын хурал дээр ч хэлж байсан. Ингээд Отгонбаяр захирлын зөвшөөрлийн дагуу сэлбэгийг авсан. Авахдаа би шүүхийн шийдвэр гаргуулаад шийдвэрийн дагуу авсан. Энэ шийдвэр нь 2016 оны 01 дүгээр сарын 11-ний “Эрэл” ХХК-ийнх байна. Энэ дээр би 42 сая төгрөгт сэлбэг аваад, үлдсэн 97 сая төгрөгийг нь бэлнээр авахаар тохиролцоод авсан. “Монгол Карамек” ХХК-ийг болохоор Иргэний хэргийн анхан шатнышүүхийн захирамжаар 55 ширхэг втулькыг тэмдэгтийн хураамж, нэхэмжилсэн үнийн дүн нийлээд 285.5 сая төгрөгөндөө бодож авсан. “Онь тэнгэрийн бичиг” ХХК-иас үлдэгдэл 26 сая төгрөг байсан бол 5 ширхэг мөн ийм төрлийн втулькыг тооцож аваад өрөө барагдуулсан. Энэ талаараа би ТУЗ-ын хурал дээр танилцуулсан. ТУЗ-ын хурлын тэмдэглэл надад байна. Байгууллагын санхүүгийн өр авлагын талаар танилцуулав. Манай компани нийт 700 сая төгрөгний авлагатай байгаа. Авлагаа барагдуулах ажлыг ТУЗ-аас өгсөн үүрэг даалгаврын дагуу хийж байгаа. Ингээд би өр авлагын талаар барагдуулах талаараа танилцуулахад Отгонбаяр захирал хуулийн дагуу ирж байгаа бол болно. Гэхдээ наадахаа хуулийн дагуу үндсэн хөрөнгөндөө бүртгэж аваад байж байгаарай гэж хэлсэн. Базарсүрэн захирал болохоор наадахаа нарийн бүртгэлтэй болгоорой, манайд бүртгэлтэй сэлбэгийн судалгааг над руу явуулчих гэсэн. Очирлхам захирал танайх наадахаа ингэх байсан, хуулийн дагуу үндсэн хөрөнгөндөө бүртгэ, олон нийтийн хэрэгслээр зарах оролдлого хийвэл яадаг юм бэ гэж хэлсэн. Хурлын уур амьсгал бол миний саналыг дэмжиж байсан. Базарсүрэн захирал бол гадны компаниас мөнгөөр авдаг сэлбэгээ охин компаниасаа авчихвал манай компанид ашигтай юм биш үү гэж хэлж байсан. Би бол ТУЗ-ын зөвшөөрлөөр сэлбэг авсан. Би үүнийг эдийн засгийн хямралын үед үйл ажиллагаа нь зогссон, бэлэн мөнгөгүй болсон компани, байгууллагуудаас өөрт хэрэгтэй сэлбэгийг аваад өр барагдуулаад цаашаа толгой компанидаа шилжүүлж өгөөд компанийхаа үйл ажиллагааг дэмжсэн нь зөв зүйл байсан юм гэж хэлмээр байна. Энэ нотлох баримтаар санхүү эрхэлсэн орлогч, ТУЗ-ын дарга бол наадахаа үндсэн хөрөнгөндөө бүртгэж ав гэж намайг тухайн үед сайшааж байсан. Нийтдээ энэ сэлбэгийг “Багануур” ХХК-д хэрэглэдэггүй 7-8 жилийн нөөц гэсэн юм ярьж байна.  Номинчулуун захирлын эхний мэдүүлгээс уншиж өгье гэж бодож байна. Эндээс харахад 7-8 жилийн нөөц биш, намайг энд байцаагдаж байх 2 жилийн хугацаанд 70 ширхэгийг ашигласан байна. Би бол сэлбэг авснаараа компаниа хохироогоогүй. Манайх цааш нь дамжуулж, шилжүүлж өгөх байсан. Урьдчилсан хэлэлцүүлэгт үндсэндээ энэ сэлбэгүүд “Багануур Элч” ХХК-ийн мэдэлд орсон сэлбэг шүү дээ. Сэлбэгүүдийг би аваад “Багануур Элч” ХХК, “Багануур” ХХК бол хоёулаа төрийн өмчид компани тул жил болгон санхүүгийн шалгалт ордог. Хоёрдугаарт Сангийн яамны шалгалт, хөндлөнгийн аудитын шалгалтууд байдаг. Энэ бүх шалгалт манайх дээр орсон. Аль ч шалгалтаар Батболд захирал хууль зөрчсөн талаар гараагүй. Сэлбэг авахад НӨТ бичигддэг. “Багануур Элч” ХХК 353 сая төгрөгийн сэлбэг авахдаа урьдчилаад мөнгийг нь бичүүлээд авчихаж байгаа. Энэ сэлбэг чинь санхүүгийн зүйл дагаж явдаг. НӨТ-ийн бичиг баримт үйлдсэн хүн бол Төмөрбаатар. Мэргэжлийн хяналтын шинжээчийн дүгнэлтээр “Багануур Элч” ХХК-иас 1 втульк, “Багануур” ХХК-иас нэг втульк авчираад шинжилгээ хийхэд энэ хоёр втульк бол Оросын стандартыг хоёулаа хангаж байна гэсэн хариу гарсан. Тосны сувгууд нь бол өөр өөр юм байна гэсэн. За дахиж надад үг хэлэх боломж олдох байх. Энэ удаадаа ингээд дуусгая. ” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Т мэдүүлэхдээ: “...Би нягтлан бодогч мэргэжилтэй хүн. Манай “Багануур Элч” ХХК нь Батболд захирлын хугацаанд их хэмжээний зээлэнд орсон. Энэ хүнийг байх хугацаанд 800 сая төгрөгийн өртэй болсон. Үүний 357 сая төгрөгийг бид хохирол гэж нэхэмжилж байна. Манайх энэ компаниудаас мөнгө авах ёстой байсан. Гэтэл одоо хоёр жил өнгөрчихлөө. Би энэ хүнийг өрөө барагдуулаач гэх үүднээс шүүхэд хандсан. Батболд захирал ярьж байна. Станцаас муу юм авснаас өр болгосон гэж. Гэтэл бүгдийг нь аваад Батболд захирал өөрөө зарж борлуулаад 357 сая төгрөгөн дээр нь дахиад 190 сая төгрөгийн алдагдлыг үүрүүлчихээд явсан. 6000 тонн нүүрсийг өөрийн эрх мэдлээ ашиглан тушаал гаргаж акталсан нэрээр 190 сая төгрөгийн алдагдал хүлээлгэсэн. Энэ компаниудаас авах өрөнд Батболд захирал 2, 3 өрөө байр, 4 гараж, 7 ширхэг дугуй, “Онь тэнгэрийн бичиг” ХХК-иас авах шуудайны мөнгөрөө л  энийг төлөх ёстой. Энэ мөнгөнүүдийг аваад өөрөө хэрэглэсэн. Тэгтэл урдаас втульк авчираад 5 гаруй сая төгрөгөөр шахсан. Энийг л зөв шийдвэрлэж өгнө үү. Гэхдээ дээрхи тоног төхөөрөмж манай байгууллагын дансанд, манай складанд байгаа. Бид втульк биш мөнгө авах байсан. Шүүхийн шийдвэрээр авсан хэдий ч тэр 357 сая төгрөгийн сэлбэг нь манай дансанд, складанд байгаа. Би гэхдээ бас сайн мэдэхгүй байна. ” гэв.

Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /1хх-н 1/, Авлигатай тэмцэх газарт гаргасан “Мэдээлэл өгөх тухай” өргөдөл /1хх-н 7/, хохирогчоор Г.Тын мэдүүлэг өгсөн тэмдэглэл /1хх-н 23-27/, Э.Өлзийбаярын гэр бүл төрөл садангийн лавлагаа /1хх-н 50-55/, 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Л.Уранцэцэг, Д.Эрдэнэсүрэн нарын хооронд байгуулсан арилжааны гэрээ /1хх-н 58/, эд хөрөнгө хүлээлцсэн баримт /1хх-н 59/, № 2542, 2543 дугаартай Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, авто зогсоол худалдан авах гэрээ №2544, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар /1хх-н 61-69/, гэрч Б.Сувдын мэдүүлэг/1хх-н 70-72/, 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн "Онь тэнгэрийн бичиг" компани болон "Багануур Илч" компанийн хооронд байгуулсан худалдах, худалдан авах тухай гэрээ /1хх-н 78/, кассын орлого, зарлагын ордер, “Онь тэнгэрийн бичиг” компанийн нэхэмжлэл, зарилгын баримтууд /1хх-н 81-85/, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн "Багануур Илч" компани болон “Онь тэнгэрийн бичиг” компаниудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ, зарлагын баримт /1хх-н 86-87/, “Онь тэнгэрийн бичиг” компанийн дансны хуулга /1хх-н 88-89/, гэрч Ц.Отгоны өгсөн мэдүүлэг /1хх-н 94/, “Арвис Итгэл” ББСБ-иас 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдөр С.Бын зээл авсан зээлийн гэрээ /1хх-н 97-100/, Л.Уранцэцэгээс Д.Ганбатад автозогсоол худалдсан тухай 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн №2544, 2545 дугаартай гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1хх-н 101-106/, “Үүдэн чулуу” ХХК болон “Мон Энерго Строй” ХХК-ийн 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн №001 дугаартай "Хамтран ажиллах тухай" гэрээ /1хх-ийн 110-113/, “Үүдэн Чулуу” ХХК-ийн кассын зарлагын баримт /1хх-н 115/, иргэн Л.Уранцэцэг иргэн Э.Баасандорж нарын орон сууц, худалдах, худалдан авах тухай №2546 дугаартай гэрээ /1хх-н 116/, гэрч А.Тогтохын мэдүүлэг /1хх-н 141-142/, гэрч Ч.Хишигжаргалын мэдүүлэг /1хх-н 159-160/, “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-н 165-171/, С.Быг “Багануур Илч” ХХК-ийн гүйцэтгэх захиралаар томилсон, чөлөөлсөн тушаалын хуулбар /1хх-н 176-177/, “Багануур Илч” ХХК, “Онь тэнгэрийн элч” ХХК, “Монгол керамик” ХХК, “Эрэл” ХХК-иудын эвлэрлийн гэрээ, холбогдох шүүхийн шийдвэр материалууд /1хх-н 178-193/, 3860 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа, холбогдох материал /1хх-н 194-211/, 60 ширхэг втулк тайланд тусгуулах С.Бын хүсэлт /1хх-н 214/, “Багануур Илч” ХХК-ийн дүрэм /2хх-н 157-164/, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 13 дугаар хороолол, Нарны зам гудамж 111 дүгзэр байрны 18, 67 тоот орон сууц, мөн байрны 10, 11, 12, 13 тоот зогсоолын Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн түүхчилсэн лавлагаа холбогдох материалууд /3хх-н 15-250/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос С.Б нь "Багануур-Илч" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн хооронд ажиллах хугацаандаа хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2012 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 06 дугаартай тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж “Монгол керамик” ХХК-иас авах ёстой авлага 284.791.475 төгрөгт “Багануур Илч” ХХК-д ашиглагддаггүй 55 ширхэг втулкийг 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр,

“Эрэл” ХХК-иас авах ёстой авлага 42.000.000 төгрөгт 8 ширхэг втулкийг 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр,

“Онь тэнгэрийн бичиг” ХХК-иас 26.042.000 төгрөгт 5 ширхэг втулкийг 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр тус тус тооцон авсан,

            түүнчлэн “Багануур Илч” ХХК-д 2016 онд 16.000.000 төгрөгөөр автомашин худалдан авахаар төсөвлөгдсөн байсныг өөрийн "Мон Энерго Строй" компанийн 38-60 УНЯ улсын дугаартай зах зээлийн үнэлгээгээр 12.000.000 төгрөгийн үнэ бүхий “Хьюндэй Старекс” автомашиныг 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр “Багануур Илч" ХХК-д 16.000.000 төгрөгөөр борлуулан “Багануур Илч” ХХК-д нийт 356.833.475 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгаж шийдвэрлэв.

Шүүхээс С.Б нь "Багануур-Илч" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж “Монгол керамик” ХХК-иас авах ёстой авлага 284.791.475 төгрөгт “Багануур Илч” ХХК-д ашиглагддаггүй 55 ширхэг втулкийг, “Эрэл” ХХК-иас авах ёстой авлага 42.000.000 төгрөгт 8 ширхэг втулкийг,“Онь тэнгэрийн бичиг” ХХК-иас 26.042.000 төгрөгт 5 ширхэг втулкийг тус тус тооцон авсан, түүнчлэн “Багануур Илч” ХХК-д 16.000.000 төгрөгөөр автомашин худалдан авахаар төсөвлөгдсөн байсныг өөрийн "Мон Энерго Строй" компанийн 38-60 УНЯ улсын дугаартай зах зээлийн үнэлгээгээр 12.000.000 төгрөгийн үнэ бүхий “Хьюндэй Старекс” автомашиныг “Багануур Илч" ХХК-д 16.000.000 төгрөгөөр борлуулан “Багануур Илч” ХХК-д нийт 356.833.475 төгрөгийн хохирол учруулсан гэх үндэслэл дараахь нотлох баримтуудаар тус тус үгүйсгэгдэж байна гэж үзэв. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Амарзаяагийн өгсөн: "...Батболд захирал шүүхийн шийдвэрийн захирамжтай тул 3519.05.02.302 маркийн втулка сэлбэгийг хүлээж ав гээд захирлын тушаал гарсан тул “Эрэл” ХХК-иас өгсөн гэх 8 ширхэг втулка /сэлбэг/-ийг тооцооны нягтлан бодогч Г.Т, нярав Ж.Жадамба бид гурав хүлээж авсан. ...2016 оны бизнес төлөвлөгөөнд ТУЗ-ийн гишүүдийн зөвшөөрлөөр “Багануур Илч” ХХК-нд ажилчдын унаа 16.0 сая төгрөгөөр авах зөвшөөрөл олгосон. Тэгсэн С.Б захирал интернетээр судалгаа хийлээ хуучин “Старекс” машин 16.0 сая төгрөгний үнэтэй байгаа тул одоо “Багануур Илч” ХХК-ийн ажилчдын унаанд явж байгаа “Старекс” маркын машиныг авчихъя Ганбат гэж хүний машин байгаа юм миний хувийн компанид явдаг машин байгаа юм гэж надад танилцуулсан. ...Сүүлдээ өдөр болгон шахуу л энэ машиныг орлогод авчихаач гээд байхаар нь би компанийн орлогод авсан. … Сэлбэгүүд агуулахад бууснаас хойш нилээн хэд хоногийн дараа С.Б захирал тухайн втулкануудыг хүлээж авах талаар нягтлан Төмөрбаатар, нярав Жадамбаа бид гурвын нэрийг оруулсан тушаал гарсан байсан. Уг тушаалын дагуу хүлээж ав гэхээр нь ТУЗ-ийн шийдвэр гараагүй тул хүлээж авч компанийн орлогод авах боломжгүй гэдгээ С.Б захиралд шууд хэлсэн. Тухайн тээврийн хэрэгслийг авахаас өмнө интернетээр судалгаа хийж байгаад бензин бага иддэг машин авъя, приус-20 маркын автомашин авбал зүгээр юм биш үү гэдэг санал тавьж байсан..." гэх мэдүүлэг /1хх-н 32-34, 5хх-н 30-31/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Наранцэцэгийн өгсөн: "...Би “Багануур Илч” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүдийн хурлын бэлтгэл ажил, хурлын тэмдэглэлийг хөтлөдөг. Хөндлөнгөөс үйл ажиллагаа, шийдвэрт нь нөлөөлөх эрх байхгүй. С.Б захирал нь 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр болсон ТУЗ-ийн хурал дээр “Эрэл” ХХК-иас эхлээд Шүүхийн шийдвэрийн дагуу сэлбэг хэрэгсэл өгөхөөр болж байгаа гэж ярьж байсан. Яг 3519.05.02.302 маркын втулка /сэлбэг/ хэрэгсэл авахаар болж байгаа гэж яриагүй. Тухайн үед ТУЗ-ийн гурван гишүүнээс судлаад танилцуул гэдэг үүрэг даалгавар өгөгдөж байсан..." гэх мэдүүлэг /1хх-н 121/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Базарсүрэнгийн өгсөн: "...2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ТУЗ-ийн хурал дээр өглөг, авлагын талаар С.Б нь танилцуулахдаа Шүүхийн шийдвэрээс “Эрэл” ХХК-н 100.000.000 төгрөгийн өглөгтөө сэлбэг материал өгнө гэсэн. Энэ сэлбэг материал нь дан уул уурхайн чиглэлийнх тиймээс толгой компанид шаардлагатай сэлбэг материалыг шижлүүлж өрнөөсөө барагдуулах саналтай байна гэж хэлж байсан. Мөн толгой компаниас өгсөн үүрэг чиглэлийн дагуу өр барагдуулах ажлыг хийж байгаа гэж хурал дээр ярьж байсан. Ингэхээр нь би наад асуудлаа бүртгэл судалгаатай болго, шүүхийн шийдвэрээр хураагдсан эд хөрөнгө гээд зарах асуудал байж болдог юм уу судал, манайд хэрэглэгдэх сэлбэг материал байна уу судлаж танилцъя гэж хэлж байсан. Ингээд над руу сэлбэг материалын судалгааг явуулсан юм байхгүй, удалгүй өөрөө ажлаа хүлээлгэж өгсөн. Шүүгчийн шийдвэрийн дагуу авсан гэж л яриад байхаар нь үнэхээр шүүхийн шийдвэрийн дагуу авсан юм байлгүй гэж л ойлгосон." гэх мэдүүлэг /1хх-н 122-123/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Очирлхамын өгсөн "...Би 2013-2017 онд тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан. Тус зөвлөл нь гурван хүний бүрэлдэхүүнтэй, ТУЗ-ийн дарга нь М.Отгонбаяр, гишүүдэд Б.Базарсүрэн бид хоёр ажилладаг байсан. “Эрэл” ХХК-иас шүүхийн шийдвэрийн дагуу өрөндөө сэлбэг материал авахаар болсон гэж танилцуулж байсан. Миний хувьд анхааруулаад үнэхээр шүүхийн шийдвэрийн дагуу хураагдаж ирсэн юм бол зарж борлуулаад мөнгийг нь гаргаж авах оролдлого хий, зар мэдээ өг, хууль, дүрмийн дагуу шийдвэрлэ гэж зөвлөж хэлж байсан. Тэгэхэд С.Б ойлгож байна гэсэн. “Багануур Илч” ХХК нь толгой компанидаа маш их өртэй байсан тул өрөө хаах маягаар уг сэлбэг хэрэгслийг шууд өгч болох уу гэж хурал дээр асууж байсан. Миний хувьд болохгүй тийм юм байхгүй, эхлээд зарж борлуулах оролдлого хийх толгой компанидаа мөнгөөр нь өрөө барагдуулах шаардлагатай гэсэн зарчмын шаардлагаа тавьж байсан. М.Отгонбаяр, Б.Базарсүрэн нар мөн л адилхан шууд авч болохгүй хууль журмын дагуу судлаж байгаад авч болох үгүйг шийднэ гэж хэлж байсан.." гэх мэдүүлэг /1хх-н 124-126/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Номинчулууны өгсөн: “...Втулка хэрэгтэй, гэхдээ 68 ширхэгээр хэрэггүй, хэрэгцээтэй үед нь 1-2 ширхэгээр зах зээл дээрээс арай хямд үнээр аваад хэрэглэдэг. Шүүхийн шийдвэрийн дагуу бэлэн мөнгө, эсвэл зах зээл дээр борлогдох эд хөрөнгө авсан бол манай компанид ашигтай байсан. 3519.05.02.302 маркын втулка сэлбэг хэрэгсэл зах зээл дээр зарагдахгүй зөвхөн манай компани л дотоод хэрэгцээндээ ашиглах боломжтой..." гэх мэдүүлэг /4хх-н 121-122/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Эрхэмбаярын өгсөн: "...Өр, авлагандаа втулка нийлүүлсэн асуудал бол С.Б, Д.Энхбаяр хоёрын хоорондын асуудал. Энэ хоёр хүн хоорондоо юу яриад яаж тохиролцсон талаар мэдэхгүй байна. Намайг энэ асуудалд татаж оруулаад байх ямар ч шаардлага байхгүй..." гэх мэдүүлэг /4хх-н 242-243/,

“Багануур Илч” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ /5хх-15/, Багануур ХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ /5хх-17/, “Багануур Илч “ХХК-ийн санхүүгийн тайлан /5хх18-26/, “Багануур Илч” ХХК-ийн дүрэм /5хх27/, 2016 оны 9-р сарын 07-ны өдрийн 16/07-495 дугаартай худалдах, худалдан авах гэрээ /5хх-28-29/, “Багануур” ХК “Багануур Илч” ХХК-ийн хоорондын харилцааг зохицуулах журам /5хх-70-72/, 2016 оны 1-р сарын 11-ний өдрийн эвлэрлийн гэрээ /5хх-84-85/, Шинжээчийн дүгнэлт /5хх-189-192/, Шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /5хх-193/, “Багануур” ХК-ийн хариу хүргүүлэх тухай албан бичиг /5хх-219/, “Багануур Илч” ХХК “Онь Тэнгэрийн бичиг” ХХК нарын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ /1хх178/, “Багануур Илч” ХХК “Монгол Керамик” ХХК нарын нарын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ /1хх179/, “Багануур Илч” ХХК “Монгол Керамик” ХХК нарын нарын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээг баталсан Шүүгчийн захирамж /1хх180/, “Багануур Илч” ХХК гүйцэтгэх захирлын тушаал /1хх-181/, Багануур Илч” ХХК “Эрэл” ХХК нарын нарын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ /1хх182-183/, Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай Шүүгчийн захирамж /1хх192/, Хөдөлмөрийн дотоод журам /2хх-45-59/, Багануур Илч” ХХК-ийн АТГ-т гаргасан хүсэлт /1хх-28/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “..одоо манай байгууллагын складанд байгаа. Уг нь толгой компанидаа мөнгөөр нь өрөө төлөх ёстой. Одоогоор Батболдыг гарсаны дараа өр барагдуулсан талаар байхгүй. Шүүхээр явж нэхэмжлэх талаар би мэдээгүй. 357 сая төгрөгийн сэлбэг нь манай “Багануур Илч” ХХК-ийн хөрөнгөд бүртгэлтэйгээр манай байгууллагад байгаа. Энэ хүнд тэр сэлбэгийг нь өгөөд мөнгийг нь авч болох талаар сая ойлголоо. ...” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.  

Шүүхээс шүүгдэгч С.Быг “Багануур Илч” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаандаа хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж “Монгол керамик” ХХК-иас авах ёстой авлага болох 284.791.475 төгрөгт 55 ширхэг втулкийг, “Эрэл” ХХК-иас авах ёстой авлага болох 42.000.000 төгрөгт 8 ширхэг втулкийг, “Онь тэнгэрийн бичиг” ХХК-иас 26.042.000 төгрөгт 5 ширхэг втулкийг тус тус тооцон авч, мөн 16.000.000 төгрөгөөр автомашин худалдан авахаар төсөвлөгдсөн байсныг өөрийн "Мон Энерго Строй" компанийн 38-60 УНЯ улсын дугаартай 12.000.000 төгрөгийн үнэ бүхий “Хьюндэй Старекс” автомашиныг тус тус авсаны улмаас “Багануур Илч” ХХК-д нийт 356.833.475 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж зааснаар эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгч С.Быг “Багануур Илч” ХХК-д 356.833.475 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл “Багануур Илч” ХХК-ийн тооцооны нягтлан бодогч Г.Тыг хохирогчийн нэхэмжлэгчээр томилсон итгэмжлэл /5хх-172-174/, “Багануур Илч” ХХК-ийн санхүүгийн тайлан /5хх18-26/, “Багануур” ХК, “Багануур Илч” ХХК-ийн хоорондын харилцааг зохицуулах журам /5хх-70-72/, Хөрөнгө үнэлгээний тайланд үнэлж буй хөрөнгийн үнэлгээг 393.000.000 төгрөг гэх дүгнэлт /1хх165-171/, 2016 оны 10-р сарын 05-ны өдрийн “Багануур Илч” ХХК “Монгол Керамик” ХХК нарын нарын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээнд “....55 ширхэг 3519.05.02.302 маркийн втулк /сэлбэг/-ийг нийлүүлж өр төлбөрийг бүрэн барагдуулахаар тохиролцсон...” гэх 2016/02 Эвлэрлийн гэрээ /1хх179/ болон уг гэрээг баталсан 2016 оны 10-р сарын 06-ны өдрийн 2016/01093 дугаартай Шүүгчийн захирамж /1хх-180/, 2016 оны 10-р сарын 25-ны өдрийн “Багануур Илч” ХХК “Онь Тэнгэрийн бичиг” ХХК нарын хооронд байгуулсан “...5 ширхэг 3519.05.02.302 маркийн втулк /сэлбэг/-ийг өр төлбөрөө барагдуулахаар зорилгоор дүйцүүлэн тооцож нийлүүлэхээр харилцан тохиролцов...” гэх Эвлэрлийн гэрээ /1хх178/ болон уг гэрээг баталсан, 2016 оны 1-р сарын 11-ний өдрийн 8 ширхэг втулк авахаар тохиролцсон Эвлэрлийн гэрээ /1хх182-183/ болон уг гэрээг баталсан 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 2016/00458 дугаартай Шүүгчийн захирамж /1хх-187-188/, тайлбар /1хх-190/, Шүүхийн гүйцэтгэх хуудас /1хх191/, Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай Шүүгчийн захирамж /1хх192/, Шинжээчийн дүгнэлт /5хх-189-192/, “...Багануур ХК-ийн Эксковаторт ашиглах боломжтой” гэх шинжээчийн мэдүүлэг /5хх-193/, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “..одоо манай байгууллагын складанд байгаа. Манайх толгой компанидаа их өртэй. Өрөө мөнгөөр нь төлөх ёстой. Одоогоор Батболдыг гарсаны дараа өр барагдуулсан талаар байхгүй. Бусад байгууллагаас авлагаа аваагүй байгаа. Тэр 3-н компаниас мөнгөөр нь авлагаа авах ёстой байсныг заримыг нь втульк оролцуулан авсан. Одоо манай санхүүгийн тайланд үндсэн хөрөнгөд бүртгэсэн байгаа. Шүүхээр явж нэхэмжлэх талаар би мэдээгүй. 357 сая төгрөгийн сэлбэг нь манай “Багануур Илч” ХХК-ийн хөрөнгөд бүртгэлтэйгээр манай байгууллагад байгаа. Энэ хүнд тэр сэлбэгийг нь өгөөд мөнгийг нь авч болох талаар сая ойлголоо. Втулькийг нь манай байгууллага Батболдод буцааж өгөөд мөнгөө авмаар байна...” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр “Багануур Илч” ХХК-д 356.833.475 төгргөгийн хохирол учирсан гэж үзэх үндэслэл үгүйсгэгдэж байна.    

Иймд Нийслэлийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ананд овогт Содномдаржаагийн Батболдод холбогдох эрүүгийн 2017 0100 0100 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй байна гэж үзэв.

Шүүгдэгч С.Бын эзэмшлийн 76-51 УНБ улсын дугаартай “Ниссан Примера” маркийн 4.800.000 төгрөгийн үнэлгээтэй тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 09 дугаар прокурорын тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.