Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 293

 

                                                                                                   

С.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Сүхбат,

шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/141 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор С.Б-д холбогдох эрүүгийн 2017 0100 0100 дугаартай хэргийг 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

А овгийн С-н Б, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр Архангай аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, автоматик инженерийн мэргэжилтэй, “Мон Энерго Строй” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт .....................тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ......................./;

С.Б нь 2015 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн хооронд “Б-И” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаандаа, хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2012 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 06 дугаартай тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж:

“М К” ХХК-иас авах ёстой авлага 284.791.475 төгрөгт “Б И” ХХК-д ашиглагддаггүй 55 ширхэг втулкийг 2016 оны 10 дугаар сарын 5-ны өдөр, “Э” ХХК-иас авах ёстой авлага 42.000.000 төгрөгт 8 ширхэг втулкийг 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр, “О Т Б” ХХК-иас 26.042.000 төгрөгт 5 ширхэг втулкийг 2016 оны 10 дугаар сарын 5-ны өдөр тус тус тооцон авсан,

“Б И” ХХК-д 2016 онд 16.000.000 төгрөгөөр автомашин худалдан авахаар төсөвлөгдсөн байсныг өөрийн “Мон Энерго Строй” компанийн 38-60 УНЯ улсын дугаартай зах зээлийн үнэлгээгээр 12.000.000 төгрөгийн үнэ бүхий “Хьюндэй Старекс” автомашиныг 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр “Б И” ХХК-д 16.000.000 төгрөгөөр борлуулан “Б И” ХХК-д нийт 356.833.475 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: С.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: С.Б-г хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож, С.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу долоон сая төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Б-д оногдуулсан 7000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 төгрөгөөр торгох ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар С.Б-н эзэмшлийн 76-51 УНБ улсын дугаартай “Ниссан примера” загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгон шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүх С.Б-г гэм буруутайд тооцсон үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 39.5, 39.6, 39.7, 39.8 дугаар зүйлүүдийг бүхэлд нь зөрчсөн гэж үзэж, давж заалдах гомдол гаргаж байна.

Прокурор Ц.Насанбатын бичсэн эсэргүүцлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 660 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 536 дугаартай тогтоолоор хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэхдээ Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 579 дугаартай цагаатгах тогтоолд хийсэн гэм буруугийн асуудал болон цагаатгаж шийдвэрлэсэн үндэслэлийг буруутгасан, хүчингүй болгосон заалт байхгүй, зөвхөн цагаатгасан үндэслэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан агуулга, үндэслэлүүдийг тодорхой илэрхийлсэн байх шаардлагад нийцүүлэхээр анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэснийг шууд гэм буруутайд тооцож шийдвэрлэж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь заалтыг зөрчиж, хуулийг буруу хэрэглэн гэм буруутайд тооцсон гэж үзэж, эс зөвшөөрч доорхи үндсэлэлийг гаргаж байна. Үүнд:

1. Ял сонсгосон прокурорын тогтоолд заасан гэм буруугийн үндэслэлийн талаар:

1.1 С.Б-г 2015 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн хооронд “Б И” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаандаа толгой компани болох “Б” ТӨХК-ийн ТУЗ-өөс үүрэг болгосон шийдвэрээр олон жил хуримтлагдсан их хэмжээний өр төлбөрийг барагдуулах ажиллагааг өөрийн эрх хэмжээний дотор гүйцэтгэсэн байх бөгөөд харилцагч байгууллагуудын хооронд үүссэн өр авлагыг хууль ёсоор барагдуулах зорилгоор иргэний хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэлийг шийдвэрлэх явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу эвлэрэн хэлэлцсэн болон эвлэрлээр шийдвэрлэсэн өр авлагыг барагдуулж, толгой компани “Б” ТӨХК-д зайлшгүй шаардлагатай сэлбэг хэрэгсэл /втулка/-ийг авч компанийн үндсэн хөрөнгөд бүртгэсэн байхад их хэмжээний буюу 356.833.475 төгрөгийн хохирол учруулсан мэтээр буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, энэ тооцоолол нь өөрөө эрх зүйн болон санхүүгийн хувьд шууд буруу тооцсон дүн гэж үзнэ.

1.2 Байгууллагын үндсэн хөрөнгөд авагдсан сэлбэг нь “Б И” ХХК-д ашиглагддаггүй гэж гол буруутгах үндэслэлээ гаргаж байгаа нь хэт нэг талыг барьсан шинжтэй байх бөгөөд “Б И” ХХК нь уурхайн олборлолтын үйл ажиллагаа эрхэлдэггүй, харин уг сэлбэг нь толгой газруудаас өндөр үнээр авдаг сэлбэг болох нь тогтоогдож байгаа, толгой компанийн ТУЗ-ийн шийдвэрээр гаднаас авдаг эдгээр сэлбэгийг охин компаниас авах нь өр авлагыг барагдуулах зөв арга зам гэж үзэж, шийдвэр гаргасан толгой компанийн ТУЗ-ийн хурлын протокол хэрэгт авагдсан нь уг буруутгаж буй ашигладаггүй сэлбэг авсан гэж буруутгаж буйг шууд үгүйсгэж байна.

1.3 Эд хөрөнгийн үнэлгээгээр хохирол 393.000.000 төгрөгөөр тогтоосон байх бөгөөд яллагдагчаар татсан тогтоолд нийт хохирлыг 356.833.475 төгрөгөөр тооцсон нь С.Б-н хувьд хохирол учруулсан байдлыг шууд үгүйсгэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримталбал эдийн засгийн үнэлгээгээр биет байдлаар байгууллагын үндсэн хөрөнгөд байгаа эд хөрөнгийг хохиролд тооцох ямар ч үндэслэл байхгүй байна.

1.4 Ажилчдын хэрэгцээнд 16.000.000 төгрөгөөр худалдан авсан “Хьндай Старекс” загварын микроавтобусны үнэлгээг 12.000.000 төгрөгөөр тооцож гаргасан байх боловч уг автомашиныг худалдан авах эрхийг толгой компаниас олгосон байх ба хэнээс худалдан авснаар бус ажлын шаардлагад нийцэж буй эсэх, тухайн үеийн зах зээлийн ханштай таарч буй эсэх нь гол шаардлага бөгөөд эдгээр байдлаас үзэхэд 4.000.000 сая төгрөгийн зөрүү гарч байгаа мэт боловч НӨАТ-ыг тооцоогүй /тооцвол 2,8 сая төгрөг/, Эрүүгийн хуулийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирлын үлэмж хэмжээнд хүрэхгүй байна.

1.5 Компанийн тухай хуулиар охин компани нь төрийн болон хувийн өмчийн хэлбэрийг үл харгалзан уг хуулийн 6 дугаар зүйлд зааснаар эд хөрөнгийн хувьд зөвхөн толгой компанийн өмнө хариуцлага хүлээхээр заасан нь охин компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх олгогдсон байсан С.Б-н зүгээс үүссэн өр авлагыг барагдуулах зорилгоор явуулсан үйл ажиллагаа байх ба толгой компанид шаардлагатай сэлбэгийг өрөндөө авсан шийдвэр нь хууль зөрчсөн гэж үзэх шийдвэрийг зөвхөн толгой компани болох “Б” ТӨХК-ийн ТУЗ-ийн шийдвэр байх ёстой атал охин компанийг хохирогч гэж үзэж байгаа нь уг хуулийг зөрчиж байна гэж үзнэ.

            2. Хэргийг шийдвэрлэх талаарх санал хүсэлт:

2.1 С.Б-д холбогдох хэрэгт гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна гэж үзэж байна. Удаан хугацаанд хуримтлагдсан өрийг барагдуулах үүрэг шийдвэрийн дагуу явуулсан үйл ажиллагаанд зөрчил байгаа боловч энэ нь эрүүгийн гэмт хэрэг гэж тооцох хэмжээнд хүрэхгүй, хохирол учирсан болох нь тогтоогдоогүй, толгой компанид шаардлагатай эд хөрөнгө болох нь тогтоогдож байгаа, хувьдаа хууль бусаар эд зүйл авч байгууллагад хохирол учруулаагүй, өрөнд авсан эд  зүйл нь байгууллагын үндсэн хөрөнгийн бүртгэлд авагдсан зэрэг нөхцөл байдлууд нь гэм бурууг үгүйсгэх шууд хангалттай үндэслэл болж байна. /Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь заалтыг баримтлах/.

2.2 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон хэргийн нөхцөл байдал /Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх заалт/-ыг баримталбал өмнө гарсан хүчин төгөлдөр болсон шүүхийн /зөвхөн дээд шатны шүүхийн шийдвэрээр уг шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хуулийн заалттай/ шийдвэрийг гэм бурууг нотлох баримт болгох ямар ч хуулийн үндэслэл байхгүй гэж үзнэ.

2.3 Байгууллагын балансад авлагаар бүртгэгдсэн тооцоог эдийн засгийн агуулгаар нь өртэй газраас олж авчирч биет байдлаар байгууллагад өр барагдуулсан үйл ажиллагаа нь авлага барагдуулсан үйл баримт болохоос биш байгууллага /компани/-ын эд хөрөнгийг хувьдаа авч хохирол учруулсан үйл баримт биш болох нь шууд тогтоогдсон, маргаангүй байдал гэж үзнэ.

2.4 Түүнчлэн анхан шатны шүүхийн тогтоолд гэмт хэрэг үйлдсэний дараа төлбөрөө төлсөн мэтээр тодорхойлсон нь үнэн байдалтай нийцэхгүй, гэмт хэрэгт шалгуулахаар гомдол гаргах үед хохирол гэх зүйл уг хэрэгт байхгүй байсан, байх ч үндэслэлгүй талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад хангалттай нотлох баримт цугларсан, хохиролгүй байсан нь нотлогдсон маргаангүй байдал гэж үзэж байна.

            Дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн С.Бын үйлдэлд буюу гэмт хэргийн бүрэлдэхүүнд заавал байх үлэмж хэмжээний хохирол учирсан, эсвэл учруулсан гэх гол шинж /обьектив болон субьектив тал/ байхгүй болох нь нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг баримтлан хэрэгсэхгүй болгож, цагаатгах үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэжээ.

Шүүгдэгч С.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... “Б И” ХХК-иас иргэний шүүхийн шийдвэрээр авсан сэлбэгийг “Б” ТӨХК-д шилжүүлж өгсөн, ямар нэгэн төлбөр тооцоо байхгүй. Анхан шатны шүүхээс намайг үлэмж хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцоход нь би шүүгчээс “үлэмж хэмжээний хохирол нь хэдэн төгрөг юм бэ, санхүүгийн хохирлыг тоогоор илэрхийлэх ёстой” гэхэд шүүгчээс “хохирол байхгүй, тэг төгрөгийн хохирол учруулсан” гэсэн. “Тэг төгрөгийн хохирлыг хэнд учруулсан юм бэ” гэхэд “хэнд ч учруулаагүй” гэж хэлсэн. Иймээс хохирол болон хохирогч байхгүй хэрэгт намайг яллаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. ТУЗ-өөс надад үүрэг даалгавар өгсөн ба би түүний дагуу үйл ажиллагаа явуулж, ТУЗ-ийн даргад цаг тухайд нь танилцуулж байсан. Манай байгууллагын ТУЗ нь 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хуралдаад өр авлага барагдуулах үйл явцтай танилцаж, “сэлбэгийг авах нь зүйтэй, аваад үл хөдлөх хөрөнгийн блансад бүртгэж ав” гэсэн асуудлыг дэмжсэн. ...” гэв.

Шүүгдэгч С.Б-н өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 141 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэж, давж заалдах гомдол гаргаж байна. Харилцагч байгууллагуудын хооронд үүссэн өр авлагыг хууль ёсоор барагдуулах зорилгоор иргэний хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийг шийдвэрлэх явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу эвлэрлээр шийдвэрлэн өр авлагыг барагдуулж, толгой компани “Б” ТӨХК-д зайлшгүй шаардлагатай сэлбэг хэрэгсэл буюу втулка авч, компанийн үндсэн хөрөнгөд бүртгэсэн байхад их хэмжээний хохирол буюу 356.833.475 төгрөгийн хохирол учруулсан мэтээр буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн диспозиц нь хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан нь өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор үйл ажиллагаа явуулсны улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан байхыг шаарддаг. Анхнаасаа “Б И” ХХК-д 393.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий сэлбэг нь тухайн байгууллагын үндсэн хөрөнгөд авагдаад, үйл ажиллагаанд зарцуулагдаад явж байсныг хохиролд тооцсон. Үүнийг эрх зүйн үүднээс нь авч үзэхэд үлэмж хэмжээний хохирол шаарддаг хуулийн зүйл, хэсэгт хохирол учраагүй байхад учирсан мэтээр яллах дүгнэлт үйлдээд, яллагдагчаар татаж байгаа үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Компанийн тухай хуулийн 6 дугаар зүйлд, охин компани нь эд хөрөнгийн хувьд зөвхөн толгой компанийн өмнө хариуцлага хүлээхээр заасан. Тэгэхээр “Б” ТӨХК-ийн өмнө “Б И” ХХК эдийн засгийн хариуцлага хүлээнэ. ... Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 141 дугаартай шийтгэх тогтоолдоо яллах дүгнэлтийг хуулаад, С.Быг гэм буруутайд тооцсон. Шийтгэх тогтоолд С.Бын гэм буруу нь ямар баримтаар, яаж нотлогдсон бэ гэдгийг тодорхойлж бичээгүй. ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу явагдсан аж ахуйн үйл ажиллагааг гэмт хэрэг гэж үзээд байгаад гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь тодорхойгүй, эргэлзээтэй байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, С.Быг цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Прокурор Ц.Сүхбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндсэн шинжүүдийг “хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас хохирол учирсан байх” гэж заасан. Зөвхөн хохирол учирсан байх гэж заагаагүй. Эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан, мөн хохирол учирсан байхын аль алийг нь шаарддаг. ... Шүүгдэгч С.Б нь авлагатай байсан 3 компаниас авлагаа нэхэмжилж, Иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан. Талууд эвлэрч, шүүх эвлэрлийн гэрээг баталж шийдвэрлэсэн. “Б И” ХХК нь “Б” ТӨХК-ийн охин компани юм. “Б И” ХХК нь “М К” ХХК, “О Т Б” ХХК, “Э” ХХК гэх 3 компаниудаас нийтдээ 350.000.000 төгрөгийн авлага үүссэн. Авлагаа авахын тулд Иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан. С.Б дээрх компаниудын холбогдох албан тушаалтнуудтай авлагынхаа оронд втулка авахаар эвлэрлийн гэрээ байгуулсан. Үүнийгээ ТУЗ-дөө танилцуулахдаа “... “сэлбэг хэрэгсэл ав” гэсэн иргэний шүүхийн шийдвэр гарсан. Үүнийг авахаас өөр аргагүй” гэсэн. ТУЗ-ийн бүх гишүүд гэрчээр мэдүүлэг өгөхдөө яг энэ байдлаар мэдүүлсэн. ТУЗ-ийн шийдвэр гарсан гэж хэлж байна. Тийм шийдвэр байхгүй. ... “Б” ТӨХК-иас авлагадаа сэлбэг ав гэх зөвшөөрлийг “Б И” ХХК-нд өгөөгүй. ... Толгой компани зөвшөөрөл өгөөгүй байхад өөрөө сэлбэгийг дур мэдэж авчихаад ТУЗ-дөө шүүхийн шийдвэр гэж тайлбарлаж болохгүй. Бүх хэлцлүүдийн цаана ашиг сонирхлын хэлцлүүд байдаг. Өөрөө болон өөрийнх нь хамаарал бүхий этгээдүүдийн нэрээр байгуулсан гэрээ хэлцлүүд байгаа. Үүнээс олсон орлогоороо өөрийнхөө ББСБ-д болон хувь хүнд төлөх ёстой байсан 60.000.000 төгрөгийн өрөө төлсөн, хүргэн нь гараж, байртай болсон байдаг. “О Т Б” ХХК-ийн удирдах албан тушаалтнуудтай уулзаад уг компанийн нэрийн өмнөөс өөрийнхөө компанитай гэрээ байгуулсан. Өөрөө шуудай нийлүүлэх үйл ажиллагаагаа явуулж, үлдэгдэл мөнгөнд нь өөрөө өөртэйгөө эвлэрлийн гэрээ байгуулсан. Ийм байдлаар хууль бусаар албан тушаалын байдлаа урвуулан ашигласан үйл баримт тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

С.Б нь 2015 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн хооронд “Б И” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаандаа, хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор, тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2012 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 06 дугаартай тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж:

“М К” ХХК-иас авах ёстой авлага 284.791.475 төгрөгт “Б И” ХХК-д ашиглагддаггүй 55 ширхэг втулкийг 2016 оны 10 дугаар сарын 5-ны өдөр, “Э” ХХК-иас авах ёстой авлага 42.000.000 төгрөгт 8 ширхэг втулкийг 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр, “О Т Б” ХХК-иас 26.042.000 төгрөгт 5 ширхэг втулкийг 2016 оны 10 дугаар сарын 5-ны өдөр тус тус тооцон авсан,

“Б И” ХХК-д 2016 онд 16.000.000 төгрөгөөр автомашин худалдан авахаар төсөвлөгдсөн байсныг өөрийн “Мон Энерго Строй” компанийн 38-60 УНЯ улсын дугаартай, зах зээлийн үнэлгээгээр 12.000.000 төгрөгийн үнэ бүхий “Хьюндэй Старекс” автомашиныг 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр “Б И” ХХК-д 16.000.000 төгрөгөөр борлуулан “Б И” ХХК-д нийт 356.833.475 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогчийн төлөөлөгч Г.Т-н “... “Б И” ХХК нь Эрэл тоосгоны үйлдвэрээс 139.512.350 төгрөгийн нүүрс борлуулсны авлагатай байсан юм. Тэгтэл С.Б нь тус компаниас 42.000.000 төгрөгт втулкыг тус бүрийг нь 5.250.000 төгрөгөөр бодож, нийт 8 ширхэгийг авсан байна. Энэ сэлбэг хэрэгслийг манай “Б И” ХХК-д ашиглагддаггүй. ... Мөн “М К” ХХК-иас 285.582.428 төгрөгийн нүүрсний авлагатай байсан. Гэтэл уг компаниас тус бүрийг нь 5.192.407 төгрөгөөр бодож втулка авсан. 2015 оны 12 дугаар сард “О Т Б” ХХК-иас 60.009.000 төгрөгт нүүрсний шуудай авахаар болж “Б” ХК-иас 49.753.700 төгрөгийг “О Т Б” ХХК-д шилжүүлсэн. “Б И” ХХК-ийн данснаас 10.255.300 төгрөгийг бэлнээр гаргаж “О Т Б” ХХК-д тушаасан. “Б” ХК-иас гаргасан төлбөр мөнгө нь “Б И” ХХК-ийн өглөгт бичигдсэн. Ингээд тус компаниас 20.000.000 төгрөгт буюу 110.000 ширхэг нүүрсний шуудай авсан. Үлдсэн 42.042.000 төгрөгт шуудай авах ёстой байтал шуудай авахаа болиод 16 сая төгрөгт ажилчдын унаа гэж 38-60 УНЯ улсын дугаартай, хуучин Старекс загварын автомашин авсан. Үлдсэн 26.042.000 төгрөгт 5 ширхэг втулкыг тус бүрийг нь 5.208.400 төгрөгт бодож авсан. Ингээд нийт 68 ширхэг втулкыг өр барагдуулах нэрээр авч байгууллагын орлогод хүчээр авахуулаад байна. Орлогод авахгүй гэхээр цалингаас чинь хасна, захирлын тушаал биелүүлээгүй гэж ярьдаг. ... Уг автомашиныг худалдаж авсан 16.000.000 төгрөг манай компанийн данснаас гараагүй. “О Т Б” ХХК-иас 42.042.000 төгрөгт шуудай авах ёстой байтал авахаа болиод оронд нь “Старекс” загварын автомашиныг 16.000.000 төгрөгөөр тооцож өр төлбөр авсан. Үлдсэн 26.042.000 төгрөгт 5 ширхэг втулка авсан. Үүнийг С.Бын хийж байгаа бизнес гэж үзэж байна. ... “Б” ХК-ийн ТУЗ-ын зөвшөөрөлгүйгээр С.Б нь “Б И” ХХК-ийн эд хөрөнгийг актлах, худалдан авах, данс, балансаас хасах эрхгүй. ...” /1 хх 23-25/, “... Ганц “Э” ХХК-иас ирсэн сэлбэг гэлтгүй, тус авлагатай гурван компаниас ирсэн сэлбэгийг С.Б захирал “хүлээж ав” гэдэг шийдвэрийг 2015 оны 10 дугаар сараас хойш ерөнхий нягтлан бодогч А бид хоёрыг шаарддаг байсан. Бид хоёр “ТУЗ-ийн шийдвэргүй бол авч болохгүй” гэж хэлээд хүлээн авч компанийн орлогод авахгүй байсан. Тэгээд 2016 оны 2 дугаар сард 2015 оны жилийн эцсийн тайлан мэдээ гаргах гээд А бид хоёр аргагүй байдалд ороод С.Б захирлаар өөрөөр нь “хариуцлагаа хүлээнэ” гэсэн бичиг хийлгэж аваад орлогод авсан. Яг ямар хүмүүс сэлбэг авчирч компанийн агуулахад буулгасан талаар мэдэхгүй байна. ...” /1 хх 26/,

гэрч Г.Э-н “... С.Б нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн хувийн компанид унаж хэрэглэж байсан “Старекс” загварын автомашиныг зах зээлийн ханшаас өндөр үнэлгээтэй буюу 16.000.000 төгрөгөөр “Б И” ХХК-д авсан. Авлагатай байсан “Эрэл тоосго” ХХК, “М К” ХХК, “О Т Б” ХХК-иудаас эксковаторын втулка 68 ширхэгийг авсан гэж компанийн орлогод оруулсан. ...” /1 хх 30-31/,

гэрч Ц.А-н “... Би “Б И” ХХК-д 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ахлах нягтлан бодогчоор ажиллаж байгаад хүүхэд асрах чөлөө авсан. ... С.Б захирал шүүхийн шийдвэрийн захирамжтай тул втулка сэлбэгийг хүлээж ав гээд захирлын тушаал гарсан тул “Э” ХХК-иас өгсөн гэх 8 ширхэг втулкыг тооцооны нягтлан бодогч Г.Т, нярав Ж.Ж бид гурав хүлээж авсан. Анхандаа бол компаниудаас өр барагдуулах зорилгоор авч байгаа боловч втулка сэлбэгийг хүлээж авахгүй гэж С.Б захиралд амаар хэлсэн боловч “шүүхийн шийдвэрийн захирамжтай байгаа, сэлбэгийг нь авч компаниудын өрнөөс хасалт хий” гэж хэлсэн тул Эрэл ХХК-иас өгсөн 8 ширхэг втулка би хүлээж авсан. “М К” ХХК, “О Т Б” ХХК-иас өгсөн втулкыг би хүлээж аваагүй. Уг сэлбэг хэрэгслийг хаанаас орж ирсэн талаар мэдэхгүй. С.Б захирал агуулахад сэлбэгийг хүлээж ав гээд байсан. Агуулахад орж үзэхэд маш олон тооны гуулин втулка хураагаад тавьчихсан байсан. Хэн хаанаас авчирч хураасан талаар мэдэхгүй байна. Ажил тарсны дараа авчирч хураасан юм шиг байна лээ. Ажлын цагаар бол ямар нэгэн втулка авчирч хураагаагүй.

“Э” ХХК-ийн нүүрсний өр төлбөр нь нилээн олон жил болж байгаа төлбөр байсан. “М К” ХХК-ийн өр төлбөр нь намайг ажилд орохоос өмнө 2015 онд үүссэн өр төлбөр байсан. “О Т Б” ХХК-иас шуудай авч байсан, сүүлдээ шуудай авахаа болиод үлдэгдэл мөнгөө авахаар болж мөнгөнийхөө оронд втулка авч байгаа гэж С.Б захирал бидэнд ойлгуулсан. Ингээд “Б” ХК-д өрөндөө втулка нийлүүлнэ гэж хэлдэг байсан. “Б И” ХХК-ийн ТУЗ-ийн хурал дээр С.Б захирал толгой компани болох “Б” ХК-д төлөх ёстой өрөндөө втулка өгье гэж удаа дараа санал тавьж байсан боловч “Б” ХК-ийн санхүү эрхэлсэн захирал О, ТУЗ-ийн гишүүн Б нар зөвшөөрөхгүй байсан. Яагаад гурван өөр компаниас нэг нэр төрлийн, марк, дугаар нь ижилхэн втулка авч байгаа юм. Уг гурван компанийн үйл ажиллагаа өөр өөр байхад ийм байх боломжгүй гээд ТУЗ-ийн гурван гишүүний хоёр нь зөвшөөрөхгүй байсан. ТУЗ-ийн дарга О  болохоор санхүүгийн хэлтэс, хуулийн зөвлөхөөс санал авч болох үгүйг нь судлаж байгаад шийдвэрлэнэ гэж байсан.

“Б И” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл нь гурван гишүүнтэй, дарга нь “Б”  ХК-ийн захирал М.О, гишүүдэд нь Санхүү эрхэлсэн захирал О, Б нар байсан. М.О захирлыг солигдохоос өмнө С.Б захирал ТУЗ-ийн хурал дээр втулка сэлбэгийг аваад манай компанийн өрнөөс хасаж өгөөч гэсэн хүсэлт тавихад М.О  захирал одоо болохгүй ээ. Би ажлаа өгөх гэж байгаа, дараа байгуулагдах ТУЗ-ийн хурлаар оруулж шийдвэрлүүл гэж хэлж байсан. С.Б захирал втулкыг “Б” ХК-д өрөндөө өгөх гэж нилээн олон сар явсан боловч ТУЗ-ийн гишүүд зөвшөөрөхгүй байсан. Би ТУЗ-ийн хурал дээр суудаг байсан тул хурал дээр яригдаж байгаа бүх зүйлийг мэддэг байсан. Иймээс хурал дээр яригдсан зүйлийн талаар үнэн зөвөөр нь мэдүүлж байна.

... 2016 оны Бизнес төлөвлөгөөнд ТУЗ-ийн гишүүдийн зөвшөөрлөөр “Б И” ХХК-д ажилчдын унаа 16.000.000 төгрөгөөр авах зөвшөөрөл олгосон. Тэгтэл С.Б захирал “интернетээр судалгаа хийчихлээ, хуучин “Старекс” машин 16.000.000 төгрөгийн үнэтэй байгаа тул “Б И” ХХК-ийн ажилчдын унаанд одоо явж байгаа “Старекс” машиныг авчихъя, Ганбат гэж хүний машин байгаа юм, миний хувийн компанид явдаг машин байгаа юм” гэж надад танилцуулсан. Тэгэхээр нь би “энэ машин чинь зах зээлийн ханшаас арай үнэтэй байна” гээд зөвшөөрөөгүй. ... Сүүлдээ өдөр болгон шахуу энэ машиныг орлогод авчихаач гээд байхаар нь би компанийн орлогод авсан. ...” /1 хх 32-33/,

Сэлбэгүүд агуулахад бууснаас хойш нэлээд хэд хоногийн дараа С.Б захирал тухайн втулкануудыг хүлээж авах талаар нягтлан Т, нярав Ж бид гурвын нэрийг оруулсан тушаал гаргасан байсан. Уг тушаалын дагуу хүлээж ав гэхээр нь ТУЗ-ийн шийдвэр гараагүй тул хүлээн авч компанийн орлогод авах боломжгүй гэдгээ С.Б захиралд шууд хэлсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу гэх боловч шүүгчийн захирамжид “втулка хураан авч “Б И” ХХК-д олго гэсэн шийдвэр байгаагүй. С.Б захирал өөрөө тухайн өглөгтэй компаниудтай эвлэрлийн гэрээ хийчихсэн байсан. ... ТУЗ-ийн хурал дээр С.Б захирлын хүлээн авсан 68 ширхэг втулкыг орлогод авч болох эсэх талаар ярилцсан. Тэгэхэд гишүүд хуулийн зөвлөхөөс асууж байж болно гээд ямар нэгэн шийдвэр гаргаагүй. ... Хаанаас ямар хүмүүс втулкануудыг авч ирж, манай компанийн агуулахад буулгасан талаар би мэдээгүй, амралтын өдөр буулгасан байх гэж бодож байна. ...” /1 хх 24-25/,

гэрч Д.О-н “... Би “Э” ХХК-ийн өмгөөлөгчөөр ажилладаг. Манай компанийн тоосгоны үйлдвэр нь “Б И” ХХК-иас нүүрс худалдан авч, үлдэгдэл төлбөрт 139.512.350 төгрөгийн өртэй байсан юм. Энэ өрийг барагдуулахгүй яваад “Б И” ХХК нь Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иргэний хэрэг үүсгээд хянан шийдвэрлэх явцад манай компани нь “төлбөрөө төлнө, алданги тооцож байгаа 69.756.175 төгрөгөөс татгалзаж, бидэнд төлбөр барагдуулах хугацаа өгөөч, өр төлбөрөө барагдуулах зорилгоор бараа материал санал болгомоор байна” гэж захирал С.Б-д хэлэхэд бидний хүсэлтийг хүлээн авсан. Ингээд “Э” ХХК-ийн агуулахад байсан барааны жагсаалтыг С.Б-д өгсөн. Тэрээр бараа материалтай танилцаад R 33-1800 Good year загварын, Белазын 7 ширхэг шинэ дугуйг тус бүрийг 6.000.000 төгрөгөөр үнэлж, нийт 42.000.000 төгрөгт тооцож авахаар тохиролцон, улмаар уг 7 ширхэг дугуйг 63-55 УНЦ улсын дугаартай, “Хово” загварын автомашинд ачуулж явуулсан. Дугуй шилжүүлсэн акт, машинд ачуулсан тэмдэглэл үйлдэж, С.Б-р гарын үсэг зуруулж баталгаажуулж авсан байна. Иймээс иргэний хэргийн шүүх 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр хялбаршуулсан журмаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. ... Ямар учиртай эвлэрлийн гэрээ байгуулсан бэ гэхээр 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр жинхэнэ гэрээ буюу манай компаниас С.Б-д хүлээлгэж өгсөн 7 ширхэг дугуйны үнэ болох 42.000.000 төгрөгийг барагдуулсан гэж гэрээ байгуулсан. Энэ бол жинхэнэ гэрээ юм. Харин 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр манай компаниас “Б И” ХХК-д 8 ширхэг втулка нийлүүлсэн гэрээ нь хуурамч. Яагаад хуурамч юм бэ гэхээр 2016 оны 3 дугаар сарын дундуур С.Б нь над руу утсаар яриад эвлэрлийн гэрээний үнэд таарсан втулка нийлүүлсэн гэх гэрээнд гарын үсэг зураад өгөөч гэж намайг гуйсан. Би түүнээс ямар учиртай талаар асуухад “ах нь асуудалгүй, өөр юманд ашиглах гэж байгаа юм аа” гэхээр нь миний хувьд санаанд ороогүй, уг гэрээн дээр гарын үсэг зурсан, тамга тэмдэг дарж өгөөгүй. Манай компанид втулка гэж ямар нэгэн эд анги байхгүй. ...” /1 хх 36-37/,

гэрч У.Б-н “... Намайг “Э” ХХК-ийн сэлбэгийн няраваар ажиллаж байхад улаан өнгийн “Хово” загварын машинтай хоёр хүн ирээд “танай компанийн хуулийн зөвлөх О явууллаа, дугуй авна” гэж хэлсэн. Удалгүй араас нь хуулийн зөвлөх Д.О ирээд уг хоёр хүнд дугуй өгөх ёстой гээд R 33-1800 Good year загварын, Белазын 7 ширхэг дугуйг кранаар ачиж өгөөд явуулсан. Хуулийн зөвлөх Д.О хүлээлгэн өгсөн бичиг баримт үйлдсэн. ... манай байгууллагын агуулахад втулка гэж эд анги байхгүй. ...” /1 хх 39/,

гэрч Э.Ө-н “... Би “М К” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг. Манай компани нь 2016 онд “Б И” ХХК-иас нүүрс аваад 300 гаруй сая төгрөгийн өртэй болсон. Бага багаар төлсөөр 284.791.475 төгрөгийн өртэй үлдээд, тоосго санал болгоход авахгүй гэсэн. ... Тэгэхээр нь танай компанид өөрсдөө хэрэгтэй зүйлээ санал болго гэхэд втулка гэж эд анги авъя гэсэн. Ингээд манай компанийн агуулахад байсан тоо, ширхэгийг нь санахгүй байна, втулкыг нүүрсний төлбөрт өгсөн. ...” /1 хх 40-41/,

гэрч Л.У-н “... Би Э.Ө-тэй 55 ширхэг гуулин втулка худалдах, худалдан авах гэрээ хийснээ санахгүй байна. ... “М К” ХК-ийн захирал Э.Ө нь манай том хүү байгаа юм. Харин би Э гэх хүнд өөрийн нэр дээр бүртгэлтэй байсан Алтан-Орд хотхонд 3 өрөө 93 м.кв, 2 өрөө 64 м.кв тус бүр хоёр байр, автомашины 4 гараж зэргийг бартераар буюу барааг бараагаар солилцох журмаар 55 ширхэг втулка сэлбэг тус бүрийг 5.700.000 гаран төгрөгөөр бодож худалдах, худалдан авах гэрээ хийж байсан. ...” /1 хх 43-45/, “... Надаас байр, автомашины зогсоол бартераар авсан Э гэх залуу 2 өрөө байр, 2 автомашины зогсоолыг нь шууд өөр хүний нэр дээр шилжүүлнэ гээд танихгүй хүмүүс дагуулж ирээд надтай худалдах, худалдан авах гэрээ байгуулуулсан. Өөрөө 3 өрөө байрыг нь 2 автомашины зогсоолтой нь өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан. ...” /1 хх 45/,

гэрч Д.Э-н “... Манай хадам аав С.Б 2016 оны намар надтай уулзаад “Б И” ХХК-д нүүрсний өртэй дампуурах гэж байгаа нэг компани байна. Надад өрөндөө орон сууцны байр санал болгоод байна. ... “Чи тэр байрыг нь сонирхож үзэх үү, втулкыг оруулж ирж чадах уу” гэж асуухаар нь судлаад үзье гэж хэлсэн. Ингээд би Эрээнд амьдардаг хамтран ажилладаг Өвөрмонгол Б гэдэг залуутай холбогдоод асуусан. ... Тэрээр Улаанбаатар хотод очихдоо нэг ширхэг нь 5.160.000 төгрөг болох юм байна юм гэж хэлсэн. Би нэг ширхэг втулкыг хүлээж аваад хадам аав С.Б-д үзүүлэхэд “мөн байна, “М К” ХК-ийн хүмүүстэй уулзаад втулка, байрныхаа үнийг тохиролц” гэж хэлсэн. Би компанийн захирал Э.Ө, түүний ээж У нартай уулзаад бартерийн үнэ дээрээ тохиролцоход надад 3 өрөө байр, 2 өрөө байр, дөрвөн автомашины зогсоол өгье гэж хэлсэн. Би 1 ширхэг втулкыг 5.700.000 төгрөгөөр бодож өгнө гээд нийт 310 сая гаран төгрөгийн барааг бартераар солилцохоор тохирсон. ...” /1 хх 56-57/,

гэрч Б.С-н “... Би яг энэ втулкыг “М К” ХК-ийн хашаанаас гаргаад “Б И” ХХК-д хүлээлгэж өгөх ажилд оролцоогүй. Захирал Э.Ө втулка худалдаж аваад “Б И” ХХК луу шилжүүлсэн зарлагын падааныг надад үзүүлж байсан. Э.Ө захирал намайг “Б И” ХХК шүүхэд нэхэмжлэл гаргасан байна, энэ иргэний хэрэг дээр намайг хуульчаар ажиллаж өгөөч гэсэн. Би зөвшөөрөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад харилцан тохиролцож эвлэрэхээр болсон. Эвлэрлийн гэрээ байгуул гэж Э.Ө захирал хэлсэн тул би түүнтэй уулзаж, 2016 оны 10 дугаар сарын 5-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан. Энэ гэрээг байгуулах үед втулкыг өгөөгүй. ... Э.Ө захиралд У гэж хүнээс втулка худалдан авсан гэрээ байсан. ...” /1 хх 71/, “... “Б И” ХХК-д албан ёсоор орон сууцны байр, автомашины зогсоол өгсөн зүйл байхгүй. Харин Э гэж хүнээс 55 ширхэг втулка авч, өрөндөө “Б И” ХХК-д нийлүүлсэн. Э-д втулкын төлбөрт Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 111 дүгээр байрнаас 2 байр, автомашины зогсоол 4-ийг өгсөн. ...” /1 хх 72/,

гэрч Е.Н-ы “... “Б И” ХХК-иас нүүрсээ зээлээр аваад байсан чинь 3 сарын хугацаанд 310.000.000 орчим төгрөгийн өртэй болсон. Тоосгоны борлуулалтын мөнгөнөөс 30-40 орчим сая төгрөгийг төлөөд 284.791.475 төгрөгийн үлдэгдлийг бэлнээр барагдуулж чадахгүй болсон. ... Ингээд Э.Ө захирал “Б И” ХХК-ийн захиралтай очиж уулзана гээд явсан. 2016 оны 9 дүгээр сараас 10 дугаар сарын үед втулка нийлүүлэхээр болсон гээд У гэдэг хүн манай ажил дээр ирээд захиралтай уулзаад 55 ширхэг втулка нийлүүлнэ гэсэн гэрээ байгуулаад явсан. Хэд хоногийн дараа Ө захирал ““Б И” ХХК-д втулка нийлүүлчихсэн, очоод нүүрсний тооцоогоо нийлээд НӨАТ-н баримт аваад ир” гэж хэлсэн. Ингээд хуулийн зөвлөх Б.С-н хамт “Б И” ХХК-д очоод Төмөрбаатар гэдэг нягтлан бодогчтой нь өр, авлагын тооцоо нийлсэн. Дэргэд нь сууж байсан нярав залуутай втулка нийлүүлсэн гэх баримтан дээр гарын үсэг зурж өгсөн. Миний хувьд уг 55 ширхэг втулкыг нүдээр хараагүй. ... У гэдэг хүн манай компанид ямар ч втулка нийлүүлээгүй. ...” /1 хх 74-75/, 

гэрч Д.Э-н “... Миний бие “О Т Б” ХХК-ийн үйл ажиллагааг удирдаж явуулдаг. ... 2015 оны 11 дүгээр сард С.Б над руу залгаад “ирээд уулзаадахаач ахын дүү” гэхээр нь би түүний ажил дээр очиж уулзсан. Гэтэл “Б И” ХХК-д 250.000 ширхэг шуудайны хэрэгцээ гараад байна, танай компанийн нэрээр ах нь нийлүүлчихье гэхээр би “нэмэгдсэн өртгийн албан татварын 10 хувиа авч татварт тушаана шүү, манай компанийн нэрээр шуудай нийлүүлж болно” гэж хэлээд явсан. Удалгүй хэд хоногийн дараа буюу 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр гэрээгээ байгуулъя гэж С.Б ах над руу утсаар яриад би компани дээр нь очиж 60.009.000 төгрөгийн худалдах, худалдан авах гэрээг өөрийн компанийн нэрээр байгуулж, би Д.У ах дээр очиж гэрээнд гарын үсэг зуруулж баталгаажуулсан. 11 дүгээр сарын 27-ны өдөр С.Б над руу яриад “шуудайгаа захиалах гээд байна, урьдчилгаа мөнгө авах шаардлагатай болсон тул кассын орлогын ордер дээр гарын үсэг зурах шаардлагатай байна, компанийн тамгаа аваад ирээч” гэхээр нь би ажил дээр нь очиж, бэлэн мөнгөний орлогын баримт болох 10.255.300 төгрөгийн баримтад гарын үсэг зурж өгсөн. Би мөнгө төгрөг аваагүй. С.Б өөрөө компаниасаа мөнгөө аваад шуудайгаа захиалсан байсан. Үүний дараа 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр С.Б ах над руу яриад “ахын дүү нийт мөнгөн дүнгийнхээ нэхэмжлэхийг бичээд өгөөч” гэхээр нь би нэхэмжлэх дээр гэрээнд заагдсан үнийн дагуу шуудай 250.000 ширхэг, оёдлын утас 750 ширхэг, гар машин 6 ширхэг, нэмэгдсэн өртгийн албан татварын үнийн хамт 60.009.000 төгрөгийн нэхэмжлэхийг “Б И” ХХК-ийн нэр дээр бичиж өгсөн. ... 2016 оны 10 дугаар сарын үед С.Б ах над руу залгаад “ажил дээр хүрээд ирээч” гэхээр нь би очиж уулзаад нөгөө шуудайны чинь ажил дууссан уу, гэрээ дүгнэсэн акт үйлдмээр байна гэхэд өөдөөс “одоо харин дуусгах гээд байна, танай компани манай “Б И” ХХК-д 26.042.000 төгрөгийн өртэй юм байна гэхээр нь “юун өр, төлбөр яриад байгаа юм бэ, та чинь шуудайгаа нийлүүлээд дуусгаагүй юм уу” гэхэд “одоо дуусгах гээд байна аа, ахын дүү 26.042.000 төгрөгийн өр төлбөрийн оронд 5 ширхэг втулка нийлүүлж байгаа гээд энэ эвлэрлийн гэрээн дээр гарын үсэг зурчих” гэхээр нь би уг гэрээг уншиж танилцахад хоорондоо эвлэрээд өр төлбөр дуусгавар болж байгаа гэсэн утгатай гэрээ байхаар нь хурдан энэ балай юмнаас салъя гээд гэрээнд нь гарын үсэг зураад нэг хувийг нь өөртөө авсан. ... 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр манай компанийн Голомт банкны дансанд “Б” ХК-иас шуудайны үнэ гэж 49.753.700 төгрөгийн орлого орж ирснийг би тус өдөр нь бэлнээр нь авч гэрээнд заасан 60.009.000 төгрөгийн 10 хувь буюу 6.000.900 төгрөгийг аваад үлдсэн мөнгийг нь С.Б-д өгөх гээд түүний гар утас руу залгаж ярихад “манай гэрийн гадаа очоод эхнэрийн утас руу яриад өгчих” гэхээр нь Сансарт очиж эхнэрийнх нь гар утас руу залгаж, гэрийнх нь гадаа уулзаад 43.000.000 төгрөг уутанд хийж өгсөн. ...” /1 хх 76-77/,

гэрч Д.У-н “... Би огноог нь сайн санахгүй байна. Манай дүү Д.Э над руу утсаар яриад “миний таньдаг ах манай компанийн нэрээр ажил хийгээдэхье, дараа нь хамтарч ажиллая гэж байна, шууд худалдан авалтын гэрээн дээр гарын үсэг зураад, тамга дараад өг” гээд гэрээг нь над руу явуулсан. Тухайн гэрээг нь уншихад “Б И” ХХК-д нүүрсний шуудай, оёдлын машин, оёдлын утас нийлүүлэх гэрээ байсан тул гарын үсгээ зураад тамга дараад явуулсан. Тэгтэл 2016 оны 2 дугаар сард байх, “Б И” ХХК-ийн санхүүгийн ажилтан над руу залгаад “танай компаниас авлага үүсээд байна” гэхээр нь гайхаад дүү Э-тай утсаар ярьтал “мэдэхгүй байна, “Б И” ХХК-д очиж уулзъя” гэж надад хэлсэн. Ингээд очиж уулзахад манай компанийн нэрээр шуудай нийлүүлсэн захирал нь болох Б ах нягтлантайгаа ярьчихлаа, санаа зоволтгүй гэж байна гэж надад хэлсэн. ... Компанийн нэрийг ашиглуулснаар Д.Э бид хоёрт нэг ч төгрөгийн ашиг байгаагүй. ... Манай компани “Б И” ХХК-д шуудай, утас, оёдлын машин огт нийлүүлээгүй. ...” /4 хх 241-242/,

 гэрч С.Б-н “... Өмнөх оны судалгааг байгууллагын дотоод мэдээллийн сангаас авч үзэхэд хувь хүн, аж ахуйн нэгж байгууллагаас втулка сэлбэг хэрэгслийг сард            1-2 ширхэгийг худалдаж авч байсан байна. Үнэ төлбөрийн хувьд дундажаар 4.900.000 төгрөгийн үнэлгээтэй байдаг. ...” /1 хх 90-92/,

гэрч Д.Г-н “... 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр манай найз М.Ү нь С.Б гэж хүн дагуулж ирээд “би байраа барьцаанд тавиад танай банк бус санхүүгийн байгууллагаас 50.000.000 төгрөг 3 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлье” гээд ... би найз Ү-д итгээд дагуулж ирсэн С.Б гэж хүнд 50.000.000 төгрөг зээлдүүлж, гэрээ байгуулсан. Мөнгө зээлдүүлсэн үеэс хойш эхний гурван сард зээлийн төлбөрт сар бүр 1.500.000 төгрөг төлдөг байсан. Сүүлдээ төлөхөө байгаад алга болсон. ... 2016 оны 9 дүгээр сард зээлсэн мөнгөнийхөө оронд автомашины хоёр гараж өгье гэхээр нь ... мөнгөө авч чадахгүй байхаас ядаж гаражийг нь нэр дээрээ шилжүүлээд авч байя гээд хоёр автомашины зогсоолыг авахаар болж хэд хоногийн дараа С.Б гэрээ хийе гээд надтай утсаар ярьсан. Бид хоёрыг уулзахад хоёр эмэгтэй хүнтэй ирсэн. Нэг эмэгтэй нь буюу У гэдэг хүн надтай автомашины зогсоол худалдах, худалдан авах гэрээ хийгээд үл хөдлөх дээр очиж өөрийн нэр дээрээ шилжүүлж авсан. ... 2017 оны 4 дүгээр сард Үүрцайхтай цуг С.Б ирж надтай уулзсан. Би түүнд нэг гаражийг чинь 17.800.000 төгрөгөөр зарсан, үндсэн мөнгөнөөс чинь хасагдсан, одоо үлдэгдэл 32.200.000 төгрөгөө барагдуулчихвал тооцоо дуусъя, хүү авахгүй гэж хэлсэн. ...” /1 хх 95-96/,

гэрч Э.Б-н “... Би Л.У  гэж эмэгтэйг танихгүй. Би одоо амьдарч байгаа хаяган дээрээ буюу Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Алтан-Орд цогцолбор хотхоны 18 тоот байранд эхнэр, хүүхдийн хамт 2016 оны 10 дугаар сард орсон. Байранд орсны дараа цахилгааны мөнгө нь Л-н У гэж хүний нэр дээр ирж байсан. Мөн нилээн хэд хоногийн дараа бас Ус сувгийн газраас байх над руу утсаар яриад “Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Алтан-Орд цогцолбор хотхоны 18 тоот байранд одоо ямар хүн амьдарч байна вэ, Л.Уранцэцэг гэж айлынх байдаг уу” гэж асуухаар нь “тийм айл байхгүй, манайх Б гэдэг айл, манайх саяхан нүүж орсон” гэж хэлсэн. Түүнээс хойш манай гэрийн хаяган дээр Л.У гэж хүний нэр дээр төлбөр тооцоо ирээгүй. Уг 2 өрөө орон сууцыг манай аав Энхтайван, ээж Оюунбилэг хоёр надад худалдаж авч өгсөн. Би 2012-2014 онд Солонгос улсын Ёнсой их сургуулийн хэлний бэлтгэлд 2 жил сурч байгаад 2014 оны 06 дугаар сард Монгол Улсад ирсэн. Ингээд эхнэр, хүүхэдтэй болоод аав, ээж хоёр намайг тусдаа гаргаж өгнө гээд 2 өрөө байр худалдаж авч өгсөн. 2016 онд намар аав над руу утсаар яриад 13 дугаар хорооллын автобусны буудлын урд хүрээд ир гэхээр нь яваад очиход чамд байр худалдаж авч өгөх гэж байна гээд нотариатаар батлуулж, худалдах, худалдан авах гэрээ хийхэд миний нэрээр гэрээ хийсэн. ...” /1 хх 107/,

гэрч Ц.Э-ы “... Ажил хийгдэж байх үед урьдчилгаа төлбөр болох 30.000.000 төгрөгийг надад өгөөд үлдсэн 60.000.000 төгрөгийг төлөхгүй явсаар байгаад 2016 он хүргэсэн. Ингээд би өдөр болгон шахуу мөнгөө нэхээд утсаар яриад байхаар 2016 оны намар мөнгөний чинь оронд 2 өрөө байр өгье, зөрүү мөнгө өгч чадах уу гэж асуухаар нь би байрыг чинь үзье гээд Замын цагдаагийн газрын зүүн талд баригдсан Алтан-Орд цогцолбор хотхоны 2 өрөө орон сууцны байрыг надад үзүүлсэн. Ингээд би шинэ байр байхаар нь тухайн үед манай хүү Э.Б эхнэр, хүүхэдтэй болчихсон байсан тул тусдаа гаргая гэж бодоод мөн дээр нь С.Б-с ингээд ч болтугай мөнгөө олж авъя гэж бодоод байрыг нь авахаар болоод 50.000.000 төгрөг нэмж өгөөд  нийт 110.000.000 төгрөгөөр уг орон сууцны байрыг худалдан авахаар болж Э.Б-н нэрээр худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Худалдаж авч байгаа байрны гэрчилгээ нь эмэгтэй хүний нэр дээр бүртгэлтэй байсан тул худалдаж авахаасаа өмнө ямар нэгэн барьцаа, зээлэнд тавигдсан байна уу гэдгийг шалгаж байж авсан. Худалдах, худалдан авах гэрээ хийхээс өмнө надтай утсаар яриад хоёулаа бага үнийн дүнгээр гэрээгээ хийчихье татварт бага мөнгө төлдөг юм гээд надаас гуйгаад байхаар нь би гэрээ хийх үед нь дотогш ороогүй гадаа машинд үлдээд эхнэр, хүүхэд хоёроо оруулсан, намайг орвол бага үнийн дүнгээр гэрээ хийх гээд байж магадгүй гэж бодоод энэ хоёрыгоо оруултал багаар бодож гэрээ хийх гэхээр нь зөвшөөрөхгүй байна гээд гараад ирлээ гэхээр нь за тэгвэл татварт төлөх мөнгийг нь тавь тавин хувиар нь төлье гээд гэрээ хийчих гэж хэлсэн. Ингээд эхнэр, хүүхэд хоёр буцаж ороод худалдан авсан үнийн дүн болох 110.000.000 төгрөгөөр гэрээ хийгээд би татварт төлөх мөнгөнийх нь 50 хувийг өгч байсан. Мөн С.Б нь надад ярихдаа байрны эзэн эмэгтэй нь манай дүү гэж ярьж байсан. Тэр эмэгтэйтэй нь би уулзаагүй. Манай эхнэр, хүүхэд хоёр худалдах, худалдан авах гэрээ хийхдээ уулзсан байх. ...” /1 хх 108-109/,

          гэрч Б.Н-н “... Би Б И ХХК-ийн ТУЗ-ийн хурал бэлтгэх ажил, хурлын тэмдэглэлийг хөтөлдөг. Хөндлөнгөөс үйл ажиллагаа, шийдвэрт нь нөлөөлөх эрх байхгүй. С.Б захирал нь 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр болсон ТУЗ-ийн хурал дээр Эрэл ХХК-иас эхлээд шүүхийн шийдвэрийн дагуу сэлбэг хэрэгсэл өгөхөөр болж байгаа гэж ярьсан. Яг 3519.05.02.302 загварын втулка хэрэгсэл авахаар болж байгаа гэж яриагүй. Тухайн үед ТУЗ-ийн 3 гишүүнээс судлаад танилцуул гэдэг үүрэг даалгавар өгөгдөж байсан. Энэ дагуу 2017 онд шинээр томилогдсон ТУЗ-ийн гишүүдэд С.Б захирал ажлаа танилцуулахдаа шүүхийн шийдвэрээр хураагдаж ирсэн гэх сэлбэг  материалын жагсаалтыг дэлгэцээр танилцуулж байсан. Тухайн ТУЗ-ийн гишүүдийн хурлаас компанид хэрэгтэй эсэх, охин компаниасаа худалдаж авч болох эсэх талаар худалдаа хангамж хариуцсан хэлтэс, санхүү эдийн засгийн бодлогын хэлтэст судлах үүрэг өгөхөөр болсон. Ингээд хурал дээр С.Б захирал ажлаас гарах хүсэлтээ өгөөд чөлөөлөгдсөн. ...” /1 хх 121/,

            гэрч Н.Б-н “... 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн ТУЗ-ийн хурал дээр өглөг, авлагын талаар С.Б нь танилцуулахдаа шүүхийн шийдвэрээс “Э” ХХК-ийн 100.000.000 төгрөг өглөгтөө сэлбэг материал өгнө гэсэн. Энэ сэлбэг материал нь дан уул уурхайн чиглэлийнх, тиймээс толгой компанид шаардлагатай сэлбэг материалыг шилжүүлж өрнөөсөө барагдуулах саналтай байна гэж хэлж байсан. Мөн толгой компаниас өгсөн үүрэг чиглэлийн дагуу өр барагдуулах ажлыг хийж байгаа гэж хурал дээр ярьж байсан. Ингэхээр нь би “наад асуудлаа бүртгэл судалгаатай болго, шүүхийн шийдвэрээр хураагдсан эд хөрөнгө гээд зарах асуудал байж болдог юм уу, манайд хэрэглэгдэх сэлбэг материал байна уу, судалж танилцья” гэж хэлж байсан. Ингээд над руу сэлбэг материалын судалгааг ч явуулсан юм байхгүй, удалгүй өөрөө ажлаа хүлээлгэж өгсөн. С.Б нь 2017 онд шинээр томилогдсон ТУЗ-ийн гишүүдэд ажлаа танилцуулахдаа 3519.05.02.302 загварын втулка хэрэгсэл өрөндөө өвч байгаа гэж нэр томьёогоор нь танилцуулж байгаагүй. Ажлаа хүлээлгэж өгөх өдрөө шүүхийн шийдвэрийн дагуу 68 ширхэг 3519.05.02.302 загварын втулка хэрэгсэл авсан, толгой компани хүлээж аваач гэж хэлж байсан. ...” /1 хх 122-123/,

            гэрч Ч.О-н “... С.Б яг тийм сэлбэг хэрэгсэл авахаар болсон гэж нэр төрөл зааж танилцуулж байгаагүй. Мэдээллийг яаж өгч байсан бэ гэхээр “Э” ХХК-иас шүүхийн шийдвэрийн дагуу өрөндөө сэлбэг хэрэгсэл авахаар болсон гэж танилцуулж байсан. Өөр бусад компаниудаас өрөндөө сэлбэг хэрэгсэл авахаар болсон гэж надад лав танилцуулж байгаагүй санагдаж байна. “Э” ХХК-иас бол шүүхийн шийдвэрийн дагуу сэлбэг авахаар болсон гэж 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хурал дээр ярьж байсан. Миний хувьд С.Б нь анхааруулаад үнэхээр шүүхийн шийдвэрийн дагуу хураагдаж ирсэн юм бол зарж борлуулаад мөнгийг нь гаргаж авах оролдлого хий, зар мэдээ өг хууль, дүрмийн дагуу шийдвэрлэ гэж зөвлөж байсан. Тэгэхэд С.Б “ойлгож байна аа” гэсэн. “Б И” ХХК нь толгой компанидаа маш их өртэй байсан тул өрөө хаах маягаар уг сэлбэг хэрэгслийг шууд өгч болох уу гэж хурал дээр асууж байсан. Миний хувьд бол болохгүй, тийм юм байхгүй, шаардлагатай гэсэн зарчмын шаардлагаа тавьж байсан. М.О, Р.Б нар мөн л адилхан шууд авч болохгүй, хууль журмын дагуу судлаж байгаад авч болох үгүйг шийднэ гэж хэлж байсан. ...” /1 хх 125-126/,

            гэрч М.О-н “... “Э” ХХК, “М К” ХК-иудыг нүүрсний төлбөрөө барагдуулахгүй байхаар нь шүүхэд хандсан юм. Ингээд уг компаниуд нь өрөө барагдуулах зорилгоор “Э” ХХК орон сууцны байр санал болгосон, “М К” ХК болохоор ачигч, машин санал болгож байна гэж С.Б надад хэлэхээр нь би “Б” ХК-ийн техникийн хэлтсээс хүн явуулж үзүүлсэн боловч “М К”-ын техник шаардлага хангахгүй, муу техник байна гэсэн. “Э” ХХК-ийн байрыг үзээд байрлал муутай, зах зээлийн ханшаас үнэтэй байна гэсэн. “Э” ХХК-ийн байрыг үзээд байрлал муутай, зах зээлийн ханшаас үнэтэй байна гэж надад танилцуулсан тул би аваад хэрэггүй гэж хэлсэн. Үүнийг дараа С.Б надтай ирж уулзаад нөгөө компаниуд өрөө барагдуулах зорилгоор манай  компанид шаардлагатай сэлбэгүүд өгье гэж байна гэхээр нь С.Б-г техник, хангамжийн хэлтсийн ажилтан нартай уулзаад шаардлагатай техник хэрэгсэл мөн эсэхийг нь асуу, ямар үнээр худалдаж авдаг талаар нь тодруулаад болно гэх юм бол өр авлагаа барагдуулах зорилгоор тэр сэлбэг хэрэгслийг нь ав гэж амаар хэлсэн. Би тэгээд удалгүй 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн тул С.Б-г сэлбэг хэрэгсэл авсан талаар мэдэхгүй байна. ...” /1 хх 128-129/,

            гэрч Ц.Г-н “... Би урьд нь тайлбар өгөхдөө худал мэдүүлсэндээ уучлал хүсч байна. 38-60 УНЯ улсын дугаартай, “Хьюндэй Старекс” загварын авто машин миний эзэмшлийн машин биш. 2016 оны 07 дугаар сарын сүүлээр манай охин С-н нөхөр С.Б аав таны нэр дээр нэг Старекс машин шилжүүлээд буцаагаад компанид зарах гэсэн юм. Бичиг баримтаа аваад цуг яваад өгөөч гэхээр нь би зөвшөөрөөд хүргэн С.Б-н хамт “Хьюндэй Старекс” загварын авто машиныг миний нэр дээр шилжүүлж өгсөн. Маргааш нь хөдөө Хөдөлмөрийн яамны урд талын нотариатын газар дээр очиж гарын үсэг зуруулсан. Би гарын үсэг зурж өгчихөөд явсан. Би уг машиныг зарсан мөнгөнөөс нэг төгрөг ч аваагүй. Надад мөнгө төгрөг өгнө гэж амлалт өгсөн хүн байхгүй. Хүргэн С.Б надад хэлэхдээ компаниас компанийн нэр лүү шилжүүлчихье гэхээр нь хууль бус зүйл гэж бодолгүй тэгээ тэг гээд хэлчихсэн юм. Ингээд намайг хоёр өдөр дагуулж яваад бичиг баримтан дээр гарын үсэг зуруулсан. С.Б-тай 2017 оны 06 дугаар сарын 15-ны орой утсаар яриад “Авлигатай тэмцэх газраас дуудаад байна” гэхэд “таны нэр дээр шилжсэн машин юм чинь миний машин гэдгээрээ мэдүүлэг өгөөрэй” гэж надад захисан. Би худлаа ярьж чадахгүй юм байна. Хэрэв худлаа яриад байвал өөрөө хэрэгтэн болох учраас үнэнээ хэлж байна. ...” /1 хх 133/,

            гэрч Т.Г-н “... 2015 оны 12 дугаар сарын сүүлээр миний танил болох “Б И” ХХК-нд ковшийн  жолоочоор ажиллаж байсан С.Б гэж залуу над руу утсаар яриад “Э” компанийн агуулахаас дугуй ачаад “Б” ХК-д хүргээд өгөөч гэж хэлсэн тул би зөвшөөрөөд найз Одхүүгийн хамт “Э” ХХК-ийн агуулах дээр очиход хоёр хүн тосож аваад ачааны авто машины 7 ширхэг дугуйг миний унаж явсан машины тэвшин дээр өргөж ачиж өгсөн. Ингээд бид хоёр “Э” ХХК-ийн ажилтнаас 500.000 төгрөг хөлсөндөө аваад шууд “Б” ХК-ийн агуулах дээр 19 цагийн үед очиж, уг 7 ширхэг дугуйг буулган хүлээлгэж өгчихөөд буцсан. Би 250.000 төгрөгийн ашигтай ажиллаж байсан. Дугуйны загварыг нь санахгүй байна. Их л том дугуйнууд байсан. Белазын дугуй байх, надаас лав өндөр байсан. ...” /1 хх 134/,

            гэрч Д.Б-н “... “Мон Энерго Строй” ХХК-иас 10 ширхэг 3519.05.02.302 загварын втулка сэлбэг хэрэгсэл худалдаж авахаар 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр “Б” ХК-ийн гүйцэтгэх захирал М.О, санхүү эдийн засгийн хэлтсийн дарга Ч.О, худалдаа хангамжийн хэлтсийн дарга Ч.Ч, хуулийн зөвлөх Д.Г нар тус компаний захирал Ч.Н гэж хүнтэй втулка сэлбэг хэрэгслийг ширхэг тус бүрийг нь 4.800.000 төгрөгөөр худалдаж авахаар 16/07-495 дугаартай гэрээ хийсэн байсан. Үүний даруу 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр “Мон Энерго Строй” ХХК-иас нийлүүлсэн 10 ширхэг 3519.05.02.302 загварын втулка сэлбэг авч компанийн №01393 дугаартай орлогод авсан байна. Д.Эрдэнэхүү жолооч Улаанбаатар хотоос Б ХК-руу уг сэлбэг хэрэгслийг ачиж ирсэн тул түүнээс хүлээж авсан байна. Д.Эрдэнэхүү ах Улаанбаатар хотоос хаанаас, ямар хүнээс хүлээж авсныг нь мэдэхгүй байна. ... Хангамжийн хэлтэс нь бараа материал хүлээж аваад хэсэг нэгжүүддээ тараадаг тул төлбөр тооцооны талаар мэдэхгүй байна. Санхүүгийн хэлтэс төлбөр тооцооны асуудлыг шийдвэрлэдэг. Худалдах, худалдан авах гэрээнд зааснаар болон орлогод авсан баримтуудаас үзэхэд 1 ширхэг тус бүрийг нь 4.800.000 төгрөгөөр тооцож, нэмэгдсэн өртгийн албан татвартайгаа 52.800.000 төгрөгийн зарлагыг “Б” ХК-иас гаргасан байна. ...” /1 хх 138-139/,

            гэрч Д.Э-н “... Миний хувьд өдөр болгон шахуу Улаанбаатар, Б хоёрын дунд бараа зөөж тээвэр хийдэг. Ноднин жил 2016 оны 10 дугаар сард их олноор нь буюу 10 ширхэг втулка сэлбэг хэрэгслийг миний машинд ачуулсан хүн бол “Б” ХК-ийн худалдааны төлөөлөгч Энхбаатар гэж залуу Дүнжингарав захын ойролцоо хүлээлгэж байгаад протер загварын машин дээр втулка ачиж ирээд миний камазан дээр шилжүүлж ачиж байсан. Миний хувьд Энхбаатараас втулка авсан. Энхбаатар ямар хүнээс аваад надад авчирч өгснийг би мэдэхгүй байна. Ингээд Энхбаатараас хүлээж авсан 3519.05.02.302 загварын 10 ширхэг втулка сэлбэгийг нярав Д.Б-т хүлээлгэж өгсөн. ...” /1 хх 140/,

           гэрч А.Т-н “... Манай “Иннова” ХХК нь хөнгөн бетон, блокны үйлдвэр эрхлээд 7-8 жил үйл ажиллагаа явуулж байна. Блокоо чанахын тулд уурын зуухаар уур гаргадаг юм. Ингээд нүүрс их хэмжээгээр хэрэглэдэг тул “Б И” ХХК-иас гэрээ хийж нүүрс авдаг. 2015 оны жилийн эцэст нүүрсний төлбөрийн үлдэгдэл 40.000.000-50.000.000 төгрөгийн тооцоо байсан. “Б И” ХХК-ийн захирал С.Б нь он гарлаа, он доторх төлбөр тооцоогоо дуусгахгүй бол манай ажил болохгүй нь гэж надад хэлсэн. Төлбөрөө төлөхгүй бол шүүхэд нэхэмжлэл гаргаж өгнө гэж хэлсэн. Манай компанид бэлэн мөнгө байгаагүй тул ямар боломж байна вэ надад блок, шохой байна гэж хэлсэн. Тэгсэн өөдөөс “Э” ХХК-д том машины дугуй байна, тэр дугуйг “Б” ХК авдаг юм байна лээ, чи уг дугуйнуудыг тийшээ нийлүүлж чадах уу, харин “Э” ХХК-д втулка хэрэгтэй байна гэж надаас асуусан. Тухайн үед надад Малайзаас авчирсан 10 гаран дугуй байсан, түүнийг зарна гээд зар тавчихсан байсан чинь нэг залуу бөөнөөр нь надаас хямдхан авъя, цаашаа би уурхайнуудад өгнө гэж яриад байхаар нь гэнэт Б-н хэлээд байсан дугуй миний санаанд ороод чи том дугуйг аваад “Б” ХК-д шахаж чадах уу гэхэд чадна гэсэн. Ингээд би Б руу утсаар яриад “Б” ХК руу нөгөө дугуйнуудыг өгч болохоор боллоо гэж хэлсэн. Ингээд би тэр втулка сэлбэгийг хаанаас олж болох вэ, ямар шүү юм байдаг юм бэ гэж Б-с асууж байсан. Ингээд би втулка сэлбэгийг хайж яваад нэг хүнээс 8 ширхэг втулка бартераар буюу оронд нь блок өгч худалдаж аваад Б-той утсаар яриад “тэр втулканы чинь асуудлыг шийдчихлээ, очоод аваарай” гэж хэлж байсан. Ингээд миний хувьд бартерын наймаагаар компанийн өрөө төлсөн. Энэ ажил яг шинэ оны өмнөхөн санагдаж байна. ...” /1 хх 141-142/,  “... Энэ асуудлын хувьд товчхондоо С.Б надтай втулка зардаг гэх танихгүй залууг уулзуулсан. Тэр залуу нь надаас блок аваад, 8 ширхэг втулкыг “Э” ХХК-нд өгнө гэсэн. Эрэл ХХК-иас авсан 7 ширхэг дугуйг манай компанийн нэрээр “Б” ХК-луу өгсөн. Энэ бүх ажлын найруулгыг С.Б хийсэн. Миний хувьд өртэй хүн өрөө дарахын тулд өөрт байгаа эд хөрөнгө болох блокоо өгсөн. С.Б нь цаашаа яаж бужигнуулсан талаар мэдэхгүй байна. Миний хувьд 42.000.000 төгрөгт блок өгсөн нь үнэн. ...” /4 хх 120/,

           гэрч Р.Э-н “... 2016 онд “Б” ХК-иас втулка сэлбэг хэрэг болсон яаралтай олж явуул гэхээр нь 10 ширхэгийг цуглуулаад нэмэгдсэн өртгийн албан татвар төлдөг компаниас авна гэдэг шаардлагыг тавьсан тул С.Б-н “Мон Энерго Строй” ХХК нь НӨАТ төлдөг тул уг компанийн нэрээр тушаая гэж С.Б-той ярилцсан. Тэгсэн С.Б НӨАТ-ыг тооцоод манай компанийн нэрээр тушааж болно гэж хэлсэн юм. Ингээд түүний компанийн нэрээр 10 ширхэг 3519.05.02.302 загварын втулка сэлбэг хэрэгсэл тушаасан нь үнэн. ...” /1 хх 161-162/,

 

гэрч Э.Н-ы “... “Б И” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан С.Б нь үүрэг гүйцэтгэх хугацаандаа толгой компанидаа 1.0 тэрбум гаран төгрөгийн өрөнд оруулаад ажлаа өгсөн. Шүүхийн шийдвэрийн дагуу өр барагдуулсан гээд 3519.05.02.302 загварын втулка 68 ширхэгийг авсан шүүхийн шийдвэртэй гэж “Б” ХК-ийн удирдлагуудад танилцуулаад хүлээгээд аваач гэж хэлж байсан. Тухайн үед нь С.Б-н хэлснээр аваагүй, яагаад гэхээр нь “үнэ өртөг өндөр байна, нэг загварын сэлбэг хэрэгсэл хэт олон ширхэг байна, манай компанийн 7-8 жилийн нөөц байна, учрыг нь олж байж хоёр компанийн хоорондын тооцоогоор авах үгүйгээ шийдвэрлэнэ” гэж хэлсэн. Төлөөлөн удирдах зөвлөлөөс ч ийм шийдвэр гарсан. Тиймээс уг 68 ширхэг втулкыг “Б И” ХХК-иас хоорондын тооцоогоор хүлээн авах ямар ч боломжгүй. Нэгэнт хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа тул эцсийн шийдвэрийг шүүхээр гаргуулсны дараа уг асуудлыг шийдвэрлэнэ. 3519.05.02.302 загварын втулка сэлбэг хэрэгслийг уурхай дээр ашигладаг. Гэхдээ хэт олон ширхэгийг ТУЗ-ийн зөвшөөрөлгүй авсан үйлдэл нь ямар ашиг сонирхлын зөрчилтэй арилжаа наймаа болсон талаар би мэдэхгүй байна. Тиймээс хууль, шүүхийн байгууллага шалгаад үнэн зөвийг нь тогтоогоод шийдвэрээ гаргавал манай компани шийдвэрийг хүлээн авна. Тэрнээс биш уг 68 ширхэг втулкыг шууд хүлээж авах боломж байхгүй. Хүлээгээд авлаа гэхэд 7-8 жил манай агуулахад хадгалагдаад хэрэглэж дуусах байх. ...” /4 хх 121-122/ гэх мэдүүлгүүд,

 

“Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1 хх 168-171/, Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 175/,  

2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр “Б И” ХХК болон “О Т Б” ХХК-ийн хооронд байгуулсан шуудай, утас, гар машин худалдах, худалдан авах гэрээний хуулбар /1 хх 78-79/, кассын зарлагын ордер, нэхэмжлэх /1 хх 80, 81/, орлого зарлагын баримт /1 хх 83-85/,

“Б И” ХХК болон “О Т Б” ХХК-ийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээний хуулбар /1 хх 86/, зарлагын баримт /1 хх 87/, “О Т Б” ХХК-ийн Голомт банк дахь 1410009546 дугаартай дансны хуулга /1 хх 88-89/,  

“Б И” ХХК болон “М К” ХХК-ийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээний хуулбар /1 хх 179/,  “Б И” ХХК болон “Э” ХХК-ийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээний хуулбар /1 хх 182, 183/, 

“Э” ХХК-иас “Б И” ХХК-д эд хөрөнгө шилжүүлсэн тухай баримт /1 хх 185/,

“Мон Энерго Строй” ХХК, “Үүдэн чулуу” ХХК-тай байгуулсан 2014 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн хамтран ажиллах гэрээ /1 хх 110-113/,

Л.У,Э.Б нарын хооронд байгуулсан 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ №2546 /1 хх 116-117/, Д.Э, Ч.Х нарын хооронд байгуулсан авто зогсоол худалдах, худалдан авах гэрээ /3 хх 48-49/,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 184/ШШ2016/01093 дугаартай шүүгчийн захирамж /1 хх 180/, 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2016/00458 дугаартай шүүгчийн захирамж /1 хх 187-188/, 

“Монгол Энерго Строй” ХХК-ийн “... 38-60 УНЯ улсын дугаартай, “Хьюндай Старекс” загварын тээврийн хэрэгслийг Ц.Ганбатын нэр дээр шилжүүлж өгнө үү. ...” гэх 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн албан бичиг /1 хх 202/,

“Б И” ХХК-ийн “... иргэн Ц.Ганбатаас 38-60 УНЯ улсын дугаартай, “Хьюндай Старекс” загварын тээврийн хэрэгслийг худалдан авсан тул манай компанийн нэр дээр шилжүүлж өгнө үү. ...” гэх 2016 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 107  дугаартай албан бичиг /1 хх 206/,

Автомашин болон сэлбэг хүлээлцсэн тухай баримт /1 хх 211-212/,

“Б” ХК, “Б И” ХХК-ийн хооронд байгуулсан хөлсөөр ажиллах гэрээ /2 хх 78-80/, “Б И” ХХК-ийн ТУЗ-ийн тогтоол, хурлын тэмдэглэл /2 хх 82-101/, “Б И” ХХК-ийн дүрэм /2 хх 157-164/,  

ШУТИС-ийн МехТС металын сорилт, туршилт эрдэм шинжилгээний төвийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 6/06 дугаартай шинжээчийн дүгнэлт /5 хх 189-192/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч С.Б-г хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр зүйлийн  4.2-т “үлэмж хэмжээний хохирол” гэж арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээ ...”-г ойлгохоор заасан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... үлэмж хэмжээ...”-ний буюу энэ зүйл хэсэгт заасан хохирлын доод хэмжээг тодорхойлон хуульчилсан гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч С.Б-н хувьд “Б И” ХХК-д учруулсан хохирлын хэмжээ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үлэмж хэмжээнээс дээш байгаа нь энэ гэмт хэргийн үндсэн шинжид бүрэн хамаарч байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч С.Б-н албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, “Б И” ХХК-д нийт 356.833.475 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, 7.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирчээ.

Шүүгдэгч С.Б-н холбогдсон гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд 2016 оны 1 дүгээр сараас 2016 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд хамаарч байх бөгөөд 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан байна.

Прокуророос шүүгдэгч С.Б-д анх “Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх” буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан шалгаж байжээ.

Энэ зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн субъектын хувьд өмчийн хэлбэрээс үл шалтгаалж төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн удирдах чиг үүрэг хэрэгжүүлж буй этгээдүүд хамаарах ба уг гүйцэтгэх удирдлагыг төрөөс тодорхой хугацаа, болзолтойгоор  томилдог онцлогтой бөгөөд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28 дугаар бүлэгт /263-273/ заасан “албан тушаалын гэмт хэрэг”-ийн төрийн албан тушаалтны эрх мэдэл буюу албан тушаалаа урвуулах шинжтэй төстэй боловч гагцхүү төрийн өмчийн хамтарсан хэлбэртэй аж ахуйн нэгжийн албан тушаалтан буюу субъектын хувьд ялгагдана.

Нөгөөтэйгүүр, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн  4.1.1 дэх хэсэгт заасан нэр томъёоны тайлбарт “аж ахуйн нэгж” гэж улсын бүртгэлд бүртгэгдэж, аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа компани, нөхөрлөл, хоршоо, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар, тэдгээртэй адилтгах орлогын албан татвар төлөх үүрэг бүхий хуулийн этгээд ...” гэж, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйийн 1 дэх хэсэгт “...Төрийн өмчийн хувьцаатай буюу төр хувь хөрөнгөө оруулсан хуулийн этгээдийг төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд гэнэ ...” гэж тус тус заасан нь төрийн өмчийн оролцоотой “Б И” ХХК-ийн үйл ажиллагаа, өмчийн хэлбэртэй тохирч байна.

            Дээрх нөхцөл байдлууд нь “Б И” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Б-н хувьд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэгт заасан “Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх” гэмт хэргийн субъектэд хамаарч байсныг тодорхойлно.

            Харин 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан “Авлигын гэмт хэрэг”-н гэмт хэрэгт “Нийтийн албан тушаалтай албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” талаарх гэмт хэргийн нийтлэг шинжүүдийг хуульчилсан.

            Өмнөх 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан” гэх субъектын ойлголтыг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан” гэх нэр томъёоны хувьд, зохих хуулиудад нийцүүлэн тайлбарлах шаардлагатай.

Өөрөөр хэлбэл, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна.”, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэгт “төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан”-ыг хамааруулан ойлгох бөгөөд шүүгдэгч С.Б-н “Б И” ХХК-ийн захирлын албан тушаал нь дээрх хуулийн үйлчлэх хүрээнд хамаарч байна.

            Иймд “Б И” ХХК буюу төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлж байсан С.Б-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжид агуулгын хувьд шилжүүлэн зүйлчилснийг буруутгах үндэслэлгүй юм.

Нөгөөтэйгүүр, С.Б-д 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу өмнөх 2002 оны Эрүүгийн хуулиас ялын төрөл, хэмжээг хөнгөрүүлсэн хуулийг буцаан хэрэглэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Өөрөөр хэлбэл, Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэмт хэрэгт оногдуулах хорих ялын доод хэмжээг зургаан сар, дээд хэмжээг гурван жил болгон багасгасан эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэжээ.

Гэвч анхан шатны шүүх 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаагүй нь буруу болжээ.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан ... гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно...” гэж заасан бөгөөд тухайн гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулахаар хуульчилсан байна.

Гэтэл анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт С.Б-н эзэмшлийн 76-51 УНБ улсын дугаартай, “Ниссан примера” загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосон атлаа уг тээврийн хэрэгслийн үнийн зөрүү болох 4.000.000 төгрөгийг улсын төсөвт шилжүүлэлгүй орхигдуулсныг зөвтгөж, тухайн тээврийн хэрэгслийг төлбөрт тооцуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.

            Шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нараас “... толгой компани болох “Б” ТӨХК-д зайлшгүй шаардлагатай сэлбэг хэрэгсэл /втулка/-ийг авч компанийн үндсэн хөрөнгөд бүртгэсэн байхад их хэмжээний буюу 356.833.475 төгрөгийн хохирол учруулсан мэтээр буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, С.Б-д холбогдох хэрэг нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй тул түүнийг цагаатгаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

            Шүүгдэгч С.Б нь “Б И” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2012 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 6 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Б И” ХХК-ийн дүрмийн 9.11.9 дэх хэсэгт заасан “компанийн шинээр авах болон акталж устгах, худалдах, шилжүүлэх үндсэн хөрөнгийн асуудлыг Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд танилцуулан шийдвэрлүүлэх”, 9.11.10 дахь хэсэгт заасан “компанийн үйл ажиллагаатай холбогдох асуудлаар” тушаалын биелэлтийг хангуулах” гэсэн заалтуудыг зөрчиж, хувьдаа болон бусдад давуу байдал тогтоож, “Б И” ХХК-д 356.833.475 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд уг үйлдлийг Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэлд тусгагдсан төдийгөөр зөвтгөх боломжгүйн гадна албан ёсны шийдвэр гараагүй болно.

            Түүнчлэн, Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “давуу байдал” гэдгийг албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулйн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдал гэж ойлгохоос гадна “хувьдаа болон бусдад давуу байдал тогтоох” гэдгийг албан тушаалын байдлаа урвуулах замаар өөртөө болон өөрийн төрөл садан, ойр дотны хүмүүст ашиг олох буюу эд хөрөнгө олж авах зэргээр бусдаас илүү таатай нөхцөл бүрдүүлэхийг, “ашиг хонжоо олох” гэдгийг албан тушаалынхаа байдал, эрх мэдлээ албан ажилдаа харш урвуулан ашиглах замаар өөрийн хөрөнгө орлогыг нэмэгдүүлэх, эдийн болон эдийн бус ашигтай байдлыг бий болгохыг, “албан тушаалын эрх мэдлээ урвуулах” гэдгийг хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан хууль тогтоомж, дүрмээр олгогдсон бүрэн эрх, үндсэн чиг үүргээ албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж, хийвэл зохих үйлдлээ хийхгүй байх эсвэл хийх ёсгүй үйлдэл хийхийг ойлгодог.

            Харин шүүгдэгч С.Б-н хувьдаа, бусдад давуу байдал тогтоосон гэмт хэргийн шинж нь хүргэн Д.Э-н БНХАУ-аас оруулж ирсэн 55 ширхэг втулкаг 284.791.475 төгрөгийн авлагад “М К” ХХК-тай иргэний хэргийн шүүхэд байгуулсан эвлэрлийн гэрээний дагуу авч байгаа мэтээр ойлгуулж, “М К” ХХК-иас 3 болон 2 өрөө байр, дөрвөн автомашины зогсоолын хамт авсан үйлдлээр,

            “О Т Б” ХХК-ийн нэрийг ашиглаж өөрийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан компанитай болон “Б И” ХХК-тай шуудай нийлүүлэх гэрээ байгуулж, санхүүжилтийг бэлнээр болон бэлэн бусаар авсан, үлдэгдэл 26.042.000 төгрөгт 5 ширхэг втулкаг авсан үйлдлээр,

            “Э” ХХК-иас өр төлбөрт тооцож, нийт 42 сая төгрөгийн R33-1800 загварын, 7 ширхэг белазийн дугуйг авсан атлаа, “Иннова” ХХК-иас дээрх дугуйг авсан болгож, “Б И” ХХК-д 1 ширхэгийг 7.500.000 төгрөгөөр буюу НӨАТ орсон дүнгээр нийт 8 ширхэг втулкийг 57.750.000 төгрөгөөр худалдсан үйлдлээр,

            мөн өөрийн хамаарал бүхий компани болох “Мон-Энерго Строй” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байсан 38-60 УНЯ улсын дугаартай “Хьюндай Старекс” загварын тухайн үеийн ханшаар 12.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг төрсөн дүү, С.Б-н хадам аав Ц.Г-н нэр дээр шилжүүлж, улмаар уг тээврийн хэрэгслийг “Б И” ХХК-д худалдан авч байгаа мэт зохиомол байдлыг үүсгэж, 16.000.000 төгрөгөөр худалдан авсан үйлдлүүдээр тус тус тодорхойлогдох бөгөөд хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, компанийн дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан үйлдэл мөн гэж үзнэ.

            Иймд дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

            Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад С.Б-г бусдад төлөх төлбөргүй гэснийг өөрчилж, “353.624.427.87 төгрөгийн үнэ бүхий 68 ширхэг втулкийг “Б” ХК-д шилжүүлж, хохиролгүй” болсноо илэрхийлсэн албан бичгийг “Б И” ХХК-иас ирүүлсэн болохыг дурдаж, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.