Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 341

 

Э.М, Х.М нарт холбогдох

  эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгч Х.Мын өмгөөлөгч Ч.Болдбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 71 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 425 дугаар магадлалтай, Э.М, Х.М нарт холбогдох 1910020330786 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Х.Мын өмгөөлөгч Ч.Болдбаатарын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1986 оны 2 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Чойжилжав овогт Эы М,

2.Монгол Улсын иргэн, 1969 оны 7 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, эрэгтэй, 1998 оны 5 дугаар сарын 28-нд Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж мөн хугацаагаар харгалзаж байсан, Боржигон овогт Хын М нар нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Э.М, Х.М нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.М, Х.М нарыг тус бүр 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Э.Маас 363.000 төгрөг гаргуулж Х.Мт олгуулахаар шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Мын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Х.Мын өмгөөлөгч Ч.Болдбаатар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Х.Мын үйлдэл Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан, түүний хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүй нь Э.Мын хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй гэж үзэж түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгуулах байр сууриа шат шатны шүүхэд гаргасан боловч хүлээн авсангүй. Мөн давж заалдах шатны шүүхэд Э.Мын гаргаж өгсөн баримт эргэлзээтэй, мэдүүлгийн эх сурвалж зөрүүтэй ба шүүх эмнэлгийн дүгнэлт учир дутагдалтай талаар тайлбарласан. Энэ талаар магадлалд үг бүрчлэн бичигдсэн байгаа боловч давж заалдах шатны шүүх няцаан үгүйсгэсэнгүй.

Шүүх хэрэгт холбогдогч нарын хоёр удаагийн давтамжтай үйлдлийн ялгаа, өгсөн мэдүүлгүүдийн зөрүүтэй байдлыг гаргаж, харьцуулан дүгнээгүй нь хэргийг буруу шийдвэрлэхэд хүргэсэн. Тодруулбал: Э.М нь хэрэг болсон өдрөө өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө гээд мэдүүлэг өгөөгүй ба 5 хоногийн дараа мэдүүлэг өгөхдөө “...сигнал дуугаргасан ... нам зогссон... Би тухайн үед машины хойно зогсоод дахиж урд зогсоод байж магадгүй гэж бодоод хажуу талын эгнээгээр явж байтал гэрлэн дохион дээр ирээд дахиад миний урд ирж зогссон. Би машинаас бууж очоод...туслах замаас орж ирж байж...дүрмээрээ яв гэж хэлээд буцаж машиндаа ороод хөдлөөд ...гэрлэн дохио гараад...” гэж мэдүүлсэн. Энэ нь болсон үйл явдлын дарааллыг өгүүлж байгаа бөгөөд “дахиж урд зогсоод байж магадгүй гэж бодоод хажуу талын эгнээгээр явж байтал” гэж болоогүй зүйлийг болсон мэт болгох гэсэн санаагаар мэдүүлж, эхний удаагийн зогсолт дээр ямар нэг харилцан үйлдэл хийгээгүйгээр, дараагийн зогсолтон дээр Мыг үйлдэл эхэлсэн мэт харагдуулсан. Гэтэл энэ нь өөрийнх нь дараагийн мэдүүлэг болон Мын мэдүүлгээс зөрж байгаа нь тогтоогдож байгаа.

Бас шинжээч эмч нарын дүнэлтэнд дурдсан үзлэг хэсэг нь тархины доргилтыг тогтоох үндсэн шалгуур шинж ба дурдсан тэмдэглэл ижил, зөрүүгүй атал нэг нь тархи доргилттой, нөгөө нь тархи доргилтгүй гэж дүгнээд үүнийгээ шүүх хурал дээр хоёр өөрөөр тайлбарлаж байгаа авцалдаагүй мэдүүлгийг шүүх дүгнэж анализ хийгээгүй ба дахин шинжээч томилуулах хүсэлтийг ч анхаарч үзэлгүй хэрэг шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэнгүй.

Иймээс шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг дутуу үнэлсэн, бусад нотлох баримттай нь харьцуулан дүгнэхдээ тал бүрээс нь авч үзээгүй дутуу дүгнэснээс үүдэн хэргийг буруу шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, Х.Мт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Ц.Бурмаа хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүх шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй. Шүүгдэгч нарын мэдүүлгүүдээс харахад зодооныг Х.М эхлүүлсэн гэх дүгнэлтэд хүрч байна. Шүүх Х.М, Э.М нарт холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Х.Мын өмгөөлөгч Ч.Болдбаатарын гаргасан гомдлыг үндэслэн Э.М, Х.М нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, шийтгэх тогтоол, магадлал нь хуульд заасан шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч Э.М, Х.М нар нь 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хоорондоо маргалдан зодолдож бие биедээ харилцан хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч Э.М, Х.М нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.М, Х.М нарыг тус бүр 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын гэм буруу, хувийн байдалд тохирсон, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэв.

Өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нотлогдсон байдлыг судалж үзэхэд шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр харьцуулан үнэлэх замаар шүүгдэгч Э.М, Х.М нарыг харилцан бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тэдний мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд болон гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон талаар хийсэн дүгнэлтийг үндэслэлтэйгээр няцааж үгүйсгэх, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан журмыг зөрчиж цуглуулсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох, анхан шатны шүүхийн тогтоосон хэргийн үйл баримтыг өөрчлөн дүгнэх эрхгүй тул шүүгдэгч Х.Мт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох талаар өмгөөлөгч Ч.Болдбаатарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 71 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 425 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Мын өмгөөлөгч Ч.Болдбаатарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                                             ШҮҮГЧ                                                          Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                   С.БАТДЭЛГЭР

                                                                                                                    Б.БАТЦЭРЭН

                                                                                                                    Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН