Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
Хэргийн индекс | 102/2021/03823/И |
Дугаар | 210/МА2022/01841 |
Огноо | 2022-09-30 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 210/МА2022/01841
ххххх ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч С.Энхбаяр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2022/02477 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч ххххх ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч ххххх ХХК-д холбогдох,
Гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохирол 530,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ххххх, ххххх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хххх, хариуцагчийн өмгөөлөгч хххх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь.
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга: ххххх ХХК нь 2020 оны 10 дугаар сард ххххх ХХК-иас 120 тонн барилгын арматур худалдаж авсан. Худалдаж авсан арматурыг хххх ХХК-д 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн арматур нийлүүлэх гэрээний дагуу худалдсан. Арматур нь чанарын шаардлага хангахгүй талаар хххх ХХК-аас манай компанид мэдэгдсэн. Иймд худалдагч тал болох ххххх ХХК-д нийлүүлсэн арматур нь чанарын шаардлага хангахгүй байна гэдгийг мэдэгдсэн. Арматурыг Барилгын хөгжлийн төвийн Барилгын материалын сорилт шинжилгээний итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд 2 удаа оруулсан. Шинжилгээ хийлгэхэд ххххх ХХК-ийн захирал ххххх, манай компаниас менежер ххххх, хххх ХХК-ийн инженерүүд байсан. Хоёр удаагийн шинжилгээгээр арматурын чанар муу гарсан. ххххх ХХК-ийн нийлүүлсэн 12 диаметртэй арматур нь хэмжээндээ хүрэхгүй буюу 10 диаметртэй байсан. Энэ талаар Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төвийн Барилгын материалын сорилт, шинжилгээний итгэмжлэгдсэн лабораторийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн RE1303 дугаартай сорилт, шинжилгээний дүнгээр тогтоогдсон. Үүнийг ххххх ХХК-ийн захирал ххххх нь хүлээн зөвшөөрөөд үлдэгдэл болох 50 тонн арматурыг хххх ХХК-ийн хашаанаас ачиж авч явсан. ххххх ХХК нь 50 тонн арматурын үнэ болох 86,390,000 төгрөг шилжүүлсэн. Нийлүүлсэн 120 тонн арматураас 70 тонн арматур нь хххх ХХК-ийн баригдаж байгаа барилгад орсон. хххх ХХК нь чанарын шаардлага хангахгүй 70 тонн арматур орсон барилгад барилгын эрх бүхий хххххх ХХК-аар барилгын хүчитгэл хийлгэсэн. хххх ХХК нь 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн албан тоот бичгээр манай компанид холбогдуулан 230,000,000 төгрөгийн барилын хүчитгэл хийсэн зардлыг биднээс шаардсан. Манай компанийн зүгээс хххх ХХК-д хохиролд 230,000,000 төгрөгийг арматур болон барилгын бусад материалаар төлж барагдуулсан.
Тухайлбал, ххххх ХХК нь хххх ХХК-д 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 20 миллметр диаметртэй 30 тонн арматурыг 96,089,600 төгрөгөд тооцуулж, 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 12 болон 16 диаметртэй 30 тонн арматурыг 96,324,000 төгрөгөд тооцуулж, нийтдээ 192,409,600 төгрөгийн хохирлыг арматураар төлсөн. Дээрх ххххх ХХК-ийн чанарын шаардлага хангахгүй арматур нийлүүлснээс болж хххх" ХХК-тай байгуулсан арматур нийлүүлэх гэрээг цуцалсан. Манай компани хариуцагч ххххх ХХК-аас 1 тонн арматурыг 1,640,000 төгрөгөөр худалдаж аваад цааш нь хххх ХХК-д 1 тонн арматурыг 1,750,000 төгрөгөөр буюу 1 тонн дээр 110,000 төгрөг нэмж борлуулсан. хххх ХХК-д манай компани нийт 2,300 тонн арматур нийлүүлэх гэрээтэй байсан. Гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлж 2,300 тонн арматураа бид нийлүүлсэн бол тонн тутмаас 110,000 төгрөгийн орлого, нийт 2,300 тонноос 253,000,000 төгрөгийн орлого олох ёстой байсан. Иймд гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй хохиролд 230,000,000 төгрөг, хххх ХХК-тай 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн арматур нийлүүлэх гэрээний дагуу олох ёстой байсан ашиг 300,000,000 төгрөг, нийт 530,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн гаргасан хариу тайлбарын агуулга: ххххх ХХК нь манай компаниас 2020 оны 10 дугаар сард 12-ны өдөр арматур худалдаж авсан. Гэтэл 2020 оны 11 дүгээр сарын 06-нд ххххх ХХК-аас утсаар ярьж Танайхаас авсан арматурыг лабораторын шинжилгээнд өгөхөд шаардлага хангасангүй, Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа ххххх хотхон дээр ххххх захирлыг хүрээд ир гэж дуудаад уулзсан. Тэгээд Номин манайхаас гэрээгээ цуцлах гээд байна, энэ арматурыг буцааж ав гээд байна, танай компани арматур зардаг юм чинь үлдэгдэл арматурыг зараад мөнгийг нь гаргаад өгөөч гэж гуйгаад байхаар нь манай компани зөвшөөрсөн. 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 53 тонн арматур Вега сити хотхоноос манай хашаанд буулгасан. Нийт 53 тонн арматурын үнэд 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 36,390,000 төгрөг, мөн оны 11 дүгээр сарын 09-нд 25,000,000 төгрөг, мөн 11 дүгээр сарын 11-нд 25,000,000 төгрөг, нийт 86,390,000 төгрөгийг ххххх ХХК-ийн ххххх ХХК дахь хххххххххх тоот данс руу шилжүүлсэн. Үүнээс хойш утсаар яриагүй, худалдан авалт хийгээгүй. Гэтэл 2021 оны зун ххххх ХХК-ийн өмгөөлөгч ххххх гэх хүн холбогдоод хххххх хотхоны барилгад хүчитгэл хийсэн ажлын зардал 240,000,000 төгрөг болсон. Үүнээс 100,000,000 төгрөгийг өгчих гэж хэлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг тус тус баримтлан ххххх ХХК-аас 530,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ххххх ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,807,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: ...Барилга хөгжлийн төвийн Барилгын материалын сорилт шинжилгээний итгэмжлэгдсэн лабораторит ххххх" ХХК-иас нийлүүлсэн арматурт зохих шинжилгээг хийлгэхэд тус лабораторийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн RE 1303 кодтой шинжилгээний дүнгээр D12 нь 10 мм байна. Диаметртээ хүрэхгүй байна" гэсэн хариу гарсан. Компанийн зүгээс дээрх шинжилгээний дүнгийн талаар ххххх ХХК-ийн захирал хххххт хэлсэн, арматурын доголдлыг хүлээн зөвшөөрч барилгын хийцэд ороогүй үлдэх 50 тонн 10 мм диаметртай арматурыг "хххх ХХК-ийн "Вига сити" барилгын талбайгаас ачаад авч явж, төлбөрийг манай компанид төлсөн.
Энэ мөчөөс эхлэн биет байдлын догодолтой стандарт чанарын шаардлага хангаагүй арматур нийлүүлсэн шалтгаанаар "хххх ХХК нь манай компанитай байгуулсан гэрээг цуцалж, барилгын хүчитгэл хийхэд гарсан зардалд 230,000,000 төгрөгийг манай компаниас шаардан нэхэмжилсэн. Дээрх нэхэмжлэхийн дагуу "ххххх" ХХК нь "хххх" ХХК-д барилгын хүчитгэл хийлгэхэд гарсан зардлыг бараа материал буюу арматураар нөхөн төлсөн. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор өгсөн "ххххх" ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 11, 17-ны өдрийн зарлагын баримтад "хххх ХХК-ийн тамга, тэмдэг дарагдаагүй, дээрх баримтуудыг хэнд ямар зорилгоор худалдсан, эсхүл төлбөртөө тооцон өгч байгаа эсэх нь тодорхойгүй. "хххх" ХХК-ийн 2022 оны 8-39/22 тоот албан бичиг нь 103 дугаар барилгад хүчитгэл хийсэн санхүүгийн анхан шатны баримт биш. 300,000,000 төгрөгийн олох ёстой байсан орлогын нотлож чадаагүй гэсэн хийсвэр үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн заалттай нийцэхгүй байна.
Нэхэмжлэгч нь худалдах-худалдах авах гэрээнээс үүссэн эд хөрөнгийн доголдлыг арилгахад гаргасан зардлыг нотлох зорилгоор ххххх ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 11, 17-ны өдрийн зарлагын баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Уг зарлагын баримтаар "ххххх ХХК-д 192,409,600 төгрөгийн хохирол учирсан гэдэг нь нотлогдоно. Мөн дээрх баримтад шүүх хуралдаанд гэрчээр оролцсон "хххх" ХХК-ийн худалдан авах ажиллагааны ахлах менежер хххххийн гарын үсэг зурагдсан байдлаар болон түүний мэдүүлгээр нотлогддог. 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн БН/20/0001 тоот гэрээ хэрэгжиж нэхэмжлэгч талд 4,025,000,000 төгрөгийн орлого орж ирэх байсан нь тус гэрээгээр нотлогдоно. Мөн Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын улсын байцаагчийн 9,000,000 төгрөгийн шийтгэлийн баримтаар стандартын шаардлага хангахгүй арматур худалдан борлуулсан нь нотлогдож байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд хариуцагч талаас гаргасан хариу тайлбарын агуулга: ххххх ХХК-ийн арматур зөрчилтэй, дутагдалтай гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт авагдаагүй. Анхан шатны шүүх нэхэмжлэгч талын гомдолдоо дурдаж буй баримтыг зөв үнэлж дүгнэсэн. хххх ХХК нь барилгын хүчитгэл хийсэн гэдэг боловч хүчитгэл хийхдээ ямар зардлууд гаргасан, ямар материал оролцуулсан, маргаан бүхий арматур хэдэн тонн орсон гэдэг нь ойлгомжгүй. Өөрөөр хэлбэл, гэрч барилгын хүчитгэл хийсэн гэдэг боловч хүчитгэлдээ маргаан бүхий арматурыг ашигласан гэж тайлбарладаг. 1 арматураас хичнээн тонныг ашигласан, хэд нь ашиглах боломжгүй болсон гэдэг талаар ямар ч баримт байдаггүй. Албан тоотыг үндэслээд хохирол учирсан гэж тайлбарладаг нь үндэслэлгүй. Өмнө нь давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч талын гэрч асуулгах, нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаагүй гэх үндэслэлээр буцаасан. Гэвч нэхэмжлэгч тус хүсэлтүүдээс татгалзсан. Гэтэл нэхэмжлэгчийн өмгөөлөгч энэ талаар дурдаж байгаа нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Нэхэмжлэгч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлээгүй, нотлох баримтуудаа гаргаж өгөөгүй. ххххх ХХК-ийн арматур доголдолтой байсан гэх нэг ч баримт байдаггүй гэв.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын хүрээгээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд нь буцаав.
2.Нэхэмжлэгч ххххх ХХК нь хариуцагч ххххх ХХК-д холбогдуулан гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохиролд 530,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
3.Анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлэн хэргийг хянан шийдвэрлэсэн байна.
4.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... ххххх ХХК-ийн нийлүүлсэн чанаргүй арматураас болж хххх ХХК-ийн барьж буй барилгад хүчитгэл хийсэн, уг зардлыг манай компани төлсөн гэж, хариуцагч нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ ...хүчитгэл хийсэн талаар нотлох баримт өгөөгүй гэж тус тус тайлбарлажээ. Уг тайлбаруудаас үзвэл хүчитгэлийн ажил хийсэн эсэх, хүчитгэлийн ажлын зардал бодитой эсэх талаар талууд маргажээ.
5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ххххх нь барилгын хүчитгэл хийсэн хххххх ХХК-ийн захирал хххоос гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлт шүүхэд гаргасан байна. Шүүгч 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 102/ШЗ2022/11158 дугаартай захирамж гаргаж хэрэгт ач холбогдолгүй гэх үндэслэлээр дээрх хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэж заасантай нийцээгүй байна. /2хх 67-68/
6.Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх, талуудын хооронд үүссэн маргаанд эрх зүйн дүгнэлт өгч, хэргийг нэг мөр шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Шүүх хуралдааны тэмдэглэлд 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн албан бичгийн оныг 2020 гэж буруу бичсэн, үг үсэг, найруулгын алдаатай байгааг тэмдэглэх нь зүйтэй. /2хх 86-96/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2022/02477 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч ххххх ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,807,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
Ч.ЦЭНД