Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 258

 

Б.Мөнхбат, Г.Сандагдорж нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Зориг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Дамбадаржаа,

ялтан Б.Мөнхбатын өмгөөлөгч Б.Энхзаяа,

ялтан Г.Сандагдоржийн өмгөөлөгч А.Ариунтуул,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж, шүүгч Ц.Дайрийжав, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 65 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Мөнхбат болон ялтан Г.Сандагдорж, түүний өмгөөлөгч А.Ариунтуул нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Б.Мөнхбат, Г.Сандагдорж нарт холбогдох 201626022371 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Бурхант овогт Бямбасүрэнгийн Мөнхбат, 1994 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Төв аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, МУБИС-ийн биеийн тамирын 4 дүгээр курсын оюутан, ам бүл 4, эх, хоёр дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 17 дугаар гудамжны 16 тоотод оршин суух,

-Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 11 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, /регистрийн дугаар: НА94022519/,

2. Шаргачин овогт Ганбаатарын Сандагдорж, 1991 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Орхон аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, химич мэргэжилтэй, “Алфрейд Эйч Найт Азиа Аналитикал” ХХК-нд химич ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 15 дугаар байрны 540 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ФБ91090733/,

Б.Мөнхбат, Г.Сандагдорж нар нь согтуугаар бүлэглэн, шунахай сэдэлттэйгээр 2016 оны 8 дугаар сарын 28-наас 2016 оны 8 дугаар сарын 29-нд шилжих шөнө 03 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Русская гимназия” сургуулийн орчим хохирогч Г.Батсүхийн эд зүйлийг авах зорилгоор амь биед аюултай хүч хэрэглэн довтолж, толгой, нүүр рүү нь гараараа цохиж, цээж рүү нь өшиглөн, түлхэж унагаан биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан, гарыг нь баглан барьж халааснаас нь “Самсунг Тренд” загварын гар утас, 60.000 төгрөг, бичиг баримт зэрэг эд зүйлсийг нь дээрэмдэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Мөнхбат, Г.Сандагдорж нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Бурхант овогт Бямбасүрэнгийн Мөнхбат, Шаргачин овогт Ганбаатарын Сандагдорж нарыг бүлэглэж бусдын амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн, бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнхбатыг эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 6 сарын, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сандагдоржийг эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнхбатын эдлэх 3 жил 6 сар, шүүгдэгч Г.Сандагдоржийн эдлэх 3 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлж,

шүүгдэгч Б.Мөнхбат, Г.Сандагдорж нар бусдад төлөх төлбөргүй, Г.Сандагдорж цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар Б.Мөнхбатын 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдрөөс 2 дугаар сарын 16-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 7 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,

Г.Сандагдоржид урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, Б.Мөнхбатад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн, тэдний эдлэх ялыг 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Ялтан Б.Мөнхбат гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байна. Тэр үед Г.Сандагдорж намайг Г.Батсүхтэй маргалдан өөрийнхөө гар утас гэж бодоод хохирогчийн гар утсыг авсан талаар мэдээгүй. Г.Сандагдорж ирж Г.Батсүх бид хоёрыг салгасныхаа төлөө гэм буруутайд тооцогдсон нь харамсалтай байна. Г.Сандагдорж дээрмийн гэмт хэрэг үйлдэх хүн биш. Иймд Г.Сандагдоржид холбогдох хэргийг дахин нягтлан шалгаж өгнө үү...” гэжээ.

Ялтан Г.Сандагдорж гаргасан давж заалдах гомдолдоо: “...2016 оны 8 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө найз Б.Мөнхбат, иргэн Г.Батсүх хоёр зодолдож байхыг хараад очиж салгаж болиулсан. Г.Батсүхийг цохиж, биед нь гэмтэл учруулсан зүйл байхгүй. Шүүх хуралдааны үеэр Г.Батсүх, Б.Мөнхбат нар намайг цохиогүй талаар үнэн зөв ярьсан. Г.Батсүх нь биеэ хамгаалах чадваргүй, өндөр настай хүн байсан учраас би зодооныг салгаж Б.Мөнхбатыг аваад явсан. Би хохирогч Г.Батсүхийн биед гэмтэл учруулаагүй, энэ хэрэгт хамааралгүй. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

Ялтан Г.Сандагдоржийн өмгөөлөгч А.Ариунтуул гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.Сандагдоржийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан гэмт хэрэг мөн эсэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10 дугаар зүйлд заасан энэ хуульд заасан гэмт хэргийн бүх шинжийг агуулсан хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болно гэсэн Эрүүгийн хуулийн зарчимтай нийцэж байгаа эсэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 25 дугаар зүйлд гэмт хэрэг санаатай үйлдэх, гэм буруугийн хэлбэрийн асуудлаар талаар ярина. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүй нийгмийн аюулын шинж байдлыг ухамсарлаж, түүний улмаас үүсэх нийгэмд аюултай хор уршиг учрах нь зайлшгүй, эсхүл учрах боломжтойг урьдчилан мэдсэн атлаа санаатай үйлдсэн бол гэсэн шинжийг агуулсан уу гэдэг эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн. Амь биед аюултайгаар хүч хэрэглэсэн эсэх. Өөрөөр хэлбэл хохирогчийн биед гэмтэл учруулсан үйлдлийг дээрэмдсэн гэх Г.Сандагдоржийн үйлдэлтэй шалтгаант холбоотой эсэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг санаатай үйлдэхэд бүлэглэн оролцсон эсэх, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих бүхий л асуудлууд бүрэн шалгагдсан эсэх, Энэ хэрэг 2016 оны 8 дугаар сарын 28-аас 29-нд шилжих шөнө 03-04 цагийн орчим болсон гэж ярьдаг. Г.Сандагдоржийн анхны тайлбарыг тухайн хэрэг гарсан өдөр буюу 2016 оны 8 дугаар 29-ний өдөр авсан. Мөн сэжигтнээр 1, яллагдагчаар 2 удаа мэдүүлэг өгсөн. Эдгээрээс харахад анхнаасаа тогтвортой мэдүүлэг өгсөн. Тухайлбал: Б.Мөнхбатын мэдүүлэгт “Хохирогчийн гар утсаар Энхцэцэг рүү залгасан” гэх нөхцөл байдлын талаар ярьдаг. “99494952” гэх дугаар руу залгахад Энхцэцэг аваагүй гэдэг. Гэтэл мөрдөн байцаалтын шатанд Энхцэцэг рүү үнэхээр залгасан эсэхийг тодруулж шалгаагүй. Энхцэцэгээс гэрчийн мэдүүлэг авсан боловч энэ талаар тодруулалгүй орхисон. Б.Мөнхбатаас “хохирогчийн гар утсаар өөрийн “88151235” гэсэн дугаар руу залгасан. Гэтэл тэр ахын халаасанд миний гар утас дугарсан. Тийм учраас би өөрийн гар утсаа авах гэсэн” гэх мэдүүлгийг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсээр ирсэн. Магадгүй “Б.Мөнхбатын гар утас хохирогчийн халаасанд орсон байсан юм биш биз дээ. Хохирогч гар утсыг нь авсан юм биш биз дээ” гэдэг талаар тодруулаагүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлд заасан дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг авах санаа зорилгоор гэсэн шинжтэй байдаг. Мөрдөн байцаалтын ажиллагаагаар хэргийг тал бүрээс нь бодитойгоор тогтоогоогүй. Өөрөөр хэлбэл хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтыг бүхэлд нь бүрдүүлээгүй байна. Хохирогчийн гар утас нь “Самсунг тренд” загварын хар хөх өнгөтэй байсан гэж яригддаг. Гэтэл Б.Мөнхбатын гар утас нь хар өнгийн “Самсунг” загварын гар утас байсан гэж ярьдаг. Б.Мөнхбат “би эрүүлжүүлэхэд орохдоо гар утсаа Г.Сандагдоржид өгч явуулсан” гэж мэдүүлдэг. Тухайн үед хуулийн дагуу үзлэг нэгжлэг хийгдээгүй. Г.Сандагдоржийг дээрэмдэх гэмт хэрэгт бүлэглэн оролцсон гэж ялласан. Г.Сандагдорж мэдүүлэгтээ “би очиж салгасан” гэж тогтвортой мэдүүлдэг. Г.Сандагдорж нь Б.Мөнхбатыг хохирогчтой зууралдаад байж байхад нь очиж салгасан. Салгасан үйлдлийн талаар хохирогч тухайн үедээ худал хэлэхээс илүүтэйгээр бодит байдлын талаар мэдэхгүй байгаа мэт мэдүүлэг өгсөн байдаг. Харин шүүхийн хэлэлцүүлэгт “үнэхээр бид хоёрыг салгасан” гэж хэлдэг. Г.Сандагдорж салгах гээд очиход Б.Мөнхбат “миний гар утас халаасанд байна, өгөхгүй байна” гэж хэлээд авахуулахад “хар өнгийн ижил гар утас байсан” гэж мэдүүлдэг. .Хэрвээ өөр өнгийн гар утас гарч ирсэн бол Г.Сандагдорж “энэ Б.Мөнхбатын гар утас биш байна” гэж мэдэх боломжтой байсан. Г.Сандагдоржид дээрэмдэх гэмт хэрэгт бүлэглэн оролцох санаа зорилго байсан уу эсэхэд эргэлзээ төрж байна. Хохирогчийн хувийн байдлыг тодруулаагүй гэж үзэж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хохирогч урьд захиргааны арга хэмжээ авагдаж байсан. Цагдаагийн хэлтэст ирээд мэдүүлэг тайлбар авсан атлаа хохирогчийн биед үзлэг, согтолтын зэргийг тогтоогоогүй. Яагаад гэвэл маш их согтуу байсан гэж шүүгдэгч нар ярьдаг. Мөн гэрийн хаягийн талаар маргаан гардаг. Хохирогч “би гэртээ байж байгаа найзыгаа гаргаж өгөөд таксинд суулгачихаад явж байсан” гэж мэдүүлдэг. Гэтэл хэрэгт авагдсан хаягийн бүртгэлээр хохирогч Г.Батсүх Баянгол дүүрэгт биш, Баянзүрх дүүргийн 13 хороонд оршин суудаг гэсэн бүртгэл авагдсан. Хавтаст хэргийн 199 дүгээр талд шүүх хуралдаанд хохирогчийг албадан ирүүлж оролцуулах прокурорын хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн. Үүний дагуу цагдаагийн байгууллагаас хохирогчийн хаягийг тодруулах ажиллагаа хийхэд “Баянзүрх дүүргийн 13 дугаар хооронд очиход хохирогч байсан. Шүүх хуралдаанд ирнэ гэсэн цагдаагийн ажилтны тэмдэглэл хэрэгт авагдсан.  Гэрч Баттөр нь тухайн үед хохирогчтой гэрт нь хамт архи уугаад салсан байдаг. Баттөрөөс Ховд аймгийн цагдаагийн хэлтэс гэрчийн мэдүүлэг авахад “Г.Батсүхийн гэрт очиж нэг шил виски уугаад байрны ард талын замаас 23 цаг 30 минутад таксинд суусан” гэсэн мэдүүлэг өгсөн. Гэтэл аль дүүрэг, хэддүгээр хороо, ямар байр вэ гэдэг нь огт тодорхойгүй байдаг. Гэрч Баттөр “хохирогч Г.Батсүх тухайн үед “Нокиа” загварын гар утастай байсан” гэж мэдүүлсэн нь эргэлзээтэй нөхцөл байдал үүсгэж байна. Гэрч Баттөрийн хэлээд байгаа шиг 23 цаг 30 минутад таксинд суугаад явсан бол хохирогч Г.Батсүх хэрэг болсон 03-04 цаг хүртэлх хугацаанд хаана явж байсан бэ гэдэг нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл хохирогчийн маршрутыг шалгаагүй. Гурван эгнээ түцний нэгийнх нь боржуур дээр Б.Мөнхбат, Г.Сандагдорж нар бие биенээ налаад унтсан гэж мэдүүлдэг. Унтсан байхад хохирогч гар утсыг нь авсан байх. Хохирогч их согтуу байсан гэдэг. Энэ хэрэг нь тохиолдлын шинжтэй үүссэн. Г.Сандагдорж, Б.Мөнхбат нар караокед сууж байгаад шөнийн 02 цагт Энхцэцэг, Хулан нартай Г.Сандагдоржийнд очсон. Гэрийнх нь түлхүүр олдохгүй хайгаад буцаж гарсан, бие биеэ хайсан гэх нөхцөл байдал үүссэн. Мөн Хулан, Энхцэцэг нар нь гол гэрч. Тухайн хүмүүсээс тодруулж мэдүүлэг авах шаардлагатай. Г.Сандагдоржийн цүнхийг нь авч явсан, Б.Мөнхбатын гар утсыг авсан. Мөн эрүүлжүүлэхэд ороход тухайн охид ирсэн байдаг. Шүүх “хохирогчийн биед байсан 60.000 төгрөг болон эд зүйлийг нь дээрэмдсэн нь тогтоогдож байна” гэж дүгнэж ял шийтгэл оногдуулсан. 60.000 төгрөг гэж хохирогчийн хэлсэн мэдүүлэгт хөтлөгдөж нэг талын ажиллагаа явагдсан. Шүүгдэгч нарыг хэргийн газраас холдоогүй байхад нь цагдаагийн ажилтан саатуулсан учраас тухайн үед байсан зүйлийг тэр үед нь өгсөн. Үзлэг хийгээгүй, тэмдэглэл хөтлөөгүй, байцаан шийтгэх ажиллагаа зөрчигдсөн. Хуулийн байгууллагын алдаатай үйл ажиллагаанаас болж эдгээр хүмүүс хохирох ёсгүй. Гэрч, эргүүлийн офицер Б.Хатанболд 2 удаа мэдүүлэг өгсөн. Мэдүүлэг болон үзлэг хийсэн тэмдэглэлийг хэрэг болсноос хойш 2 сарын дараа хийгдсэн ажиллагаа. Гэрч, эргүүлийн офицер Б.Хатанболд 60.000 төгрөг гарч ирээгүй талаар ярьдаг. Ер нь хохирогч анхныхаа өргөдөлдөө “би зодуулсан, гомдолтой байна” гэж ярьдаг. 2016 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Банзрагч гэрчээр мэдүүлэг 1 удаа өгсөн. Шүүхийн дүгнэлтээс үзэхэд Банзрагчийн мэдүүлгийг үндэслэж энэ хэргийг шийдвэрлэсэн юм шиг харагдсан. Банзрагчийн мэдүүлгийн эх сурвалж тодорхойгүй. Түүний мэдүүлэгт “тавцан дээр гараад хартал” гэдэг боловч ямар тавцан, хаанаас харсан бэ гэдэг нь тодорхойгүй. Хэрэг болсон газар буюу 18 дугаар байрны 3 давхраас харсан гэж ярьдаг. “Г.Сандагдорж хохирогчийн нүүр рүү цохиод байсан. Гэхдээ ар нуруунаас нь хараад байсан учраас сайн мэдэхгүй байна. Гэхдээ цохьсон” гэх мэдүүлгийг Банзрагч өгдөг. Хэрэг болдог үед зуны улирал байсан. Тухайн шөнө саргүй байсан байх. Хэрэг болсон газар гэрэлтүүлэг байхгүй. Харин гудамжны эсрэг талд гэрэлтүүлэгтэй байсан. Үүнийг мөрдөн байцаалтын шатанд хийх ёстой байсан. Өнөөдрийн байдлаар нөхөж хийх боломжгүй. 18 дугаар байрнаас хэрэг болсон газар хүртэл 150 орчим метрийн зайтай. Зуны улиралд тэр хавь маш их модтой тул энэ үйл явц тодорхой харагдах уу. Хүний хувь заяаны асуудлыг хүнд гэмт хэрэгт яллаж байхад ийм баримтаар шийдвэрлэнэ гэдэг нь учир дутагдалтай. Гэрч Банзрагчийн мэдүүлэгт туршилт хийх, мэдүүлгийг нь газар дээр шалгах ёстой гэж үзэж байна. Банзрагчийн нүдний хараа хэр вэ, 03 цагийн үед харанхуйд тухайн хүмүүсийг ялгаж харах боломжтой эсэхийг тодруулах шаардлагатай. Хавтаст хэргийн 132 дугаар талд авагдсан зурагт хохирогч болон шүүгдэгч нарын зургийг авсан юм шиг байгаа. Тэр зураг дээр өндөр намын ялгаа харагдахгүй байсан. Г.Сандагдоржийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлд заасан дээрэмдэх гэмт хэргийг субъектив санаа сэдэлт байхгүй. Г.Сандагдоржийн ойлгосноор “Мөнхбатын гар утас мөн байна” гэж өөртөө итгэлтэй байсан. Хохирогчид гэмтэл учруулсан асуудал нь эргэлзээтэй байдаг. Хохирогч өөрөө “намайг цохиогүй” гэж шүүхийн хэлэлцүүлэгт тодорхой хэлсэн. Энэ бүх байдлаас үзэхэд хэргийг бүрэн гүйцэд шалгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гэж үзэх юм бол хэрэгт нотлох баримт байхгүй. Хэргийг бүх талаас нь сайтар шалгах нь Г.Сандагдоржийн эрх зүйн байдалд ач холбогдолтой учраас хэргийг мөрдөн байцаалтад буцааж дээр дурдсан асуудлуудыг шалгуулах шаардлагатай. Мөн хэрэгт авагдсан баримтаар Г.Сандагдоржийн үйлдэл нь дээрмийн гэмт хэрэг биш гэдэг нь харагдаж байна. Иймд Г.Сандагдоржид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.

Ялтан Б.Мөнхбатын өмгөөлөгч Б.Энхзаяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хавтаст хэрэгт авагдсан баримтад Б.Мөнхбат “нэг ахтай тааралдаад “ахаа гар утсаараа яриулаач” гэхэд тэр ахын гар утсыг аваад Энхцэцэг рүү залгахад аваагүй. Тэгэхээр нь өөрийнхөө дугаар руу залгахад гар утсыг нь гуйж авсан ахын халаасанд миний гар утасны дуу дугарсан” гэх мэдүүлэг байдаг. Хуульд зааснаар сэжигтэн, яллагдагч юу ч мэдүүлэх эрхтэй, түүнийг нь нотлох баримтаар үнэлэхгүй байж болно. Хавтаст хэргийн 19, 26 дугаар талд хохирогч “Б.Мөнхбат миний найз охин тань руу залгасан байна гээд зодож эхэлсэн” гэж мэдүүлдэг. Хохирогч юу ч ярих боломжтой. Гэтэл хавтаст хэргийн 47 дугаар талд гэрч Банзрагч “нэг залуу зандрангуй байдлаар гар утсаа өгөөдөх, ярьмаар байна” гэж мэдүүлсэн. “Б.Мөнхбат нь хохирогчийн гар утсыг аваад яриад явж байгаад яахаар миний найз охины дугаар чиний гар утсан дээр байдаг юм бэ гээд зандарч байсан” гэх мэдүүлэг байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн гол шинж нь бусдын эд хөрөнгийн авах зорилгоор гэж байдаг. Эдгээр мэдүүлгээс харахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа эсэх, байгаа бол бүрэн тогтоогдож байгаа эсэх асуудал яригдана. Хэргийн материалаас дээрмийн үйлдэл нь юу авсан нь Г.Батсүхийн мэдүүлгээр тогтоогдсон. Г.Батсүх нь “Миний найз охины гэж хэлээд зодоод дараа нь гар утас авсан” гэж мэдүүлдэг. Аюултай аргаар хүч хэрэглэж гэдгийг Банзрагчийн мэдүүлгээр “зодолдож, ноцолдож байсан” гэдэг. Анхан шатны шүүх Б.Мөнхбатыг гэм буруутайд тооцохдоо хэргийн газрын нөхөн үзлэгээр буруутгасан. Тэгэхээр хэргийн газрын нөхөн үзлэг гэдэг нь ямар ойлголттой вэ гэдэг асуудал гарч ирнэ. Хэргийн гол гэрч Банзрагчийн байрлал, хэрэг болсон газрын зай, тэр хоорондох объектууд, тухайн үеийн цаг агаарын нөхцөл байдал, өдөр шөнө, улирлын ялгаа зэрэг нь тодорхой биш байна. Банзрагч “тэр үед хохирогч Г.Батсүх ёолж байсан” гэж мэдүүлсэн нь зодсон, хүч хэрэглэсэн гэмт хэрэг болж байна. Гэтэл ёолж байсан нь Банзрагчийг тагтан дээрээс хэрэг болсон газарт хохирогчийн ёолж байгаа байдал сонсогдох эсэх нь тодорхойгүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үзлэг хийх журам зөрчигдсөн байхад анхан шатны шүүх дүгнэлт өгсөн. Дуудлага өгсөн баримтад “2 хүн зодолдоод байна” гэсэн. Дараа нь “согтуу хүмүүс орилолдоод байна” гэж тэмдэглэгдсэн байсан. Энэ дээрмийн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж дүгнэх бол 2 хүний хоорондох зодооныг бүлэг гэж үзэх эсэх нь эргэлзээтэй. Эдгээр баримтууд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 286 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагад нийцсэн эсэх нь эргэлзээтэй байна. Энэ хэрэгт дээрэмдэх гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй. Хохирогчийн 23 цаг 30 минутаас 04 цаг хүртэлх хоорондын цаг хугацааг яаж тооцсон бэ. Мөн хохирогчид учруулсан гэмтлийг Б.Мөнхбат учруулсан эсэх, Б.Мөнхбатыг гэм буруутай гэж тооцоод энэ зүйл ангид хариуцлага хүлээлгэх хууль зүйн боломжийг бүрхэгдүүлж байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлд заасан зарчимтай нийцүүлж байж Б.Мөнхбатад хариуцлага хүлээлгэх ёстой.” гэв.

Прокурор Н.Дамбадаржаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Харин уг шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийг хэрэглэсэн. Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа хорих ялын хугацааг багасгаж тооцсон. Шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын гаргасан гомдол болон тайлбараас харахад гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн асуудал байхгүй учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийг хэрэглэсэн нь зөв эсэх талаар эргэлзээтэй нөхцөл байдал үүсгэж байна. Прокуророос энэ гэмт хэргийг дээрэмдэх гэмт хэрэг мөн гэж үзэж шүүхэд шилжүүлсэн. Баттөрийг хаанаас гаргаж өгсөн талаар хохирогч өөрөө хэлсэн. Баттөрөөс салаад Г.Сандагдорж, Б.Мөнхбат нартай уулзах хүртэл хохирогчийн нүүр, ам хэвийн, биед ямар нэгэн гэмтэл байхгүй, эд зүйл нь бүрэн бүтэн байсан. Тэгээд цээж нүцгэн явж байсан хүмүүстэй тааралдаад эд зүйлээ дээрэмдүүлж, зодуулсан байдаг. Шалтгаан нөхцөл, санаа зорилгын талаар яриад байна. Дээрэмдэх гэмт хэрэг нь үгсэн тохиролцож, үг хэлээрээ ярилцахаас гадна үйлдлийн үр дүн хэргийн эцсийн хор уршиг зэргээр дүгнэх боломжтой. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт зааснаар үйлдлээрээ нэгтгэх гэсэн нөхцөл байдлыг заасан. Хохирогчийн мэдүүлгүүд тогтвортой, шүүх хуралдаанд шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлж, мөрдөн байцаалтын шатанд өгч байсан мэдүүлгээсээ өөр мэдүүлэг өгсөн. Дээрмийн гэмт хэрэг нь шөнө оройн цагаар нууц далд газар хүч түрэмгийлэн богино цаг хугацаанд үйлдэгддэг гэмт хэрэг. Энэ гэмт хэргийг цаг алдалгүй илрүүлж, хохирогчийн эрх ашгийг хамгаалсан асуудлыг өмгөөлөгч нар үнэлэхгүй байгаад харамсалтай байна. Гэрч Банзрагчийн мэдүүлгийг шалгуулах талаар ярьж байна. Энэ бүхэн төсөөллийн шинж чанартай, хэрхэн яаж шалгах нь ойлгомжгүй байна. Өмгөөлөгч А.Ариунтуулын дүгнэлтээр гэмт хэрэг гэж үзсэн асуудал гарч байна. Үзлэг хийсэн даруйдаа эд зүйлийг хураан авч, албаны шалгалт хийн арга хэмжээг авахуулж хэрэгт хавсаргасан. “Миний гар утас халаасанд чинь байна” гэсэн байдлаар бусдын эд зүйлийг авч байгаа нь санаа, зорилго биш гээд байх шиг байна. Өмгөөлөгч нар гэрчийн мэдүүлэг, шийтгэх тогтоолыг үнэлж дүгнэх боломжгүй. Хэргийн газар цагдаагийн ажилтан дуудлагаар очиход шүүгдэгч нар зугатаах оролдлого хийсэн. Хэргийн газар үзлэг хийсэн. Хэргийн газар 60.000 төгрөг байхгүй байсан учраас эд зүйлийг аваагүй гэж үзээд байна. Энэ талаар ямар эх сурвалжтай мөнгө байсан талаар дурдсан. Шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед хэд хэдэн гэмтэл учирсан. Цаг хугацааны хувьд гэрчийг хурдан олж тогтоон мэдүүлгийг нь авсан. Нотлох баримтуудыг үнэлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлд зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн           284 дүгээр зүйлд заасан хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Б.Мөнхбат, Г.Сандагдорж нар нь согтуугаар бүлэглэн, шунахай сэдэлттэйгээр 2016 оны 8 дугаар сарын 28-наас 2016 оны 8 дугаар сарын 29-нд шилжих шөнө 03 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Русская гимназия” сургуулийн орчим хохирогч Г.Батсүхийн эд зүйлийг авах зорилгоор амь биед аюултай хүч хэрэглэн довтолж, толгой, нүүр рүү нь гараараа цохиж, цээж рүү нь өшиглөн, түлхэж унагаан биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан, гарыг нь баглан барьж халааснаас нь “Самсунг Тренд” загварын гар утас, 60.000 төгрөг, бичиг баримт зэрэг эд зүйлсийг нь дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

ялтан Б.Мөнхбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...тэр ахад дургүй хүрээд тэр ахыг шанаа руу нь 2 удаа гараараа цохиод цааш нь түлхсэн.” гэх мэдүүлэг /хх-70/,

хохирогч Г.Батсүхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...гэр рүүгээ явж байхад миний урдаас цээж нь нүцгэн хоёр залуу гарч ирээд намхан буюу Мөнхбат гэх залуу “манай найз охин таньруу залгасан байна” гэж хэлээд миний нүүр рүү гараараа цохиод байхаар нь би “хөөе та нар юу яриад байна, би та нарын аав шиг хүн байна” гэж хэлэхэд тэр залуу “чи юу яриад байгаа хөгшин төгцөг вэ” гэсэн. Хамт явсан өндөр залуу буюу Г.Сандагдорж нь миний цээж рүү хөлөөрөө 2-3 удаа өшиглөөд миний халаасанд байсан нэг ширхэг гар утас, бичиг баримтууд, бэлэн 60.000 төгрөгийг авсан. Тэр үед хажууд явж байсан нэг залуу намайг хараад цагдаад дуудлага өгсөн. Би тэр үед тэр хоёр залуугаас мултараад зугтаад гүйтэл араас нөгөө залуу гүйж ирээд “ахаа би цагдаад дуудлага өгсөн шүү” гэж надад хэлсэн. Би тэр залуутай хамт нэг автомашины хажууд нуугдаж байгаад Б.Мөнхбат болон Г.Сандагдорж гэх залуучуудыг нууцаар хараад зогсож байтал тэр хоёр замын цаад талаас такси барих гээд зогсож байсан. Тэр хоёр залууг авах такси олдохгүй байсан. Тэр үед алаг тэрэгтэй цагдаа ирэхээр нь би очоод уулзсан цагдаа нь “таныг зодсон хүн хаана байна” гэхээр нь зааж өгснөөр цагдаа очоод барьж аваад намайг болон намхан биетэй Б.Мөнхбат, өндөр биетэй Г.Сандагдорж нарыг алаг автомашиндаа суулгаад цагдаагийн хэлтэс рүү явж байх үед автомашин дотор тэр хоёр залуугийн намхан буюу Б.Мөнхбат нь миний гар утсыг “энэ таны гар утас” гэж хэлээд надад өгсөн. Харин өндөр биетэй Г.Сандагдорж гэх залуу нь “энэ таны бичиг баримт” гэж хэлээд миний жолооны үнэмлэхийг надад өгсөн. Тэгээд цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Б.Мөнхбат гэх залуу нь намайг зодож байхдаа гар утасныхаа дэлгэцний кодыг нь гаргаж өг гэж хэлээд зодоод байсан. Би гаргаж өгөөгүй...” гэх мэдүүлэг /хх-18-20/,

гэрч Ш.Банзрагчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2016 оны 8 дугаар сарын 28-ны орой би эгчийнхээ гэрт буюу Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 18 дугаар байрны 3 давхарын 25 тоотод хөдөөнөөс ирэх хүн хүлээгээд байж байтал шөнийн 03 цагийн орчим байхаа яг цагийг нь сайн санахгүй байна. Гадаа хажууд байрлах цэцэрлэгийн хойд хэсэгт 2 эрэгтэй хүн хашгираад байхаар нь би “юун хүн хашгираад байна” гэж бодоод тавцан дээрээ гараад хартал нэг эрэгтэй хүн автомашин барих гээд зогсож байсан. Нэг эрэгтэй нь зодуулсан ахаас нилээн захирангүй “утсаа өгөөдөх ярьмаар байна” гэж хэлж байсан. Тэгэхээр нь би цагдаад өөрийнхөө “99606944” дугаараас дуудлага өгчихөөд шууд эгчийнхээ гэрээс гараад цэцэрлэгийн хойд талд очоод хартал нөгөө хоёр согтуу залуу хохирогч ахыг зодож байсан. Би тэгэхээр нь дахиад цагдаад дуудлага өгчихөөд буцаад байр руугаа ороод сууж байя гэж бодоод буцаж орц руугаа орох гэтэл тэр зодуулж байсан ахын дуу нь сонсогдохоо больсон. Тэгэхээр нь би буцаад очтол нөгөө хоёр согтуу хүн “Түндэмүн” сауны зүг явж байсан. Хохирогч ах над дээр ирээд “ахын дүү гар утсаа өгчих, цагдаад дуудлага өгнө” гэхээр нь би тэр зодуулсан ахад “цагдаад дуудлага өгсөн” талаараа хэлсэн. Тэр үед ах миний гар утсыг аваад өөрийнхөө нэг дүү рүүгээ яриад “ах нь зодуулчихлаа, хүрээд ир, энд бас нэг хүн байна. Цагдаад дуудлага өгсөн” гэж хэлээд утсаа тасдаад, дахиад миний утсаар цагдаад дуудлага өгсөн. Удаагүй автомашинтай хөдөлгөөнт эргүүлийн цагдаа ирсэн. Тэр хооронд хохирогч ах бид хоёр нуугдаж байгаад цагдаа ирэхээр нь гарч ирсэн. Цагдаа ирсэний дараа зодуулсан ах бид хоёр очоод нөгөө согтуу хоёр хүнийг зааж өгөөд бариулсан. ...Эхлээд намхан Б.Мөнхбат нь зодсон, дараа нь өндөр Г.Сандагдорж нь зодсон.” гэх мэдүүлэг /хх-46-48/,

гэрч Б.Хатанболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2016 оны 8 дугаар сарын 28-ны оройны 22 цагаас 2016 оны 8 дугаар сарын 29-ний өглөөний 08 цаг хүртэл автомашинтай эргүүлийн Тайшир-113 дугаар чиглэлд ахлах ахлагч Д.Өсөхбаярын хамт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд шөнийн 03 цагийн орчим Тайшир-10-аас “Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Аморе” зочид буудлын баруун буланд нэг эрэгтэй хүн хүнд зодуулсан байна” гэсэн дуудлагын дагуу очиж шалгахад 60 орчим насны эрэгтэй согтуу хүн зодуулсан гэсэн хамарнаас нь цус гарсан байдалтай зогсож байсан. Тэр ах “дөнгөж сая намайг хоёр залуу зодчихлоо, тийшээ явчихлаа” гээд зүүн зүг рүү гараараа заахаар нь жолооч Өсөхбаярт “энэ хүнийг суулгачих” гэж хэлээд би өөрөө явганаар нөгөө хоёр залуугийн араас нь гүйгээд явж байтал замын ойролцоо нэг цагаан өнгийн пудволктой өндөр залуу, нэг нь намхан дээгүүрээ цээж нүцгэн хоёр залуу алхаж байхаар нь би гүйж очтол нэг нь эргэж хараад нөгөөхөө татаад зугтах гэтэл би ард нь очоод бариад авсан. Тэр үед Б.Мөнхбат, Г.Сандагдорж нар “бид хоёр яагаа ч үгүй шүү дээ ахаа” гээд байсан. Б.Мөнхбат, Г.Сандагдорж нар согтуу байсан. Тэгээд би Б.Мөнхбат, Г.Сандагдорж нарыг автомашин руугаа чирч авчираад хохирогч Г.Батсүхэд харуулахад “мөн байна” гэж хэлсэн. Тэгээд Б.Мөнхбат, Г.Сандагдорж нарыг автомашиндаа суулгаад хэлтэс дээр ирээд хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-28-30/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Г.Батсүхийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацрын төвгөрийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт, дээд уруулын дотор салстад шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй...” гэх 12019 тоот шинжээчийн дүгнэлт /хх-52/,

Эд зүйлийн үнэлгээ /хх-116/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-129-131/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх-132/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-133-134/ зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогджээ.

Мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт шалгавал зохих байдлыг бүрэн шалгасан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр Б.Мөнхбат, Г.Сандагдорж нарын үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, тэдний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон ял шийтгэл оногдуулан Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

Ялтан Б.Мөнхбат, ялтан Г.Сандагдорж нарын гаргасан “...Г.Сандагдоржид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх, ялтан Г.Сандагдоржийн өмгөөлөгч А.Ариунтуулын гаргасан “...хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэх давж заалдах гомдлуудыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Учир нь Б.Мөнхбат, Г.Сандагдорж нар нь согтуугаар бүлэглэн, шунахайн сэдэлттэйгээр иргэн Г.Батсүхийг зодож хөнгөн зэргийн гэмтэл учруулан улмаар түүний биед байсан эд зүйлсийг дээрэмдэн авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Г.Батсүхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...гэр рүүгээ явж байхад миний урдаас цээж нь нүцгэн хоёр залуу гарч ирээд намхан буюу Мөнхбат гэх залуу ... миний нүүр рүү гараараа цохиод... хамт явсан өндөр залуу буюу Г.Сандагдорж нь миний цээж рүү хөлөөрөө 2-3 удаа өшиглөөд миний халаасанд байсан нэг ширхэг гар утас, бичиг баримтууд, бэлэн 60.000 төгрөгийг авсан...” гэх мэдүүлэг, гэрч Ш.Банзрагчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...очоод хартал нөгөө хоёр согтуу залуу хохирогч ахыг зодож байсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Хатанболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...дуудлагын дагуу очиж шалгахад 60 орчим насны эрэгтэй согтуу хүн зодуулсан гэсэн хамарнаас нь цус гарсан байдалтай зогсож байсан. Тэр ах “дөнгөж сая намайг хоёр залуу зодчихлоо, тийшээ явчихлаа” гэсэн...” гэх мэдүүлгүүдээр хангалттай нотлогдон тогтоогдсон төдийгүй  энэ хэрэгт шалгавал зохих байдлыг бүрэн шалгасан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэн няцаасан баримтууд хавтаст хэрэгт авагдаагүй байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын хувийн байдал, хохирол төлбөр нөхөн төлж, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгасан, хохирогч гомдол саналгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, тэдэнд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Иймд ялтан Б.Мөнхбат болон ялтан Г.Сандагдорж, түүний өмгөөлөгч А.Ариунтуул нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 65 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Б.Мөнхбат болон ялтан Г.Сандагдорж, түүний өмгөөлөгч А.Ариунтуул нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл эрх бүхий этгээд 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                                

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ш.БАТ-ЭРДЭНЭ

                                 ШҮҮГЧИД                                                          Б.ЗОРИГ

                                                                                                            Ц.ОЧ