Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 163

 

Б.Мөнхбат Г.Сандагдорж нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

Шүүгч Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор Ш.Эрдэнэбилэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ариунтуул, Б.Энхзаяа

Нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 65 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 258 дугаар магадлалтай 201626022371 тоот эрүүгийн хэргийг шүүгдэгч Г.Сандагдорж, түүний өмгөөлөгч А.Ариунтуул нарын гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1994 онд төрсөн, эрэгтэй, 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Сэлэнгэ аймгийн шүүхийн 11 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, Бурхант овогт Бямбасүрэнгийн Мөнхбат нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан “Бүлэглэж, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх” гэмт хэрэгт,

2. Монгол Улсын иргэн, 1991 онд төрсөн, эрэгтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй Шаргачин овогт Ганбаатарын Сандагдорж нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан “Бүлэглэж, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Мөнхбат, Г.Сандагдорж нарыг бүлэглэж бусдын амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн, бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарыг тус тус эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 6 сарын хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан, 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар Б.Мөнхбатын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 02 дугаар сарын 16-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 7 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулж тооцож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Мөнхбат болон шүүгдэгч Г.Сандагдорж, түүний өмгөөлөгч А.Ариунтуул нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Илтгэгч шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ш.Эрдэнэбилэг, өмгөөлөгч А.Ариунтуул, Б.Энхзаяа нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Сандагдорж хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Миний бие дээрмийн гэмт хэрэг үйлдэх санаа зорилго байгаагүй, ийм үйлдэл гаргаагүй. Хохирогч Г.Батсүх нь өөрөө нэлээд согтуу байсан бөгөөд Б.Мөнхбаттай маргалдаж зууралдаад байхаар нь салгаж, Б.Мөнхбатыг цааш нь авч явсан. Хохирогчид ямар нэгэн гэмтэл учруулахаар үйлдэл гаргаагүй, түүний эд хөрөнгийг дээрэмдэх нь бүү хэл ямар эд зүйлтэй явсныг ч мэдээгүй гэдгээ бүх шатанд шударгаар, үнэн зөвөөр мэдүүлсээр байхад шүүх хэргийн бусад байдалтай харьцуулалгүйгээр зөвхөн хохирогчийн төөрч будлисан зөрүүтэй мэдүүлгээр намайг Б.Мөнхбаттай бүлэглэн дээрмийн гэмт хэрэг үйлдсэн гэж байгаад гомдолтой байна. Бидний үйлдлийн улмаас хохирогчийн 60.000 төгрөг алга болсон гэх асуудал ч бүрэн тогтоогдоогүй байхад давж заалдах шатны шүүх хүртэл магадлалдаа тусгасанд гомдолтой байна. Надад бусдын эд хөрөнгийг дээрэмдэх, бусдыг айлган сүрдүүлэх, амь биед нь аюултай аргаар хүч хэрэглэх зэрэг балмад атгаг санаа өчүүхэн ч байгаагүй гэдгийг хавтаст хэрэгт цуглуулсан нотлох баримт харуулна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, нэмэлт мөрдөг байцаалтад буцааж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Г.Сандагдоржийн өмгөөлөгч А.Ариунтуул хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд: “...Шүүгдэгч нарт ял оногдуулахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 286 дугаар зүйлд зааснаар эргэлзээгүй үнэлэлт, дүгнэлт өгөөгүй хуулийн үндсэн зарчмыг алдагдуулсан байхад давж заалдах шатны шүүх энэ алдааг залруулсангүй гэж үзэж байна. Г.Сандагдоржийн үйлдэлд дээрэмдэх гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруу байсан гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар үгүйсгэгддэг. Шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдийн уялдаа холбоонд ач холбогдол өгөөгүйгээс гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго юу байж вэ гэдэгт дүгнэлт өгөх боломжийг бүрхэгдүүлж байгааг анхан болон давж заалдах шатны шүүх анхаарч үзэлгүй дан ганц хохирогч Г.Батсүхийн эргэж буцсан, будлисан, эргэлзээтэй мэдүүлэгт үндэслэж хэрэгт үнэлэлт өгсөн нь учир дутагдалтай байна. Б.Мөнхбат нь Г.Сандагдоржид “наад ах чинь миний утсыг авсан, халаасанд нь дуугараад байна” /хх-ийн 74/ гэж хэлж буй нь Б.Мөнхбат өөрөө ямар сэдэлт хүсэл зорилготой байсан гэдэг нь бусдад бүрэн илэрхийлэгдэхгүй бөгөөд харин түүний ийнхүү хэлсэн зүйлийг сонссон хэнд ч “Б.Мөнхбат өөрийн гар утсаа бусдын эзэмшлээс авах гэж байна” гэж ойлгогдох байдал бүрдсэн. Өөрөөр хэлбэл Б.Мөнхбат, Г.Сандагдорж нар нь субьектив санаа зорилго, үг үйлдлээрээ нэгдмэл бус, ашиг сонирхлын зөрчилтэй этгээдүүд байна. Мөн хохирогч болон Б.Мөнхбат нарын гар утасны загвар, өнгө нь адил байсныг шүүх анхаарсангүй. Шүүх Г.Сандагдоржийг гэм буруутайд тооцохдоо гэрч Ш.Банзрагчийн эх сурвалж нь тодорхойгүй, эргэлзээтэй мэдүүлгийг үндэслэл болгосон. Түүнчлэн Ш.Банзрагчаас мэдүүлэг авахдаа хохирогч, холбогдогч нарыг таниулах арга хэмжээ аваагүй, гэрчээс хөтөлсөн, тулгасан мэдүүлэг авсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн ажиллагаа болсон. Мөн гэрч Ш.Банзрагчаас хэрэг гарснаас хойш 2 сарын дараа мэдүүлэг авсан, түүнчлэн хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлд үзлэг дууссан цаг тодорхойгүй, гар чийдэн, гэрэлтүүлэгтэй нөхөн үзлэг хийсэн, хэрэг болсон газар гэрч Ш.Банзрагчийн байрнаас ямар зайтай, болж буй үйл явдлын харагдах байдал зэргийг бүрэн тогтоогдож тодорхойлогдоогүй. Шүүхийн шатанд энэ бүхнийг шалгах боломжгүй тул туршилт хийх шаардлагыг бий болгож байна. Өөрөөр хэлбэл үйл явцыг сэргээн дүрслэх нь хэргийг тал бүрээс нь бүрэн дүүрэн шинжлэн судалж хууль ёсны үндэслэл бүхий дүгнэлт гаргахад чухал ач холбогдолтой болно. Мөн эргүүлийн офицер Б.Хатанболд шүүгдэгч нарын биед үзлэг хийсэн байдаг бөгөөд үзлэг нь хуулийн шаардлагад нийцсэн эсэх нь тодорхой харагддаггүй ба дээрх үзлэгээр шүүгдэгч нарын биеэс анхан шатны шүүхийн шийдвэрт заасан 60.000 төгрөг гарч ирээгүй нь харагддаг. Үүнээс үзэхэд хэргийн мөрдөн байцаалт шүүхийн хэлэлцүүлгийг явуулахад нэг талыг барьсан, гүйцэд биш хийсэн, шийтгэх тогтоолд дурдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, шүүх хэрэглэх ёсгүй хууль хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөнийг харуулж байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Б.Мөнхбатын өмгөөлөгч Б.Энхзаяа хяналтын шатны шүүх хуралдаанд: Шүүгдэгч Г.Сандагдоржийн өмгөөлөгч А.Ариунтуулын хяналтын журмаар гаргасан гомдолтой санал нэг байна. Анхан болон давж заалдах шатны шүүх 3 зүйлд тулгуурлан шийдвэрээ гаргасан. 1 дүгээрт, зодоон болсон байна, 2 дугаарт, нэг этгээдийн гар утас нөгөө этгээдийн эзэмшилд буюу хармаанд нь орсон байна, 3 дугаарт, хашгирч, орилсон зүйл болсон байна гэдэгт үнэлэлт дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн байдаг. Дээрх нөхцөл байдалд тулгуурлаад шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж дүгнэсэн. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэсэн саналтай байна.

Прокурор Ш.Эрдэнэбилэг хяналтын шатны шүүх хуралдаанд: “...Шүүгдэгч Б.Мөнхбат, Г.Сандагдорж нар нь согтуугаар, бүлэглэн, шунахайн сэдэлтээр хохирогч Г.Батсүхийн эд зүйлийг авах зорилгоор, амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж, халааснаас нь “Самсунг” маркийн гар утас, 60.000 төгрөг, бичиг баримт зэргийг дээрэмдсэн гэмт хэрэгт холбогдсон. Мөрдөн байцаалтын шатанд хэргийн оролцогч нарын эрхийг хөндсөн, хязгаарласан үйлдэл тогтоогдоогүй бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн шаардлагыг хангасан байна.

Б.Мөнхбат Г.Сандагдорж нар нь бүлэглэн, иргэн Г.Батсүхийн амь биед аюултайгаар хүч хэрэглэн довтолж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан, “Самсунг трэнд” маркийн гар утас, 60.000 төгрөг, бичиг баримт зэргийг дээрэмдсэн гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасах буюу хязгаарласан, эсхүл бусад хэлбэрээр хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болсон, түүнчлэн хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн буюу нөлөөлж болохуйцаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг нь хохирогчийн амь нас, эрүүл мэндэд аюултай хүч хэрэглэх, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлж довтлох үйлдлээр илэрдэг ба заналхийлж довтолгоон хийснээр төгс үйлдэгдсэнд тооцогддог бөгөөд шүүгдэгч нар нь хохирогч Г.Батсүхийг бүлэглэн зодож, улмаар Г.Сандагдорж нь хохирогчийн 2 гарыг ар нуруунд нь барьж, Б.Мөнхбат нь хохирогчийн өмдний халаасанд байсан гар утас, бичиг баримт, 60.000 төгрөг зэргийг авсан гэх хэргийн үйл баримт тогтоогдсон буюу шүүгдэгч Г.Сандагдорж, Б.Мөнхбат нарыг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж дүгнэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

Б.Мөнхбат Г.Сандагдорж нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, шүүхийн шийтгэх тогтоол гаргахад чухал ач холбогдолтой бүхий л байдлыг шалгаж тогтоосон байх бөгөөд шүүх тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид төлөх төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан биечлэн эдлэх ялыг тухайн зүйлд заасан ялын хэмжээнээс доогуур оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Иймд шүүгдэгч Г.Сандагдорж, түүний өмгөөлөгч А.Ариунтуул нарын “хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэх гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 65 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 258 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Сандагдорж, түүний өмгөөлөгч А.Ариунтуул нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Т.УРАНЦЭЦЭГ

                                 ШҮҮГЧ                                                                    Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН