Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 65

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюун даргалж, шүүгч Ц.Дайрийжав, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,

иргэдийн төлөөлөгч: А.Хуаныш,                    

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дамбадаржаа,

хохирогч: Г.Батсүх,

шүүгдэгч: Б.Мөнхбат, түүний өмгөөлөгч Д.Энхбаатар, /1514/

шүүгдэгч: Г.Сандагдорж, түүний өмгөөлөгч А.Болорчимэг /2396/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бурхант овогт Бямбасүрэнгийн Мөнхбат, Шаргачин овогт Ганбаатарын Сандагдорж нарт холбогдох эрүүгийн 2016 2602 2371 дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1994 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг суманд төрсөн, эрэгтэй, 22 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, МУБИС-ийн биеийн тамир, эрүүл мэндийн 4 дүгээр курсийн оюутан, ам бүл 4, ээж, аав, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 17-16 тоотод оршин суух,

2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Сэлэнгэ аймгийн шүүхийн 11 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, регистрийн дугаар НА 94022519, Бурхант овогт Бямбасүрэнгийн Мөнхбат,

 

Монгол улсын иргэн, 1991 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, эрэгтэй, 26 настай, дээд боловсролтой, химич мэргэжилтэй, “Алфрейд эйч хайт азиа аналитикал” компанид химич ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 35В байр, 60 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ФБ 91090733, Шаргачин овогт Ганбаатарын Сандагдорж.

 

Шүүгдэгч Б.Мөнхбат нь согтуугаар Г.Сандагдоржтой бүлэглэн, шунахай сэдэлттэйгээр 2016 оны 8 дугаар сарын 28-наас 2016 оны 8 дугаар сарын 29-нд шилжих шөнө 03 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Русский гимназия” сургуулийн орчим хохирогч Г.Батсүхийн амь биед аюултай хүч хэрэглэн довтолж, толгой, нүүр лүү нь гараа цохиж, түлхэж унагаан, биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан, гарыг нь баглан барьж байх үед халааснаас нь “Самсунг трэнд” маркийн гар утас, 60 000 төгрөг, бичиг баримт гэсэн эд зүйлсийг нь дээрэмдэн авсан,

шүүгдэгч Г.Сандагдорж нь согтуугаар Б.Мөнхбаттай бүлэглэн, шунахай сэдэлттэйгээр 2016 оны 8 сарын 28-наас 2016 оны 8 сарын 29-нд шилжих шөнө 03 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Русский гимназия” сургуулийн орчим хохирогч Г.Батсүхийн амь биед аюултай хүч хэрэглэн довтолж, цээж рүү нь өшиглөн, түлхэж унагаан биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан, гарыг нь баглан барьж өгснөөр халааснаас нь “Самсунг трэнд” маркийн гар утас, 60 000 төгрөг, бичиг баримт гэсэн эд зүйлсийг нь дээрэмдэн авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

       ТОДОРХОЙЛОХ НЬ:  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Б.Мөнхбат мэдүүлэхдээ:

2016 оны 8 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Модны 2-ын замд Г.Сандагдорж, Н.Энхцэцэг, Г.Хулан бид 4 Г.Сандагдоржийн гэр рүү орох гээд явж байсан. Тэр орой бид 4 караокед ороод 1 шил “Болор”, нэг, нэг шил “Сэнгүр” шар айраг ууж, дунд зэрэг согтсон байсан. Г.Сандагдоржийн гэрт орох гэтэл тэр түлхүүрээ олохгүй байсан. Тэгээд Н.Энхцэцэг, Г.Хулан нар гэрийн түлхүүрийг хайх гээд гэрэл рүү гарсан. Энэ үед Г.Сандагдорж бид 2 тэднийг байрны нь гадаа хүлээсэн боловч тэд ирээгүй тул бид тэднийг хайхаар зам руу гарсан. Тэгээд голын замаар явж байхад өөдөөс нэг ах явж байхаар нь “манай 2 найз олдохгүй байна” гэж учраа хэлээд Энхцэцэгийн 99494952 дугаар руу залгахад утсаа аваагүй. Тэр үед халаасаа үзтэл халаасанд миний гар утас байхгүй байсан. Тэгэхээр нь өөрийнхөө 88151235 дугаарын утас руу залгахад миний утас энэ ахын халаасанд дуугарсан. Тэгэхээр нь би “уучлаарай ахаа утсаа авъя” гэхэд “юу яриад байгаа юм бэ, яахаараа чиний утас надад байдаг юм бэ” гэж хэлээд намайг түлхсэн. Би энэ ахын баруун халааснаас гарыг нь татаж гаргаж байгаад өөрийнхөө гар утсаа авсан. Намайг утсаа авах гэтэл тэр ах “чи хүн андуураад байна. Би юу гэж чиний утсыг авах юм бэ” гээд намайг хойш нь түлхээд байсан. Энэ ахын халааснаас миний утас гарч ирсэн болохоор би 2 удаа түүний нүүр рүү нь цохисон. Энэ үед би ганцаараа байсан. Миний бодлоор бид нар эхлээд таксинаас буухдаа гар утсаа унагаасан, эсвэл Г.Сандагдорж бид хоёр утсаар ярих гээд замын боржуур дээр суухдаа халааснаасаа унагаасан байж магадгүй. Тэр үед хохирогчийн хамраас цус гарсан байсан. Хохирогч 2 удаа цохиулаад айж сандраад зугтаасан байх. Тэгж байтал Г.Сандагдорж “юу болоод байна” гэж ирээд, бид хоёрыг салгасан. Г.Сандагдорж тэр ахыг зодож, цохиогүй. Би Сандагдоржид “энэ ах миний гар утсыг авсан байхаар нь ийм зүйл боллоо” гэж хэлсэн. Бид хоёр буцаад явахад нөгөө ах зугтаасан. Бид 2 такси барих гээд явж байтал Модны 2-ын тэнд байдаг 3 Түц-ний голд хүрэн хавтастай бичиг баримт, 2, 3 ширхэг түлхүүр байсан. Би Г.Сандагдоржоос “энэ чиний бичиг баримт, түлхүүр биш юм уу” гэж асуухад тэр “манай гэрийн түлхүүр биш байна” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр голын зам дээр явж байтал цагдаагийн машинтай цагдаа нар ирээд биднийг машинд суулган авч явсан. Цагдаагийн машинд байхад миний халааснаас нөгөө бичиг баримт, түлхүүрийг цагдаагийн ажилтан гаргаад хохирогч Г.Батсүхээс “таны эд зүйл мөн үү” гэж асуухад тэр “мөн байна” гэхэд түүнийг надаас авч, түүнд өгсөн. Би өөрийнхөө “Самсунг Эс 2” маркийн гар утсыг Г.Батсүхээс авснаас хохирогчийн гар утсыг аваагүй. Тэр үед Г.Батсүхэд мөнгө байгаагүй. Надад түүнийг дээрэмдье, мөнгийг нь авах бодол байгаагүй, мөнгийг нь аваагүй. Цагдаа дээр ирээд би тэр шөнөдөө эрүүлжүүлэхэд хоносон. Бид шүүгдэгчийг цохиж, түүнд гэмтэл учруулсан тул хохирол төлбөр төлсөн. Түүний эмчилгээний төлбөр нь нотлох баримтаар нотлогдоогүй боловч би илүү төлсөн мөнгөө хохирогчоос буцааж авахгүй. Хөнгөн ял оногдуулна уу гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Г.Сандагдорж мэдүүлэхдээ:

2016 оны 8 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Г.Хулан, Н.Энхцэцэг, Б.Мөнхбат бид 4 караокеноос гараад манай гэрт иртэл гэрийн түлхүүр байхгүй байсан. Би ажлын хувцасныхаа халаасанд гэрийн түлхүүрээ орхисон байсан юм байна лээ. Б.Мөнхбат бид 2 таскинаас буусан газраа түлхүүрээ хайх гээд явсан хойгуур миний цүнх, Б.Мөнхбатын хувцсыг Г.Хулан, Н.Энхцэцэг нар аваад гэр рүүгээ явсан байсан. Бид цүнх, хувцсаа авахаар тэднийг хайгаад Түц-ний хажууд утсаар ярих гээд сууж байхдаа би унтсан байсан. Намайг сэрэхэд Г.Батсүх гуай Б.Мөнхбат нар зодолдсон байдалтай, тэр хүний хамраас нь цус гарсан байсан. Тэр хүн над дээр ирээд миний хөлийг тэврээд “ахыгаа андуураад байна” гэж хэлсэн. Тэгээд би Б.Мөнхбатаас “юу болсон” талаар асуухад “энэ хүн миний гар утсыг авсан. Энэ ахын баруун талын халаасанд миний гар утас нь байгаа” гээд байсан. Хохирогчийн гар утас Б.Мөнхбатынхтай адилхан хар өнгийн утас байсан. Г.Батсүх гуай найзыгаа таскинд суулгачихаад буцаж явахад нь 2 согтуу хүн унтаж байхаар нь Б.Мөнхбатын гар утсыг авсан байх гэж бодож байна. Тухайн үед Г.Батсүх гуай Б.Мөнхбатын гар утсыг авсан би эсэхийг нь мэдэхгүй, хараагүй.  Би Г.Батсүх гуайг  Б.Мөнхбатаас салгасан ба хохирогч шууд зугтаагаад явсан. Би Г.Батсүх гуайг цохиж, зодож, дээрэмдээгүй, тэр хүний ямар нэгэн хавтас, бичиг баримт огт хараагүй. Б.Мөнхбат бид 2 надад байсан 3 000 төгрөгөөр Г.Хулангийн гэр рүү такси барих гээд зогсож байхад цагдаагийн эргүүлийн машин ирээд биднийг баривчилсан. Цагдаагийн хэлтэс дээр очоод намайг эрүүл байсан болохоор “чи зодоон хийгээгүй, эрүүл байна” гээд явуулсан. Би гэртээ харьж, Б.Мөнхбат, Г.Батсүх гуай нар үлдсэн. Би тэр үед ахиж маргаан гаргахгүйгээр цагдаа юм уу түргэн дуудах байсан. Би иргэний үүргээ биелүүлэн, Б.Мөнхбат, Г.Батсүх гуай нарыг салгасан. Г.Батсүх гуай мэдүүлэг өгөхдөө намайг өөр лүү нь дайрсан гэж хэлсэн байх гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-Г.Батсүх мэдүүлэхдээ:

2016 оны 8 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө манай найз Ховд аймгаас манайд ирээд, надтай уулзаж, бид 1 шил архи хувааж уусан. Би ээлжийн жолооч ажилтай, маргааш нь Ховд руу ээлжинд явах ажилтай байсан. Би найзыгаа таксинд суулгаж өгөөд явж байтал дээгүүрээ цээж нүцгэн 2 залуу явж байсан. Удалгүй Б.Мөнхбат нь ирээд миний баруун нүд, хамар руу цохисон. Тэгээд миний толгой манараад хамраас цус гараад доош тонгойгоод “юу болж байна, би чиний аав шиг хүн байна” гэж хэлсэн. Тэгж байтал Г.Сандагдорж ирээд бид хоёрыг салгасан. Гэтэл Б.Мөнхбат надаас “миний найз охины утас таны халаасанд байна” гээд надаас нэхээд байсан. Би “тийм юм байхгүй, хүний утас аваагүй” гэж хэлсэн. Тэгээд намайг утасныхаа кодыг тайлж өг гээд байсан. Миний нүд булдруу болоод утасныхаа кодыг тайлж өгч чадаагүй. Тэгээд энэ хоёроос зугтаагаад зогсоолд байсан машинуудын дунд суусан. Тэгэхэд нэг банди ирсэн. Би “цагдаа дуудья, ахдаа утсаа өгөөч” гэхэд тэр “би цагдаа дуудчихсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “чи цагдаа иртэл ахынхаа хажууд сууж бай” гэж хэлээд байж байтал цагдаа нар ирсэн. Бид цагдаагийн машинд суухад Б.Мөнхбат миний гар утсыг надад өгсөн. Надад 3 нугалаатай хавтас байсан ба дотор нь иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, виза карт зэрэг бичиг баримт байсан. Би өөрийн бичиг баримтаа тэр үед унагаасан байж магадгүй. Б.Мөнхбат намайг цохисон, түүнээс болж надад гэмтэл учирсан. Би шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Г.Сандагдорж намайг зодсон эсэхийг мэдэхгүй байна. Гэхдээ тэр миний биед гар хүрсэн гэж бодож байна. Б.Мөнхбат, Г.Сандагдорж нар намайг зодож байгаад эд зүйлийг минь авсан. Б.Мөнхбатын гар утас миний халаасанд байгаагүй. Энэ хэрэг гарснаас хойш тодорхой хугацаа өнгөрсөн болохоор мөрдөн байцаалтын шатанд ярьсан зүйлээсээ зарим зүйлийг дутуу ярьж байгаа байх. Би хохиролд 2 шүүгдэгчээс тус бүр 750 000 төгрөг, нийт 1 500 000 төгрөг авсан. Одоо надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хийлгэсэн эмчилгээ нийтдээ ойролцоогоор 3 300 000 төгрөг болсон. Би Б.Мөнхбат, Г.Сандагдорж нарыг оюутан болохоор нь 1 500 000 төгрөг аваад гомдолгүй гэж хэлсэн. Г.Сандагдорж намайг ганц нэг удаа цохисон байх. Би сайн санахгүй байна. Би шүүгдэгч нарыг гүтгээгүй. Миний шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг үнэн. 60 000 төгрөг миний өмдний зүүн халаасанд байсан,  миний мөнгийг энэ 2 авсан. Миний гар утас өмдний баруун талын халаасанд хавтастайгаа хамт байсныг Б.Мөнхбат авсан. Тэр “миний найз охины утас таны халаасанд дуугараад байна” гээд надаас гар утсыг минь авсан.  Мөнхбат гар утсыг минь аваад баруун нүд, хамар руу цохисон. Тэгээд миний толгой манараад хамраас цус гараад доош тонгойсон гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Г.Батсүх мэдүүлэхдээ:

2016 оны 8 сарын 28-ны өдөр манай найз Баттөр Ховд аймгаас ирээд Баттөр бид хоёр манай гэрт очоод нэг шил архи хувааж уучихаад шөнийн 02 цагийн орчим
одоо амьдарч байгаа буюу Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 7 дугаар төвийн арын байрнаас гарч ирээд Баттөрийг зам дээрээс машинд суулгаж өгчихөөд би буцаад ганцаараа гэр рүүгээ явж байхад миний урдаас цээж нүцгэн 2 залуу гарч ирээд намхан буюуБ.Мөнхбат гэх залуу манай найз охин тань руу залгасан байна гэж хэлээд миний нүүр хэсэг рүү гараараа цохиод байхаар нь би “хөөе та нар юу яриад байна, би та нарын аав шиг хүн байна” гэж хэлэхэд “чи юу яриад байгаа хөгшин төгзөг бэ” гэсэн. Хамт явсан өндөр залуу буюу Сандагдорж нь миний цээж рүү хөлөөрөө 2-3 удаа өшиглөөд миний халаасанд байсан нэг ширхэг гар утас, бичиг баримтууд, бэлэн 60 000 төгрөгийг авсан тэр үед хажууд явж байсан нэг залуу намайг хараад цагдаад дуудлага өгсөн. Би тэр үед нь тэр 2 залуугаас мултраад зугтаад гүйтэл араас нөгөө залуу гүйж ирээд “ахаа би цагдаад дуудлага өгсөн шүү” гэж надад хэлсэн. Би тэр залуутай хамт нэг машины ард нуугдаж байгаад Б.Мөнхбат, Г.Сандагдорж нарыг нууцаар хараад зогсож байтал тэр 2 замын цаад талаас машин барих гээд зогсож байсан. Тэр 2 залууг авах машин олдохгүй байсан тэр үед алаг тэрэгтэй цагдаа ирэхээр нь би очоод уулзсан. Цагдаа нь “таныг зодсон хүн хаана байна” гэхээр нь би зааж өгснөөр цагдаа очоод барьж аваад намайг болон намхан биетэй Б.Мөнхбат, өндөр биетэй Г.Сандагдорж нарыг алаг машиндаа суулгаад цагдаагийн хэлтэс рүү явж байх үед тэр 2 залуугийн нэг нь намхан буюу Б.Мөнхбат нь миний гар утсыг “энэ таны гар утас” гэж хэлээд надад өгсөн. Харин өндөр биетэй Г.Сандагдорж гэх залуу нь “энэ таны бичиг баримт” гэж хэлээд миний жолооны үнэмлэхийг надад өгсөн. Тэгээд цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Б.Мөнхбат гэх залуу нь намайг зодож байхдаа гар утасныхаа дэлгэцний кодыг нь гаргаж өг гэж хэлээд зодоод байсан би гаргаж өгөөгүй. Б.Мөнхбат, Г.Сандагдорж нар нилээн согтуу явсан. Хоёулаа дээгүүрээ нүцгэн явж байсан. Эхлээд Б.Мөнхбат нь гараараа миний нүүр рүү их олон цохисон. Г.Сандагдорж нь миний цээж рүү хөлөөрөө 2 удаа өшиглөсөн. Бүлэглэн зодсон. Хоёулаа нийлээд миний гар утас, бичиг баримтыг дээрэмдсэн. Өндөр Г.Сандагдорж нь миний 2 гарыг ард барьж байх үед Б.Мөнхбат нь миний урд талд зогсож байгаад миний өмдний зүүн халаасанд байсан гар утас мөн баруун талын өмдний хапаасанд байсан бичиг баримтууд, бэлэн 60 000 төгрөгийг авсан. Намайг дээрэмдэх зорилгоор цохисон гэж бодож байна гэжээ. (хэргийн 18-22 дугаар хуудас)

 

           Мөрдөн байцаалтад гэрч-Г.Хулан мэдүүлэхдээ:

2016 оны 8 сарын 28-ны орой 00 цагийн орчим 4-үүлээ гараад машин
бариад Г.Сандагдоржийн гэрийн гадаа очсон. Тэр үед Б.Мөнхбат, Г.Сандагдорж нар согтоод тасарсан. Би Г.Сандагдоржоос “гэрийн чинь түлхүүр хаана байна” гэхэд тэр “мэдэхгүй цүнхэнд байгаа” гээд байхаар нь цүнхийг нь ухаад үзтэл баахан бичиг баримтууд байсан гадаа харанхуй байсан болохоор гэрэлтэй газар гээд орц руу Н.Энхцэцэг бид 2 орсон. Орцонд ороод цүнхэнд нь түлхүүрийг нь хайхад байхгүй байсан. Тэгээд буцаад гараад иртэл тэд байхгүй байсан. Тэр хавиар хайж байгаад олдохгүй байхаар нь Н.Энхцэцэг бид тэдний гэр рүү явж очоод байж байтал Г.Сандагдорж залгаад “Б.Мөнхбатыг эрүүлжүүлэхэд орчихлоо, ирээд аваарай” гэж хэлэхээр нь “за” гэж хэлээд шөнийн 02 цагийн орчим Н.Энхцэцэг бид 2 эрүүлжүүлэх байранд ирээд асуутал Б.Мөнхбатыг гаргаагүй. Тэгээд Н.Энхцэцэгийн гэрт нь очоод буцаад унтсан. Нилээн согтуу байсан. Б.Мөнхбатын гар утсыг авч яваагүй, Г.Сандагдоржийн цүнх болон Б.Мөнхбатын гадуур хувцас зэргийг авч явсан. Нүцгэн байсан байх ундаа асгаад байсан гэжээ. (хэргийн 23, 24 дүгээр хуудас)

 

 Мөрдөн байцаалтад гэрч-Н.Энхцэцэг мэдүүлэхдээ:

 ...шөнийн 01 цагийн орчим тэндээсээ гараад машинд суугаад Сандагдоржийн гэрийн гадаа очоод Г.Сандагдоржоос “түлхүүр чинь хаана байна” гэхэд тэр “мэдэхгүй” гээд байсан. Халаасанд үзэхэд байхгүй байсан. Тэгээд Г.Хулан бид 2 буцаж гараад Г.Сандагдорж, Б.Мөнхбат нарыг хайхад байхгүй байсан. Жаахан харж байгаад машин бариад гэр рүүгээ хариад байж байтал Г.Сандагдорж залгаад “Б.Мөнхбат эрүүлжүүлэхэд орсон” гэж хэлэхэд нь Г.Хулан бид 2 эрүүлжүүлэхэд ирээд авах гэтэл гаргахгүй гэхээр нь буцаад явсан. Г.Сандагдоржийн гэрийн гадаа очоод Б.Мөнхбатын гар утсыг авч яваагүй гэжээ. (хэргийн 27 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Хатанболд мэдүүлэхдээ:

2016 оны 8 дугаар сарын 28-ны оройн 22 цагаас 2016 оны 8 дугаар сарын 29-ний өглөөний 08 цаг хүртэл машинт эргүүлийн Тайшир 113 чиглэлд а/а Д.Өсөхбаярын хамт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд шөнийн 03 цагийн орчим Тайшир 10-аас Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Аморе” зочид буудлын баруун буланд нэг эрэгтэй хүн хүнд зодуулсан байна гэсэн дуудлагын дагуу очиж шалгахад 60 орчим насны эрэгтэй хүн согтуу зодуулсан гэсэн хамраас цус гарсан байдалтай зогсож байсан. Тэр ах дөнгөж сая намайг 2 залуу зодчихоод тийшээ явчихлаа гээд зүүн зүг рүү гараараа заахаар нь би жолооч Өсөхбаярт энэ хүнийг суулгачих гэж хэлээд би өөрөө явганаар нөгөө 2 залуугийн араас нь гүйгээд явж байтал машин замын ойролцоо нэг цагаан футболктай өндөр залуу нэг нь намхан дээгүүрээ цээж нүцгэн 2 залуу алхаж байхаар нь би гүйж очтол нэг нь эргэж хараад нөгөөхөө татаад зугтах гэтэл нь би ард нь очоод бариад авсан. Тэр үед Б.Мөнхбат, Г.Сандагдорж нар “бид 2 яагаа ч үгүй шүү дээ, ахаа” гээд байсан. Тэд согтуу байсан. Тэгээд би Б.Мөнхбат, Г.Сандагдорж нарыг машин руугаа чирч авчраад, хохирогч Г.Батсүхэд харуулахад “мөн байна” гэж хэлсэн. Тэгээд  Б.Мөнхбат, Г.Сандагдорж нарыг машиндаа суулгаад хэлтэс дээр ирээд хүлээлгэж өгсөн. Үзлэг хийсэн машины хажууд авчраад Б.Мөнхбат, Г.Сандагдорж нарын биед үзлэг хийх үед намхан буюу Б.Мөнхбатын халааснаас зодуулсан гэх Г.Батсүхийн “Самсунг” маркийн хар өнгийн гар утас гарч ирсэн, харин Г.Сандагдоржоос товчлууртай “Нокиа” маркийн гар утас нэг ширхэг, мөнгө гарч ирсэн. 2 500-3 000 төгрөг гарч ирсэн. Б.Мөнхбатын биеэс 1 000 төгрөг нэг ширхэг, 500 төгрөг нэг ширхэг гарч ирсэн. Биеэс нь гарч ирсэн эд зүйл буюу “Самсунг” маркийн гар утас 1 ширхэг, жижиг бор хүрэн хавтастай бичиг баримт зэргийг гарч ирэхээр нь хохирогч Г.Батсүхэд үзүүлэхэд хохирогч мөн байна гэсэн бөгөөд уг бичиг баримтан дотор хохирогчийн иргэний цахим үнэмлэх гарч ирсэн, мөн дотор нь хохирогчийн Хаан банкны нэг ширхэг карт, жолооны үнэмлэх зэрэг гарч ирсэн гэжээ. (хэргийн 29-32 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Ш.Банзрагч мэдүүлэхдээ:

...шөнийн 03 цаг байх яг цагийг санахгүй байна гадаа хажууд байрлах цэцэрлэгийн хойд хэсэгт 2 эрэгтэй хүн хашгираад байхаар нь би “юун хүн хашгираад байна” гэж бодоод тавцан дээрээ гараад хартал нэг эрэгтэй хүн машин барих гээд зогсож байсан, нэг эрэгтэй нь зодуулсан ахаас нилээн захирангуй “утсаа өгөөдөх яримаар байна” гэж хэлж байсан тэгэхээр нь би цагдаад өөрийнхөө дугаараас дуудлага өгчихөөд шууд эгчийнхээ гэрээс гараад цэцэрлэгийн хойд талд очоод хартал нөгөө 2 согтуу залуу хохирогч ахыг зодож байсан. Би тэгэхээр нь дахиад цагдаад дуудлага өгчихөөд буцаад байр луугаа ороод сууж байя гэж бодоод буцаж орц руугаа орох гэтэл тэр зодуулж байсан ахын дуу нь сонсогдохоо больсон. Тэгэхээр нь би буцаад очтол нөгөө 2 согтуу хүн Түндэмүн сауны зүг явж байсан. Хохирогч ах над дээр ирээд “ахын дүү гар утсаа өгчих, цагдаад дуудлага өгнө” гэхээр нь би тэр зодуулсан ахад цагдаад дуудлага өгсөн талаараа хэлсэн. Тэр үед ах миний гар утсыг аваад өөрийнхөө нэг дүү рүүгээ яриад “ах нь зодуулчихлаа, хүрээд ир, энд бас нэг хүн байна, цагдаад дуудлага өгсөн” гэж хэлээд тасдаад. Утас нэхэж байгаа залуу нь зодож байсан. Дараа нь нөгөө өндөр залуу 2 удаа нүүр рүү нь цохисон гэжээ. (хэргийн 47, 48 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-О.Баттөр мэдүүлэхдээ:

2016 оны 8 дугаар сарын 28-ны орой хохирогч Г.Батсүхтэй хамт байсан. Г.Батсүх намайг байрны арын зам дээрээс таксинд суулгаж өгөөд би харьчихсан гэжээ. (хэргийн 50 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 12019 дугаартай дүгнэлтэд:

            1. Г.Батсүхийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацрын төвгөрийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт, дээд уруулын дотор салстад шарх гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

            3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 52 дугаар хуудас)

 

2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн илтгэх хуудсанд:

...гудамжинд 2 хүн зодолдоод байна гэх дуудлагын дагуу очиж шалгахад Г.Батсүхийг Ганбаатар овогтой Сандагдорж, Бямбасүрэн овогтой Мөнхбат зодож, дээрэмдэн явж байхад нь араас нь хөөж очиж барьж Тайшир 10-т хүлээлгэн өгөв гэжээ. (хэргийн 16 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Б.Мөнхбат нь урьд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1-р шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан гэжээ. (хэргийн 85 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Г.Сандагдорж ял шийтгэгдээгүй гэжээ. (хэргийн 95 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Б.Мөнхбат, Г.Сандагдорж нар нь архи ууж согтуурсан үедээ  бүлэглэн, шунахай сэдэлтээр 2016 оны 8 дугаар сарын 28-наас 2016 оны 8 сарын 29-нд шилжих шөнө 03 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Русский гимназия” сургуулийн орчим хохирогч Г.Батсүхийн амь биед аюултай хүч хэрэглэн довтолж, бие махбодид нь тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацрын төвгөрийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт, дээд уруулын дотор салстад шарх бүхий хөнгөн гэмтэл учруулан, түүний өмдний халааснаас нь “Самсунг трэнд” маркийн гар утас, 2 ширхэг жолооны үнэмлэх, иргэний цахим үнэмлэх, хаан банкны виза карт 1 ширхэг, бичиг баримт хийдэг гэр 1 ширхэг зэрэг 135 000 төгрөгийн эд зүйл болон 60 000 төгрөг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Г.Батсүх, Б.Хатанболд, Ш.Банзрагч, нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн шинжээчийн 12019 дугаартай дүгнэлт, 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн илтгэх хуудас, эд зүйлийн үнэлгээ, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг, дуудлагаар ажилласан талаарх баримтууд зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, хэргийн талаар шалгавал зохих зүйлийг бүхэлд нь бүрэн шалгажээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч нарын гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Гэтэл “бүлэглэж” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т заасан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг давхар журамлах шаардлага байхгүй болно. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Мөнхбат “би энэ хүний гар утсыг аваагүй, харин түүний баруун халааснаас өөрийнхөө гар утсыг авсан”

Г.Сандагдорж “Би Г.Батсүх гуайг цохиж, зодож, дээрэмдээгүй, тэр хүний ямар нэгэн хавтас, бичиг баримт огт хараагүй, аваагүй, Б.Мөнхбат, Г.Батсүх гуай нарыг  салгаж, иргэний үүргээ биелүүлсэн” гэж мэдүүлсэн нь дээр дурдсан нотлох баримтуудаар  үгүйсгэгдэж байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийн 36.4-т зааснаар тэд өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, өөрийн гэм буруугүйг болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байх эрхийнхээ дагуу үйлдсэн хэргээ хүлээхгүй байгаа ч үйлдсэн хэрэг нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон бөгөөд хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг бүрэн шалгасан гэж үзэв.

 

Иймд шүүгдэгч нарыг бүлэглэж, бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, эд зүйлийг нь дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Б.Мөнхбат, Г.Сандагдорж нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Хохирогч нь гэм хорын хохиролд нийт 3 343 800 төгрөгийг нэхэмжилсэн боловч хэрэгт 138 400 төгрөгийн баримт авагдсан байна. Шүүгдэгч нар сайн дураар тус бүр 750 000 төгрөг, нийт 1 500 000 төгрөгийг хохирогчид хүлээлгэн өгсөн байна. Иймд шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Б.Мөнхбат нь урьд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1-р шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан бөгөөд Б.Мөнхбат нь тэнсэж, хянан харгалзсан хугацаанд шинээр гэмт хэрэг үйлдээгүй учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д зааснаар түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

 

Шүүгдэгч нарт ял оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх,

согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

 

Б.Мөнхбат нь МУБИС-ийн биеийн тамир, эрүүл мэндийн 4 дүгээр курсэд суралцдаг, оюутан,

Г.Сандагдорж нь“Алфрейд эйч хайт азиа аналитикал” компанид химич ажилтай зэрэг тэдний хувийн байдал, хохирол нөхөн төлж, гэм хорыг арилгасан, хохирогч гомдол, саналгүй байгааг харгалзан тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, тэдэнд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй байна.