Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 273

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж, шүүгч Л.Галбадар, шүүгч Д.Ренченхорол нарын бүрэлдэхүүнтэйгээр,

улсын яллагч С.Цэрэндалай,

шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Ц.Батбаяр, О.Бауржан,  

насанд хүрээгүй хохирогч С.Аманбол,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Каня,

хохирогчийн өмгөөлөгч Ц.Цэгмэд,

иргэдийн төлөөлөгч О.Отгонбаяр,

нарийн бичгийн дарга М.Цэрэнням нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд олны өмнө нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар Каракас овогт Миземхааны М.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201601080015 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1972 оны 2 дугаар сарын 3-ны өдөр Улаанбаатар хот Налайхад төрсөн, 47 настай, эрэгтэй, яс үндэс казак, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт, Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Өлгийн 4-9 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай Каракас овогт Миземхааны М.Б /РД- УР72020316/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/: М.Б нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б мэдүүлэхдээ: 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр тухайн үед бид дөрвүүлээ хашаа засварлаж байсан. Хаутбек, Воад, Айболат болон бид дөрөв байсан. Унасан хашааг босгож байх үед хүүхдүүд зоорин дээр тоглож байсан. Хашаан дээр тоглож байх үед Хоатбек хүүхдүүдийг буулгасан. Тухайн үед хэрэг болсон газрын зургийг авах талаар мөрдөгч н.Баярсайханд хэлсэн архины шил хагарсан газар байсан. Тухайн газар нь тоглоомын талбай бус 50 жил болсон цөмрөх барилга дээр тоглож байна гээд би буулгасан. 2015 оны 8 дугаар сарын 20-ны үеэр С.Аманболын эцэг, над дээр ирээд яагаад манай хүүхдэд гар хүрсэн бэ гээд ирсэн. Гэтэл би гар хүрээгүй агааржуулалтын нүхэнд толгойгоо хийсэн байхад би С.Аманболын гарнаас татаж гаргасан. Тэр үед намайг 3-4 метрийн зайд Хоатбек хараад зогсож байсан. н.Айболотыг гэрчээр оролцуулахгүй учир нь танай төрсөн эгчийн хүүхэд юм байна гэж мөрдөгч н.Баярсайхан хэлсэн. Тухайн үед хохирогчийн аав хүүхдийн гавлын цууралттай намар хагалгаанд орох хүүхэд та яагаад хүүхдэд гар хүрсэн юм бэ гэж ирсэн. Тухайн үед хамт байсан гэх хүүхдийг цохисон, барьсан зүйл байхгүй. Тэр үйл явдлыг Хоатбек харж байсан. Тухайн үед би эцэг, эхэд нь хандаад цагдаагийн байгууллагад хандах талаар хэлсэн. Гэтэл цагдаагийн байгууллагад тухайн үед хандсан зүйл байгаагүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч С.Аманбол мэдүүлэхдээ: Ердос, Азамат бид гурав нуугдаж тоглох гэж байсан. Би шатан доор нь нуугдах гэж байх үед гарнаас бариад авсан. Тэгээд намайг барьж авч цохисон би уйлсан гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч С.Аманболын хууль ёсны төлөөлөгч А.Каня мэдүүлэхдээ: 2015 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 13 цагийн үед манай хүүхэд хоёр найзтайгаа эгчийнд очиж тоглоно гээд явсан. Удалгүй ойролцоогоор 10 гаран минут болсоны дараа хоёр хүүхэд гэрт ирээд таны хүүхдийг зодсон гэж хэлсэн. Хүүхэд дээрээ очиход хацар нь улайсан, цонхийсон байдалтай байсан. Хүүгээ явъя гэж хэлэхэд айгаад яваагүй байсан. Би нөхөртэйгөө хамт М.Бтэй очиж уулзахад шилтэй зоорь луу орох гэж байсан гээд тоглож байсан газрыг харуулсан. Тухайн хашаа нь сараалжан хашаа байсан учраас ямар ч хүүхэд давж гараад тоглох боломжтой газар байдаг. Тухайн үед болсон зүйлийн талаар өргөдөл бичсэн байсан. Орой нь хүүгийн маань бие гаагүй байсан учраас хүний муу үзээд яахав гэж бодоод орхисон. Гэтэл 7 хоногийн дараагаас эхлээд хүү маань бие нь тавгүй байна гээд бөөлжөөд байсан учраас өрхийн эмнэлэгт үзүүлсэн ба хүүхдийн эмнэлэгт үзүүлэх талаар хэлсэн. Ингээд хүүхдийн эмнэлэгт үзүүлэхэд Эх нялхасын эрүүл мэндийн төвд очиж үзүүлэхэд төрхийн хүндрэлээс үүдэн тархины уйланхайтай гээд эмчилгээ бичиж өгсөн ба тухайн эм тариаг нь аваад эмчилгээ хийлгэсэн. Хүүхдийн тархи зөөлөн байдаг учраас цусан хураа нь тэлж байдаг гэж хэлсэн. Үүнээс хойш унтаа байдалтай байх болсон үргэлж унтаж, бөөлжөөд байдаг болсон. Мэдрэлийн эмчид үзүүлэхэд нүдний эмчид хандах талаар хэлсэн. Нүдний эмчид үзүүлэх үед танай хүүхдийн нүд аяганаасаа гарсан байна энэ нь хүчтэй доргилтоос үүснэ гэж хэлсэн. Ингээд яаралтай томографф зураг авахуулах талаар хэлсэн учраас Эх Нялхасын эрүүл мэндийн төвөөс гуравдугаар эмнэлэгт очиход гадны нөлөөтэй гэмтэл учраас гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэх талаар хэлсэн. Ингээд гэмлтийн эмнэлэгт очиж яаралтай мэс засалд орсон 2016 оны 01 дүгээр сарын үед эмнэлэгээс гарсан. 102 цагдаагийн байгууллага дуудах үед хагассайн өдөр учраас өргөдлөө нэг дэх өдөр аваад ир гэж хэлсэн. Утсаар ярьсан ямар нэг тэмдэглэл хийгдээгүй байдаг гэв.

 

Шүүгдэгч М.Б нь 2015 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Налайх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах бойны хашаан доторхи цөмөрсөн зоорины дээгүүр гүйлдлээ, зоорины агааржуулагчаар архины шил, тоосгоны хэлтэрхий зэрэг янз бүрийн эд зүйл хийлээ гэж уурлан 7 настай насанд хүрээгүй хохирогч С.Аманболын баруун хацарт нь гараараа алгадаж, бие махбодид нь тархины баруун тал бөмбөлөгийн хатуу хальсан доорх архаг цус хуралт, тархины эдийн няцрал бүхий хүнд гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

насанд хүрээгүй хохирогч С.Аманбол мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2015 оны намар яг хэдэн сарын хэдний өдөр гэдгийг нь мэдэхгүй байна. Гэрээсээ гараад танихгүй айлын хашаан дотор найз нарынхаа хамтаар тоглож байхад уг айлын эзэн нь болох том биетэй ах архины шил хагалж нүх рүү хийлээ гээд намайг барьж авангуутаа миний толгой руу гараараа цохисон. Тэгэнгүүт нь би зугтаагаад аавын төрсөн дүү Майра эгчийн хашаан дотор ороход нөгөө ах хойноос гүйж ирээд намайг барьж авангуутаа дахиад толгой руу гараараа цохиж зодсон...тухайн үедээ миний толгой өвдөж байгаад гайгүй болсноо хэд хоногийн дараа дахиад маш их өвдөж бөөлжсөөр байгаад эмнэлэгт хэвтсэн. Миний толгойн баруун хэсэгт гараараа цохисон. Миний толгойд намайг зодсон ах цохисоноос өөрөөр бэртэл гэмтэл учраагүй..., ...Би яг хэзээ гэдгийг нь санахгүй байна.2015 оны 9 сард санагдаж байна. Ямар ч байсан намар болоод хичээл орчихсон байсан юм. Намайг М.Б гэдэг ах миний толгойны баруун тал руу нэг удаа гараараа алгадаж цохисон. Их хүчтэй байсан... Ердос, Азамат нар байсан. Намайг цохихийг тэр хоёр харсан. Тэр хоёр надтай хамт тоглож байсан юм... Миний хувьд ямар нэгэн зүйлд толгойгоо цохих болон унасан зүйл байхгүй..., ...Би 2015 оны 9 дүгээр сард тэр М.Б гэдэг ахад цохиулснаас хойш өөр зодуулж цохиулсан, бас толгойгоороо унаж гэмтсэн зүйл байхгүй... 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр намайг хичээлдээ явахад миний толгой зүгээр байсан. Ямар нэгэн өвчин зовиур байгаагүй ээ. Тэгээд тэр ахад цохиулсаны дараа хэзээ гэдгийг нь санахгүй байна. Толгой өвдөж бөөлжих болсон. Би 2015 оны 10 дугаар сараас эхлэн эмнэлгээр явж эхэлсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 11, 12, 97-98х/,

 

насанд хүрээгүй гэрч З.Азамат мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2015 оны 9 дүгээр сард хичээл орсны дараа би найз Аманбол, Ердос нарын хамтаар Аманболын эгч Майра эгчийн хашаанд тоглож байхад Ердос энд нуугдаж тоглох газар байдаг юм гээд бойны хашаан дотор дагуулаад ороход тэр дотор хуучин байшингууд байсан. Тэгээд тэнд гурвуулаа тоглож байхад нэг том ах Аманболыг барьж аваад толгой руу нь гараараа цохингуутаа түүний цамцнаас нь барьж аваад энийгээ цэвэрлэ гээд байсан. Тэр ахыг Аманболыг зодонгуут Ердос бид хоёр зугтаагаад Аманболын гэрт нь очиж нэг ах Аманболыг зодоод байна гэдгийг хэлсэн... Миний харсанаар гараараа нэг удаа толгой руу нь нэлээн чанга цохингуут нь Ердос бид хоёр зугтаагаад явсан. Бид хоёрыг зугтаагаад явснаас хойш тэр ах Аманболыг хэдэн удаа яаж цохисон болохыг мэдэхгүй байна. Хашаан дотор байсан нүхэн дотор архины шил хийсэн чинь тэр хүн уурлаад Аманболыг барьж аваад зодсон. Нүхэнд хийсэн архины шилийг л авахуулах гэж байсан байх. Нүхэнд Аманбол шил хийсэн юм..." гэх мэдүүлэг /хх-ийн 17х/,

насанд хүрээгүй гэрч М.Ердос мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  "2015 оны намар хичээл орсоны дараа 9 сард байх миний бие найз Аманбол, Азамат нарын хамтаар бойны хашааны хойд хэсэгт амьдардаг Аманболын эгч Майра эгчийн гэрийн ойролцоо тоглож байгаад гурвуулаа Майра эгчийн урд талд байх нүхэнд шил хийгээд тоглож байсан чинь нэг том ах хүрч ирээд намайг барьж авангуутаа чи хэний хүүхэд вэ гэхээр нь би аавынха нэрийг хэлсэн чинь намайг тавьсан. Тэгэнгүүт Аманболыг барьж аваад зүүн гараараа толгой руу нь цохисон. Тэгэнгүүт нь Азамат бид хоёр зугтаагаад явсан. Тэгээд Азамат бид хоёр Аманболын гэрт нь очиж Аманболыг том хүн зодоод байна гэж ээжид нь хэлсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 19х/,

гэрч Т.Майра мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  "Манай гэр Налайх дүүргийн 4 хороо Бүс нуурын 7-1 тоотод буюу бойны хашааны баруун талд залгаа байдаг юм.Миний бие 2015 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 13 цагийн үед хашаан дотроо юм угаагаад байж байхад байшингийн хойд талд хүүхэд уйлах чимээ гарахаар нь байшингийнхаа хойд талд гараад ирсэн чинь М.Б гэх бойны хашаанд амьдардаг залуу манай ах Серикболын төрсөн хүү 8 настай Аманболын гарнаас нэг гараараа барьж байгаад нөгөө гараараа толгойнх нь баруун шанаа руу хэд хэдэн удаа алгадаж байсан.Тэгэхээр нь болиоч наад хүүхэд чинь толгойны өвчтэй ш дээ гэсэн... М.Б Аманболыг зодсоны дараа Аманболын нүүр болон баруун шанааны хэсэг нь нэлээн улаасан байдалтай харагдаж байсан.Өөр ил харагдахаар бэртэл гэмтэл анзаарагдаагүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 18х/,

 

гэрч А.Каня мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...манай хүү Аманболын найзууд болох Ердос, Азамат нар манай гэрт гүйж ирээд танай хүүхдийг хүн зодоод байна гэхээр нь нөхөртэйгээ хамт гүйгээд очсон. Бид хоёрыг очиход нүүрнийх нь баруун тал нь улайчихсан, бас хацар нь улайчихсан байсан. Тэгэхээр нь би нөхөртэйгээ хамт очоод тэр зодсон гэх М.Бтэй уулзаад та яаж байгаа юм бэ гэсэн чинь хохь чинь шүү дээ, танай хүүхэд чинь нүхэнд шил хийсэн, би боль гэсэн боловч болиогүй гэж хэлсэн... Тухайн үед хүүхдээ эмнэлэгт үзүүлж чадаагүй. Зодуулсанаас хойш 7 хоногийн дараа эмнэлэгт үзүүлсэн. Тэр өдрөөс хойш манай хүү толгой өвдөх боллоо гэж хэлээд байнга бөөлжих болсон. Бид нар төрөлхийн уйланхайтай болохоор нь тэрэндээ нөлөөлчихлөө гэж бодож байсан юм. Тэгээд 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр эмнэлэгт үзүүлэхэд эмч нүд нь аяганаасаа гарчихсан байна. Яаралтай зураг авахуул гэж хэлэхээр нь тархины нарийвчилсан зураг авахуулсан... Тархиндаа гэмтэл авсан байсан. Тэр гэмтэл нь бол багын төрөлхийн уйланхайтай ямар ч хамаа байгаагүй. Тэр өдрөөс хойш байнгын эмнэлгээр миний хараа хяналтанд байсан. Байнгын хэвтэрийн байдалтай байсан. Одоо ч гэсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна... Эмчилгээний зардалд одоогоор 2.031.470 төгрөгийн зардал гаргаад байна. Хагалгаанаас хойших баримт байгаа юм. Хагалгаанаас өмнөх баримтуудыг авч чадаагүй юм. Тэр нь багаар бодоход 500.000 орчим төгрөг болсон. Нийт 2.500.000 төгрөг нэхэмжилж байна..., ...Манай хүүгийн хувьд тэр М.Б гэгчид 2015 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр алгадуулснаас хойш нүд нь улайж бага зэрэг солийж, бас толгой нь өвдөж бөөлжих болсон. Тэгээд зовиур бага багаар илэрч байгаад 2015 оны 10 дугаар сард өвчин нь хүндэрч эмнэлгээр явж үзүүлж эхэлсэн юм. 2015 оны 12 дугаар сард гэмтлийн эмнэлэгт хэвтэхдээ өвчин хэзээнээс эхэлсэн бэ гэж асуухад нь бид нар 10 дугаар сараас эхлэн өвчин нь хүндэрч өвдөх болсон гэж хэлсэн болохоор өвчний түүх дээр тэгж бичсэн байх. 2015 оны 10 дугаар сард эх нялхаст үзсэн эмч нь картан дээр нь эмчилгээ бичсэн байгаа. М.Бэд цохиулсанаас хойш гэрээс гараагүй. Хичээлд нь явуулчихаад л гэрээс гаргадаггүй байсан. Аманбол ч өөрөө бие нь өвдөөд хэвтээд байдаг байсан юм. Толгой өвдлөө гээд л хэвтээд байдаг байсан. Гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд дахиж хэд хоносон бол танай хүүхэд нас барах байсан байна, азтай хүүхэд байна гэж байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 22-23, 19х/

Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн №1153 тоот: "...1.Шинжээч эмч С.Төгсбуянгийн гаргасан №08/12 тоот шинжээчийн дүгнэлтийн баруун чамархай ясны цууралт гэснээс бусад заалттай санал нэг байна. 2.3.Аманболын биед тархины баруун тал бөмбөлөгийн хатуу хальсан доорх архаг цус хуралт, тархины эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 4.7.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1 болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой.Баруун хацарт алгадах үед үүсэх боломжтой. б.Аманболын биед тархины баруун тал бөмбөлөгийн хатуу хальсан доорхи архаг цус хуралт, тархины эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...8.Дээрхи гэмтэл нь нэг цаг хугацаанд хэрэг болсон гэх 2015 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр үүсэх боломжтой. 9.10.11.12.дээрхи гэмтлийг авсан хүүхдэд толгой байнга өвдөх бөөлжүүлэх, хоолны дуршил буурах, идэвхи сулрах гэх мэт шинж тэмдэг илэрнэ.С.Аманбол нь хэрэг болсон гэх цаг хугацааснаас хойш тогтмол эмнэлгийн байгууллагад хандаж эмийн болон эмийн бус эмчилгээ хийгдэж байсан учир эмнэлзүйн шинж тэмдэгүүд бүдэг илрэн 3-4 сарын турш идэвхитэй үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой. Аманбол нь эмнэлгийн бичиг баримтаас үзэхэд 2016 оны 10 дугаар сарын 5-ны өдрөөс эмнэлгийн байгууллагад хандан уналт, таталт, хам шинж, тархины уйланхай, гүйлсэн булчирхайн үрэвсэл оношуудаар үрэвслийн эсрэг тархины цусан хангамж сайжруулах, эмийн эмчилгээ болон эмийн бус эмчилгээ хийлгэж байсан байна. 13.С.Аманболын биед учирсан тархины баруун тал бөмбөлөгийн хатуу хальсан доорхи архаг цус хуралт, тархины эдийн няцрал гэмтэл нь анхны цохилтоор үүсч, улмаар нэмэгдэх байдлаар эмнэл зүйн шинжүүд илрэн хагалгаанд орсон байна." гэх 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт /хх-ийн 219-223х/

 

шинжээч эмч С.Төгсбуян мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  "...Тухайн гэмтэл нь насанд хүрсэн хүний гараар нэг болон түүнээс дээш удаагийн цохилтоор үүсэх боломжтой...2015 оны 9 дүгээр сард тухайн гэмтлийг авсан байх боломжтой. Дээрхи гэмтлийг авсан даруйд толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих, огих, нүд бүлтрэх, толгой эргэх, явах үед гуйвах зэрэг шинж тэмдэг илэрч болно. Амь насанд аюултай байдалд хүрэх хүртэл идэвхитэй үйлдэл хийх боломжтой.Насанд хүрээгүй хүүхдийн хувьд илүү урт хугацаагаар идэвхитэй үйлдэл хийх боломжтой. Учир нь хүүхдийн тархи, гавал ясны бүтэц зэрэг нь насанд хүрсэн хүнийхээс онцлогтой байдаг. Хүүхдийн хувьд гавал яс нимгэн, тархинд үзүүлж байгаа даралт нь бага байдаг учир шинж тэмдэг удаан илэрдэг юм. Насанд хүрсэн хүн дээрхи гэмтлийг авсан тохиолдолд удаан хугацаагаар идэвхитэй үйлдэл хийж чадахгүй" гэсэн мэдүүлэг. /Хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас/ ...Уйланхай нь өөрөө архаг өвчин байгаа юм. Харин хохирогчид учирсан архаг цусан хураа нь гэмтлийн гаралтай үүсдэг учир уйланхай өвчин гэмтэлд нөлөөлсөн зүйл байхгүй. Ямар ч хамаа байхгүй... Тархины архаг цусан хураа гэдэг нь тархинд цус хураад удаан хугацаагаар байсныг ойлгоно..." гэх мэдүүлэг /хх-ийн 31х/,

 

гэрч Б.Баттөгс мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "Тухайн хүүхэд тархиндаа цус хуралттай гэсэн оноштойгоор ирсэн ба миний бие хагалгааг ахалж хагалгаанд орсон. Намайг хагалгаа хийхэд тархины баруун талын чамархайд цус хуралттай байсан ба хагалгаагаар 200 мм орчим архаг цус хуралт байсныг нь авсан...Тухайн хагалгаанд орсон хүүхэд нь бага насны хүүхэд байсан тул жижиг зүслэг хагалгаа хийсэн. Намайг хагалгаа хийхэд хүүхдийн тухайн мэс засал хийгдсэн хэсэгт хугаралт цууралт байгаагүй. Зөвхөн цус хурсан байсныг нь л авсан. Өөр эмчилгээ хагалгааны ажиллагаа хийгдээгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 24х/,

гэрч Б.Алимаа мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Миний дааж авсан 2б ангийн сурагч байгаа юм. С.Аманболын хувьд 2014-2015 оны хичээлийн жилд зүгээр хичээлдээ сурсан. 2015 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр хичээл эхэлсэн.С.Аманболын хувьд 9 сард яг хэзээ гэдгийг нь санахгүй байна, Аманбол нь нүд нүүр нь улайгаад хичээлдээ идэвхигүй болчихсон байсан. Тэгээд 2015 оны 10 дугаар сард Аманболын нүдний улайлт нь улам нэмэгдээд хичээлээ ч хийхгүй ширээгээ дэрлэж хэвтээд байхаар нь ээж рүү нь залгаж хэлж хүүхдийг нь явуулж байсан. Тэгсэн чинь маргааш нь С.Аманбол эмнэлгээр үзүүлж харуулж байна гээд хичээлдээ ирээгүй. Тэр өдөр нь журналаас харахад 2015 оны 10 дугаар сарын 5-ны өдөр байна. Тэр өдрөөс хойш 5 хоног хичээлдээ ирэлгүй чөлөөтэй байж байгаад 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хичээлдээ ирээд дахиад бие нь өвдөөд ээжийг нь дуудаад өгөөд явуулсан. Тэгээд тэр өдрөөс хойш хичээлдээ бараг ирэхгүй өвчтэй байсаар байгаад хагалгаанд орсон юм. Чөлөөний хуудас өгөөгүй. Эмчид үзүүлсэн эмнэлгийн бичиг магадлагаатай нь танилцаж журнал дээрээ өвчтэйгээр тэмдэглэж байсан...Одоо бол С.Аманболын хувьд хичээлийн 4 цагтаа арай гэж суудаг. Хичээлээс маш их хоцорсон. Илүү цагаар давтлага өгье гэхээр давтлаганд хамрагдах чадваргүй болсон" гэх мэдүүлэг /хх-ийн 103х/,

 

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 13624 дугаартай өвчний түүх /хх-ийн 68-77х/, Налайх дүүргийн “Голомт" цогцолбор сургуулийн 2б ангийн ирцийн бүртгэл /хх-ийн 105-110х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.Бийн 2015 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр үйлдсэн гэмт үйлдлийг, тухайн үед мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн түүнд ял сонсогож, яллах дүгнэлт үйлдэж  тус хэргийг шүүхэд ирүүлжээ. 

2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс даган мөрдөж эхэлсэн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах хорих ялын доод хэмжээ нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн хүнд оногдуулах хорих ялын доод хэмжээнээс багассан байна. Өөрөөр хэлбэл 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний биед хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүн, шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангид тусгагдахдаа оногдуулах хорих ялын доод хэмжээ нь багассан байх ба шинэчлэн наруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ. ” гэжээ.

Иймд М.Бийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Насанд хүрээгүй хохирогч С.Аманбол, түүний хууль ёсны төлөөлөгч А.Каня нарт энэ гэмт хэргийн улмаас учирсан эмчилгээний зардал 2.738.270 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1.000.000 төгрөг зэрэг хавтас хэрэгт баримтаар авагдсан нийт 3.738.270 төгрөгийг шүүгдэгч М.Бээс гаргуулж, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нарт олгуулах нь зүйтэй гэж шүүх үзэв. Харин С.Аманбол, А.Каня нар нь энэ гэмт хэргийн улмаас өөрсдөд учирсан бусад хохирол, цаашид гарах эмчилгээний зардал зэргийг холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний шүүхэд хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч М.Бэд ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохиролын хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, хувийн байдлыг нь харгалзан үзэж тохирох ял шийтгэлийг оногдуулж, эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэв.

 

   Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Каракас овогт Миземхааны М.Бийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан М.Болатбекэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар М.Болатбекийн эдлэх 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч М.Бээс нийт 3.738.270 /гурван сая долоон зуун гучин найман мянга хоёр зуун далан/ төгрөгийг гаргуулж, насанд хүрээгүй хохирогч С.Аманбол болон түүний хууль ёсны төлөөлөгч А.Каня /РД:УД86112700/ нарт олгосугай.

 

5. Насанд хүрээгүй хохирогч С.Аманбол болон түүний хууль ёсны төлөөлөгч А.Каня нар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирол цаашид гарах эмчилгээний зардал зэргийг холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, М.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

7. М.Бэд урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, М.Бэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.БАТГЭРЭЛ

 

                                              ШҮҮГЧИД                      Л.ГАЛБАДАР

 

                                                                                                  Д.РЕНЧЕНХОРОЛ