Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 555

 

   М.Б-д холбогдох

   эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч К.Бауиржан, Ц.Батбаяр, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.К-, түүний өмгөөлөгч Ц.Цэгмид, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 273 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 654 дүгээр магадлалтай, М.Б-т холбогдох 201601080015 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч К.Бауиржаны гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1972 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хот, Налайх дүүрэгт төрсөн, 47 настай, эрэгтэй, яс үндэс казак, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгүүлж байгаагүй, К овогт М-ны Б.

М.Б- нь 2015 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Налайх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах бойны хашаан доторх цөмөрсөн зоорины дээгүүр гүйлдлээ, зоорины агааржуулагчаар архины шил, тоосгоны хэлтэрхий зэрэг янз бүрийн эд зүйл хийлээ гэж уурлан 7 настай С.А-ын баруун хацарт нь гараараа алгадаж, бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч М.Б-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан М.Б-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх  шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Б-ийн өмгөөлөгч Ц.Батбаяр, К.Бауиржан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч К.Бауиржан гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх М.Б-ийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож ял шийтгэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтууд, гэрч хохирогчийн мэдүүлэгт үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүйн зэрэгцээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байхад давж заалдах шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүй.

Улмаар энэхүү үйлдэл нь насанд хүрээгүй хохирогч С.А-, насанд хүрээгүй гэрч З.А, М.Е нарын мэдүүлэг, мөн гэрч Т.М, А.К- нарын мэдүүлэг, шинжээч эмч С.Төгсбуянгийн 08/12 тоот дүгнэлт, шинжээч эмч нарын 1153 тоот дүгнэлт, шинжээч эмч С.Төгсбуян, ГССҮТ-ийн эмч Б.Баттөгсийн мэдүүлэг, гэрч Б.Алимаа нарын мэдүүлэг болон 13624 дугаартай өвчний түүх зэрэг баримтуудаар нотлогдсон гэж үзсэн. Гэвч хэрэг гарсан гэх нөхцөл байдал болоод хэрэгт авагдсан нотлох баримтууд хоорондоо зөрүүтэй байдаг.

Нотлогдоогүй буюу эргэлзээтэй асуудлууд.

Тухайлбал, хэрэг гарсан гэх өдөр хэдэн сарын хэдний өдөр байсан гэдэг тухайд.

Хэрэг гарсан өдрийг насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.К-, гэрч С-, Майра нар шууд тодорхойлж 2015 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр байсан гэдэг боловч тэдгээр хүмүүс нь ямар учраас энэ өдөр байсныг санаж байгааг асуухад хүүхдийн хичээл ороод удаагүй байсан, амралтын өдөр байсан учир санаж байна гэж мэдүүлж байсан бол сүүлийн үед хохирогчийн хууль ёсны төлөөлөгч К- нь тухайн хэрэг болдог өдөр цагдаад өгөх гээд өргөдөл бичиж байсан учир сайн санаж байна гэх болсон.

Тэгвэл хэрэгт холбогдоод байгаа Б- нь тухайн өдөр буюу бойны хашаанаас хүүхдүүдийг хөөсөн гэх өдөр нь 2015 оны 08 дугаар сарын дундуур буюу 08 сарын 20-ны үед байсан тухай мэдүүлсэн бол түүнтэй ижил мэдүүлгийг буюу энэ хэрэгт ямар нэг хувийн сонирхолгүй этгээд болох У.Хуатбек гэгч нь 08 дугаар сарын дундуур байсан, хэдний өдөр гэдгийг санахгүй байгаа тухай мэдүүлсэн байдаг.

Мөн энэ хэрэгт огт гэрчээр асуугдаагүй ч уг асуудал болох үед хамт байсан гэх Айболат, Уатта нар 2015 оны 08 дугаар сарын дундуур байсан гэдгийг тодорхойлж тодорхойлолт бичиж өгснийг анхан шатны шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн боловч нотлох баримтаар үнэлэхгүй талаар тайлбарлаж хүлээн аваагүй болно.

Үүнээс гадна сүүлийн 3 удаагийн шүүх хуралд оролцсон насанд хүрээгүй хохирогч Аманбол нь зуны амралт буюу хичээл орохоос өмнө уг асуудал болсон тухай мэдүүлсэн. Шинжээч нар гэмтэл авсан цаг хугацааг шууд тодорхойлох боломжгүй /мөрдөгчийн асуусны дагуу гэмтлийг 2015 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр авсан байх боломжтой гэж хариулсан/ талаар дүгнэсэн.

Хэрэв хохирогчийн хууль ёсны төлөөлөгч К-, түүний нөхөр С- болон гэрчээр асуугдсан С-ийн төрсөн дүү гэрч Майра нарын мэдүүлснээр уг асуудал 2015 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр болоогүй, харин 08 дугаар сарын дундуур буюу хичээл орохоос өмнө болсон гэдэг нь тогтоогдвол нэгдүгээрт тэдгээрийн ярьсан бүх зүйл худал болно, хоёрдугаарт шинжээчийн дүгнэлт /тухайн гэмтлийг 2015 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр авсан байх боломжтой гэсэн хэсэг/ эргэлзээтэй болоход хүрнэ. Гэвч шүүх энэ нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлтийг өгөөгүй. Мөн шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтлийг хэн учруулсан гэдэг асуудал. Хэдийгээр насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч К- нь Б-ийн алгадсан үйлдлээс болж тухайн гэмтлийг авсан гэж үзэж гомдол гаргасан, улмаар насанд хүрээгүй хохирогч, насанд хүрээгүй гэрч нар, гэрч Майра нар нотлоно гэж байгаа боловч тухайн гэмтлийг авсан даруй, авсны дараа толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих, толгой эргэх, явах үед гуйвах, хоолны дуршил буурах зэрэг хэд хэдэн шинж тэмдгүүд илэрдэг тухай шинжээч эмч С.Төгсбуян, Б.Батцолмон нар мэдүүлсэн байдаг бол АШУҮИС-ийн М.Лхагважав гэж хүний илтгэлд гавал тархинд гэмтэл авсан уед ухаан алдах, бөөлжих, ойгүйдэх гэсэн гурвалсан шинж тэмдэг илэрдэг тухай дурдсан байсан. Эндээс үзэхэд хамгийн нийтлэг илэрдэг шинж нь тухайн гэмтэл авсан тохиолдолд дотор муухайрч, бөөлжих шинж тэмдэг гэж үзэхээр байна.

Гэрч С- мэдүүлэхдээ "тэр асуудал болсны дараа манай хүүхэд байнга толгой өвдөөд байна гэх болсон. Тэгэхээр нь бид нар байнга эмнэлэгт үзүүлдэг байсан,... манай хүү ч өөрөө хэлэхдээ Б-т цохиулснаас хойш толгой өвдөх болсон гэж байсан" гэж мэдүүлсэн атлаа энэ асуудлаар тухайн үед цагдаа, эмнэлэгт хандаж байгаагүй нь нотлогддог.

Насанд хүрээгүй хохирогчийн ээж К- өмнө өгч байсан мэдүүлэгтээ огт дурдаж байгаагүй нэг зүйл хэлсэн нь "хүүхдээ зодуулснаас хойш 7 хоногийн дараа хүүхдийн түргэнд очиж үзүүлсэн", "бөөлжөөд байсан" гэж мэдүүлсэн байдаг ба энэ талаар ямар ч баримт хэрэгт авагдаагүй болно.

Гэтэл хэрэг болсон гэх 2015 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс хойш 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл дээр дурдсан шинж тэмдэгүүд хохирогчийн биед илрээгүй болох нь түүний өвчний түүх, гэрч нарын мэдүүлэг, анги удирдсан багшийн хөтөлдөг ирцийн тэмдэглэл зэргээс тодорхой нотлогддог.

Тухайлбал, хамгийн анх 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ЭХЭМТ-ийн мэдрэлийн эмчид үзүүлсэн ба тухайн үед онош хэвээрээ буюу таталт, тархины уйланхайтай гэсэн оноштой таталтын эсрэг эмчилгээгээ үргэлжлүүлэхийг зөвлөсөн, 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ӨЭМТ-д үзүүлэхэд гүйлсэн булчирхайн улайлт үрэвсэл гэж оношлосон, 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр үзүүлэхэд гүйлсэн булчирхайн улайлт үрэвсэл, 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ӨЭМТ-д үзүүлэхэд уналт таталтын хам шинж оноштой гэсэн бол, 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдөр тархины уйланхай, уналт таталтын хам шинж мэдрэлийн ядаргаа оноштойгоор сувилалд 5 хоног сувилуулсан, 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр уналт, таталт, тархины уйланхай оноштойгоор ВКК-д илгээв гэсэн бол 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Уламжлалт эмнэлэгийн үзлэгт нүүрний мэдрэлийн сувгийн хатингаршил гэсэн оноштой эмчилгээ хийгдсэн болох нь өвчний түүх дээр бичигдсэн байдаг.

Мөн шинжээч эмч нар нь тухайн гэмтлийг хэзээ авсан гэдгийг шууд тодорхойлох боломжгүй гэсэн атлаа мөрдөгчийн асуусны дагуу 1-3 сарын өмнө авсан байх боломжтой хэмээн хариулж, улмаар өвчний /архаг цус хуралтын/ шинж тэмдэг илрэх хугацааг 14 хоногоос дээш 6 сараас 1 жил хүртэл хугацаанд үргэлжилдэг талаар тайлбарласан ба учир нь том хүн болон хүүхдийн биеийн бүтэц харилцан өөр байдаг тухай тайлбарласан байдаг. Хохирогчийн хувьд 2010 оны 03 дугаар сарын 27, 2010 оны 10 дугаар сарын 25, 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрүүдэд КТГ-ын шинжилгээнд орж байсан гэдгийг шинжээч эмч нар тодорхойлсон байдаг. Эндээс тухайн гэмтлийг хэзээ ч авсан байх боломжтой гэдгийг харж болно.

2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Өрхийн эрүүл мэндийн төв болон ЭХЭМТ-д тус тус үзүүлсэн байдаг ба таталт, төрөлхийн уйланхайтай гэсэн оноштойгоор үзүүлж таталтын эсрэг эмчилгээгээ үргэлжлүүлэхийг зөвлөсөн талаар ЭХЭМТ-ийн эмч Алтанчимэг мэдүүлсэн байдаг.

Үүнээс гадна насанд хүрээгүй хохирогч, насанд хүрээгүй гэрчүүдийн мэдүүлэг гэрч Майрагийн өгсөн мэдүүлгээс зөрүүтэй буюу насанд хүрээгүй хохирогч, гэрч нар нэг удаа алгадсан гэдэг бол гэрч Майра хэд хэдэн удаа алгадсан тухай мэдүүлсэн байдаг. /мэдүүлгийн хувьд зөрүүтэй/

Харин Б- нь анхнаасаа хохирогчийг нэг ч удаа алгадаагүй тухайгаа тогтвортой мэдүүлж ирсэн бол насанд хүрээгүй хууль ёсны төлөөлөгч К- болон С- нар нь тухайн өдөр Б-тэй уулзахад тэрээр хүүхдийг нь алгадаж цохиогүй, харин гарнаас барихад уйлсан тухай хэлж байсан гэдгийг мэдүүлсэн байдаг.

Гэрч Хуатбекийн хувьд хүүхдийг цохиж, алгадсан гэдгийг хараагүй, харин хөөж явуулсан тухай мэдүүлсэн. Мөн энэ талаар насанд хүрээгүй иргэн Айболат тодорхойлсон.

Үүнээс гадна 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд оролцсон насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С- нэг эргэлзээтэй зүйл ярьсан байдаг нь тэрээр Улсын яллагчийн тавьсан: та хүүхдийг цохиулснаас хойш хэдий хугацаанд эмчид хандсан талаараа хэлнэ үү гэсэн асуултад, - тухайн үед хүүхдээ цохиулсан гэдгийг мэдээгүй, 7-8 хоногийн дараа толгой нь өвдөж байна гэхээр нь Налайхын эмнэлэгт ганц нэг удаа үзүүлж байсан талаараа мэдүүлсэн байдаг.

Энэ мэтчилэн тухайн гэмтлийг буюу 7 настай С.А- хүүгийн биед учирсан хүнд зэргийн гэмтлийг Б- гэгч учруулсан гэдэг нь хангалттай нотлогдоогүй болно.

Шинжээч эмч Хашхүү болон Төгсбуян нар нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: тухайн гэмтэл хэзээ учирсан гэдгийг тогтоох боломжгүй гэсэн бол хүүхдэд хагалгаа хийсэн ГССҮТ-ийн эмч Баттөгс мөн адил тухайн цус хуралт хэзээ үүссэнийг тогтоох боломжгүй талаар мэдүүлсэн.

Цус хуралт гэмтлийг дээрх шинжээч нарын тайлбарласнаас гадна ном зохиолд 3 хуваан авч үздэг ба Үүнд: хурц, хувцавтар, архаг гэж хувааж үздэг. Хурц цус хуралт нь 3-7 хоногийн дотор, хурцавтар цус хуралт нь 14 хоногийн дотор, архаг цус хуралт нь 14 хоногоос дээш 6 сараас 1 жилийн хугацаанд үүсдэг тухай тайлбарласан байдаг.

Цус харвалт буюу гавал тархины гэмтлийн үед тухайн өвчний илрэх шинж тэмдгийг дээрх шинжээч нарын тайлбарласнаас арай өөр байдлаар АШУҮИС-ийн М.Лхагважав гэж хүний илтгэл дээр Оношлогоо 1. Ухаан алдах 2. Бөөлжих 3. Ойгүйдэх гэсэн гурвалсан шинжээр илэрнэ гэж бичсэн байсан.

Эндээс үзэхэд түхайн гэмтлийн үед /цус хуралт/ хамгийн түрүүнд илрэх нийтлэг шинж тэмдэг бол бөөлжих юм.

Хүүхдийн хувьд бөөлжих шинж тэмдэг нь сүүлд буюу 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр илэрсэн байдаг гэдгийг анхаарах шаардлагатай юм.

Хэрэв насанд хүрээгүй гэрч, хохирогч гэх хүүхдүүд үнэн хэлсэн, өөрөөр хэлбэл, Аманболыг Б- нэг удаа алгадсан гэдэг нь тогтоогдсон гэж үзээд яг тэрхүү алгадсан үйлдлээс шалтгаалан хохирогчийн биед гэмтэл /өөрөөр хэлбэл гавал тархины хатуу бүрхүүл дор цус хуралт гэмтэл/ учирсан гэвэл энэхүү дүгнэлт нь өөрөө шууд таамаглалд үндэслэсэн дүгнэлт болно.

Мөн шинжээч нарын хувьд тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой гэснээс бус учирсан гэж шууд дүгнээгүй болохыг анхан болон давж заалдах шатны шүүх анхаарч үзсэнгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2, 3, 1.15 дугаар зүйлийн 2, 16.2 дугаар зүйлийн 1.1, 1.2, 16.5 дугаар зүйлийн 4, 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсгүүдэд тус тус заасныг анхан шатны шүүх зөрчиж, гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь хангалттай нотлогдоогүй, хэрэг гарсан нөхцөл байдал, цаг хугацаа, хүүхдийн биед хэн гэмтэл учруулсан гэдгийг эргэлзээгүй байдлаар нотлоогүй байхад М.Б-ийг гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн байхад давж заалдах шатны шүүх уг нөхцөл байдлыг зөвтгөөгүй, үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүй болно.

Иймд дээрх нөхцөл байдал болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан үзэх замаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож М.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Батбаяр хэлсэн саналдаа “2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол мөн давж заалдах шатны шүүхийн магадлалд хохирогчоор насанд хүрээгүй хүүхдийн мэдүүлгийг тусгасан байдаг. Гэтэл хоорондоо зөрүүтэй мэдүүлгийг нэг мэдүүлэг гэж дүгнэсэн. Насанд хүрээгүй хохирогч н.А- мэдүүлэхдээ “Шүүгдэгч намайг цохихоор нь эгчийнхээ хашаа руу зугтаасан боловч араас ирээд дахиад миний толгой руу цохиод байсан” гэх, мөн тэр ах миний толгой руу нэг л удаа цохисон гэх энэ хоёр мэдүүлгийг хоёуланг нь үндэслэл болгож авсан. Хэрэг болсон өдрийг 2015 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр гэж дүгнэсэн. Гэтэл шинжээч эмч цаг хугацааг тогтоох боломжгүй гэсэн дүгнэлтийг гаргасан. Удаа дараагийн шинжээчийн дүгнэлтээр гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг тогтоох боломжгүй гэсэн үндэслэлээр уг асуудал шийдэгдээд дууссан. Гурван шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлтэд н.Батцолмон эмч дүгнэлтдээ цаг хугацааг тодорхойлох боломжгүй талаар дурдсан байдаг. Мөн яагаад 09 дүгээр сарын 12 гэсэн он сар яригдаж байгаа гэхээр ганцхан зүйлийг хэлдэг. 2015 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хагас сайн өдөр байсан. 11 цагийн үед цагдаад дуудлага өгөхөд өнөөдөр хагас сайн өдөр тул та нар маргааш дуудлагаа өгчих гэж хэлсэн гэдэг. Насанд хүрээгүй хохирогчийн өгсөн мэдүүлэгт зуны амралт буюу урт хугацааны амралт байсан гэж хэлдэг. Налайх дүүргийн шүүх уг хэргийг цагаатгаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх тогтоолын үндэслэлийг буруу дүгнэсэн гэж цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Цэгмид хэлсэн саналдаа “Анхан болон давж заалдах шатны шүүхээр уг асуудлууд бүгд яригдсан. Хавтаст хэрэгт шүүгдэгчийн гэм буруутай байдлыг хангалттай нотлох баримтаар тогтоосон. Налайх дүүргийн шүүх анхан шатны шүүх рүү 2 удаа буцааж шийдвэрлэсэн. 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр шийтгэх тогтоол гарсан. Түүний дараа энэ хэргийг 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр цагаатгасан тогтоол гарсан. 2018 оны 09 сарын 28-ны өдөр хэлэлцээд үндэслэлгүйгээр цагаатгасан байна гэж дүгнэсэн. Шүүгдэгчид холбогдох хэргийг цагаатгаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд шүүх хэрэгт авагдсан яллах талын нотлох баримтуудын талаар няцаасан дүгнэлт цагаатгах тогтоолд авагдаагүй байна гэсэн. н.Батцолмон эмч нь шүүх хуралдаанд биечлэн оролцсон бөгөөд эцэг эх нь хамт очиход царай нь цайчихсан байсан гэдэг. Судас тасрах хамгийн эхний шинж бол царай цайх гэсэн. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг зөв хэрэглэсэн. Давж заалдах шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч нь бусдын эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан нь хавтаст хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогддог. Тухайн гэмт хэрэг 2015 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр болсон талаар хохирогч болон бусад гэрч нар мэдүүлдэг. Шүүгдэгчийн үйлдэл болон хохирогчийн биед учирсан хохирлын хооронд шалтгаан холбоо байна. Тухайн хүүхдийн насны онцлогоос шалтгаалж удаан хугацааны туршид үргэлжлэх боломжтой талаар шинжээч эмч хэлдэг. Хэргийн зүйлчлэл тохирсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хэвээр үлдээх нь зүйтэй байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч К.Бауиржаны гаргасан гомдлыг үндэслэн М.Б-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

М.Б- нь 2015 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Налайх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах бойны хашаан доторх цөмөрсөн зоорины дээгүүр гүйлдлээ гэж уурлан, тоглож байсан хүүхдүүдийг хөөж байхдаа 7 настай С.А-ын баруун хацарт нь гараараа алгадаж, бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх М.Б-д холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгч, хохирогч, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд М.Б-ийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн түүний үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан, хэргийн зүйлчлэлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Мөн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж 2 жил 6 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг буруутган дүгнэх, өөрчлөх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч К.Бауиржаны гаргасан “...гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь хангалттай нотлогдоогүй байхад гэм буруутайд тооцож, ял оногдуулсан тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, М.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн агуулгатай гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 273 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 654 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч М.Б-ийн өмгөөлөгч К.Бауиржаны хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                              ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН