Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 734

 

   М.Бт холбогдох эрүүгийн

    хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Б.Зориг, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Р.Машлай,

насанд хүрээгүй хохирогч С.Аын хууль ёсны төлөөлөгч А.К, түүний өмгөөлөгч Ц.Ц,

шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Ц.Б, М.Э,

нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж, шүүгч Д.Лувсандорж, А.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 48 дугаар шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч прокурор Р.Машлайн бичсэн эсэргүүцлээр М.Бт холбогдох 201601080015 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

К овогт М.Б, 1972 оны 2 дугаар сарын 3-ны өдөр Налайх дүүрэгт төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт, /РД: ___/;

М.Б нь 2015 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Налайх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах бойны хашаан дотор байрлах цөмөрсөн зоорины дээгүүр гүйлдлээ, зоорины агааржуулагчаар архины шил, тоосгоны хэлтэрхий зэрэг янз бүрийн эд зүйл хийлээ гэж уурлан 7 настай С.Аын баруун хацарт нь гараараа алгадаж, бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газар: М.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: М.Б нь 2015 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Налайх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах бойны хашаан доторхи цөмөрсөн зоорины дээгүүр гүйлдлээ, зоорины агааржуулагчаар архины шил, тоосгоны хэлтэрхий зэрэг янз бүрийн эд зүйл хийлээ гэж уурлан 7 настай С.Аын баруун хацарт нь гараараа алгадаж, бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон боловч улсын яллагч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд, шүүгдэгчийн гэм буруугийн талаар гаргасан улсын яллагч, өмгөөлөгч нарын дүгнэлт, тайлбарыг үзэхэд М.Бт холбогдох эрүүгийн 201601080015 тоот хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14, 6.15 дахь хэсэгт заасан заалтууд зөрчсөн байх тул шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэх боломжгүй байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт “Урьдчилсан хэлэлцүүлгээр энэ зүйлийн 6.13, 6.14, 6.15, 6.16 дахь хэсэгт заасан гомдол, хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй бол хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүх хуралдаанаар уг гомдол, хүсэлтийг шийдвэрлэнэ” гэсний дагуу шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг хүлээн авч, урьдчилсан хэлэлцүүлгээр тэдгээрийн хэрэгт нотлогдвол зохих асуудлыг гүйцэд шалгаж тогтоон, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан М.Бт холбогдох эрүүгийн 201601080015 тоот хэргийг прокурорт буцааж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг хэзээ, хэн үйлдсэнийг нотолбол зохих байдлыг нотолно” гэж заасан ба насанд хүрээгүй хохирогч С.Аын биед учирсан баруун чамархайн ясны цууралт болон 2015 оны 12 дугаар сарын 28, 31-ний өдрийн ТТГ-ын зургаар 2015 оны 8, 9 дүгээр сард дээрх гэмтлийг авах боломжтой эсэх талаар шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч нарын гаргасан бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах тухай хүсэлтийг анхаараагүй, мөн шүүхийн хэлэлцүүлэгт А.К “... 2015 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Цагдаагийн байгууллагад гомдол гаргахаар утсаар залгасан тод санаж байна...” гэж мэдүүлсэн тул түүнийг мэдүүлэгтэй нь холбогдуулан лавлагаа авч шалгаагүй зэрэг оролцогчийн эрхийг зөрчин, хууль бусаар хязгаарласан гэж үзлээ. Иймд дээрх ажиллагаануудыг хийлгэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйл, заалтуудын зөрчлийг зөвтгүүлэхээр Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас М.Быг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг тус дүүргийн прокурорын газарт буцааж, Хэргийг прокурорын газарт очтол М.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Р.Машлай бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... М.Бт холбогдох хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, тогтоолд заасан дүгнэлт нь хэргийг бодит байдалтай нийцэхгүй байна.

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар: Тухайлбал: Эрүүгийн 201601080015 дугаартай хэргийн яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэн, 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн гэм буруугийн шүүх хуралдааныг явуулсан боловч шүүхээс цагаатгах, эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлэлгүй үндэслэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт зааснаар урьдчилан хэлэлцүүлгийн үед гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй атал хэлэлцэж мэдүүлэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан атлаа урьдчилсан хэлэлцүүлгийн үед баримтлах хуулийн заалтаар хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчсөн байна.

2. Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй талаар: Тухайлбал: Энэ хэрэгт шүүгдэгч М.Б нь 2015 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Налайх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах бойны хашаан дотор хохирогч С.Аын баруун хацарт гараар алгадаж бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан болох нь цаг хугацаа, үйлдсэн этгээдийг насанд хүрээгүй хохирогч С.А, насанд хүрээгүй гэрч З.А, С.Е, шинжээч эмч Б.Б нарын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тогтоогдсон болно.

Мөн насанд хүрээгүй хохирогч С.Аын биед учирсан баруун чамархайн ясны цууралт болон 2015 оны 12 дугаар сарын 28, 31-ний өдрийн ТТГ-ын зургаар 2012 оны 8, 9 дүгээр сард дээрх гэмтлийг авах боломжтой эсэх талаар шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч нарын гаргасан дахин шинжээч томилуулах тухай хүсэлтийг анхаараагүй.... А.К “... 2015 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Цагдаагийн байгууллагад гомдол гаргахаар утсаар залгасан тод санаж байна... гэж мэдүүлсэн тул түүнийг мэдүүлэгтэй нь холбогдуулан лавлагаа авч шалгаагүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, шүүх хуралдааны үед дээрх ажиллагааг хийлгэх талаар санал, хүсэлт, гомдол талууд гаргаагүй байхад шүүх өөрийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлэг хийж шийдвэрлээгүй атлаа бүрэлдэхүүнтэй шүүх хурал хийсэн нь /Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт зааснаар урьдчилсан хэлэлцүүлгийг шүүгч дангаар удирдан явуулна/ хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу хуулийг буруу хэрэглэсэн байна гэж дүгнэхээр байна. Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт дахин шинжээч томилон дүгнэлт лавлагаа зэргийг гаргуулан авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг хойшлуулан дүгнэлтийг гаргуулан хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13-т заасан “Нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн талаар гаргасан гомдол”, 6.14-т заасан “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан тухай гомдол”, 6.15-д “Мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх тухай  хүсэлт”, 6.16-д “Хөрөнгө хураан авах ажиллагаатай холбоотой санал хүсэлт зэргийг хянан хэлэлцэж шийдвэр гаргана гэсэн хуулийн заалтыг мөрдөн байцаалтын явцад ноцтой зөрчсөн гэж дүгнэсэн нь ойлгомжгүй бөгөөд хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Иймд М.Бт холбогдох Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 48 дугаартай шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж өгнө үү...” гэв.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.К тус шүүх хуралдаанд тайлбаргүй гэв.

Насанд хүрээгүй хохирогч С.А, түүний хууль ёсны төлөөлөгч А.К нарын өмгөөлөгч Ц.Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Анхан шатны шүүх хуралдаанд шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд орж гэм буруугийн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх ёстой байтал урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг буцаалаа гэсэн шийдвэр гаргасан. Шүүх хуралдаанд бүх нотлох баримтуудыг шинжлэн судалж, шинжээч нарыг оролцуулсан.

“Баруун чамархайн ясны цууралттай” гэсэн дүгнэлт томографын зурагт гарсан. Гэтэл хагалгаа хийсэн эмч тухайн хэсэгт “цууралт байгаагүй” гэж хэлсэн. “Энэ цууралтыг шинжээчийн дүгнэлтэд оруулаагүй байна. Үүнд дахин шинжээчээр дүгнэлт гаргуулах шаардлагатай” гэсэн асуудлыг шүүгдэгчийн өмгөөлөгч нар ярьдаг. Гэтэл энэ нь хөнгөн зэргийн гэмтэл болно. Хатуу хальсан доорх цус хуралт нь хүнд зэргийн гэмтэл тул дээрх асуудлаар дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагагүй. Үүнд хүний эрхийг хязгаарласан зүйл байхгүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.К “ би цагдаагийн байгууллагад утасдаж хэлсэн” гэж мэдүүлсэн талаар асуудал яригддаг. Үүнийг цагдаагийн байгууллагаас лавлахад гарч ирээгүй. Тухайн үед цагдаагийн байгууллагаас “гомдолтой байгаа бол та 1 дэх өдөр гомдлоо аваад ирээрэй” гэж хэлээд А.Кгийн хэлснийг тэмдэглэж авалгүй өнгөрсөн. Хэрэг 9 дүгээр сарын 12-ны хагассайн өдөр болсон гэдгийг тодруулахын тулд А.К цагдаагийн байгууллагад хандсан тухайгаа хэлдэг. Каня нь цагдаагийн байгууллагад өргөдөл бичиж байсан учир он, сар, өдрийг маш тодорхой хэлсэн. Тухайн үед хүүхэд нь гайгүй юм шиг байхаар нь хүнтэй хэл, ам хийгээд яахав дээ гэж бодоод А.К цагдаагийн байгууллагад өргөдөлөө өгөөгүй. Насанд хүрээгүй 3 гэрч “амралтын өдөр байсан. Эгч хашаандаа хирээ угааж байсан” гэж хэрэг гарсан цаг хугацааны талаар тодорхой мэдүүлсэн. Гэмтлийн зэрэг тогтоох тухай зааварт чамархайн ясны цууралт хөнгөн зэргийн гэмтэл, хатуу хальсны доорх гэмтэл нь хүнд зэргийн гэмтэлд хамаарахаар байдаг. Иймд дахин шинжээч томилох шаардлагагүй, гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжтой байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлд зааснаар хэргийг буцаасан нь үндэслэлгүй байна. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлд зааснаар хэргийг шийдвэрлэх ёстой байсан. Энэ хэргийг мөрдөн байцаалтад буцаасан ч хийх тодорхой ажиллагаа байхгүй, шинжээч нарын дүгнэлтээр бүрэн нотлогдсон 2 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан. Гэмтлийн эмч шүүх хуралдаанд оролцож “тухайн өдөр энэ гэмтэл үүсэх боломжтой” гэж хэлсэн. Учир нь  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хүүхдээ гэмтлийн эмнэлэгт авч очиход хүүхдийн баруун хацар нь хүний гарын алганы ором гарсан, царай нь хувхай цайчихсан байсан. Иймд анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү  ...” гэв.

Шүүгдэгч М.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хэрэг 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр болсон. Гэтэл хохирогчийн эцэг, эх хэргийг 9 дүгээр сарын 12-ны өдөр болсон гээд байдаг. Би энэ хүүхдүүдийг тухайн зоорин дээрээс буулгасан нь үнэн. Хэргийг дахин шалгах шаардлагатай гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэртэй санал нийлж байна ...” гэв.

Шүүгдэгч М.Бийн өмгөөлөгч М.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Прокурорын эсэргүүцэлтэй санал нийлэхгүй байна. Анхан шатны шүүхийн тогтоол үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Талууд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бол шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулахгүй байж болно” гэж заасныг анхан шатны шүүх барьсан байх гэж үзэж байна. Прокурорын эсэргүүцэлд “хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой байсан” гэсэн байна. Хэрэг удаа, дараа мөрдөн байцаалтад буцсан. Хэрэг буцах болгонд шүүгдэгчийн өмгөөлөгч нар хүсэлтүүдийг тавьж байсан боловч хүсэлтийг огт хангаагүй. Хүүхэд гэмтсэн нь тодорхой боловч хүүхдийг хэн гэмтээсэн бэ, хохирогч, шүүгдэгч нарын хооронд зөрчилдөөн үүссэн үү, хохирогчийн толгойд авсан гэмтлийг хэзээ, хэн учруулсан бэ гэдгийг нотолж чадахгүй байгаа. Хагалгаа хийсэн эмч “цууралт байгаагүй” гэдэг. Гэтэл “цууралттай” гэж дүгнэлт гарсан зэрэг маргаантай асуудал байх тул нотолвол зохих асуудал нотлогдоогүй байна. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан материалаас харагддаг. Иймд шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү ...” гэв.

Шүүгдэгч М.Бийн өмгөөлөгч Ц.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хэргийг 2015 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр гарсан гэж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нар хэлдэг. Гэтэл хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 2015 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр цагдаагийн байгууллагад хандсан гэх боловч цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн гэх яриа мөрдөн байцаалтын шатанд нэг ч удаа дурдагдаагүй атлаа 8 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдааны шинэчилсэн хэлэлцүүлэгт яригдсан. Анхан шатны шүүхийн тогтоолтой санал нийлж байна. Прокурорын эсэргүүцэлд дурдсан шиг энэ хэргийг шүүх хуралдааныг хойшлуулан, шинжээч томилж шийдэх боломжгүй асуудал үүссэн. Мөрдөн байцаалтын шатанд хийгдэх ёстой зүйл болох 9 дүгээр сарын 12-ны өдөр цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн эсэх асуудлыг тогтоох нь шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй асуудал юм. Иймд би шүүх хуралдаанд “шинээр ийм нөхцөл байдал үүссэн тул мөрдөн байцаалтаар шалгах шаардлагатай” гэсэн саналыг тавьж байсан. Би мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдэж байх явцад чамархай ясны цууралттай холбоотой асуудлыг рентген зурагт харуулах, шинжээч томилуулах байдлаар тогтоож өгнө үү гэсэн хүсэлтийг удаа дараа тавьсан. Хохирогч болон түүний авга эгч, насанд хүрээгүй хоёр гэрч гэх хүмүүсийн мэдүүлгээр М.Бийг 9 дүгээр сарын 12-ны өдөр хохирогчийг цохисон гэж үзэж байна. Хэрэгт М.Б эдгээр хүүхдүүдийг агуулах дээр тоглолоо гэх шалтгаанаар зүй бус харьцсан мэт буруу ойлголт яригддаг. Гэтэл тухайн үед М.Б тухайн хүүхдүүдийг гэмтэж, амь нас, эрүүл мэнд нь эрсдэхээс сэргийлж буулгасан гэдэг нь тухайн орон нутгийн хүмүүсийн өгсөн тайлбар, мэдүүлэг зэргээс харагдана. Иймд хэргийг мөрдөн байцаалтад буцааж, дахин шалгаж, үнэхээр М.Б гэм буруутай юу, яагаад ийм үйлдэл хийх болсон бэ, хохирогчийн биед яагаад гэмтэл учирсан бэ гэдгийг тогтоох ёстой. Би хэргийг хэрэгсэхгүй болгож, М.Бийг цагаатгаж өгнө үү гэж хэлж чадахгүй. Учир нь 7 настай хүүхэд гэмтэж, хагалгаанд орсон. Би “хохирогчид учирсан гэмтлийг М.Б учруулаагүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж хэлэхийн оронд “хэргийн үнэн зөвийг олж өгнө үү” гэж хүсч байна. Үнэхээр 9 дүгээр сарын 12-ны өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.К цагдаагийн байгуулагад хандаж, дуудлага өгсөн талаараа мөрдөн байцаалт болон өмнөх шүүх хуралдаанд мэдүүлсэн байсан бол би ийм зүйл ярихгүй байсан. Иймд хэргийг мөрдөн байцаалтад буцааж, дахин шалгаж, тодруулж өгнө үү ...” гэв.

ХЯНАВАЛ:

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь  хянаж үзлээ.

Шүүгдэгч М.Бт холбогдох хэргийг прокурорт буцаасан Баганхангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 48 дугаар шүүхийн тогтоол  үндэслэл муутай байна.

М.Б нь 2015 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Налайх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах бойны хашаан дотор байрлах цөмөрсөн зоорины дээгүүр гүйлдлээ, зоорины агааржуулагчаар архины шил, тоосгоны хэлтэрхий зэрэг янз бүрийн эд зүйл хийлээ гэж уурлан 7 настай С.Аын баруун хацарт нь гараараа алгадаж, бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон байх бөгөөд   уг хэрэгт мөрдөн байцаалтын шатанд шалгавал зохих байдлуудыг бүрэн шалгасан байна. 

 Иймд М.Бт холбогдох хэргийг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокуророос үйлдсэн яллах дүгнэлтийн хүрээнд хууль зүйн дүгнэлт өгч, эцэслэн шийдвэрлэх боломжтой байх тул прокурор Р.Машлайн бичсэн 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 02 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 48 дугаар шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, М.Бт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хянан хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаасугай.

2. Хэрэг шүүхэд очтол М.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл тэдэнд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргаж, прокурор эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 М.ПҮРЭВСҮРЭН

ШҮҮГЧИД                                                                   Б.ЗОРИГ

                                                                                    Д.ОЮУНЧУЛУУН