Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 75

 

Ө.Т, С.Б нарт холбогдох

                                           эрүүгийн хэргийн тухай                                           

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч С.Батдэлгэр даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар, шүүгдэгч Ө.Тын өмгөөлөгч Г.Оюунцэцэг, Ч.Содончимэг, шүүгдэгч С.Бын өмгөөлөгч Ц.Дэлгэрням, Ш.Жаргалсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 955 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1049 дүгээр магадлалтай, Ө.Т, С.Б нарт холбогдох 1702002390192 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Б.Дашдорж, Ш.Жаргалсайхан, шүүгдэгч Ө.Тын өмгөөлөгч Г.Оюунцэцэг, Ч.Содончимэг, Д.Энхтунгалаг нарын гаргасан гомдлыг үндэслэн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1972 оны 07 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 49 настай, эмэгтэй, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 119 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, уг ялыг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 327 дугаар магадлалаар хүчингүй болгож, Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Чонос овогт Ө-ын Т;

2.Монгол Улсын иргэн, 1959 оны 03 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 63 настай, эрэгтэй, ял шийтгэлгүй, Алиа овогт С-ын Б.

Ө.Т нь 2009-2017 онд Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 127 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр, С.Б нь мөн цэцэрлэгт 2007-2017 нягтлан бодогчоор тус тус ажиллаж байхдаа бүлэглэн, албан тушаалын байдлаа ашиглан хуурамч баримт бичиг үйлдэх, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж

- цалингийн цэс дээр бодогдсон Ө.Тын цалин дээр нийт 50.841.044 төгрөг,  С.Бын цалин дээр нийт 153.368.519 төгрөгийн цалинг тус тус илүү бичиж Сонгинохайрхан дүүргийн Төрийн сангийн хэлтсээс залилан авсан,

- мөн 127 дугаар цэцэрлэгт ажилладаг болон ажилладаггүй хүмүүсийн нэрийг ашиглан тэдний нэр дээр илүү цалин бодуулж нийт 293.785.729 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн Төрийн сангийн хэлтсээс өөрсдийн болон бусдын дансыг ашиглан залилан авсан,

- С.Бын үүсгэн байгуулсан “Мандах гарам” ХХК-иар тус цэцэрлэгийн бохир усыг соруулан зөөвөрлүүлэх ажлыг гүйцэтгүүлэхдээ тус компани жилд 175-аас илүү рейс явсан мэтээр худал тайлагнаж, Сонгинохайрхан дүүргийн Төрийн сангийн хэлтсээс нийт 142.268.796 төгрөгийг залилан авах зэргээр Ө.Т нь нийт 486.895.569 төгрөгийн, С.Б нь нийт 589.423.044 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Ө.Т, С.Бын нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос Ө.Т, С.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилж,

шүүгдэгч Ө.Т, С.Б нарыг Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Тыг нийтийн албанд томилогдох эрхийг 03 жилийн хугацаагаар хасаж, 02 жил хорих ял, шүүгдэгч С.Быг нийтийн албанд томилогдох эрхийг 03 жилийн хугацаагаар хасаж, 03 жил хорих ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоож,

шүүгдэгч Ө.Тын цагдан хоригдсон 07 хоног, шүүгдэгч С.Бын цагдан хоригдсон 07 хоногийг тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Баас 519,671,303 төгрөгийг, иргэний хариуцагч С.Т-аас 1,351,628 төгрөг, Э.Э-аас 177,724 төгрөг, Х.Б-ээс 32,962 төгрөг, Ч.Ч-ээс 7,600 төгрөг, Д.М-ээс 135,210, Г.Т-аас 25,343 төгрөг, Г.Ц-аас 11,038 төгрөг, Т.О-аас 176,398 төгрөг, Б.С-аас 88,942 төгрөг, Э.Э-ээс 83,287 төгрөг, Д.О-аас 119,359 төгрөг, Д.Г-ээс 124,210 төгрөг, Л.Ц-аас 123,662 төгрөг, Н.Б-аас 467,074 төгрөг, Ц.Э-аас 124,574 төгрөг, Д.Ц-аас 439,997 төгрөг, Б.У-аас 327,134 төгрөг, С.Б-аас 8,776 төгрөг, Д.Д-аас 309,413 төгрөг, Н-У-аас 35,626 төгрөг, Г.Ц-оос 69,614 төгрөг, А.Ш-ээс 121,541 төгрөг, Ц.Э-ээс 33,131 төгрөг, М.Б-аас 152,000 төгрөг, Т.Б-ээс 5,030,979 төгрөг, Б.Ө-аас 1,246,890 төгрөг, Ө.Э-ээс 16,468,548 төгрөг, Т.С-оос 11,675 төгрөг, С.Т-өөс 26,243 төгрөг, Ш.Т-ээс 29,487 төгрөг, М.О-ээс 523,110 төгрөг, Г.Д-аас 146,902 төгрөг, Т.О-аас 78,075 төгрөг, Ч.Ц-ээс 96,211 төгрөг, В.Ц-ээс 167,668 төгрөг, Ж.Б-аас 167,675 төгрөг, Д.Б-ээс 248,009 төгрөг, Ж.М-аас 89,680 төгрөг, Д.М-ээс 350,949 төгрөг, Д.Б-аас 1,000,974 төгрөг, Х.Х-ээс 99,949 төгрөг, Г.Э-аас 50,999 төгрөг, Х.О-ээс 820,941 төгрөг, Ч.О-аас 1,886,383 төгрөг, Л.А-аас 107,173 төгрөгийг тус тус гаргуулж Төрийн санд олгуулах,

шүүгдэгч Ө.Таас 6,400,000 төгрөг, шүүгдэгч С.Баас 6,400,000 төгрөгийг тус тус гаргуулж, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 127 дугаар цэцэрлэгт 7,800,000 төгрөг, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст 5,000,000 төгрөгийг тус тус олгуулах, 

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 127 цэцэрлэгийн архивын 19 хавтас баримтыг тогтоол хүчин төгөлдөр болмогц тус цэцэрлэгт буцаан олгож, 2 ширхэг камерын бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргуулахаар шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ө.Тын өмгөөлөгч Ч.Содончимэг, Д.Энхтунгалаг нарын хамтран гаргасан гомдол, шүүгдэгч С.Бын өмгөөлөгч Б.Дашдорж, Ш.Жаргалсайхан нарын хамтран гаргасан гомдол, шүүгдэгч С.Бын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож,

шүүгдэгч Ө.Т, С.Б нар нь тус бүр 95 хоног цагдан хоригдсоныг тэдгээрийн ял эдлэх хугацаанд тус тус оруулан тооцож шийдвэрлэжээ

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч С.Б гаргасан гомдолдоо

“1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “Нотлогдвол зохих байдлууд”-д хохирлын хэр хэмжээг тогтоох гэж заасан. Анхан, давж заалдах шатны шүүх Ө.Ттай бүлэглэж албан тушаалын байдлаа ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцсон мөртлөө их хэмжээний хохирол болох 519,671,303 төгрөгийг С.Б намайг төлөхөөр заасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Хэрвээ намайг албан тушаалын байдлаа ашиглан Ө.Ттай бүлэглэж хохирол учруулсан гэж үзэж байгаа бол хэн нь хэдий хэрийн хохирол учруулсныг заавал тогтоох ёстой.

2.Энэ хэргийг анх авилгатай тэмцэх газрын мөрдөгч мөрдөж байгаад Цагдаагийн байгууллагад харъяалах хэрэг гэж шилжүүлсэн. Ингээд цагдаагийн байгууллага шалгаж шүүхэд шилжүүлсэн. Гэтэл шүүх хэргийн зүйлчлэлийг өөрчлөн албан тушаалын байдлаа ашигласан гэж үзсэн. Надад холбогдуулсан хэргийн мөрдөн шалгах ажиллагааг цагдаагийн байгууллагын биш Авилгатай тэмцэх газар харъяалан хийхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасныг шүүх харгалзаж үзэлгүй шийдвэрлэсэн нь хуулийг ноцтой зөрчсөн.

3.Энэ хэргийн хамгийн гол үйл баримтыг тогтоох ёстой. Шүүхийн шинжилгээний дүгнэлт нь эргэлзээтэй, үндэслэлгүй гарсан болохыг анхан, давж заалдах шатны шүүх харгалзаж үзэлгүй шийдвэрлэсэн нь хуулийг ноцтой зөрчсөн. Учир нь 127 дугаар цэцэрлэгийн санхүүгийн баримтад бүрэн дүүрэн шинжилгээ хийлгүй дүгнэлт гаргасан. Мөн 2009-2017 оныг хүртэл хийгдсэн “Төрийн сан, Төрийн аудитаас жил бүр хийгдсэн шалгалтын материалыг гаргуулж шалгалгүй дүгнэлт гаргасныг хууль ёсны гэж үзсэн нь анхан, давж заалдах шатны шүүх хууль зөрчсөн гэж үзэж байна.

4.Давж заалдах шатны шүүх хуралд прокурор А.Ганзориг тайлбар өгөхдөө “Шинжээчийн дүгнэлт гаргуулахын тулд хоёр удаа аудит хийлгэсэн. Тухайн байгууллагын цалингийн хүснэгт, нийгмийн даатгалын баримт болон 2007 оноос 2018 он хүртэлх бүх баримтыг тухайн байгууллагын архиваас хурааж аваад дүгнэлт гаргасан” гэсэн. Гэтэл анхан шатны шүүх хурал, мөрдөн байцаалтын шатанд огт хийгдээгүй ажиллагааг үйлдсэн мэт, байхгүй баримтыг байгаа мэт худал тайлбар гаргасан нь хуулийг маш ноцтой зөрчсөн.

 5.Намайг цэцэрлэгийн бохир зөөвөрлөхдөө илүү рейс бичиж мөнгө залилсан гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь 2017 оны 09 дүгээр сард Улсын 2 цэцэрлэг шинээр ашиглалтанд орсон учраас өмнөх онуудаас хүүхдийн тоо эрс буурч, бохирын хэмжээ эрс багассаныг харгалзан үзэлгүй намайг илүү рейс бичиж мөнгө завшсан гэж үзсэн. Мөн өмнөх онуудад бохир тээвэрлэж байсан автомашин бол 3.5 тн-ны даацтай. 2017 оны 04 дүгээр сарын 01-нд бохирыг 12 тн-ны даацтай автомашинаар зөөвөрлөх болсон тул хоорондоо зөрүү гарах нь тодорхой байтал илүү рейсыг бичиж мөнгө завшсан гэж үзсэн нь учир дутагдалтай. Үүнийг тогтоох баримт нь байгууллагын харилцах дансанд бүх рейсийн тоо, жолооч нарын замын хуудас, гарын үсэг, машины дугаар зэрэг нь бүртгэлтэй байхад шалгаж үзэлгүй зөвхөн дуудлагаар машин хүрэлцээгүй үед ирдэг жолоочоос мэдүүлэг авч ганц машин явдаг мэтээр дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

6.Мөрдөгч, прокурор нь огт ажиллаагүй хүний нэрсийг жирэмсэн, ажлаас халагдсан хүмүүсийн нэр дээр хий цалин бичиж завшсан гэж үзсэн. Гэтэл цалингийн цэсэн дээр илүү бичигдсэн хүмүүсийн нэр огт байхгүйг Төрийн сан, Үндэсний аудит шалгаж, тийм зүйл илрээгүй гэдгийг он, оноор нь шалгаж баталгаажуулсан баримтыг нотлох баримтаар хавтаст хэрэгт оруулаагүй, хаана алга болсон нь мэдэгдэхгүй бөгөөд архиваас авч болох байтал хуулийн байгууллага авч шалгаагүй. Энэ баримтыг авч нотлох баримт болгохыг миний өмгөөлөгч хүсэлт тавихад хангаагүй нь хуулийг маш бүдүүлгээр зөрчсөн гэж үзэж байна.

7.2017 онд ажлаа өгөөд Авилгатай тэмцэх газараас энэ асуудлыг шалгаж эхлээд “Цалингийн баримт” он оноороо бүрэн байсан. Гэтэл 2018 онд Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээч, хошууч Мөнхцэцэг шинжилгээ хийхдээ цалингийн баримт байхгүй учраас шинжилгээ хийх боломжгүй гэж үзсэн. Гэтэл дахин орсон шинжээч Содномцог цалингийн баримт үзэлгүй, үзсэн мэтээр худал дүгнэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна.

8.Намайг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн ба 519,671,303 төгрөг завшсан гэж үзэж шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд сэжигтэн, яллагдагчийн мэдүүлэг нотлох баримтын эх сурвалж болно гэж заасан байтал 519,671,303 төгрөгийн хохирлын асуудлаар надаас нэг ч мэдүүлэг аваагүй нь хуулийг ноцтой зөрчиж байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч С.Бын өмгөөлөгч Б.Дашдорж, Ш.Жаргалсайхан нар хамтран гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа С.Бд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугээр зүйлд заасан нотолбол зохих зүйлсийг бүрэн дүүрэн нотолж чадаагүй, шүүхийн дүгнэлтэд нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан нь шүүгдэгчийн хууль ёсны эрх ашиг зөрчигдөхөд хүргэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно”, мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ” тогтоохоор хуульчлан заасан боловч уг хэргийн хүрээнд хэт нэг талыг барьж хохирлыг бүрэн дүүрэн тогтоож чадаагүй.

1.Шүүхийн шинжилгээний дүгнэлт үндэслэл бүхий гараагүй талаар. Анхан шатны шүүх 2020 оны 08 сарын 28-ны өдрийн 168 дугаартай Санхүүгийн шинжээч С.Содномцогийн дүгнэлтийг баримтлан хохирлын хэмжээг 519,671,303 төгрөгөөр тогтоосон. Гэтэл уг шинжээч нь 127 дугаар цэцэрлэгийн санхүүгийн баримтад бүрэн дүүрэн шинжилгээ хийгээгүй, өмнө хийгдсэн аудитын дүгнэлтийг хуулбарлан бичсэн болох нь уг дүгнэлтээс шууд харагддаг. Нөгөө талаас 2015 оны цалингийн баримт огт байхгүй байхад санхүүгийн дүгнэлт гаргасан, нөгөө талаас 2009-2017 он хүртэл уг цэцэрлэгт Төрийн сан, Төрийн аудитаас жил бүр шалгалт орсон байхад уг баримтуудыг гаргуулан дүгнэлт гаргаагүй, мөн 2008 оноос 2017 он хүртэл “Мандах гарам” ХХК нь 127 цэцэрлэгийн бохирыг зөөсөн үйл баримтад санхүүгийн шинжилгээ хийсэн ч уг шинжилгээг хийхдээ рейсийн тоог харьцуулан гаргасан ч тухайн үед хэдэн тн-ийн машинаар зөөдөг байсан болохыг нарийвчлан судлаагүй нь уг дүгнэлт үндэслэлгүй гарах шалтгаан болсон. С.Б шүүхийн хэлэлцүүлэгт "манайх 5 тн, 3 тн машинаар зөөж байсан, гэтэл Сонгинохайрхан дүүргийн захирагчийн алба 20 тн даацтай машинаар зөөхөөр рэйсийн тооцоо огцом зөрүү гарах нь тодорхой гэж” мэдүүлсэн мэдүүлэг зэргээс үзэхэд дээрх нөхцөл байдалд хийсэн шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 2, Шүүх шинжилгээний тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн.

2.Мөрдөн шалгах ажиллагаанд хийгдэх ёстой ажиллагаа хийгдээгуй талаар. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тоггоох үүрэгтэй” гэж заасан байхад мөрдөн шалгах ажиллагаа хэт нэг талыг барьсан болох нь хавтаст хэргээс тодорхой харагддаг.

1-рт, 2008-2017 он хүртэл “Мандах гарам” ХХК нь 127 дугаар цэцэрлэгийн бохирыг зөөхдөө ямар маркийн, хэдэн тн даацтай машинаар зөөж байсан болохыг,

2-рт, 2007-2017 оны хооронд 127 дугаар цэцэрлэгийн бүтэц, орон тоо хэд байсан, хэрхэн, яаж өөрчлөгдөж байсан,

3-рт, 2007-2017 оны хооронд 127 дугаар цэцэрлэгийн хүүхдийн тоо хэрхэн өөрчлөгдөж байсан, түүнийг дагаад ашиглалтын зардалд өөрчлөлт орж байсан эсэх,

4-рт, С.Баас 127 дугаар цэцэрлэгийн багш, ажилчид мөнгө зээлдэг байсан эсэх, зээлдэж байсан бол буцааж хэрхэн төлдөг байсан,

5-рт, Шинжээчийн дүгнэлтэд Ө.Т 50,841,044,68 төгрөг, С.Б 187,954,220,76 төгрөг, Ш.Н 42,629,662,62 төгрөг өөрийн дансаараа оруулсан талаар тусгасан байна. Мөрдөгчийн зүгээс 7 хавтаст хэрэгт Ш.Нгийн дансаар орсон мөнгө 42,629,662,62 төгрөг хэрхэн данснаас гарсан болох нөхцөл шалтгааныг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоож, уг мөнгө нь цалин гэж нэр бүхий гэрч нарт өгөгдсөн болохыг тогтоосон. Гэтэл С.Б, Ө.Т нарын дансанд орсон мөнгө хэрхэн, юунд зарцуулагдсан талаар огт мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б нь “Ажилчид банкны зээлтэй байдаг байсан. Сар бүрийн 20-нд банкны зээл татах ёстой, цалин 5-10-ны хооронд бууна, гэтэл уг мөнгө ажилчдын дансаар орвол банк татчих гээд байдаг байсан...ажилчид болон байгууллага манай хувийн цэцэрлэгээс мөнгө зээлдэг байсан, заримдаа төсвөөс цалин тавьж чадахгүй үед би өөрийн хувийн цэцэрлэгээс мөнгө авч ирээд тавьдаг байсан...” гэх мэдүүлгийг өгдөг бөгөөд уг дансаар оруулсан мөнгийг хэрхэн, юунд зарцуулсан болохыг зайлшгүй тогтоох учиртай.

6-рт, 2007-2017 оны хооронд Төрийн аудитаас жил бүр шалгалт орох хуулийн зохицуулалттай. Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 “Төсвийн ерөнхийлөн захирагч бүр хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр, төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт, шалгалт хийх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангахад чиглэсэн дотоод аудитын албыг байгуулж, дотоод аудитор ажиллуулна”, “Төрийн аудитын тухай хуулийн 5.1. “Төрийн аудитын үндсэн зорилт нь төрийн санхүү, төсөв, нийтийн өмчийг хууль ёсны дагуу арвилан хэмнэлттэй, үр ашигтай, үр нөлөөтэйгөөр төлөвлөх, хуваарилах, ашиглах, зарцуулахад хяналт тавих, түүнчлэн төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулж, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад дэмжлэг үзүүлэхэд чиглэнэ”, 8 дугаар зүйлийн 8.1 “1.Төрийн аудитын байгууллага Төсвийн тухай хуульд заасны дагуу улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн байгууллага, төсөв захирагчийн жилийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайлан, санхүүгийн нэгтгэсэн тайлан, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой хуулийн этгээдийн жилийн санхүүгийн тайланд аудит хийнэ” гэж хуульчлан заасан байна. Дээрх хуулийн зохицуулалтаас төсвийн байгууллагад жил бүр Төрийн дотоод аудит орох зохицуулалттай байхад уг баримтуудыг хэрэгт баримтаар оруулахгүй орхигдуулсан.

7-рт, Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд 2017 оны шалгалтаар илэрсэн 59,000,000 төгрөгийн асуудлаар Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар С.Быг татсан байдаг. Уг 59,000,000 төгрөгийн асуудалтай өөрийн алдаагаа С.Бын хувьд хүлээн зөвшөөрч мэдүүлсээр ирсэн боловч шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэх 519,671,303 төгрөгний учир шалтгаан нөхцөл байдлын талаар огт мэдүүлэг аваагүй байдаг.

8-рт, 2007-2017 оны хооронд 127 дугаар цэцэрлэг Хаан банкаар цалингаа шилжүүлэн авдаг байсан байна. Гэтэл хавтаст хэрэгт Хаан банкнаас санхүүжилт байсан эсэх, Хаан банк болон 127 дугаар цэцэрлэг хооронд байгуулсан гэрээг хэрэгт хавсаргаагүй.

9-рт, 1хх 150 дугаар талд гэрч Батцэцэг “... хянуулсан баримт Хаан банкинд очдог” гэх мэдүүлгээс үзэхэд уг баримт бүрэн эхээрээ очиж байсан эсэх, Ө.Т, С.Б нарын үйлдлийн арга хэлбэрийг бүрэн дүүрэн тогтоож чадаагүй.

10-рт, Санхүүгийн шинжээчийн дүгнэлтийг бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай байсан.

3.Хохирлыг үнэн зөв тогтоогоогүй талаар. Мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн дүүрэн хийгдээгүй тул хохирлын хэмжээ үнэн бодитой тогтоогдож чадаагүй. Учир нь С.Бын данс хамаарал бүхий этгээдүүдийн дансанд орсон мөнгөний зарцуулалтыг бүрэн дүүрэн тогтоосон бол “Мандах гарам” ХХК-ийн рейс хийсэн машины тн хэмжээг гаргасан бол дээрх хохирол шууд багасах нь хэнд ч ойлгомжтой байсан. Нөгөө талаас уг хэргийн хүрээнд С.Баас мөнгө зээлж авч байсан, цалингаа урьдчилан авч байсан ажилчид үндэслэлгүйгээр хөрөнгөжих нөхцөл байдал үүсэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг талбүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянсаны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” , мөн хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх... хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж хуульчлан заасан боловч дээр дурдсан ажиллагаа мөрдөн шалгах ажиллагаагаар хийгдээгүй орхигдсон, шүүх тухайн нөхцөл байдлыг анхаарч үзээгүй.

Иймд уг хэргийн хүрээнд шүүхийн шийдвэрт нөлөөлж болохуйц үйл баримтыг мөрдөн шалгах ажиллагаанд хийгдэлгүй орхигдсон байх тул 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021/ШЦТ/955 дугаартай шийтгэх тогтоол, 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021/ДШМ/1049 магадлалыг хүчингүй болгож, эрүүгийн 1702002390192 дугаартай хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ө.Тын өмгөөлөгч Г.Оюунцэцэг, Д.Энхтунгалаг, Ч.Содончимэг нар хамтран гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартааЭрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-д гэмт хэрэг гарсан байдал, 1.2-т гэмт хэргийг хэн үйлдсэн, 1.5-д гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотолно гэсэн байдаг.

Анхан шатны шүүх нь дээрхи нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд нотлохгүйгээр хэргийг шийдвэрлэж хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөөлсөн гэж үзэж байна.

1.Гэмт хэрэг гарсан байдал: Анхан шатны шүүх нь Төрийн сангаас цалин гэж илүү авсан төгрөгийн зарцуулалт болон аудитын дүгнэлт, мөн тус дүүргийн Засаг даргын холбогдох ажилтантай холбоотой гэж үзэн шалгуулахаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэх саналыг шүүх хүлээн авах шаардлагагүй гэж дүгнэсэн. Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа прокурорын яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд явагдах бөгөөд хэргийг шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт хэрэгт цугларсан гэж үзсэн” /шийтгэх тогтоолын 22 дугаар тал/ хэмээн дүгнэсэн байдаг.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын Төрийн сан хариуцсан мэргэжилтнийг шалгах шаардлагатай болдог. Учир нь С.Бын мэдүүлэгт “миний баталсан цалингийн хоногийг Төрийн сангийн нягтлан бодогч 2017 оны байдлаар Энхжаргал гэж нягтлан бодогч хянаж баталгаат гарын үсэг зурж тамга дардаг байсан, үүнийг үндэслэн цалин олгогддог байсан” гэжээ. Төрийн сан хариуцсан мэргэжилтний гарын үсэг байхгүй бол цэцэрлэгийн цалин тавигдах боломжгүй болдог байсан гэж ойлгогдож байгаа ба хэрэгт шалгагдах ёстой Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын төрийн сан хариуцсан мэргэжилтэнг шалгаагүй нь мөрдөн байцаалт нэг талыг барьж хуулийг зөрчсөн гэж ойлгогдохоор байна. Гэмт хэрэг гарахад Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын төрийн сан хариуцсан мэргэжилтний оролцоо байжээ гэж дүгнэхээр байна.

2.Гэмт хэргийг хэн үйлдсэн: Ө.Т хэрэг үйлдэх үедээ Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг 127 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан нь үнэн боловч шийтгэх тогтоолд заасанчлан бүх үйлдлийг бүлэглэн гүйцэтгэсэн гэдэг нь үндэслэлгүй юм.

Эрүүгийн 1702002390192 тоот хэрэгт авагдсанаар Пантермидланд аудит” ХХК-ийн дүгнэлтэд “Цалингийн цэс буюу хөлсний дэлгэрэнгүй бүртгэлийг бодож гаргачихаад хөл дүнтэй хуудсыг нь өндөр бодсон хөл дүнтэй хуудсаар сольж төрийн сангаас авах мөнгөн дүнгээ илүү гаргуулж байна. Жишээ нь цалин хөлсний дэлгэрэнгүй бүртгэлийг бодоход хөл дүн дээр 10 сая төгрөг гэж гарч байхад түүний оронд 15 сая төгрөг гарсан хөл бүхий хуудсыг сольж хийгээд төрийн сангаас 5 сая төгрөг илүү бодуулж авсан байх жишээтэйгээр авсан байна.  Ингээд төрийн сангаас хөл дүнд байх мөнгөн дүнг олгуулах хүсэлтийн хуудас өгч тэр мөнгийг банк руу шилжүүлсний дараа нь Хаан банкинд өгч буй цалин олгох жагсаалт дээр нь тус цэцэрлэгт огт ажилладаггүй хүмүүсийн нэрийг зоож, цалин олгоод уг хүмүүсийн данснаас дараа нь өөрсдийн данс руу шилжүүлж авах, эсхүл ажиллаж байгаа хүмүүсийн цалин дээр илүү цалин бодоод тэр мөнгөө дараа нь дансаар шилжүүлж авах зэргээр илүү мөнгө авсан байна” гэжээ.

Энэхүү үйлдэл нь цэвэр С.Бтай холбоотой бөгөөд хэрэгт авагдсан гэрчүүд болон иргэний хариуцагч нарын мэдүүлснээр нотлогддог. Гэрчүүд нь цалинтай холбоотой бүх үйлдэлд Ө.Тыг танихгүй, мэдэхгүй гэдэг, дандаа С.Бтай холбоо бүхий хүмүүс байдаг. Иймээс анхан шатны шүүхээс С.Б, Ө.Т нарын үйлдэл оролцоог нэг бүрчлэн хөдөлбөргүй тогтоож чадаагүйгээс болж С.Бын хийсэн гэх бүх үйлдэлд бүлэглэн оролцсон мэтээр ял халдаасан нь үндэслэлгүй юм. Хэрвээ бүх үйлдэлд хамтран оролцсон хэмээн дүгнэж байгаа бол хохирлын тооцоо нь хүртэл эн тэнцүү хуваагдах байсан байх. Гэтэл хохирлын хувьд Ө.Тынх нь 61,187,108 төгрөг, С.Бынх нь 579,076,979 төгрөг байгаа нь энэ хэрэгт хэн илүү оролцоотойг харуулж байна. Хүн бүрийн үйлдэл оролцоог нарийн ялгамжтай гаргаж өгөөгүй болохоор ялын бодлогод нөлөөлсөн гэж үзэж байна.

3.Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ: Шүүхийн шинжилгээний дүгнэлт үндэслэл бүхий гараагүй, хохирлыг үнэн зөв тогтоогүй байдаг. Яагаад гэвэл шинжээч нь 127 дугаар цэцэрлэгийн санхүүгийн баримтад бүрэн дүүрэн шинжилгээ хийгээгүй ба өмнө хийгдэж байсан аудитын дүгнэлтийг хуулбарлаад бичсэн нь дүгнэлтээс шууд харагддаг. Өмнө хийгдэж байсан аудитын дүгнэлтээр 2015 оны цалингийн баримт огт байхгүй, 2009 оноос 2017 он хүртэлх хугацаанд 127 дугаар цэцэрлэгт Төрийн сан, Төрийн аудит жил бүр шалгалт орсон байхад уг материалтай танилцаж дүгнэлтээ гаргаагүй, Ө.Т нь анхан шатны шүүх хуралд мэдүүлэхдээ 61,187,108 төгрөгнөөс хасагдах ёстой зардлууд байдаг. Үүнээс цэцэрлэгийн тохижилтод зарцуулагдсан, цэцэрлэгт баримттайгаар улсын орлогод авагдсан 12 сая төгрөгийн эд хөрөнгийн жагсаалт байгаа, цэцэрлэгийн ажилчдаа Хөвсгөл аймаг авч явсан зардлууд гэх мэт өөртөө авч ашиглагдаагүй зарцуулалтыг тодруулах ажиллагааг хийгээгүй талаар хэлсэн байдаг. Гэтэл шинжээчийн дүгнэлтээр Ө.Ттай адил шахуу хэмжээний дутагдал гаргасан Ш.Нгийн дансаар орсон 42,629,662 төгрөгийг хэрхэн данснаас гарсан болох нөхцөл шалтгааныг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоосон байдаг. Иймд хяналтын шатны шүүхээс хэргийг мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү” гэв.

Шүүгдэгч С.Бын өмгөөлөгч Ц.Дэлгэрням тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хяналтын шатнаас оролцож байгаа бөгөөд миний үйлчлүүлэгч болон түүний өмгөөлөгч нараас гаргасан гомдлыг дэмжиж дараахи тайлбарыг гаргаж байна. Энэхүү хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийж гүйцэтгэсэн. Мөрдөгч, прокурор хэрэгт ач холбогдолтой баримтуудыг цуглуулах үүргээ гүйцэтгээгүйн улмаас хэргийг тал бүрээс нь бодитой хянаж шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. 2014 оны аудитын тайланг дүүргийн аудитын газраас ирүүлснээс өөр дүгнэлт хэрэгт огтхон ч авагдаагүй. Прокурор тухайн баримт хавтаст хэрэгт авагдсан гэх боловч баталж чадаагүй. Мөн яллах дүгнэлт болон түүний хавсралтад дурдагдсан баримтууд 2007-2008 оны аудитын дүгнэлтүүд тусгагдаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 болон 2 дахь хэсэгт зааснаар мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох, хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүрэгтэй. Гэтэл хэрэгт шууд ач холбогдол бүхий баримтыг гаргуулаагүйгээс гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн гүйцэд тогтоож чадаагүй бөгөөд хохирлын хэмжээ илтэд үндэслэлгүй, хэргийн бодит байдалд нийцээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай нотолж чадаагүй гэж үзэхэд хүргэж байна.

Анхан шатны шүүх өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийг шийдвэрлэхдээ нэмэлт ажиллагаа хийх шаардлагүй гэдэг нь ямар баримтаар тогтоогдсон талаар дурдаагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа прокурорын яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд явагдах ёстой бөгөөд хэргийг шийдвэрлэх хангалттай нотлох баримт бий эсэхэд дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй. Миний үйлчлүүлэгч С.Б нь 2007 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Нийслэлийн 127 дугаар цэцэрлэгийн эрхлэгч н.Ц-ийн тушаалаар нягтлан бодогчийн албан тушаалд томилогдон 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл ажилласан. Гэмт хэрэг үйлдсэн хугацааг нарийвчлан тусгаагүй боловч “127 дугаар цэцэрлэгт ажиллах хугацаандаа” гэж тодорхойлсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй. Анхан шатны шүүхээс 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хэргийг хэлэлцээд яллах дүгнэлт шаардлага хангаагүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь маш эргэлзээтэй нөхцөл байдлыг үүсгэсэн. Улсын яллагчаас өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн учир анхан шатын шүүхийн мэтгэлцээн энэ агуулгаар явагдсан. Өмгөөлөгч нарын зүгээс шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийж гүйцэтгүүлэх шаардлагатай байдлаар мэтгэлцсэн боловч шүүх, прокуророос яллаагүй, өмгөөлөгч нарын мэтгэлцээгүй, тайлбар мэдүүлэгт тусгагдаагүй, Эрүүгийн хуулийн огт өөр бүлэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй. Буруу зүйл ангиар яллагдагчаар татсаныг зөвтгөх, өөрчлөх тохиолдолд хөөн хэлэлцэх хугацааг тоолох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэх зохицуулалтын дагуу хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зохицуулалтыг хэрэглэх бүрэн боломжтой байсан гэж үзэж байна. Дээрх нөхцөл байдлыг анхаарч шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Б.Ууганбаатар хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ Шүүгдэгч Ө.Т, С.Б нар нь бүлэглэн төсвийн хөрөнгөд нийт 589,423,044 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад төсөвт учруулсан хохирлыг тогтоох бүхий л ажиллагааг хийсэн байна. Гэвч прокуророос хэргийг буруу зүйлчилж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.38-д “төсвийн шууд захирагч” гэж төсвийн ерөнхийлөн захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагчаас хуваарилсан чиг үүргийн төсвийг төлөвлөх, хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээдийг ойлгохоор тодорхойлсон ба шүүгдэгч нар нь Нийслэлийн 127 дугаар цэцэрлэгийн төсвийг шууд захиран зарцуулах эрх бүхий субъектэд хамаарч байна. Шүүгдэгч нарын гэмт үйлдлийн улмаас төсвийн хөрөнгөд хохирол учирсан ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлд төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт гэмт хэргийн объект, субъектийг тусгайлан зааж өгсөн. Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргээс халдлагын зүйл буюу объект, төсвийн хөрөнгө зарцуулах эрх олгосон субъектээрээ ялгагддаг. Иймд Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 955 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1049 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгон хэргийг прокурорт буцааж, Авилгатай тэмцэх газраар шалгуулах нь зүйтэй гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Б.Дашдорж, Ш.Жаргалсайхан, шүүгдэгч Ө.Тын өмгөөлөгч Г.Оюунцэцэг, Ч.Содончимэг, Д.Энхтунгалаг нарын гаргасан гомдлыг үндэслэн Ө.Т, С.Б нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Прокуророос шүүгдэгч Ө.Т, С.Б нар нь бүлэглэн, албан тушаалын байдлаа ашиглан, хуурамч баримт бичиг үйлдэх замаар төсвийн мөнгийг их хэмжээтэй завшсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Төсвийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн Төрийн сан нь Засаг даргын Тамгын газрын дэргэд байрлах бөгөөд мөн хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу тухайн дүүргийн хүрээнд төсвийн хэрэгжилтийг зохион байгуулах, түүнд хяналт тавих; төсвийн орлого, зарлагын өдөр тутмын гүйлгээг хийх, төсвийн орлого, зарлага, хөрөнгө, өр төлбөрийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу холбогдох дансанд бүртгэх, тайлагнах; төсвийн сар, улирлын хуваарьт үндэслэн төсвийн байгууллагын бүртгэлийн дансанд санхүүжилтийн болон зарцуулалтын эрх олгох чиг үүрэгтэй байна.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон “Пантермидланд аудит ХХК-ийн аудиторын дүгнэлт /1хх-196/, уг дүгнэлтийг гаргасан шинжээч Л.Оюун-Эрдэнэ /1хх-152/, мөн Сонгинохайран дүүргийн Засан даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн төлбөр тооцоо хариуцсан ахлах мэргэжилтэн, Б.Ц /1хх-128/, бүртгэлийн мэргэжилтэн Т.А /1хх-143/ нарын өгсөн гэрчийн мэдүүлэг болон тухайн хэрэгт хамааралтай бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Ө.Т, С.Б нар нь 127 дугаар цэцэрлэгийн цалингийн тооцоог Сонгинохайрхан дүүргийн Төрийн сангийн хэлтэст хянуулж баталгаажуулсны дараа өөрсдийн болон тус цэцэрлэгийн зарим ажилтны авбал зохих цалингийн дүнг нэмж өөрчлөх, эсхүл тус цэцэрлэгт ажилладаггүй өөрсдийн хамаарал бүхий хүмүүсийн нэрийг цалингийн цэсэнд нэмж бичин, тэдний нэр дээр цалин бодсон хуурамч баримтыг харилцагч Хаан банкинд аваачиж өгөх, мөн өөрсдийн хамаарал бүхий компаниар тус цэцэрлэгийн бохир усыг соруулж зөөвөрлүүлэх ажлыг гүйцэтгүүлэхдээ илүү ажлын хөлс тооцох замаар төсвийн мөнгийг их хэмжээтэй завшсан үйл баримт тогтоогджээ.

Харин анхан шатны шүүхээс “...Залилах гэмт хэргийн хохирогч нь хийсвэрлэн бодох оюун дүгнэлт хийх чадвартай бөгөөд гэмт этгээдээс хуурамч баримт бичиг ашиглах, өөрийгөө хөрөнгө мөнгөтэй хүн болгон итгүүлэх, тусгай албаны үнэмлэх буюу хувцас хэрэглэх, итгүүлэх, төөрөгдөлд оруулах гэх мэт янз бүрийн хууль бус арга хэрэглэхэд түүнд дүн шинжилгээ хийж, хариу үйлдэл үзүүлэх чадвартай хүн байна. Энэ явцдаа төөрөгдөх нь энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болох үндсэн нөхцөл болно. Иймд шүүгдэгч Ө.Т, С.Б нарын үйлдсэн гэмт хэрэг нь албан тушаалын  байдлаа ашиглаж, залилах гэмт хэргийн шинжийг хангахгүй байна... Ө.Т нь өөрт олгогдсон эрхээ урвуулан ашиглаж, албан үүрэг, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёсгүй үйлдэл хийх байдлаар эрх мэдлээ хэтрүүлж, их хэмжээний хохирлыг нягтлан бодогчтойгоо бүлэглэн учруулсан гэж үзэхээр байна... Шүүгдэгч Ө.Т, С.Б нарыг бүлэглэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай” гэсэн хууль зүйн дүгнэлтийг хийж,

шүүгдэгч Ө.Т, С.Б нарын үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилж, шүүгдэгч нарыг Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэв.

Албан тушаалтан төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар захиран зарцуулж, төсвийн хөрөнгө, төрийн өмчид хохирол учруулсан үйлдлийн улмаас зөрчигдсөн харилцаа, халдлагын зүйл, гэмт этгээдийн сэдэлт, санаа зорилго, гэмт хэрэг үйлдэгдсэн арга, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар нь Эрүүгийн хуульд заасан аль гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулж буй талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх нь Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны зарчимд нийцүүлэн албан тушаалтны үйлдсэн хэргийг зөв зүйлчилж, түүний гэм буруугийн хэр хэмжээнд тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой билээ.

Иймд төсвийн хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн гэмт хэргийг өмчлөх эрхийн эсрэг, эсхүл авлигын гэмт хэргийн холбогдох зүйл, хэсгээр зүйлчлэхээс хамаарч тухайн гэмт хэргийн ангилал, оногдуулах ял шийтгэлийн төрөл, хэмжээ, мөрдөн шалгах болон прокурорын хяналтын харьяалал өөрчлөгдөхөөс гадна шүүгдэгчийн эрх зүйн байдалд нөлөөлөх бусад хууль зүйн үр дагавар /өршөөлд хамрагдах гэх мэт/ үүсч болохыг анхаарч, төсвийн хөрөнгөтэй холбоотой үйлдэгдсэн гэмт хэргийг бусад төсөөтэй гэмт хэргүүдээс ялгагдах шинжийг зөв тодорхойлох шаардлагатай болно.

Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт заасан “Залилах”, эсхүл “Хөрөнгө завших” зэрэг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь бусдын эд хөрөнгийг шунахай сэдэлтээр, шууд санаатайгаар, хууль ёсны эзэмшигчид нь буцааж өгөхгүйгээр бүрмөсөн өөрийн, эсхүл хамаарал бүхий бусад этгээдийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авах гэсэн санаа зорилгоор үйлдэгдэхээс гадна тухайн эд хөрөнгөнөөс өөртөө, эсхүл өөрийн хамаарал бүхий этгээдэд эдийн ашигтай байдлыг бий болгож, хууль ёсны өмчлөгчид хохирол учруулсан байдаг онцлогтой юм.

Залилах, эсхүл хөрөнгө завших гэмт хэргүүд нь дээр дурдсан нийтлэг шинжийг агуулах боловч гэмт этгээдийн санаа зорилгоо хэрэгжүүлэхдээ урьдаас сонгож авсан арга, мөн тухайн эд хөрөнгийг ашиглах, захиран зарцуулах эрхтэй байсан эсэх, эдгээр нь хэний эзэмшил, өмчлөлд байсан зэргээрээ ялгагдана

Тухайлбал, хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр, гэрээ хэлцэл зэргээр тогтоон олгогдсон албаны бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд бусдын өмчийг итгэмжлэн хариуцах болон эргэлтэд оруулах үүрэг хүлээсэн этгээд уг эд хөрөнгө, түүний эрхийг өөртөө хууль бусаар авсан нь завших гэмт хэргийн үндсэн шинж байдаг бол залилах гэмт хэрэг нь өмчлөгч, эсхүл хууль ёсоор эзэмшигчийг хуурах, эсхүл итгэлийг нь эвдэх замаар тэдгээрийг эзэмших, өмчлөлд байсан эд хөрөнгө, түүний эрхийг хууль бусаар өөрт авсан, эсхүл бусдад шилжүүлсэн байдлаар үйлдэгддэг онцлогтой. 

Өөрөөр хэлбэл, хууль ёсны өмчлөгчөөс тогтоосон албаны бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд тухайн эд хөрөнгө, түүний эрхийг ашиглах, захиран зарцуулах, хамгаалах үүрэг хүлээсэн этгээд тэдгээрийг хувьдаа авах, зохих зөвшөөрөлгүйгээр хууль бус эргэлтэнд оруулах, бусдын эзэмшил, өмчлөлд шилжүүлэх зэрэг нь завших гэмт хэрэгт тооцогдох бол дээрх үүргийг хүлээгээгүй этгээд өөрийн албаны чиг үүрэг, эрх мэдлийг ашиглан бусдын эд хөрөнгийг өөрийн ба бусдын мэдэлд шилжүүлснээс гадна түүнийг ирээдүйд захиран зарцуулах эрхийг олж авсан тохиолдолд залилах гэмт хэрэг гэж үзнэ. 

Төсвийн хөрөнгийг шунахай сэдэлтээр завшсан албан тушаалтны үйлдэлд залилах гэмт хэргийн арга тогтоогдоогүй, харин өөрт нь хууль ёсны дагуу итгэмжлэн хариуцуулсан төсвийн хөрөнгийг шунахай сэдэлтээр, зориулалтын бусаар захиран зарцуулж өөрийн, эсхүл хамаарал бүхий бусад этгээдийн хууль бус өмчлөлд шилжүүлсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “Хөрөнгө завших” гэмт хэргээр зүйлчилнэ.

Төсөв захирагч шунахай сэдэлтээр, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хуурамч баримт бичиг үйлдэх замаар төсвийн хөрөнгийг хууль бусаар хүлээн авч завших, эсхүл хууль ёсоор итгэмжлэн хариуцсан төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар захиран зарцуулж завшсан үйлдэл нь авлигын гэмт хэрэг, түүний дотор Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалтын байдлаа урвуулан ашиглах” болон 22.8 дугаар зүйлд заасан “Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах” гэмт хэргийн зарим шинжийг давхар агуулдаг.

Өөрөөр хэлбэл, төсөв захирагч албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж төсвийн хөрөнгийг шунахай сэдэлтээр завшсан үйлдлийг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэгдэх нэг үе шат гэж үзэх тул үйлдлийн сэдэлт, зорилго, арга, үр дагавраас хамаарч тухайн хэргийг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн аль тохирох зүйл, хэсгээр зүйлчилж шийдвэрлэнэ.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн хувьд шунахай сэдэлт нь гэмт хэргийн бүрэлдэхүүний заавал байх нэг шинж бол Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалтын байдлаа урвуулан ашиглах”, Эрүүгийн хуулийн 22.8 дугаар зүйлд заасан “Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах” гэмт хэргүүдийн хувьд гэмт хэргийн сэдэлт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй.

Гэхдээ төсөв захирагчийн үйлдэл нь төсвийн хөрөнгийг өөрийн, эсхүл хамаарал бүхий бусад этгээдийн эзэмшилд бүрмөсөн шилжүүлэн завших, төсвийн хөрөнгөнд өөрсдийн хууль бус өмчлөлийг тогтоох гэсэн шунахай зорилгыг агуулаагүй, харин өөртөө, эсхүл хамаарал бүхий бусад этгээдэд хууль бусаар эдийн болон бусад ашигтай байдал бий болгох санаа зорилготой байсан бол тухайн хэргийг Эрүүгийн хуулийн 22.8 дугаар зүйлд заасан “Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах” гэмт хэргээр зүйлчилж шийдвэрлэнэ.

Төсөв захирагч нь төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэргийг бусадтай үгсэн тохиролцож, эсхүл өөрийн удирдлага дор ажилладаг, эсхүл хяналт тавих чиг үүрэг бүхий ажилтанд хууль бусаар нөлөөлж үйлдсэн бол тухайн хэргийг зүйлчлэхдээ тэдгээрийн гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр, гүйцэтгэсэн үүргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3 дугаар бүлгийн тохирох зүйл, хэсгийг журамлана.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ө.Т, С.Б нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн алдааг давж заалдах шатны шүүх давтаж, мөн адил хууль зүйн алдаатай дүгнэлт хийснийг дурдах нь зүйтэй.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, Ө.Т, С.Б нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцож, хэргийн үйл баримтыг өөрчлөн дүгнэх эрхгүй тул шүүгдэгч, өмгөөлөгч нарын хохирлын нийт хэмжээг эс зөвшөөрч гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.

Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгдэгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэлд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 955 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1049 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Ө.Т, С.Б нарт холбогдох 1702002390192 дугаартай эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Ө.Т, С.Б нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

              ДАРГАЛАГЧ                                    С.БАТДЭЛГЭР

                                    ШҮҮГЧ                                             Б.АМАРБАЯСГАЛАН

                 Б.БАТЦЭРЭН

                 Б.ЦОГТ

                 Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН