Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2024/01719

 

 

 

 

 

 

 

 

 

2024 09 06 210/МА2024/01719

 

 

 

И ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2024/01765 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: И ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Бд холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1,549,904,110 төгрөг гаргуулах үндсэн, гэрээнээс учирсан хохиролд 2,089,696,091 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, Б.Б, өмгөөлөгч Б.Б, Ж.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, өмгөөлөгч Л.О, нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

И ХХК нь Б.Бтай 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ- байгуулж, Улаанбаатар хотын ...... дүүргийн нутаг дэвсгэрт оффис, үйлчилгээний зориулалттай барилга угсралтын ажлыг 2015 оны 09 дүгээр сарын 10-ны дотор хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Иргэн Б.Б гэрээнд заасан өөрийн эрх үүрэг, түүнтэй холбогдох төлбөр тооцоотой холбоотой асуудлыг итгэмжлэгдсэн байгууллагын эрхийн үндсэн дээр хэрэгжүүлэх Б ХХК-д шилжүүлсэн бөгөөд И ХХК нь Б ХХК-тай дээрх хугацаанд хамтран ажилласан. И ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ирсэн бөгөөд гэрээний дагуу барилгын ажлын гүйцэтгэлийг тухай бүр акт үйлдэж, нэхэмжлэлийн хамт хүлээлгэн өгч ирсэн. Гүйцэтгэгч компани нь гэрээний 2.2, 2.4-т заасан ажлуудыг барилга угсралтын ажлын гэрээнд заасан хугацаанаас 44 хоногийн өмнө буюу 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдөр гүйцэтгэж дууссан ба Б ХХК-д ажлын гүйцэтгэлийн акт, нэхэмжлэлийг хүргүүлсэн боловч захиалагчаас хийж гүйцэтгэсэн ажлын санхүүжилтийг гэрээний 3.2-т заасан хугацаанд шилжүүлэх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрсэн.

Гэрээний 3.1-д гүйцэтгэх ажлын нийт дүн 3.6 тэрбум төгрөг бөгөөд энэхүү төлбөрийг бартер болон дансаар гүйцэтгэхээр заасан боловч захиалагчаас барилгын зураг төслийг өөрсдийн санаачлагчаар өөрчилж, үүнээс шалтгаалан нэмэлт зардал гүйцэтгэгчээс гарч энэ тухай захиалагчид мэдэгдэж, нэмэлт ажлын төлбөрийг нэхэмжилсэн боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй.

Захиалагчийн зүгээс өрлөгийн ажлыг зураг болон гадна дулаан, цахилгаан, цэвэр бохир усны шугамын зөвшөөрлийг шийдвэрлээгүйгээс өрлөг болон гадна дэд бүтцийн ажил хугацаандаа хийгдэлгүй хүлээгдсэн бөгөөд яаралтай шийдвэрлэх талаар удаа дараа албан бичиг хүргүүлж мэдэгдсэн боловч холбогдох арга хэмжээг аваагүй.

Барилгын төсөв зохиох дүрмийн 8.1-д заасны дагуу талууд гэрээний дагуу хийгдэх ажлын төсөвт өртөгт магадалшгүй ажлын зардлыг 2 хувь байхаар төсөвлөн тохиролцсон. Барилга угсралтын ажлын явцад барилгын орц гарцын асуудлыг шийдэх зорилгоор .......... хувь нийлүүлсэн ................... 2-р ангийн хашаанд хийгдсэн Бетонон зам талбайн төсөвт өртөг болох 47,699,445 төгрөг, .......... хувь нийлүүлсэн ...................... 2-р ангитай хийсэн 500 метр кабелийн сувагчлал хийх ажлын өртөг болох 11,984,115 төгрөг, .......... хувь нийлүүлсэн ................... 2-р ангийн хашаанд хийгдсэн 500 метр сувгийн газар шороо, худаг сувагчлалын ажлын төсөвт өртөг болох 38,542,275 төгрөг, .......... хувь нийлүүлсэн Улаанбаатар Төмөр Зам нийгэмлэгийн төлөөлөгч Замын 2-р ангитай хийсэн гэрээний дагуу талбай ашигласан төлбөр болох 2,000,000 төгрөг, нийт 100,225,836 төгрөгийн зардал гарсан.

Захиалагчийн зааврын дагуу 10 давхрын зургийг өөрчилж, 10 давхрын цутгалтын ажил хийсэн. Сэндвичэн хийцийг бетон арматур болгосон хийцийн зөрүү нэмэлт ажлын хөлс 96,000,000 төгрөг болсон. Мөн дотор гэрэлтүүлгийн ажлын хөлс 13,757,537 төгрөг, харуул хамгаалалтын 2015 оны 7 сараас 2016 оны 7 сар хүртэл хугацааны зардал 20,350,000 төгрөг болж нийт 786,452,183 төгрөгийг төлөх үүрэгтэй байсан боловч төлөөгүй. Үүнээс алданги тооцвол 393,226,091 төгрөг, барьцааны 180,000,000 төгрөгөөс алданги 90,000,000 төгрөг тус тус тооцон нэмж нийт 1,449,678,274 төгрөг болсон. Магадалшгүй ажлын зардал 100,225,836 төгрөг нийт 1,549,904,110 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

И ХХК болон Б.Б нарын хооронд 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 3,6 тэрбум төгрөгийн үнэ бүхий барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Төлбөрийг бартер болон дансаар гүйцэтгэхийг талууд зөвшөөрсөн бөгөөд энэ дүнд гэрээний 2-д заасан ажлыг бүрэн хийж дуусгахад шаардлагатай материал, хэв хашмал, тоног төхөөрөмж, машин техник, ажиллах хүчний хөлс бүхий л зардал багтсан.

И ХХК гэрээний 1.5, 2.4-т заасан дуусах хугацаа 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн дотор байхаар талууд тохиролцсоныг зөрчиж, гэрээний үүргээ биелүүлэлгүй барилга угсралтын ажлыг бүрэн хэмжээгээр гүйцэтгэлгүй орхиж явсан. Гэтэл И ХХК нэхэмжлэлийн шаардлагадаа ажлыг гэрээнд заасан хугацаанаас 44 хоногийн өмнө буюу 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдөр гүйцэтгэж дууссан гэж бодит байдлаас өөрөөр дүгнэсэн. Гэрээний 2.3-т ...0-10 давхрын өрлөгийн ажил, 11.1-д Цэвэр, бохир, дулаан, цахилгааны шугам сүлжээ болон гадна бүхий л дэд бүтцийг хийх ... гүйцэтгэгч өөрийн зардлаар хийнэ гэсэн үүргээ биелүүлэх арга хэмжээ аваагүй атлаа гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгэсэн гэснийг зөвшөөрөхгүй.

Мөн гэрээний 12.1-д Барилгын ажилтай холбоотой хууль ёсны бүх төрлийн зөвшөөрлийг гүйцэтгэгч тал хариуцна гэсэн үүрэг хүлээсэн байтлаа захиалагч талаас шалтгаалан өрлөгийн ажлын зураг болон гадна дулаан, цахилгаан, цэвэр, бохир усны шугамын зөвшөөрлийг шийдвэрлээгүйгээс өрлөг болон гадна дэд бүтцийн ажил хугацаандаа хийгдэлгүй хүлээгдсэн гэж байгаа нь огт үндэслэлгүй.

Гэрээний 6, 7-д Барилгын материалын шинжилгээ, шалгалт гэсэн заалтыг санаатайгаар зөрчиж барилгын үндсэн хийцэд цутгалтын ажилд ашигласан арматур төмөр нь Монгол Улсын барилгын стандарт, чанарын шаардлага хангаагүй байсан нь хяналт шалгалтын явцад илэрсэн бөгөөд уг аюултай зөрчлийг бүрэн арилгаагүй.

Иймд, гэрээний 9.2-т гүйцэтгэгч ажлыг чанартай гүйцэтгээгүй тохиолдолд ажлын хөлс төлөхийг хойшлуулж, тухайн дутагдлыг засаж сайжруулсны дараа зохих төлбөрийг төлнө гэснийг И ХХК-д удаа дараа мэдэгдэж гомдлын шаардлага хүргүүлж байсан боловч хариуг өнөөдрийг хүртэл аваагүй байна. Иймд, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Гэрээний 11.1 болон 2017.03.22-ны өдрийн 10 тоот шинжээчийн дүгнэлтэд Цэвэр бохир, дулаан, цахилгаан шугам сүлжээ болон гадна бүхий л дэд бүтцийг 100 метрт доторх ажлын зардлаар... хариуцаж хийнэ гэж заасны дагуу уг ажлыг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлэхэд гарах зардлыг гаргуулах буюу ажлын гүйцэтгэлийн дүнгээс хасуулна. Гадна дулааны ажлын зардалд 152,615,194 төгрөг, цахилгааны ажлын зардалд 134,911,700 төгрөг, гадна бохирын ажилд 47,469,750 төгрөг, гадна цэвэр усны ажилд 47.469.750 төгрөг, нийт 382,466,444 төгрөг болж байна.

Гэрээний 6 зүйл хяналт, 7 зүйл Барилгын материалын шинжилгээ, шалгалт-д зааснаар Шинжилгээгээр шаардлага хангахгүй гэж дүгнэлт гарсан материалыг барилгад ашиглахыг хориглоно гэсэн ноцтой зөрчлийг арилгах зорилгоор 1-6 давхрын цутгалтын ажилд ашигласан хувийн үйлдвэрийн арматур төмрийг барилгын зураг төсөлд заасан шаардлагад нийцүүлэхэд нийт 406,800,000 төгрөг, шинжээчийн дүгнэлтээр тогтоосон 10-р давхрын хучилтыг зураг зөрчиж хийсэн учир тухайн ажлыг дахин гүйцэтгэхэд гарах зардалд 192,000,000 төгрөг, шинжээчийн дүгнэлт болон гэрээний 2.3, 3.2.5, 2.3-т заасан 1-10 давхрын өрлөгийн ажлыг бусдаар хийж гүйцэтгүүлэхэд гарах зардалд 468,000,000 төгрөг, И ХХК нь Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-ний 1.5-д дуусах: 2015.9.10, 2.4-д Барилгын техникийн давхрыг 2015.9.10-нд дуусгана. Ийнхүү барилга угсралтын нийт ажлуудыг 2015.09.10-ны өдрийн дотор дараах үе шатаар хийж гүйцэтгэн дуусгасан байхаар талууд тохиролцов гэж заасныг тус тус зөрчиж гэрээний үүргээ биелүүлэлгүй барилга угсралтын ажлын гүйцэтгэлийг зогсоосон тул уг гэрээний 10.1, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсгүүдэд заасны дагуу үлдэгдэл төлбөрт ногдох үүргийн гүйцэтгэлийн алдангид 610,000,000 төгрөгийг гаргуулна.

Уг барилгын ажлыг эхлүүлэхтэй холбогдуулан 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр ....... банктай 555 тоот зээлийн гэрээ байгуулан 119,000 ам долларын зээл авсан. Иргэн Б.Бгийн зүгээс тухайн зээлийг И ХХК-аар захиалан бариулж буй барилгын зардлын тодорхой хувийг санхүүжүүлэх зорилгоор авсан бөгөөд уг барилга ашиглалтад орсны дараа худалдан борлуулсны орлогоос зээлээ эргэн төлөхөөр төлөвлөсөн. Гэвч И ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, барилгын ажлыг дуусгалгүй саатуулсны улмаас авсан зээлээ төлж барагдуулах боломжгүй болсон. Иймд И ХХК-ийн гэрээний үүргийн зөрчлийн улмаас иргэн Б.Бд учирсан хохирол болох 12,726 ам.доллар буюу 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Монгол банкны ханшаар тооцож 30.429.647 төгрөгийн хохирлыг гаргуулна. Иймд, барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг цуцалсантай холбогдуулан гарсан зардалд нийт 2,089,696,091 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлийн татгалзал, тайлбарын агуулга:

И ХХК-иас иргэн Б.Бгийн оффис үйлчилгээний зориулалттай барилга угсралтын ажлыг анх 3.934.110.473 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр үнийн санал гаргасан. Талууд энэхүү төсвийн дүнгийн талаар ярилцаж санал бодлоо солилцсоны дагуу бид төсөвт өртгийг дахин хянаж үзээд шууд зардлыг хасах боломжгүй харин ашгийн зардлыг бууруулж түүнээс тооцогдох байсан шууд бус зардлууд /ХАБЭА, цахилгаан, хоол г.м/-ыг хасаж, барилга угсралтын ажлын төсөвт өртгийг 3.600.000.000 төгрөгөөр гүйцэтгэхээр тохиролцсон.

Манай компани ажил гүйцэтгэх явцдаа гэрээний гүйцэтгэл болон санхүүжилтийг үе шат бүрд гүйцэтгэлийн төсөв гаргаж өгч байсан.

1.2015 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Газар шорооны ажил, суурь ба зоорийн давхар, гараашийн суурийн цутгалтын ажлуудыг хийж гүйцэтгээд 941,387,765 төгрөгийн 1-р гүйцэтгэл,

2.2015 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 1, 2, 3-р давхрын цутгалтын ажлыг хийж гүйцэтгээд 794,658,680 төгрөгийн 2-р гүйцэтгэл,

3.2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 4, 5, 6-р давхрын цутгалтын ажлыг хийж гүйцэтгээд 744,949,317 төгрөгийн 3-р гүйцэтгэл,

4.2015 оны 7 дугаар сарын 31-ний 7, 8, 9, 10 давхрын цутгалтын ажлыг хийж гүйцэтгээд 826,823,323 төгрөгийн 4-р гүйцэтгэл тус тус гаргасан.

Дээрх 4 гүйцэтгэлийн нийлбэр дүн нь 3,307,819,085 төгрөг болсон, үүнээс захиалагч талаас нэхэмжилснийг дахин шинээр төсөв зохиож өгсөн мэтээр шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй.

И ХХК барилга угсралтын ажлын гүйцэтгэлийг нэхэмжлэгч 90 хувь гүйцэтгээд хүлээлгэн өгчихсөн. Нэхэмжлэгч гүйцэтгэсэн ажлынхаа үлдэгдэл хөлсийг авахаар нэхэж байхад хариуцагч гэрээний дагуу ажлын хөлсийг бүрэн төлөөгүй байж, алданги нэхэж байгаа нь үндэслэлгүй.

....... банк болон Б.Б нарын хоорондох 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан 555 дугаар зээлийн гэрээ Б.Бгаас И ХХК-д орж ирсэн санхүүжилтийн тооцооноос үзвэл 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд шилжүүлж байсан санхүүжилттэй огт холбогдолгүй байна.

Хариуцагч Б Б 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр уг барилгыг 75 хувийн гүйцэтгэлтэй, 8539.2 мкв талбайтай, Үйлчилгээ, оффисын зориулалттай, улсын бүртгэлийн ........ дугаарт бүртгүүлж өмчлөх эрхийн гэрчилгээг авсан байна. Тэрээр 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр дээрх үл хөдлөх хөрөнгийг М ХХК-д, М ХХК нь 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр ....... банк ХХК-д тус тус өмчлөлийг шилжүүлсэн. Дээрх нөхцөл байдлаас иргэн Б.Бгийн өмчлөх эрх нь эдийн засгийн эргэлтэд орж гуравдагч этгээдүүдэд шилжсэнээр үл хөдлөх өмчлөх Б.Бгийн эрх 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр дуусгавар болсон байна. Иймд, сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 227 дугаар зүйлийн 227.3-д заасныг баримтлан Б.Бгаас 944.717.111 /есөн зуун дөчин дөрвөн сая долоон зуун арван долоон мянга нэг зуун арван нэгэн/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч И ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлээс үлдэх 605.186.999 төгрөгийг, мөн И ХХК-иас гэрээнээс учирсан хохиролд 2.089.696.091 төгрөг гаргуулах тухай Б.Бгийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8.154.316 /7.495.216+659.100/ төгрөг, хариуцагчаас төлсөн 13.099.383 /6.291.883+2.074.150+310.100+4.423.250/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 4.881.535 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан шинжээчийн ажлын хөлс 5.430.000 /2.350.000+ 3.080.000/ төгрөгийг нэхэмжлэгч И ХХК-иас 1.810.000 төгрөг, хариуцагч Б.Бгаас 3.620.000 төгрөгийг тус тус гаргуулж, Бны ...... ХХК /РД:......, хуучнаар Улаанбаатар хотын банкны ............. тоот данс, шинэ: ...... банк, ............. тоот данс/-д 2.350.000 төгрөг, ........... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт /РД:, ...... тоот данс/ 3.080.000 төгрөг тус тус олгож шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн зүгээс 2023 оны 10 сарын 03-ны өдрийн захирамжаар Бны тэргүүлэх төсөвчин А.У, Монгол Улсын Зөвлөх инженер Ш.Ж нарыг шинжээчээр томилж дараах асуудлаар дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэсэн. Уг захирамжид дурдсанаар үндсэн 2 асуудлаар буюу Барилгын ажлын төсөв болон материалын чанарын асуудлаар шинжээчийн дүгнэлт гаргуулах зорилгоор 2 шинжээчийг томилсон болно.

Гэвч шинжээч А.У нь 2024 оны 02 сарын 16-ны өдөр шүүхэд барилгын норм дүрэм баримталсан эсэх арматур төмөр нь зураг төсөлд заасан арматур мөн эсэхэд шинжилгээ хийх нь барилгыг эвдэх үндсэн бүтээцээс арматур төмрийг тасалж шинжилгээ хийх тул энэ нь эзэмшигчийн зөвшөөрлөөс гадна барилгын үндсэн даац хийцэд ноцтой аюул учруулж болзошгүй эрсдэлтэй гэж үзэж байна. Мөн нотлох баримтаар ирүүлсэн арматур 60 см шинжилгээ хийхэд 1.8м дээш уртын хэмжээтэй байх урт таарахгүй мөн барилгад ашигласан эсэх нь тодорхойгүй, гадна шугам сүлжээний зураг ирүүлээгүй энэ нь гадна шугам сүлжээг 100 м-т хийх ажлын өртөг тодорхойлох боломжгүй, 10-р давхрын хучилтын өөрчлөгдсөн зурагт зураг зохиогч автораас зөвшөөрөл аваагүй гэсэн үндэслэлээр татгалзсан. Гэтэл шинжээч А.Уээс ирүүлсэн дээрх албан бичигт Шинжээч инженер Ш.Жийн өмнөөс шинжээч төсөвчин А.У гарын үсэг зуран тамга дарсан байна.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.2, 4.1.7, 4.1.8, 7.2, 8.2.1-т заасан зохицуулалтын дагуу шүүхийн зүгээс барилгын ажлын төсвийн асуудлаар Бны тэргүүлэх төсөвчин А.Уийг, барилгын материалын чанарын асуудлаар Монгол Улсын Зөвлөх инженер Ш.Ж нарыг тус тус томилсон болно.

Гэвч шинжээч А.У нь төсөвчин шинжээч атлаа барилгын чанарын асуудалд шинжээч Ш.Жийн өмнөөс дүгнэлт гаргах боломжгүй гэдэг тайлбарыг өгсөн, түүнчлэн барилгыг эвдэх боломжгүй, арматур төмөр шаардлага хангахгүй, гадна ажлын зураг байхгүй гэх цөөн хэдэн шалтгааны улмаас шинжээчийн дүгнэлтийг бүхэлд нь хийх боломжгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Тухайлбал, дээрх шалтгаанаар шинжээчийн дүгнэлтээс гагцхүү 4.2, 4.3, 4.3 дахь хэсгийг хариулах боломжгүй байж болох ч бусад асуултын хувьд бүрэн дүгнэлт өгөх боломжтой байна. Мөн ямар үндэслэлээр дүгнэлтийн бусад асуултад хариулах боломжгүй талаараа тайлбар ирүүлээгүй бөгөөд энэ нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 19 дүгээр зүйлийн 19.1.6, 19.6-д заасныг тус тус зөрчсөн байна.

Нөгөө талаар шүүхээс томилогдсон шинжээч Ш.Ж нь шүүхэд Шинжээчийн дүгнэлт гаргах боломжтой эсэх талаар огт тайлбар ирүүлээгүй байгаа нь шүүгчийн захирамж биелэгдээгүйг илтгэж байна.

Түүнчлэн шинжээч А.Уийн зүгээс дүгнэлт гаргахад эзэмшигчийн зөвшөөрөл хэрэгтэй, 3 дахь өмчлөгч эзэмшиж байна гэх зэргээр тухайн барилгад дүгнэлт гаргахад өмчлөгч зөвшөөрөл олгоогүй гэж ойлгогдох худал тайлбарыг шүүхэд хүргүүлсэн байна. Тус барилгын өмчлөгч болох ....... банк дахь банкны эрх хүлээн авагчийн зүгээс 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн албан бичгээр Бнд ... хэрхэн шинжилгээ хийх арга. технологийг урьдчилан танилцуулна уу гэх албан бичгийг хүргүүлжээ. Өөрөөр хэлбэл, барилгын өмчлөгчийн зүгээс шинжилгээ хийлгэхээс татгалзаагүй бөгөөд гагцхүү арга, технологийг танилцуулахыг мэдэгдсэн байна.

Шүүгчийн зүгээс томилсон шинжээч нь шүүхэд дүгнэлт, тайлбар ирүүлээгүй, түүний оронд өөр этгээд гарын үсэг зурсан зэрэг баримт бичиг бүрдүүлэлт, түүний хүчин төгөлдөр байдалд шууд нөлөөлсөн баримтыг үнэлж буй нь нотлох баримтын хуулийн шаардлагыг бүхэлд нь үгүйсгэсэн хууль бус үйлдэл болсон гэж үзэж байна. Иймд, шүүх шүүгчийн захирамж заавал биелэгдэх зарчмыг зөрчсөн, нотлох баримт бүрдээгүй, түүнийг хэрэг хэлэлцэх үед нөхөн бүрдүүлэх боломжгүй тохиолдолд хүчингүй баримтыг үнэлэн хэргийг шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны явцад 2023 оны 10 сарын 03-ны өдрийн захирамж огт биелэгдээгүй буюу томилогдсон нэг шинжээч огт хариу ирүүлээгүй, нөгөө шинжээч хуульд заасан үндэслэлээс гадуур татгалзсан тул шүүгчийн захирамжийн биелэлтийг хангуулах тухай хүсэлтийг гаргасан. Гэвч шүүхийн зүгээс дээрх хүсэлтийг огт хэлэлцээгүй бөгөөд харин хариуцагчийн зүгээс гаргаагүй хүсэлт буюу дахин шинжээч томилох асуудлыг татгалзан шийдвэрлэсэн. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд зааснаар Нэмэлт болон дахин шинжилгээ хийлгэх үндэслэл нь тухайн асуудлаар шинжээчийн дүгнэлт гарсан тохиолдолд яригдана. Гэвч огт дүгнэлт гараагүй тохиолдолд дахин болон нэмэлт шинжилгээ хийлгэх асуудал яригдахгүй байтал шүүхийн зүгээс дахин шинжээч томилох асуудлыг шийдвэрлэсэн болно.

Түүнчлэн хариуцагчийн гаргаагүй хүсэлтийг шийдвэрлэсний дараа хариуцагчийн хүсэлтийг хэлэлцээгүйтэй холбогдуулж шүүгчийн татгалзан гаргах хүсэлтийг шүүхэд гаргасан. Гэвч шүүгчийн зүгээс дээрх хүсэлтийг шүүгчийг хүсэлт шийдвэрлэсэнтэй холбогдуулан татгалзахгүй гэх тайлбар хэлж хүлээн авч хэлэлцээгүй болно. Гэвч хариуцагчийн зүгээс шүүгчийг хүсэлт шийдвэрлэсэнтэй холбогдуулан татгалзсан бус хүсэлтийг хэлэлцэхгүй байгаатай холбогдуулан татгалзсан болохыг шүүх хүлээн аваагүй болно.

Шүүх хариуцагч талыг талуудын хооронд байгуулагдсан гэрээний төсөв болох 3,600,000,000 төгрөгийг үгүйсгээгүй гэжээ. Тус хэргийг хянан шийдвэрлэх хуралдаан болоод түүнээс өмнөх бүх үе шатанд хариуцагчийн зүгээс дээрх төсвийг хүлээн зөвшөөрөөгүй буюу үндэслэлгүй хэт өндөр төсөв хэмээн маргасан. Уг нөхцөл байдлыг шүүхийн зүгээс үндэслэлгүйгээр эсрэгээр нь тайлбарласан байна.

Түүнчлэн шүүхийн зүгээс Б ТББ-ийн шинжээчдийн гаргасан дүгнэлтийг нотлох баримтын шаардлага хангахгүй учир үнэлэхгүй гэжээ. Уг дүгнэлт нь буруу биш бөгөөд тус маргаан нь өмнө нь 2 удаа 3 шатны шүүхээр, хэлэлцэгдсэн бөгөөд тухай бүрд нь шинжээчийн дүгнэлт алдаатай бөгөөд дахин гаргах шаардлагатай хэмээн дүгнэж байсан. Тухайлбал, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 167 тоот магадлал болон Хяналтын шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 001/ХТ2019/00682 тоот тогтоолоор тус дүгнэлт нь хуулийн шаардлага хангаагүй дүгнэлт гэж үзсэн бөгөөд И ХХК-ийн хийсэн ажил нь хэдэн хувьтай тэнцэх, түүнд ногдох хөлсний хэмжээг тооцоход зайлшгүй тусгай мэдлэг шаардагдах тул уг дүгнэлт нь тус хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой хэмээн дүгнэсэн. Хариуцагчийн зүгээс тус асуудлаар шинжээч томилуулах хүсэлтийг нийт 3 удаа анхан шатны шүүхэд гаргасан. Гэвч шүүхийн зүгээс огт үндэслэлгүйгээр хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, шинжээч шаардлагагүй шинжээчийн тусгай мэдлэгийг шүүх хэрэгжүүлэх чадвартай хэмээн үзсэн болно. Үүний үр дүнд хэрэг хэлэлцэх ажиллагааны хэлэлцүүлгийн шат нь тодорхой үндэслэл бүхий төсвийн дүгнэлтгүйгээр тоймчилсон байдлаар явагдсан.

Хариуцагчийн зүгээс өөрийн эрхийн хүрээнд хөндлөнгийн тусгай мэргэжилтнээр тус ажлын төсөвт өртгийг гаргуулсан. Гэвч шүүх мөн л тэргүүлэх төсөвчин Г.Пгийн гаргасан гүйцэтгэлийн төсвийг хуулийн шаардлага хангаагүй хэмээн үзэж үнэлээгүй. Тэргүүлэх төсөвчин Г.Пгийн гаргасан төсөв нь Зам,тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны 181 дүгээр тушаалын хоёр дугаар хавсралт Барилгын төсөв зохиох дүрэм-д заасан шаардлагын дагуу гардаг бөгөөд тухайн төсвийг гаргах загвар нь батлагдсан байдаг. Уг журамд зааснаар тухайн ажлыг төсвийн баримт бичигт нотлох баримтуудыг тусгадаггүй бөгөөд мэргэжлийн программаар хийж гүйцэтгэдэг. Гэтэл нөхцөл байдлыг шүүхийн зүгээс тодруулаагүй атлаа үндэслэлгүй шаардлагыг тавьж, нотлох баримтыг үнэлээгүй болно.

Мөн шүүхийн зүгээс гэрээгээр тохиролцсон ажлын гүйцэтгэсэн болон гүйцэтгээгүй ажлын хэмжээ, зардал, хөлсийг хэрэгт авагдсан баримтаар тогтоох үндэслэлтэй байна гэж дүгнэж буй нь хэргийн бодит байдлыг тогтоох боломжгүй нөхцөлийг үүсгэсэн болно. Хариуцагчийн зүгээс И ХХК-ийг тухайн барилгыг барих ямар хэмжээний материал ашигласан, нийт ажлын хэдэн хувийг гүйцэтгэсэн, энэ нь хэр хэмжээний төсөвт өртөгтэй болсон зэргийг мэдэх боломжгүй бөгөөд үүнийг шүүх ч гэсэн мэдэх боломжгүй, өөр баримтад тулгуурлан дүгнэлт өгөх ямар ч боломжгүй гэж үзэж байна.

Хариуцагч Б.Бгийн зүгээс талуудын хооронд байгуулагдсан гэрээний төлбөрт 2,463,327,810 төгрөгийг төлснийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрдөг хэдий ч хариуцагчийн зүгээс тус төлбөр дээр нэмж 333,860,000 төгрөгийн төлбөрийн үүргийг гүйцэтгэсэн хэмээн маргаж холбогдох бүхий л нотлох баримтыг шүүхэд хүргүүлсэн. Шүүхийн зүгээс дээрх 333,860,000 төгрөгийн төлбөр нь талуудын хооронд гэрээ байгуулагдахаас өмнө төлөгдсөн төлбөр тул уг гэрээнд хамааралгүй гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Учир нь тухайн гэрээний төлбөрийг заавал гэрээ байгуулагдсаны дараа төлөх үүрэг хүлээлгэсэн хуулийн зохицуулалт байхгүй бөгөөд өмнө төлөгдсөн төлбөрт холбогдох асуудлаар талууд гэрээ байгуулах эрх нээлттэй. Нөгөө талаараа, талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу хийгдэх ажил нь тухайн гэрээ байгуулагдахаас өмнө нь эхэлснийг нотлох баримт хавтаст хэрэгт байдаг. Нэхэмжлэгчийн төлсөн хэмээн үзэж буй 333,860,000 төгрөгийн төлбөр нь үерийн усны далангийн ажилд холбогдох төлбөр бөгөөд уг ажил нь тухайн барилга баригдахаас өмнө буюу хамгийн түрүүнд хийгддэг ажил байдаг. Гэтэл шүүхийн зүгээс гэрээ байгуулагдсанаас хойших төлбөрийг гэрээний төлбөрт үл тооцно гэж дүгнэсэн нь илт үндэслэлгүй дүгнэлт болжээ.

Мөн шүүхийн зүгээс гэрчийн мэдүүлгийг гуйвуулж ашигласан буюу агуулгын хувьд бус нэхэмжлэгч талд ашигтай хэсгийг салган авч шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон байна. Тухайлбал, гэрч Б.Б нь иргэн Б.Бгийн барилгын ажлыг гүйцэтгэхэд зориулж тодорхой төлбөрүүдийг төлсөн гэдгээ мэдүүлсэн, тухайн төлсөн төлбөрийн баримтууд нь хавтаст хэрэгт бүрэн тусгагдсан байхад шүүхийн зүгээс дээрх төлбөрүүд нь уг ажлын төлбөр биш хэмээн үзсэн нь ойлгомжгүй байна. Иргэн Б.Бээс тухайн маргаанд холбогдох талуудын хооронд байгуулагдсан гэрээтэй холбоотой асуулт асууснаас бус хамааралгүй өөр гэрээний зүйл асуугаагүй болно. Харин нэхэмжлэгчийн зүгээс тухайн 333,860,000 төгрөг нь өөр ажил, үйлчилгээний төлбөр гэсэн атлаа яг ямар ажлын төлбөр гэдгээ баримтаар нотлоогүй.

Шүүгчийн зүгээс шийдвэрийнхээ үндэслэл болгосон Барилгын ил, далд ажлын акт болон Барилга угсралтаар ажил гүйцэтгэсэн тэмдэглэлээр тухайн барилгад ашигласан бараа, материалын чанарыг тодорхойлох боломжгүй юм. Эдгээр акт, тэмдэглэлд тухайн барилгыг ажил зураг төслийн дагуу гүйцэтгэж байгаа эсэх буюу тухайн барилгын ажлын хийцлэлийг дүгнэж бичдэг. Харин тухайн барилгад ашиглах материалын чанарыг талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр тохирсон бөгөөд уг чанарын шаардлагыг Монгол улсын стандарт, чанарын шаардлага буюу БД 52-105-10, БНбД 52-01-10 дүрэмд нийцсэн эсэхээр тодорхойлдог. Талуудын хооронд байгуулагдсан барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний 6 дугаар зүйлийн 6.3, 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 7.3-т зааснаар үзэхэд гүйцэтгэгч нь барилгад ашиглах бараа, материалыг заавал шинжилгээнд оруулах, стандарт шаардлага хангасан гэдгийг нотлох үүргийг хүлээсэн байна. Энэ шаардлагыг хангаагүй тохиолдолд барилгад ашиглахыг хориглодог. Гэтэл гүйцэтгэгч нь дээрх тохиролцоог зөрчин чанаргүй материалыг барилгад ашигласныг захиалагчийн хяналтаар олж илрүүлэн зохих шаардлагыг хүргүүлсэн.

Түүнчлэн И ХХК нь тус барилгад ашигласан арматур төмрийг Д ХК, Ү ХХК болон У ХХК-иас худалдан авсан хэмээн баримт үйлдэн, чанарын гэрчилгээг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байдаг. Гэтэл Д ТӨХК зүгээс ирүүлсэн тайлбарт И ХХК нь тус барилгын ажил гүйцэтгэх хугацаанд ямар нэгэн худалдан авалт хийгээгүй, мөн У ХХК-ийн тайлбарт болон Ү ХХК-ийн тайлбарт И ХХК нь бага хэмжээний арматур төмөр худалдан авсан бөгөөд энэ нь тухайн барилгад ашигласан арматур төмрийн төрөлтэй тохирдоггүй. Гэтэл тэргүүлэх төсөвчин Ж.Г дээрх хуурамч нотлох баримтыг үндэслэн дүгнэлт гаргасан ба шүүхийн зүгээс уг баримтыг шүүхийн шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь алдаатай болсон байна. Мөн тэргүүлэх төсөвчин Ж.Г нь тус барилгад ашигласан арматур төмөр нь чанарын шаардлага хангасан гэж огт дүгнээгүй бөгөөд харин ч хөндлөнгийн шинжээчээр дүгнэлт гаргуулах шаардлагатай, уг дүгнэлтийг гаргаагүй байгаа, гүйцэтгэгч тал нь лабораториор шинжилгээ хийлгэх үүргээ биелүүлээгүй гэх зэргээр дүгнэсэн байхад шүүхийн зүгээс уг дүгнэлтийг эсрэгээр тайлбарлаж арматур төмөр доголдолгүй байсан гэж үзсэн нь алдаа болсон.

Тус барилгын ажилд ашигласан арматур төмрийн доголдлыг Захиалагч талаас томилогдсон төлөөлөгчийн зүгээс Барилгын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасны дагуу Захиалагчийн хяналт-ыг хэрэгжүүлж, газар дээрх үзлэг хийх явцад олж илрүүлсэн болно. И ХХК-иас 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 256/15 тоот албан бичгээр хувийн үйлдвэрийн, чанарын шаардлага хангаагүй Ф13 маркийн арматурыг ашиглаж байсан талаараа фото зургаар баримтжуулж хариуцагч талд мэдэгдсэн байдаг. Тухайн албан бичгийг ирүүлсэн 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр барилга дээр 7 давхрын цутгалтын ажил хийгдэж дууссан болно. Үүнээс харахад И ХХК нь 6 давхар хүртэл угсралтын ажилд тухайн чанарын шаардлага хангаагүй арматурыг ашигласан байх эрсдэлтэй байна.

Шүүхийн зүгээс иргэн Б.Бг ажлын үр дүнг хүлээн авч бусад этгээдэд шилжүүлсэн тул хохирол нэхэмжлэх эрхгүй, бусад этгээдийн өмчлөлийн эд хөрөнгөд шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй хэмээн үзсэн нь мөн үндэслэлгүй. Өмчлөх эрх олж авах харилцаа нь талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу талуудын хүлээх үүрэг хариуцлага, эдлэх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй болно. Иргэн Б.Бгийн зүгээс өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг бусдад шилжүүлсэн нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу шаардах эрхийг хязгаарлахгүй. Нөгөө талаар, иргэн Б.Б болон М ХХК-ийн хооронд 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр байгуулагдсан Эд хөрөнгийн доголдол арилгуулах гэрээ болон иргэн Б.Б, М ХХК болон ....... банк ХХК нарын хооронд 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан Эд хөрөнгийн доголдол арилгуулах гэрээ-ний дагуу иргэн Б.Б нь маргааны зүйл болох барилгын ажлын доголдлыг арилгуулах үүргийг хүлээсэн, мөн М ХХК болон ....... банк ХХК нь иргэн Б.Бд шүүхийн маргаанд холбогдох бүхий л асуудлаар дэмжлэг үзүүлэх үүргийг тус тус хүлээсэн. Энэхүү гэрээний дагуу тус барилгын материалд шинжээчийн дүгнэлт гаргуулахад гуравдагч этгээдийн эрх хөндөхгүй болохыг гэрээнд тусгасан. Гэтэл шүүх хүчин төгөлдөр дээрх гэрээг огт үнэлсэнгүй.

Шүүхийн зүгээс гэрч Ц.Насанхутуг, Б ХХК-ийн мэдэгдэл, гэрч Б.Б нарын мэдүүлгийг үндэслэж Захиалагчийн бие төлөөлөгч Г.Г 10 дугаар давхрын зураг өөрчлөх шаардлагыг тавьсан гэж үзжээ. Тус дүгнэлт алдаатай бөгөөд үндэслэлгүй болжээ. Нэхэмжлэгчийн тайлбарлаж буйчлан 10 дугаар давхрын зургийг өөрчилсөн ямар нэгэн албан ёсны зураг огт байхгүй болно. Тус маргааны хавтаст хэрэгт өөрчилсөн гэх зураг төсөл байхгүй. Шүүхээс гэрч Н.Агийн гэрчийн мэдүүлгийг мөн үнэлсэнгүй. 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийн 2-т 10-р давхрын хучилтыг зураг зөрчиж хийсэн учир зохиогчийн албан ёсны зөвшөөрлийг авч баталгаажуулах гэсэн байна. Дээрхээс үзэхэд тухайн өөрчилсөн гэх зургийг зурсан этгээд нь Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-ний талуудаас ямар нэгэн зөвшөөрөл аваагүй буюу тус маргаан болон ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд хамааралгүй этгээдтэй тохиролцсон байна. Иргэн Б.Б болон Г.Г нар ямар ч албан ёсны зөвшөөрөл өгөөгүй байхад шүүхийн зүгээс дээрх байдлаар дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Тус гэрээ нь зөвхөн иргэн Б.Б болон И ХХК нарын хоорондын гэрээ бөгөөд гагцхүү гэрээний хууль ёсны талуудын зөвшөөрлийн үндсэн дээр гэрээнд өөрчлөлт орох ёстой. И ХХК нь тухайн ажлыг зураг төсөлгүйгээр гүйцэтгэсэн нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон болно. Барилгын тухай хуулийн 16.2, Иргэний хуулийн 213 дугаар зүйлийн 213.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу иргэн Б.Б нь тухайн ажлын гүйцэтгэлийг хүлээн авахгүй байх эрхтэй бөгөөд харин үүнийг өөрчлөхөд гарах холбогдох зардлыг төлүүлэх эрхтэй юм.

Мөн шүүхээс 70 дугаар давхрын хучилтын ажлыг зургийн дагуу хийсэн нь Барилгын 10 дугаар давхар болон бусад зургаар тогтоогдож байна гэжээ. Гэтэл тухайн зураг нь хучилтын ажлын өөрчлөгдсөн зураг мөн эсэх, тухайн зургийн дагуу хийж гүйцэтгэсэн эсэхийг тогтоох боломжгүй юм. Иргэн Б.Б 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Б ХХК-тай Эскиз, ажлын зураг төсөл боловсруулах гэрээ-г байгуулсан бөгөөд тус гэрээний дагуу талуудын эрх үүрэг тодорхойлогдоно. Тус гэрээний 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт зааснаар гэрээнд оруулах өөрчлөлтийн саналыг зөвхөн бичгээр гаргах үүрэгтэй. Гүйцэтгэгч болон захиалагчийн зүгээс аль аль нь гэрээнд өөрчлөлт оруулах саналыг гаргаагүй болно.

Хариуцагчийн зүгээс өрлөгийн ажил хийгдсэн хэмжээг тогтоох нь чухал ач холбогдолтой гэж маргасан байхад шүүхийн зүгээс дээрх байдлыг ойлгомжгүй тоймлож дүгнэлт өгч байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.3, 3.2.5-д 0-10 давхрын өрлөг хийгдэх ажлыг 520,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон. 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Шинжээчийн дүгнэлтээр И ХХК нь нийт 1100 м.куб өрлөгийн ажил хийж гүйцэтгэхээс 101 м.куб ажлыг гүйцэтгэсэн байна гэж дүгнэж фото зургаар баримтжуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, нийт өрлөгийн ажлын аравд ч хүрэхгүй 9.1 хувийг хийж гүйцэтгэсэн байна. Гэтэл нэхэмжлэгч И" ХХК нь өрлөгийн ажлын дутуу гүйцэтгэлээ 300,327,544 төгрөг хэмээн үзэж үлдэгдэл 219,672,456 төгрөгийг нэхэмжилснийг шүүх ханган шийдвэрлэжээ. Зүй нь И ХХК-ийн нийт гүйцэтгэсэн өрлөгийн ажлыг хувьчилж тооцон үзэхэд 9.1 хувийн ажилд нийт 47,745,454.5 төгрөгийг өрлөгийн ажлыг гүйцэтгэсэн байна. Гэтэл шүүхийн зүгээс иргэний хуулийн 41.2 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэж тайлбарласан буюу ямар үндэслэлээр дээрх байдлаар тайлбарлах болсноо тодорхойлоогүй байна.

Шүүх шийдвэр гаргаж буй тохиолдолд үндэслэлээ дэлгэрэнгүй тодорхойлох ёстой. Ямар баримтаар өрлөгийн ажлын дутуу гүйцэтгэлийг тооцсон, өрлөгийн ажлын хэдэн хувийг гүйцэтгэсэн зэргийг огт тодруулаагүй. Өрлөгийн ажлын нийт төсөв төгрөг байсан гэж үзсэнээ, мөн хэдэн хувийн ажлыг гүйцэтгэсэн гэдгийг шийдвэртээ огт дурдаагүй атлаа, гүйцэтгээгүй ажлын үнийн дүнг яаж тогтоосныг ойлгох боломжгүй байна.

Мөн шүүхээс дотор гэрэлтүүлгийн ажлын гэх зардалд 13,757,537 төгрөгийг үндэслэлтэй гэж үзсэн ба уг дүнг төлөгдсөн нийт төлбөрт багтсан байна гэж үзжээ. Гэтэл тухайн ажил нь талуудын хооронд байгуулагдсан гэрээнд заагдсан ажил биш тул захиалагчийн зүгээс уг төлбөрийг төлөх үндэслэлгүй байна. Нөгөө талаас уг төлбөрийг ямар үндэслэлээр хариуцагчаас гаргуулж байгаа талаар шүүхийн зүгээс ямар нэгэн тайлбарыг хийгээгүй байна.

Шүүхээс Магадалшгүй ажлын зардал болох 100,225,836 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр шийдвэрлэсэн атлаа үндэслэлээ хариуцагч үг дуугүй хүлээн зөвшөөрсөн гэжээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан 8 жилийн хугацаанд уг асуудлаар хариуцагчийг дуугүй хүлээн зөвшөөрч байсан гэж үзэх үндэслэлгүй байна Зам, тээвэр. барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны 181 дүгээр тушаалын хоёр дугаар хавсралтын 10.4, 8.2-т зааснаар нэхэмжлэгч буюу гүйцэтгэгч нь тухайн магадалшгүй ажлын зардлыг захиалагчтай тохиролцож шийдвэрлээгүй. мэдэгдээгүй байхад уг зардлыг Захиалагч тал хариуцах үндэслэлгүй юм.

Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 167 тоот магадлал болон Хяналтын шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 001/ХТ2019/00682 тоот тогтоолоор тухайн магадалшгүй ажил бодитоор хийгдсэн эсэх нь тодорхойгүй, үүнийг тогтоох шаардлагатай гэж дүгнэсэн. Хариуцагчийн зүгээс ч гэсэн тухайн ажлууд бодитоор хийгдсэн эсэх нь тодорхойгүй хэмээн маргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй байхад шүүхийн зүгээс тодорхойгүй баримтыг тухайн ажилд нь нийцүүлэн тайлбарласан байдлаар дүгнэлт гаргасан гэж үзэж байна.

Шинжээчийн дүгнэлт гаргах ажиллагааны явцад маргаан бүхий арматур төмрийн чанарын болон тохирлын сертификатыг И ХХК-ийн зүгээс гаргахдаа огноо зөрсөн буюу барилгын ажлын хугацаанд хамаарахгүй огноо бүхий гэрчилгээ гаргаж өгсөн. Өөрөөр хэлбэл, И ХХК нь тус барилгад ашигласан арматур төмрийг Д ХК, Ү ХХК болон У ХХК-иас худалдан авсан хэмээн баримт үйлдэн, чанарын гэрчилгээг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байдаг. Гэвч тус гэрчилгээнүүд нь уг барилгын ажилд ашигласан арматур төмрийнх биш болох нь 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Шинжээчийн дүгнэлтэд Хятад улсаас авсан арматурын сертификатуудын он сар нь гүйцэтгэсэн ажлын хугацаатай тохирохгүй ... гэж, мөн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Шинжээчийн дүгнэлтээр Зурагт байгаа арматурын түүвэр төсөвтэйгөө тохирохгүй... гэсэн дүгнэлтүүдээр тус тус нотлогддог.

Гэрээний 6 зүйл Хяналт, 7 зүйл Барилгын материалын шинжилгээ, шалгалт-д зааснаар Шинжилгээгээр шаардлага хангахгүй гэж дүгнэлт гарсан материалыг барилгад ашиглахыг хориглоно гэсэн ноцтой зөрчлийг арилгах зорилгоор 1-6 давхрын цутгалтын ажилд ашигласан хувийн үйлдвэрийн чанаргүй арматур төмрийг барилгын зураг төсөлд заасан шаардлагад нийцүүлэхэд нийт 406,800,000 төгрөг төгрөгийг гаргуулах нь үндэслэлтэй талаар үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тайлбарт дэлгэрэнгүй дурдсан болно.

Шинжээчийн дүгнэлтээр тогтоосон 10-р давхрын хучилтыг зураг зөрчиж хийсэн учир тухайн ажлыг дахин гүйцэтгэхэд гарах зардалд 192,000,000 (нэг зуун ерэн хоёр сая) төгрөгийг И ХХК-иас гаргуулахыг шаардсан шаардлагыг шүүхээс Захиалагч талын хүсэлтийн дагуу өөрчилсөн мэтээр худал дүгнэлт гаргасан байна. Барилгын тухай хууль 16.2-т Барилгын ажлыг зураг төсөлгүйгээр гүйцэтгэхийг хориглоно гэж мөн зураг төсөлгүйгээр тухайн ажлыг гүйцэтгэснийг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байтал шүүхийн зүгээс энэ байдлыг үндэслэлгүйгээр зөвтгөсөн байна.

И ХХК нь 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-ний 1.5-д заасныг зөрчиж гэрээний үүргээ биелүүлэлгүй, барилга угсралтын ажлын гүйцэтгэлийг зогсоосон тул уг гэрээний 10.1 болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.4, 232.6 дахь хэсгүүдэд заасны дагуу үлдэгдэл төлбөрт ногдох үүргийн гүйцэтгэлийн алдангид 610,000,000 төгрөгийг гаргуулах шаардлагыг хангаагүйг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхийн зүгээс иргэн Б.Бг гэрээний үүргээ зөрчсөн буруутай гэж дүгнэсэн нь илтэд үндэслэлгүй юм.

Б.Б нь ....... банктай 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 555 тоот зээлийн гэрээ байгуулан 119,000 ам.долларын зээл авсан бөгөөд уг мөнгөөр тухайн барилгын ажлыг санхүүжүүлсэн. И ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, барилгын ажлыг хугацаандаа гүйцэтгээгүйгээс болж Иргэн Б.Б нь ....... банкинд хугацаа хэтэрсэн зээлийн төлбөртэй байгаа бөгөөд одоогийн байдлаар үндсэн зээл болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлж чадахгүй хэмжээнд хүрээд байна. Б.Бд учирсан хохирол болох 12,726 ам.доллар буюу 30,429,647 төгрөгийг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 222 дугаар зүйлийн 222.4, 222.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу И ХХК-иас гаргуулахыг шаардсан боловч шүүхийн зүгээс уг зээлийг захиалагчийн буруутай үйл ажиллагаа байх тул хангах боломжгүй хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны журмаар дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

 

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч талын зүгээс хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, уг иргэний хэргийг сэргээж, шинжээч нарын зүгээс дүгнэлт гаргах боломжгүй байна гэж үзэж өөрсдийн татгалзлаа илэрхийлсэн. Шинжээч нарын гаргасан татгалзлыг анхан шатны шүүх хүлээн авч, уг иргэний хэргийг сэргээсэн. Хэрэг маргааныг сэргээсэн ажиллагаанд хариуцагчийн зүгээс гомдол гаргаагүй. Учир нь, тухайн захирамжийн биелэлт хангагдах ёстой байсан тохиолдолд хэргийг сэргээсэн захирамжид гомдол гаргаагүй. Мөн тухайн захирамжийг хүлээн зөвшөөрч, анхан шатны шүүх хуралдаанд оролцсон. Хариуцагчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргасан. Шинжээч нарын зүгээс тухайн эд хөрөнгийг гуравдагч этгээдийн өмчлөлд байгааг, мөн тухайн арматуртай холбоотой асуудалд үзлэг хийх боломжгүй гэдгээ илэрхийлж, татгалзлаа шүүхэд гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй. Хариуцагчийн зүгээс анхан шатны шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтойгоор зөрчсөн гэх ойлгомжгүй тайлбарыг гаргадаг. Гэвч хариуцагч нь анхан шатны шүүхийг үл хүндэтгэн, шүүх хуралдааныг орхин явсан. Уг нөхцөл байдалд анхан шатны шүүхээс шүүх хуралдаанд саад учруулсан гэх арга хэмжээг аваагүй. Мөн талуудын хооронд 3,600,000,000 төгрөгийн үнийн дүнтэй гэрээ байгуулагдсан. Тухайн ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой асуудлаар талуудын хооронд маргаан үүсээгүй. Гэвч хариуцагчийн зүгээс 3,300,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн гэх тайлбарыг гаргадаг бөгөөд уг төлбөрийг авсан гэдгээ нэхэмжлэгч талаас хүлээн зөвшөөрдөг. Мөн анхан шатны шүүхээс хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан нь хууль зүйн үндэслэлтэй. Учир нь, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас гэрээнд заасан хугацаанд тухайн объектын ажлыг гүйцэтгэсэн талаар тайлбарладаг. Гэвч сөрөг нэхэмжлэлд дурдагдсан үйл баримтуудыг хариуцагчийн зүгээс нотолж чадаагүй тул анхан шатны шүүхээс сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгчийн зүгээс хуурамч нотлох баримт гаргаж өгсөн зүйл байхгүй. Учир нь, нэхэмжлэгчийн зүгээс арматурыг хуурамч бөгөөд чанаргүй материалаар барьсан гэх баримт хэрэгт авагдаагүй. Анх талуудын хооронд 3,600,000,000 төгрөгөөр тохиролцож, ажлын гүйцэтгэл явагдсан гэж үзэж байна.

Мөн нэхэмжлэгч нь чанаргүй барилга барьсан тохиолдолд ямар шалтгаанаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмчлөлийн эд хөрөнгийг шилжүүлсэн нь эргэлзээтэй байна. Мөн Б.Б нь М ХХК-ийн өмчлөлд байсан эд хөрөнгийг ....... банканд шилжүүлсэн. Гэвч ....... банканд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг хураан авч, одоогийн байдлаар 22,000,000,000 төгрөгөөр худалдан борлуулах гэж байна. Мөн чанаргүй барилга барьсан гэж үзэж байгаа тохиолдолд ямар шалтгаанаар тухайн чанаргүй барилгыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээдийн өмчлөлд шилжүүлсэн талаарх асуудал яригдаж байна. Уг нөхцөл байдалд анхан шатны шүүхээс хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Мөн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг анхан шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар үнэлж, хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт гаргасан. Анхан шатны шүүхээс сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, хариуцагчаас 944,717,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

Хариуцагчийн зүгээс уг маргааныг хянан шийдвэрлүүлэхээс илүү хугацаа авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулах зорилготой байна. Учир нь, хариуцагч талын зүгээс давж заалдах гомдол гаргахдаа уг хэрэг маргааныг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэх агуулгаар тайлбарласан. Хариуцагчийн зүгээс шийдэл ярилцдаггүй бөгөөд анхан шатны шүүх хуралдаан эхлэхээр татгалзал гаргадаг. Мөн хариуцагчийн зүгээс анхан шатны шүүхийг нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн гэж тайлбарладаг. Талууд өөрсдөө нотлох баримтыг бүрдүүлж, нотлох эрхээ хэрэгжүүлдэг. Анхан шатны шүүх нь маргааны гол зүйл болох арматурын асуудлыг зөв үнэлж дүгнэсэн. Мөн 2008 оны Барилгын тухай хуульд зааснаар хяналт тавих үүрэг нь захиалагчид байдаг. Тухайн маргааны гол асуудлыг уг барилгын 10 давхар хүртэл хийгдсэн арматур гэж тайлбарладаг. Гэвч тухайн барилгын 13 давхрын арматур нь 1-6 давхрын хүлээн авсан улаан дэвтэрт тусгагдсан арматур гэж үзэж маргасан. Анх 2,000,000,000 төгрөгөөр барьсан технологийг дамжуулж, 22,000,000,000 төгрөгийн маргаан болж өөрчлөгдсөн. Мөн барилгын хийцэд аюул учрахаар байгаа учраас дүгнэлт хийх боломжгүй. Тухайн барилгын баталгаат хугацааг 3 жилээр тохиролцсон боловч уг барилгыг бариад 10 жил болж байна. Анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн зүйл байхгүй. Мөн ажил гүйцэтгэлийн 840,000,000 төгрөг, ажлын зардал 102,000,000 төгрөг буюу нийт 944,717,000 төгрөгийг зөвшөөрч байна гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч И ХХК нь хариуцагч Б.Бд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1,549,904,110 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч гэрээнээс учирсан хохиролд 2,089,696,091 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул үүнийг давж заалдах шатны шүүхээс залруулна.

 

3. Хэрэгт цугларсан баримтаар И ХХК нь 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Б.Бтай барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, төмөр бетон карказан хавтгай дээвэртэй, зоорийн давхар бүхий нийт 11 давхартай 8,736.64 м.кв талбайтай барилгыг 3,600,000,000 төгрөгөөр барьж гүйцэтгэхээр тохирсон ба дараах ажлыг дор дурдсан хугацаанд хийж гүйцэтгэх үүрэг хүлээжээ. Үүнд:

 

3.1. Суурийн газар шороо, бетон цутгалт болон ус тусгаарлагч, тэгшилгээ хийх ажлыг 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн дотор,

3.2. Барилгын 1, 2, 3 давхрын цутгалтыг 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн дотор,

3.3. Барилгын 4, 5, 6 давхрын цутгалтыг 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн дотор,

3.4. Барилгын 7, 8, 9, 10 давхрын цутгалтыг 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дотор 100 хувь хийх,

3.5. Барилгын 1, 2, 3 давхрын өрлөгийн ажлыг 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор,

3.6. Барилгын 4, 5, 6 давхрын өрлөгийн ажлыг 2015 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн дотор,

3.7. Барилгын 7, 8, 9 давхрын өрлөгийн ажлыг 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дотор,

3.8. Барилгын техникийн давхрыг 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн дотор тус тус хийж гүйцэтгэхээр тохирчээ /1 х.х-ийн 4-10/.

 

Анхан шатны шүүх энэхүү үйл баримтыг зөв тогтоож, талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

4. Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.1-д Гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхдээ ажил гүйцэтгэгч төсөв зохиож болно гэж заасан.

 

Тодруулбал, Барилгын тухай хууль /2008 он/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зураг төсөл гэж барилга байгууламжийг барих, засвар, өргөтгөл, шинэчлэл хийхэд шаардагдах техник, эдийн засгийн үндэслэл, техникийн болон ажлын зураг, инженер-геологийн судалгааны дүгнэлт, геодезийн зураглал, барилга байгууламжийн өртгийн нэгдсэн төсвийг хэлнэ гэж зааснаар зохигчид барилгын зураг төсөв зохиож, түүний дагуу барилгыг барьж гүйцэтгэнэ.

 

Хэрэгт цугларсан баримтаар төсөвчин Б.Э нь талуудын байгуулсан гэрээний зүйл болох бетон карказан хавтгай дээвэртэй, зоорийн давхар бүхий нийт 11 давхартай 8,736.64 м.кв талбайтай барилгыг 3,307,819,085 төгрөгөөр барьж гүйцэтгэх төсөв зохиосныг талууд үгүйсгээгүй ба төсвийн задаргааг үзвэл:

 

4.1. Барилгын шороо суурь, зоорийн давхар, суурийн ажил, хучилтын ажил, хана, хамар ханын ажил /бараа материал, тээвэр, цалин хөлс нийлээд/ 941,387,765 төгрөг,

4.2. Барилгын 1, 2, 3 давхрын цутгалтын ажил, хучилтын ажил, хана, хамар ханын ажил /бараа материал, тээвэр, цалин хөлс нийлээд/ 794,658,680 төгрөг,

4.3. Барилгын 4, 5, 6 давхрын цутгалтын ажил, хучилтын ажил, хана, хамар ханын ажил /бараа материал, тээвэр, цалин хөлс нийлээд/ 744,949,317 төгрөг,

4.4. Барилгын 7, 8, 9, 10, техникийн давхрын цутгалтын ажил, хучилтын ажил, хана, хамар ханын ажил /бараа материал, тээвэр, цалин хөлс нийлээд/ 826,823,323 төгрөг гэж тус тус тооцжээ /2 х.х-ийн 21-52/.

 

Мөн талуудын тайлбараар тухайн төсвийг зохиохоос өмнө төсөвчин Э.Э, А.Э нар энэхүү барилгыг 3,934,110,473 төгрөгөөр барьж гүйцэтгэх төсөв зохиосныг үндэслэн зохигчид 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний хөлсийг 3,600,000,000 төгрөг гэж тохирсон гэсэн. /1 х.х-ийн 36-45/.

 

Тиймээс нэхэмжлэгч И ХХК нь төсөвчин Б.Эын төсвийг үндэслэн ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг хариуцагч Б.Бгаас нэхэмжилсэн нь үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх төсөвчин Э.Эын төсвийг ...... ХХК-ийн нотлох баримтаар шууд үнэлээгүй боловч хэрэгт авагдсан төсөвтэй агуулгын хувьд харьцуулаад хэт зөрүүгүй гэсэн үндэслэлээр нотлох баримтаар үнэлж, харин хариуцагчийн нотлох баримтаар өгсөн төсөвчин Г.Пгийн төсвийг зөрүүтэй, магадалшгүй ажлын зардлыг тусгаагүй гэсэн үндэслэлээр нотлох баримтаар үнэлээгүйг буруутгахгүй /2 х.х-ийн 21-52, 6 х.х-ийн 70-78/.

 

5. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заасан.

 

Тодруулбал, ажил гүйцэтгэгч И ХХК нь дээрх хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар захиалагч Б.Бд гэрээгээр тохирсон барилгыг чанарын болоод эрхийн доголдолгүй барьж гүйцэтгэж хүлээлгэн өгөх үүрэг хүлээнэ.

 

Зохигчид энэхүү гэрээний дагуу нэхэмжлэгч нь 2015 оны 08 дугаар 04-ний өдөр хүртэл гэрээгээр тохирсон ажлыг хийж гүйцэтгэсэн болон гэрээг цуцалсан үйл баримтын талаар маргаагүй боловч захиалагч нь гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөх үүргээ зөрчсөн, мөн ажил гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой эсэх талаар тус тус маргажээ.

 

Хэрэгт цугларсан баримтаар гүйцэтгэгч И ХХК нь 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд зоорийн давхраас техникийн давхар хүртэл арматурчлал /хана, лифт, хучилт, багана хана, шат, хучилтын арматурчлал/, цутгалт, багана хана, дам нуруу, хучилт, шат, лифт гэх зэргийг хийж гүйцэтгэснийг захиалагч Б.Бг төлөөлж тус барилгад хяналт тавьж байсан Б ХХК-ийн хяналтын инженер Б.Б, мөн зургийн зохиогч Ц.Н, барилгын даамал Д.З, барилгын инженер Б.О нар зохих ёсоор хийж гүйцэтгэсэн гэж тэмдэглэж хүлээж авсан байна /1 х.х-ийн 54-121/.

 

Иймд, захиалагч буюу хариуцагч Б.Бг Барилгын тухай хууль /2008 он/-ийн 15 дугаар зүйлийн 15.1.2-т барилгын ажлын явц, чанарт хяналт тавих, фото зургаар баримтжуулсан ил, далд ажлын акт, барилгын ажлын гүйцэтгэлийг баталгаажуулах гэж зааснаар гүйцэтгэгч И ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлыг хүлээн авсанд тооцно.

 

6. Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно гэж заажээ.

 

Талуудын байгуулсан гэрээгээр захиалагч Б.Б нь газар шороо, суурийн бетон болон зоорийн давхрын цутгалтаас гадна ус тусгаарлагч, тэгшилгээг хийж гүйцэтгэсэн тухай акт, нэхэмжлэхийг ирүүлсэн тохиолдолд 800,000,00 төгрөг, барилгын 1, 2, 3 давхрын цутгалтыг хийж гүйцэтгэсэн тухай акт, нэхэмжлэхийг ирүүлсэн тохиолдолд 700,000,00 төгрөг, барилгын 4, 5, 6 давхрын цутгалтыг хийж гүйцэтгэсэн тухай актыг нэхэмжлэхийн хамт ирүүлсэн тохиолдолд 700,000,00 төгрөг, барилгын 7, 8, 9 давхрын цутгалтыг хийж гүйцэтгэсэн тухай акт болон нэхэмжлэхийг ирүүлсэн тохиолдолд 700,000,00 төгрөг, барилгын 0-3 давхрын өрлөгийг хийж гүйцэтгэсэн тухай актыг мөн адил нэхэмжлэхийн хамт ирүүлсэн тохиолдолд 520,000,000 төгрөгийг тус тус 5 хоногийн дотор гүйцэтгэгч И ХХК-д төлөх үүрэг хүлээжээ.

 

Зохигчид захиалагч Б.Бг ажил гүйцэтгэгч И ХХК-д мөнгөөр 2,164,325,000 төгрөг, бараа бүтээгдэхүүнээр 499,002,810 төгрөг, нийт 2,663,327,810 төгрөгийг өгсөн эсэх талаар маргаагүй боловч хариуцагч нь үүнээс гадна нэхэмжлэгчид үерийн усны шугамын ажлын хөлсөнд 80,000,000 төгрөг, үерийн усны далангийн ажлын хөлсөнд 158,000,000 төгрөг болон бетон зуурмаг худалдах, худалдан авах, тээвэрлэлтийн гэрээний төлбөрт 95,860,000 төгрөг, нийт 333,860,000 төгрөгийг өгсөн тул нэхэмжлэгчийг 2,797,187,810 төгрөгийг авсан гэж маргадаг.

 

Анхан шатны шүүх И ХХК болон Б.Б нарын тооцоо нийлсэн акт, мөн бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ болон түүний гэрчээр өгсөн мэдүүлгийг тус тус үндэслэн энэхүү 333,860,000 төгрөгийг зохигчийн 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний зүйл болон хөлсөнд хамааралгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй /2 х.х-ийн 98-101, 221-222/.

 

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн тус 80,000,000 төгрөг болон 158,000,000 төгрөгийг зохигчийн 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнд хамааралгүй буюу тусдаа үүссэн гэрээтэй холбоотой гэж, мөн хариуцагчийг бетон зуурмаг худалдан авахад төлсөн 95,860,000 төгрөгийг ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт тооцох үндэстэй гэсэн тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар баримтаар нотлоогүй гэж дүгнэснийг өөрчлөхгүй.

 

Харин хэрэгт цугларсан баримтаар Г ХХК-иас 2015 оны 07 дугаар 17-ны өдөр 100,000,000 төгрөгийг гэрээний дагуу цутгалтын ажлын хөлс шилжүүлэв гэж, мөн 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 100,000,000 төгрөгийг барилгын ажлын санхүүжилт гэж гүйцэтгэгч И ХХК-д шилжүүлснийг нэхэмжлэгч нь 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний хөлс биш гэж мэтгэлцэж баримтаар няцаагаагүй ба хариуцагчийн зүгээс үүнийг ажил гүйцэтгэх гэрээний хөлсөнд нэхэмжлэгчид төлжээ.

 

Тиймээс захиалагч Б.Бг ажил гүйцэтгэгч И ХХК-д мөнгөөр 2,164,325,000 төгрөг, бараа бүтээгдэхүүнээр 499,002,810 төгрөг, нийт 2,663,327,810 төгрөгийг хүлээлгэн өгсөн гэж үзэх учир нэхэмжлэлийн шаардлагаас Г ХХК-иас шилжүүлсэн 200,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.

 

7. Мөн төсөвчин Э.Эын төсөвт нэмэгдэл зардлыг 214,985,142 төгрөг гэж, төсөвчин А.Эын төсөвт гэрэлтүүлгийн ажлын зардлыг 13,757,537 төгрөг гэж тус тус тооцоолсон ба үүнээс гүйцэтгэгч И ХХК-ийн хийж гүйцэтгэсэн 10 давхрын цутгалтын ажлын хийц өөрчилсний зөрүү 96,000,000 төгрөг, дотор гэрэлтүүлгийн ажлын зардал 13,757,537 төгрөгийг тус тус хасвал төсөвлөгдсөн бөгөөд ашиглагдаагүй нэмэлт зардлаас 105,227,605 төгрөг үлдэж байна /1 х.х-ийн 46, 47/.

 

Хэрэгт авагдсан Б ХХК-ийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн албан бичигт дурдсанаар 10 давхрын хучилт металл дам нуруу бүхий сендвичин хучилттай байхаар хийгдсэнийг захиалагчийн хүсэлтээр цутгамал төмөр бетон дам нуруу хучилттай болгож өөрчилсөн ба эскиз зургийн өөрчлөлтийг инженер Ц.Н нь гүйцэтгэж захиалагчид хүлээлгэн өгсөн гэснээс дүгнэхэд тухайн ажлыг гүйцэтгэгч И ХХК нь хийж гүйцэтгэсэн, энэ талаар захиалагч Б.Бгийн зүгээс баримтаар няцаагаагүй байна /1 х.х-ийн 174/.

 

Үүнээс үзвэл гүйцэтгэгч И ХХК нь 10 давхрын цутгалтын ажлын хийц өөрчилсний зөрүү хөлсөнд 96,000,000 төгрөг, дотор гэрэлтүүлгийн ажлын зардал 13,757,537 төгрөгийг төсвийг үндэслэн хариуцагч Б.Бгаас нэхэмжилснийг буруутгахгүй.

 

Түүнчлэн төсөвчин Э.Эын барилгын төсөвт магадалшгүй ажлын зардлыг 61,291,978 төгрөгөөр тооцоолсон бөгөөд нэхэмжлэгч И ХХК нь 100,225,836 төгрөгийг уг ажилд зарцуулсан болох нь хэргийн баримтаар тогтоогдсон тул энэхүү зардлыг төсөвлөсөн магадалшгүй ажлын зардлаас хасвал нэхэмжлэгч нь зөрүү 38,933,858 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна /2 х.х-ийн 202-213, 243-250, 3 х.х-ийн 1-7/.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч И ХХК-ийг нэмэлт ажлын гүйцэтгэлд 109,757,537 төгрөг нэхэмжилсэн байхад үүнийг төсөвлөсөн нэмэгдэл зардал 214,985,142 төгрөгөөс хасаж тооцоогүй буюу 105,227,605 төгрөг /зарцуулагдаагүй үлдсэн/, мөн магадалшгүй ажлыг зардлыг 61,291,978 төгрөгөөр тооцоолсон байхад хариуцагч Б.Бгаас 100,225,836 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Иймд, дээр дурдсанаар нэхэмжлэлийн шаардлагаас мөнгөөр хүлээн авсан 200,000,000 төгрөг, нэмэгдэл зардлын зарцуулагдаагүй үлдэгдэл 105,227,605 төгрөг, магадалшгүй ажилд зарцуулсан 61,291,978 төгрөгийг тус тус хасаж, хариуцагчаас 516,905,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэнэ /3,307,819,085-2,663,327,810-105,227,605-61,291,978+38,933,858=516,905,550 төгрөг/.

 

8. Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2-т зааснаар гүйцэтгэгч И ХХК нь захиалагч Б.Бгийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй ажлын үр дүнг шилжүүлэх үүрэг хүлээх ба хэрэв уг үүргээ зөрчсөн тохиолдолд захиалагч нь мөн хуулийн 352 дугаар зүйлийн 35.2.1-д зааснаар гүйцэтгэгчийн зардлаар тухайн доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх эрхтэй.

 

Талуудын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнд барилгын ажилд ашиглах арматур болон бусад материал хийц, чанарын талаар тухайлан тохироогүй тул Иргэний хуулийн 214 дүгээр зүйлийн 214.1-д Үүргийн гүйцэтгэлийн чанарын талаар гэрээнд тодорхой заагаагүй бол үүрэг гүйцэтгэгч нь ердийн шаардлагад нийцүүлэн үүргээ гүйцэтгэж, дундаас доошгүй чанарын эд хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй гэж зааснаар гүйцэтгэгч И ХХК нь дундаас доошгүй чанарын ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үүрэг хүлээнэ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад барилгын ажлын гүйцэтгэлтэй холбогдуулан зохигчийн хүсэлтээр хэд, хэдэн зүйлийг тодруулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг үндэслэн Б, Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо, Б, Бны тэргүүлэх төсөвчин А.У, Монгол Улсын зөвлөх инженер Ш.Ж нарыг нарыг шинжээчээр томилсноос зарим шинжээч дүгнэлт ирүүлсэн бол бусад шинжээч нар тодорхой үндэслэлээр татгалзжээ.

 

Тухайлбал, Бны зөвлөх инженер, тэргүүлэх төсөвчин Ж.Г нь бетон зуурмаг шаардлага хангасан, мөн арматур төмөр нь гарал үүслийн гэрчилгээтэйгээ таарсан, харин БНХАУ-аас авсан арматур төмрийн гэрчилгээнүүд нь гүйцэтгэсэн ажлын хугацаатай таарахгүй байна. Цаг агаар хүйтэрч, лабораторийн багажуудын заалт зөв тооцоологдохгүй учир үл эвдэх аргаар лабораторийн шинжилгээ хийх боломжгүй. Уг барилгын төмөр бетон карказт хэрэглэсэн бетоны лабораторийн шинжилгээний хариу нь зураг төсөл болон барилгын норм, дүрэм, арматурын чанарын сертификатууд нь барилгын дүрэм шаардлагад нийцэж байгаа ба зохиогч, захиалагч, гүйцэтгэгч талын төлөөлөгч нар ил-далд ажлын актуудаар баталгаажуулсан байна гэх /3 х.х-ийн 153-155/,

 

Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо нь чанаргүй арматур хэрэглэсэн гэх төмөр бетон эдлэлийг эвдэж байж арматураас нь таслах замаар дээж авч чанарыг нь тогтоохоор байна. Энэ нь барилгын цаашид /чанар/ ашиглалтад нөлөөлөх тул эрсдэлтэй алхмаас зайлсхийж шинжээчээр ажиллаж, дүгнэлт гаргахаас татгалзаж байна гэх /4 х.х-ийн 199/,

 

Б нь шүүгчийн захирамжид заасан тоо хэмжээ, төсөвт өртгийг тогтоох ажилд шинжээчээр ажиллаж, дүгнэлт гаргах чиг үүрэг хэрэгжүүлэх, уг асуудлыг хариуцсан тусгай мэдлэг бүхий мэргэжилтэн тус төвд ажилладаггүй тул шинжээчээр ажиллахаас татгалзаж байна гэх /7 х.х-ийн 53/,

 

Бны тэргүүлэх төсөвчин А.У, Монгол Улсын зөвлөх инженер Ш.Ж нар барилгын норм дүрэм баримталсан эсэх армартур нь зураг төсөлд заасан арматур мөн эсэхэд шинжилгээ хийх нь барилгыг эвдэх, үндсэн бүтээцээс арматур төмрийг тасалж шинжилгээ хийх тул энэ нь эзэмшигчийн зөвшөөрлөөс гадна барилгын үндсэн даац хийцэд ноцтой аюул учруулж болзошгүй эрсдэлтэй гэж үзэж байна. Мөн нотлох баримтаар ирүүлсэн арматур төмөр нь 60 см байх тул шинжилгээ хийх обьектын шаардлага хангахгүй, барилгад ашигласан эсэх нь тодорхойгүй. Гадна шугам зураг ирүүлээгүй нь энэ гадна шугам сүлжээг 100 м-т хийх ажлын өртөг тодорхойлох боломжгүй. 10 дугаар давхрын хучилтын өөрчлөгдсөн зурагт зураг зохиогч автороос зөвшөөрөл аваагүй. Дээрх шалтгаануудын улмаас нотлох баримт дутуу шинжилгээ хийх нөхцөл бүрдээгүй, шинжилгээ хийх боломжгүй тул татгалзаж байна гэх хариуг тус тус ирүүлжээ /7 х.х-ийн 110-111/.

 

Үүнээс үзвэл шүүх 1-6 давхрын арматурыг чанарын шаардлага хангасан эсэхийг тогтоолгохоор шүүхээс томилогдсон шинжээч нар бетон цутгагдаад бэхэжсэн учир механик эвдэлт хийх боломжгүй, хэрэв хийхээр бол цаашид ашиглахгүй тохиолдолд хийх, нэгэнт бэхэжсэн төмөр бетон хийцийн арматурчлалыг тасдаж болохгүй, таствал барилгын насжилтад сөрөг нөлөөлнө гэсэн үндэслэлээр татгалзсаныг, мөн барилгыг 10 гаруй жилийн өмнө ашиглалтад орсон зэрэг хэргийн нөхцөл байдлыг харгалзан шинжээч томилсон шүүхийн захирамжийн биелэлтийг хангуулах тухай хариуцагчийн хүсэлтийг хангахаас татгалзаж, хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэснийг буруутгахгүй.

 

Нөгөө талаар энэхүү магадлалын 5 дахь хэсэгт дурдсанчлан захиалагч Б.Б нь нэхэмжлэгч И ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлыг барилгын ил-далд ажлын актаар тухай бүр хүлээн авсан ба тухайн акыг үзвэл хариуцагчийн чанаргүй гэж маргадаг Ф13 маркийн арматураас гадна өөр төрлийн арматурыг хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн захиалагчийг ажлын үр дүнг хүлээн авсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй, энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

9. Зохигчийн байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 11 дүгээр зүйлийн 11.1-д цэвэр, бохир, ус дулаан, цахилгаан шугам сүлжээ болон гаднах бүхий л дэд бүтцийг хийх 100 метрт доторх ажлын зардал гэрээний үнэд орсон тул гүйцэтгэгч нь өөрийн зардлаар хийж гүйцэтгэнэ гэж заасан.

 

Анхан шатны шүүх талууд гэрээг цуцалсан, үндсэн нэхэмжлэлээр гүйцэтгэсэн ажлын хөлсийг шийдвэрлэсэн тул гүйцэтгээгүй ажлын зардлыг захиалагч нь шаардах эрхгүй буюу гүйцэтгэгч тал тухайн ажлыг өөрийн зардлаар хийж гүйцэтгэхээр тохирсон бөгөөд гэрээ цуцлагдсан учир захиалагч нь уг зардлыг шаардах эрхгүй гэж дүгнэсэн үндэслэлтэй.

 

Тодруулбал, гүйцэтгэгч нь уг ажлыг анхнаасаа хийж гүйцэтгэх зардлыг төсөвт суурилуулаагүй байсныг шинжээч дүгнэлтдээ тусгасан байгааг үндэслэн өөрийн зардлаар хийж гүйцэтгэхээр тохирсон гэсэн тайлбар үндэслэлтэй бөгөөд хариуцагч нь тухайн ажлыг өөр этгээдээр хийж гүйцэтгүүлээгүй тул 382,466,444 төгрөгийн зардал гарсан гэж шууд дүгнэх боломжгүй юм.

 

Түүнчлэн барилгыг бүрэн ашиглалтад оруулах шаардлагын хүрээнд тухайн ажил нь зайлшгүй хийгдэх ёстой ажил учир хариуцагч нь үүнийг гарах ёсгүй зардал гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

 

10. Мөн барилгын 10 дугаар давхрын ажлыг захиалагчийн хүсэлтийн дагуу эскиз зурагт өөрчлөлт оруулж хийснээс дахин гүйцэтгэхэд гарах зардал 192,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд энэхүү магадлалын 7 дахь хэсэгт дурдсанчлан Б ХХК-ийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн албан бичигт 10 давхрын хучилт металл дам нуруу бүхий сендвичин хучилттай байхаар хийгдсэнийг захиалагчийн хүсэлтээр цутгамал төмөр бетон дам нуруу хучилттай болгож өөрчилсөн бөгөөд эскиз зургийн өөрчлөлтийг инженер Ц.Н нь гүйцэтгэж захиалагчид хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдсон тул захиалагч Б.Бгийн зөвшөөрөлгүй өөрчилсөн гэж үзэхгүй.

 

Түүнчлэн сөрөг нэхэмжлэлээс 1-6 давхрын цутгалтын ажилд ашигласан арматурыг барилгын зураг төсөлд нийцүүлэхэд ирээдүйд гарах зардал гэх 406,800,000 төгрөгийн шаардлага нь хариуцагчийн барилгын ажлыг ил-далд актаар хүлээж авсан гэсэн дүгнэлтээр үгүйсгэгдэхээс гадна нэгэнт бэхжилт авчихсан барилгын хувьд барилгын зураг төсөлд нийцүүлэхэд ийм хэмжээний зардал гарна гэж шууд дүгнэх боломжгүй, энэ нь барилгын арматур чанаргүй бөгөөд барилгыг нураагаад дахин барих боломжтойгоос гадна дээрх хэмжээний зардал гарахыг илэрхий байдлаар тогтоогдсон гэж дүгнэхэд учир дутагдалтай байна.

 

Үүнээс гадна захиалагч Б.Б нь барилгын 3-10 дугаар давхрын өрлөгийн ажлыг бусдаар хийж гүйцэтгүүлэхэд 468,000,000 төгрөгийн зардал гарах тайлбараа баримтаар нотлоогүй, тус магадлалын 9 дэх хэсэгт дурдсанчлан барилгыг бүрэн ашиглалтад оруулах шаардлагын хүрээнд тухайн ажил нь зайлшгүй хийгдэх ажил тул гарах ёсгүй зардал гэж дүгнэхгүй бөгөөд мөн хариуцагчийн бусдаас зээлсэн зээлийн төлбөрт төлсөн 30,429,647 төгрөг нь тусдаа үүссэн гэрээний харилцаа тул үүнийг гүйцэтгэгч И ХХК нь хариуцахгүй.

 

Иймд, анхан шатны шүүх Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.3-т тус тус заасан гэрээний хүчинтэй байх хугацаанд үүрэг зөрчсөн болон цуцлагдсантай холбоотой учирсан хохирлын талаарх зохицуулалтыг зөв тайлбарлаж, улмаар нэхэмжлэгч буюу ажил гүйцэтгэгчийн гэм буруутай үйлдэл болон эдгээрийн хооронд шалтгаант холбоо байхгүй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

11. Зохигчид гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүй гэсэн үндэслэлээр алданги шаардсан ба шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас харуул хамгаалалтын зардал 20,350,000 төгрөг, барьцаа 180,000,000 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйн алданги 393,226,091 төгрөг, барьцаа хөрөнгийн алданги 90,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч нь гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс энэ талаар нэмж дүгнэлт өгөхгүй.

 

Харин хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан алданги 610,000,000 төгрөг гаргуулах шаардлагын талаар анхан шатны шүүх зохигч хэн аль нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүй үүрэг зөрчигдсөн, гэрээ цуцлагдсан гэсэн үндэслэлээр алдангийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс өөрчлөх үндэслэл тогтоогдсонгүй.

 

12. Дээрх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2024/01765 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтад ...944,717,111 гэснийг 516,905,550 гэж, ...605,186,999 гэснийг 1,032,998,560 гэж,

 

2 дахь заалтад ...4,881,535 гэснийг 2,742,478 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,487,966 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Г.ДАВААДОРЖ

 

 

ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР