Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 213/МА2024/00015

 

 

“Залаа цагаан” хоршооны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

                                                          

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч  Т.Ганчимэг, Б.Цэрэнпүрэв нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 131/ШШ2024/00647 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Залаа цагаан” хоршооны нэхэмжлэлтэй,

Хариуцагч Баянхонгор аймгийн Өлзийт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал,

Баянхонгор аймгийн Өлзийт сумын Засаг даргын Тамгын газарт тус тус холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 614,619,600 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

2019 оны 8 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч П.Адъяасүрэнгийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэргийг хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Билгүүн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Зоригт, түүний өмгөөлөгч П.Адъяасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Чимэдцэрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Залаа цагаан” хоршооны анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга:

1.1. Залаа Цагаан хоршоо нь 2006 оноос Баянхонгор аймгийн Өлзийт сумын ЗДТГ-ын өмч 1975 онд ашиглалтад орсон хуучин уурын зуухыг менежментийн гэрээгээр ашиглаж байтал аймгийн мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн ...уурын зуухны үйл ажиллагааг явуулах боломжгүй...” гэсэн дүгнэлт гарсан тул сумын Засаг даргын Тамгын газрын захиалгаар 2019 оны 8 дугаар сарын 10-ны өдөр  хуучин барилга буулгаж, шинээр барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г Засаг дарга М.Зоригт, Залаа цагаан хоршооны дарга Ж.Найдандорж нар гарын үсгээ зурж тэмдэг дарсан “байгуулсан.

1.2. Өлзийт сумын Уурын зуухны хуучин барилгыг актлах талаар сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэж хуучин уурын зуухыг актлуулах саналыг дэмжсэн тухай хүсэлтийг 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 69 тоот албан бичгээр аймгийн ИТХ-д хүргүүлснээс хойш одоог болтол шийдвэрлээгүй өдийг хүрлээ. Хуучин уурын зуухны барилгыг ашиглах боломжгүй гэсэн аймгийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлт гарсан тул сумын ИТХ-ын шийдвэрээр халаалт эхлэх хоног хугацаа ойртсон тул нэг талаас Өлзийт сумын ЗДТГ, түүнийг төлөөлж ЗДТГ-ын дарга М.Зоригт, нөгөө талаас Залаа Цагаан хоршоог төлөөлж дарга Ж.Найдандорж нар Уурын зуухны хуучин барилгыг буулгаж шинээр барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээний дагуу Залаа-Цагаан хоршоо 100 хувь өөрийн хөрөнгөөр 2019 оны 10 дугаар сарын 01-нд ашиглалтад оруулан одоо үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байна. Дээрх үл хөдлөх эд хөрөнгийг барих, тоног төхөөрөмжийг шинэчлэхэд 354,169,600 төгрөгийг зарцуулсан.

1.3. Иймд Өлзийт суманд барьж ашиглалтад оруулсан хөрөнгө 354,169,600 төгрөгийг одоог болтол 2 жил 7 сарын хугацаа өнгөрч эдийн засгаар хохироож байна. Манайх уг барилгыг барих тоног төхөөрөмжийг шинэчлэхэд Голомт банкны зээлээс гадна, Банк бус санхүүгийн байгууллага бусад иргэдээс 5-10 хувийн хүүтэй зээл авч нийт 260 450 000 төгрөгийн зээлийн хүү нийт 614,619,600 төгрөгөөр хохирч байна. Иймд Өлзийт ЗДТГ-ын уурын зуух тоног төхөөрөмжийн үнэ 354,169,600 төгрөг, уг мөнгийг гэрээнд зааснаар хугацаандаа төлөөгүйгээс, бусдад төлсөн хүү 260,450,000 төгрөг бүгд 614,619,600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Билгүүн 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдөр гаргасан  нэхэмжлэлийн өөрчилсөн  шаардлагадаа:

2.1. Тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй Залаа цагаан хоршооны нэхэмжлэлтэй Баянхонгор аймгийн Өлзийт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал,  сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн зүгээс тус шүүхэд гаргасан 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн №21 тоот нэхэмжлэлдээ дараах байдлаар тодруулга хийж байна. Үүнд:

2.2. Нэхэмжлэгч нь анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ уурын зуухны тоног төхөөрөмжийн үнэ 354,169,600 төгрөг, бусдад төлсөн хүү 260,450,000 төгрөг бүгд 614,619,600 төгрөгийг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан билээ.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Баянхонгор аймгийн Өлзийт сумын Засаг даргын Тамгын газрын дарга М.Зоригтын зүгээс нэхэмжлэлийн шаардлага буюу уурын зуухны барилгын төсөвт өртгийг хэт өндөр дүнтэй, барилгын зах зээлийн үнийг мэргэжлийн байгууллагаар тогтоолгох шаардлагатай хэмээн маргадаг. Улмаар тус шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 131/Ш32023/001455 дугаар шүүгчийн захирамж, мөн шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн №131/11132023/01744 дүгээр шүүгчийн захирамжаар Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-г шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулахад 448,058,158 төгрөг зарцуулсан гэх дүгнэлт гарсан.

2.3. Ийм ч учраас нэхэмжлэгч нь зохигчдын хооронд байгуулагдсан Хуучин барилга буулгаж шинээр барилгын ажил гүйцэтгэх гэрээ-ний хөлсийг 448,058,158 төгрөг болгон нэхэмжилж байна.

3. Хариуцагч  байгууллагын төлөөлөгч М.Зоригтын анхан шатны шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

3.1. Залаа цагаан хоршоо нь 1975 онд баригдсан барилгыг буулгахдаа Засаг даргын Тамгын газраас комисс томилуулж, зураг төсөв хийхдээ барилгын захиалагч нь Залаа цагаан хоршоо биш манай Засаг даргын Тамгын газар урчаас манай байгууллагаас захиалагчийн хүсэлт авах ёстой. Мөн төсвийг Барилгын хөгжлийн төвөөр батлуулсан байх ёстой. Барилгын зургийг Барилга хөгжлийн төв болоод Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраар батлуулсан зураг төслөөр барилга баригдах ёстой. Залаа цагаан хоршоо нь Засаг даргын Тамгын газартай нэг ч удаа гэрээ хийгээгүй. Одоо ч гэрээгүй явж байгаа. Манай байгууллагатай 2021 онд байгуулсан гэрээ нь уурыг зуухыг түрээслэх гэрээ биш, инженерийн шугам сүлжээг түрээслэх гэрээ байгаа юм. Барилгын зураг төсөлгүй, улсын комисс ажиллаагүй, Эрчим хүч болоод Онцгой байдлын газар мөн Мэргэжлийн хяналтын зүгээс тухайн барилга дээр улсын комисс ажиллаж явцын үнэлгээ хийгдээгүй барилгыг бидний зүгээс барилга баригдсан гэж үзэхгүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

4. Хариуцагч байгууллагын төлөөлөгч С.Гонгорын анхан шатны шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

4.1. 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн хуралдаанаар Залаа цагаан хоршоотой холбоотой асуудлыг хэлэлцээд Засаг даргын Тамгын газар тухайн хувийн хэвшлийн аж, ахуй нэгжийн санал хүсэлтийг үндэслээд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралаар Өлзийт сумд бүтээн байгуулагдаж байгаа сумын төвийн шинэчлэл нэг төслийн хүрээнд уурын зуухны хүчин чадлыг нэмэх, өргөтгөх асуудал яригдсан. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг хуралдаанаар Залаа цагаан хоршооноос гаргасан саналыг дэмжээд Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгч нарт албан бичиг хүргүүлсэн байдаг. Өмч, хөрөнгө оруулалттай холбоотой асуудлаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд санал огт орж ирээгүй. Засаг даргын Тамгын газрын өмч хэдий ч хувийн хэвшлийн аж ахуй нэгж өөрийн хөрөнгөөр хийгдсэн бараа, үйлчилгээ, барилга, байгууламжийн асуудал өнөөдрийг хүртэл сөхөгдөөгүй байгаа гэв.

5. Хариуцагч Өлзийт сумын Засаг даргын тамгын газраас гаргасан сөрөг нэхэмжлэлийн агуулга:

5.1. Талуудын хооронд 2019 оны 8 дугаар сарын 10-ны өдөр  ажил гүйцэтгэх гэрээ  байгуулж нэг  талаас  М.Зоригт, нөгөө талаас Залаа Цагаан хоршооны дарга Ж.Найдандорж нар гарын үсэг зурсан. Гэтэл хавтаст оргийн 5 дугаар талд авагдсан Залаа цагаан хоршооны улсын бүртгэлийн гэрчилгээнд тус хоршооны даргыг С.Сарантуяа гэж бичсэн байна. Үүнээс үзвэл Ж.Найдандорж нь Залаа цагаан хоршоог төлөөлөх эрхгүй этгээд байсан байна.

5.2. Нэгэнт төлөөлөх эрхгүй этгээд тус гэрээг байгуулсан байгаа тул энэ гэрээ нь хуульд заасан хэм хэмжээний баримт бичиг болж чадаагүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болох нь нотлогдож байна. Иймд Баянхонгор аймгийн Өлзий сумын Засаг даргын Тамгын газар, Залаа цагаан хоршоотой Хуучин барилга буулгаж шинээр барилгын ажил гүйцэтгэх тухай 2019 оны 8 дугаар  сарын 10-ны өдөр байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

6. Залаа цагаан хоршоо нь сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга:

6.1. Зохигчдын хооронд байгуулагдсан 2019 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Хуучин барилга буулгаж шинээр барилгын ажил гүйцэтгэх гэрээ’-г байгуулахад  үеийн хоршооны даргаар ажиллаж байсан Жаргалсайханы Найдандорж гарыг үсэг зурж, тэмдэг даран баталгаажуулсан. Тодруулбал: Ж.Найдандорж нь 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд Залаа цагаан хоршоо-ны дарга буюу гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байсан нь Улсын бүртгэлийн Ерөнхий газрын бүртгэл мэдээллийн нэгдсэн сангийн лавлагаагаар тогтоогдож байгаа юм.

6.2. Баянхонгор аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсээс 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдөр дахин олгосон шинэ гэрчилгээнд  тухайн үед гүйцэтгэх захирлаар томилогдсон С.Сарантуяагийн мэдээлэл тусгагдсан байгаа нь хоршооны өмнөх удирдлагуудын эрх бүхий хугацаан дахь төлөөлөх эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй.

6.3. Зохигчид Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан Ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан, тэрхүү гэрээ нь хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэвээр байна.Үүнээс гадна хариуцагч нь зохигчдын хооронд байгуулагдсан гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар шүүхэд хандаж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт анхнаасаа хүчин төгөлдөр бус байх хэлцлийн жагсаалтыг нэрлэн заасан бөгөөд түүнийг шүүхээр хүчин төгөлдөр бусд тооцуулах ямар ч боломжгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

7. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.2 дахь хэсэгт заасныг баримтлан Өлзийт сумын Засаг даргын тамгын газраас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн 448,058,158 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Залаа цагаан хоршоонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 166,561,442 төгрөгийг болон Өлзийт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Өлзийт сумын Засаг даргын тамгын газрын 2019 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн хуучин барилга буулгаж шинээр барилгын ажил гүйцэтгэх гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Өлзийт сумын Засаг даргын тамгын газраас шинжээчийн ажлын хөлс 5,000,000 төгрөгийг гаргуулан Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Залаа цагаан хоршооноос улсын тэмдэгтийн хураамжид 3,231,048 төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулж, хариуцагч Өлзийт сумын Засаг даргын тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид 2,398,240 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Залаа цагаан хоршоонд олгож, шийдвэрлэжээ.

8. Хариуцагчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн тус шүүхэд гаргасан давж заалдах гомдлын агуулга:

8.1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 23-ний өдрийн 131/ШШ2024/0064 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт ...Өлзийт сумын уурын зуухны өмчлөгч нь Өлзийт сумын Засаг даргын тамгын газар мөн байх бөгөөд уурын зуухны барилгыг буулгаж шинээр бариулахдаа төрийн болон орон нутгийн өмчийн хуульд заасны дагуу, Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд танилцуулан түүнээс шийдвэр гаргуулах хуучин барилгыг буулгуулсан нь хууль тогтоомж зөрчсөн ч энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж хуучин уурын зуухны өмчлөлийн гэрчилгээгүйгээр хуулийн дагуу албажаагүй гэх үндэслэлээр Өлзийт сумын шинэ уурын зуухны барилгыг барихад оруулсан хөрөнгийг захиалагчаас гаргуулахгүй байх боломжгүй юм...” гэж дүгнэлт хийсэн нь хуулийн үндэслэлгүй байна. Өмчлөлийн асуудал шийдвэрлэгдээгүй байхад, тухайн объектод хэн нэгэн хуулийн этгээд үйл ажиллагаа явуулах хуулийн үндэслэлгүй байхад анхан шатны шүүх ийм дүгнэлт хийж буй нь хуульд нийцэхгүй байна. Сумын засаг даргын тамгын газар бол ажлын алба болохоос биш бие дааж тухайн сумын бүхий л өмч хөрөнгийг эзэмшиж захиран зарцуулах эрх бүхий хуулийн этгээд биш. Тэгээд ч нэхэмжлэгч нэхэмжлэгч Сумын иргэдийн Хурлыг нэг хариуцагч гэж үзэж байхад шүүх зөвхөн өмч хөрөнгө эзэмшдэг, захиран зарцуулдаг эрхийн чадамжгүй ажлын албыг хариуцагч гэж үзэж байгаа нь буруу гэж үзэж байна.

8.2. “Залаа цагаан” хоршоо бусдын өмчлөл эзэмшилд байгаа уурын зуухны барилгыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй нураасан нь хууль зөрчсөн үйлдэл гэдгийг шүүх дүгнэлтдээ дурдаад орхиж байгаа буруу гэж үзэж байна. Зөвшөөрөлгүй Өлзийт сумын уурын зуухны хуучин барилгыг нураасан асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байхад шүүх ямар ч дүгнэлт хийлгүй орхиж буй нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна.

8.3. “Залаа цагаан” хоршоо нь Барилгын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт зааснаар барилгын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй байхад шүүх зөвтгөж байгаа нь хууль бус дүгнэлт болно. Ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээн “Залаа цагаан” хоршоо биелүүлсэн юм бол Өлзийт сумын тамгын газарт хүлээлгэн өгснийг нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй байна. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 39,  49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт  заасан улсын комиссын дүгнэлтгүй барилгыг ашиглалтад оруулсан гэж дүгнэж буй хуульд нийцэхгүй байх тул  анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.

8.4. Хариуцагчийн П.Адъяасүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарын агуулга: Баянхонгор аймаг дахь сум дундын 647 дугаар шийдвэрийг хууль ёсны үндэслэл бүхий шийдвэр болоогүй байна.Нэхэмжлэгч хариуцагч нарын дунд байгуулагдсан гэрээ хууль ёсны үндэслэл бүхий гэрээ байна гэж дүгнэж байна. Засаг даргын тамгын газар гэдэг нь зүгээр ажлын алба юм. Уг гэрээний дагуу Залаа цагаан хоршоо нь 2020 онд барилгын зураг төслийг хийлгэж ашиглалтад оруулсан. Энэ дүгнэлт хэрэгт байгаа нотлох баримттай зөрж байгаа. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтаар дүгнээгүй. Нэг жилийн дараа зураг төсөв гарсан. Энэ уурын зуух барьсан цагаасаа ажиллаж олон зуун иргэдийн хэрэгцээг хангаж байна гэж ярьсан. Одоогийн байдлаар энэ ашиглагдаагүй бариад орхисон зүйл байгаа. Өмчлөгч тогтоолгохоор Захиргааны хэргийн шүүхэд хэрэг шийдвэрлэгдээгүй байхад шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2-т заасан заалтуудад нийцэхгүй байна. Тамгын газар буюу захиалагч тул төлбөрийг төлөх ёстой гэж үзсэн. Барилгын тухай хуулийн  тодорхой заалтуудыг Залаа цагаан хоршоо зөрчсөн. Уурын зуухны өмчлөлийн асуудал бүрэн шийдэгдээгүй. Тэр барилгыг буулгах эцсийн өмчлөгч Иргэдийн төлөөлөгчдийн хуралд байхад Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хамаарахгүй гэж дүгнэлт гаргасан. Шинээр ашиглалтад байгаа барилгыг Улсын комисс хүлээж аваагүй.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.

9. Хариуцагч Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

9.1. Анхан шатны шүүх хоёр дахь удаагаа ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргаж байгаад харамсаж байна. Уурын зуухны барилга буулгаад шинээр барилга барих тухай гэрээ байгаа. Уурын зуух гэдэг нь хоёр хэсгээс бүрддэг. Уурын зуухны барилга, уурын зуухны тоног төхөөрөмж гэсэн хоёр зүйлээс бүрддэг. Тэгтэл миний байгуулсан гэрээнд хуучин барилга буулгаж шинээр барилга барина гэсэн гэрээ. Барилгын доторх тоног төхөөрөмжийг буулгаад шинээр барих гэсэн нэг үг өгүүлбэр байхгүй. Мөн дээрээс нь хашаа, доторх техник төхөөрөмж хамаа байхгүй. Энэ барилга дээр мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт гарахдаа Энэ барилгад хүн ажиллахад аюултай байна гэсэн. Уурын зуух дэлбэрэх юм байна гэсэн дүгнэлт гараагүй. Уурын зуухны доторх тоног төхөөрөмжийг өөрчлөхгүйгээр барилгыг сольж болдог. Анхан шатны шүүх шинжээч томилохдоо бүх зүйлийг үнэлээд ир гэсэн. Шинжээчид хэлээд байхад бүгдийг үнэлсэн. Эднийх засаг даргын тамгын газартай менежментийн гэрээ хийгээд явж байсан гэж ярьж байгаа. Засаг даргын тамгын газар нэг ч удаа Залаа цагаан хоршоотой менежментийн гэрээ хийгээгүй. Иргэдийн төлөөлөгчдийн хурал гэдэг байгууллага нь энэ гэрээгээ хийгээд явж байсан. Анхан шатны шүүх, Залаа цагаан хоршоо нар нэгдмэл ашиг сонирхолтой байна. Анхан шатны шүүх 2 удаа зөрчилтэй шийдвэрийг гаргаж байгаа нь нотлогдож байна. Манайх А цэгээс Б цэг хүртэлх явсан хөлсөө авах гэж байгаа гэж хэлж байгаа. Байшин солиулсны төлөө нэмж хашаа, тоног төхөөрөмж, шугамыг төлүүлэх гэж байгаа нь үндэслэлгүй. Засаг даргын тамгын газар бол төрийн захиргааны байгууллага юм гэв.

10. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Билгүүн шүүх хуралдаанд гаргасан  тайлбарын агуулга:

10.1. Өмчийн асуудал шийдэгдээд манай өмч юм гээд хариуцагч тал өөрсдөө хэлсэн. Тамгын газраас 2006 онд уурын зуухны менежментийн гэрээгээр хүлээж авсан. Тамгын газрын уурын зуухны эд аж ахуйг аймгийн Залаа цагаан хоршоонд хүлээж өгсөн акт хэрэгт байгаа. Энэ уурын зуух гэрчилгээгүй гэж хариуцагчийн өмгөөлөгч ярьж байгаа. Энэ уурын зуухыг гэрчилгээжүүлэх нь хариуцагч Өлзийт сумын Засаг даргын тамгын газрын өөрийнх нь үүрэг гээд албан шаардлага өгсөн баримт хэрэгт байна. Бид нар хийсэн ажлынхаа хөлсийг авч чадахгүй байгаа нь шударга бус байна. Барилга ашиглалтад орсон баримт байхгүй гэж өөрсдөө хэлээд байгаа гэж байна. Ашиглалтад ороогүй байсан бол Өлзийт сумын барилгын паарнууд задарсан байх байсан. Яагаад гэвэл энэ барилга 2019 оны 10 дугаар сард халаалт өгсөн. Тухайн үед энэ уурын зуухнаас өөр нэг ч уурын зуух байгаагүй. Бид нар хариуцагч талын хэлж байгаагаар барилгаа бариагүй байсан бол ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлээгүй гэж хариуцагчаар орж байх байсан. Гэрээгээр заасан үүргээ биелүүлээд эрхийг аваад хийснийхээ төлөө мөнгө авах ёсгүй гэж байгаа нь шударга бус байна. Уурын зуухны зураг төсөв байхгүй гэж байна. Энэ зураг төсөв 2019 онд хийгдсэн явж байсан. Одоо энэ Засаг дарга гэж байгаа хүн барилгын ажилтай холбоотой бүх баримт бичгүүдийг Найдандорж гэдэг хүнээс баримтуудыг аваад алга болгосон. Нотлох баримт устгасан гэх эрүүгийн хэрэг шалгагдаж байна.  Бид нарт ямар ч буруу байхгүй. Баянхонгор аймгийн Санхүүгийн хяналт, Аудитын албаны Улсын байцаагчийн зөрчил арилгуулах тухай албан шаардлагад нийтийн уурын зуухны зураг төсөв хийлгэх зардлын тооцоо гаргах, барилга бариулах ажлын төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай хуулиар хэрэгжүүлж ажиллахыг Засаг даргын тамгын газарт үүрэг болгосон. Зөвхөн энэ уурын зуухнаас болоод эрүүгийн 2 хэрэг, захиргааны 2 хэрэг, иргэний 1 хэрэг нийт 5 хэрэг явж байгаа. Бид нар сүүлийн 4 жилийн хугацаанд хохироод явж байна. Тухайн уурын зуухыг 3 жил ашиглачхаад өөр уурын зуух бариулаад одоо эрүүгийн хэрэг үүсээд явж байгаа. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд мөнгөө авч чадаагүй. Анхан шатны шүүгчийг танихгүй ямар ч холбоо байхгүй. Хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

 Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр бүхэлд  хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж  шийдвэрлэв.

 Нэг: Нэхэмжлэгч “Залаа цагаан” хоршоо нь  нэхэмжлэлдээ хариуцагч Баянхонгор аймгийн Өлзийт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Баянхонгор аймгийн Өлзийт сумын Засаг даргын тамгын газарт холбогдуулан уурын зуух бариулсны  ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 448,058,158 төгрөг, бусдад төлсөн хүү 166,561,442 төгрөг, нийт 614,619,600 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Билгүүн  нь ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 448,058,158  төгрөгийг гаргуулах тайлбар гаргажээ.

1.1. Хариуцагч Баянхонгор аймгийн Өлзийт сумын Засаг даргын тамгын газар нь Залаа цагаан хоршоонд холбогдуулан хуучин  уурын зуухны барилгыг  буулгаж, шинээр уурын зуух  барьсан ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

1.2. Анхан шатны шүүх  хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу  тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэргийн үйл баримтыг  зөв тогтоогоогүйгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дүгээр зүйлийн 116.2-т зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий  байх  шаардлагад нийцээгүй   давж заалдах шатны шүүхээс залруулж,  шийдвэрлэх боломжгүй болжээ. Учир нь:

1.3. Нэхэмжлэгч Залаа цагаан хоршоо нь  Баянхонгор аймгийн Өлзийт сумын уурын зуух барьсан  ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 448,058,158  төгрөгийг гаргуулна, гэрээнд гарын үсгээ зурсан Ж.Найдандорж нь 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд Залаацагаан хоршооны дарга, гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байсан нь Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн лавлагаагаар тогтоогдох тул   хүчин төгөлдөр  гэрээ гэж,

Хариуцагч  Баянхонгор аймгийн Өлзийт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь тус маргаанд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал хамааралгүй, Баянхонгор аймгийн Өлзийт сумын Засаг даргын тамгын газар нь хуучин уурын зуухны өмчлөлийн асуудал хуулийн дагуу дуусгавар болгоогүй байхад  уурын зуухыг Залаа цагаан хоршоо нь өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр буулгаж, шинээр  уурын зуухны барилга барихдаа   эрх бүхий байгууллагуудын  болон захиалагч байгууллагаас зөвшөөрөл аваагүй, зураг төсөвгүйгээр барьж  ашиглалтад оруулахдаа улсын комисс хүлээн аваагүй   зэргээр Барилгын тухай хууль тогтоомж зөрчсөн, хуучин барилга буулгаж шинээр барилгын ажил гүйцэтгэх гэрээг 2019 оны 8-р сарын 10-ны өдөр байгуулсан гэрээнд  гарын үсэг зурсан Залаа Цагаан хоршооны дарга Ж.Найдандорж  нь  Залаа цагаан хоршоог төлөөлөх эрхгүй этгээд  тул хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулна гэж  харилцан маргаан үүсгэсэн байна.

Хоёр: Анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч талуудын  үндсэн нэхэмжлэлийн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагууд түүнтэй холбогдох тайлбар, татгалзлын үндэслэлүүдэд тулгуурлан хэргийн үйл баримтад зөв дүгнэлт хийлгүйгээр  талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж дүгнэж Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.2 дахь хэсэгт зааснаар  Өлзийт сумын Засаг даргын тамгын газраас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн 448,058,158 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Залаа цагаан хоршоонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас бусдад төлсөн хүү 166,561,442 төгрөгийг хэрэгсэхгүй  болгохдоо Өлзийт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдох хэргийг  хэрэгсэхгүй болгож,Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Өлзийт сумын Засаг даргын тамгын газрын 2019 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн хуучин барилга буулгаж шинээр барилгын ажил гүйцэтгэх гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дүгээр зүйлийн 116.2-т зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий  байх  шаардлагад нийцэхгүй. Энэ нь:

2.1. Нэг талаас   маргааны зүйл болох нэхэмжлэгч “Залаа цагаан” хоршоо нь  Баянхонгор аймгийн Өлзийт суманд  уурын зуухны барилга барьсантай холбоотой үүссэн үр дагаврууд,  буулгасан  уурын зуух  болоод түүний доорх газрын өмчлөлийн асуудал нь шинээр барьсан уурын зуухны өмчлөгчийн асуудалтай нягт холбоотой,   нөгөө талаас 2019 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн  захиалагч Баянхонгор аймгийн Өлзийт сумын ЗДТГ-ын дарга М.Зоригт, Баянхонгор аймаг Өлзийт сумын “Залаа цагаан хоршоон”-ы дарга Ж.Найдандорж нар гарын үсгээ зурж тэмдэг дарсан “хуучин барилга буулгаж, шинээр барилгын ажил гүйцэтгэх гэрээ” гэх баримтын хүчин төгөлдөр байдал болоод гэрээний болон гэрээний бус шаардах эрхийн үндэслэлүүдийг  анхан шатны шүүх мэтгэлцээний үндсэн дээр тогтоож, нотлох баримтуудыг нь бүрдүүлүүлж маргааныг эцэслэн шийдвэрлэх байжээ.

2.2. Маргааны зүйл болох Баянхонгор аймгийн Өлзийт суманд  барьсан уурын зуухны барилга болоод  буулгасан барилга түүний газар нь хэний өмч болох талаар хавтаст хэрэгт нотлох баримт авагдаагүй байхад ажил гүйцэтгэх гэрээний маргааныг шийдвэрлэх боломжгүй  юм.

2.3. Дээрх асуудлуудын талаар  Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 00010 тоот тогтоолд  анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ  анхаарах болон засвал зохих алдаануудыг тодорхой заасныг анхан шатны шүүх хэрэгжүүлэлгүйгээр  хэргийг үндсэн болон  сөрөг нэхэмжлэлийн шаардлагад нийцүүлэн шийдвэрлэсэн нь алдаатай байдлыг бий болгожээ.

2.4. 2 дугаар хавтаст хэргийн 92 дугаар талд авагдсан  Прокурорын 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн “авагдсан мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай” 23 тоот зөвшөөрөл болон зохигч талууд  харилцан бие, биеийнхээ хууль зөрчсөн үйл ажиллагааг шалгуулахаар Эрүүгийн хэрэг үүсгэгдсэн талаар  шүүх болон шүүх хуралдаанд тайлбар гаргасныг анхан шатны шүүх анхаараагүй хэргийг эцэслэн шийдвэрлэжээ.

2.5. “...уурын зуухны барилга ямар ч зураг төсөвгүй баригдсан  нь барилгын тухай хуулийн 40-р зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг “Залаа цагаан" хоршоо зөрчсөн, шинээр баригдсан барилга байгууламжийг ашиглалтад оруулах эсэхийг тусгай эрх олгогдсон улсын комисс шийдвэрлэдэг, 2019 онд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ нь  Иргэний хуулийн 202-р зүйлд заасан стандарт нөхцөлийн хувьд хүчин төгөлдөр гэрээ гэж үнэлэх хуулийн үндэслэлгүй, “Залаа цагаан” хоршоо нь гэрээний зүйл болох уурын зуухны барилгын зураг төсвийг зохиож батлуулах, санхүүгийн хянан шалгагч, болон барилгын ажлыг гардан зохион байгуулсан Архитектортай гэрээ байгуулсан байх үүргээн хэрхэн биелүүлсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй, зөвшөөрөлгүй Өлзийт сумын уурын зуухны хуучин барилгыг нураасан асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаа зэрэгт  анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй...” үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохыг хүссэн хариуцагчийн өмгөөлөгч  П.Адъяасүрэнгийн гомдол үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 131/ШШ2024/00647 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 2,398,158 төгрөгийг төвлөрсөн төсвийн данснаас гаргуулж, шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасныг баримтлан  шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч талууд тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол гаргаж болохыг мэдэгдсүгэй.

    

 

ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ 

ШҮҮГЧИД Т.ГАНЧИМЭГ

Б.ЦЭРЭНПҮРЭВ