Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 158/2022/0020/з |
Дугаар | 001/ХТ2023/0084 |
Огноо | 2023-11-22 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2023 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 001/ХТ2023/0084
Б.Б нэхэмжлэлтэй,
Засаг даргад холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Ц.Цогт
Шүүгчид: М.Батсуурь
Х.Батсүрэн
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч: Танхимын тэргүүн Д.Мөнхтуяа
Нарийн бичгийн дарга: Л.Содномдорж
Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 10 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 221/МА2023/0531 дүгээр магадлалтай,
Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 457 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын гомдлоор, нэхэмжлэгч Б.Б (цахимаар), гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, Г.Г нарыг оролцуулан хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: “Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/147 дугаартай захирамжийн хавсралтын Б-ийн Б-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Б.Б газар эзэмших эрхийн хугацааг сунгахыг Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг даргад даалгах”,
1.1. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: “Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг даргын гарын үсэг, тамгаар баталгаажсан Б.Б нэр дээр 2006 оны 05 дугаар сарын 04 гэх огноотой ...... дугаартай газар эзэмших эрхийн 2 ширхэг гэрчилгээ, ...... гэх дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002 оны/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 9.1.7-д зааснаар илт хууль бус болохыг тогтоолгох”.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: “... Миний бие Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг даргын 2004 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 52 тоот захирамжаар Сэлэнгэ сумын 3-р багийн нутаг дэвсгэрт үр тарианы зориулалтаар 34 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшихээр болсон ба уг тариалангийн газраа “Х” ХХК-д аав маань амьд сэрүүн байхдаа ашиглуулахаар ам гэрээ хийсэн тул аавынхаа шийдвэрийг хүндэтгэн ашиглуулсаар ирсэн. Ингээд 2019 онд газар эзэмших эрхийн хугацаа дуусах болж 2019 оны 4 сар орчимд Сэлэнгэ сумын Засаг даргад газар эзэмших эрхийн хугацаа сунгах хүсэлтээ өгч, улмаар газар эзэмших гэрчилгээгээ барьцаалж ТЭДС-аас зээл авч байсан.
2.1. Засаг дарга болон газрын даамлаас тухайн үед нэгдсэн журмаар захирамж гарна хүлээж байгаарай гэсэн. Ингээд 2020 он болсон, сүүлдээ “Х” ХХК-д чи зарчихсан юм биш үү гэдэг. Зараагүй гэдгээ хэлсэн. “Х” ХХК-аас учрыг тодруулж байж шийднэ гэсэн. “Х” ХХК-ийн захирал Б гэж хүнтэй уулзахад газрыг чинь суллаж өгнө гэдэг. Ингэж явсаар 2022 он болсон. Сая 4 сард цахим санд газраа бүртгүүлэх гэтэл танд газар гарч ирэхгүй байна гэсэн.
2.2. Засаг даргад дахин газар эзэмших эрхээ сунгах хүсэлтээ өгөхөд “Х” ХХК-тай учраа олдоггүй өөрөө учраа ол гэдэг. 2012 онд авчихсан юм байна гэж хэлсэн. Ингээд архиваас 2012 оны захирамжийг олуулж авахад Сэлэнгэ сумын Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/147 дугаар “Газрын эрх шилжүүлэх тухай” захирамжийн хавсралтаар Б Б гээд 56.253, 13.891 га газрыг шилжүүлсэн тухай шийдвэрлэжээ.
2.3. Гэтэл би энэ хүнд газраа шилжүүлэх тухай огт ярилцаагүй. Өөрсдөө ашиглаж чадахгүй байсан учраас ашиглуулж байсан. Гэтэл өгнө гэж явсаар өнөөдөр өгөхгүй болж байгаад гайхаж байна. Харин одоо газраа өөрсдөө ашиглах хүсэлтэй байгаа болно” гэж тайлбарлана.
3. Хариуцагчийн хариу тайлбар: “... Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2 дахь заалтад газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргаан, газар ашиглах гэрээний нөхцөл, болзлын талаар газар эзэмшигч ба ашиглагчийн хооронд үүссэн маргааныг зохих шатны Засаг дарга шийдвэрлэнэ гэсэн заалтын дагуу иргэн Б.Б болон “Х” ХХК-ийн хооронд болоод байгаа газрын маргаантай асуудлыг шийдвэрлэхээр маргалдагч талуудыг оролцуулж маргааныг шийдэхээр 3 удаа уулзсан боловч ойлголцолд хүрээгүй тул 2 тал шүүхээр маргаанаа эцэслэхээр болсон. Иймд нэхэмжлэгч талын шаардлагыг биелүүлэх боломжгүй” гэх,
4. Гуравдагч этгээдийн тайлбар: “... Дээрх нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна” гэх тайлбарыг тус тус гаргажээ.
5. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын үндэслэл: “... Манай компанийн хувьд 18 сая төгрөг төлсний дагуу тухайн газрыг шилжүүлэн авсан. ... нэхэмжлэгч Б.Б нь 20 га, 14 га эзэмшдэг гэх боловч гэрчилгээ нь огт нэгж талбарын дугааргүй, ... гэрчилгээний дугаарыг гараар бичсэн ...... гэх дугаартай 20 га газар эзэмшүүлсэн 1 ширхэг гэрчилгээ, төхөөрөмжөөр бичсэн ...... гэх дугаартай 20 га газар эзэмшүүлсэн 1 ширхэг эх хувь гэрчилгээ, төхөөрөмжөөр бичигдсэн ...... дугаартай 14 га газар эзэмшүүлсэн эх хувь гэрчилгээнүүд нь бүгд нэгж талбарын дугааргүй атлаа Сэлэнгэ сумын Засаг дарга гарын үсэг зурж тамга дарсан байна. Энэ нь уг гэрчилгээнүүдийг бичиж байх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-т зааснаар илт хууль бус захиргааны актад хамаарч байна.
5.1. ... Сэлэнгэ сумын Засаг дарга нь 2004 онд Б.Б-д 20 га, 14 га хэмжээтэй газар эзэмшүүлэх шийдвэр гаргаагүй атлаа уг гэрчилгээг бичиж өгч, улмаар тариалан эрхлэлтийн санд барьцаа болгож ашиглаж байсныгаа хожим нь ийнхүү эрх үүссэн гэж маргаж байгаа нь үндэслэлгүй.
5.2. Сэлэнгэ сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 2004 оны хуралдаанаас тогтоосон Б.Б-д эзэмшүүлэх нийт газрын дээд хэмжээг 30 га гэж тогтоосон байхад 2006 онд Засаг дарга нь ... тогтоосон хэмжээнээс илүү их газрыг Б.Б-д эзэмшүүлж байгаа тухай гэрчилгээ бичиж өгч байгаа нь анхнаасаа эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй, илт хууль бус захиргааны акт болох нь тогтоогдож байна.
5.3. ... Иймд, Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг даргын гарын үсэг, тамгаар баталгаажсан Б.Б нэр дээр 2006 оны 05 дугаар сарын 04 гэх огноотой ...... дугаартай газар эзэмших эрхийн 2 ширхэг гэрчилгээ, 2006 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн ...... гэх дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002 оны/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 9.1.7-д зааснаар илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэжээ.
6. Нэхэмжлэгчээс гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад гаргасан тайлбар: “... Газар эзэмшихтэй холбогдсон баримт бичгүүдийг хувийн хэрэг нээн хадгалах, стандарт зохих дүрэм журмын дагуу хөтлөх үүрэг нь Сумын засаг даргын ажлын албанд байдаг. Тухайн үед бүрдүүлэх ёстой баримт бичгүүдийг бүрдүүлж өгсөн боловч одоо байхгүй байгаад байгаа нь хариуцагч тал өөрсдийнхөө хууль бус ажиллагааг нуун далдлахын тулд харин ч өөрсдөө үгүй хийсэн байна гэж ойлгож байна.
6.1. 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 47 дугаар зүйлийн 47.1.1-д Захиргааны актыг утга агуулгын илэрхий алдаатай бол илт хууль бус захиргааны акт байхаар заасан. Гэвч Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг даргын 2004 оны 52 дугаар захирамжийг үзвэл утга агуулгын тухайд илэрхий алдаатай гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
6.2. Баримт бичгүүдэд эзэмших газрын хэмжээг зөрүүтэй бичигдсэнээр газар эзэмших эрх үүсээгүй байна гэж үзэх үндэслэлгүй. Б.Б-д газар эзэмшүүлсэн гэх дээрх захиргааны актыг хэзээ хэн гаргасан нь тодорхой, зохих тамга тэмдэг, гарын үсгээр баталгаажсан баримт бичиг байсаар байтал газар эзэмшүүлсэн шийдвэр гараагүй, зөвхөн гэрчилгээ бичиж өгснөөр тариалан эрхлэлтийг дэмжих санд барьцаа болгож ашиглаж байсан гэх үндэслэлгүй, эх сурвалж нь нотлогдохгүй тайлбар гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.
6.3. Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2004 оны тогтоолоор Б.Б-д эзэмшүүлэх газрын хэмжээг 30 га гэж тогтоосон нь үнэн. Энэхүү тогтоолын үндсэн дээр Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг даргын 2004 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 52 тоот захирамж гарч Сэлэнгэ сумын 3-р багийн нутаг дэвсгэрт үр тарианы зориулалтаар 34 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшсэн. Тухайн газрын байршлаас шалтгаалаад газрын хэмжээ ихсэх багасах асуудал гардаг. Үүнийг хаана ч үгүйсгэхгүй. Тухайн үедээ тохиролцоод явдаг. Энэ үндсэн дээр эзэмших газрын хэмжээ 34 га газар болсон. 34 га газар болгосноор тухайн захирамж болон бусад баримт бичиг эрх зүйн үйлчлэлгүй болно гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. ...” гэжээ.
7. Хариуцагч Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг дарга гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад гаргасан тайлбар: “...Шүүхийн шатанд маргаантай байгаа асуудалд захиргааны шийдвэр гаргах боломжгүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасны дагуу хариуцагч татгалзаж байна. ...” гэжээ.
8. Хэргийн нөхцөл байдал:
8.1. Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг даргын 2004 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 52 дугаар захирамжаар нэхэмжлэгч Б.Б-д ..... нэртэй газарт 32 га газрыг үр тарианы зориулалтаар, 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 14 га газарт 0...... дугаартай, 20 га газарт ...... дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ тус тус олгожээ.
8.2. Гуравдагч этгээд “Х” ХХК-аас гаргасан “... тус сумын 3 дугаар багийн нэр бүхий 13 иргэнээс газар эзэмших эрхийг шилжүүлэн авах талаарх” хүсэлтийг үндэслэн Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/147 дугаар захирамжаар “Х” ХХК-д ..... хэмээх газарт 354 га газрыг тариалангийн зориулалтаар шилжүүлэн эзэмшүүлсэн, уг газарт нэхэмжлэгч Б.Бы эзэмших эрхтэй газар бүхэлдээ давхацсан, талууд уг үйл баримттай маргаагүй.
9. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр: Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 37 дугаар зүйлийн 37.1, 37.2, 38 дугаар зүйлийн 38.1, 38.2, 38.3, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002 оны/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 9.1.7 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/147 дугаартай захирамжийн хавсралтын Б-ийн Б-д холбогдох хэсгүүдийг илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэлийн зарим хэсэг болох Б.Б газар эзэмших эрхийн хугацааг сунгахыг Сэлэнгэ сумын Засаг даргад даалгах нэхэмжлэлийг, мөн гуравдагч этгээдийн “Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг даргын гарын үсэг, тамгаар баталгаажсан Б.Б нэр дээр “2006 оны 5 дугаар сарын 04” гэх огноотой ...... дугаартай газар эзэмших эрхийн 2 ширхэг гэрчилгээ, ...... гэх дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус илт хууль бус тогтоолгох” бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ дараах агуулгатай дүгнэлтүүдийг хийсэн:
9.1. “... Хариуцагчийн 2004 оны 52 дугаартай захирамжаар нэхэмжлэгч Б.Б-д газар эзэмших эрх хууль ёсны дагуу үүссэн байна. Булган аймгийн Сэлэнгэ сумын 3 дугаар багийн иргэдийн эзэмшиж байсан .....ын 354 га тариалангийн газрыг “Х” ХХК-нд эзэмшүүлж шийдвэрлэсэн Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/147 дугаартай Газрын эрх шилжүүлэх тухай захирамжаар Б.Б эзэмшиж байсан газруудыг гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн шийдвэрийг хариуцагч гаргасан болох нь нотлогдож байна.
9.2. ... Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана”, 38.2-т зааснаар эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд түүнд нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ, эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо, хураамж төлсөн тухай баримтуудыг хавсаргаж хүргүүлэхээр зохицуулсан.
9.3. Гэтэл Б.Б-аас эзэмшлийн газраа “Х” ХХК-нд шилжүүлэх хүсэлт болон нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын хооронд байгуулсан нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ, “Х” ХХК-аас ......, ...... дугаартай гэрчилгээнүүдийг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо, хураамж төлсөн тухай баримтууд хавсаргагдаагүй байна.
9.4. ... Хариуцагч маргаан бүхий Б/147 дугаар захирамжийг гаргахдаа хуульд заасан дээрх шаардлагыг хангаагүй байхад нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газруудыг “Х” ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн болох нь захирамжийн ... “Х” ХХК-ийн хүсэлтийг харгалзан үзээд ...эзэмшүүлсүгэй гэх хэсэг болон нэгж талбарын ....., ..... дугаартай газруудын хувийн хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон.
9.5. Гуравдагч этгээдээс Б.Б эзэмшлийн 14 болон 20 га газрууд /эсхүл эзэмших эрх/-ыг худалдаж авсан гэж тайлбарлан шүүхэд ирүүлсэн бичгийн баримтад Хэлцэл газрын үнэд тооцсон 18,000,000 /Арван найман сая төгрөгийг/ хүлээн авсан Л, Л.Б. Хүлээлгэн өгсөн Ж.Г, Б.Б 2007.10.19 гэжээ. Тухайн баримтад тусгасан 18,000,000 сая төгрөг нь хэний өмчлөл, эзэмшил, ашиглалтын алинд нь хамаарах, хаана байршилтай, ямар хэмжээ, зориулалттай газрыг, хэдий хугацаагаар, хэрхэн үнэлж өгч байгаа мөнгө болох нь тодорхойгүйн дээр тухайн мөнгийг бодитоор өгч, авалцсан эсэх, хэрэв бодитоор өгч, авалцсан бөгөөд түүгээр Б.Б эзэмшлийн газар /эсхүл эзэмших эрх/-ыг үнэлж авсан гэж байгаа бол хэдэн төгрөг нь нэхэмжлэгчид олгогдох нь нотлогдохгүй байна.
9.6. ... Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаас өөрөөр Монгол Улсын Үндсэн хууль болон газрын асуудалтай холбогдох харилцааг зохицуулсан хууль тогтоомжид иргэн, аж ахуйн нэгж нь өөрийн эзэмшлийн газар болон газар эзэмших эрхийг үнэлж бусдад худалдах, худалдан авах талаарх харилцааг хүлээн зөвшөөрч хуульчилсан зохицуулалт байхгүй.
9.7. ... Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг дарга нь хүн, хуулийн этгээдэд гэрчилгээгээр эзэмшүүлсэн газрыг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдөр маргаан бүхий Б/147 дугаартай Газрын эрх шилжүүлэх тухай захирамжаар Б-ийн Б ......, ...... дугаарын гэрчилгээгээр эзэмшиж байсан газруудыг “Х” ХХК-нд эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь илт хууль бус болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/147 дугаартай захирамжийн хавсралтын Б-ийн Б-д холбогдох хэсгүүдийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгохыг хүссэн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.
9.8. ... Булган аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 01/195 дугаартай албан бичгээр ирүүлсэн мэдээллээр Булган аймгийн Сэлэнгэ сум нь 2007 оныг хүртэлх хугацаанд нийт газраа кадастрын зураглалд хамруулаагүй байсны дээр 2007 онд зөвхөн сумын төвийн газартаа кадастрын зураглал хийлгэсэн болох нь тогтоогдож байх тул анхны газар эзэмших эрхийн ......, ...... дугаартай гэрчилгээнүүдэд нэгж талбарын дугаар тавигдаагүй гэж буруутгах үндэслэлгүй. ... Б.Б-ыг маргаанд дурдагдаж буй газруудыг эзэмших эрхийн гэрчилгээнд нэгж талбарын дугаарыг бичүүлээгүй, хэд гэсэн нэгж талбарын дугаартай газруудыг эзэмших эрхтэй нь тодорхойгүй, тухайн газруудын кадастрын зураглалыг хийлгээгүй гэж буруутгах үндэслэлгүй.
9.9. ... Харин гуравдагч этгээдийн илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгохоор шаардсан Б.Б-д Булган аймгийн Сэлэнгэ сумын 3 дугаар багийн нутаг ..... гэх газарт байршилтай газруудыг эзэмших эрхийг олгосон улсын бүртгэлийн ......, ...... дугаартай гэрчилгээнүүдийг хариуцагчийн 2004 оны 6 дугаар сарын 27-ны өдөр гаргаж, хүчин төгөлдөр үйлчилж буй 52 дугаартай захирамжид үндэслэн олгосон нь Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх зохицуулалтад нийцсэн байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7 дахь хэсэгт заасан захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж үзэхгүй.
9.10. Тухайн гэрчилгээнүүдэд газрын нэгж талбарын дугаарыг тэмдэглээгүйн улмаас түүгээр Б.Б-д эзэмшүүлсэн газрын байршил, хэмжээ, зориулалт болон хугацааны тухайд ойлгомжгүй байдал үүсгэсэн утга агуулгын илэрхий алдаатай нөхцөл байдлыг үүсгэхгүй. Тиймээс гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
9.11. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах... гэжээ. Нэхэмжлэгчээс хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн /эх хувь баримт/ болон тус шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэлд хавсаргасан Б.Б-аас Сэлэнгэ сумын Засаг даргад хандаж гаргасан өргөдлүүдэд 2020.03.09, 2021.01.31, 2022.04.29 гэх огноонуудыг бичсэн байх тул тэрээр ......, ...... дугаартай гэрчилгээнүүдийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас өмнө холбогдох хүсэлтийг гаргаж байсан болох нь нотлогдож байна. Харин түүний 2019 онд энэ талаарх хүсэлтийг хариуцагчид гаргаж байсан болох нь тогтоогдсонгүй.
9.12. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар хариуцагч нь Б.Б-ны гаргасан хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш 15 хоногийн дотор шийдвэрлэхээр заасан. Гэхдээ энэхүү шийдвэрийг гаргахдаа сумын Засаг дарга нь газар эзэмших эрх бүхий этгээд эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахаар хуульчилсан. Гэтэл 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 1/170 дугаартай “...Б овогтой Б өргөдөлд дурдагдсан газрууд нь “Х” ХХК-тай хоорондын маргаантай байгаа тул маргаан шийдвэрлэгдэж дуустал сунгах боломжгүй болохыг тодорхойлов” гэх бичвэр бүхий албан бичгийг тус шүүхэд хаяглан хүргүүлсэн нь уг хүсэлтийг шийдвэрлэж хариу өгсөн гэж үзэх боломжгүй, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгуулах хүсэлтийг шийдвэрлэх үүргээ гүйцэтгээгүй гэж дүгнэхээр байна.
9.13. Нэхэмжлэгч нь ......, ...... дугаартай гэрчилгээнүүдээр 20 болон 14 га газрыг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байсныг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, 2019 оныхоос бусад жилүүдэд ногдох газрын төлбөрийг төлж байгаагүй, тухайн газруудад 2007 он хүртэл хоёр жилийн хугацаанд тариалалт хийснээс бусад хугацаанд тухайн газрыг зориулалтаар нь ашиглаагүй, газар эзэмшигчийн эрх, үүргээ хэрэгжүүлж, газрыг хураалгахгүй байхаар тохиролцон “Х” ХХК-нд ашиглуулж байсан гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан. Мөн нэхэмжлэгч нь өөрт олгогдсон газар эзэмших эрхийн ......, ...... дугаартай гэрчилгээнүүдийн хугацааг сунгуулах хүсэлтдээ Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан баримтуудыг хавсарган хариуцагчид хүргүүлсэн эсэх талаар шүүхэд тайлбарлаагүй, хариуцагчаас түүний гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй болох нь түүний 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 1/170, 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 1/199, 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 1/78 дугаар албан бичгээр ирүүлсэн тайлбаруудаар тогтоогдож байна.
9.14. Сэлэнгэ сумын Засаг дарга нь Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2 дахь хэсэгт заасан үйл ажиллагааг гүйцэтгэсний эцэст зохих шийдвэр гаргахаар байх тул Б.Б газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийн хугацааг сунгах эсэх талаарх Засаг даргын үйл ажиллагаанд шүүх хөндлөнгөөс шууд оролцон нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн ......, ...... дугаартай гэрчилгээнүүдийн хугацааг сунгах шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах үндэслэлгүй. ...” гэжээ.
10. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх гуравдагч этгээд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлоор хэргийг хянан хэлэлцээд: Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 10 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтын Газрын тухай хуулийн гэсний өмнө Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэг гэж нэмж бусад заалтыг хэвээр үлдээж, гуравдагч этгээд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна. Давж заалдах шатны шүүхээс дараах агуулгатай дүгнэлтийг хийжээ:
10.1. “... хариуцагч Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг дарга нь маргаан бүхий 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/147 дугаар захирамжаар нэхэмжлэгч Б.Б эзэмших эрх бүхий газрыг “Х” ХХК-д Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан журмыг зөрчин шилжүүлэн эзэмшүүлсэн буюу тухайн захиргааны актыг гаргах эрх зүйн үндэслэл бүрдээгүй байхад гаргасан нь илт хууль бус. Мөн нэхэмжлэгчээс Газрын тухай хуульд заасан журмын дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтээ холбогдох баримтын хамт гаргаагүй болох нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай тодорхой тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагын тухайн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн.
10.2. Гуравдагч этгээд “Х” ХХК нь өөрийн татгалзал, бие даасан шаардлагын үндэслэлээ газар эзэмших эрхийг 2007 онд Д.Б, Б.Б, Д.Л нарт 18,000,000 төгрөг төлсний дагуу шилжүүлэн авсан хэмээн тайлбарлан маргах хэдий ч нэхэмжлэгчид газар эзэмших эрхийг анх олгосон Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг даргын 2004 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 52 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгохоор бие даасан шаардлага гаргаж буй нь үндэслэлгүй буюу тухайн маргаан бүхий захиргааны акт нь гуравдагч этгээдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй. ...” гэжээ.
11. Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.М нар 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Хууль хэрэглээний зөрүүтэй байдлын тухайд: анхан шатны шүүхээс Б.Б нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэглэж шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүхээс Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтыг хэрэглэхээр нэмсэн хууль хэрэглээний зөрүүтэй байдалд хамаарч байна. Тодруулбал, нэхэмжлэгчийн илт хууль бус болохыг тогтоолгохыг хүсэж буй захиргааны акт гарч байх үед (2012 онд) Захиргааны ерөнхий хууль батлагдан гараагүй байсан ба 2 шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн эсэхийг дүгнэхэд саад болж буй нөхцөл байдлыг арилгахын тулд ийнхүү Захиргааны ерөнхий хуулийн зохицуулалтыг буцаан хэрэглэж байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нь хууль мэддэггүй нь хариуцагч болон гуравдагч этгээдийг буруутгах үндэслэл биш төдийгүй, хуулийг зөрүүтэй байдлаар хэрэглэж байгааг хянуулахаар хяналтын гомдол гаргаж байна.
11.1. Анхан болон давж заалдах шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь нэхэмжлэлийн шаардлагыг хангахад хүргэсэн тухайд: нэхэмжлэгч нь өөрөө Газрын тухай хуульд заасны дагуу газар эзэмших эрх үүсэхийн тулд хүчин төгөлдөр газар эзэмших эрхийн гэрчилгээтэй байх, илт хууль бусд тооцсоноор субьектив эрх сэргэх эсэх, захиргааны актаар нэхэмжлэгчийн эрхэд яг халдсан эсэх (нэхэмжлэгчийн маргаж буй газар нь нэгж талбарын дугааргүй), хуулийн дагуу үүсээгүй эрхийг шүүхэд хандах замаар сэргээх боломжтой эсэхийг анхан болон давж заалдах шатны шүүхээс үндэслэлтэй дүгнэхийн тулд нотлох баримтыг бүрэн цуглуулж бүрдүүлж байж шийдвэрлэх учиртай. Энэ талаар гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг анхан шатны шүүхээс хангаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн байхад давж заалдах шатны шүүхээс алдааг залруулахгүйгээр шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан нь үндэслэлгүй байна.
11.2. Мөн хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас дүгнэж чадаагүй байна. Учир нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрх үүссэн гэх гэрчилгээ нь нэгж талбарын дугааргүйгээс гадна, кадастрын зураггүй, байршил нь тодорхойгүй, давхцаж байгаа эсэх нь мэдэгдэхгүй байхад ийнхүү хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж, энэ талаарх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд зааснаар дүгнүүлэхээр хяналтын гомдол гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.
11.3. Иймээс Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 10 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 221/МА2023/0531 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
12. Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 457 дугаар тогтоолоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.2-т заасан үндэслэлээр гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
13. Нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, хариуцагч Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг дарга Б.У, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нараас хяналтын журмаар гомдол гаргасан тухай цахимаар мэдэгджээ. Хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж аливаа тайлбарыг хариуцагчаас бичгээр гаргаагүй байна.
13.1. Гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулан нэхэмжлэгч Б.Б-аас 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр бичгээр ирүүлсэн тайлбартаа: “... Анхан шатны шүүх Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/147 дугаар “Газрын эрх шилжүүлэх тухай” захирамжийн хавсралтын Б Б гэсэн хэсгүүдийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүх ийнхүү шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн гэж дүгнэж давж заалдах гомдлыг хангаагүй орхисон нь үндэслэлтэй байна.
13.2. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс гаргаж буй гомдолд дурдсан шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэх байдал тогтоогддоггүй. Хэрэгт Б.Б надад Сэлэнгэ сумын Засаг даргаас олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийн эх хувь, тухайн үед байгуулж байсан “Газар эзэмших гэрээ” авагдсан бөгөөд хариуцагч, гуравдагч этгээдийн зүгээс маргаан бүхий газрын байршлын талаар маргаагүй. Иймд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
14. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, гуравдагч этгээдийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэв.
15. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг даргын 2004 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 52 дугаар захирамжаар нэхэмжлэгч Б.Б-д ..... нэртэй газарт 32 га газрыг үр тарианы зориулалтаар, 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, уг шийдвэрийн дагуу 2006 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ...... дугаартай газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, мөн оны 05 дугаар сарын 04-ний өдөр 14 га газарт ...... дугаартай, 20 га газарт ...... дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ тус тус олгосон байна.
16. Хариуцагч Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг дарга 2012 оны маргаан бүхий Б/147 дугаартай захирамжаар Б.Б эзэмших эрхтэй газрыг гуравдагч этгээд “Х” ХХК-нд шилжүүлэн эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, уг шийдвэрийг нэхэмжлэгч Б.Б-аас “... газар эзэмших эрхээ шилжүүлэх хүсэлт гаргаагүй байхад шилжүүлсэн нь илт хууль бус” гэж маргаж, уг маргаан бүхий захирамжийн улмаас Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг даргын 2004 оны 52 дугаар захирамжаар үүссэн өөрийн газар эзэмших эрх зөрчигдсөн гэж, 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
17. Шүүхүүд маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэл буюу Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг дарга 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/147 дугаар захирамжаараа Б.Б газар эзэмших эрхийг “Х” ХХК-нд шилжүүлэн эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулиар тогтоосон журмыг зөрчсөн талаар зөв дүгнэлт хийсэн хэдий ч уг захирамжийн улмаас нэхэмжлэгч Б.Б эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх, нэхэмжлэлийн шаардлага хангагдсанаар түүний эрх хамгаалагдах эсэх талаар дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
18. Анхан шатны шүүх “... нэхэмжлэгч нь ......, ...... дугаартай гэрчилгээнүүдээр 20 болон 14 га газрыг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байсныг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, 2019 оныхоос бусад жилүүдэд ногдох газрын төлбөрийг төлж байгаагүй, тухайн газруудад 2007 он хүртэл хоёр жилийн хугацаанд тариалалт хийснээс бусад хугацаанд тухайн газрыг зориулалтаар нь ашиглаагүй, ... өөрт олгогдсон газар эзэмших эрхийн ......, ...... дугаартай гэрчилгээнүүдийн хугацааг сунгуулах хүсэлтдээ Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан баримтуудыг хавсарган хариуцагчид хүргүүлсэн эсэх талаар шүүхэд тайлбарлаагүй ... ” гэх зэрэг дүгнэлт хийж, “... нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн ......, ...... дугаартай гэрчилгээнүүдийн хугацааг сунгах шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах үндэслэлгүй. ...” гэж “Б.Б газар эзэмших эрхийн хугацааг сунгахыг Сэлэнгэ сумын Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа маргаан бүхий Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/147 дугаартай захирамжийн хавсралтын Б Б-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг шүүх тогтоосноор нэхэмжлэгч Б.Б ямар эрх, хэрхэн сэргэх талаар дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн байхад, давж заалдах шатны шүүхээс уг алдааг засаагүй байна.
19. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 39 дүгээр зүйлийн 39.1-д “Газар эзэмших эрх дараах тохиолдолд дуусгавар болно: 39.1.1.газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй” гэж заасан, энэ тохиолдолд нэхэмжлэгчээс өөрийн “газар эзэмших эрх зөрчигдсөн” гэж захиргааны хэргийн шүүхэд 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр анх нэхэмжлэл гаргах үед Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг даргын 2004 оны 52 дугаар захирамжаар үүссэн нэхэмжлэгч Б.Б газар эзэмших эрхийн хугацаа дууссан байжээ.
20. Нэхэмжлэгчээс “... газар эзэмших эрхээ сунгуулахаар удаа дараа хүсэлт гаргасан” гэх боловч, Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөд дараах баримт бичгүүдийг хавсаргана: 37.1.1.газар эзэмших эрхийн гэрчилгээ; 37.1.2.газрын төлбөрийг төлсөн тухай баримт; 37.1.3.байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр гарсан дүгнэлтийг хэрэгжүүлсэн талаарх тодорхойлолт” гэж нарийвчлан заасан, хуулийн энэ зохицуулалтын дагуу нэхэмжлэгч Б.Б-аас хуульд заасан хугацаанд, бүрдүүлбэл зохих баримтуудыг бүрдүүлж газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулахаар өргөдөл хүсэлт гаргаж байсан баримт хэрэгт авагдаагүй байна.
21. Төрөөс хуульд тусгайлан заасан журмын дагуу, тодорхой нөхцөл, болзол, хугацаатай олгогддог аливаа тусгай зөвшөөрөл, эрх нь хүчинтэй буюу олгогдсон хугацааныхаа дотор эзэмшигч этгээддээ эрх зүйн үйлчлэл, үр дагавар үүсгэнэ, хугацаа нь дуусаж цаашид сунгагдаагүй, эсхүл хуулиар тусгайлан шаардсан нөхцөл болзлыг биелүүлээгүйгээс эрх цуцлагдсан зэргээр эрх зүйн үйлчлэл нь дуусгавар болсон бол уг тусгай зөвшөөрөл, эрхийн дагуу аливаа шаардах эрх үүсэхгүй болно.
22. Газар эзэмшигч Б.Б болон газрын асуудал эрхэлсэн албан тушаалтан Г.М нарын хооронд 2006 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр байгуулагдсан “Газар эзэмшүүлэх гэрээ”-ний 2.3-т газрын төлбөрийг улирал бүхийн эхний сарын 25-ны дотор Төрийн сангийн ... тоот дансанд төлөхөөр, 3.1-д газар эзэмшигч нь гэрээний нөхцөлийн дагуу газрыг эзэмшихээр, 3.7-д эзэмшлийн газраа бүхэлд нь буюу зарим хэсгийг нь бусдад ашиглуулах бол Засаг даргаас зөвшөөрөл авч, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэхээр тус тус заасан, нэхэмжлэгч Б.Б нь гэрээнд заасны дагуу газрын төлбөрийг төлж байгаагүй, түүнчлэн, тухайн газрыг гуравдагч этгээдэд ашиглуулахдаа зохих журмын дагуу Засаг даргаас зөвшөөрөл авч байгаагүй, газар эзэмших эрх үүссэн 2004 оноос эхлэн газар эзэмших эрх олгогдсон 15 жилийн хугацаанд газрыг зориулалтын дагуу өөрөө эзэмшиж ашиглаагүй, газар эзэмших эрхийн хугацаа дуусгавар болсны дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхээс уг эрхийн хамгаалалтыг шаардаж байгаа нь үндэслэлгүй.
23. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” болохыг тодорхойлохоор, мөн хуулийн 106.3-т маргаан бүхий захиргааны акт нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох, илт хууль бус болохыг тогтоохоор заасан.
24. Энэ тохиолдолд хэдийгээр маргаан бүхий акт нь нэхэмжлэгчийг газар эзэмших эрхтэй байх үед гарсан боловч шүүхэд хандах үед түүний газар эзэмших эрхийн хугацаа дуусгавар болсон байсан, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн хувьд зөрчигдөх “нийтийн эрх зүйн субьектив эрх” байхгүй тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.
25. Иймд, шүүхийн шийдвэр магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 39 дүгээр зүйлийн 39.1-д заасныг баримтлан Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 10 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 221/МА2023/0531 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Б нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан гуравдагч этгээд “Х” ХХК-аас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэмээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД М.БАТСУУРЬ
Х.БАТСҮРЭН
П.СОЁЛ-ЭРДЭНЭ