Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
Хэргийн индекс | 128/2023/0039/з |
Дугаар | 001/ХТ2023/0085 |
Огноо | 2023-11-22 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2023 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 001/ХТ2023/0085
“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Ашигт малтмал, газрын тосны газрын
Кадастрын хэлтсийн даргад холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа
Шүүгчид: М.Батсуурь
П.Соёл-Эрдэнэ
Ц.Цогт
Илтгэгч шүүгч: Д.Батбаатар
Нарийн бичгийн дарга: Л.Содномдорж
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2023/0457 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2023/0566 дугаар магадлалтай,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 428 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгчийн төлөөлөгч С.У, түүний өмгөөлөгч Ч.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А нарыг оролцуулан хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 23 дугаар шийдвэрийн “А” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах.
2.Хэргийн нөхцөл байдал: Тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөөгүй үндэслэлээр маргаан бүхий актын холбогдох хэсгээр “А” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан.
3.Нэхэмжлэгчээс “... Засгийн газар болон эрх бүхий байгууллагын шийдвэрээр нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн, бүртгэлтэй утасны дугааруудыг эзэмшдэг захирал, компанийн хувьцаа эзэмшигчид цар тахлын улмаас хилээр орж ирээгүй байсан, компанийн менежер жирэмсэн, эрүүл мэндийн шалтгааны улмаас эмчийн хяналтад байсан, хайхрамжгүй үйлдлээсээ болоод хугацаанд нь төлж чадаагүй, тусгай зөвшөөрлийг цуцалсны дараа утсаар мэдэгдсэн” гэж, хариуцагчаас “... тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн тухай мэдээллийг албан ёсны бүртгэлтэй хаягаар нь хүргүүлсэн, тусгай зөвшөөрөл эзэмшигч хуульд заасан үүргээ биелүүлж хугацаандаа төлбөрөө төлөөгүй” гэж тус тус маргажээ.
4.Анхан шатны шүүх: “ ... “нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоогүй, хувьцаа эзэмшигч давагдашгүй хүчин зүйлийн улмаас төлбөр төлөх үүргээ хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байсан, энэ талаар эрх бүхий байгууллагаас олгосон гэрчилгээ байх тул үнэн зөвийг дахин магадлах шаардлагагүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээх нь шударга ёсны зарчимд нийцнэ” гэх үндэслэлээр Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 35 дугаар зүйлийн 35.10-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
5.Давж заалдах шатны шүүх: “... “нэхэмжлэгч өөрийн албан ёсны хаягаа өөрчилсөн талаар хариуцагчид мэдэгдээгүй хэдий ч захиргааны акт гаргахдаа эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй этгээдэд мэдэгдээгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигчийг төлбөрөө төлөөгүй гэж шууд буруутгаж болохгүй, мэдэгдлийг нэхэмжлэгчийн оршин байх хаягт хүргүүлээгүй, компанийн захирал, хувьцаа эзэмшигч давагдашгүй хүчин зүйлийн улмаас Монгол Улсад ирэх боломжгүй байсан” зэрэг үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
6.Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл: Хариуцагч гомдолдоо:
6.1.Тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг Кадастрын систем дахь компанийн албан ёсны хаягаар хүргүүлсэн.
6.2.Нэхэмжлэгч “А” ХХК албан ёсны хаяг өөрчлөгдсөн талаар төрийн захиргааны байгууллагад албан ёсоор мэдэгдэж бүртгүүлээгүй.
6.3.Шүүхүүд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг иргэнд бус хуулийн этгээдэд олгодог зохицуулалтыг хэрэглээгүй.
6.4.Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг цуглуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн төдийгүй нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
7.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 428 дугаар тогтоолоор хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
8.Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулан нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Ж шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
8.1.Нэхэмжлэгчийн өөрчлөгдсөн хаягаар хариуцагч тусгай зөвшөөрлийг цуцалсан гэх мэдэгдлийг хүргүүлсэн бөгөөд уг мэдэгдлийг хүлээн авсан даруйд нэхэмжлэгч төлбөрийг төлсөн.
8.2.Цар тахлын улмаас компанийн гүйцэтгэх удирдлага Монгол Улсад зорчих боломжгүй байсан нь гэрчилгээгээр нотлогддог.
8.3.Хариуцагч нь нэхэмжлэгч компанийн бусад хувьцаа эзэмшигчдийн манай улсад байсан эсэх лавлагаа нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэж байсан бол хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэн, нотлох баримтыг цуглуулахыг шүүхээс шаардах боломжтой байсан.
8.4.Тусгай зөвшөөрлийн төлбөр шилжүүлсэн цаг хугацаанд гэрч жирэмсний улмаас хэвтрийн дэглэм сахин, эмчилгээ хийлгэж байсан нь нотлогддог.
8.5.Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
9.Анхан болон давж заалдах шатны шүүхүүд маргааны үйл баримтуудад холбогдуулан Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
10.Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т зааснаар “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлөх“ үүрэгтэй, уг төлбөрийг төлөөгүй бол мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална”, 56 дугаар зүйлийн 56.1.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж тус тус заасны дагуу төрийн захиргааны байгууллага ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлахаар заасан.
11.Нэхэмжлэгч “А” ХХК ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрөө хуульд заасан хугацаанд буюу 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс өмнө урьдчилан төлөөгүй, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй.
12.Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.12-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хаяг, цахим шуудан, утас, факсны дугаар өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ” гэж заасны дагуу өөрийн хаяг өөрчлөгдсөн тохиолдолд төрийн захиргааны байгууллагад мэдэгдэх үүрэгтэй.
13.“А” ХХК хариуцагч Ашигт малтмалын газарт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл нөхөн авахыг хүссэн 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн өргөдөлд “Улаанбаатар хот, Б... дүүрэг, “R... B...” 2... давхар, 2... тоот” гэж, хувь нийлүүлэгчид өөрчлөгдөж, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн асуудлаар эцсийн шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан өөрчлөгдсөнтэй холбогдуулан 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн хуулийн этгээдийн тодорхойлолтод “С... дүүрэг, ... дугаар хороо, Б... , 1..., 1... тоот” хаягийг тус тус хүргүүлсэн, 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн өргөдлийн дагуу “А” ХХК-ийн хаягийг улсын бүртгэлийн байгууллагад “Д ... аймгийн А... сум, ... дүгээр баг, Н..., Х... тоот” гэж тус тус бүртгэсэн байна.
14.Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана“ гэж заасны дагуу хариуцагч төрийн захиргааны байгууллага 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр “тусгай зөвшөөрлийн ээлжит 13 дахь жилийн төлбөрөө төлсөн баримтаа ирүүлээгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн тухай” 10/4043 дугаар албан бичгийг өөрт бүртгэлтэй тусгай зөвшөөрөл эзэмшигч “А” ХХК-ийн “С... дүүрэг, ... дугаар хороо, Б... , 1..., 1... тоот” хаягаар хүргүүлсэн байна.
15.Энэ тохиолдолд уг “мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг нэхэмжлэгч “А” ХХК-ийн оршин байгаа хаягаар хүргүүлээгүй гэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй, энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн дүгнэлт үндэслэлгүй.
16.Тодруулбал, нэхэмжлэгч өөрийн албан ёсны хаягийн өөрчлөлтийг хариуцагч төрийн захиргааны байгууллагад мэдэгдээгүй, үүний улмаас мэдэгдлийг хүлээн аваагүй нь хариуцагчийг буруутгах үндэслэл болохгүй.
17.Үүнээс гадна нэхэмжлэгч тусгай зөвшөөрлийн төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөгөөгүй шалтгааныг “гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл буюу “А” ХХК-ийн захирал, хувьцаа эзэмшигч T... Монгол Улсад байгаагүй”, мөн “тусгай зөвшөөрлийн 2019-2021 оны ээлжит жилийн төлбөрийг туслах ажилтанд шилжүүлснээр тухай бүр төлж байсан, 2022 оны төлбөрийг 07 дугаар сарын 22-ны өдөр туслах ажилтан руу шилжүүлсэн боловч төлөөгүй байсан” гэх үндэслэлүүдийг дурдсан бөгөөд тэдгээрийн аль аль нь хүндэтгэн үзэх шалтгаанд тооцогдохооргүй байна.
18.Өөрөөр хэлбэл, “Монгол Улсад байгаагүй” гэх үндэслэлийг “Монгол Улс дахь ажилтнаар дамжуулан төлж байсан” гэх тайлбар нь үгүйсгэхийн зэрэгцээ компанийн ажилтанд шилжүүлсэн төлбөрийг төрийн захиргааны байгууллагад төлөөгүй нь хариуцагчийг буруутгах үндэслэл болохгүй.
19.Нөгөөтээгүүр, шүүхүүд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах, түүнийг мэдэгдэхтэй холбоотой маргаанд Захиргааны ерөнхий хууль хэрэглэгдэхгүй, тухайн харилцаа нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлээр тусгайлан зохицуулагдах талаар дүгнэсэн Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 62[1] дугаар тогтоолоос зөрүүтэйгээр хуулийг тайлбарлаж хэрэглэжээ.
20.Иймд эдгээр үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2023/0457 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2023/0566 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-ийн “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 23 дугаар шийдвэрийн “А” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД М.БАТСУУРЬ
П.СОЁЛ-ЭРДЭНЭ
Ц.ЦОГТ
Д.БАТБААТАР
[1] “Саудгоби фортуна” ХХК ба Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс, 128/2017/0461/з, УДШ (Захиргааны хэргийн танхим), 001/ХТ2018/0062.