Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Цогт |
Хэргийн индекс | 128/2023/0179/З |
Дугаар | 001/ХТ2023/0092 |
Огноо | 2023-11-22 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2023 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 001/ХТ2023/0092
Г.А-ийн нэхэмжлэлтэй,
нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын даргад
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч М.Батсуурь
Танхимын тэргүүн Д.Мөнхтуяа
Д.Батбаатар
Х.Батсүрэн
Илтгэгч шүүгч: Ц.Цогт
Нарийн бичгийн дарга: Л.Содномдорж
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2023/0431 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2023/0553 дугаар магадлалтай,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 458 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой захиргааны хэргийг нэхэмжлэгч Г.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, Ц.М, Б.М нарыг оролцуулан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага:
1.Нэхэмжлэгч Г.А-аас нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргад холбогдуулан “нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/145 дугаар тушаал, 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/146 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилохыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Хэргийн нөхцөл байдал:
2.Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/145 дугаар тушаалаар Сонгинохайрхан дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.А-т “өөрийн удирдлагад ажиллаж буй албан хаагчдад дарамж үзүүлж, ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдсон, дээд газраас өгсөн зөвлөмж чиглэл өөрийн хариуцсан чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн” үндэслэлээр нийт ажилтанд зарлах хэлбэрээр нээлттэй сануулах сахилгын шийтгэл ногдуулж,
2.1.Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/146 дугаар тушаалаар “төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйлийг зөрчиж сахилгын шийтгэл хүлээсэн”, “төрийн албаны тусгай шалгалт өгөөгүй” үндэслэлээр төрийн албанаас чөлөөлжээ.
3.Нэхэмжлэгчээс “... миний бие ажилтандаа хуульд нийцээгүй ямар үүрэг, даалгавар өгсөн, хэрхэн биелүүлэхийг шаардсан нь тодорхойгүй, нотлогдоогүй мөн албан тушаалын бүрэн эрхээ хэрхэн урвуулан ашигласан, хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн бусдыг аливаа хэлбэрээр хавчих гадуурхах, эрхшээлдээ байлгах, дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамж үзүүлсэн нь тогтоогдоогүй” гэж,
4.Хариуцагчаас “... Г.А нь төрийн албаны тусгай шалгалт өгөөгүй тул чөлөөлөх үндэслэл болсон. Төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйлийг зөрчиж сахилгын шийтгэл хүлээсэн нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.8-д заасны дагуу төрийн албанаас чөлөөлөх хоёр дахь үндэслэл болсон” гэж тус тус маргажээ.
Анхан шатны шүүхийн шийдвэр:
5.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2023/0431 дүгээр шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 46 дугаар зүйлийн 46.2.5, 48 дугаар зүйлийн 48.1.2, 48.8-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Давж заалдах шатны шүүхийн магадлал:
6.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2023/0553 дугаар магадлалаар нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2023/0431 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 48 дугаар зүйлийн 48.1.2-т заасныг баримтлан нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/146 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилохыг хариуцагчид даалгасугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.А-ийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангажээ.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргажээ.
7.1.Г.А-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргад холбогдох захиргааны хэргийг нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хууль хэрэглээний хувьд илт зөрүүтэй байдлаар хянан шийдвэрлэсэн байна.
7.2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хуульд үндэслэн, хэргийг тал бүрээс бодитойгоор үнэлэн, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг зөв дүгнэж шийдвэр гаргасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар өөрчлөлт оруулахдаа хууль буруу хэрэглэн, хэргийн ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу үнэлсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлд заасан 123.2.1 "шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, 123.2.2 “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” гэх заалтуудыг тус тус үндэслэл болгон Захиргааны хэргийн давж заалдах шатны 553 дугаар магадлалд өөрчлөлт оруулахаар дараах гомдлыг гаргаж байна.
7.3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7, 32 дугаар зүйл буюу шүүх нотлох зарчмаа хэрэгжүүлэлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан. Нотлох баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэсэн асуудалд үндэслэн шийдвэр гаргасан.
7.4.Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөрүүтэй тайлбарлан хэрэглэж, хууль хэрэглээний хувьд алдаа гаргасан.
7.5.Тус магадлалын 5.2-т шүүх “...тусгай шалгалтыг эрх бүхий байгууллагаас зохион байгуулсан болох хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй” хэмээн дүгнэсэн байна. Хэргийн нотлох баримт тогтоогдохгүй байгаа үйл баримтыг нотлох үүргийг захиргааны хэргийн анхан шатны шүүх хүлээнэ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна” гэж заасны дагуу тогтоогдоогүй үйл баримтыг шүүх нотлох үүрэгтэй атлаа, нотлогдоогүй үйл баримтын талаар буюу уг шалгалт зохион байгуулагдсан эсэх нотлогдоогүй гэж дүгнэчихээд түүнийг ажлаас чөлөөлсөн эсэх дээр дүгнэлт хийсэн нь шүүх хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулаагүй байна гэж үзэхээр байна. Мөн нотлогдоогүй гэж дүгнэсэн асуудалд үндэслэж шийдвэр гаргасан байгаа нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн байна. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процесс ажиллагааг ноцтойгоор зөрчсөн хэмээн үзэж байна.
7.6.Маргаан бүхий албан тушаалын шаардлага болох тусгай шалгалтыг Г.А өгөөгүй, мөн хуульд заасан бусад шаардлагыг хууль ёсны дагуу хангаагүй гэдэг дээр талууд аль аль нь маргадаггүй. Мөн Г.Ат урьд оногдуулсан сахилгын шийтгэлтэй холбоотойгоор бус Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн зөвлөмжийн дагуу ажилтныг чөлөөлсөн болохыг шүүх дүгнэх ёстой байсан.
7.7.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд: 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/146 дугаар ажлаас чөлөөлсөн тушаалаар Г.Аийг өөрийн эрхэлж байсан албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүйгээс гадна Төрийн албаны тусгай шалгалтыг өгөөгүй байсан нь тус албан тушаалыг мэргэжил, ур чадварын хувьд үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй байсан тул чөлөөлсөн.
7.8.Төрийн албаны тухай хуулийн 3.1.3-т “...хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурлахыг” гэж, мөн хуулийн 26.1. “Төрийн захиргааны албан тушаалд энэ хуулийн 3.1.3-т заасан чадахуйн зарчмыг үндсэн шалгуур болгож, түүнийг хамгийн сайн хангасан хүнийг томилно”, 31.1 “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд дараах тохиолдолд авч ажиллуулахыг хориглоно’’ гэж, 31.1.1 “энэ хуулийн 22, 23 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй” гэж тус тус заасны дагуу иргэн Г.А нь хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн тусгай шаардлагыг хангаагүй байсан ба энэ үйл баримттай талууд маргаагүй байдаг. Дээрх ажилтныг томилохдоо сонгон шалгаруулах журмыг зөрчиж, хуульд заасан шаардлага хангаагүй иргэнийг төрийн албанд томилсон төрийн байгууллагын алдааг залруулж, ажлаас чөлөөлснийг үндэслэлгүй гэж үзэх нь Төрийн албаны тухай хуулийн 3.1.3, 26.1, 31.1-т тус тус заасныг зөрчсөн бөгөөд хууль хэрэглээний хувьд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.
7.9.Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.8-д “Энэ хуулийн 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах нь түүнийг төрийн албанаас чөлөөлөх, төрийн албанд дахин авахаас татгалзах үндэслэл болох бөгөөд харин түүнийг эрүүгийн болон бусад хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасны дагуу Г.Ат мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4-т “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн бусдыг аливаа хэлбэрээр хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгах, түүнчлэн дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамт үзүүлэх” гэх заалтыг үндэслэн сахилгын шийтгэл ногдуулан, төрийн албанаас чөлөөлсөн нь үндэслэл бүхий гэж үзэхээр байна. Мөн нэхэмжлэгчийн төрийн жинхэнэ албан тушаалд ажиллах эрхийг зөрчөөгүй бөгөөд зохих ёсоор төрийн албанд анх орох иргэний сонгон шалгаруулалтад тэнцэж, тусгай шалгалт өгөн нөөцөд бүртгэгдсэнээр хуульд заасан болзол, нөхцөл шаардлагыг хангаж, төрийн жинхэнэ албанд томилогдох боломж нь нээлттэй байгаа билээ.
7.10.Ийнхүү манай байгууллагаас төрийн жинхэнэ албан хаагчийн мэргэшлийн шалгалтад орж байгаагүй, нөөцөд бүртгэлгүй хүнийг Төрийн албаны тухай хууль зөрчиж ажилд эргүүлэн томилох боломжгүй. Энэ нь дахин хууль зөрчсөн асуудал болох учир давж заалдах шатны шүүхээс гаргасан шийдвэр хуульд нийцээгүй буюу биелэлтийг хангах боломжгүй, бодит байдалд манай байгууллага дахин хууль зөрчсөн, маргаан бүхий албан тушаалд тэнцэхгүй хүнээр ажил үүргийг гүйцэтгүүлэх нөхцөлийг бүрдүүлэхээр байна.
7.11.Харин давж заалдах шатны шүүх “ёс зүйн зөрчилтэй холбоотойгоор албанаас халсан нь сахилгын шийтгэлийг давхардуулан оногдуулахыг хориглох зарчмыг зөрчсөн гэж үзнэ” гэж дүгнээд Төрийн албаны тухай хуулийн 48.6-д заасныг үндэслэл болгон нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/146 дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
7.12.Сахилгын шийтгэл давхардуулан оногдуулсан гэдэг нь үндэслэлгүй. Учир нь уг Б/146 дугаар тушаалын үндэслэл хэсэгт 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн сахилгын шийтгэл оногдуулсан өмнөх тушаалыг дурдсан нь уг захиргааны акт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-т зааснаар бичилтийн алдаатай байсан. Энэхүү алдаа нь уг захиргааны актыг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэл болохгүй бөгөөд уг алдааг дээр дурдсан хуульд үндэслэн захиргааны байгууллага засах эрхтэй.
7.13.Үүнийг анхан шатны шүүх үндэслэл бүхий шийдвэрлэсэн буюу тус шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагч нь маргаан бүхий Б/146 дугаар тушаалыг гаргахдаа Г.Ат нээлттэй сануулах сахилгын шийтгэл хүлээлгэсэн Б/145 дугаар тушаалыг үндэслэл болгосон хууль болон журмын заалтуудыг үндэслэх хэсэгтээ оруулж бичсэн нь хэлбэрийн хувьд алдаатай болсон хэдий ч энэ нь нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/146 дугаар тушаалыг хүчингүй болгох үндэслэл биш хэмээн дүгнэж, шийдвэрлэсэн юм. Гэтэл энэхүү бичилтийн алдааг давж заалдах шатны шүүхээс сахилгын шийтгэлийг давхардуулан оноосон байна хэмээн буруу дүгнэж шийдвэрлэсэн.
7.14.Иймд магадлалд өөрчлөлт оруулж, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/146 дугаар тушаалын биелэгдэх боломжийг хангаж, хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
8.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 458 дугаар тогтоолоор хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
9.Давж заалдах шатны шүүх Төрийн албаны тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан байх тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Тогтоогдсон үйл баримтын тухайд:
10.Нэхэмжлэгч Г.А-ийг нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/99 дүгээр тушаалаар Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн даргын албан тушаалд тусгай шалгалт өгөх хүртэл хугацаагаар томилжээ.
11.Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн албан хаагчдаас гаргасан гомдлын дагуу нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх Ёс зүйн зөвлөлөөс Г.А-ийг ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнэж, сахилгын шийтгэл ногдуулахаар санал хүргүүлсний дагуу нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/145 дугаар тушаалаар нийт ажилтанд зарлах хэлбэрээр нээлттэй сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.
12.Төрийн албаны зөвлөлийн нийслэл дэх Салбар зөвлөлөөс 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 15/212 дугаар албан бичгээр “Төрийн албаны тухай хуульд заасан ерөнхий болон тусгай шаардлага хангаагүй, төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалт өгөөгүй иргэн, албан хаагчийг төрийн жинхэнэ албан тушаалаас чөлөөлөх асуудлыг уг зөвлөмжид дурдсан хугацаанд зохион байгуулж, мэдээ тайланг ... ирүүлэх”-ийг Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад даалгасан байна.
13.Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/146 дугаар тушаалаар “төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйлийг зөрчиж сахилгын шийтгэл хүлээсэн”, “төрийн албаны тусгай шалгалт өгөөгүй” үндэслэлээр нэхэмжлэгч Г.А-ийг төрийн албанаас чөлөөлжээ.
Энэхүү хэргийн хувьд хяналтын шатны шүүхээс шийдвэрлэж, хариу өгөх шаардлагатай хууль зүйн асуудал нь:
-Нэхэмжлэгчид сахилгын шийтгэл давхардуулан ногдуулсан эсэх,
-Төрийн албаны тусгай шалгалт өгөөгүй байхдаа томилогдсон нь төрийн албанаас чөлөөлөх үндэслэл мөн эсэх,
14.Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна”, 48.1.2-т “нийт ажилтанд зарлах хэлбэрээр нээлттэй сануулах”, 48.6-д “Сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулахыг хориглоно” гэж заасан.
15.Энэхүү хэргийн хувьд нэхэмжлэгчид Б/145 дугаар тушаалаар “өөрийн удирдлагад ажиллаж буй албан хаагчдад дарамт үзүүлж, ёс зүйн зөрчил гаргасан”, дээд газраас өгсөн зөвлөмж, чиглэл, өөрийн хариуцсан чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн”, энэ нь Ёс зүйн зөвлөлөөс ирүүлсэн дүгнэлт, саналаар тогтоогдсон гэж үзэж, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.2-т заасан сахилгын шийтгэлийг ногдуулсан.
16.Үүний дараа Б/146 дугаар тушаалаар “төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйлийг зөрчиж, сахилгын шийтгэл хүлээсэн”, “төрийн албаны тусгай шалгалт өгөөгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг төрийн албанаас чөлөөлснийг нэг зөрчилд давхардуулан сахилгын шийтгэл ногдуулсан гэж үзэх үндэслэлгүй байна.
17.Учир нь Б/145, Б/146 дугаар тушаалуудын хууль зүйн үндэслэл өөр хоорондоо ялгаатай, нэхэмжлэгчийн Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 37.1.13, 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх заалтыг зөрчсөн зөрчилд Б/145 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан, харин Б/146 дугаар тушаалд Төрийн албны тухай хуулийн 39 дүгээр зүйлийг хэрэглэсэн байх боловч Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлд зааснаар төрийн албанаас чөлөөлөх зохицуулалтыг үндэслэж, нэхэмжлэгчийг чөлөөлсөн гэж үзэхээр байна.
18.Гэтэл давж заалдах шатны шүүх дээрх нөхцөл байдлын зааг ялгааг гаргалгүй, “өмнөх тушаалын дүгнэлтээр тогтоогдсон ёс зүйн зөрчилд сахилгын арга хэмжээ авагдсан нэхэмжлэгчийг цаг хугацааны хувьд дахин долоо хоногийн дараа шууд ажлаас халж байгаа нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна” гэх дүгнэлт хийж, Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас чөлөөлөх зохицуулалтыг буруу хэрэглэжээ.
19.Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “... Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан сул орон тоо гарсан өдрөөс хойш энэ тухай мэдээллийг долоо хоногт, сонгон шалгаруулалт явуулах захиалгыг 21 хоногт багтаан төрийн албаны холбогдох шатны байгууллагад хүргүүлнэ” гэж зааснаар төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд сонгон шалгаруулалтын үндсэн дээр уг сул орон тоог нөхөхөөр хуульчилсан байна.
20.Нэхэмжлэгчийн хувьд анх Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хэлтсийн даргын албан тушаалд томилогдохдоо сонгон шалгаруулалтад оролцоогүй, тусгай шалгалт өгөх хүртэл түр томилогдсон. Энэ тохиолдолд нэхэмжлэгчийг тухайн албан тушаалд хууль, журмын дагуу томилогдсон төрийн жинхэнэ албан хаагч гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.
21.Төрийн албаны зөвлөлөөс хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд “Төрийн албаны тухай хууль тогтоомжид заасан ерөнхий, тусгай шаардлага хангаагүй, ... тусгай шалгалт өгөөгүй иргэн, албан хаагчийг төрийн жинхэнэ албан тушаалаас чөлөөлөх асуудлыг Короновируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилсан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөх хугацаа дуусахаас өмнө зохион байгуулах” зөвлөмж, чиглэлийг төрийн байгууллагуудад хүргүүлсэн.
22.Үүний дагуу Төрийн албаны зөвлөлийн албан бичиг, хуралдааны тэмдэглэл, түр томилогдсон хугацаандаа сахилгын шийтгэл хүлээсэн байдлыг харгалзаж, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийг төрийн албанаас чөлөөлсөн хариуцагч нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/146 дугаар тушаал хууль зөрчөөгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
23.Түүнчлэн анхан болон давж заалдах шатны шүүх “... нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4-т заасан төрийн албан хаагчид хориглосон хэм хэмжээг зөрчиж, ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдсон, Ёс зүйн зөвлөлөөс гаргасан санал, дүгнэлтэд үндэслэн сахилгын шийтгэл ногдуулсан ... тушаал хууль зүйн үндэслэлтэй” гэсэн ижил дүгнэлт хийж, нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/145 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, үүнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул хяналтын шатны шүүхээс дүгнэлт өгөх шаардлагагүй байна.
Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангав.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2023/0553 дугаар магадлалыг хүчингүй болгож, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2023/0431 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТСУУРЬ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
Д.БАТБААТАР
Х.БАТСҮРЭН
Ц.ЦОГТ