Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 72

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Д.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Лхагважав,

Шүүгдэгч: Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж, Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Бын Б-д холбогдох эрүүгийн 1935000330038 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн Тэс сумын 6 дугаар баг, Тооромт хороололд оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар 0076020776, Б овгийн Бын Б.

 

  Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Яллагдагч Б.Б нь 2018 оны 10 дугаар сард Увс аймгийн Тэс сумын 8 дугаар багт байрлах Нарийны голын модон гүүрний модыг УАЗ-469 загварын 04-85 УВА улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 568.000 /таван зуун жаран найман мянга/ төгрөгний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Быг машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 10 дугаар сард Увс аймгийн Тэс сумын 8 дугаар багт байрлах Нарийны голын модон гүүрний 45 ширхэг модыг өөрийн эзэмшлийн УАЗ 469 загварын 04-85 дугаартай автомашин ашиглан авсан үйл баримт хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. Үүнд:

Хохирогч Тэс сумын Засаг даргын тамгын газрын төлөөлөгч Г.Бн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “2018 оны 10 эсхүл 11 дүгээр сард байх би Тэс сумын төвд ажил дээрээ байхад манай ажлын хажуугаар шөнө цэнхэр өнгийн ГАЗ-3307 загварын автомашин тэвшний хэсэгт гүүрний мод ачсан байдалтай зөрж өнгөрсөн. Би хэсгийн төлөөлөгч д/ч А.Аэд энэ талаар мэдэгдэж тэр даруй шалгалт хийхээр болсон. Сумын төвийн айлуудаар явж хашаанд нь гүүрний мод байгаа эсэх талаар шалгаж үзэхэд Тэс сумын 6 дугаар багийн нутаг Бын Б, Бгийн Д нарын хашаан дотор 2-3 м хэмжээтэй хөрөөдөж бэлдсэн мод байсан. Би очоод Бтой уулзахад би түрүүн авсан мод гэж хэлсэн. Би Дын гэрт очиход Д нь гэртээ байхгүй байсан ба эхнэр нь гарч ирээд ...хаанаас авч ирсэн ямар мод болохыг мэдэхгүй гэж хэлсэн. ...Нарийн голын модон гүүр нь эвдэрээгүй хамгийн сүүлд ашиглагдаж үлдсэн бөгөөд Тэс сумын Засаг даргын тамгын газрын өмчлөл, эзэмшлийн гүүр байсан. Албан ёсоор 1983 оноос хойш үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд ашиглалтын хугацаа дууссан бусад шалтгаанаар тус аймгийн Иргэдийн хурлын тогтоолоор акталж Өмч хамгаалах зөвлөлд шилжүүлсэн байсан. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын тогтоолоор байгуулагдсан сумын өмч хамгаалах зөвлөл учраас тухайн Нарийны голын модон гүүр нь Тэс сумын өмчлөлд хамаарна. Өмч хамгаалах зөвлөл хэрхэн шийдвэрлэх талаар шийдвэр гаргана. Тэс сумын засаг даргын тамгын газар модон гүүрийг хариуцаж хяналт тавьж ажиллах ёстой. Манай Засаг даргын тамгын газар тухайн гүүрийг хариуцаж байсан...” /1-р хх-ийн 92-94 тал/ гэх мэдүүлэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “Би Тэс сумын Засаг даргын тамгын газарт Иргэний бүртгэлийн улсын бүртгэгчээр ажилладаг. Одоогоор энэ мэргэжилээрээ 16 жил ажиллаж байна. Тэс сумын 8-р багийн нутагт байрлах Нарийны голын модон гүүрийг би сайн мэднэ. Тус гүүр нь 1977 онд ашиглалтанд орсон хар модоор барьсан. Анх баригдаж байхдаа нийт 5-н гүүр баригдсан. Жижиг 5-н гүүр, том 2 гүүр баригдсан. Засаж сэлбэж 1 том гүүр үлдсэн. Тэр гүүрний урт нь 127 метр гүүр байсан. Ашиглалтанд ороод 42 жил болж байгаа. Анх хэдэн төгрөгөөр баригдаж байсныг мэдэхгүй байна. Сүүлд 2000-2010 оныг хүртэл төсвийн мөнгөнөөс жил бүрийн хавар 3 сая төгрөгөөр засвар хийдэг байсан. Мөн 2011 оны хавар 6 дугаар сараас 9 дүгээр сар хүртэл нийтдээ 25 сая төгрөгөөр тус тус засвар үйлчилгээ хийгдэж байсан. Тэс сумын ард иргэдийг нүүхэд, Улаангом чиглэлд явахад ашиглагдаж байсан юм. Тухайн үед модыг нь тоолж байгаагүй болохоор мэдэхгүй байна. 2-8 метр урттай 10-30 см диаметртэй хар модоор барьсан юм. Тэс сумын Засаг даргын тамгын газрын эзэмшил, өмчлөлийн өмч юм. Тухайн модон гүүрний модыг ашиглах талаар тус сумын ИТХ-аас шийдвэр гараагүй байсан. Хүмүүст өгөх, хариуцуулах талаар шийдвэр гараагүй. Харин орон нутгийн ард иргэдийн санаачлагаар Тэс сумын 4 дүгээр багийн нутагт байрлах "Хөх модны овоо" гэдэг нэртэй газраар Нарийны голд хүн мал гарах зориулалт бүхий жижиг оврын гүүр тавих гэж байсан юм. ...ЗДТГ-аас Нарийны голын модон гүүрийг хариуцаж, бүртгэлдээ бүртгэж хяналт тавьж байсан. Тухайн гүүрийг нэгдлийн үед барьж байгуулсан бөгөөд нэгдлийн өмч хөрөнгө байсан ба өмч хувьчлалаар эзэнгүй, бүртгэлгүй байж байгаад 2011 онд 25.000.000 төгрөгөөр засвар хийж Тэс сумын ЗДТГ-т эзэмшил, өмчлөлийн эд хөрөнгө болсон. ...Нарийны голын модон гүүрийг дахин ашиглах бүрэн боломжтой. Тухайн моднуудыг харахад өмхөрсөн цөөн тооны мод байгаа бөгөөд ихэвчлэн хуурай, хатуу, овор хэмжээ ихтэй, өмхөрөөгүй дахин ашиглах боломжтой моднууд байгаа. Хулгайлагдсан гэх модыг тусгай мэдлэг чадвар бүхий үнэлгээний байгууллагаар тогтоосон үнийн хэмжээгээр, эсхүл гүүрний модоор хохирч байна. ...Бетонон гүүр ашиглалтанд орсноос хойш Нарийны голын модон гүүрийг ашиглахаа болисон боловч 2017 он хүртэл Нарийны голын модон гүүрээр жижиг автомашин гардаг, хөдөөний малчин айлын мал гардаг байсан. Бетонон гүүрээр мал тууж явахаар тойрдог байсан учраас Нарийны голын модон гүүрийг ашигладаг байсан юм. ...Манай байгууллагад учирсан хохирол болох Нарийны голын модон гүүрний модыг хүлээлгэж өгсөн. Одоо манай байгууллагаас нэхэмжлэх зүйл байхгүй” /1-р хх-ийн 97-103 тал/ гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...Увс аймгийн Тэс сумын Нарийний голын модон гүүр нь 1976 онд ашиглалтанд орсон бөгөөд 2001 оноос эхэлж, ЗДТГ-ын санаачилгаар ард иргэдийн дэмжлэгтэйгээр засвар хийж байсан. Энэ гүүр нь 25-30 жилийн настай байсан, хавар, намрын нүүдэл суудлаар манай сумын эрчүүд нь засаж, янзалдаг байсан. 2004 онд тухайн гүүрийг актлах Мэргэжлийн хяналтын газрын албан ёсны дүгнэлт гарсан. Улмаар тухайн гүүрээр том машин гаргахгүй болсон бөгөөд жижиг машин, ард иргэдийн мал, уналга гардаг болсон. 2009 онд дахин Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт гарч 2016 онд акталж, эрх бүхий ИТХ нь өмч хамгаалах зөвлөл байгуулсан. Тухайн зөвлөл нь ажлаа хийгээгүй байна. Ямар нэг шийдвэр гаргаагүй. Гүүрний мод нь ЗДТГ-ын өмч. Тухайн модоор Хөх үүрийн гүүр барихад хэрэглэхээр Засаг дарга, ЗДТГ-ын даргын төлөвлөгөөнд байгаа. Шүүгдэгч Б.Боос бүх модыг тоо ёсоор нь авсан, энэ хүнээс авах хохирол төлбөргүй, гомдолгүй тул оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг,

 

Гэрч Г.Тийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "...Уг гүүрийг Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурлын 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн тогтоолоор акт тогтоож, өмч хамгаалах байнгын зөвлөлд шилжүүлсэн. ...Өмч хамгаалах байнгын зөвлөл нь гишүүдийн санаачлагаар Тэс сумын багийн Иргэдийн нийтийн хурлаас гарсан саналын дагуу зохистой ашиглах арга хэмжээ авч тогтоолын биелэлтэнд хяналт тавьж ажиллана. Тухайн гүүр Тэс сумын Засаг даргын Тамгын газрын өмчлөлийн эд хөрөнгө юм. Өмч хамгаалах байнгын зөвлөл нь тухайн гүүрийг ашиглах, дуудлага худалдаанд оруулах, устгах, хоёрдогч түүхий эд болгон ашиглах шийдвэр гаргах эрхтэй. Гүүр өмч хамгаалах байнгын зөвлөлийн мэдэлд байгаа учраас сумын Засаг даргын Тамгын газрын өмчлөл, эзэмшлийн эд хөрөнгө болно. Акт тогтоосон эд зүйлийг захиран зарцуулах хуулийн хугацаа байхгүй. ...Тухайн гүүрийг хадгалах, хамгаалах үүргийг Тэс сумын Засаг даргын Тамгын газар хариуцана" / 1-р хх-ийн 111-114 тал/ гэх мэдүүлэг,

Гэрч Ч.Жгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "...2011 онд Тэс сумын Нарийны голын модон гүүрэнд 25.000000 /хорин таван сая/ төгрөгний их засвар хийж засвар хийсэн дүнгээр Тэс сумын Засаг даргын Тамгын газрын өмчлөлд эд хөрөнгийг бүртгэж авсан бөгөөд тус газрын өмч хөрөнгө болсон юм. Тус гүүрийг 2014 онд актлах шийдвэр гарсан. Нарийны голын модон гүүрийг акталсан шийдвэр гарсан бөгөөд манай байгууллага дээр акталсан эд хөрөнгийг санхүүгийн программ бүртгэлтэй байлгаж болдоггүй учир санхүүгийн программаас 2015 онд хассан. Харин цаасан бүртгэлд бүртгэж байгаа. Эд хөрөнгийн тооллогын 2017 оны тооллого дээр бүртгэгдсэн байсан. Актлагдсан эд хөрөнгө одоо хүртэл шийдвэрлэгдээгүй байх тул эд хөрөнгийн цаасан бүртгэлд бүртгэсэн. Актлах шийдвэр гарсан хэдий ч тухайн эд хөрөнгө Засаг даргын Тамгын газрын өмч биш гэж үзэхгүй, бүртгэлээс хассан ч тухайн эд хөрөнгө Засаг даргын Тамгын газрын өмч байна. Өмч хамгаалах байнгын зөвлөл тухайн эд хөрөнгийг шийдвэрлэж орлого болговол Засаг даргын Тамгын газрын дансанд орлогыг төвлөрүүлнэ. Эсвэл сэлбэг материал болгох, устгасан тохиолдолд цаасан бүртгэлээс хасаж Засаг даргын Тамгын газрын өмчлөл, эзэмшлийн эд хөрөнгөнөөс хасагдана..." /1-р хх-ийн 115-116 тал/ гэх мэдүүлэг,

Гэрч Ж.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "...Тэс сумын өмч хамгаалах байнгын зөвлөлөөс Нарийны голын модон гүүртэй холбоотой ямар нэгэн шийдвэр одоо хүртэл гараагүй. Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурлын 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/169 дугаартай тогтоолын хүргүүлж ирсэн, тогтоол шийдвэр хүргүүлэх тухай тогтоолд Нарийны голын модон гүүрнээс гарсан модон материалыг багийн Иргэдийн нийтийн хурлаас гаргасан шийдвэрийн дагуу зохистой ашиглах арга хэмжээ авч тогтоолын биелэлтийг ирүүлнэ үү гэсэн байх бөгөөд багийн Иргэдийн нийтийн хурлаар тухайн модон гүүрний модыг хэлэлцээгүй, саналаа өмч хамгаалах байнгын зөвлөлд ирүүлээгүй, тухайн модыг хэрхэн шийдвэрлэх талаар эд хөрөнгө эзэмшигч Тэс сумын Засаг даргын Тамгын газраас Нарийны голын модон гүүрний модыг хэрхэн шийдвэрлэх талаар шийдвэр гаргаагүй байна. Одоо тухайн модоор Хөх модны овоо гэх газар модон гүүр барих санал иргэдээс гаргаж байгаа ба Иргэдийн нийтийн хурлаар хэлэлцээгүй байгаа. Санал ирүүлсэн тохиолдолд тухайн саналыг үндэслэж шийдвэрлэж шийдвэр гаргана. Тус сумын өмч хамгаалах зөвлөлөөс тухайн акталсан хөрөнгийг шийдвэрлэх арга хэмжээ авч, хэрэв дуудлага худалдаагаар худалдвал мөнгөн дүнг Засаг даргын тамгын газарт төвлөрүүлдэг..." /1-р хх-ийн 119-120 тал/ гэх мэдүүлэг,

Гэрч Х.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “Өмч хамгаалах байнгын зөвлөл нь 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Би Өмч хамгаалах зөвлөлийн даргаар ажилладаг. Өмч хамгаалах байнгын зөвлөл нь Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс актлахаар шийдвэрлэсэн эд хөрөнгийг Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн Өмч хамгаалах байнгын зөвлөл сэлбэг материал болгох, хоёрдогч түүхий эд болгон ашиглах буюу үнэ тогтоон худалдах, устгах шийдвэр гаргана. Нарийны голын модон гүүрний модыг Тэс сумын өмч хамгаалах байнгын зөвлөлд шилжүүлсэн болохыг мэдэж байна. Тэс сумын өмч хамгаалах зөвлөлөөс Нарийны голын модон гүүрний модтой холбоотой ямар нэг шийдвэр одоог хүртэл гаргаагүй. Тухайн модоо Хөх модны овоо гэх газар модон гүүр барих санал иргэдээс гаргаж байгаа, Иргэдийн нийтийн хурлаар хэлэлцээгүй байгаа...” /1-р хх-ийн 121-122 тал/ гэх мэдүүлэг,

Гэрч Р.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "...Тэс сумын Нарийны голын модон гүүрний мод нь тус сумын Засаг даргын Тамгын газрын эзэмшил, өмчлөлийнх. Тухайн эд хөрөнгийг би 2011 оноос 2017 он хүртэл тоолж эд хөрөнгийн бүртгэлд бүртгэсэн. Эд хөрөнгийг эд хөрөнгийн бүртгэлд бүртгэж эд хөрөнгө тоолох комиссын гишүүд гарын үсэг зурж эд хөрөнгийн бүртгэлийг баталгаажуулдаг. Хамгийн сүүлд 2017 онд эд хөрөнгийн бүртгэлд бүртгэж тоолсон бөгөөд эд хөрөнгийг бүртгэхдээ тооллогын комисс тухайн эд хөрөнгийг очиж үзэж бүртгэдэг байсан. Эд хөрөнгө тоолохдоо тооллогын комисс очиж эд хөрөнгийг өөрийн биеэр нүдээр үзэж харж тоолдог. 2017 онд тооллогын комисс очиж Нарийны голын модон гүүрийг үзэхэд хэвийн ажиллагаатай автомашин, хүн гүүрээр гарч байсан, гэхдээ ашиглалтын шаардлага хангахааргүй байсан. Нарийны голын модон гүүр нь Аймгийн эзэмшил, өмчлөлд хамаарч байсан бөгөөд 2011 онд 25 сая төгрөгийн засвар хийгдсэнээр Тэс сумын Засаг даргын Тамгын газрын өмчлөлд шилжсэн юм" /1-р хх-ийн 125-126 тал/ гэх мэдүүлэг,

Гэрч А.О-ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "...2018 оны 10 дугаар сард Улаангом сум руу эмчилгээ хийлгэхээр яваад 7 хоноод Тэс суманд гэртээ ирэхэд нөхөр Б гүүрний мод авчихсан хашаанд хураагаад бэлдчихсэн байсан. Нийт 30 гаруй мод байсан бөгөөд нөхөр Боос ямар учиртай хаанаас авч ирсэн юм бэ гэж асуухад Нарийны голын модон гүүрийн мод гэж хэлсэн. Тухайн модыг юунд ашиглах гэж байгаа талаар асуухад байшин барих гэж байгаа гэж хэлсэн юм. Б өөрийн эзэмшлийн саарал өнгийн УАЗ-469 загварын автомашинаар авч ирсэн гэж хэлсэн. Тухайн автомашин нь чиргүүлтэй. Нөхөр Б нь өөрөө чиргүүл хийж зардаг ба өөртөө ашиглахаар зориулж төмөр материалаар хийсэн чиргүүл байсан..." /1-р хх-ийн 132-133 тал/ гэх мэдүүлэг,

Шинжээч Я.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "...Модны үнэлгээ гаргахтай холбоотой ирүүлсэн баримт бичиг, зах зээлийн үнээр мод зарж байгаа хүмүүстэй холбогдож дүгнэлтэнд тусгагдсан үеийн модны зах зээлийн үнэлгээ үнэ ханш зэргийг судалж дүгнэлтийг гаргасан. Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээч томилж, шинжилгээ хийлгэхээр ирүүлсэн мөрдөгчийн тогтоол, үнэлүүлж буй модны зураг, модны үнэ ханшийн талаар мэдээлэл баримт бичгүүдийг үндэслэсэн. Модны үнэ ханшийг тогтоохдоо нуруу мод зарах хүмүүсээс судалгаа авч, тухайн зарж буй модыг очиж үзэж, хэмжиж, тухайн модны шинж, төрөл, ашиглалтын хугацаа /шинэ, хуучин/ модны хэмжээ зэргийг судалсны үндсэн дээр харьцуулах аргаар модны үнэ ханшийг тогтоодог. Тэс сумын нутагт 2018 оны 10 дугаар сарын байдлаар 2-4 метрийн урттай, 25-30 см диаметртэй хуурай, хар мод шинэ, хуучин, урт богино зэргээс хамаарч 1 ширхэг нь 15000-60000 төгрөгний үнэ ханштай байсан..." /1-р хх-ийн 187-188 тал/ гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...2018 оны 10 дугаар сарын сүүлээр би тус аймгийн Тэс сумын 8 дугаар багийн нутаг Нарийн гэх нэртэй газар явж байхад Гүүрнээс баруун зүгт 4 орчим километр зайд “Цацаан үүр” гэх нэртэй газар гүүрний моднууд байсан. Тухайн газраас хойд зүгт Нарийны голын модон гүүр ойролцоогоор 4 орчим километр зайтай байсан юм. Би модыг үзээд гэртээ очоод 1 хоноод маргааш өглөө нь өөрийн УАЗ-31512 загварын 04-85 УВА улсын дугаартай, саарал өнгийн тээврийн хэрэгслээр тус аймгийн Тэс сумын 8 дугаар багт байрлах Бы гэрт очиход Б ганцаараа байсан. Би Цацаан үүр гэх нэртэй газар миний бэлдчихсэн зөвшөөрлийг авчихсан мод байгаа та ачихад туслаад өг, би хөлсөнд 20000-30000 төгрөг өгнө гэж хэлээд тохиролцсон. Тэгээд Б ах зөвшөөрсөн. Тэс сумын 8 дугаар багийн нутгаас Тэс сумын төв рүү ороод Дын хашааны гадна очиж зогсоод дуудаж уулзсан. Би Дт Цацаан үзүүр гэх нэртэй газар миний бэлдчихсэн, Тэс сумын Байгаль орчны газраас зөвшөөрөл авсан мод байгаа гэж худал хэлж, ачилцаад өг тэгвэл 20000-30000 төгрөг өгнө гэж хэлээд Б.Д зөвшөөрөөд бид гурав миний автомашинтай өглөө 10 цагийн үед Тэс сумын төвөөс Цацаан үүр гэх газар луу явж очоод гүүрний хуурай моднуудыг зөөж ачсан. Тухайн үед би өөрийн бор өнгийн төмөр материалаар хийсэн хөрөөг авч очсон боловч ашиглаагүй би автомашины чиргүүл дээр мод ачсан. Тухайн чиргүүлд улсын дугаар байхгүй, би өөрөө төхөөрч, тохируулж, хийж бүтээсэн чиргүүл байсан юм. Тухайн өдөр бид нар 3 удаа ачсан. Би мод ачсан өдрийг яг хэзээ болохыг мэдэхгүй байна. Мод ачихдаа 15, 15 ширхэгээр 3 удаа зөөж ачсан бөгөөд А.Б, Б.Д нарт ачилцахад тусалсан гэж мөнгө өгөх гэсэн боловч тухайн үед надад мөнгө байхгүй байсан болохоор тус бүрд нь 6 ширхэг мод өгсөн бөгөөд энэ модыг аваад байж бай би удахгүй мөнгөтэй болохоор ажлын хөлсийг чинь өгөөд модоо буцааж авна гэж хэлсэн. Тэгээд би мөнгөтэй болчихоод А.Б, Б.Д нарт тус бүрт нь 25000, 25000 төгрөг өгсөн. А.Б, Б.Д нар нь мод ачилцахыг зөвшөөрөхгүй мод ачихад туслахгүй байж магадгүй гэж бодоод өөрийн мод мэтээр итгүүлж зөвшөөрөл авсан гэж худал хэлсэн юм. Би тухайн модоор өөрийн хашаандаа автомашины граж барих, түүндээ ашиглах гэж авсан юм. ...Би Цацаан гүүр гэх газарт байсан моднуудыг гүүр барихад ашигласан мод гэдгийг хараад мэдэж байсан. Би Нарийны голын модон гүүрийг акталсан талаар мэдэж байсан. Бид нар нийт 45 ширхэг мод авсан юм. Би өөрийн эзэмшлийн 04-85 УВА улсын дугаартай автомашинаар, өөрөө хаягдмал материалаар 100000 /нэг зуун мянга/-н төгөргөөр хийж бүтээсэн чиргүүл зэргээр модыг ачиж зөөвөрлөсөн юм..." /хх-ийн 201-203 тал/ гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...2019 оны 10 дугаар сард анхны цас орж байх үед Тэс сумын 8-р багийн нутаг дэвсгэрт мотоцикльтой явж байгаад Нарийний голын модон гүүрнээс 4 орчим километрийн зайнд бэлдчихсэн мод байсныг харсан. Нарийний голын модон гүүр нь актлагдаад удаж байгаа, ашиглахгүй олон жил болсон талаар би сонсож байсан. Гүүрнээс хол эзгүй мод байхаар нь барилга барихад ашиглахын тулд өөрийн УАЗ-469 маркийн автомашинаар очиж ачиж авсан. 3-4 метрийн урттай 45 ширхэг мод авсан. Сүүлд манай хашаанд байхад нь сумын Засаг даргын тамгын газрын дарга хэрэгтэй мод авчихсан байна гэхээр нь хэрэгтэй бол буцаагаад ав гэж хэлсэн. Актлагдсан болохоор Өмч хамгаалах байнгын зөвлөлд харъяаллагддаг гэж сонссон. Би энэ үйлдлээ хулгай хийж байна гэж огт бодоогүй, өглөө 10 цагийн үед очоод өдөр дунд ачиж авч ирсэн. Эдгээр мод гүүрэн дээр байсан бол би авахгүй байсан...” гэх мэдүүлэг,

 

Модонд болон машинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, эд зүйл хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Өмч хамгаалах байнгын зөвлөл байгуулах тухай Тэс сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 89 дугаар тогтоол, эд хөрөнгийн тооллогын бүртгэл, Тэс сумын Засаг даргын 221 дугаартай албан бичиг, Увс аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/169 дугаар тогтоол, тэмдэглэл, 314 дугаартай албан бичиг, Увс аймгийн автотээврийн төвийн 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 55 дугаартай албан бичиг, санхүүгийн тайлан, үндсэн хөрөнгийн тайлан, санхүүгийн цахим сан баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 5-31, 49, 53-55, 57, 60, 69-72, 77-82, 84-89 тал/,

Увс Финанс-Аудит ХХК-ийн 2019 оны 1 дүгээр сарын 21, 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн “Мод үнэлсэн тухай” 21, 61 дугаартай тайлан /хх-ийн 162, 182 тал/,

Увс Финанс-Аудит ХХК-ийн 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн Эд хөрөнгө үнэлсэн тайлан 57 дугаартай тайлан /1-р хх-ийн 172 тал/,

Увс аймгийн Тэс сумын засаг даргын тамгын газрын 2019 оны 3 сарын 25-ны өдрийн 13 дугаартай албан бичиг, Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2004 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 47/12/70 дугаартай, 2009 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 47/12/186 дугаартай дүгнэлтүүд зэрэг бичгийн нотлох баримтууд хамаарч байна.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийн үйл баримтыг тогтоож шийдвэрлэв.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б нь 2018 оны 10 дугаар сард Увс аймгийн Тэс сумын 8 дугаар багийн нутаг “Цацаан үүр” гэх нэртэй газар байсан Нарийны голын модон гүүрний 45 ширхэг модыг өөрийн эзэмшлийн УАЗ-31512 загварын 04-85 улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачин, сумын төвд авчирч, 33 ширхэгийг өөрийн хашаанд, 6 ширхэгийг А.Бы хашаанд, 6 ширхэгийг Б.Дын хашаанд тус тус буулгасан, улмаар цагдаагийн байгууллага тухайн моднуудыг хураан авч, хохирогч Тэс сумын Засаг даргын тамгын газарт хүлээлгэн өгсөн үйл баримт нотлогдож тогтоогджээ.   

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэрэг нь эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах байдлаар илэрдэг ба хохирол, хор уршиг учирсан байхыг шаарддаг. 

 

Шүүгдэгч Б.Бын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...Би Тэс сумын нийтийн хурлын төлөөлөгч. Нарийны голын модон гүүрийг акталж Өмч хамгаалах зөвлөлд шилжүүлсэн гэдгийг мэднэ. Миний авсан мод Нарийны голын модон гүүрний мод юм. Гүүрнээс 4 км орчим зайтай байсан. Засаг даргын тамгын газраас зөвшөөрөл аваагүй, Д, Б нарыг модыг ачилцаж өгөхгүй байх гэж би бодоод зөвшөөрлийг нь авсан гэж худал хэлсэн Тухайн модоор гараж барих гээд авсан юм...”, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн “...Тухайн модон гүүрний модыг ашиглах талаар тус сумын Иргэдийн нийтийн хурлаас шийдвэр гараагүй байсан. Харин орон нутгийн ард иргэдийн санаачлагаар Тэс сумын 4 дүгээр багийн нутагт байрлах "Хөх модны овоо" гэдэг нэртэй газраар Нарийны голд хүн, мал гарах зориулалт бүхий жижиг оврын гүүр тавих гэж байсан юм. Нарийны голын модон гүүрийг акталж Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын тогтоолоор байгуулагдсан Сумын өмч хамгаалах зөвлөлд шилжүүлсэн учир Тэс сумын өмчлөлд хамаарна...” гэх мэдүүлэг, баримтаар Тэс сумын 8 баг, “Цацаан үүр” гэх газарт байсан 45 ширхэг мод Тэс сумын Нарийны голын модон гүүрний мод гэдгийг шүүгдэгч нь мэдсээр байж зохих байгууллагад мэдэгдэж зөвшөөрөл авахгүйгээр өөрийн өмчлөлдөө захиран зарцуулахаар буюу байшин, гараж барихад ашиглах зорилгоор авсан байх тул шүүгдэгч Б.Быг үйлдэлдээ шууд санаатай, шунахай сэдэлттэй хандсан гэж дүгнэх бөгөөд бусдын эд хөрөнгийг зөвшөөрөлгүй авч буй нь хууль бус шинжийг агуулна.

 

 Мөн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, модонд үзлэг хийсэн тэмдэглэлээр хулгайн зүйл болох 45 ширхэг мод нь 2.85-3.81 метр урттай 20-33 см диаметртэй хуурай хар мод байх ба тухайн моднуудыг дахин эргэлтэд оруулах, ашиглах боломжтой, нийт 568.000 төгрөгийн үнэлгээ бүхий эд хөрөнгө /1-р хх-ийн 05-12, 97-103, 111-114, 115-116, 119-120, 125-126, 162, 182 тал/ байх тул шүүгдэгч Б.Бын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байна.

 

Хулгайлах гэмт хэргийг “учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж” үйлдсэн бол хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэг болгон зүйлчлэхээр хуульчилсан.

 

Шүүгдэгч Б.Б нь иргэн А.Б, Б.Д нарт модны зөвшөөрөл авсан, мод ачилцаад өг, та хоёрт хөлс мөнгө төлнө гэж тэднийг дагуулан өөрийн эзэмшлийн УАЗ-31512 загварын 04-85 УВА улсын дугаартай, саарал өнгийн автомашинаар хэрэг учралын газарт буюу Увс аймгийн Тэс сумын 8 дугаар багт байх “Цацаан үүр” гэх газарт очсон, улмаар 3 удаагийн үйлдлээр тухайн автомашин, чиргүүлд 45 ширхэг модыг ачиж ирсэн болох нь нотлогдсон тул шүүгдэгч Б.Быг гэмт үйлдлээ түргэтгэх, хулгайн эд зүйлийг зөөж тээвэрлэх зорилгоор машин механизм ашигласан гэж үзнэ.

 

Иймд прокуророос шүүгдэгч Б.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Б.Быг хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу машин механзим ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгчийн хулгайлж авсан 45 ширхэг мод нь Тэс сумын Нарийны голын модон гүүрний мод байх ба тухайн гүүрийг ашиглалтын шаардлага хангахгүй үндэслэлээр акталсан болох нь хэргийн үйл баримтаар тогтоогдсон хэдий ч гүүрнээс гарах модон материалыг сэлбэг, материал болгох, хоёрдогч түүхий эд болгон ашиглах буюу үнэ тогтоон худалдах эрхийг тус сумын Өмч хамгаалах байнгын зөвлөлд шилжүүлжээ.

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.1.4-д  “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын ажлын алба нь Тамгын газар байх бөгөөд ...хууль тогтоомж, Засгийн газар, Хурал, Засаг даргын шийдвэрийг биелүүлэх үүрэг бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах, гүйцэтгэлд нь хяналт тавьж үр дүнг тооцох чиг үүргийг хэрэгжүүлэхээр заасан.

 

Өөрөөр хэлбэл тухайн моднуудыг хэрхэн ашиглах, захиран зарцуулах эсэх талаарх шийдвэрийг тус зөвлөл гаргах, харин гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх, биелэлтэнд хяналт тавих үүргийг Тэс сумын Засаг даргын тамгын газар хариуцах бөгөөд дуудлага худалдаагаар худалдсан тохиолдолд орлого нь орон нутгийн орлогод буюу Засаг даргын тамгын газарт төсөвт орно.

 

Иймд энэ гэмт хэрэгт Тэс сумын Засаг даргын тамгын газрыг хохирогчоор тогтоосон нь хуулийн үндэслэлтэй, хохирогчид Нарийны голын модон гүүрний 45 ширхэг мод буюу 568.000 төгрөгийн хохирол учирсан байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Б.Боос 33 ширхэг, иргэн Б.Д-с 6 ширхэг, иргэн А.Б-с 6 ширхэг модыг тус тус хураан авч, нийт 45 ширхэг модыг хохирогч Тэс сумын Засаг даргын тамгын газарт хүлээлгэн өгсөн байх тул хохирол, хор уршиг арилсан гэж дүгнэлээ.  

           

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Б.Б машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон гэрч Д.Б, Г.Г нарын мэдүүлэг, Увс аймгийн Авто тээврийн төвийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 80 тоот албан бичиг, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 1/245 тоот албан бичиг, иргэний үнэмлэхний лавлагаа, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт, Увс аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 111 дугаар тодорхойлолт, Тэс сумын Нурагт багийн Засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 324 дугаар тодорхойлолт, иргэний болон жолооны үнэмлэхний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, 2018 оны мал тооллогын баримт /1-р хх-ийн 143-144, 153-154, 225-230, 233, 240, 241-245 тал/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан ба шүүгдэгч Б.Б нь Тэс сумын 8 дугаар багийн Иргэдийн нийтийн хурлын тэргүүлэгч ажилтай, амжиргааны түвшин 409-ээс дээш оноотой, хувьдаа бог, мод нийлсэн 100 тооны малтай, 0485 УВА, 8480 УВА улсын дугаартай тээврийн хэрэгсэлүүдтэй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Увс аймгийн Тэс сумын 6 дугаар багт оршин суудаг байна.

 

Мөн шүүгдэгч Б.Б урьд нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй нь хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / 1-р хх-ийн 237 тал/-аар нотлогдсон. 

 

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй, харин 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирол төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар тогтоосон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарч байгаа боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч Б.Б нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрсөн байна.

 

Иймд шүүх ял оногдуулахдаа дээрх нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял буюу нэг жил хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. 

 

Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл болох 1.500.000 төгрөгийн үнэ бүхий УАЗ-31512 загварын цагаан саарал өнгийн орос улсад үйлдвэрлэсэн 04-85 УВА улсын дугаартай автомашин, 200.000 төгрөгийн үнэ бүхий төмөр материалаар хийсэн бор өнгийн 2 дугуйтай, улсын дугааргүй автомашины чиргүүл нь шүүгдэгч Б.Бын өмчлөлийнх болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод тооцон албадан гаргуулж, улсын орлогод оруулах үндэслэлтэй байна.

 

Прокурорын 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 5/14 тоот “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолоор шүүгдэгч Б.Бын УАЗ-31512 загварын цагаан саарал өнгийн орос улсад үйлдвэрлэсэн 04-85 УВА улсын дугаартай автомашин, төмөр материалаар хийсэн бор өнгийн 2 дугуйтай, улсын дугааргүй автомашины чиргүүлийг битүүмжилсэн байгааг хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээтэй холбоотой шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж дуусах хүртэл хугацаанд хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Б энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэг хянан шалгах ажиллагааны зардалгүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулж шийдвэрлэсэнтэй холбогдуулан өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтлоо.  

    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Бын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан “...машин механизм ашиглаж хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Бын Бод 1 /нэг/ жил хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан нэг жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл болох 1.500.000 төгрөгийн үнэ бүхий УАЗ-31512 загварын цагаан саарал өнгийн орос улсад үйлдвэрлэсэн 04-85 УВА улсын дугаартай автомашин, 200.000 төгрөгийн үнэ бүхий төмөр материалаар хийсэн бор өнгийн 2 дугуйтай, улсын дугааргүй автомашины чиргүүлийг тус тус албадан хурааж, улсын төсөвт шилжүүлсүгэй.

5. Шүүгдэгч Б.Б энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шалгах ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар прокурорын 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 5/14 тоот “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээг биелүүлэхтэй холбоотой шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж дуусах хүртэл хугацаанд хэвээр үлдээсүгэй.               

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Бод өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.БОЛОРТУЯА