Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хөхийсүрэнгийн Батсүрэн |
Хэргийн индекс | 128/2023/0338/З |
Дугаар | 001/ХТ2023/0099 |
Огноо | 2023-12-11 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2023 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 001/ХТ2023/0099
“П л и м п” ХХК-ийн гомдолтой,
Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагч,
улсын байцаагч М.Т-т холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: М.Батсуурь
Шүүгчид: Танхимын тэргүүн Д.Мөнхтуяа
Д.Батбаатар
Ц.Цогт
Илтгэгч шүүгч: Х.Батсүрэн
Нарийн бичгийн дарга: Л.Содномдорж
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2023/0617 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2023/0621 дүгээр магадлал,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 447 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, Ц.Ч, хариуцагч М.Т, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л нарыг оролцуулан гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Гомдлын шаардлага:
1.“П л и м п” ХХК-аас Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагч, улсын байцаагч М.Т-т холбогдуулан “... тус улсын байцаагчийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн ****** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдол гаргажээ.
2.Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагч, улсын байцаагч М.Т-ын 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн ****** дугаар шийтгэлийн хуудсаар 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дүнг ам.доллароор илэрхийлж гүйцэтгэсэн “П л и м п” ХХК нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг зөрчсөн болох нь гэрээ, мэдүүлэг, дансны хуулга зэрэг нотлох баримтаар нотлогдсон гэж үзэн, Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 40,000,000 (дөчин сая) төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
3.Гомдол гаргагч “П л и м п” ХХК-аас дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар “... Худалдан авагч тал гэрээний үнийг төлсөн, худалдан авагч үнийг тогтоох боломжгүй, иргэн Т.Ө нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн нэгжийн үнийг ам.доллароор тогтоосон, өөрийн болон “Х” ХХК-ийн харилцах дансаар 2,029,840.00 ам.долларыг хүлээн авсан нь тогтоогдсон, хууль зөрчиж орлого олсон иргэн, компанид хариуцлага хүлээлгэх нь зүйтэй, өмчлөгч, худалдагч, төр үнийг тогтооно, өмчлөгч биш, худалдагч авагч, төлбөр төлөгч тал болох “П л и м п” ХХК нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасны дагуу үүрэг хүлээсэн этгээд биш, иргэн Т.Ө болон “Х” ХХК нь үүрэг хүлээсэн этгээд болно. Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.14, 4.1.15-д орлого, зарлагын талаар тодорхой зохицуулсан, тус компани нь гадагш чиглэсэн зарлага гаргасан. Тухайн үйл ажиллагаанаас орлого олсон ... субъект болох өмчлөгч, худалдагч, үнэ тогтоогч талд Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар хөрөнгө, орлогыг хурааж торгох шийтгэл оногдуулна;
3.1.Улсын дээд шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 156 дугаар тогтоолын 17-д “... “А с” ХК нь гадаад валютаар бондын үнийг тогтоож, түүнийгээ сурталчилж, нэр бүхий иргэдэд худалдсан зөрчил гаргасандаа буруутгагдаж, хариуцлага хүлээж байгаа, харин тухайн бүтээгдэхүүнийг нь худалдан авсан иргэдийг шийтгэх нь Зөрчлийн тухай хуулийн зорилгод нийцэхгүй тул “...хэрвээ хуулийг нэг мөр биелүүлж тэгш шударга ханддаг бол ам.доллараар зээл олгосон хөрөнгөө зээлдүүлж нэмж хүү авч байгаа иргэд төлбөр тооцоо хийсэн гэдгээрээ Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэл хүлээх үндэслэлтэй...” /Тодорхойлох хэсгийн 5/ гэсэн хяналтын гомдлыг хангах боломжгүй” гэж хууль хэрэглээний үндэслэлийг гарган, эцэслэн шийдвэрлэсэн;
3.2.Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “тухайн үйл ажиллагаанаас олсон хөрөнгө, орлогыг хурааж ... торгох шийтгэл”-ийг шүүх болон эрх бүхий албан тушаалтан гэсэн 2 субъект оногдуулах эрхтэй. Зөрчил үйлдээгүй тул дээрх хуульд заасан шийтгэл оногдуулах үндэслэлгүй. Хуульд нийцээгүй хэлцлээс татгалзаж, эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар Санхүүгийн зохицуулах хороонд хандсан ч гаргасан шийдвэр, үйл ажиллагаатай нь санал нийлэх боломжгүй тул Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т “Хүн, хуулийн этгээд нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно” зааснаар зөрчил хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд хандсан;
3.3.Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулиар үүрэг хүлээж, хариуцлага хүлээх субъект биш, Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тухайн үйл ажиллагаанаас олсон хөрөнгө, орлогыг хурааж торгох шийтгэл оногдуулах хуульд заасан үндэслэл байхгүй. Хуульд заасан үндэслэлгүйгээр шийтгэл оногдуулан компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Өмчлөх эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлах атал нэхэмжлэгчийн 2,029,840 ам.долларын өмчлөх эрхийг хамгаалах үр дагавар үүсгэх албадлагын арга хэмжээг авахгүйгээр барахгүй хууль бусаар шийтгэл оногдуулж төгрөгийг хураан авах үйл ажиллагааг явуулсан ...” гэж тус тус тайлбарлан маргажээ.
4.Хариуцагчаас “... Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талууд гэрээг хуулийн хүрээнд буюу Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль, Зөрчлийн тухай хуульд нийцүүлэн байгуулах нь зөвхөн худалдагч тал бус худалдан авагч тал мөн хамаарахаар байдаг. Хэрэв хууль тогтоомж зөрчих нөхцөл байдал үүсвэл татгалзах зөрчил үйлдэхгүй байх бүрэн боломжтой бөгөөд зөрчил үйлдэхээс өмнө бус зөрчил үйлдсэний дараа гэрээнээс татгалзах, зөрчлийн талаарх мэдээллийг гаргасан. Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2-т заасны дагуу холбогдох этгээдүүдийн үйлдсэн үйлдэл Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4.1-д заасан хориглосон үйлдэл, нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирал Д.Н 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” байгуулахдаа гадаад валют болох америк доллароор илэрхийлж төлбөрийг ам.доллар болон еврогоор гүйцэтгэсэн нь холбогдох дансны хуулга, холболдогч болон гэрчийн мэдүүлэг баримтын хүрээнд Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасны дагуу холбогдох шийтгэлийг оногдуулсан нь хууль ёсны дагуу болсон, Т.Ө нь “Х” ХХК-ийн хувьцаа эзэмшигч бөгөөд компаниас гадуурх үйл ажиллагааны улмаас бий болсон үүргийг компани өөрийн эд хөрөнгөөр хариуцахгүй тул Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасны дагуу хүлээн авах боломжгүй талаар эрх бүхий албан тушаалтны тогтоолоор татгалзсан, Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн зөрчилд тавигдаж байгаа үндсэн гол санкц нь төлбөр тооцоог илэрхийлэх, гүйцэтгэх гэж байгаа, илэрхийлнэ гэдэг нь гэрээн дээр аливаа барааны үнийг илэрхийлэх зүйл, гүйцэтгэнэ гэдэг нь Монгол Улсын мөнгөн тэмдэгтээс бусад валютаар төлбөр тооцоо гүйцэтгэхийг хэлж байгаа бөгөөд энэ нь мөнгөний бодлоготой холбоотой, гомдлын шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгох үндэстэй ...” гэж гомдлын шаардлагыг эс зөвшөөрч маргасан байна.
5.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх: Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1, 4.1 дүгээр зүйлийн 1, 11.30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг тус тус баримтлан “П л и м п” ГХОХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагч, улсын байцаагчийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаарт шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
6.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2023/0617 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2, 11.30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар “Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагч, улсын байцаагчийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаарт шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий “П л и м п” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагч, улсын байцаагч М.Т-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л-ийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэжээ.
7.Гомдол гаргагч “П л и м п” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, Ц.Ч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Улсын дээд шүүх хүлээн авч, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 447 дугаар тогтоолоор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл:
8.Гомдол гаргагч “П л и м п” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, Ц.Ч нараас магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.3-т заасан үндэслэлээр дараах хяналтын гомдлыг (гомдлыг агуулгаар нь тусгав) гаргажээ. Үүнд:
8.1.“... Давж заалдах шатны шүүхийн магадлалд зөрчлийн шинжийг Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлд заасан хэмээн “зөрчил” гэх тодорхойлолтын хүрээгээр хязгаарлан хумьж авч үзсэн.
8.2.Давж заалдах шатны шүүхийн магадлалд Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасан хуулийн зорилт болох “... үнийг илэрхийлж, ... гүйцэтгэхтэй холбогдсон нэг бүхэл харилцааг зохицуулах” талаар, 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан “... үнийг ... илэрхийлж, ... гүйцэтгэх” хэмээх нэг бүхэл ойлголтыг тухайн бараа, ажил, үйлчилгээний үнийг тогтоох язгуур эрх бүхий худалдагч талын үйл ажиллагааны хэлбэрээр дэлгэрүүлэн тоочсон “үнэ тогтоох”, “төлбөр тооцоог гүйцэтгэх”, “зарлан сурталчлах” агуулгын ялгааны талаар, 4.4-т заасан “... хүлээх үүргийг гадаад валютаар илэрхийлж, гүйцэтгэлийн гадаад валютаар хангуулж болно.” хэмээн заасан агуулга хамаарах субъектийн талаар, Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн 1-т заасан “... гэрээ, түүгээр хүлээх үүргийг гадаад валютаар илэрхийлж, гүйцэтгэлийг хангуулах” нэг бүхэл ойлголт худалдагч, өмчлөгчид хамаарах, 1.1 дэх заалт ба 1.2 заалтаар худалдагч талын үүргийг дэлгэрүүлэн тоочсон, тийм ч учраас “тухайн үйл ажиллагаанаас олсон орлогыг хурааж ... торгох” нэг бүхэл хариуцлага оногдуулахаар заасан талаар дүгнэлт хийгээгүй.
8.3.Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлд заасан “... илэрхийлж, гүйцэтгэх”, “илэрхийлж, гүйцэтгэлийг хангуулах” агуулгуудын хувьд “илэрхийлж” хэмээх өгүүлбэрийн нэмэлт гишүүн нь “гүйцэтгэх, гүйцэтгэлийг хангуулах” гэх үйл үгтэй холбогдож байгаа нэг бүхэл агуулгыг анхаарсангүй.
8.4.Давж заалдах шатны шүүхийн магадлалд Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн анхны болон өөрчлөн найруулсан агуулгуудаас үзвэл өмчлөгчийн язгуур эрхээ хэрэгжүүлж “... үнийг илэрхийлж, гүйцэж, гүйцэтгэлийг хангуулж” байгаа “... тухайн үйл ажиллагаанаас олсон орлогыг хурааж ... торгох” тодорхойлолт, шинж, нөхцөл байдлаар тодорхойлогдох этгээд болох “худалдагч тал” нь хариуцлага хүлээлгэх субъект болох талаарх асуудлыг “хэрэгт хамааралгүй” хэмээн дүгнэлт өгөөгүй. Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу хуулийг өөрчлөн найруулсан агуулга нь зарчмын шинжтэй өөрчлөлтийг анхдагч хуульд оруулдаггүй бөгөөд хууль дотроо болон өөр хоорондоо зөрчилгүй байх учиртайг цаг хугацааны дарааллын дагуу үнэлэлт дүгнэлт өгөөгүй.
8.5.Давж заалдах шатны шүүх “Гомдол гаргагчийг иргэн Т.Ө-тай гэрээ байгуулахдаа үнийг ам.доллароор илэрхийлж, шилжүүлсэн зөрчил гаргасан нь тогтоогдсон” хэмээн дүгнэж, хуулийг Улсын дээд шүүхийн 2020 оны 156 дугаар тогтоолоос өөрөөр хэрэглэсэн.
8.6.Иймд магадлалыг хүчингүй болгож, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн ****** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
9.Хариуцагчаас гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж аливаа тайлбарыг бичгээр гаргаагүй.
ХЯНАВАЛ:
10.Хяналтын шатны шүүхээс магадлалыг хүчингүй болгож, гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Тогтоогдсон үйл баримтын тухайд:
11.Иргэн Т.Ө (худалдагч) болон “П л и м п” Гадаадын хөрөнгө оруулалттай компанийн (худалдан авагч Бүгд Найрамдах Франц улсын иргэн P) гүйцэтгэх захирал Д.Н нар 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 01/21 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр иргэн Т.Ө-аны өмчлөлд байгаа *** дүүргийн **-р хороо, **-р хороолол, *** гудамж, ** дугаартай барилгын **дүгээр давхрын ** тоот хаягт байршилтай ***,46 м.кв талбай, ажлын (оффис, сургалтын төв) байрны зориулалттай, Ү-22****** дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийг, 1 м.кв-ийн үнийг 4,000 ам.доллар, нийт үнэ: 2,029,840 (хоёр сая хорин есөн мянга найман зуун дөчин ам.доллар)-аар 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 400,000 доллар (20 хувь), 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэл үлдсэн төлбөрийг төлснөөр, уг үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх нөхцөлтэй байгуулжээ.
12.Үл хөдлөх эд хөрөнгө худалдагчийг төлөөлж “Х” ХХК-ийн нягтлан бодогч Ю.О, худалдан авагчийг төлөөлж “Б к ” ХХК-ийн нягтлан бодогч Д.С нар “гэрээний үнийг бүрэн төлсөн” талаар 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр тооцоо нийлсэн актыг баталгаажуулж, хавсралтаар худалдан авагчаас гэрээний үнийг иргэн Т.Ө, “Х” ХХК-д мөнгөн хөрөнгө (ам.доллар, төгрөг/евро) болон түрээсийн орлогоос тооцон төлсөн талаар тусгасан баримтууд авагдсан байна.
13.Санхүүгийн зохицуулах хорооны эрх бүхий албан тушаалтны 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Э/5-1 дүгээр тогтоолоор “П л и м п” ХХК нь иргэн Т.Ө-тай 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” байгуулахдаа үл хөдлөх хөрөнгө худалдах үнийг гадаад валютаар илэрхийлж төлбөрийг гадаад валют болох америк доллараар гүйцэтгэсэн гэх мэдээллийг шалгаад, дээрх этгээдүүдийн үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар зөрчлийн хэрэг нээж, зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулжээ.
14.Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 5/1999 дүгээр албан бичгээр ... Т.Ө-ны өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22****** дугаартай ... үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд тусгай тэмдэглэл хийж, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн талаар Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдсэн байна.
15.Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагч, улсын байцаагч М.Т-ын 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 001**** дугаартай шийтгэлийн хуудсаар 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дүнг ам.доллароор илэрхийлж гүйцэтгэсэн “П л и м п” ХХК нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг зөрчсөн гэж үзэн, Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг баримтлан 40000 нэгжээр (дөчин сая төгрөг) торгох шийтгэл оногдуулсныг эс зөвшөөрч гомдол гаргагч компаниас 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд гомдол гарган маргажээ.
Хууль хэрэглээний тухайд:
Энэ хэргийн хувьд хяналтын шатны шүүхээс шийдвэрлэж, хариу өгөх шаардлагатай хууль зүйн асуудал нь:
Нэг.Талуудын хоорондын харилцаа нь аль эрх зүйн харилцаанд буюу нийтийн (зөрчлийн) эрх зүйд хамаарах эсэх,
Хоёр.Гомдол гаргагч компанийн үйлдэл Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан зөрчлийн шинжийг хангасан эсэх,
Гурав.Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг Улсын дээд шүүхийн тогтоолоос өөрөөр хэрэглэсэн эсэх тухай байна.
16.Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно.” гэж нийтийн эрх зүй дэх хэм хэмжээгээр хориглосон үйлдэл, үйл ажиллагааг хууль тогтоомжоор урьдчилан тогтоож, Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлэх, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй;” тохиолдолд зөрчилд тооцож хариуцлага хүлээлгэхээр заажээ.
17.Дээрх хориглосон диспозицээс үзэхэд, хориглолтод хамаарах үйлдлүүд нь тодорхой этгээдүүдийн хоорондын тохиолдлын шинжтэй хувийн харилцаанд бус, нийтэд хандаж байнгын нийтлэг үйлчилгээ, бараа санал болгож буй этгээдийн хувьд хэрэгжих агуулгатай, энэ утгаараа нийтийн эрх зүйн харилцаанд оролцогчдод хамаарна.
18.Тодруулбал, Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр нийтэд чиглэн нийтлэг үйл ажиллагаа явуулж буй этгээдийг гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоож, түүнийгээ нийтэд илэрхийлж, төлбөр тооцоо гүйцэтгэх, түүнийг зарлан сурталчлахыг Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулиар хориглосон бөгөөд энэ нь нийтийн эрх зүйн хүрээнд үүсэх харилцаа юм.
19.Энэ тохиолдолд, гомдол гаргагч компани нь худалдан авагчийн хувьд иргэнтэй Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үнийг “доллар болон төлбөр”-өөр гүйцэтгэх нөхцөлөөр харилцан зөвшөөрч байгуулсан, гэрээний үүргийн дагуу төлбөрөө гадаад валютаар төлсөн үйлдлийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийтэд хандаж барааны үнийг гадаад валютаар тогтоосон, илэрхийлсэн, сурталчилсны улмаар төлбөр гүйцэтгэсэн гэх Зөрчлийн (нийтийн) эрх зүйд хамаарах хориглосон үйл ажиллагааг явуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
20.Гэтэл хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагч, улсын байцаагчаас хувь этгээдүүдийн хооронд хийгдсэн хэлцлийн төлбөр, тооцоог үндэслэн худалдан авагч талыг Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх зохицуулалтыг зөрчсөн гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шийтгэл (санкц) оногдуулсан нь үндэслэлгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн шийдэл зөв.
21.Учир нь, хариуцагчаас Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан зөрчлийг гаргасан гэж үзэхдээ худалдагч талын санал болгож, илэрхийлсэн “гадаад валют”-аар төлбөр төлж, тооцоо хийсэн талыг зөвхөн энэ үйлдлээр нь явцууруулан зөрчилд тооцсон нь буруу, Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино” гэж заасанд нийцэхгүй.
22.Үүний зэрэгцээ Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 156 дугаар тогтоолд “... “А с” ХК нь гадаад валютаар бондын үнийг тогтоож, түүнийгээ сурталчилж, нэр бүхий иргэдэд худалдсан зөрчил гаргасандаа буруутгагдаж, хариуцлага хүлээж байгаа, харин тухайн бүтээгдэхүүнийг нь худалдан авсан иргэдийг шийтгэх нь Зөрчлийн тухай хуулийн зорилгод нийцэхгүй” гэж дурдсан, энэ тогтоолыг үндэслэж гомдол гаргагч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “... хуулийг Улсын дээд шүүхийн тогтоолоос өөрөөр хэрэглэсэн” гэх гомдол үндэслэлтэй.
23.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг нэмсэн өөрчлөлт оруулж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг ханган магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2023/0621 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2023/0617 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Зөрчлийн тухай хуулийн ...” гэсний өмнө “Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1,” гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан гомдол гаргагчаас компаниас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТСУУРЬ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
Ц.ЦОГТ
Х.БАТСҮРЭН