| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
| Хэргийн индекс | 128/2018/0816/З |
| Дугаар | 221/МА2019/0476 |
| Огноо | 2019-09-10 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 221/МА2019/0476
| 2019 оны 09 сарын 11 өдөр | Дугаар 221/МА2019/0476 | Улаанбаатар хот |
“М.Х.Х.С” ТББ-ын
нэхэмжлэлтэй захиргааны
хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2019/0315 дугаар шийдвэрийг хариуцагчийн давж заалдах гомдлоор, “М.Х.Х.С” ТББ-ын нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2019/0315 дугаар шийдвэрээр: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М.Х.Х.С” ТББ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Хан-Уул дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/400 дугаар захирамжийн “М.Х.Х.С” ТББ-д холбогдох хэсгийг хүчингүй болгон шийдвэрлэсэн байна.
Хариуцагч Ж.А давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ““Хүдэр хамгаалах сан” ТТБ-д дүүргийн Засаг даргын 2011 оны 89 дүгээр захирамжаар газар эзэмших эрх олгосон байдаг.
Газар эзэмшигч тухайн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг үндэслэн дүүргийн Засаг даргын 2014 оны А/400 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон.
Гэтэл анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан, хэрэгт хамааралгүй нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан. Үүнд:
Үндэслэх хэсэгт /шийдвэрийн 6 дугаар тал/ хариуцагч захиргааны байгууллага нэхэмжлэгч байгууллагыг тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүйг шалган тогтоох шаардлагыг биелүүлээгүй гэж үзсэн.
Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, гаргасан шийдвэрийнхээ биелэлтэд хяналт тавих, энэ талаарх Засаг даргын тайланг хэлэлцэж дүгнэх” заасны дагуу шалгалтын ажлыг зохион байгуулж нэхэмжлэгчийн газраа ашиглаагүйг тогтоож зөрчлийг арилгах арга хэмжээ авахыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны А/59 дүгээр тогтоолоор Засаг даргад үүрэг болгосон баримтыг шүүх үнэлээгүй.
Мөн Үндэслэх хэсгийн 7 дугаар талд шүүх нэхэмжлэгчийг тухай газрыг ашиглахад цаг хугацаа шаардагдана гэж дүгнэсэн.
Монгол Улсын Үндсэн хуулинд Улсын дээд шүүх Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах бүрэн эрхийг хэрэгжүүлдэг. Улсын дээ- шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолоор Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 6-д "...заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчин зүйл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт, болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаатай байсныг ойлгоно.
Мөн зүйл, хэсэгт заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно гэж тайлбарласан. Гэтэл анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан нэхэмжлэлийг хангасан өөрөөр хэлбэл дээд шүүхээс тайлбарласнаас өөрөөр нэмэлт шаардлага гарган цаг хугацаа шаардагдах тул гэж шийдвэрлэж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна.
Маргаан бүхий захиргааны акт Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байршилтай газар, мөн 2014 оноос өмнөх үйл баримт болон нотлох баримтын талаар хэлэлцэж шийдвэрлэх ёстой гэтэл шүүх Хөвсгөл аймагт хэрэгжүүлэхээр тохиролцсон иргэний гэрээ, 2018 онд цахилгаан шугам хүлээн авсан акт зэргийг үндэслэн шийдвэрлэж байгаа нь нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь дүгнэх хуулийн шаардлагад нийцэх байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2019/0315 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ :
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2019/0315 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан гомдлын дагуу хэргийг хянав. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлсний улмаас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байх тул давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хариуцагчийн “Улсын дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолоор Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний болон байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүйг ойлгоно.
Мөн зүйл, хэсэгт заасан зориулалтын дагуу “газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно” гэж тайлбарласан. Гэтэл анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан нэхэмжлэлийг хангасан, өөрөөр хэлбэл дээд шүүхээс тайлбарласнаас өөрөөр нэмэлт шаардлага гарган цаг хугацаа шаардагдах тул гэж шийдвэрлэж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна.
Маргаан бүхий захиргааны акт Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байршилтай газар, мөн 2014 оноос өмнөх үйл баримт болон нотлох баримтын талаар хэлэлцэж шийдвэрлэх ёстой гэтэл шүүх Хөвсгөл аймагт хэрэгжүүлэхээр тохиролцсон иргэний гэрээ, 2018 онд цахилгаан шугам хүлээн авсан акт зэргийг үндэслэн шийдвэрлэж байгаа нь нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь дүгнэх хуулийн шаардлагад нийцэхгүй байна” гэсэн давж заалдах гомдол үндэслэл бүхий байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд анх 2018 оны 07 сарын 09-ний өдөр “Хүдэр хамгаалах сан” ТББ гэсэн нэрээр иргэн Л.Аззаяа шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Тухайн үед иргэн Л.Аззаяа нь М.Х.Х.С ТББ /нэхэмжлэлд Хүдэр хамгаалах сан ТББ нэрээр бичигдсэн/-г төлөөлөх эрхгүй, гүйцэтгэх захирлаар томилогдоогүй байжээ.
Уг нэхэмжлэлийг мөн оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 4494 дүгээр шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар 16-ны өдрийн 221/ШТ2018/0569 дүгээр тогтоолоор анхан шатны шүүхийн 128/ШЗ2018/4494 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
Үүний дараа Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШЗ2018/5771 дүгээр шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа олгож, улмаар 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШЗ2018/6094 дүгээр шүүгчийн захирамжаар Захиргааны хэрэг үүсгэж шийдвэрлэсэн байна. Иргэн Л.Аззаяа нь мөн өдөр буюу 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр “М.Х.Х.С” ТББ-н гүйцэтгэх захирлаар томилогдсон байна.
Хэргийн үйл баримтын тухайд Хан-Уул дүүргийн Засаг даргын 2011 оны 03 сарын 23-ны өдрийн 89 дүгээр захирамжаар “М.Х.Х.С” ТББ-д Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалтаар 185986 мкв хэмжээтэй газрыг 15 жилийн эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна. Улмаар газар эзэмшүүлэх гэрээг 2011 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр байгуулж, мөн өдөр 00229933 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон байна. Энэ өдрөөс эхлэн Газрын тухай хуулиар хүлээсэн газар эзэмшигчийн эрх, үүргийг “Монголын хүдэр хамгаалах “ ТББ хэрэгжүүлнэ.
Маргаан бүхий захиргааны акт болох Хан-Уул дүүргийн Засаг даргын А/400 дугаар захирамж 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гарсан байна. Уг захирамжид Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар буюу “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн заалтыг үндэслэсэн байх тул юуны өмнө “дараалан 2 жил” гэсэн хугацаа өнгөрсөн эсэхийг тооцон үзэх шаардлагатай байна.
Анх газар эзэмших эрх үүргийг хэрэгжүүлэх боломжтой болсон, гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон 2011 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс тооцон үзэхэд 3 жил 6 сарын 20 хоногийн дараа маргаан бүхий захиргааны акт гарчээ. Иймд “дараалан 2 жил” гэсэн хугацаа өнгөрсөн байна.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан дараагийн нөхцөл бол “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй” байх явдал юм. Анхан шатны шүүх ”... нэхэмжлэгч байгууллагад 2010 оны 4 дүгээр сарын 01-нд Байгаль орчны мэргэжлийн байгууллагын гэрчилгээ олгогдсоноор Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хандаж ховордож байгаа ойн туруутныг хамгаалах, өсгөн үржүүлэх судалгааны ажил эрхлэх төв байгуулах санал гаргасныг тус яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга Д.Энхбатаас 2010 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн албан бичгээр дэмжсэн хариу өгсөн, 2011 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас зарласан “халиун буга гаршуулах, өсгөх, судалгаа хийх” тендерт шалгарсан, янзага, илий барих ажил гүйцэтгэх гэрээг 2011 оны 06, 2012 оны 05 дугаар саруудад байгуулсан, түүнчлэн уг газар дээрээ 350 кВт-ын цахилгааны КТПН суурилуулах техникийн нөхцөлийг 2013 оны 05 дугаар сарын 13, 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдрүүдэд авч ажил гүйцэтгэх гэрээг “Модны гүнж” ХХК-тай 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан, уг цахилгаан дамжуулах агаарын шугам-цахилгаан хангамжийн зориулалттай барилга байгууламжийг 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн” зэргийг хүндэтгэн үзэх шалтгаан мөн, түүнчлэн дээрх үйл баримт нь газрыг ашиглаж байсан гэсэн ойлголтод хамрагдана гэсэн агуулгаар дүгнэжээ.
Газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ авсан огноо нь 2011 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр тул түүнээс өмнөх иргэн хүн Үндсэн хуульд заасан эрхийнхээ дагуу Төрийн бус байгууллага байгуулсан, уг байгууллагад тусгай зөвшөөрөл авсан зэрэг үйл баримт нь “газар эзэмших, ашиглах”-тай холбоогүй байна.
Иймд ”... нэхэмжлэгч байгууллагад 2010 оны 04 дүгээр сарын 01-нд Байгаль орчны мэргэжлийн байгууллагын гэрчилгээ олгогдсоноор Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хандаж ховордож байгаа ойн туруутныг хамгаалах, өсгөн үржүүлэх судалгааны ажил эрхлэх төв байгуулах санал гаргасныг тус яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга Д.Энхбатаас 2010 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн албан бичгээр дэмжсэн хариу өгсөн ...” зэрэг нь ямар нэгэн “хүндэтгэн үзэх шалтгаан болохгүйн дээр уг газрыг ашиглаж байсан” гэсэн ойлголтод ч хамрахгүй юм.
Түүнчлэн хуульд тухайн газрыг дараалан 2 жил ашиглаагүй байх гэж заасан тул 2011 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас зарласан “халиун буга гаршуулах, өсгөх, судалгаа хийх” тендерт шалгарсан, янзага, илий барих ажил гүйцэтгэх гэрээг 2011 оны 06, 2012 оны 05 дугаар саруудад байгуулсан зэрэг нь энэ газартай бус харин Хөвсгөл аймагт хийж гүйцэтгэх ажил тул хамааралгүй болно.
Тодруулбал, Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газартай 2011 оны 05 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан ХӨ-5 дугаартай Тендерийн захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээнээс үзэхэд уг гэрээний хугацаа нь 2011 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс мөн оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 1 сар 6 хоногийн хугацаатай байгуулагдсан, ямар нэгэн ховор амьтны гаршуулах, өсгөх үйл ажиллагааг гүйцэтгэх бус харин “халиун буга гаршуулах, өсгөх талаар судалгаа хийх” тендер байна.
Өөрөөр хэлбэл тендерийн үр дүнд судалгааны материал хүлээлгэн өгөхөөс биш гаршуулж, өсгөсөн ховор амьтаныг хүлээлгэн өгөх үүрэг хүлээгээгүй байна. Энэхүү судалгааны ажлаа Хөвсгөл аймагт, тодруулбал Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт хүлээлгэн өгөхөөр байна.
2 дугаар хавтаст хэргийн 44-56 дугаар хуудсанд “Дархан цаазат Богдхан уулын хамгаалалтын бүсэд багтдаг, Түргэний голын эхэнд Судалгаа шинжилгээний төв байгуулах төсөл” гэсэн баримт авагдсан байна. Гэвч энэхүү баримт нь хэзээ үйлдсэн нь тодорхойгүй, ямар нэгэн төрийн байгууллагаар батлагдсан, хянагдсан гэх баримтгүй дээр нь газрын байршлын хувьд маргаж байгаа газраас өөр байршилд, Богдхан уулын Түргэний аманд, Түргэний голынхоо эхэнд байрлахаар хийгдсэн төсөл байна.
Иймд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг үгүйсгэж “тухайн газраа ... ашиглаж байсан” гэж үзэх үндэслэл болохгүй байна.
Анхан шатны шүүх “цахилгаан дамжуулах агаарын шугам-цахилгаан хангамжийн зориулалттай барилга байгууламжийг 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн” гэх баримтыг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нэг гол үндэслэлээ болгожээ. Гэтэл маргаан бүхий захиргааны акт 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гарсан байх бөгөөд даруй 4 жил 2 хоног өнгөрсний дараах баримтыг нэхэмжлэлийг шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэл болгож байгаа нь үндэслэлгүй байна.
Дээрх нотлох баримтуудаас үзэхэд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан нөхцөл бүрдсэн байх бөгөөд анхан шатны шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтыг бүрэн цуглуулсан боловч хуулийн дээрх заалтыг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны тухайд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ”, 40.3-т “Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаанд авсан этгээд нь Засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзвэл тухайн шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй” гэж тус тус заасан боловч маргаан бүхий захиргааны актыг нэхэмжлэгч байгууллагад хуульд заасан хугацааны дотор мэдэгдсэн эсэх нь тодорхойгүй, мэдэгдсэн болохоо хариуцагч нотлож чадаагүй тул шүүх “М.Х.Х.С” ТББ-н нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.
Иймд анхан шатны шүүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хариуцагчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1, 121.1.1-д заасныг тус тус удирдлага болгон:
ТОГТООХ нь:
1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг тус тус баримтлан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2019/0315 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/400 дугаар захирамжийн “М.Х.Х.С” ТББ-д холбогдох хэсгийг хүчингүй болгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР